- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.
ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс жижиг, дунд үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоож, тэдгээрийг дэмжих талаар авах арга хэмжээ, хамрах хүрээг тодорхойлон үндэсний эдийн засгийн хөгжлийг хангахад оршино.
2 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж
2.1.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай, Хоршооны тухай, Нөхөрлөлийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгж, хувиараа аж ахуй эрхэлж буй Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч гадаадын иргэн, харъяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/-д үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."бизнесийн шинэчлэл" гэж шинэ бүтээгдэхүүн бий болгох, түүнийгээ үйлдвэрлэх, шинэ үйлчилгээ нээх, түүнийгээ нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх шинэ шийдэл, удирдлага, менежментийн шинэ арга барилыг нэвтрүүлж ашиглах, бусад шинэлэг үйл ажиллагаа явуулах зэргээр бизнесийн тодорхой дэвшил гаргахыг;
4.1.2."бүтээлч үйл ажиллагаа" гэж бизнесийн шинэчлэл болон шинээр эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааны явцад шинэ технологи, бүтээлч ажиллагаа бүхий удирдлага, менежментийн аргыг нэвтрүүлэхийг;
4.1.3."менежментийн нөөц" гэж тоног төхөөрөмж, технологи, хувь хүний мэдлэг, ур чадвар болон бизнесийн үйл ажиллагаанд шаардагдах бусад нөөцийг.
5 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч
5.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт дараахь шаардлагыг хангасан, энэ хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг ойлгоно:
5.1.1.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.3.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.4.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.5.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн.
5.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно.
6 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, тэмдэглэл
6.1.Энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, иргэн нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:
6.2.1.хүсэлт гаргагч иргэний овог, нэр, оршин суугаа газрын хаяг;
6.2.2.хүсэлт гаргагч аж ахуйн нэгжийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
6.2.3.эрхэлж байгаа үйл ажиллагааны төрөл;
6.2.4.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын тухай мэдээлэл.
6.3.Иргэн энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана:
6.3.1.иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.3.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
6.3.3.харъяа татварын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн жилийн татвар тодорхойлох хуудас.
6.4.Аж ахуйн нэгж энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана:
6.4.1.улсын бүртгэлийн гэрчилгээ;
6.4.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
6.4.3.аудитын байгууллагаар баталгаажуулсан өмнөх жилийн санхүүгийн болон татварын тайлан баланс.
6.5.Хувиараа эрхлэх аж ахуйг гэр бүлээрээ, эсхүл хоёр буюу түүнээс дээш тооны иргэн хамтран эрхэлдэг бол бүртгүүлэх хүсэлтийг хамтран гаргах бөгөөд энэ хуулийн 6.2.1, 6.3.1-д заасан мэдээ, баримтыг иргэн тус бүрээр гаргаж ирүүлнэ.
6.6.Энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзвэл жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэж, дараахь ажиллагааг хийнэ:
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.6.1.иргэнд гэрчилгээ олгох;
6.6.2.аж ахуйн нэгжид гэрчилгээ олгох.
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.7.Иргэн, аж ахуйн нэгжид олгох гэрчилгээний загварыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.8.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаагүй, эсхүл бичиг баримтын бүрдэл дутуу байвал жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохих үндэслэлийг зааж бүртгэхээс татгалзсан хариуг энэ хуулийн 6.6-д заасан хугацаанд бичгээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.9.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд улирал бүр мэдээлж байна.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг бүртгэлээс хасах
7.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дор дурдсан үндэслэлээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг бүртгэлээс хасч, энэ хуулийн 6.6-д заасан гэрчилгээ буюу тэмдэглэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргана:
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.1.энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангахгүй болсон;
7.1.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэгч бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргасан;
7.1.3.бүртгүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
7.1.4.аж ахуйн нэгж татан буугдсан;
7.1.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь тогтоогдсон.
