A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АРБИТРЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 5 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

АРБИТРЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргаанд арбитрын ажиллагаа явуулахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Арбитрын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Арбитрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Маргаан шийдвэрлэх арбитр нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллагаа явуулах тохиолдолд энэ хууль үйлчилнэ.

3.2.Гадаадын арбитрын шийдвэрийг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх ба гүйцэтгэх ажиллагааг Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Иоркийн конвенц болон энэ хуулийн Наймдугаар бүлэг-т зааснаар зохицуулна.

3.3.Монгол Улсын арбитрын шийдвэрийг гадаад улсад хүлээн зөвшөөрөх ба гүйцэтгэх ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар зохицуулна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."байнгын арбитр" гэж арбитрын ажиллагааг байнга эрхлэн явуулах зорилгоор байгуулсан арбитрыг;

4.1.2."түр арбитр" гэж талууд тодорхой маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор нэг удаа байгуулсан арбитрыг;

4.1.3."арбитрын ажиллагаа" гэж талуудын хооронд гарсан маргааныг арбитрын хэлэлцээр болон энэ хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ажиллагааг;

4.1.4."арбитрын бүрэлдэхүүн" гэж тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулж буй нэг буюу хэд хэдэн арбитрчийг;

4.1.5."арбитрч" гэж энэ хуульд заасан эрх бүхий этгээдээс тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулахаар томилогдсон хувь хүнийг;

4.1.6."шүүх" гэж Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоонд хамаарах байгууллагыг.

5 дугаар зүйл. Арбитрыг байгуулах

Хэвлэх

5.1.Арбитр нь байнгын болон түр хэлбэртэй байна.

5.2.Байнгын арбитрыг худалдаа аж үйлдвэрийн танхим, үйлдвэрлэгчдийн болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, тэдгээрийн нэгдлийн дэргэд байгуулж болно.

5.3.Төрийн захиргааны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, ашгийн төлөө хуулийн этгээдийн дэргэд арбитр байгуулахыг хориглоно.

5.4.Энэ хуулийн 5.2-т заасан байгууллага байнгын арбитр байгуулах тухай шийдвэр гаргаж, түүний дүрэм, гишүүн арбитрчдын нэрсийн жагсаалтыг баталснаар тухайн арбитрыг байгуулсанд тооцно.

5.5.Байнгын арбитрын удирдлага, зохион байгуулалтыг түүний дүрмээр тогтооно.

5.6.Байнгын арбитр нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан арбитрын харьяалалд хамаарах аль ч маргаанаар болон оюуны өмчийн, гадаад арилжааны зэрэг тодорхой төрлийн маргаанаар арбитрын ажиллагааг дагнан явуулж болно.

5.7.Түр арбитрыг маргагч талууд тухай бүр бичгээр тохиролцон байгуулна.

5.8.Байнгын болон түр арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаа адил зарчмаар явагдана.

6 дугаар зүйл. Арбитрын харьяаллын маргаан

Хэвлэх

6.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.2-т заасны дагуу талууд арбитраар шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцсон маргаан арбитрын харьяалалд хамаарна.

7 дугаар зүйл. Арбитрын харьяалалд үл хамаарах маргаан

Хэвлэх

7.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 болон шүүх, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар тусгайлан харьяалуулсан маргаан арбитрын харьяалалд үл хамаарна.

8 дугаар зүйл. Арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо

Хэвлэх

8.1.Энэ хуулийн 15.5-15.7, 17.4, 18.2, 20.6 дахь хэсэг, 13, 33, 40, 42, 43 дугаар зүйлд заасныг арбитрын ажиллагаа явагдаж байгаа газрын давж заалдах шатны шүүх, 12 дугаар зүйлд заасныг анх нэхэмжлэл хүлээж авсан шүүх өөрөө шийдвэрлэнэ.

8.2.Байнгын арбитр энэ хуулийн 15.5-15.7, 17.4, 18.2, 20.6-д шүүх шийдвэрлэхээр заасан маргааныг өөр этгээдээр шийдвэрлүүлэхээр дүрэмдээ зааж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдийн гаргасан шийдвэр эцсийн байна.

8.3.Шүүх энэ хуульд тусгайлан зааснаас бусад маргаанаар арбитрын ажиллагаанд оролцож үл болно.

9 дүгээр зүйл. Баримт бичиг хүргүүлэх

Хэвлэх

9.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол баримт бичгийг хүлээн авагч талд биеэр, эсхүл шуудангийн баталгаат илгээмжээр хүргүүлнэ. Шуудангаар хүргүүлэхдээ түүний өөрийн нь оршин суугаа, эсхүл ажилладаг байгууллагын нь хаягаар, эдгээр хаяг тодорхойгүй бол түүний хамгийн сүүлд мэдэгдэж байсан хаягаар явуулна. Ийнхүү хүргэсэн өдрийг уг баримт бичгийг хүлээн авсан өдөрт тооцно.

