- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэний бүртгэл болон түүнийг эрхлэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомж
2.1.Иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Гэр бүлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Иргэний бүртгэлийн үйл ажиллагааны зарчим
3.1.Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах, иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах зарчмыг баримтална.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."иргэний бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгохтой холбогдох энэ хуульд заасан үйл ажиллагааг;
4.1.2."иргэний бүртгэл, мэдээллийн систем" гэж Монгол Улсын иргэн бүрт олгосон регистрийн дугаарыг үндэслэн Монгол Улсын хүн амыг бүртгэл, мэдээллийн нэгдсэн үзүүлэлтэд хамруулахтай холбогдсон цогцолбор үйл ажиллагааг.
5 дугаар зүйл. Иргэний бүртгэл, түүнийг хөтлөх
5.1.Иргэний бүртгэл нь гэр бүлийн байдлын, хүн амын өрхийн, иргэний үнэмлэхийн, сонгогчийн, үндэсний гадаад паспортын, шилжих хөдөлгөөний болон гадаадын иргэний бүртгэлээс тус тус бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.2.Энэ хуулийн 5.1-д заасан бүртгэлийг хөтлөх төрийн захиргааны байгууллага бүртгэлийн дэвтэр болон маягтад шаардлагатай бичилт хийж, түүний үндсэн дээр холбогдох үнэмлэх, гэрчилгээ, лавлагаа олгох замаар иргэний бүртгэлийг хөтөлнө.
5.3.Иргэний бүртгэлийг монгол хэл дээр хөтөлнө.
5.4.Энэ хуулийн 5.2-т заасан лавлагааг цахим хэлбэрээр олгож болно.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.5.Энэ хуулийн 5.4-т заасан тохиолдолд хүсэлт гаргагч нь цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид цахим шуудангаар ирүүлсэн байна.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.6.Энэ хуулийн 5.4-т заасан тохиолдолд лавлагааг хүсэлт гаргагчид цахим шуудангаар хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл. Иргэний бүртгэлийн байгууллагын тогтолцоо
6.1.Тус улсын нутаг дэвсгэрт иргэний бүртгэлийн үйл ажиллагааг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
6.2./Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.3.Аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба иргэний бүртгэлийн үйл ажиллагааг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, сум, дүүргийн иргэний бүртгэлийн ажилтанг арга зүйн удирдлагаар хангаж, тайлан, мэдээг гарган зохих журмын дагуу иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.4.Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан иргэний бүртгэлийг эрхлэн хөтөлж, холбогдох тайлан, мэдээг гарган зохих журмын дагуу аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн албанд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
6.5.Хүн амын анхан шатны бүртгэл болох хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийг тухайн дэвсгэр нутгийн баг, хорооны Засаг дарга хариуцан хөтөлнө.
6.6.Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар нь тогтоосон журмын дагуу иргэний бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, холбогдох тайлан, мэдээг гаргаж зохих журмын дагуу иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.7.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба нь улсын төсвөөс санхүүжнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.8./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7 дугаар зүйл. Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
/7 дугаар зүйлийн гарчигт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.1.Монгол Улсын иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын гэрчилгээг олгох, хүчингүй болгохтой холбогдсон бодлого хэрэгжүүлэх;
/Энэ хэсгийн "Монгол Улсад оршин суух үнэмлэх," гэж байсныг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хассан/
7.1.2.Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, цахим тоолуурт хадгалах ажлыг зохион байгуулах;
7.1.3./Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
7.1.4.иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
7.1.5.иргэний баримтын архивын санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах;
7.1.6.иргэний бүртгэл, мэдээллийн улсын нэгдсэн сүлжээг эрхлэн хөтлөх;
7.1.7.иргэний бүртгэлтэй холбогдсон мэдээлэл, лавлагаагаар иргэд, байгууллагад хүсэлтийнх нь дагуу үйлчлэх;
7.1.8.төв, орон нутгийн бүртгэлийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь хянан шалгах;
7.1.9.иргэний хаягийн нэгдсэн ангиллыг эрхлэн хөтлөх;
7.1.10.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
8 дугаар зүйл. Иргэний бүртгэлийн ажилтан, түүний эрх, үүрэг
8.1./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.2.Иргэний бүртгэлийн ажилтан дараахь эрх эдэлнэ:
8.2.1.бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах;
8.2.2.жинхэнэ мөн эсэх нь эргэлзээтэй бол уг баримт бичгийг магадлан шинжлүүлэх;
8.2.3.иргэний бүртгэлийн журам зөрчсөн байгууллага, хүмүүст хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулах.
8.3.Иргэний бүртгэлийн ажилтан дараахь үүрэг хүлээнэ:
8.3.1.бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах;
8.3.2.бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх, тайлан мэдээг нэгтгэж гаргах;
8.3.3.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;
8.3.4.иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг шаардлагатай үед явуулын журмаар хөтлөх.
8.4.Энэ хуулийн 8.3.4-т дурдсан бүртгэл хөтлөхөд шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс гаргана.
8.5.Иргэний бүртгэлийн ажилтан өөртөө, эсхүл гэр бүлийнхээ гишүүн, төрөл садныхаа хүнтэй холбогдсон бүртгэл хөтлөхийг хориглоно. Энэ тохиолдолд уг бүртгэлийг сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн, эсхүл дипломат төлөөлөгчийн болон консулын газрын өөр ажилтан хөтөлнө.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9 дүгээр зүйл. Иргэний бүртгэлийн дэвтэр, маягт, үнэмлэх, гэрчилгээ
9.1.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн дэвтэр, маягт, гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.2.Иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт нэг бүр нь сери, дугаартай болон иргэний гэр бүлийн байдлын гэрчилгээ нь тухайн жилдээ үл давхардах дугаартай байна.
