A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ/Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь хамгаалахтай холбогдон иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Тариалангийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Тариалангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Газрын тухай хууль[2], Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль[3], Газрын төлбөрийн тухай хууль[4], Ургамал хамгааллын тухай хууль[5], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "тариалангийн газар" гэж тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зориулалттай иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан газрыг;

3.1.2. "хөрс" гэж ургамал ургахад тохиромжтой газрын гадаргын өнгөн хэсгийг;

3.1.3. "хөрсний шим тэжээлийн бодис" гэж ургамлын өсөлт, хөгжилтөд шаардагдах хөрсөн дэх химийн бодисыг;

3.1.4. "хөрсний үржил шим" гэж ургамал ургахад шаардагдах чийг, шим тэжээлийн бодис, агаар, дулаан, биологи, физик-химийн орчинг буй болгогч хөрсний чадавхийг;

3.1.5. "атар газар" гэж судалгаа, шинжилгээний үр дүнд тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж болох нь тогтоогдсон хадлан, бэлчээрийн талбайг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Тариалангийн салбарт төрийн болон нутгийн өөрөө

4 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

4.1. Засгийн газар тариалангийн салбарт дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1. тариалангийн салбарт төрөөс явуулах бодлого, тариалангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

4.1.2. энэ хуулийн 5.1.4-т заасан тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, атар газрыг тариалангийн газар болгох талаарх саналыг шийдвэрлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;

4.1.3. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журмыг баталж, биелэлтэд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.4. тариаланг хөгжүүлэх бодлого, хэтийн төлөвлөгөөг батлах;

4.1.5. усалгаатай тариаланг хөгжүүлэх төсөл, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг дэмжих.

5 дугаар зүйл. Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

Хэвлэх

5.1. Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1. тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлого боловсруулах;

5.1.2. тариалангийн салбарт хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг боловсруулж, түүний хэрэгжилтэд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах;

5.1.3. улсын хэмжээнд нийт тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газрын хэмжээ, хураасан ургацын тайланг Засгийн газарт танилцуулах;

5.1.4. энэ хуулийн 7.1.3-т заасан тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, атар газрыг тариалангийн газар болгох талаарх аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газарт оруулах;

5.1.5. тариаланг хөгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслүүдийг захиалах, үр дүнг өмчлөх, сурталчлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

5.1.6. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах, тайлагнах;

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.1.7. тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлого, бүс нутгийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан тариаланг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг боловсруулах;

5.1.8. газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тариалангийн газар ашиглуулах хугацаа, хэмжээний талаар санал боловсруулж Засгийн газарт оруулах;

5.1.9. тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээхтэй холбогдсон журмыг тогтоож мөрдүүлэх;

5.1.10. тариаланг дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх.

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн

Хэвлэх

6.1. Тариалангийн салбарт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1. тариалангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ тухай Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх;

6.1.2. Засаг даргын өргөн мэдүүлсэн тариаланг хөгжүүлэх аймаг, нийслэлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах;

6.1.3. энэ хуулийн 7.1.3-т заасан тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, атар газрыг тариалангийн газар болгох талаарх саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах.

6.2. Тариалангийн салбарт сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.2.1. Засаг даргын өргөн мэдүүлсэн сум, дүүрэгт тариаланг хөгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг батлах;

6.2.2. тариаланг хөгжүүлэх аймаг, нийслэлийн дунд хугацааны төлөвлөгөөний төсөлд сум, дүүргийн Засаг даргын өгөх саналыг хэлэлцэх;

6.2.3. тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, атар газрыг тариалангийн газар болгох талаарх сум, дүүргийн Засаг даргаас дээд шатны Засаг даргад тавих саналыг хэлэлцэх;

6.2.4. тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу усалгаатай тариалан эрхлэх зориулалтаар уст цэгийн орчимд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад 30 хүртэл га, үр тариа, тэжээлийн ургамал тариалахад 100 хүртэл га атар газрыг Монгол Улсын иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд нь зориулж эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх;

6.2.5. атаршсан газрыг услах, бордох зэргээр хөрсийг боловсруулан сайжруулж, хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд уг газрыг давуу эрхээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх.

7 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх.

Хэвлэх

7.1. Тариалангийн салбарт аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1 тариалангийн тухай хууль тогтоомж болон тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;

7.1.2. тариаланг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө болон аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн тариаланг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг сум, дүүрэг бүрээр боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, хэрэгжилтийг нь зохион байгуулж, үр дүнг мэдээлэх;

7.1.3. тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, атар газрыг тариалангийн газар болгох талаарх сум, дүүргийн Засаг даргын саналыг хянаж нэгтгэн, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;

7.1.4. тухайн жилд тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын мэдээг сум, дүүрэг бүрээр нэгтгэн дүгнэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээлэх.