10 дугаар зүйл. Татгалзах эрхээсээ татгалзах

Хэвлэх

10.1.Талуудын аль нэг нь нөгөө талынхаа энэ хуулийн тодорхой заалтыг биелүүлэхээс зайлсхийж байгааг болон арбитрын хэлэлцээрийн аль нэг шаардлагыг биелүүлээгүйг мэдэж байсан атлаа энэ тухай нэн даруй татгалзал гаргалгүйгээр арбитрын ажиллагаанд оролцсон бол түүнийг татгалзах эрхээсээ татгалзсан гэж үзнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Арбитрын хэлэлцээр

11 дүгээр зүйл. Арбитрын хэлэлцээрийн ойлголт, хэлбэр

Хэвлэх

11.1.Арбитрын хэлэлцээр гэж (гэрээний шинж, хэлбэр агуулсан эсэхээс үл хамааран) аль нэг эрх зүйн харилцаатай холбогдон үүссэн буюу үүсч болох бүх төрлийн, эсхүл тодорхой төрлийн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх талаар талуудын хооронд хийсэн тодорхой төрлийн хэлцлийг хэлнэ.

11.2.Арбитрын хэлэлцээрийг бичгийн хэлбэрээр хийх ба талууд уг хэлэлцээрийг маргаан гарахаас өмнө болон гарснаас хойш хэдийд ч хийж болно. Гэхдээ Иргэний хуульд заасан стандарт нөхцөл бүхий гэрээний тухайд арбитрын хэлэлцээрийг гагцхүү маргаан үүссэний дараа хийнэ.

11.3.Талуудын гарын үсгээр баталгаажсан бие даасан арбитрын хэлэлцээр (гэрээний шинж, хэлбэр бүхий) болон арбитрын хэлэлцээр хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичиг арбитрын хэлэлцээрт хамаарна.

11.4.Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээнд арбитрын хэлэлцээртэй холбоо бүхий ямар нэг баримт бичгийг иш татсан бөгөөд энэ нь тухайн гэрээний салшгүй хэсэг болохыг уг гэрээнд тусгайлан заасан бол үүнийг талуудын хооронд хийсэн бие даасан арбитрын хэлэлцээр гэж үзнэ.

11.5.Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ хүчин төгөлдөр эсэхээс үл хамааран түүний салшгүй хэсэг болох арбитрын хэлэлцээр хүчинтэй байна.

12 дугаар зүйл. Нэхэмжлэлийг арбитрт шилжүүлэх

Хэвлэх

12.1.Талууд тухайн маргаанаар шүүхэд эхэлж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрт шилжүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх талуудын хооронд хийсэн арбитрын хэлэлцээр хүчинтэй бөгөөд хэрэгжих боломжтой гэж үзвэл уг маргааныг арбитрт шилжүүлнэ.

13 дугаар зүйл. Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг шүүх баталгаажуулах

Хэвлэх

13.1.Арбитрын ажиллагаа эхлэхээс өмнө буюу арбитрын ажиллагааны явцад талууд арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж болох бөгөөд шүүгч уг хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авч болох ба үүнийг арбитрын хэлэлцээртэй зөрчилдсөн гэж үзэхгүй.

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Арбитрын бүрэлдэхүүн, түүнийг бүрдүүлэх журам

14 дүгээр зүйл. Арбитрын бүрэлдэхүүн

Хэвлэх

14.1.Арбитрын бүрэлдэхүүн нэг буюу хэд хэдэн арбитрчаас бүрдэж болно.

14.2.Тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулах арбитрчийн тоог талууд харилцан тохиролцоно.

14.3.Хэрэв талууд арбитрчийн тоог харилцан тохиролцоогүй бол тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулах арбитрчийн тоо гурав байна.

15 дугаар зүйл. Арбитрч томилох журам

Хэвлэх

15.1.Энэ хуульд заасан эрх бүхий этгээд хуулиар хориглосноос бусад хэнийг ч арбитрчаар томилж болно.

15.2.Дараахь этгээдийг арбитрчаар томилохыг хориглоно:

15.2.1.Үндсэн хуулийн Цэцийн гишүүн;

15.2.2.шүүгч;

15.2.3.прокурор;

15.2.4.хэрэг бүртгэгч;

15.2.5.мөрдөн байцаагч;

15.2.6.шийдвэр гүйцэтгэгч;

15.2.7.тухайн маргаанаар талуудын аль нэгэнд урьд нь эрх зүйн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч, нотариатч, эвлэрүүлэн зуучлагч;

15.2.8.хуулиар тогтоосон үүрэгт нь хамаарахгүй ажил, албан тушаал хавсрахыг хориглосон бусад албан тушаалтан.

15.3.Арбитрч томилох журмыг талууд харилцан тохиролцох бөгөөд ингэхдээ энэ хуулийн 15.4-15.10-т заасныг баримтлана.

15.4.Арбитрч томилох журмыг талууд харилцан тохиролцоогүй буюу тохиролцсон боловч уг журмын дагуу тохиролцоонд хүрч чадаагүй бол тухайн маргааныг шийдвэрлэх арбитрчийн тоо гурав байх ба талууд тус бүр нэг арбитрч томилж, томилогдсон хоёр арбитрч гурав дахь арбитрчийг тохиролцон томилох бөгөөд ийнхүү томилогдсон гурав дахь арбитрч арбитрын хуралдааныг даргална.