10 дугаар зүйл. Иргэний бүртгэлийн хураамж
10.1.Иргэний бүртгэл хийх, иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлын гэрчилгээ олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ түүнээс хөнгөлөх, чөлөөлөх нөхцөлийг Тэмдэгтийн хураамжийн хуулиар тогтооно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ ГЭР БҮЛИЙН БАЙДЛЫН БОЛОН ХҮН АМЫН ӨРХИЙН БҮРТГЭЛ
11 дүгээр зүйл. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрөл
11.1.Иргэний эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгө, ашиг сонирхол, төрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэний гэр бүлийн байдлын улсын бүртгэлийг хөтөлнө.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.2.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл нь дараахь төрөлтэй байна:
11.2.1.төрсний;
11.2.2.гэрлэлтийн;
11.2.3.гэрлэлт цуцалсны;
11.2.4.гэрлэлт сэргээсний;
11.2.5.үрчлэлтийн;
11.2.6.эцэг, эх тогтоосон тухай;
11.2.7.овог, эцгийн нэр, нэр өөрчилсний;
11.2.8.нас барсны.
11.3.Энэ хуулийн 11.2-т заасан бүртгэл хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.4.Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газраас хөтлөх бүртгэлийн зааврыг улсын бүртгэлийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12 дугаар зүйл. Төрснийг бүртгэх
12.1.Эцэг, эх хэрэв эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлэх буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгааны улмаас бүртгүүлэх боломжгүй бол тэдний төрөл садны хүн буюу хүүхэд байгаа эмнэлгийн байгууллагын эрх бүхий ажилтан хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ.
12.2.Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.2.1.хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт;
12.2.2.эцэг, эхийн иргэний үнэмлэх;
12.2.3.эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.
12.3.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгүүлэх тохиолдолд энэ хуулийн 12.2.3-т заасан гэрчилгээг шаардахгүй.
12.4.Хэрэв эцэг, эх нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол иргэний бүртгэлийн ажилтан гэрт нь буюу өөр газар очиж бүртгэж болно.
12.5.Эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй олдмол хүүхдийг асрамжлан авсан хүн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын эрх бүхий ажилтан тухайн хүүхэд олдсон өдрөөс хойш 2 хоногийн дотор цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж, түүнийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх өргөдлөө /өргөдөлд хүүхдийн хүйс, хэрэв мэдэж байвал түүний нэр, төрсөн газар, он, сар, өөрийн оршин суугаа газар, хүүхэд олдсон нөхцөл байдлыг дурдсан байна/ тухайн хүүхэд олдсон газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргаж, дараахь баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.5.1.цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
12.5.2.олдмол хүүхдийн нас, хүйсийг тогтоосон тухай эмнэлгийн байгууллагын тодорхойлолт.
12.6.Энэ хуулийн 12.5-д дурдсан өргөдлийг хүлээн авсан иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд олдсон он, сар, өдөр, цаг, газар болон нөхцөл байдал, хүүхдийн нас, хүйсийн тухай тэмдэглэл үйлдэж хүүхдийг асрамжлан авсан хүн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын эрх бүхий ажилтнаар гарын үсэг зуруулж бүртгэлд хавсаргана.
12.7.Эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэхдээ эцгийн нь нас барсны гэрчилгээг үндэслэн нас барагчийн овог, нэрээр бүртгэж болно.
12.8.Гэрлэлтийг цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг бүртгэхдээ эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэнэ.
12.9.Энэ хуулийн 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд төрснийг бүртгэж гэрчилгээ олгоно.
12.10.Ихэр хүүхдийг тус тусад нь бүртгэж, дараалсан дугаартай гэрчилгээ олгоно.
12.11.Төрсний гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана:
12.11.1.хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, газар;
/2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар энэ заалтын "эцгийн нэр," гэсний дараа "нэр," гэж нэмсэн/
12.11.2.эцэг, эхийн овог, эцэг, эхийн эцгийн (эхийн) нэр, эцэг, эхийн нэр;
/Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.11.3.төрсний бүртгэл үйлдсэн газрын нэр, гэрчилгээний болон регистрийн дугаар;
12.11.4.төрсний бүртгэл үйлдсэн он, сар, өдөр, албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;
12.11.5.төрсний гэрчилгээ олгосон он, сар, өдөр.
12.12.Нэгээс дээш настай хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хүүхдийн эцэг, эхийн, эсхүл хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргаж дараахь баримт бичгийн аль нэгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.12.1.хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа;
12.12.2.энэ хуулийн 12.12.1-д заасан магадлагаа байхгүй бол хүүхэд төрсөн үйл явдлыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр.
12.13.Төрснийг нь бүртгэхээс өмнө нас барсан хүүхдийн төрсөн болон нас барсныг иргэний бүртгэлийн ажилтан эмнэлгийн магадлагааг үндэслэн тус тусад нь бүртгэнэ.
12.14.Гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ.
12.15.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, эсхүл харьяалалгүй хүн бол тэдний дундаас тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн энэ зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ.
12.16.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ.