8 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй этгээд
8.1.Дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй:
8.1.1.тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл;
8.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;
8.1.3.банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ;
8.1.4.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
9 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
9.1.Улсын Их Хурал жижиг, дунд үйлдвэрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох;
9.1.2.жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг батлах;
9.1.3.жижиг, дунд үйлдвэрийн салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;
9.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
10.1.Засгийн газар жижиг, дунд үйлдвэрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг батлах, түүний хэрэгжилтийг хангах;
10.1.2.жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг орон нутгийн дэд бүтцийн хөгжил, түүхий эдийн нөөц, эрэлт, хэрэгцээг харгалзан бүсчилэн батлах;
10.1.3.жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагад үндэслэн тухайн жилд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг төлөвлөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
10.1.4.жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх;
10.1.5.жижиг, дунд үйлдвэрийг төрөөс дэмжихэд шаардагдах санхүүжилтийн нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор зохих журмын дагуу Засгийн газрын үнэт цаас гаргах;
10.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
11 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
11.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
11.1.2.жижиг, дунд үйлдвэрийн салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, бодлогоор хангах;
11.1.3.жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлийн талаар санал боловсруулж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
11.1.4.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх, шат дамжлагыг багасгах, хяналт шалгалт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авах санал боловсруулж зохих байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
11.1.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, чуулга уулзалт зохион байгуулах;
11.1.6.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
11.1.7.жижиг, дунд үйлдвэрийн талаар шаардлагатай судалгааг тогтмол явуулж, үр дүнг нийтэд мэдээлэх;
11.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
12 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
12.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жижиг, дунд үйлдвэрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.жижиг, дунд үйлдвэрийг орон нутагтаа хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн шатны жил бүрийн төсөвт тусгаж батлах;
12.1.2.жижиг, дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тусгай сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах;
12.1.3.тухайн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн хөтөлбөр батлах, хэрэгжилтэд хяналт тавих.
12.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 12.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын саналыг харгалзан нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны ил тод байдлыг хангана.
13 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа
13.1.Төрийн бус байгууллага жижиг, дунд үйлдвэрийн талаархи төрийн зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дангаараа буюу хамтран тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн болон хүрээлэн буй орчны онцлог нөхцөлд тохируулан гүйцэтгэж болно.
13.2.Мэргэжлийн холбоод нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчтэй жижиг, дунд үйлдвэрийн талаархи төрийн бодлого, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
14 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, үүрэг
14.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч дараахь эрх эдэлнэ:
14.1.1.жижиг, дунд үйлдвэр, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг авах;
14.1.2.төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус аливаа шийдвэр, шаардлагыг биелүүлэхээс татгалзах, зохих журмын дагуу гомдол гаргах;
14.1.3.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулан төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;
14.1.4.хуулиар олгосон бусад эрх.
14.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ:
14.2.1.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 5.1-д заасан хязгаараас хэтэрсэн тохиолдолд энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж бүртгэлээс хасуулах;
14.2.2.хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх;
14.2.3.зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
14.2.4.байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
14.2.5.импортыг орлох, экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримтлах;
14.2.6.үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;
14.2.7.ажиллагчдын мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, менежментийн арга барилыг сайжруулах;
14.2.8.ажиллагчдын нийгмийн хамгааллын баталгааг хангах, хуулиар тогтоосон хэмжээнээс доошгүй цалин хөлс олгох;
14.2.9.хуулиар хүлээсэн бусад үүрэг.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРӨӨС ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО, ҮНДСЭН ЧИГЛЭЛ
15 дугаар зүйл.Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар баримтлах бодлого, үндсэн чиглэл
15.1.Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар дараахь бодлого, үндсэн чиглэлийг баримтална:
15.1.1.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн шинэчлэл, шинээр бизнес эрхлэх болон бүтээлч үйл ажиллагааг дэмжих;
15.1.2.жижиг, дунд үйлдвэрийн менежментийн нөөц, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар жижиг, дунд үйлдвэрийн менежментийн үндэс суурийг бэхжүүлэх;
15.1.3.жижиг, дунд үйлдвэрийн менежментийн тогтвортой байдлыг хангах, бизнесийг хувирган өөрчлөх боломжийг бүрдүүлэх замаар жижиг, дунд үйлдвэрийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлэх;
15.1.4.жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжих, тэдгээрийн өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах.
16 дугаар зүйл.Бизнесийн шинэчлэл, шинээр бизнес эрхлэх болон бүтээлч үйл ажиллагааг дэмжих
16.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн шинэчлэлд дараахь дэмжлэг үзүүлнэ:
16.1.1.шинэ бүтээгдэхүүн бий болгох, шинэ үйлчилгээ нээхэд шаардагдах технологийн хөгжлийн талаархи судалгааг дэмжих;
16.1.2.бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон борлуулалтын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэх, санхүүгийн түрээс зэрэг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах;
16.1.3.шинэ бүтээгдэхүүн бий болгох, түүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагааг нэгтгэн удирдах удирдлага, менежментийн шинэ аргыг нэвтрүүлэхийг дэмжих;
16.1.4.шаардлагатай бусад арга хэмжээ.
