A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

/Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, үндсэн чиглэл, төрөл, арга хэлбэр, энэ талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил

Хэвлэх

3.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээ мөн.

4 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн зарчим

Хэвлэх

4.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, олон нийтийн хүчинд түшиглэх, иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ талаар зохион байгуулж байгаа ажилд оролцох, аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах зарчимд тулгуурлана.

5 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл

Хэвлэх

5.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дараахь үндсэн чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлнэ:

5.1.1.гэмт хэргийн талаархи мэдээллийг цуглуулж, судалгаа, дүн шинжилгээ хийх замаар түүний гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох;

5.1.2.гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх;

5.1.3.давтан гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх зорилгоор хорих ял эдлээд суллагдсан хүнд энэ хуульд заасан журмын дагуу захиргааны хяналт тогтоох;

5.1.4.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах;

5.1.5.гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг иргэдэд мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах.

6 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төрөл

Хэвлэх

6.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил дор дурдсан төрөлтэй байна:

6.1.1.ерөнхий арга хэмжээ;

6.1.2.тусгай арга хэмжээ;

6.1.3.нэг бүрчилсэн арга хэмжээ.

6.2.Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн болон зохион байгуулалтын шинж чанартай нийтлэг арга хэмжээг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ гэнэ.

6.3.Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн арга хэмжээг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ гэнэ.

6.4.Тодорхой этгээд гэмт хэрэг үйлдэхээс болон давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн арга хэмжээ гэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ

7 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрөөс удирдах, хэрэгжүүлэх

Хэвлэх

7.1.Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар улсын хэмжээнд хэрэгжүүлэх ерөнхий болон тусгай арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг батална.

7.2.Хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг Засгийн газраас жил бүрийн улсын төсөвт тусгайлан тусгаж Улсын Их Хуралд оруулна.

7.3.Хууль зүйн сайд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.3.1.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон шүүх, прокурор, хууль сахиулах бусад байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг зохицуулах;

7.3.2.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт, шалгалт явуулах;

7.3.3.шүүх, прокурорын байгууллагатай зөвшилцөн улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг боловсруулж Засгийн газарт оруулах;

7.3.4.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах;

7.3.5.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх;

7.3.6.гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;

7.4.Хууль зүйн сайд улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажлын албатай байна.

7.5.Яам, агентлаг, төрийн бусад байгууллага, захиргааны хяналтын албад эрхэлсэн асуудлынхаа хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах үүрэгтэй.

7.6.Нутгийн захиргааны бүх шатны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.6.1.харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах;

7.6.2.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг өөрийн төсвөөс тусгайлан төлөвлөж санхүүжүүлэх;

7.6.3.хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг дэмжин туслах.

7.7.Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэр дээр гарч байгаа гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар харьяа нутаг дэвсгэрт оршиж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас зохиож байгаа ажлыг хэлэлцэн чиглэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг хянан батална.

8 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын үүрэг

Хэвлэх

8.1.Шүүх, прокурор, хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч нь холбогдох хуульд заасны дагуу бичсэн энгийн магадлал, мэдэгдлийнхээ биелэлтэд хяналт тавина.

9 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи аж аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүрэг

Хэвлэх

9.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

9.1.1.байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах;

9.1.2.ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах.

9.1.3.барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх.

/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.2.Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгч байх үүрэгтэй.

9.3.Энэ хуулийн 9.1.3-т заасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

/Энэ хэсгийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

10 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи иргэдийн эрх, үүрэг

Хэвлэх

10.1.Иргэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

10.1.1.бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх;

10.1.2.оршин суугаа нутаг дэвсгэртээ нийгмийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцох;

10.1.3.гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх.

10.2.Иргэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дор дурдсан эрх эдэлнэ:

10.2.1.нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах;

10.2.2.гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих;

10.2.3.архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг эрүүлжүүлэх байргүй газар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах;

10.2.4.гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах.

11 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хүлээх үүрэг

Хэвлэх

11.1.Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь гэмт хэргийн тухай мэдээлэл хийхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон түмэнд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилго болгоно.

11.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр яаралтай нийтэлж нэвтрүүлнэ.

11.3.Төрийн өмчийнхөөс бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр яаралтай мэдээлэл нийтэлж нэвтрүүлсний төлбөрийг тухайн байгууллага төлнө.

11.4.Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, нийтлэлийн агуулга, хөтөлбөрт хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга замын талаар тусгаж, хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

11.5.Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.

/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

11.6.Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно.

