Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын  2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг  хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН

ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2018 оны 8 дугаар сарын  22-ны өдөр                                                                     Дугаар 10                                                                                        Улаанбаатар хот                                                                                        

  

Монгол Улсын Их Хурлын

2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

 

                Үндсэн хуулийн цэцийн

                        хуралдааны танхим 15.30 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Солонго /илтгэгч/, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн С.Мөнхцэцэг, мэдээлэл гаргагч, иргэн Б.Оюу, А.Гулим болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

 

“... Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг мөн оны 10 дугаар сарын 7-ны өдрөөр тогтоосон ба мөн тогтоолын 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжих хугацааг заасан байна.

 

Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрхийн дагуу энэхүү нөхөн сонгуульд нэр дэвшихээр шийдээд байгаа юм. Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “... энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлах”-аар зохицуулсан байна.

 

Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 4 жил тутам явагдахаар цаг хугацааг нь тодорхой заасан бөгөөд иргэн хүн сонгуульд нэр дэвших эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг ханган оролцох боломжтой байдаг. Харин нөхөн сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 болон 137 дугаар зүйлийн 137.6 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдсөн, гишүүнийг эгүүлэн татсан, гишүүн нас барсан тохиолдолд орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах бөгөөд нөхөн сонгууль явагдах эсэхийг урьдчилан тааж мэдэх ямар ч боломжгүй байдаг болно. Гэтэл энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэн байна.

 

Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-ээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...  төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. ... Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж тус тус заасан.

 

Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд ээлжит сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч нь “... сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...”, “... тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...” гэж төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хугацааг тодорхой заасан байна. Гэтэл нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчид хэзээ, хэрхэн ажлаасаа чөлөөлөгдөн оролцох зохицуулалтыг орхигдуулснаас төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нөхөн сонгуульд оролцохын тулд одоо ажлаасаа чөлөөлөгдөхөд дээр дурдсан хугацааны шаардлагыг хангаж чадахгүй тул сонгуульд оролцох боломжгүй болж байна. ...

 

Иймд төрөөс Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчдыг нөхөн сонгуульд оролцох зохицуулалтыг тодорхой болгосны үндсэн дээр тус нөхөн сонгуулийг зарлах нь Үндсэн хуульд нийцэх бөгөөд улмаар төрийн жинхэнэ албан хаагчид Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ эдлэх хууль зүйн баталгаа бүрдэх юм.

 

Ийнхүү төрийн жинхэнэ албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгаа бүрдээгүй байхад нөхөн сонгууль болсон тохиолдолд нэр дэвших хүсэлт гаргасан боловч дээр дурдсан шаардлагыг хангаагүй үндэслэлээр сонгуульд оролцож чадаагүй төрийн албан хаагчид өргөдөл, мэдээлэл гаргасны улмаас нөхөн сонгууль бүхэлдээ хүчингүйд тооцогдож, дахин сонгууль болох улмаар үр дүнгүй их хэмжээний зардал гарч, улс орны эдийн засагт хохирол учруулах нөхцөл байдал бий болохыг үгүйсгэх аргагүй.

 

Энэ бүхний эцэст төрийн жинхэнэ албан хаагчид бид аливаа сонгууль болохоос өмнө хуулиар тогтоосон боломжит хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, сонгуульд нэр дэвшиж, Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдлэх хүсэлтэй байна. Тиймээс нөхөн сонгуульд төрийн албан хаагчид хэрхэн, яаж оролцохыг хуулиар тодорхой зохицуулсны дараа нөхөн сонгуулийг зарлах нь хууль дээдлэх ёс, эрх зүйт төрийн зарчим, үндсэн хуульт ёсонд нийцнэ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол дараахь байдлаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна:

 

  1. Төрийн албан хаагчдыг нөхөн сонгуульд оролцуулах хуулийн зохицуулалтыг орхигдуулж, хууль зүйн баталгаа хангах үүргээ төр биелүүлээгүй байхад нөхөн сонгууль зарласан нь төрийн жинхэнэ албан хаагчдыг нөхөн сонгуульд оролцох боломжгүй болгож, улмаар иргэн хүн сонгогдох эрхээ эдлэхэд тэгш бус шаардлага тавьж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчиж байна.

 

  1. Төрийн жинхэнэ албанд ажилласных нь төлөө иргэнд хуулиар биелүүлэх боломжгүй шаардлага тавьж, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмыг үгүйсгэж, улмаар хүнийг эрхэлж буй ажил, албан тушаалынх нь хувьд шууд ялгаварлан гадуурхсан гэж үзэхээр байгаа ба энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэж заасныг зөрчөөд байна.

 

  1. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагч хэрхэн оролцох талаар зохицуулалтыг тодорхой тусгаагүй орхигдуулсан ба албан тушаалаасаа чөлөөлөгдөх хуулийн шаардлага нь нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшүүлэх боломжгүй болгож, тэгш бус нөхцөлийг тулгаж, улмаар иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Түүнчлэн иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийн хууль зүйн баталгааг төрөөс бүрэн хангаагүй байхад нөхөн сонгуулийг товлон зарласан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэж заасныг зөрчиж байна.