15.5.Аль нэг тал нь арбитрч томилох тухай нөгөө талын хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор өөрийн талын арбитрчийг томилоогүй, эсхүл томилогдсон хоёр арбитрч 30 хоногийн дотор гурав дахь арбитрчийг тохиролцон томилж чадаагүй бол сонирхогч талын хүсэлтээр давж заалдах шатны шүүх тэдгээрийг томилно.

15.6.Талууд тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулах арбитрчийн тоо нэг байхаар тогтоосон бол уг арбитрчийг харилцан тохиролцож томилох ба ийнхүү тохиролцож чадаагүй бол сонирхогч талын хүсэлтээр давж заалдах шатны шүүх түүнийг томилно.

15.7.Арбитрч томилох журмыг аль нэг тал зөрчсөн, эсхүл талууд тохиролцсон журмыхаа дагуу арбитрчийг томилж чадаагүй, түүнчлэн байнгын арбитрын дүрэмд заасан эрх бүхий этгээд арбитрч томилох үүргээ биелүүлээгүй бол энэ талаар шаардлагатай арга хэмжээ авахуулахаар сонирхогч тал давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж болно.

15.8.Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.

15.9.Давж заалдах шатны шүүх арбитрч томилохдоо дараахь зүйлийг үндэслэл болгоно:

15.9.1.тухайн этгээд энэ хуульд заасны дагуу арбитрчаар томилогдох боломжтой эсэх;

15.9.2.маргааныг бие даан, хараат бусаар шийдвэрлэх чадвартай;

15.9.3.тухайн этгээд талуудын тохиролцсон шалгуурыг хангаж буй эсэх.

15.10.Талууд болон байнгын арбитрын дүрэмд заасан арбитрч томилох эрх бүхий этгээд арбитрч томилохдоо энэ хуулийн 15.9-д заасныг нэгэн адил баримтлана.

16 дугаар зүйл. Татгалзах үндэслэл

Хэвлэх

16.1.Арбитрчаар ажиллах хүсэлт хүлээн авсан этгээд тухайн маргааныг бие даан, хараат бусаар шийдвэрлэж чадах эсэх талаар өөрт нь үндэслэл бүхий эргэлзээ байвал энэ тухайгаа хүсэлт тавьсан талд нэн даруй мэдэгдэнэ.

16.2.Арбитрчаар томилогдсоны дараа буюу арбитрын ажиллагааны явцад тухайн маргааныг бие даан, хараат бусаар шийдвэрлэж чадах эсэхэд нь эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал бий болбол тухайн арбитрч талуудад энэ тухай нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

16.3.Талууд арбитрчийг гагцхүү тухайн маргааныг бие даан, хараат бусаар шийдвэрлэж чадах эсэхэд нь эргэлзээ төрүүлэхүйц илэрхий нөхцөл байдал бий болсон тохиолдолд татгалзан гаргаж болно. Бодитойгоор бий болсон нөхцөл нь шийдвэр гаргах үндэслэл болно.

16.4.Талууд өөрийн томилсон буюу томилоход нь оролцсон арбитрчийг зөвхөн томилогдсоных нь дараа татгалзан гаргана.

17 дугаар зүйл. Татгалзан гаргах журам

Хэвлэх

17.1.Арбитрчийг татгалзан гаргах журмыг талууд харилцан тохиролцох бөгөөд ингэхдээ энэ хуулийн 17.4-т заасныг баримтлана.

17.2.Арбитрчийг татгалзан гаргах журмыг талууд харилцан тохиролцоогүй буюу тохиролцсон боловч уг журмын дагуу арбитрчийг татгалзан гаргаж чадаагүй бол энэ хуулийн 16.3-т заасан нөхцөл байдал илэрснийг мэдмэгцээ буюу эсхүл тухайн маргаанаар ажиллагаа явуулах арбитрын бүрэлдэхүүн бүрэн бүрдсэнийг мэдсэнээс хойш 15 хоногийн дотор арбитрчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг сонирхогч тал уг арбитрын бүрэлдэхүүнд бичгээр гаргана.

17.3.Арбитрч байхаас өөрөө санаачилгаараа татгалзаж, талууд үүнийг нь зөвшөөрснөөс бусад тохиолдолд арбитрчийг татгалзан гаргах эсэх асуудлыг гагцхүү тухайн арбитрын бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

17.4.Талуудын тохиролцсон журам болон энэ хуулийн 17.2, 17.3-т заасны дагуу арбитрчийг татгалзан гаргаж чадаагүй бол сонирхогч тал тухайн арбитрын бүрэлдэхүүний шийдвэрийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүх болон байнгын арбитрын дүрэмд заасан эрх бүхий этгээдэд энэ тухай хүсэлт гаргаж болно.

17.5.Энэ хуулийн 17.4-т заасан маргаантай асуудлаар гаргасан эрх бүхий этгээдийн шийдвэр эцсийн байна.

