- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ
/Энэ хуулийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь төрийн нууцыг тогтоох, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Төрийн нууцын тухай хууль тогтоомж
Төрийн нууцын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Төрийн нууцын тухай ойлголт
1."Төрийн нууц" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хууль, 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс зарим барилга, байгууламж /цаашид "объект" гэх/, төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж байгаа тодорхой үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4 дүгээр зүйл.Төрийн нууцыг тогтоох зарчим
Төрийн нууцыг тогтоохдоо хууль тогтоомжид нийцсэн, цаг үеэ олсон байх зарчим баримтална.
5 дугаар зүйл.Төрийн нууцад хамааруулах зүйлийн хүрээ
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд:
1/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зүйлийн нууцалбал зохих хэсэг;
2/Монгол Улсын гадаад бодлого, байр суурьтай холбоотой онц чухал мэдээлэл, түүнчлэн Монгол Улсаас гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн төсөл.
2.Батлан хамгаалах хүрээнд:
1/батлан хамгаалах бодлого, үзэл баримтлал, цэргийн номлол, тэдгээртэй холбогдох баримт бичгийн нууцалбал зохих хэсэг;
2/стратеги, оперативын төлөвлөгөө, түүний биелэлтийн мэдээ, цэргийн стратеги, оператив, дайчилгааны дэлгэн байгуулалт, операци, байлдааныг бэлтгэх, хэрэгжүүлэх байлдааны удирдлагын баримт бичиг, зэвсэгт тэмцэл явуулах арга, байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, дайчилгааны нөөц, түүний ашиглалтын тухай мэдээлэл;
3/цэргийн зэвсэг техникийг шинээр бий болгох, худалдан авах, боловсронгуй болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил, энэ зорилгоор хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, тэдгээрийн биелэлт, үр дүн;
4/нууц зэвсэг, түүнчлэн техник хэрэгслийн нэр, төрөл, техникийн өгөгдэхүүн, байлдаанд ашиглах боломж;
5/улсыг батлан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий обьектын байрлал, зориулалт, бэлэн байдлын зэрэглэл, хамгаалалт, тэдгээр объектын зураг төсөл, дагалдах баримт бичиг, зардлын төсөв, обьект барьж байгуулахаар олгосон газар нутаг, холбогдох бусад мэдээлэл;
6/зэвсэгт хүчин, бусад цэргийн анги, салбарын зориулалт, зэвсэг, техникийн хангалт. Нууцалсан болон тусгай томилгоот байрлал, жинхэнэ нэр, зэвсэглэл, бие бүрэлдэхүүний тоо;
7/Монгол Улсын яам, тусгай газар, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар, жилийн тооцоот хэрэгцээний захиалга, төлөвлөгөө;
8/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
9/улсын хилийн хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зохион байгуулалт, арга ажиллагаа, тэдгээрт холбогдох мэдээлэл;
10/иргэний хамгаалалтын нийтийн дайчилгааны арга хэмжээг хэрэгжүүлэх болон онцгой нөхцөл байдлын үед хүн амын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө, хангалтын объектуудын байрлал, зориулалт, энэ үед дэд бүтцийг ашиглахтай холбогдсон мэдээлэл, биет зүйл.
/Энэ заалтыг 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.Эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологийн хүрээнд:
1/Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, батлан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, туршилт, нээлт, зураг төсөл, үндэсний болон дэвшилтэт технологи;
2/цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон дайчилгааны хүчин чадал, улсын материаллаг нөөцийн бодит хэмжээ, байрлал;
3/батлан хамгаалах болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад ач холбогдол бүхий стратегийн түүхий эд, материалын нөөц, олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ;
4/төрийн нууцыг хамгаалах арга хэрэгсэл, энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн тухай мэдээлэл.
4.Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын хүрээнд:
1/тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагаа, гүйцэтгэх ажлын арга хэлбэр, хүч хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж, орон тоо, зохион байгуулалт, баримт бичиг, архив, мэдээллийн сан, санхүүжилтийн тухай мэдээлэл;
2/төрийн холбооны нууцлал бүхий систем, түүнд холбогдох баримт бичиг, төрийн шифр, түүнийг ашиглах арга, ажиллагаа.