 

  1. Улсын Их Хурлаас баталсан хууль нь Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрхийг бүрэн хангахад чиглэсэн баталгаа болохуйц байх ёстой. Хууль тогтоогчийн зүгээс Сонгуулийн тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, зохицуулалтыг орхигдуулсан буюу төрийн жинхэнэ албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгаа хангагдаагүй байхад Улсын Их Хурлын 62 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн тов зарлаж, санал авах өдрийг тогтоосон, мөн төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг хэрэгжүүлэх зохицуулалт тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...” гэж заасан үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

 

  1. Сонгуулийн тухай хуулиар нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагч оролцох эрхийн хууль зүйн баталгааг бүрэн хангаагүй атал Сонгуулийн ерөнхий хороо төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах нөхцөл байдал үүсч, улмаар Үндсэн хуульд заасан хэзээ ч хязгаарлаж үл болох иргэний баталгаатай эдлэх улс төрийн эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн шийдвэр болно.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,  Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгнө үү.” гээд өргөдлийн үндэслэлээ баталгаажуулан хавсарган ирүүлсэн баримтад:

 

Иргэн С.Мөнхцэцэгийн Сонгуулийн ерөнхий хороонд хандаж Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд (2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан) нэрээ дэвшүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч эрхэлж буй ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хэзээ гаргаж, хэзээ чөлөөлөгдсөн байх шаардлагатай талаар тодруулга хүсэхэд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албанаас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаар албан бичгээр “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийн зохицуулалтыг тусгаад Сонгуулийн төв байгууллагын хувьд хуулийг баримтлан ажиллах бөгөөд хууль тогтоомжийг тайлбарлах эрх хэмжээ тус байгууллагад олгогдоогүй тул тайлбар, тодруулга өгөх боломжгүй юм.” гэсэн хариуг өгсөн байна.

 

Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч, иргэн Э.Эрдэнэцэцэг, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд оршин суугч, иргэн Б.Оюу, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суугч, иргэн А.Гулим нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“Улсын Их Хурлаас 2018 оны 62 дугаар тогтоол гарснаар төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлын албан тушаал эрхэлж байгаа иргэд Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох боломжгүй болоод байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт дурдсан төрийн албан хаагчид Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагаас гадна нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд сонгуулийн жил буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгч, 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш албан үүргээ гүйцэтгэхгүй байх нэмэлт шаардлага тавьсан нь одоо ажлаа эрхэлж буй албан хаагч нь энэхүү шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхгүй байх улмаар Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөхөөр байна.

 

Нөхөн сонгууль нь Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдсөн, гишүүнийг эгүүлэн татсан, гишүүн нас барсан тохиолдолд орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах бөгөөд Сонгуулийн тухай хуулиар дээр дурдсан албан хаагчийг нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгааг бүрдүүлээгүй байна. ... Ийнхүү дээр дурдсан төрийн албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгаа хангагдаагүй байхад Улсын Их Хурлаас 62 дугаар тогтоол гаргаж, нөхөн сонгуулийг зарлан иргэний төрийн байгууллагад сонгогдох эрх төрийн байгууллагын буруугаас зөрчигдөхөд хүргэж, улмаар төрийн албанд ажилласны төлөө нэрээ дэвшүүлэх эрхийг бүрмөсөн хязгаарлаж байгаа нь улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх бус харин эсрэгээрээ Үндсэн хуулийн үндсэн зарчмыг үгүйсгэсэн Үндсэн хуулийн зөрчил юм. ...

 

Иймд Сонгуулийн тухай хуулиар дээр дурдсан төрийн албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгаа бүрэн хангагдаагүй байхад баталсан Улсын Их Хурлын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг зөрчсөн, Үндсэн хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.” гэжээ.

 

Гурав. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

“Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн баталсан. Уг тогтоол нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай бөгөөд тухайн сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагын талаар тусгайлан зааж төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан заалт уг тогтоолд байхгүй юм.

 

Иргэдийн өргөдөл, мэдээлэлд дурдсан Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагыг заахдаа “... Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...” гэж заасан бөгөөд “сонгуулийн жил” гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна.

 

“Сонгуулийн жил” гэж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад зааснаар дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгоно. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт зааснаар сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэсэн төрлүүдтэй байх бөгөөд “Ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ.” гэж заажээ. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан дөрвөн жил тутам явагдах сонгуулийн үр дүнд байгуулагдсан бөгөөд 2016 онд явагдсан энэхүү сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад заасан ээлжит сонгууль юм. Харин Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт товлон зарласан сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн мөн зүйлийн 8.1.3 дахь заалтад заасан нөхөн сонгууль билээ. Эндээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасан “сонгуулийн жил” гэдэгт дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгох бөгөөд “сонгууль явуулах тухайн жил” гэсэн ойлголтыг агуулаагүй байгаа тул төрийн албанаас чөлөөлөгдөх шаардлагад заасан хугацаа нь Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхэд хамаарахгүй юм.