12.17.Эцэг, эх нь хоёулаа, эсхүл тэдний хэн нэг нь Монгол Улсын харьяат бол тэдгээрийн гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийн тухайн оронд олгосон төрсний гэрчилгээг үндэслэн түүнийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэн, гадаад оронд олгосон төрсний гэрчилгээн дээр тэмдэглэл хийж гэрчилгээг сольж олгоно.
12.18.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, харьялалгүй хүнээс төрсөн хүүхдийг энэ зүйлд заасан журмын дагуу бүртгэж төрсний гэрчилгээ олгож болно.
121дүгээр зүйл. Төрснийг цахим хэлбэрээр бүртгэх
121.1.Энэ хуулийн 12.1, 12.5-д заасан этгээд хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгүүлэх өргөдөл гаргаж болно.
121.2.Энэ хуулийн 121.1-д заасан тохиолдолд хүүхдийг цахим хэлбэрээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ.
121.3.Энэ хуулийн 121.1-д заасан тохиолдолд нэг цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурах ба түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид цахим шуудангаар ирүүлсэн байна.
121.4.Энэ хуулийн 121.3-т заасан өргөдлийг хүлээн авмагц иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд төрснийг бүртгэж, бүртгэлийн болон регистрийн дугаарыг цахим шуудангаар хүргүүлнэ.
121.5.Өргөдөл гаргагч хүсэлт гаргавал түүнд төрсний гэрчилгээ олгож болно.
121.6.Хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгэхэд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.
121.7.Хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгэхтэй холбогдох нарийвчилсан журмыг иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
/Дээрх 121дүгээр зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өрдийн хуулиар нэмсэн/
13 дугаар зүйл. Гэрлэлтийн бүртгэл
13.1.Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэхийг хүсэгчид хүсвэл гэрлэлтийг ёс төртэй бүртгэж болно.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараахь баримт бичгийг хавсаргана:
13.2.1.гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх;
13.2.2.эрүүл мэндийн тодорхойлолт;
13.2.3.гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа;
13.2.4.Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд шүүхийн шийдвэрийн хуулбар.
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.3.Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна. Гэрлэхийг хүсэгчдийн хүсэлтээр насанд хүрсэн гэрч, төрөл садангийн хүнийг оролцуулж болно.
13.4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж чадахгүй хүмүүс өөрсдөө хүсвэл тэдний гэрлэснийг иргэний бүртгэлийн ажилтан гэрт нь буюу өөр газар бүртгэж болно.
13.5.Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа талаар хангалттай нотлох баримт байгаа бол иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхээс татгалзаж болно.
13.6.Тус улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй, эсхүл гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс хоорондоо гэрлэснийг Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 111дүгээр зүйлд заасан байгууллага эрхлэн бүртгэнэ.
13.7.Монгол Улсын харьяат иргэн гадаадын иргэнтэй, эсхүл гадаадын иргэд хоорондоо тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэж бүртгүүлэхдээ энэ хуулийн 13.2-т заасан баримт бичгээс гадна тэдгээрийн өргөдлийн орчуулга, тухайн гадаадын иргэнийг харьяалсан улсын дипломат төлөөлөгчдийн болон консулын, эсхүл тухайн орны иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газраас гаргасан тодорхойлолтыг хавсаргана.
Тодорхойлолтод гэрлэхийг хүсэгчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, газар, байнга оршин суугаа газрын хаяг, гэрлэлтийн байдлыг бичсэн байна.
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.8.Энэ хуулийн 13.6-д заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид иргэний бүртгэлийн ажилтан бүртгэлийн баримт бичгийг орчуулуулан танилцуулж болно.
13.9.Энэ хуулийн 13.2, 13.7-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан гэрлэснийг 30 хоногийн дотор бүртгэж, гэрчилгээ олгоно. Гэрлэлтийн гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана:
13.9.1.гэрлэгчдийн харьяалал, овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр;
13.9.2.гэр бүл болсон он, сар, өдөр;
13.9.3.гэрлэлтээ бүртгүүлсэн он, сар, өдөр
13.9.4.бүртгэл үйлдсэн газрын нэр, гэрчилгээний дугаар;
13.9.5.бүртгэл үйлдсэн албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг.
13.10.Гэрлэгчид хоёулаа Монгол Улсын харьяат бөгөөд тэдгээр нь гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэсэн бол тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээг үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэж, гэрчилгээг сольж олгоно.
13.11.Гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд хоорондоо, эсхүл гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат нөгөө нь гадаад улсын харьяат иргэн гэрлэсэн бол хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар 30 хоногийн дотор бүртгэж болно.
13.12.Гэрлэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат иргэн, нөгөө нь гадаад улсын харьяат бөгөөд тэдгээр нь гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэж бүртгүүлсэн нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлаагүй бол тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ, түүний албан ёсны орчуулгыг үндэслэн Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 111дүгээр зүйлд заасан байгууллага иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэж, гэрчилгээг сольж олгож болно.
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14 дүгээр зүйл. Гэрлэлт цуцалсны бүртгэл
14.1.Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ.
14.2.Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэд оршин суугаа газрынхаа, эсхүл гэрлэлтээ бүртгүүлсэн сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ цуцлуулсныг бүртгүүлэх тухай өргөдлөө гаргаж дараахь баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.2.1.шүүхийн шийдвэрийн хуулбар;
14.2.2.гэрлэлтийн гэрчилгээ, эсхүл архивын лавлагааны материал.