17.6.Арбитрчийг татгалзан гаргах тухай сонирхогч талын гаргасан хүсэлтийг энэ хуулийн 17.4-т заасан эрх бүхий этгээд шийдвэрлэх хүртэл арбитрын бүрэлдэхүүнд уг арбитрч хэвээр байж арбитрын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж болно.

18 дугаар зүйл. Арбитрч үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэх боломжгүй болох

Хэвлэх

18.1.Арбитрч алив бодит шалтгааны улмаас үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэх боломжгүй болсон, эсхүл арбитрч байхаас өөрөө санаачилгаараа татгалзаж, талууд үүнийг нь зөвшөөрсөн бол уг арбитрчийн тухайн маргаанаар ажиллагаа явуулахтай холбоотой эрх, үүрэг дуусгавар болно.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан асуудлаар үүссэн маргааныг давж заалдах шатны шүүх болон байнгын арбитрын дүрэмд заасан эрх бүхий этгээд шийдвэрлэх ба тухайн шийдвэр эцсийн байна.

19 дүгээр зүйл. Арбитрч нөхөн томилох

Хэвлэх

19.1.Энэ хуулийн 18.1-д заасан үндэслэлээр эрх, үүрэг нь дуусгавар болсон арбитрчийн оронд шинэ арбитрч нөхөн томилоход энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмыг баримтлана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Арбитрын бүрэлдэхүүний эрх хэмжээ

20 дугаар зүйл. Маргааны харьяалал тогтоох эрх

Хэвлэх

20.1.Тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулах арбитрын бүрэлдэхүүн уг маргааныг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан арбитрын харьяаллын маргаан мөн эсэхийг өөрөө тогтооно.

20.2.Арбитрын бүрэлдэхүүн нь талууд арбитрын хэлэлцээртэй эсэх, тухайн хэлэлцээр хүчинтэй эсэхийг тогтоох бөгөөд ингэхдээ энэ хуулийн 11.4, 11.5-д заасныг мөрдлөг болгоно.

20.3.Талууд маргааны харьяаллын талаар гомдол гаргахаар бол үндсэн нэхэмжлэлд тайлбар гаргахаасаа өмнө тухайн арбитрын бүрэлдэхүүнд уг гомдлыг гаргана.

20.4.Талууд арбитрын ажиллагааны явцад арбитрын бүрэлдэхүүн эрх хэмжээгээ хэтрүүлж байна гэж үзвэл энэ тухай гомдлыг нэн даруй тухайн арбитрын бүрэлдэхүүнд өөрт нь гаргана.

20.5.Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 20.3, 20.4-т заасан гомдлын талаар урьдчилан шийдвэр гаргах, эсхүл энэ тухай үндсэн шийдвэртээ тусгана.

20.6.Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.

20.7.Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж болно.

21 дүгээр зүйл. Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг арбитрын бүрэлдэхүүн баталгаажуулах

Хэвлэх

21.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бөгөөд арбитрын бүрэлдэхүүн тухайн маргааны хувьд шаардлагатай гэж үзвэл аль нэг талын хүсэлтийг үндэслэн арбитрын шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор зохих арга хэмжээ авахыг талуудад үүрэг болгож болно.

ТАВДУГААР БҮЛЭГ
Арбитрын ажиллагаа

22 дугаар зүйл. Талуудын тэгш байдал

Хэвлэх

22.1.Талууд арбитрын ажиллагаанд тэгш эрхтэй оролцох ба нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтын талаар тайлбар хийх боломжоор бүрэн хангагдсан байна.

23 дугаар зүйл. Арбитрын ажиллагаа явуулах журмыг тодорхойлох

Хэвлэх

23.1.Арбитрын ажиллагаа явуулах журмыг талууд энэ хуульд нийцүүлэн харилцан тохиролцоно.

23.2.Арбитрын ажиллагаа явуулах журмыг талууд харилцан тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн холбогдох заалтыг баримтлан аль тохиромжтой гэж үзсэн журмаар арбитрын ажиллагааг явуулна.

23.3.Арбитрын ажиллагаа эхэлснээс хойш талууд эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулж болно.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

24 дүгээр зүйл. Арбитрын ажиллагаа явуулах газар

Хэвлэх

24.1.Арбитрын ажиллагаа явуулах газрыг талууд харилцан тохиролцоно.

24.2.Арбитрын ажиллагаа явуулах газрыг талууд харилцан тохиролцоогүй бол маргааны нөхцөл байдлыг харгалзан арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагаа явуулах газраа тодорхойлно.

24.3.Талууд өөрөөр тохиролцоогүй бол шаардлагатай тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн зөвлөлдөх, гэрч, шинжээч, талуудын мэдүүлгийг сонсох, бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө, баримт бичигт үзлэг шалгалт хийх зэрэг ажиллагааг арбитрын ажиллагаа явуулах газраас өөр газар явуулж болно.

25 дугаар зүйл. Арбитрын ажиллагаа эхлэх

Хэвлэх

25.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол тухайн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч тал хүлээн авсан өдрөөс арбитрын ажиллагаа эхэлнэ.

