Хэвлэх DOC Татаж авах
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Санхүүгийн зохицуулах хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Yнэт цаасны зах зээлийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль6, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуульд заасан санхүүгийн үйлчилгээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:

3.1.1.банк бус санхүүгийн байгууллагын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагаа;

3.1.2.үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа; /Энэ заалтад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

3.1.3.даатгагчийн Даатгалын тухай хуульд заасан үйл ажиллагаа;

3.1.4.даатгалын төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгчийн Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;

3.1.5.хоршооны Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан хадгаламж, зээлийн үйл ажиллагаа; /Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

3.1.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн. /

3.1.7.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн. /

3.1.8.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн. /

3.1.9.хуульд заасан санхүүгийн бусад үйл ажиллагаа.

/Энэ заалтын дугаарт 2010 оны 4 дүгээр сарын 23, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан. /

/Энэ заалтад 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

3.2.Банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг банкны тухай хууль тогтоомжоор зохицуулна.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ, БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ

4 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хороо

4.1.Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.

4.2.Хорооны дүрмийг Улсын Их Хурал батална.

4.3.Хороо нь эрхлэх асуудлынхаа онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болох бөгөөд тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хорооны үйл ажиллагааны зарчим

5.1.Хороо үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хорооны бүрэн эрх

6.1.Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

6.1.2.бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох;

6.1.3.санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

6.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг шалгах;

6.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;

6.1.6.тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх;

6.1.7.Хорооны ажилтны ёс зүйн дүрмийг баталж, биелэлтэд нь хяналт тавих.

6.1.8.даатгалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавих шаардлагыг тогтоох. /Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн. /

6.2.Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараахь хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.2.1.банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан;

6.2.2.үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан;

6.2.3.даатгалын үйл ажиллагааны чиглэлээр Даатгалын тухай хуульд заасан;

6.2.4.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан;

6.2.5.хадгаламж, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан. /Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

6.2.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны чиглэлээр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан. /Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн. /

6.2.7.малын даатгалын үйл ажиллагааны чиглэлээр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан. /Энэ заалтыг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн. /

Хэвлэх

7 дугаар зүйл.Хорооны хуралдаан

7.1.Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

7.2.Хороо сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааны дэгийг Хороо тогтооно.

7.3.Хоёроос доошгүй гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Хорооны дарга тусгай хуралдааныг зарлан хуралдуулж болно.

7.4.Хорооны гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.

7.5.Хорооны хуралдаанд мэргэжлийн хүмүүсийг урилгаар оролцуулж болно.

7.6.Хорооны хуралдааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд түүнд хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурна.

7.7.Хорооны хуралдаанаар асуудлыг нь хэлэлцэж байгаа хуулийн этгээдэд Хорооны гишүүний гэр бүл, төрөл садангийн хүн ажилладаг бол Хорооны гишүүн хуралдаан эхлэхээс өмнө энэ тухай мэдэгдэж, уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх, шийдвэр гаргахад оролцохгүй.

Хэвлэх

8 дугаар зүйл.Хорооны шийдвэр

8.1.Хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд Хорооны дарга гарын үсэг зурна.

8.2.Бүрэн эрхийнхээ хүрээнд Хорооны гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

8.3.Хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

8.4.Хороо нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийн төслийг өөрийн Веб хуудас буюу өдөр тутмын хэвлэлд нийтлүүлэн, тайлбар өгч, санал авч болно.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Хороо Улсын Их Хуралтай харилцах

9.1.Хороо хуулийн хэрэгжилт, түүнчлэн өөрийн санхүүгийн болон үйл ажиллагааныхаа талаар жил тутам Улсын Их Хуралд тайлагнана.

9.2.Хорооны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Улсын Их Хурал зохих бүтцээрээ дамжуулан хяналт тавина.

Хэвлэх

10 дугаар зүйл.Хороо Монголбанк, Засгийн газартай харилцах

10.1.Хороо санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, түүнийг хөгжүүлэх, зохицуулах, хяналт тавих чиглэлээр өөр хоорондоо уялдсан үйл ажиллагаа явуулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг /цаашид “санамж бичиг” гэх/ үйлдэнэ.

10.2.Санамж бичигт санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах талаар Монголбанк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Хорооны хүлээх үүрэг, харилцан солилцох мэдээлэл зэрэг бусад асуудлыг тусгана.

10.3.Хороо Монголбанк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай харилцахдаа энэ хуулийн 10.1-д заасан санамж бичгийг удирдлага болгоно.