7.2. Тариалангийн салбарт сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.2.1 тариалангийн тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;

7.2.2. тариаланг хөгжүүлэх аймаг, нийслэлийн дунд хугацааны төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө нийцүүлэн сум, дүүрэгт тариаланг хөгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

7.2.3. тариаланг хөгжүүлэх аймаг, нийслэлийн дунд хугацааны төлөвлөгөөний төсөлд санал өгөх, энэ хуулийн 6.2.4-т зааснаас бусад тохиолдолд тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, атар газрыг тариалангийн газар болгох талаарх саналаа аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах;

7.2.4. тариалангийн газрын байршил, хэмжээ, тэдгээрт орсон өөрчлөлтийг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан ангилал тус бүрээр гаргаж сум, дүүргийн газрын нэгдмэл сангийн тайланд тусгах;

7.2.5. тухайн жилд тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын мэдээг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг даргад мэдээлэх;

7.2.6. тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, услалтын байгууламж барих зэрэг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Тариалангийн газрын ангилал

8 дугаар зүйл. Тариалангийн газар, түүний ангилал

Хэвлэх

8.1. Монгол Улсын тариалангийн нийт газрыг ашиглалтын хэлбэрээс нь хамааран дараахь ангилалд хуваана:

8.1.1. тариалсан газар;

8.1.2. уриншилсан газар;

8.1.3. өнжөөсөн газар;

8.1.4. атаршсан газар.

8.2. Монгол Улсын иргэний гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлсэн болон эзэмшүүлсэн газарт тариалан эрхэлж байгаа бол түүнийг энэ хуулийн 8.1-д заасан газарт хамааруулна.

8.3. Иргэн гэр бүлийн хэрэгцээндээ өмчилж авсан болон эзэмшиж байгаа газартаа тариалан эрхэлж байгаа бол энэ хуулийн 14 дүгээр зүйл болон 7.2.3 дахь заалт хамаарахгүй.

9 дүгээр зүйл. Тариалсан газар

Хэвлэх

9.1 Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан ургамал бүхий тариалангийн талбайг хамааруулна.

9.2. Дор дурдсан таримал ургамал бүхий талбайг тариалсан газарт хамааруулахгүй:

9.2.1. байгалийн хадлан, бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор нэг ба олон наст ургамлын үр цацах, услах, бордох зэргээр сайжруулж тордсон бэлчээр, хадлангийн талбай;

9.2.2. хот, суурингийн дотор тарьж ургуулсан мод болон зүлэгжүүлсэн талбай, хот орчмын ногоон бүс;

9.2.3. элсний нүүдэл зогсоох зорилгоор тарьсан мод, бут, сөөг.

10 дугаар зүйл. Уриншилсан газар

Хэвлэх

10.1. Уриншилсан газарт дараа жил нь ургамал тариалах зорилгоор боловсруулж өнжөөсөн тариалангийн талбайг хамааруулна.

11 дүгээр зүйл. Өнжөөсөн газар

Хэвлэх

11.1. Өнжөөсөн газарт хөрсний үржил шимийг нөхөн сэргээх буюу сайжруулах арга хэмжээ авах болон тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид тариалах үр дутагдах, тухайн жилд ган болох магадлал ихтэй нь тогтоогдсон зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас 2 жил хүртэл хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбайг хамааруулна.

12 дугаар зүйл. Атаршсан газар

Хэвлэх

12.1. Атаршсан газарт тариалангийн газрын санд бүртгэлтэй боловч хоёроос дээш жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн талбайг хамааруулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Тариалангийн салбар дахь төрийн зохицуулалт

13 дугаар зүйл. Тариаланг хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх

Хэвлэх

13.1. Тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ тогтвортой хангах зорилгоор тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий Засгийн газрын тусгай зориулалтын сан /цаашид “Тариаланг дэмжих сан” гэх / байна.

