A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 111

Улаанбаатар хот

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жендэрийн үндэсний хорооны Ажлын албыг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2011 оны 323 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны дүрэм"-д дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 4.6 дахь хэсэг:

"4.6. Хорооны нарийн бичгийн дарга нь Хорооны Ажлын албаны дарга байна."

2/ 5.6 дахь хэсэг:

"5.6. Хорооны Ажлын албаны дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.6.1. ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

5.6.2. Хороо болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах;

5.6.3. бүрэн эрхийнхээ асуудлаар тушаал гаргах;

5.6.4. ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, ажилтнуудыг хууль тогтоомжид заасны дагуу томилж чөлөөлөх, үр дүнгийн гэрээ байгуулан дүгнэх;

5.6.5. хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гарган Хорооны даргаар батлуулах, Хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах."

3/ 5.5.7-5.5.8 дахь заалт:

"5.5.7. жендэрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

5.5.8. олон улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, дүнг Хорооны хуралд танилцуулах."

3. Мөн хавсралтын 2.4 дэх заалтын "хагас жил тутам" гэснийг "жилд нэгээс доошгүй удаа" гэж, 5.5.2, 6.2 дахь заалтын "Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр," гэснийг "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр," гэж, 6.1 дахь заалтын "Монгол Улсын сайд" гэснийг "яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Мөн хавсралтын 3.1.2 дахь заалт, 4.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Жендэрийн үндэсний хорооны ажлын албыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах болж байгаатай холбогдуулан байр, эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