A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14:30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Солонго, Г.Туулхүү нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар О.Мөнхзулыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн А.Анхбаяр, Б.Батдэлгэр, О.Баясгалан, Г.Нацагдорж, С.Номынбаясгалан болон иргэн Б.Батдэлгэрийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нар оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Дорждэрэм, түүнчлэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Анхбаяр нар Үндсэн хуулийн цэцэд тус тус хандаж:

"Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчиж байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар хуульчилсан нь нэгдүгээрт Монгол Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхэд халдаж, эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, хоёрдугаарт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх зарчмын гол агуулгыг зөрчиж байна." гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна.

Хоёр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Батдэлгэр Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ..." гэж заасныг зөрчсөн байх тул уг асуудлаар маргаан үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж өгнө үү." гэсэн мэдээллийг ирүүлжээ.

Гурав. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 2 дахь заалтад "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ..." гэж заасныг тус тус зөрчсөн байна. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэний гомдол гаргах эрхийг ноцтой зөрчиж байна." гэсэн агуулгатай мэдээллийг ирүүлж, мэдээлэлдээ Үндсэн хуулийн цэцийн хэд хэдэн шийдвэрийг дурдсан байна.

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааны явцад дээрх иргэдийн мэдээлэлтэй адил агуулга бүхий мэдээллийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж нар ирүүлснийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгасан болно.

Тав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 8 дугаар зүйлд "... эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй." гэж, Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Түүнчлэн, "хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна." гэж заасан нь төрийн байгууллага, тэр дундаа төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар заасан байна.

Иргэн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд гомдлоо гаргах эрх нь Үндсэн хуулиар мөн олгогджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэж заасан нь өмнөх эрх зүйн зохицуулалт буюу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эрхтэй." гэж зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг давж заалдах эрхийг зөрчил үйлдсэн болон хохирогч аль алинд нь олгох, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд давж заалдах гомдлын зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн орон нутгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй." гэж эцсийн шийдвэрийг шүүх гаргахаар заасныг уламжлан хуульчилсан зохицуулалт юм.

Харин Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэл оногдуулсан шийдвэртэй холбоотой гомдлыг салангид байдлаар өөр өөр субьектэд гаргаж байсныг өөрчилж иргэдэд хүндрэл учруулахгүйгээр шууд шүүхэд гомдол гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах эрхтэй байхаар дэлгэрүүлж заасан болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг маргаан нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, эсхүл тухайн шийдвэртэй холбогдуулан гаргасан прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар зохицуулсан ба мөн Зөрчлийн тухай хуульд заасан 13 төрлийн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, дээрх зөрчлүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг богино хугацаанд хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэх нь чухал бөгөөд зөрчил үйлдсэнийг нотлоход гэм буруутай байх эсэх шалгуур шаардлагагүй, мөн эрх бүхий албан тушаалтан нь прокурорын хяналтын доор хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох ажиллагааг явуулахаар зохицуулсан.

Түүнчлэн, оролцогчдын давж заалдах эрхийг нээж, шийтгэл оногдуулсан шийдвэртэй холбоотой гомдлыг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан бус шүүх эцэслэн шийдвэрлэх нь чухал тул шийтгэл оногдуулсантай холбоотой маргааны хувьд давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байхаар хуульд тусгасан болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэж заасан нь Үндсэн хуулиар иргэдэд олгосон "шүүхийн шийдвэрийг давж заалдах" эрхийг зөрчөөгүй байна гэжээ.

Зургаа. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар уг маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанд орон нутагт томилолтоор ажиллах болсон тул Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанд мөн ижил шалтгаанаар хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн албан бичиг дахин ирүүлсэн болно. Дээрх хүсэлтийн дагуу Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзлээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэж тус тус заасан байна.

Мөн уг хуулийн 8.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин найм, Гучин есдүгээр бүлэгт заасан үндэслэл, журмыг баримтална." гэж, харин 9.2 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Шүүгчийн шийтгэвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин найм, Гучин есдүгээр бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичнэ." хэмээн хуульчилжээ.

2. Аливаа хэрэг, маргаан болон гомдлын онцлогоос хамааруулан тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх хэлбэр, үе шат, журмыг ялгамжтай байдлаар хуульчлан тогтоох боломжтой. Ийнхүү хуульчлан зохицуулахдаа хууль тогтоогч нь холбогдох хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон эрх зүйн үндэслэлийг нарийвчлан тусгах ёстой бөгөөд үүний үр дүнд иргэний Үндсэн хуулиар баталгаажсан процессын эрх болон хууль зүйн тодорхой байдал, хууль дээдлэх зарчим хангагдана.

Өөрөөр хэлбэл, тухайн шийдвэрлэх хэрэг, маргааны онцлогоос хамааран тусгай журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр зохицуулж ямар шүүх эцсийн шийдвэр гаргах (шүүхийн гурван шатыг дамжихгүйгээр)-ыг хуулиар тогтоох боломжтой юм.

Иймд зөрчлийн хэргийн мөн чанар, түүний эрүүгийн хэргээс ялгагдах онцлог болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тусгай журамтай уялдуулан хууль тогтоогчоос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх доод шатны шүүх (ерөнхий харьяаллын шүүх)-ийн шийдвэрийг бүхэлд нь (тухайн зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн ажиллагаа болон шийдвэр, холбогдох үйл баримт зэргийг) хянаж эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын Монгол Улсын дээд шүүх "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;" гэснийг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ..." гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Хууль тогтоогч Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг батлахдаа эрүүгийн болон захиргааны эрх зүйн суурь үзэл баримтлал, ерөнхий зарчмыг алдагдуулж, тухайлбал эрүүгийн эрх зүйн харилцаанд хамаарахгүй байж болохуйц зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүхийн харьяалалд оруулах, эрүүгийн хэргийн шүүхийн хэрэглэх (баримтлах) хууль нь төрөлжсөн байх талаарх үндсэн зарчмыг зөрчиж хэд хэдэн хуулиар зохицуулсан зэрэг нь иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл, өргөдөл гаргах үндэс болсон гэж үзэхээр байна. Үүнээс үзэхэд зөрчлийн тухай хууль тогтоомжийг батлан мөрдүүлэхдээ салбар эрх зүйн зарчмыг хэлбэрэлтгүй сахих, төрөлжүүлэн системчлэх, хүний үндсэн эрхийг хангахуйц эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг хуулийг боловсронгуй болгох шаардлага байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэж, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;" гэснийг, мөн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ..." гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ

ГИШҮҮД Д.ГАНЗОРИГ

Ш.ЦОГТОО

Д.СОЛОНГО

Г.ТУУЛХҮҮ