3/цагдаа, тагнуул, хорих байгууллагын галт зэвсэг, тусгай хэрэгслийн хангалт, нөөц, нийтийн эмх замбараагүй байдлын үед тагнуул, цагдаагийн байгууллагын ажиллах төлөвлөгөө, улсын онц чухал объектын хамгаалалтын хүч хэрэгслийн тухай мэдээлэл, дайны болон дайн бүхий байдлын үед хорих байгууллагын ажиллах төлөвлөгөө, түүнд холбогдох бусад баримт бичиг;
4/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа;
5/терроризмтой тэмцэх ажиллагаатай холбогдсон мэдээ, баримт, материалын нууцалбал зохих хэсэг.
/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.Цаазаар авах ялыг гүйцэтгэх журам, энэ зүйлийн 2 дахь хэсгийн "4, 5", З дахь хэсгийн "2, 3", 4 дэх хэсгийн "1"-тэй холбоотойгоор төрийн нууцад хамааруулах шаардлагатай объектууд.
6 дугаар зүйл.Төрийн нууцын жагсаалт
1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хүрээнд төрийн нууцад хамааруулах зүйлсийн жагсаалтыг хуулиар батална.
/Энэ хэсгийг 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Хууль гаргахгүйгээр аливаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН НУУЦЫГ ТОГТООХ, НУУЦЛАХ
7 дугаар зүйл.Төрийн нууцыг тогтоох
Төрийн нууцыг тогтоох үйл ажиллагаа нь мэдээ, баримт бичиг, биет зүйлийг төрийн нууцын жагсаалтад хамааруулах шийдвэр гаргах, боловсруулах, нууцлах ажиллагаанаас тус тус бүрдэнэ.
8 дугаар зүйл.Төрийн нууцыг боловсруулах
1.Байгууллага, албан тушаалтан нь төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг боловсруулах, биет зүйлийг хийх, үйлдвэрлэх, обьект барьж байгуулах, тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх /цаашид "төрийн нууцыг боловсруулах" гэх/-дээ энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмыг баримтална:
2.Байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг боловсруулахад өгч буй санал, дүгнэлт нь тухайн зүйлийг төрийн нууцад хамааруулахад хүргэж буй мэдээллийг агуулсан байвал тэдгээрийг нууцын зэрэглэлтэйд адилтган тооцож хамгаалалтад авна.
3.Төрийн нууцад хамаарах зүйлийн тухай асуудлыг энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмыг баримтлан хаалттай хэлэлцэнэ.
9 дүгээр зүйл.Төрийн нууцад хамааруулах шийдвэр гаргах
1.Мэдээ, баримт бичиг, биет зүйлийг төрийн нууцын жагсаалтад хамааруулах саналыг байгууллага, албан тушаалтан, иргэдээс Тагнуулын ерөнхий газарт гаргана.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Тагнуулын ерөнхий газар тухайн саналыг судлан боловсруулж Засгийн газарт 2 долоо хоногийн дотор оруулна.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.Засгийн газар төрийн нууцад хамааруулах тухай асуудлыг нарийвчлан судалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулан 30 хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
4.Төрийн нууцын жагсаалтад мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хамааруулах тухай шийдвэр гаргахдаа нууцын зэрэглэлээс нь хамааран тэдгээрийн жинхэнэ нэрийг төлөөлүүлсэн нэр, шифр, дугаар хэрэглэж болно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
10 дугаар зүйл.Төрийн нууцыг нууцлах
1.Мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг нууцлах арга хэмжээг тэдгээрийг төрийн нууцад хамааруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн холбогдох байгууллага, албан тушаалтан авч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Мэдээ, баримт бичгийг нууцлахдаа төрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдэг дарж, төлөөлүүлсэн нэр, шифр, дугаарыг тавина.
3.Биет зүйлийг нууцлахдаа нууцын тэмдэг, төлөөлүүлсэн нэр, шифр, дугаарыг тухайн зүйлийн сав, баглаа боодол, дагалдах баримт бичигт дарж тэмдэглэнэ.
4.Обьект, тодорхой үйл ажиллагааг нууцлахдаа тэдгээрийг халхлах арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.