26 дугаар зүйл. Арбитрын ажиллагаа явуулах хэл

Хэвлэх

26.1.Арбитрын ажиллагааг монгол хэлээр явуулна.

26.2.Талууд өөрөөр тохиролцсон бол арбитрын ажиллагааг монгол хэлээс өөр хэлээр явуулж болно.

26.3.Арбитрын ажиллагааг явуулах хэлний талаар талууд тусгайлан өөрөөр тохиролцоогүй бол тухайн хэлээр арбитрын ажиллагааг дагнан явуулна.

26.4.Арбитрын бүрэлдэхүүн аливаа нотлох баримтыг арбитрын ажиллагааг явуулах хэлрүү орчуулж, хавсаргахыг талуудаас шаардаж болно.

27 дугаар зүйл. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл ба хариуцагчийн тайлбар

Хэвлэх

27.1.Нэхэмжлэлийг арбитрт бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл арбитрын ажиллагаанд түүнийг төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна.

27.2.Талууд өөрөөр тохиролцоогүй бол нэхэмжлэлийн бүрдүүлбэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасантай нэгэн адил байна.

27.3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх, эсхүл хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

27.4.Нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч энэ хуулийн 27.3-т заасан аль нэг үндэслэлээр бичгээр тайлбар гаргаж, арбитрт өгнө.

27.5.Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбарт шаардлагатай гэж үзсэн бүх баримт бичгийг хавсаргах ба тэдгээрийг тайлбарласан буюу нотолсон баримтыг нэмж оруулж болно.

27.6.Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбарт талууд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

28 дугаар зүйл. Арбитрын бүрэлдэхүүн зохигчдын тайлбарыг сонсох, эсхүл сонсохгүйгээр нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах

Хэвлэх

28.1.Тухайн маргааныг цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх, эсхүл зохигчид холбогдох нотлох баримтыг амаар танилцуулж шийдвэрлүүлэх талаар талууд тусгайлан тохиролцоогүй бол хэрэг шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулахыг арбитрын бүрэлдэхүүн өөрөө тогтооно.

28.2.Талууд маргааныг цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэхээр тохиролцсон боловч аль нэг тал нь хүсэлт гаргавал арбитрын бүрэлдэхүүн талуудад нотлох баримтыг амаар тайлбарлаж, мэтгэлцэх боломжийг олгоно.

28.3.Арбитрын бүрэлдэхүүн бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө, баримт бичигт үзлэг хийх бол энэ тухай боломжтой хугацааны өмнө талуудад заавал мэдэгдэх үүрэгтэй.

28.4.Арбитрын бүрэлдэхүүнд гаргаж буй маргаанд холбогдох баримт бичиг, бусад мэдээллийг талууд өөр хоорондоо заавал хүргүүлнэ.

28.5.Арбитрын шийдвэр гаргахад ашиглаж буй шинжээчийн дүгнэлт, нотолгооны шинжтэй бусад баримт бичгийг арбитрын бүрэлдэхүүн талуудад мөн нэгэн адил хүргүүлнэ.

29 дүгээр зүйл. Талууд үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар

Хэвлэх

29.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бөгөөд тэдгээрийн үүргээ биелүүлээгүй явдлыг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзвэл арбитрын бүрэлдэхүүн дараахь арга хэмжээ авч болно:

29.1.1.гаргасан нэхэмжлэл нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл арбитрын ажиллагааг зогсоох;

29.1.2.хариуцагчийн тайлбар энэ хуульд заасан шаардлага хангасан эсэхийг үл харгалзан арбитрын ажиллагааг үргэлжлүүлэн явуулах;

29.1.3.аль нэг тал нь арбитрын хуралд оролцоогүй буюу эсхүл шаардлагатай нотлох баримтыг ирүүлээгүй бол арбитрын ажиллагааг үргэлжлүүлж, цугларсан нотлох баримтад үндэслэн арбитрын шийдвэр гаргах.

30 дугаар зүйл. Шинжээч томилох

Хэвлэх

30.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол тодорхой асуудлаар дүгнэлт гаргуулахаар арбитрын бүрэлдэхүүн нэг, эсхүл хэд хэдэн шинжээч томилж болно.

30.2.Арбитрын бүрэлдэхүүн тухайн маргаанд холбогдох мэдээллийг шинжээчид гаргаж өгөх, бараа бүтээгдэхүүн, бусад эд хөрөнгө, баримт бичигт үзлэг шалгалт хийх боломжийг шинжээчид олгохыг талуудаас шаардаж болно.

30.3.Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүний болон аль нэг талын хүсэлтээр шинжээч арбитрын хуралдаанд оролцож, гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбар хийж, зохигчдын тавьсан асуултад хариулт өгөх үүрэгтэй.