14.3.Захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулахаар харилцан зөвшөөрсөн, төрсөн, үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй бөгөөд, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид өргөдлөө /өргөдөлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтийн гэрчилгээний дугаар болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухайгаа дурдсан байна/ оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд хамтран гаргаж, дараахь баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.3.1.гэрлэлтийн гэрчилгээ;
14.3.2.арван найм хүртэлх насны хүүхэдгүй тухай оршин суугаа газрынхаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
14.3.3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбар.
14.4.Захиргааны журмаар гэрлэлтийг цуцлахад гэрлэгчдийг биечлэн байлцуулна. Хэрэв гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг ажиллагаанд оролцох боломжгүй бол өөрийнхөө байхгүйд гэрлэлт цуцлахыг зөвшөөрч нотариатаар гэрчлүүлсэн өргөдлийг нь үндэслэн 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ.
14.5.Гэрлэгчдийн хэн нэгийг нь шүүхээс нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцсон, 3-аас дээш жил хорих ял эдлэхээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол нөгөө тал нь гэрлэлтээ цуцлуулахаар өргөдлөө /өргөдөлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан, эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон нөхөр, эхнэрийн асран хамгаалагчийн оршин суугаа газрын хаяг зэргийг дурдсан байна/ оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргаж дараахь баримт бичгийн аль нэгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.5.1.нөхөр, эхнэрийн хэн нэгийг нас барсанд тооцсон тухай шүүхийн шийдвэр;
14.5.2.нөхөр, эхнэрийн хэн нэгийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай шүүхийн шийдвэр;
14.5.3.нөхөр, эхнэрийн хэн нэг нь 3-аас дээш жил хорих ял эдлэх бол энэ тухай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар.
14.6.Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан энэ хуулийн 14.2, 14.3, 14.5-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн гэрлэлт цуцалсныг бүртгэж, гэрчилгээ олгоно. Гэрлэлтийг цуцалсан гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.6.1.гэрлэлтээ цуцлуулсан нөхөр, эхнэрийн харьяалал, овог, эцгийн нэр, нэр;
14.6.2.гэрлэлт дуусгавар болсон хугацаа;
14.6.3.гэрлэлтийг цуцалсан байгууллагын нэр, он, сар, өдөр;
14.6.4.бүртгэл үйлдсэн газрын нэр, албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг.
14.7.Гэрлэлт цуцалсны бүртгэлийг гэрлэлт бүртгэснээс өөр газар бүртгэсэн бол иргэний бүртгэлийн ажилтан уг бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг холбогдох аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан, иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус явуулна.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
14.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэрлэлтээ цуцлуулах асуудлаа Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Гэр бүлийн тухай Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
14.9.Гэрлэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат иргэн нөгөө нь гадаад улсын харьяат иргэн бөгөөд тэдгээр нь гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлахгүй бол тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг, түүний албан ёсны орчуулгыг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэж, гэрлэлтийг цуцалсны гэрчилгээ олгож болно.
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15 дугаар зүйл. Гэрлэлт сэргээсэн тухай бүртгэл
15.1.Нөхөр, эхнэр хамтран гэрлэлтээ сэргээсэн тухай бүртгүүлнэ.
15.2.Нөхөр, эхнэр хамтран гэрлэлтээ сэргээх тухай өргөдлөө оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргах бөгөөд дараахь баримт бичгийн аль нэгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.2.1.иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан шийдвэр хүчингүй болсон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар;
15.2.2.гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар;
15.2.3.захиргааны журмаар гэрлэлтийг цуцалсан тухай гэрчилгээ.
15.3.Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлт сэргээснийг бүртгэхдээ иргэний баримтын төв архиваас нөхөр буюу эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүйг лавлаж тодруулсны дараа гэрлэлтийг сэргээсэн тухай бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээг шинээр бичиж олгоно.
16 дугаар зүйл. Үрчлэлтийн бүртгэл
16.1.Үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ.
16.2.Үрчлэн авагч, хүүхэд үрчлэн авах тухай өргөдлөө /өргөдөлд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, шаардлагатай бол аль улсын харьяат болохыг дурдсан байна/ хүүхдийн оршин сууж байгаа буюу урьд оршин сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргах бөгөөд өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.2.1.гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ:
16.2.2.хүүхдийн төрсний гэрчилгээ;
16.2.3.үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх;
16.2.4.асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхэд бол тухайн байгууллагын зөвшөөрөл.
16.3.Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болон тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа харьяалалгүй хүүхдийг үрчлэн авах тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээ нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн албанд тус тус бичгээр гаргана.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.4.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай гадаадын иргэнээс гаргасан хүсэлтийг хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
16.5.Монгол Улсын харьяат болон тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа харьяалалгүй хүүхдийг үрчлэн авах журам болон гадаадын иргэнээс бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг улсын бүртгэлийн болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.6.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, дипломат төлөөлөгчийн болон консулын газар энэ хуулийн 16.2, 16.5-д заасан баримт бичгийг хүлээн авч хүүхэд үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгоно. Хүүхдээ үрчлүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд үрчлүүлсний гэрчилгээ олгоно. Хүүхэд үрчлүүлсний гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана:
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.6.1.хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн газар;
16.6.2.үрчилж авсан болон үрчлүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн овог, эцгийн нэр, нэр;
16.6.3.үрчилсний бүртгэл үйлдсэн газрын нэр, гэрчилгээний дугаар;
16.6.4.үрчилсний бүртгэл үйлдсэн он сар, өдөр, албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг.