/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

11.7.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь гэмт хэргийн шинжтэй, илт хууль бус нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгааны талаар цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

11.8.Хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний нүүр царай, дуу хоолойг танигдахуйц байдлаар гаргах, хувийн байдалтай холбоотой мэдээллийг тараах, хохирогчийг буруутгасан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН АРГА ХЭЛБЭР

12 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах

Хэвлэх

12.1.Нутгийн захиргааны байгууллага харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахдаа иргэдийг дараахь хэлбэрээр татан оролцуулна:

12.1.1.иргэдийг нийтийн эргүүлд гаргах;

12.1.2.хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрээр томилох;

12.1.3.нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчаар ажиллуулах.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.2.Нутгийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан үйл ажиллагааг явуулахдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий төрийн бус байгууллагатай хамтран ажиллана.

12.3.Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрээр ажиллуулах хүний тоо, урамшууллын хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил тутам тогтооно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.4.Эргүүл, жижүүрийг цагдаагийн байгууллага мэргэжлийн удирдлагаар хангана.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.5.Энэ хуулийн 12.1.1, 12.1.2 -т заасан арга хэмжээнд насанд хүрээгүй буюу эрүүл мэндийн хувьд уг ажлын онцлогт тэнцэхгүй хүмүүсийг оролцуулахгүй.

13 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах

Хэвлэх

13.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэнийг дор дурдсан хэлбэрээр урамшуулна:

13.1.1.мөнгөн шагнал олгох;

13.1.2.үнэ бүхий зүйл дурсгах;

13.1.3.хүндэт тэмдгээр шагнах;

13.1.4.алдрыг нь мөнхжүүлэх;

13.1.5.төр, засгийн шагналд тодорхойлох.

13.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохиож, үр дүнд хүрсэн байгууллага, аж ахуйн нэгжийг нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллага дор дурдсан хэлбэрээр урамшуулна:

13.2.1.мөнгөн шагнал олгох;

13.2.2.үнэ бүхий зүйл дурсгах;

13.3.Энэ хуулийн 13.1.1, 13.1.2-т заасан шагналыг Хууль зүйн сайд, сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан олгоно.

13.4.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хангахад идэвх зүтгэл гаргасан буюу гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход онцгой үүрэг гүйцэтгэсэн иргэнд хүндэт тэмдэг олгох, алдрыг нь мөнхжүүлэх, төрийн дээд ба Засгийн газрын шагналд тодорхойлох шийдвэрийг холбогдох төрийн бус байгууллагын саналыг харгалзан Хууль зүйн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

14 дүгээр зүйл.Гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах

Хэвлэх

14.1.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.

14.2.Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно.

14.3.Мэдээллийн үнэлгээг гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамааран ялгавартайгаар тогтооно.

14.4.Онц хүнд ба зохион байгуулалттай гэмт хэргийн талаархи мэдээллийн төлбөрийг мэдээлэгчтэй тохиролцон тогтоож болно.

14.5.Цагдаагийн байгууллага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.

14.6.Гэмт хэргийн тухай мэдээллийн төлбөрийн жишгийг санхүүгийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

15 дугаар зүйл.Хорих ял эдлээд суллагдсан хүнд захиргааны хяналт тогтоох

Хэвлэх

15.1.Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6.12, 6.13 дугаар зүйлд зааснаар хугацаанаас өмнө суллагдсан, чөлөөлөгдсөн, 12.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 12.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 13.1, 13.3, 15.5, 19.9, 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, таван жилээс дээш хугацаагаар хорих ял эдэлсэн хүн хорих ял эдэлж суллагдсан бол дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс нь урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны хяналт тогтооно.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан этгээд хорих ял эдэлж суллагдаад байнга оршин суух газартаа очсоноос хойш З хоногийн дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

15.3.Хорих байгууллага хорих ял эдэлж байгаа хүнийг суллагдахаас ЗО хоногийн өмнө байнга оршин суух газрын цагдаагийн байгууллагад түүний суллагдах тухай мэдэгдлийг зохих тодорхойлолтын хамт хүргүүлнэ.

15.4.Захиргааны хяналтад байгаа хүний үүрэг:

15.4.1.нийгмийн хэв журмыг сахих;

15.4.2.сард 1 удаа цагдаагийн байгууллагад бүртгүүлэх;

15.4.3.цагдаагийн байгууллагаас дуудсан цагт саадгүй ирэх;

15.4.4.байнга оршин суугаа газраа өөрчлөх тохиолдолд захиргааны хяналт тавьж байгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж шинээр очсон газрынхаа цагдаагийн байгууллагад З хоногийн дотор бүртгүүлэх;

15.4.5.байнга оршин суугаа газраасаа 14 хоногоос илүү хугацаагаар явах, гадаад улсад зорчих бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх;

15.4.6.захиргааны хяналт тавьж байгаа цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлэх.