11 дүгээр зүйл.Төрийн нууцын зэрэглэл
1.Төрийн нууцыг задруулснаас Монгол Улсын ашиг сонирхол, аюулгүй байдалд учирч болох хор уршгийн хэмжээнээс хамааран төрийн нууцын зэрэглэлийг тогтооно.
2.Төрийн нууц нь дараахь зэрэглэлтэй байна:
1/онц чухал-маш нууц;
2/маш нууц;
3/нууц.
3.Мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахаар Тагнуулын ерөнхий газарт санал оруулсан өдрөөс эхлэн шаардлагатай бол тэдгээрийг "онц чухал-маш нууц" зэрэглэлтэйд тооцож хамгаалалтад авна.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4.Төрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдгийг төрийн нууцад үл хамаарах мэдээ, баримт бичиг, бусад зүйлд хэрэглэхийг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН НУУЦЫГ ХАМГААЛАХ, ХАРИУЦАХ
12 дугаар зүйл.Төрийн нууцыг хамгаалах
1.Төрийн нууц нь төрийн хамгаалалтад байна.
2."Төрийн нууцыг хамгаалах" гэж төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг задруулахгүй байх зорилгоор өөрийн бүрэн эрхийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, арга хэрэгслийн цогцолборыг ойлгоно.
3."Төрийн нууцыг хариуцах" гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг хамгаалах, хадгалах, ашиглах үйл ажиллагааг хамааруулан ойлгоно.
4.Төрийн нууцыг хариуцдаг, эсхүл төрийн нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан, иргэн төрийн нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.
5.Төрийн нууцыг олж авах зорилгоор хайж олох, бусдад задруулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
13 дугаар зүйл.Төрийн нууцыг хамгаалах талаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрх
1.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар төрийн нууцыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/Улсын Их Хурал:
2/ Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд:
3/Монгол Улсын Засгийн газар:
2.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар нь төрийн нууцыг хамгаалах талаар хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
14 дүгээр зүйл.Төрийн нууцыг хариуцаж буй байгууллагын бүрэн эрх
1.Төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн бүх шатны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/салбарынхаа хэмжээнд хадгалагдаж байгаа болон бусад байгууллагын хариуцаж буй өөрийн салбарт хамаарах төрийн нууцын ашиглалт, хамгаалалтад хяналт тавих;
2/мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулах, зэрэглэл тогтоолгох, түүнчлэн төрийн нууцыг ил болгох асуудлаар Тагнуулын ерөнхий газарт саналаа оруулах;
3/төрийн нууцыг шилжүүлэх, татан авах тухай саналаа Тагнуулын ерөнхий газарт оруулах;
4/төрийн нууцыг тухайн байгууллага хариуцаж буй эсэх талаар хөндлөнгийн этгээдэд тайлбар өгөхөөс татгалзах;
5/эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
2.Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга нь төрийн нууцыг хамгаалах ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд асуудлыг зохих журмаар холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
3.Байгууллага нь өөрт хадгалагдаж байгаа төрийн нууцыг хариуцаж, түүнийг хамгаалах арга хэмжээг хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журамд нийцүүлэн зохион байгуулна.
15 дугаар зүйл.Тагнуулын ерөнхий газрын бүрэн эрх
1.Тагнуулын ерөнхий газар нь төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг улсын хэмжээнд зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг хүлээж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1/төрийн нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
2/төрийн нууцыг хариуцаж байгаа байгууллага, албан тушаалтан төрийн нууцыг хэрхэн ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, шалгах;
3/төрийн нууцыг хамгаалах тухай хууль тогтоомж, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг боловсронгуй болгох саналаа Засгийн газарт оруулах;
4/мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулах, төрийн нууцыг татан авах, шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэлийг тогтоох, төрийн нууцын хугацааг сунгах асуудлаар саналаа боловсруулж Засгийн газарт оруулах;
5/төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичгийг дамжуулах төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны сүлжээгээр үйлчлэх;
6/төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зүйлийг үгүй болгосон, төрийн нууцыг задруулсан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
7/хууль тогтоомжоор олгогдсон бусад бүрэн эрх.