16.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг шинээр бизнес эрхлэхэд дараахь дэмжлэг үзүүлнэ:
16.2.1.шинээр бизнес эрхлэхэд шаардагдах мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах;
16.2.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэх хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх;
16.2.3.шинээр бизнес эрхлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрээр хангах;
16.2.4.шаардлагатай бусад арга хэмжээ.
16.3.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүтээлч үйл ажиллагааг дараахь арга хэмжээгээр дэмжинэ:
16.3.1.бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх шинэ технологийн хөгжлийн талаархи судалгааг дэмжих;
16.3.2.шаардлагатай хөрөнгийг хувьцаа, бонд гаргах замаар бүрдүүлэх тогтолцоог бий болгох;
16.3.3.бүтээлч үйл ажиллагаанд шаардагдах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх;
16.3.4.шаардлагатай бусад арга хэмжээ.
17 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн менежментийн үндэс суурийг бэхжүүлэх
17.1.Жижиг, дунд үйлдвэрийн менежментийн нөөцийг бүрдүүлэхэд дараахь дэмжлэг үзүүлнэ:
17.1.1.барилга байгууламж барих, тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах болон засварлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
17.1.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн технологийн хөгжлийн талаархи судалгааг дэмжих, технологи дамжуулах үйл ажиллагаа болон төрөөс хэрэгжүүлж буй технологийн хөгжлийн талаархи судалгаанд оролцуулах;
17.1.3.технологийн чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, төрийн болон орон нутгийн байгууллагатай хамтран ажиллахыг дэмжих;
17.1.4.технологийн мэргэжилтэн болон бусад ажиллагчдын дадлага хийх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг боловсронгуй болгох;
17.1.5.шаардлага хангахуйц мэдлэг чадвар бүхий менежер, удирдах ажилтныг бэлтгэх, тэдгээрийг сургалт, дадлагын ажилд хамруулах;
17.1.6.жижиг, дунд үйлдвэрийн менежментийн нөөцийг бүрдүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх.
17.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагааг дараахь байдлаар дэмжинэ:
17.2.1.үйл ажиллагааг нь хоршуулах зорилгоор бүтэц, зохион байгуулалтад оруулах;
17.2.2.бизнесийн хамтарсан үйл ажиллагаа болон гадаад харилцаагаа өргөжүүлэхэд туслалцаа үзүүлэх.
17.3.Аж үйлдвэрийн болон худалдааны төвлөрлийг бий болгох талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
17.3.1.нэг бүс нутагт ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг буюу хоорондоо уялдаатай үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хамтарч ажиллахыг дэмжих;
17.3.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн хот төлөвлөлтийн дагуу жижиглэнгийн худалдаа болон үйлчилгээ эрхлэгчдэд зориулан худалдаа, үйлчилгээний төв, гудамж байгуулах, тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэд болон үйлчлүүлэгчдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн барилга байгууламж, дэлгүүр барихад дэмжлэг үзүүлэх.
17.4.Хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох, ажиллагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулах, ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
17.5.Жижиг, дунд үйлдвэрийн төлбөр тооцооны харилцааг боловсронгуй болгох замаар туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлсийг төлөхдөө хууль буюу гэрээнд заасан хугацааг хэтрүүлэхээс сэргийлэх, төлбөрийн нөхцөлийг тодорхой болгох болон бусад шаардлагатай дэмжлэг үзүүлнэ.
17.6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад жижиг, дунд үйлдвэрийн оролцох боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
18 дугаар зүйл.Эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалах
18.1.Жижиг, дунд үйлдвэрийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлэх талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
18.1.1.худалдааны бүтэц, түүхий эдийн нийлүүлэлтэд гарсан өөрчлөлт нь жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулсан буюу учруулж болзошгүй тохиолдолд бизнесийн тогтвортой байдлыг хангах, өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлэх;
18.1.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бий болгох;
18.1.3.шаардлагатай бусад арга хэмжээ.
18.2.Жижиг, дунд үйлдвэрийг эрсдэлээс хамгаалах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
18.2.1.харилцагч дампуурах тохиолдолд жижиг, дунд үйлдвэрийг эрсдэлээс хамгаалах зорилго бүхий хамтарсан эрсдэлийн сан, даатгалын тогтолцоог бий болгох;
18.2.2.жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааг дахин шинээр сэргээх тогтолцоог боловсронгуй болгох;
18.2.3.энэ хуулийн 18.1.1, 18.2.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ажлын байр шинээр бий болгох;
18.2.4.шаардлагатай бусад арга хэмжээ.