15.5.Захиргааны хяналтад байгаа хүн байнга оршин суугаа газраасаа энэ хуулийн 15.4.5-д зааснаар явсан тохиолдолд захиргааны хяналтыг түдгэлзүүлж, ирэхэд нь сэргээнэ.

15.6.Захиргааны хяналт нь энэ зүйлд зааснаас өөрөөр иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй.

15.7.Захиргааны хяналт тавих цагдаагийн байгууллагын эрх:

15.7.1.захиргааны хяналтад байгаа хүний зан төрх, үйл ажиллагааны талаар ажиллаж байгаа болон оршин суугаа газрын нутгийн захиргааны байгууллагаас тодорхойлолт гаргуулж авах;

15.7.2.захиргааны хяналтад байгаа хүн гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр түүнийг хэдийд ч дуудан ирүүлэх, зөвлөгөө өгөх, шаардлага тавих, анхааруулах;

15.7.3.захиргааны хяналтаас зайлсхийсэн этгээдийг эрэн сурвалжлах, албадан ирүүлэх.

15.8.Захиргааны хяналтыг цагдаагийн зохих шатны байгууллагын даргын шийдвэрээр 1-3 жил хүртэл хугацаагаар тогтооно.

15.9.Шаардлагатай гэж үзвэл захиргааны хяналтын хугацааг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болох боловч нийт хугацаа нь уг этгээдийг ял шийтгэлгүй болохоор хуульд заасан хугацаанаас хэтэрч болохгүй.

15.10.Захиргааны хяналтад байгаа хүн засрал хүмүүжил олсноо харуулбал түүний энэ талаар гаргасан өргөдлийг хянан үзэж, хугацаанаас нь өмнө захиргааны хяналтыг зогсоож болно.

15.11.Захиргааны хяналтад байгаа хүний хяналтын хугацаа дууссан, эсхүл ял шийтгэлгүй болсон бол уг хяналтыг тавьж байгаа цагдаагийн байгууллагын даргын шийдвэрээр захиргааны хяналтыг зогсоож, бүртгэлээс хасна.

16 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлбэр

Хэвлэх

16.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Хууль зүйн сайдаар, аймаг, нийслэл, сум, дүүрэгт түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар толгойлуулсан орон тооны бус зохицуулах зөвлөл зохицуулна.

16.2.Улсын хэмжээний зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

16.3.Зохицуулах зөвлөл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд дор дурдсан хэлбэрээр уялдуулан зохицуулна:

16.3.1.яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга болон хууль сахиулах төв байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлын тайланг гаргуулж авах;

16.3.2.Төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнийг тодорхой хугацаанд зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөх;

16.3.3.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээ зохион байгуулах;

16.3.4.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах;

16.3.5.гэмт хэргийн байдал, түүний шалтгаан нөхцөлийн талаархи статистик мэдээг солилцох;

16.3.6.гэмт хэргийн байдалд хамтран дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээний чиглэлийг тогтоох;

16.3.7.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи төрийн бодлого болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал өгөх.

16.3.8.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх.

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.4.Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үүрэг бүхий дэд зөвлөлийг зохицуулах зөвлөлийн дэргэд ажиллуулж болно.

/Энэ хэсгийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ

/Энэ бүлгийн гарчгигт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17 дугаар зүйл.Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг томилох

Хэвлэх

17.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий төрийн бус байгууллагын болон баг, хорооны Засаг даргын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ ажиллах нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг томилно.

17.2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүн амын нягтрал, гэмт хэргийн гаралтаас хамааран харьяа нутаг дэвсгэртээ ажиллах нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн тоог тогтооно.

17.3.Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллага мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд иргэд, байгууллага, аж ахуйн нэгж түүнд энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардагдах туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

/Энэ зүйлийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

18 дугаар зүйл.Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн эрх, үүрэг

Хэвлэх

18.1.Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч дараахь эрх эдэлнэ:

18.1.1.нийгмийн хэв журам хангах зорилгоор Захиргааны хариуцлагын тухай хуулийн1 21, 23, 24, 251, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйл, 52 дугаар зүйлийн 5 дахь заалтын

18.1.2.гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ авахуулах;

18.2.Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч дараахь үүрэг хүлээнэ:

18.2.1.хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, иргэдэд тайлбарлан таниулах;

18.2.2.нийгмийн хэв журам сахиулах талаар хууль сахиулах байгууллагуудаас зохиож байгаа ажилд туслалцаа үзүүлэх;

18.2.3.хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл зохион байгуулж, илэрсэн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг энэ хуулийн 18.1-д заасан эрхийн хүрээнд авах, холбогдох байгууллагад мэдэгдэх;

18.2.4.нийгмийн хэв журам хангах талаар иргэд, байгууллагаас зохиож байгаа ажилд оролцох.