Хэвлэх

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

13.2. Тариаланг хөгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.2.1. улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

13.2.2. тариалангийн салбарт гадаад орон, олон улсын байгууллагаас олгосон зээл, буцалтгүй тусламж;

13.2.3. сангийн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү;

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

13.2.4. иргэн, хуулийн этгээдээс олгосон хандив, тусламж;

13.2.5. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

13.3. Энэ хуулийн 13.2-т заасан хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.3.1. усалгаатай тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, сэргээн засварлах;

13.3.2. тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээх;

13.3.3. таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх;

13.3.4. хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэлт хийх;

13.3.5. тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс стандартын шаардлага хангасан үрийн болон хүнсний борлогдоогүй үлдсэн буудайг худалдан авах;

13.3.6. сангийн үндсэн хөрөнгөд засвар үйлчилгээ хийх.

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

13.4. Хандивлагч орон, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрт зориулалтыг нь тусгайлан заасан бол олгосон зээл, буцалтгүй тусламжийг зөвхөн зориулалтын дагуу зарцуулна.

13.5. Энэ хуулийн 13.3-д зааснаас бусад зориулалтаар сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14 дүгээр зүйл. Тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх

Хэвлэх

14.1. Дараахь тохиолдолд тариалангийн газрын зориулалтыг өөрчилж болно:

14.1.1. тариалангийн газрын хөрсний үржил шим алдагдсан, давсжсан, намагшсны улмаас тариалангийн үйлдвэрлэлд тохиромжгүй болсон;

14.1.2. улсын тусгай хэрэгцээнд зориулан авсан;

14.1.3. өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь тухайн тариалангийн газрыг цаашид ашиглахаас татгалзан төрийн мэдэлд эгүүлэн өгснөөс хойш өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлт ирэлгүй хоёроос дээш жил өнжсөн.

14.2. Тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх талаарх сум, дүүргийн Засаг даргын саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга хянаж нэгтгэн, тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

14.3. Энэ хуулийн 14.2-т заасан саналд тухайн газрын байршил, хэмжээ болон хөрсний чанар байдлыг тодорхойлсон агрохимийн шинжилгээний үзүүлэлтийг харуулсан зураглал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүгнэлт зэрэг баримт бичгийг хавсаргасан байна.

14.4. Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.3-т заасан саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

15 дугаар зүйл. Тариалангийн газрыг гадаадын хөрөнгө оруулалттай

Хэвлэх

15.1. Тариалангийн зориулалтаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ашиглуулах газрын хэмжээг тарих ургамлын төрөл, газар зүйн байршлыг харгалзан Засгийн газар тогтооно.

15.2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тариалангийн зориулалтаар газар ашиглах тухай хүсэлтийг хянаж шийдвэрлэх, түүнтэй газар ашиглах гэрээ байгуулахад Газрын тухай хуулийг дагаж мөрдөнө.

15.3. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй байгуулах газар ашиглах гэрээнд Газрын тухай хуулийн 34.6-д зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

15.3.1. тариалангийн газрыг ашиглах төсөл, хөтөлбөр;

15.3.2. тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх шинэ техник, технологи;

15.3.3. тариалангийн үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээ;

15.3.4. хууль тогтоомжид нийцсэн бусад нөхцөл, болзол.

151дүгээр зүйл. Төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих

Хэвлэх

151.1.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд тэдгээрийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн нэг тонн тутамд тухайн жилийн зах зээлийн борлуулалтын дундаж үнийг харгалзан мөнгөн урамшуулал олгож болно.

151.2. Энэ хуулийн 151.1-д заасан мөнгөн урамшууллын хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ зүйлийг 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ТАВДУГААР БҮЛЭГ

Тариалангийн газрын хөрсний чанар байдалд тавих хяналт

16 дугаар зүйл. Тариалангийн газрын хөрсний чанар байдал,

Хэвлэх

16.1. Тариалангийн газрын хөрсний чанар байдал гэж таримал ургамлын өсөлт, хөгжилтийг хангах үржил шим /ялзмаг/, шим тэжээлийн бодис, хөрсний механик бүтцийн зохистой хослолын цогц дүнг хэлнэ.

16.2. Тариалангийн газрын хөрсний чанар байдлыг агрохимийн шинжилгээгээр тодорхойлно.

16.3. Агрохимийн шинжилгээг Газрын тухай хуулийн 58.4-д заасан мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэнэ.

16.4. Агрохимийн шинжилгээг дараахь үзүүлэлтүүдээр гаргана:

16.4.1. хөрсний 0-40 см гүний ялзмаг;

16.4.2. нитратын азот;

16.4.3. хөдөлгөөнт фосфор;

16.4.4. хөдөлгөөнт кали;

16.4.5. хөрсний бүхэлшил;

16.4.6. хөрсний эвдрэл, элэгдлийн зэрэг;

16.4.7. усалгаатай тариалангийн газрын хөрсний намагжилт, давсжилт.