31 дүгээр зүйл. Бусдаас тусламж авах

Хэвлэх

31.1.Зохигчид арбитрын ажиллагаа явуулах хэлийг мэдэхгүй, эсхүл хэлгүй, дүлий шалтгааны улмаас тухайн хэл, бичгээр харилцаж чадахгүй, түүнчлэн тэдгээрт мэргэжлийн болон бусад туслалцаа шаардлагатай бол холбогдох этгээд (орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгч, төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч зэрэг)-ээс тусламж авч болно.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт оруулсан/

31.2.Талууд бусдаас авсан тусламж, үйлчилгээнийхээ хөлсийг туслалцаа үзүүлсэн этгээдэд өөрт нь шууд, эсхүл тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулж буй арбитрын бүрэлдэхүүнд төлнө.

32 дугаар зүйл. Нууц хадгалах

Хэвлэх

32.1.Арбитрын бүрэлдэхүүн болон зохигчид арбитрын ажиллагааны явцад тодорхой болсон төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах үүрэгтэй.

33 дугаар зүйл. Нотлох баримт бүрдүүлэхэд шүүх туслалцаа үзүүлэх

Хэвлэх

33.1.Арбитрын бүрэлдэхүүн, эсхүл түүний зөвшөөрснөөр аль нэг тал тухайн маргаантай холбоотой нотлох баримт гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж болох бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд уг хүсэлтийг биелүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Арбитрын шийдвэр гаргах, арбитрын ажиллагаа дуусгавар болох

34 дүгээр зүйл. Маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ

Хэвлэх

34.1.Маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг талууд харилцан тохиролцох бөгөөд арбитрын бүрэлдэхүүн тэдгээрийн тохиролцсон эрх зүйн хэм хэмжээг хэрэглэн уг маргааныг шийдвэрлэнэ.

34.2.Арбитрын бүрэлдэхүүн талуудын тохиролцсон эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ уг тохиролцоонд тусгайлан заагаагүй бол түүнийг тухайн улсын материаллаг эрх зүйн хэм хэмжээ гэж ойлгож хэрэглэнэ.

34.3.Маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг талууд харилцан тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн тухайн маргааныг шийдвэрлэхэд аль тохиромжтой гэж үзсэн зохих материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэнэ.

34.4.Арбитрын бүрэлдэхүүн аливаа маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ болон тухайн асуудлаар тогтож хэвшсэн худалдааны зан заншлыг харгалзан үзнэ.

35 дугаар зүйл. Арбитрын шийдвэр

Хэвлэх

35.1.Арбитрын бүрэлдэхүүнээс гаргасан шийдвэрийг тухайн арбитрын шийдвэр гэж үзэх ба талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ олонхийн саналаар гаргана.

35.2.Арбитрын бүрэлдэхүүн санал нэгтэй зөвшөөрсөн бол арбитрын ажиллагааны явцад гарах горимын шинжтэй асуудлыг арбитрын хуралдаан даргалагч дангаараа шийдэж болно.

36 дугаар зүйл. Талууд эвлэрэх

Хэвлэх

36.1.Арбитрын ажиллагааны явцад талууд бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрвэл арбитрын ажиллагааг дуусгавар болгож, эвлэрлийн нөхцөлийг арбитрын шийдвэрт тусгаж баталгаажуулна.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

36.2.Энэ хуулийн 36.1-д заасны дагуу гаргасан арбитрын шийдвэрт энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан шаардлага нэгэн адил хамаарах ба уг шийдвэр нь арбитрын үндсэн шийдвэртэй адил хүчин чадалтай байна.

37 дугаар зүйл. Арбитрын шийдвэрийн хэлбэр, агуулга

Хэвлэх

37.1.Арбитрын шийдвэрийг бичгээр гаргах бөгөөд түүнд арбитрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

37.2.Хэд хэдэн арбитрч бүхий арбитрын бүрэлдэхүүнээс гаргах шийдвэрийн тухайд тэдгээрийн олонхи гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба хэрэв аль нэг арбитрч гарын үсэг зураагүй бол шалтгааныг нь дурдана.

37.3.Арбитрын шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

37.3.1.арбитрын бүрэлдэхүүн, эсхүл маргааныг дангаараа шийдвэрлэсэн арбитрчийн нэр, шийдвэр гаргасан газар, огноо;

37.3.2.талууд өөрөөр тохиролцсон буюу эвлэрснээс бусад тохиолдолд арбитрын шийдвэрийн хууль зүйн үндэслэл;

37.3.3.арбитрын зардал.

37.4.Арбитрын шийдвэрийг талуудад заавал хүргүүлнэ.

37.5.Арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа талууд, эсхүл тэдгээрийн эрх залгамжлагчид тухайн маргаанаар шүүх болон арбитрт нэхэмжлэл гаргах эрхгүй.

38 дугаар зүйл. Арбитрын ажиллагаа дуусгавар болох

Хэвлэх

38.1.Арбитрын үндсэн шийдвэр болон энэ хуулийн 38.2-т заасан шийдвэр гарснаар арбитрын ажиллагаа дуусгавар болно.

38.2.Арбитрын бүрэлдэхүүн дараахь тохиолдолд арбитрын ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэр гаргана:

38.2.1.нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан;

38.2.2.арбитрын ажиллагааг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцсон;

38.2.3.арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагагүй буюу боломжгүй гэж үзсэн;

38.2.4.талууд энэ хуулийн 41.6-д заасан арбитрын зардлыг тохиролцсон хугацаанд төлөөгүй.