/Энэ зүйлийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилт

Хэвлэх

19.1.Тухайн жилд шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

19.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг аймаг, нийслэлийн батлагдсан төсөв дээр нь нэмж олгох замаар төвлөрүүлж, сум, дүүргийн Засаг даргад гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн байдлыг харгалзан хуваарилж зарцуулна.

19.3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг дараахь чиглэлээр зарцуулна:

19.3.1.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах байгууллага, төрийн бус байгууллагуудаас иргэд, байгууллагын дунд зохиож байгаа сургалт, сурталчилгааны зардлыг санхүүжүүлэх;

19.3.2.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан эргүүл, жижүүр, олон нийтийн цагдаагийн ажилтныг урамшуулах;

19.3.3.энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж, урамшуулах;

19.3.4.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү, зардал, нөхөн төлбөрийг төлөх;

19.3.5.цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай техник, хэрэгслийн зардлыг санхүүжүүлэх;

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

19.3.6.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа болон үйлдсэн тухай цагдаагийн байгууллага иргэдээс мэдээлэл авах төлбөрийн зардлыг санхүүжүүлэх.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

19.4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

19.5.Хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Төсвийн тухай хууль тогтоомжид заасан эрх бүхий этгээд хяналт тавина.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

20 дугаар зүйл.Гэмт хэргийн талаархи мэдээлэл цуглуулах, боловсруулах

Хэвлэх

20.1.Шүүх, прокурор, цагдаагийн болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрх бүхий бусад байгууллага нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор гэмт хэргийн мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл ажиллагааг дараахь байдлаар эрхэлнэ:

20.1.1.гэмт хэргийн тоо бүртгэл хөтлөх;

20.1.2.гэмт хэргийн мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийх.

20.2.Дээр дурдсан байгууллагуудаас гэмт хэргийн талаар гаргах статистикийн мэдээллийн уялдуулсан маягт, журмыг тухайн байгууллагуудтай зөвшилцөн Үндэсний статистикийн газар батална.

21 дүгээр зүйл.Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах эрдэм шинжилгээний ажил

Хэвлэх

21.1.Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах шинжилгээ судалгааны ажлыг эрхлэх эрдэм шинжилгээний байгууллага Хууль зүйн сайдын дэргэд ажиллана.

21.2.Уг эрдэм шинжилгээний байгууллага нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах шинжилгээ судалгааны ажлыг Хууль зүйн сайдын болон сонирхогч бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний захиалгаар гүйцэтгэж санхүүжинэ.

22 дугаар зүйл.Иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа

Хэвлэх

22.1.Иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцахгүй, тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар төлнө.

22.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлсэн иргэнд өөрт нь эд хөрөнгийн хохирол учирсан бол сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар төлж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнө.

22.3.Иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж яваад эрүүл мэндээрээ хохирсон буюу амь насаа алдсан тохиолдолд түүнд болон ар гэрт нь дор дурдсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү болон зардлыг олгоно:

22.3.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү;

22.3.2.тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, авч байсан цалингийн зөрүү;

22.3.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хохирогчийн авч байсан цалингийн зөрүү;

22.3.4.хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал.

22.4.Энэ хуулийн 22.3.2, 22.3.3-т заасан тэтгэвэр тогтоосноос хойш хохирогчийн тухайн үед авч байсан цалинд өөрчлөлт орсон бол зөрүүг шинээр тогтоосон хэмжээнээс тооцож олгоно.

22.5.Энэ хуулийн 22.3.2, 22.3.3-т заасан тэтгэвэр, цалингийн зөрүүг тахир дутуугийн ба тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно.

22.6.Энэ хуулийн 22.3-т заасан иргэн нь тогтмол цалин, орлогогүй буюу тодорхой ажил эрхлээгүйгээс тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүй бол түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр нөхөн төлбөр төлнө.

22.7.Нөхөн төлбөрийг тухайн иргэнийг хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд олгоно.

22.8.Энэ хуулийн 22.3, 22.6-д заасан тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх зардал, нөхөн төлбөрийг тухайн иргэнийг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд оролцуулах шийдвэр гаргасан Засаг даргын Тамгын газар олгож, буруутай этгээдээр зохих журмаар нөхөн төлүүлнэ.

22.9.Энэ зүйлд заасан иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа нь сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр ажиллаж буй эргүүл, жижүүрт нэг адил хамаарна.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

23.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

23.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