16.5. Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч хүсвэл энэ хуулийн 16.4-д заасан үзүүлэлтээс гадна бусад үзүүлэлтийг шинжилгээ хийгч мэргэжлийн байгууллагатай тохиролцон нэмж хийлгэж болно.

16.6. Агрохимийн шинжилгээг 5 жил тутамд нэг удаа заавал хийлгэх бөгөөд өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хүсэлт, холбогдох төрийн байгууллагын шаардлагаар агрохимийн шинжилгээг хугацаа харгалзахгүйгээр хийлгэж болно.

16.7. Тариалангийн газрыг иргэн, хуулийн этгээдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар анх удаа олгох, нөхөн олговортойгоор эргүүлэн авах, хураан авах, тариалангийн газрын зориулалтыг өөрчлөхөд агрохимийн шинжилгээг заавал хийнэ.

16.8. Агрохимийн шинжилгээгээр гарсан үзүүлэлтийг үндэслэн хөрсний шим тэжээлийн бодисын хангамжийн зэргийг тогтоон, байршил зүйн кодын зурагт буулгаж, зохих зөвлөмжийн хамт уг газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид актаар хүлээлгэн өгнө.

16.9. Агрохимийн шинжилгээ хийх зардлыг Газрын тухай хуулийн 58.7-д заасны дагуу санхүүжүүлнэ.

16.10. Агрохимийн шинжилгээ хийх аргачлалыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.

16.11. Агрохимийн шинжилгээ хийгдсэн тариалангийн газрыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд хамрагдсанд тооцно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

17 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

17.1. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь эрх эдэлнэ:

17.1.1. өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газрын хөрсний чанар байдал, түүний өөрчлөлтийн явцын талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах;

17.1.2. төрөөс зохих дэмжлэг авах;

17.1.3. хууль тогтоомжид заасан бусад эрх.

17.2. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ:

17.2.1. тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх;

17.2.2. тариалангийн газрын хөрс, ургамалд хорио цээртэй өвчин, хортон, хог ургамал илэрсэн, хөрсний чанар байдал өөрчлөгдсөн, доройтсон, бохирдсон тохиолдолд энэ тухай холбогдох мэргэжлийн байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэх, хорио цээртэй өвчин, хортон, хог ургамлыг бусдын өмчлөл, эзэмшил газарт тараахгүйн тулд шаардлагатай арга хэмжээг авах;

17.2.3. тариалангийн газарт өвс, сүрэл шатаах зэргээр хөрсний үржил шим, бүтцийг алдагдуулахгүй байх;

17.2.4. тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаархи мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх;

17.2.5. хөрсийг шим бордоогоор бордох, ойн зурвас байгуулах, олон наст үет, буурцагт ургамал тарих зэргээр хөрсний үржил шимийг салхи, усанд элэгдэж эвдрэх, давсжих, намагжихаас хамгаалсан арга, технологи хэрэглэх;

17.2.6. өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах.

17.3. Энэ хуулийн 8.2-т заасан газарт тариалан эрхэлж буй Монгол Улсын иргэн мөн хуулийн 17.2.2, 17.2.4, 17.2.6-д заасан үүргийг нэгэн адил хүлээнэ.

18 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

18.1. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

18.1.1. энэ хуулийн 17.2.1-д заасныг зөрчсөн иргэнийг 20000-25000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-120000 хүртэл төгрөгөөр торгох;

18.1.2. энэ хуулийн 17.2.2-т заасныг зөрчиж, бусдын газарт хохирол учруулсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол хохирлыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан иргэнийг 30000-40000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 хүртэл төгрөгөөр торгох;

18.1.3. энэ хуулийн 17.2.3, 17.2.5-д заасныг зөрчсөн иргэнийг 10000-15000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-120000 хүртэл төгрөгөөр торгох.

18.2. Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч энэ хуульд заасан нөхцөл, журмыг зөрчсөн нь агрохимийн шинжилгээний явцад илэрвэл энэ тухай мэргэжлийн байгууллага сумын газрын даамал, дүүргийн газрын алба болон мэргэжлийн хяналтын эрх бүхий байцаагчид мэдэгдэх үүрэгтэй.

18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

18.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.3.Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч энэ хуульд заасан нөхцөл, журмыг зөрчсөн нь агрохимийн шинжилгээний явцад илэрвэл энэ тухай мэргэжлийн байгууллага сумын газрын даамал, дүүргийн газрын алба болон мэргэжлийн хяналтын эрх бүхий байцаагчид мэдэгдэх үүрэгтэй.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