16.7.Үрчилсний бүртгэлийг хүүхдийн төрснийг бүртгэснээс өөр газар бүртгэсэн бол иргэний бүртгэлийн ажилтан уг бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг хүүхдийн төрснийг бүртгэсэн сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.8.Энэ хуулийн 16.2, 16.3, 16.4-д заасан байгууллага шаардлагатай тохиолдолд хүүхэд үрчилсэн тухай тодорхойлолт гаргаж өгч болно.
16.9.Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан уг бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний гэрчилгээг нь сэргээж, төрсөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно.
17 дугаар зүйл. Эцэг тогтоосон тухай бүртгэл
17.1.Эцэг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, эсхүл эх нь нас барсан, шүүхээс нас барсан буюу эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, эх байх эрхээ хасуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол эцгийн дангаараа гаргасан хүсэлтээр, түүнчлэн эцэг тогтоосон тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тус тус үндэслэн бүртгэнэ.
17.2.Хүүхдийн эцгийг шүүхээс тогтоосныг бүртгүүлэх тухай өргөдлөө хүүхдийн эх, эсхүл эцэг, 16 нас хүрсэн хүүхэд өөрөө оршин суугаа газрынхаа, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн оршин суугаа болон урьд сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргаж шүүхийн шийдвэрийг хавсаргана.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг /өргөдөлд хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа иргэний овог, эцгийн нэр, нэр төрсөн он, сар, өдөр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, газар, эцэг тогтоосны дараа хүүхдийн овог, эцгийн нэр, өөрчлөгдөх эсэхийг дурдсан байна/ үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ.
17.4.Хүүхдийн эх нь нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй гэж шүүхээс тус тус тооцогдсон, эх байх эрхээ хасуулсан бол эхтэй нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хүүхдийн эцэг дангаараа өргөдлөө /өргөдөлд хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа иргэний овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газрын хаяг, хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, эцэг тогтоосны дараа хүүхдийн овог, эцгийн нэр өөрчлөгдөх эсэхийг дурдсан байна/ оршин суугаа газрынхаа, эсхүл хүүхдийн оршин суугаа болон урьд сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргаж дараахь баримт бичгийн аль нэгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.4.1.хүүхдийн эх нас барсан тухай гэрчилгээ;
17.4.2.хүүхдийн эхийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсон шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар;
17.4.3.хүүхдийн эхийн эх байх эрхийг нь хассан шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар;
17.4.4.хүүхдийн эхийг сураггүй алга болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар.
17.5.Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан энэ хуулийн 17-д заасан баримт бичгийг хүлээн авч эцэг тогтоосныг бүртгэж, төрсний гэрчилгээг шинэчлэн олгоно.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.6.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбогдсон эцэг тогтоосныг бүртгэхдээ энэ хуулийн 17-д заасныг баримтална.
17.7.Хүүхдийн эхийг тогтоосныг бүртгэхдээ энэ хуулийн 17.4-д заасан журмыг баримтална.
18 дугаар зүйл. Овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэл
18.1.Иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг өргөдөл гаргагчийн оршин суугаа, эсхүл оршин байгаа болон төрснийг бүртгэсэн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан Засаг даргын захирамжийг үндэслэн бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.2.Бага насны болон шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх асуудлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр бүртгэнэ.
18.3.Насанд хүрээгүй хүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тохиолдолд түүний зөвшөөрлийг бичгээр авна.
18.4.Иргэн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх тухай өргөдлөө /өргөдөлд өргөдөл гаргагчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газрын хаяг, гэр бүлийн байдал, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, өргөдөл гаргагчийн сонгож авсан овог, эцгийн нэр, нэр, тэдгээрийг өөрчлөх болсон үндэслэл зэргийг дурдсан байна/ гаргаж дараахь баримт бичгийг хавсаргана:
18.4.1.төрсний гэрчилгээ;
18.4.2.иргэний үнэмлэхийн хуулбар;
18.4.3.арван зургаан нас хүрээгүй хүн бол төрсний гэрчилгээний хуулбар;
18.4.4.арван зургаа ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл;
18.4.5.өргөдөл гаргагч гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ;
18.4.6.ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
18.4.7.гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг;
18.4.8.улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбар.
18.5.Иргэний нэр өөрчилснийг бүртгэхдээ түүний нэрээр овоглодог хүүхдийн эцгийн нэрийг нэг адил өөрчилнө.
18.6.Гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын харьяат эмэгтэй хүнийг нөхрийнх нь овгоор бүртгэж болно.
18.7.Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө. Иргэн урьдын овог, эцгийн нэр, нэрээ авахаар өргөдөл гаргаж болно.
18.8.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан хүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөхийг хориглоно.
18.9.Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан энэ хуулийн 18.4-т заасан баримт бичгийг хүлээн авч иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг 30 хоногийн дотор бүртгэн, иргэний баримт бичгийг шинэчилж, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээг олгоно. Хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол сум, дүүргийн Засаг дарга тухайн өргөдлийг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаж болно. Овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.9.1.овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөгчийн төрсөн он, сар, өдөр;
18.9.2.овог, эцгийн нэр, нэр;
18.9.3.сум, дүүргийн Засаг даргын захирамжийн он, сар, өдөр, дугаар, шинэчилсэн овог, эцгийн нэр, нэр;
18.9.4.бүртгэл үйлдсэн он, сар, өдөр, гэрчилгээний дугаар;
18.9.5.бүртгэл үйлдсэн газрын нэр, албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг.