38.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан боловч хариуцагч маргааныг арбитраар эцэслэн шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, түүнийг арбитрын бүрэлдэхүүн хүлээн авсан бол арбитрын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эцсийн шийдвэр гаргана.

38.4.Арбитрын ажиллагаа дуусгавар болсноор тухайн арбитрын бүрэлдэхүүний эрх хэмжээ дуусгавар болох ба гагцхүү энэ хуулийн 39 дүгээр зүйл, 40.4-т заасан ажиллагааг явуулж болно.

39 дүгээр зүйл. Арбитрын шийдвэрт засвар оруулах, тайлбарлах, нэмэлт шийдвэр гаргах

Хэвлэх

39.1.Талууд өөр хугацаа тогтоогоогүй бол арбитрын шийдвэрийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор үг үсэг, тооцоо, хэвлэлийн болон тэдгээртэй адилтгах бусад алдааг засуулах тухай хүсэлтийг аль нэг тал гаргаж болох бөгөөд энэ тухайгаа нөгөө талдаа заавал мэдэгдэнэ.

39.2.Энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр арбитрын шийдвэрт засвар оруулах хүсэлт гаргаж болохгүй бөгөөд тийм хүсэлт гаргасан бол арбитрын бүрэлдэхүүн болон шүүх авч хэлэлцэхгүй.

39.3.Талууд өөр хугацаа тогтоогоогүй бол арбитрын шийдвэрийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор түүний тодорхой заалт, хэсгийг тайлбарлуулах тухай хүсэлтийг аль нэг тал арбитрын бүрэлдэхүүнд гаргаж болох бөгөөд энэ тухайгаа нөгөө талдаа заавал мэдэгдэнэ.

39.4.Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 39.1, 39.3-т заасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор арбитрын шийдвэрт зохих засвар оруулах буюу холбогдох тайлбар хийх бөгөөд тайлбар нь арбитрын шийдвэрийн бүрэлдэхүүн хэсэг болно.

39.5.Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 39.1-д заасан алдааг шийдвэр гаргаснаас хойш 30 хоногийн дотор өөрийн санаачилгаар засч болно.

39.6.Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын ажиллагааны явцад хэлэлцсэн боловч арбитрын шийдвэрт тусгагдаагүй орхигдсон нэхэмжлэлийн шаардлагын талаар нэмэлт шийдвэр гаргахыг үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор аль нэг тал нь шаардаж болох бөгөөд энэ тухайгаа нөгөө талдаа заавал мэдэгдэнэ.

39.7.Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 39.6-д заасан шаардлагыг үндэслэлтэй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор нэмэлт шийдвэр гаргана.

39.8.Арбитрын бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 39.4, 39.7-д заасан хугацааг сунгаж болно.

39.9.Арбитрын шийдвэрт засвар оруулах, тайлбар хийх болон нэмэлт шийдвэр гаргахад энэ хуулийн 37 дугаар зүйл нэг адил хамаарна.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай хүсэлт гаргах

40 дүгээр зүйл. Шийдвэр хүчингүй болгох тухай хүсэлт гаргах

Хэвлэх

40.1.Талууд гагцхүү энэ хуулийн 40.2-т заасан үндэслэлээр арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай хүсэлтийг арбитрын ажиллагаа явагдсан газрын давж заалдах шатны шүүхэд гаргаж болно.

40.2.Давж заалдах шатны шүүх зөвхөн дор дурдсан тохиолдолд арбитрын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй:

40.2.1.арбитрын хэлэлцээрийн аль нэг тал эрх зүйн чадвар, чадамжгүй байсан, эсхүл арбитрын хэлэлцээрт хэрэглэхээр тохиролцсон улсын хуулийн дагуу, хэрэв ийнхүү тохиролцоогүй бол Монгол Улсын хуулийн дагуу тухайн арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр бус болсон;

40.2.2.арбитрч томилох тухай болон арбитрын ажиллагааны талаар арбитрын бүрэлдэхүүн талуудад зохих ёсоор мэдэгдээгүй, эсхүл нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтын талаар тайлбар хийх боломжоор тэднийг хангаагүй;

40.2.3.арбитрын бүрэлдэхүүнийг бүрдүүлэх болон арбитрын бусад ажиллагаа явуулах талаар талуудын тохиролцсон журмыг тухайн арбитрын бүрэлдэхүүн зөрчсөн;

40.2.4.арбитрын бүрэлдэхүүн арбитрын хэлэлцээрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан, түүнчлэн уг шийдвэрт заасан арбитрт хамааралгүй хэсгийг шийдвэрийн бусад заалтаас салгаж хүчингүй болгох боломжгүй;

40.2.5.тухайн маргаан нь арбитрын харьяаллын маргаан биш болох нь нотлогдсон;

40.2.6.тухайн арбитрын шийдвэр Монгол улсын нийтлэг ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд харшилхаар бол.