2.Төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны дүрмийг Засгийн газар батална.
16 дугаар зүйл.Төрийн нууцыг хариуцуулах
1.Төрийн нууцыг хариуцах нууцын ажилтныг уул ажилд авахын өмнө тагнуулын байгууллага шалгаж зөвшөөрөл олгоно.
2.Тагнуулын байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрийн нууцыг хариуцуулахыг хориглоно.
17 дугаар зүйл.Нууцын ажилтны эрх зүйн байдлын зарим онцлог
1/гадаадад хувийн хэргээр зорчих тохиолдолд зохих байгууллагын зөвшөөрөл авах;
2/гадаадын иргэн, байгууллагатай албан бус харилцаа тогтоосон бол энэ тухай байгууллагадаа мэдэгдэх;
3/хариуцаж байгаа төрийн нууцын зэрэглэл, ажилласан хугацаанаас хамааран тухайн байгууллагад тогтоосон журмын дагуу цалингийн нэмэгдэл авах.
18 дугаар зүйл.Төрийн нууцыг хариуцуулахыг зогсоох
1.Нууцын ажилтан хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд захиргааны шийдвэрээр төрийн нууц хариуцуулахыг зогсоож, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
2.Төрийн нууц хариуцуулахыг зогсоосон нь төрийн нууцыг задруулахгүй байх талаар уул этгээдийн урьд хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН НУУЦТАЙ ТАНИЛЦАХ, ТҮҮНИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, ТАТАН АВАХ
19 дүгээр зүйл.Төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан
1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нь танилцуулахыг хуулиар хориглосноос бусад төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.
2.Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтан нь албан үүргийн шаардлагаар танилцвал зохих төрийн нууцтай энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмын дагуу танилцана.
3.Төрийн нууцтай холбогдсон асуудлыг хянан шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан комиссын гишүүн, эсхүл мөнхүү зорилгоор Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгогдсон хүн тухайн шалгах асуудлын хүрээнд хамаарах төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.Төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн төв, орон нутгийн болон бусад байгууллагын төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн тухайн байгууллагын дарга батална.
20 дугаар зүйл.Төрийн нууцыг шилжүүлэх, татан авах
1.Төрийн нууцыг дараахь үндэслэлээр шилжүүлж болно:
1/Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан төрийн нууцыг бусад байгууллагатай хамтран ашиглаж тодорхой зорилго биелүүлэх;
2/энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр.
2.Төрийн нууцыг дараахь тохиолдолд төрийн төв байгууллага нь татан авна:
1/төрийн нууцыг хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс төрийн нууц задрах бодит нөхцөл байдал бий болсон;
2/тухайн байгууллага татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсаны улмаас төрийн нууцыг хариуцах үүрэггүй болсон;
3/нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн нууцыг тухайн байгууллага өөрийн хүчээр хамгаалах боломжгүй болсон.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
21 дүгээр зүйл.Төрийн нууцыг ил болгох
1."Төрийн нууцыг ил болгох" гэж төрийн нууцыг Улсын Их Хурлын шийдвэрээр төрийн хамгаалалтаас гаргахыг хэлнэ.
2.Төрийн нууцыг дараахь үндэслэлээр ил болгоно:
1/нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцлах шаардлагагүй болсон;
2/нууцлах хугацаа дуусгавар болсон;
3/хуульд заасан бусад үндэслэл.
3.Төрийн нууцыг ил болгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
4.Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хууль, 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22 дугаар зүйл.Төрийн бус байгууллага, хувь хүний нууцыг төрийн нууцад хамааруулах
Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шаардлагатай тохиолдолд төрийн бус байгууллага, хувь хүний нууцыг энэ хуульд заасан журмын дагуу төрийн нууцад хамааруулж болно. Ийнхүү хамааруулснаас учирч болох эд хөрөнгийн хохирлыг өмчлөгчтэй байгуулсан гэрээг үндэслэн төрөөс нөхөн олгоно.
/Энэ зүйлд 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
23 дугаар зүйл.Төрийн нууц хамгаалах үйл ажиллагааг санхүүжүүлэх
Төрийн нууц хамгаалах үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
24 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A