18.10.Иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.11.Боловсролын болон нийгмийн даатгалын байгууллага овог, эцгийн нэр, нэр өөрчилсөн тухай гэрчилгээг үндэслэн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэнд, тэтгэврийн дэвтрийг сольж олгож болно.
19 дүгээр зүйл. Нас барсны бүртгэл
19.1.Иргэний нас барсныг түүний эцэг, эх, нөхөр, эхнэр, 18 нас хүрсэн хүүхэд, төрөл садан, бусад хүн, ажиллаж, суралцаж, эмчлүүлж, сувилуулж, цэргийн алба хааж байсан байгууллагын захиргаа төв суурин газарт 5 хоног, орон нутагт 10 хоног, тодорхой биш шалтгаанаар нас барсан буюу цогцос олдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төв суурин газар болон орон нутагт 10 хоногт нас барагчийн оршин сууж байсан, эсхүл нас барсан, цогцос олдсон газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.2.Иргэн нас барсан тухай бүртгэл нь түүний оршин сууж байсан газраас өөр газар бүртгэгдсэн бол иргэний бүртгэлийн ажилтан уг бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг нас барагчийн харьяалагдах сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд явуулна.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.3.Иргэний нас барсныг сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан дараахь баримт бичгийн аль нэгийг үндэслэн бүртгэнэ:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.3.1.нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт;
19.3.2.Тухайн иргэнийг нас барсан тухй зарласан шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар;
19.3.3.нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.
19.4.Шүүхийн шийдвэрээр иргэнийг нас барсан гэж зарласан бол түүний төрөл садан, ажиллаж, суралцаж, эмчлүүлж, сувилуулж байсан байгууллагын захиргаа, бусад хүн шийдвэр гаргасан шүүхийн оршин байгаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.5.Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан энэ хуулийн 19.3-т заасан баримт бичгийг хүлээн авч иргэний нас барсныг бүртгэж, гэрчилгээ олгоно. Гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.5.1.нас барагчийн нас барсан он, сар, өдөр, газар;
19.5.2.нас барагчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, газар;
19.5.3.иргэний харьяалал, оршин сууж байсан газрын хаяг;
19.5.4.нас барсныг бүртгэсэн албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;
19.5.5.гэрчилгээ олгосон он, сар, өдөр.
19.6.Цагдаагийн болон шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад гэмт хэрэг үйлдсэний улмаас цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан буюу хорих газар ял эдэлж байгаа хүн нас барсан бол нас барагчийн оршин сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд, хэрэв оршин сууж байсан газар нь тодорхойгүй бол тухайн цагдаагийн буюу хорих байгууллагын оршин байгаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд, цаазаар авах ялыг гүйцэтгэсэн бол иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 10 хоногийн дотор тус тус бүртгүүлж, нас барсны гэрчилгээг нас барагчийн төрөл саданд нь хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
19.7.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, эсхүл тус улсын агаарын болон бусад хөлөг осолдсоны улмаас нас барсан гэж үзэх үндэстэй үед алга болсон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нас барсан гэж зарласныг бүртгэж болно.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.8.Монгол Улсын харьяат иргэн гадаад улсын нутаг дэвсгэр дээр нас барсан бол хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар энэ хуулийн 19-д заасны дагуу бүртгэнэ.
20 дугаар зүйл. Хүйс өөрчлөгдсөнийг бүртгэх
20.1.Монгол Улсын иргэн эмнэлгийн журмаар хүйсээ солиулсан, эсхүл байгалийн жамаар нэг хүйс нь давамгайлсан бол энэ тухай эмнэлгийн магадлагааг үндэслэн сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан бүртгэж, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг шинэчлэн олгож болно.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21 дүгээр зүйл. Хүн амын өрхийн бүртгэл
21.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасны дагуу баг, хорооны Засаг дарга нь өрх, хүн амын тооллого явуулж, бүртгэл судалгаа хөтлөн шаардлагатай үед тодорхойлолт олгож болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, СОНГОГЧ, ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТ БОЛОН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛ
/Энэ бүлгийн гарчигт 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22 дугаар зүйл. Иргэний үнэмлэх
22.1.Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт бичиг болно. Монгол Улсын иргэний үнэмлэх батлагдсан загвартай байна.
22.2.Монгол Улсын иргэний үнэмлэхийн загвар, тодорхойлолт болон дүрмийг Монгол Улсын Засгийн газар батална.
22.3.Иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25, 45 насны иргэдэд сольж, 45-аас дээш насны иргэдэд хугацаагүй олгоно.
22.4.Монгол Улсын харьяат 16 нас хүрсэн иргэн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд иргэний үнэмлэх авах тухай өргөдлөө гаргаж, дараахь баримт бичгийн аль нэгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.4.1.төрсний гэрчилгээ;
22.4.2.Монгол Улсын харьяат болгосон болон иргэний харьяаллыг сэргээн тогтоосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг.
22.5.Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан энэ хуулийн 22.4-т заасан баримт бичгийг хүлээн авч 30 хоногийн дотор иргэний үнэмлэх олгоно. Монгол Улсын харьяат 16-аас дээш насны бүх хүн иргэний үнэмлэхтэй байна.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.6.Оршин суух тодорхой хаяггүй Монгол Улсын харьяат иргэнд цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тухайн цагдаагийн байгууллага оршин байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан иргэний үнэмлэх олгож болно.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.7.Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээхийг хориглоно.
23 дугаар зүйл. Үндэсний гадаад паспорт, буцах үнэмлэх
/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.1.Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх баримт бичиг болно.