19 дүгээр зүйл.Санхүүжилтийг дэмжих, өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах
19.1.Жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжих дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
19.1.1.жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн эх үүсвэрийн тогтвортой байдлыг хангах үүднээс санхүүгийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, даатгалын тогтолцоог хөгжүүлэх;
19.1.2.банк болон банк бус санхүүгийн байгууллагатай тохирсны үндсэн дээр жижиг, дунд үйлдвэрт зориулсан санхүүжилтийг бий болгох;
19.1.3.урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох;
19.1.4.зээлийн баталгаа, батлан даалт гаргах;
19.1.5.зарим төрлийн даатгалд хамруулах;
19.1.6.гадаадын болон олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, тусламжийн арга хэмжээнд хамруулах;
19.1.7.хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ.
19.2.Жижиг, дунд үйлдвэрийн өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулалтын тогтолцоог боловсронгуй болгох, татварын ачаалалыг зохицуулах арга хэмжээ авна.
20 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөл
20.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих талаар санал, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ байна.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.Зөвлөлийн дарга нь жижиг, дунд үйдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Зөвлөл 15 хүртэл гишүүнтэй байх бөгөөд дараахь байгууллагын төлөөллөөс бүрдэнэ:
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.1.барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.2.боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.3.зам, тээвэр, холбоо, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.4.нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.5.түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.6.жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.7.хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.8.Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба;
20.2.9.Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим;
20.2.10.жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.
20.3.Зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 20.2-т заасан байгууллагын санал болгосноор Ерөнхий сайд томилно. Зөвлөлийн гишүүн орон тооны бус байна.
20.4.Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.
20.5.Зөвлөл энэ хуулийн 11.1-д заасан бүрэн эрх болон 15, 16, 17, 18, 19, 21 дүгээр зүйлд заасан төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар баримтлах бодлого, үндсэн чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал, зөвлөмж гаргах үүрэгтэй.
20.6.Зөвлөл орон нутагт салбар зөвлөлтэй байж болно. Салбар зөвлөлийн ажиллах журмыг Зөвлөлийн дарга батална.
21 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр
21.1.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, зохих журмын дагуу Засгийн газарт оруулж батлуулна.
/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
21.2.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах ба хэрэгжүүлэх хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.
21.3.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд жижиг, дунд үйдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, биелэлтийг хагас жил тутам Засгийн газарт тайлагнаж, олон нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
22.1.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байна.
22.2.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
23 дугаар зүйл.Бизнес инкубацийн үйлчилгээ
23.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид дараахь бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлнэ:
23.1.1.гадаадын зээл, тусламжид хамрагдах зорилгоор жижиг, дунд үйлдвэр эрхлэгч төсөл боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох мэдээллээр хангах;
23.1.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үйлдвэрлэлийн зориулалтаар ажлын байр, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлэх;
23.1.3.тэргүүний техник, технологи, бараа бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээлийн үнэ, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалга зэрэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдээллээр үйлчлэх;
23.1.4.жижиг, дунд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, журам, заавар, шийдвэр, тэдгээрийн ач холбогдол, үр нөлөөг танилцуулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар арга зүйн зөвлөгөө өгөх;
23.1.5.Монгол Улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, тэдгээрийн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг гадаад, дотоодын зах зээлд сурталчлах, борлуулах, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үзэсгэлэн худалдаа, сурталчилгааг зохион байгуулах;
23.1.6.бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, технологи дамжуулах зэрэг чиглэлээр ажил олгогчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалт явуулах, зөвлөгөө өгөх;
23.1.7.бизнес инкубацийн бусад үйлчилгээ.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан бизнес инкубацийн үйлчилгээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулна.
24 дүгээр зүйл.Мэдээллийн сан
24.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулсан мэдээллийн санг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтөлнө.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
24.2.Мэдээллийн сан нь дараахь мэдээллээс бүрдэнэ:
24.2.1.жижиг, дунд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан холбогдох бусад эрх зүйн актууд /журам, заавар, тушаал, аргачлал/;
24.2.2.шинэ техник, технологийн зах зээлийн үнэ, техникийн үзүүлэлтийн талаархи мэдээлэл;
24.2.3.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалга;
24.2.4.жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх гадаад, дотоодын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн тухай мэдээлэл;
24.2.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулан гадаад, дотоодод зохион байгуулах үзэсгэлэн, худалдааны тухай мэдээлэл;
24.2.6.хуулиар нууцад хамааруулаагүй бусад мэдээлэл.
24.3.Мэдээллийн санг хөтлөх, түүнд мэдээлэл төвлөрүүлэх, үйлчилгээ үзүүлэх журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
25.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A