 

Түүнчлэн Сонгуулийн тухай хууль батлагдсанаар хүчингүйд тооцогдсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь одоогийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасантай хугацааны хувьд ижил шаардлага тавьж байсан бөгөөд уг заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцээс өмнө нь хянан шийдвэрлэж 2015 оны 12 дугаар дүгнэлт болон мөн оны 10 дугаар тогтоолыг баталсан байна.

 

Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрт “...Төрийн жинхэнэ буюу мэргэшсэн алба хаагчдыг ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан улс төрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиар зохицуулах нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал юм. ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.” гэж дурдсанаас үзэхэд сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчийн төрийн албанаас чөлөөлөгдөх хугацааны шаардлагыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад “Улсын Их Хурал ... Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.” гэж, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.” гэж, мөн хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд 2018 оны 62 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд төрийн албан хаагчдын сонгуульд нэр дэвших харилцаатай холбоотой аливаа зохицуулалт байхгүй болно.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй болно.” гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

            1. Монгол Улсын Их Хурал 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд 62 дугаар тогтоол батлан гаргаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлаж, санал авах өдрийг тогтоосон байна.

 

            2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” хэмээн Монгол Улсын иргэн төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд сонгогдох эрхтэй болохыг нийтлэг байдлаар хуульчилсан байна. Мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээхээр зааж, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг баталж, тус хуулиар Монгол Улсын Их Хурлын болон бусад байгууллагын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах хэм хэмжээг тогтоожээ. 

 

            Сонгуулийн тухай энэхүү хуулиар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан иргэдийн өргөдөл, мэдээлэлд дурдсан нөхцөл байдал буюу нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд тухайн сонгуульд нэр дэвших, улмаар төрийн байгууллагад сонгогдох эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг хууль тогтоогч бүрэн бүрдүүлээгүй гэж үзэхээр байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан дөрвөн жил тутам явагдах Улсын Их Хурлын ээлжит сонгуульд төрийн албанд ажиллаж буй иргэд нэрээ дэвшүүлэх, эсхүл нэр дэвших тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг тодорхой заажээ.

 

            Харин Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хүссэн төрийн албанд ажиллаж байгаа иргэд тухайн сонгуулийн санал хураалт болох өдрөөс хэдий хугацааны өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргах, чөлөөлөгдсөн байх талаарх зохицуулалтыг Сонгуулийн тухай хуульд тусгаагүй байна.

 

            Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх талаарх нийтлэг зохицуулалтыг хуульчлахдаа тус зүйлийн 128.2.7, 128.3.6 дахь заалтад “төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал  ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар;” зэргийг нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр заасан байна. Түүнчлэн тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2 дахь заалтад “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;”, 129.1.5 дахь заалтад “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу ...;” зэрэг шаардлагыг хангаагүй бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар зохицуулжээ.

 

            Үүнээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.7, 128.3.6 дахь заалтад хамаарах иргэдийн хувьд нөхөн сонгуульд санал авах өдрөөс хэдий хугацааны өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалтыг хуульд тусгаагүйн улмаас энэ шаардлагыг урьдчилан хангах хууль зүйн боломж бүрдээгүй байна. Ингэснээр иргэд уг сонгуульд нэрээ дэвшүүлж чадахгүйд хүрч, улмаар тэдний хувьд тэгш бус байдал буюу эрхэлсэн ажил, албан тушаалаасаа хамааран ялгаварлагдах хууль зүйн үндэслэл бий болохын хамт нөхөн сонгуульд оролцож сонгогдох эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсжээ. Иймд сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тулгамдсан асуудал байгааг дурдах нь зүйтэй юм.

 

            3. Хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах шийдвэрийг гаргахдаа Үндсэн хуульт ёс, ардчилсан эрх зүйт төрийн суурь үзэл баримтлал, иргэний улс төрийн эрхийн хязгаарлалтын талаарх нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл зарчимд нийцүүлэн Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийнхээ дагуу тухайн сонгуульд оролцох иргэдийн эрх зүйн байдлыг тогтоох ёстой атал иргэдэд тэгш бус байдлыг бий болгосон сонгуулийн хууль тогтоомжийн хийдлийг арилгахгүйгээр 2018 оны 62 дугаар тогтоолыг баталжээ.

 

            Уг тогтоолыг болон Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн зардлыг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлтэй танилцахад холбогдох хуралдаан дээр нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрх хязгаарлагдаж, тэгш бус байдал үүсэх эрх зүйн нөхцөл бүрдэж байгаа талаар яригдаж байсан нь нотлогдож байна.

 

            Иймд Монгол Улсын Их Хурал 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол батлан гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,  Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэж заасан нь зөрчигдөх нөхцөл бүрдсэн байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна.

 

2. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 


                                          ДАРГАЛАГЧ                                                                               Д.ОДБАЯР

           

                                               ГИШҮҮД                                                                                Н.ЧИНБАТ

 

                          Д.СОЛОНГО

 

                          Б.БУЯНДЭЛГЭР

 

                           Г.ТУУЛХҮҮ