/Энэ хэсэгт 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.2.Үндэсний гадаад паспорт нь дипломат, албан, энгийн гэсэн ангилалтай байна.
23.3.Дипломат, албан паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энгийн гадаад паспортыг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба тус тус олгож, хугацааг сунгах, хүчингүй болгох, нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
23.4.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар шаардлагатай тохиолдолд дипломат, албан, энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй.
/Энэ хэсэгт 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.5.Үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.
24 дүгээр зүйл. Оршин суух үнэмлэх
24.1.Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн дагуу цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсад оршин суух үнэмлэхийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
/2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар энэ хэсгийн "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв" гэснийг "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба" гэж өөрчилсөн/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
25 дугаар зүйл. Иргэн түр болон бүрмөсөн шилжин суурьших
25.1.Иргэн байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэг нэгжээсээ нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүрмөсөн шилжин суурьших, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр шилжин суурьших гэнэ.
26 дугаар зүйл. Шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх
26.1.Иргэнийг аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан алба эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2.Иргэнийг аймаг болон нийслэлийн дотор шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан бүртгэж, мэдээлэх ажлыг хариуцна.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.3.Дараахь баримт бичгийг үндэслэн иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэнэ:
26.3.1.Монгол Улсын иргэний үнэмлэх:
26.3.2.Монгол Улсын иргэн 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ;
26.3.3.гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн бол энгийн гадаад паспорт;
26.3.4.хорих газраас суллагдсан хүн бол шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаас олгосон магадлагаа;
26.3.5.иргэнийг тухайн хувь хүн мөн болохыг гэрчлэх бусад баримт бичиг;
26.3.6./Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр срын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
26.3.7.батлан хамгаалах болон цагдаагийн байгууллагын алба хаагч бол томилогдсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;
26.3.8.оршин сууж байсан нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, хорооны хүн амын бүртгэлээс хасуулсан тухай тодорхойлолт.
26.4.Иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийг иргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шилжин суурьших тохиолдолд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтална.
/2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар энэ хэсгийн "энэ хуулийн 36-д заасан журмыг" гэснийг "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг" гэж өөрчилсөн/
26.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журмыг Засгийн газар тогтооно.
27 дугаар зүйл. Гадаадад цагаачлан гарсан Монгол Улсын иргэний бүртгэл
27.1.Гадаадад цагаачлан гарсан Монгол Улсын иргэний нэгдсэн бүртгэлийг Монгол Улсын Иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан байгууллага эрхлэн хөтөлнө.
271дугаар зүйл. Сонгогчийн бүртгэл
271.1.Хуульд заасан журмын дагуу иргэний үнэмлэх авсан, 18 нас хүрсэн иргэнийг сонгогчийн бүртгэлд бүртгэнэ.
/Энэ зүйлийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
28 дугаар зүйл. Монгол Улсын иргэний регистрийн дугаар
28.1.Монгол Улсын харьяат иргэн бүр регистрийн дугаартай байна.
28.2.Регистрийн дугаар нь Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл түүнийг орлох баримт бичиг, энгийн гадаад паспорт болон иргэний гэр бүлийн байдлын гэрчилгээ, хадгаламж, даатгалын дэвтэр, жолоодох эрхийн үнэмлэх зэрэг баримт бичигт бичигдэнэ.
29 дүгээр зүйл. Иргэний бүртгэл, мэдээллийн сан
29.1.Иргэний бүртгэл, мэдээллийн сан дараахь мэдээллийг агуулна:
29.1.1.Монгол Улсын нийт иргэний;
29.1.2.төрсний;
29.1.3.гэрлэсний, гэрлэлт сэргээсний;
29.1.4.гэрлэлт цуцлуулсны;
29.1.5.овог, эцгийн нэр, нэр өөрчилсний;
29.1.6.эцэг тогтоосны;
29.1.7.үрчилсний;
29.1.8.нас барсны;
29.1.9.иргэний үнэмлэх авсан, хүчингүй болгосон;
29.1.10.энгийн гадаад паспорт авсан, хүчингүй болгосон;
29.1.11.шилжин ирсэн, явсан;
29.1.12.Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон;
29.1.13.Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний;
29.1.14.Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гадаадын иргэний;
29.1.15.сонгогчийн.
/Энэ заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
29.2./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.3./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.4.Төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар өөрийн чиг үүрэгтэй холбоотой мэдээлийн сантай байж болно.
29.5./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.6./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.7./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.8./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.9.ИБМ-ийн сангийн баримт бичгийн нэг хувийг иргэний баримтын төв архивт, хоёр дахь хувийг аймаг, нийслэлийн иргэний баримтын архивт тус тус хадгална.
29.10.ИБМ-ийн сангийн мэдээллийг зориулалтын бусаар ашиглах, хуулбарлахыг хориглоно.
29.11./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
30 дугаар зүйл. Иргэний бүртгэл мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах
30.1.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд орсон нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн ИБМ-ийн санд хадгалагдаж байгаа мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ТАВДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ БҮРТГЭЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ИРГЭНИЙ БАРИМТ БИЧГИЙГ ДАХИН ОЛГОХ
31 дүгээр зүйл. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах
31.1.Иргэний бүртгэлийн ажилтан дор дурдсан үндэслэлээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:
31.1.1.үрчлэлтийг бүртгэсэн бүртгэл;
31.1.2.эцэг тогтоосныг бүртгэсэн бүртгэл;
31.1.3.иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг бүртгэсэн бүртгэл;
31.1.4.шүүхийн шийдвэр;
31.1.5.олдсон цогцсыг цагдаагийн байгууллагаас хэн болохыг нь тодруулан тогтоосон баримт бичиг.