10.4.Санхүүгийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд Хорооны дарга зөвлөх эрхтэй оролцож болно.

10.5.Хороо үйл ажиллагааныхаа жилийн тайланг Засгийн газар, Монголбанкинд хүргүүлнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, АЖЛЫН АЛБА

11 дүгээр зүйл.Хорооны дарга, гишүүн, түүнийг томилох

11.1.Хороо нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ.

11.2.Хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилно.

11.3.Хорооны дарга болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр 1 гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байна.

11.4.Байнгын хорооноос санал болгох нэр дэвшигч хувийн хэвшлийг төлөөлсөн байж болно.

11.5.Хорооны гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

11.5.1.төрийн улс төрийн албан хаагч;

11.5.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;

11.5.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;

11.5.4.санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдэд ажиллаж байгаа этгээд;

11.5.5.санхүүгийн үйлчилгээ явуулж байгаа хуулийн этгээдийн энгийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч.

11.6.Хорооны дарга, гишүүн нь эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн байна.

11.7.Хорооны гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилоогүй бол энэ хуулийн 11.2-т заасан эрх бүхий этгээд ажлын 14 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна.

11.8.Хорооны дарга, орон тооны гишүүд төрийн тусгай албан хаагч байна.

Хэвлэх

12 дугаар зүйл.Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа

12.1.Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.

Хэвлэх

13 дугаар зүйл.Хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх

13.1.Улсын Их Хурал дараахь үндэслэлээр Хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

13.1.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

13.1.2.эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

13.1.3.үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэхийг хүсэж өөрөө өргөдөл гаргасан;

13.1.4.энэ хуулийн 11.5-д заасан албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан үндэслэлээр Хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх тухай саналыг түүнийг томилоход нэр дэвшүүлсэн этгээд Улсын Их Хуралд оруулна.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хорооны дарга, гишүүнийг огцруулах

14.1.Хорооны дарга, гишүүнийг дараахь үндэслэлээр огцруулна:

14.1.1.үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчсөн;

14.1.2.эрх бүхий байгууллагаас мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон;

14.1.3.гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

14.1.4.энэ хуулийн 11.5-д заасныг зөрчсөн нь томилогдсоных нь дараа илэрсэн.

14.2.Улсын Их Хурал энэ хуулийн 14.1.1, 14.1.4 -д заасан тохиолдолд томилуулахаар нэр дэвшүүлсэн этгээдийн саналыг, 14.1.2, 14.1.3-т заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрийг тус тус үндэслэн Хорооны дарга, гишүүнийг огцруулна.

Хэвлэх

15 дугаар зүйл.Хорооны дарга, гишүүнийг нөхөн томилох

15.1.Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол энэ хуулийн 11.2-т заасан эрх бүхий этгээд өөр хүнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасны дагуу томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний томилолтын үлдсэн хугацаатай адил байна.

Хэвлэх

16 дугаар зүйл.Хорооны даргын бүрэн эрх

16.1.Хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.Хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

16.1.2.Хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд Хорооны байр суурийг илэрхийлэх;

16.1.3.Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;

16.1.4.Хорооны гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

16.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

16.2.Хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг Хорооны даргын томилсон гишүүн гүйцэтгэнэ.

16.3.Хорооны дарга нас барсан, эсхүл түүнийг энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлсөн, огцруулсан бол түүний үүргийг шинэ даргыг сонгох хүртэл санхүүгийн салбарт хамгийн олон жил ажилласан орон тооны гишүүн гүйцэтгэнэ.

Хэвлэх

17 дугаар зүйл.Хорооны дарга, гишүүний үйл ажиллагаа явуулах баталгаа

17.1.Энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд Хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх буюу огцруулахыг хориглоно.

17.2.Хорооны дарга болон орон тооны гишүүний цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно. Хорооны орон тооны бус гишүүнд урамшуулал олгох журам, урамшууллын хэмжээг Хорооны дүрмээр зохицуулна.

Хэвлэх

18 дугаар зүйл.Хорооны ажлын алба

18.1.Хороо өөрийн гишүүдэд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, үйлчлүүлэгчдийг мэдээллээр хангах чиг үүрэг бүхий ажлын албатай байна.

18.2.Ажлын албаны үйл ажиллагааг Хорооны дүрмээр зохицуулна.

18.3.Ажлын албаны дарга нь Хорооны ерөнхий менежер байх бөгөөд Хорооны ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, Хорооноос өгсөн үүргийн биелэлтийг хангана.

