A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БУУДАЙН ҮРИЙН АЖ АХУЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 12 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 222

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тариалангийн төв бүсэд шаардагдах буудайн элит үрийн хэрэгцээг хангах зорилгоор Дархан-уул аймгийн "Торгон үр" ХК-ийн төрийн мэдлийн 51,0 хувьд ногдох өмчөөс тодорхой хэсгийг нь салган аж ахуйн нэгж болгон зохион байгуулж мөн аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяанд ажиллуулах, энэ хэмжээгээр төрийн өмчийн оролцоог багасгах асуудлыг компанийн бүх гишүүдийн хуралд хэлэлцүүлж шийдвэрлэхийг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, шаардагдах тариалангийн талбайг шилжүүлж эзэмшүүлэхийг Дархан-уул аймгийн Засаг дарга Ё.Вандансүрэн нарт даалгасугай..

2.Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, Дорнод талын бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улаангом дахь хөдөө аж ахуйн нэгдсэн туршлага станцуудад үйлдвэрлэх элит үрийн хэмжээг тариалангийн аж ахуйн нэгж, иргэдийн захиалгыг үндэслэн баталж байхыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуяг, Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэг нарт даалгасугай..

3.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуягт даалгах нь:

а/эрдэм шинжилгээний байгууллагуудаас үйлдвэр-лэлийн тухайн жилдээ борлоогүй элит, сортын үрийг улсын нөөцөд худалдан авч байх журмыг батлан мөрдүүлэх, үнийг тухайн жилийн зах зээлийн ханш, хэрэгцээг үндэслэн тогтоож байх арга хэмжээ авсугай;

б/эрдэм шинжилгээний байгууллагаас элит үр гэрээгээр авч элит, сортын үр үйлдвэрлэх сонирхолтой аж ахуйн нэгж, иргэдийг тендерээр шалгаруулан чанарын шаардлага хангасан үрийг бие даан борлуулах, улсын нөөцөд нийлүүлэх эрх олгож байсугай;

в/элит, сортын үр үржүүлэх үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллагуудад техникийн шинэчлэл хийх асуудлыг олон улсын байгууллага, хандивлагч орнуудад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