31.2.Иргэний бүртгэл, иргэний баримт бичигт тусгагдсан мэдээлэл давхардсан буюу бүрэн бус, үг, үсгийн алдаатай бичигдсэн бол энэ талаар улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан залруулга хийнэ.
/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31.3.Иргэний бүртгэлд орсон нэмэлт, өөрчлөлтийн бичилтийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан иргэний баримт бичгийг шинэчлэн иргэнд олгоно.
31.4.Иргэний бүртгэл болон иргэний баримт бичгийн бичилтэд өөрчлөлт, залруулга хийх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32 дугаар зүйл. Иргэний баримт бичгийг дахин олгох
32.1.Иргэний баримт бичгийг иргэний биечлэн гаргасан өргөдлөөр, насанд хүрээгүй хүний төрсний гэрчилгээг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч буюу хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын өргөдлөөр, нас барсан тухай гэрчилгээг холбогдох иргэний өргөдлөөр бүртгэлийг анх хөтөлсөн, эсхүл тухайн иргэний оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан дахин олгож болно.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.2.Баримт бичгийг дор дурдсан тохиолдолд дахин олгоно:
32.2.1.баримт бичгийг гээсэн, үрэгдүүлсэн бол, энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, зарыг үндэслэн;
32.2.2.Хүндэтгэн үзэх шалтгаанаар хууль ёсны баримт бичиг болж чадахгүй /урагдсан, үг үсэг нь мэдэгдэхгүй болсон зэрэг/;
32.2.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 151 дүгээр зүйлд заасан ёсоор шүүхийн шийдвэр гарсан.
32.3.Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнд хүүхдийн төрсний, гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл гэрлэлт нь хүчин төгөлдөр бус гэж шүүхээр тооцогдсон хүмүүст гэрлэлтийн гэрчилгээг тус тус дахин олгохгүй.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.4.Энэ хуулийн 32.3-д заасан хүмүүсийн өргөдлөөр сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан хүүхэд төрсөн, эсхүл гэрлэлтээ бүртгүүлж байсан тухай тодорхойлолт олгож болно.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
33 дугаар зүйл. Хүн амын өрхийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах
33.1.Баг, хорооны Засаг дарга иргэний бүртгэлийн ажилтнаас олгосон үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолтыг үндэслэн хүн амын өрхийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ БҮРТГЭЛД ХИЙСЭН БИЧИЛТИЙГ СЭРГЭЭН ТОГТООХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
34 дүгээр зүйл. Иргэний бүртгэлд хийсэн бичилтийг сэргээн тогтоох
34.1.Иргэний бүртгэлийн ажилтан шүүхийн, эсхүл улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг сэргээн тогтооно.
/2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар энэ хэсгийн "Засаг даргын" гэсний дараа "болон иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагчийн" гэж нэмсэн/
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
34.2.Иргэний бүртгэлд анхны болон сэргээн тогтоосон бичилт байхгүй талаар сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас өгсөн баримтыг үндэслэн иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох өргөдлөө шүүхэд гаргана.
34.3.Иргэний бүртгэлийн сэргээн тогтоосон бичилтийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэх, иргэний гэр бүлийн байдлын гэрчилгээ, тодорхойлолт олгоно.
35 дугаар зүйл. Иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгох
35.1.Иргэний бүртгэлийн ажилтан иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгох тухай шүүхийн, эсхүл улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгоно.
/2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар энэ хэсгийн "Засаг даргын" гэсний дараа "болон иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагчийн" гэж нэмсэн/
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ДОЛДУГААР БҮЛЭГ
/Энэ бүлгийг 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ДОЛДУГААР БҮЛЭГ
/Энэ бүлгийн дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар наймдугаар байсныг долдугаар болгон өөрчилсөн/
БУСАД ЗҮЙЛ
37 дугаар зүйл. Архивын баримт бичиг
37.1.Иргэний баримтын төв архивын үндсэн баримт нь хүүхэд төрсөн, үрчлэн авсан, гэрлэсэн, гэрлэснийг цуцалсан, гэрлэлт сэргээсэн, эцэг тогтоосон, иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилсөн, нас барсныг улсын бүртгэлд бүртгэсэн, хаягийн өөрчлөлт, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар олгосон бүртгэлийн дэвтрээс бүрдэнэ.
37.2.Иргэний баримтын төв архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалттай холбогдсон харилцааг Архивын тухай хуулиар зохицуулна.
38 дугаар зүйл. Иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
38.1.Иргэний бүртгэлтэй холбогдсон хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, зааврыг тус улсын нутаг дэвсгэрт байгаа нийт иргэн, байгууллага хэрхэн сахин биелүүлж байгаад иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.2./2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар энэ хэсгийн "аймаг," гэсний дараа "нийслэл," гэж нэмсэн/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
38.3./Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
38.4./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
38.5.Бүртгэлийн улсын байцаагч нь Иргэний бүртгэлийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоож зохих журмын дагуу шийдвэрлэх, хууль зөрчигчид Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах эрх эдэлнэ.
/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.6.Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
39 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
39.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
39.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
40 дүгээр зүйл. Маргаан шийдвэрлэх
40.1.Иргэний бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A