18.4.Ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал төрийн захиргааны албан тушаалд хамаарна.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Дотоод мэдээллийн нууцыг хадгалах

19.1.Энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд Хорооны гишүүн болон ажлын албаны ажилтан Хорооноос дотоод мэдээлэл гэж тогтоосон, нийтэд зориулагдаагүй мэдээг тараах, бусдад мэдээлэх, хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно.

19.2.Хорооны гишүүн болон ажлын албаны ажилтан дараахь тохиолдолд энэ хуулийн 19.1-д заасан мэдээллийг Хорооноос тогтоосон журмын дагуу бусдад мэдээлж болно:

19.2.1.энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасны дагуу нууц мэдээгээр хангахыг зөвшөөрсөн;

19.2.2.Монголбанк хүсэлт гаргасан;

19.2.3.санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүсэлт гаргасан;

19.2.4.шүүх, прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага бичгээр хүсэлт гаргасан.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХОРООНЫ САНХҮҮЖИЛТ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

20 дугаар зүйл.Хорооны санхүүжилт

20.1.Хорооны санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

20.1.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

20.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс;

20.1.3.хуулийн дагуу үйл ажиллагаа явуулснаас олсон бусад орлого.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэл, аудит

21.1.Хороо нь холбогдох хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах бөгөөд жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулна.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

22 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох

22.1.Энэ хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгоно.

22.2.Бүтцэд нь банк ордог компанийн аливаа хэлбэрийн нэгдлийн гишүүний охин компанид тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ Монголбанкны саналыг авна.

22.3.Хороо энэ хуулийн 22.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон бол хяналтыг Монголбанктай хамтран хэрэгжүүлнэ.

22.4.Хороо тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан компанийн толгой компанийн дүрэм, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг шаардан авч, хянан үзэж болно.

22.5.Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 8, 9 дүгээр зүйл, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 14, 15, 52 дугаар зүйл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 18, 19, 20, 69, 70 дугаар зүйл, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 8, 9, 10, 11, 12, 38, 39 дүгээр зүйлд зааснаар зохицуулна. /Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. /

Хэвлэх

23 дугаар зүйл.Бүртгэл

23.1.Хорооноос олгосон аливаа зөвшөөрөл, эрхийн бүртгэлийг Хороо хөтөлж, хадгална.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан бүртгэл хөтлөх журмыг Хороо батална.

23.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд тухайн зөвшөөрөл, эрхэд хамаарах үйл ажиллагаа явуулахаа больсон бол энэ тухай Хороонд ажлын 5 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХОРООНООС ТАВИХ ХЯНАЛТ

24 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хянан шалгах

24.1.Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан хяналт шалгалтыг Хорооны даргын томилсон хянан шалгагч хэрэгжүүлнэ.

24.3.Хорооны хянан шалгагч улсын байцаагчийн эрхтэй байна.

24.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн гэж Хороо үзвэл хэдийд ч шалгалт хийж болно.

24.5.Хорооны хянан шалгагч энэ хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.1, 19.2, 19.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 37.1, 37.2 дахь заалт, Даатгалын тухай хуулийн 61, 62, 63, 64, 65, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 30, 31, 32, 33, 34 дүгээр зүйлд заасан хяналт шалгалтыг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

Хэвлэх

25 дугаар зүйл.Хянан шалгагчийн бүрэн эрх

25.1.Хянан шалгагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ажлын болон үйл ажиллагаа явуулж байгаа байранд ажлын цагаар нэвтрэн орох;

25.1.2.шалгалтад шаардлагатай мэдээ, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

25.1.3.холбогдох баримт бичгийг хянан үзэх, түүнийг хуулбарлуулан авах;

25.1.4.шалгалттай холбоотой асуулт тавьж, хариулт авах;

25.1.5.шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хангуулах;

25.1.6. зөрчлийг арилгах хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

25.1.7.хууль тогтоомжийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах;

25.1.8.тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Хороонд санал оруулах;

25.1.9.шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

25.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

25.2.Хянан шалгагч нь Хорооноос баталсан удирдамжийн дагуу шалгалт хийх бөгөөд удирдамжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан танилцуулна.

25.3.Шалгалтыг Хорооноос тогтоосон хугацаанд холбогдох этгээдийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад болохгүйгээр зохион байгуулна.

Хэвлэх

26 дугаар зүйл.Шалгалтын тайлан

26.1.Шалгалтын тайланд дараахь зүйлийг тусгана:

26.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хяналт болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлын талаархи дүгнэлт;

26.1.2.тайлантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хариу шаардах, хариу шаардаагүй бол онцгойлон анхаарах асуудал.

26.2.Хороо шалгалт дууссанаас хойш ажлын 45 хоногийн дотор шалгалтын товч тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.

26.3.Шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигч тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд Хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй.

Хэвлэх

27 дугаар зүйл.Хорооны мэдээлэл шаардах эрх

27.1.Хороо буюу Хорооноос эрх олгосон этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичиг гаргаж өгөхийг бичгээр шаардаж болно.

27.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн аливаа хэлбэрийн нэгдлийн гишүүн бол Хороо тухайн нэгдэлд багтах аль ч этгээдийн, эсхүл уг нэгдлийн санхүүгийн тайланг шаардаж болно.

27.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 27.1, 27.2-т заасны дагуу Хорооны шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд нь гаргаж өгнө.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

28 дугаар зүйл.Хяналтын зөвлөл

28.1.Хорооны дэргэд Хорооноос гаргасан аливаа шийдвэртэй холбогдсон гомдлыг урьдчилан хянах, Хорооны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид “Хяналтын зөвлөл” гэх/ ажиллана.

28.2.Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална.

28.3.Хяналтын зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг дараа оны эхний улиралд Улсын Их Хуралд танилцуулна.

Хэвлэх

29 дүгээр зүйл.Хяналтын зөвлөлийн гишүүн

29.1.Хяналтын зөвлөл нь дарга, 4 гишүүнээс бүрдэнэ.

29.2.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Улсын Их Хурлаас 3 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.

29.3.Хяналтын зөвлөлийн даргад Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Хууль зүйн Байнгын хороо тус бүр хоёр хүний нэр дэвшүүлнэ.

29.4.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, ажлын дадлага туршлагатай, ёс зүйн хувьд төлөвшсөн Монгол Улсын иргэнийг томилно.

29.5.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр төрийн улс төрийн албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Хорооны дарга, гишүүн болон ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг томилохыг хориглоно.

29.6.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг дараахь үндэслэлээр хугацаанаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

29.6.1.биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, эсхүл чөлөөлүүлэхийг хүсэж өөрөө өргөдөл гаргасан;

29.6.2.үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

29.6.3.гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

29.6.4.ашиг сонирхлын зөрчил үүссэн.

29.7.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 29.6-д зааснаас бусад үндэслэлээр хугацаанаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хориглоно.

Хэвлэх

30 дугаар зүйл.Хяналтын зөвлөлийн ажлын алба

30.1.Хяналтын зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, гишүүдэд чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, тэднийг шуурхай мэдээллээр хангах, хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангуулах үүргийг Хорооны ажлын алба гүйцэтгэнэ.

Хэвлэх

31 дүгээр зүйл.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшуулал

31.1.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг энэ хуулийн 28.2-т заасан журмаар тогтооно.

Хэвлэх

32 дугаар зүйл.Хяналтын зөвлөлийн шийдвэр

32.1.Хяналтын зөвлөлийн шийдвэр гарах хүртэл Хорооны шийдвэрийн хэрэгжилтийг Хяналтын зөвлөл түр түдгэлзүүлж болно.

32.2.Хяналтын зөвлөлийн хуульд нийцсэн шийдвэрийг Хороо биелүүлэх үүрэгтэй.

32.3.Хяналтын зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

32.4.Хяналтын зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.

Хэвлэх


НАЙМДУГААР БҮЛЭГ
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

33 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

33.1.Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ.

33.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Хэвлэх


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД

34 дүгээр зүйл.Сэжиг бүхий гүйлгээний талаар мэдээлэх

34.1.Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь мөнгө угаах, алан хядах ажиллагааг санхүүжүүлэхтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн гүйлгээний талаар Хороонд нэн дару мэдээлнэ.

34.2.Хороо энэ хуулийн 34.1-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг хянаж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий хуулийн байгууллагаар шалгуулах арга хэмжээ авна.

/Энэ зүйлийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. /

Хэвлэх

35 дугаар зүйл.Мөнгө угаах, алан хядах ажиллагааг санхүүжүүлэхийн эсрэг арга хэмжээ авах

35.1.Хороо мөнгө угаах, алан хядах ажиллагааг санхүүжүүлэхийн эсрэг бодлого, арга хэмжээний талаар тавих шаардлага, хориг зэргийг тодорхойлсон журам гаргаж болно.

/Энэ зүйлийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. /

Хэвлэх

36 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг биелүүлэх

36.1.Санхүүгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаархи хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ.

/Энэ зүйлд 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

Хэвлэх

37 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

37.1.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                            Ц.НЯМДОРЖ