40.3.Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох хүсэлтийг уг шийдвэрийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор гаргаж болох бөгөөд хэрэв талууд энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр арбитрын бүрэлдэхүүнд хүсэлт гаргасан бол уг хүсэлтийг шийдвэрлэснээс хойш энэхүү хугацааг тооцно.

40.4.Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох зөрчил гарсан бөгөөд түүнийг арбитрын бүрэлдэхүүнээр өөрөөр нь засуулах хүсэлтийг аль нэг тал гаргасан бол давж заалдах шатны шүүх арбитрын шийдвэрийг хянах ажиллагааг тодорхой хугацаа тогтоон түдгэлзүүлж болно.

40.5.Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 40.4-т заасны дагуу давж заалдах шатны шүүхээс тогтоосон хугацаанд зөрчлийг засаагүй бол давж заалдах шатны шүүх түдгэлзүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, давж заалдсан гомдлыг хэлэлцэн шийдвэр гаргана.

41 дүгээр зүйл. Арбитрын ажиллагааны зардал

Хэвлэх

41.1.Тухайн маргааны шинж байдал, ажиллагаа явуулахад шаардагдах хугацаа зэргийг харгалзан арбитрын ажиллагаа явуулахад шаардлагатай зардлын хэмжээг арбитрын бүрэлдэхүүн төлөвлөнө.

41.2.Арбитрын ажиллагааны явцад гарсан бодит зардлыг арбитрын бүрэлдэхүүн тогтоож, энэ талаар арбитрын шийдвэрт заавал тусгана.

41.3.Арбитрын зардалд дараахь зүйл хамаарна:

41.3.1.арбитрчийн хөлс;

41.3.2.арбитрын ажиллагааны явцад арбитрчаас гарсан зардал;

41.3.3.энэ хуулийн 31.2-т заасан төлөгдөөгүй зардал;

41.3.4.гэрчтэй холбогдон гарсан зардал;

41.3.5.арбитрын ажиллагааны явцад арбитрын бүрэлдэхүүнээс гарсан бусад зардал;

41.3.6.байнгын арбитрын хувьд түүний дүрэмд заасны дагуу тухайн арбитрт төлөх үйлчилгээний хөлс.

41.4.Талууд өөр хоорондоо болон арбитрын бүрэлдэхүүнтэй өөрөөр тохиролцоогүй бол нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд арбитрын зардлыг хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол уг зардлыг нэхэмжлэгчээр, хэсэгчлэн хангасан бол хувь тэнцүүлж төлүүлнэ.

41.5.Арбитрын шийдвэр гарахаас өмнө талууд эвлэрсэн буюу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, эсхүл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан, түүнчлэн маргааныг нэг арбитрч шийдвэрлэсэн зэргээс шалтгаалан арбитрын ажиллагаанд төлөвлөсөн зардлаас бодит зардал бага гарвал зөрүүг арбитрын бүрэлдэхүүн талуудад буцаан олгоно.

41.6.Арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааны зардлыг талуудаас урьдчилан авч болно.

41.7.Талуудаас урьдчилан авах арбитрын ажиллагааны зардлын хэмжээг арбитрын бүрэлдэхүүн тогтоох бөгөөд талууд тохиролцсон хугацаанд уг зардлыг төлөөгүй бол энэ нь арбитрын ажиллагааг түдгэлзүүлэх буюу дуусгавар болгох үндэслэл болно.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх

42 дугаар зүйл. Арбитрын шийдвэрийг баталгаажуулах, гүйцэтгэх

Хэвлэх

42.1.Арбитрын шийдвэрийг холбогдох тал заавал биелүүлэх үүрэгтэй.

42.2.Арбитрын шийдвэрийг холбогдох тал биелүүлээгүй бол нөгөө тал нь уг шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгүүлэхээр анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж болно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

42.3.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 42.2-т заасан хүсэлтийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа тухайн арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жил байна.

42.4.Гадаадын арбитрын шийдвэрийг Монгол Улсад гүйцэтгүүлэх тухай шүүхэд хүсэлт гаргах хугацаа энэ хуулийн 42.3-д заасантай адил байна.

42.5.Арбитрын шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан тал уг хүсэлтэд арбитрын шийдвэр болон арбитрын хэлэлцээрийн эх хувь, эсхүл түүний зохих журмын дагуу /тухайн арбитрын шийдвэр гарсан улсын хуулийн дагуу/ гэрчилсэн хуулбарыг хавсаргана.

42.6.Гадаад хэлээр бичигдсэн арбитрын шийдвэр, арбитрын хэлэлцээрийн албан ёсны орчуулгыг арбитрын шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлтэд хавсаргана.

42.7.Анхан шатны шүүх арбитрын шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл тухайн арбитрын шийдвэрийг баталгаажуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.3-т заасан гүйцэтгэх хуудас бичнэ.

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

42.8.Энэ хуулийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр болсон арбитрын шийдвэр, тэдгээрийн үндсэн дээр шүүхээс олгосон гүйцэтгэх хуудас нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үндэслэл болох бөгөөд түүний утга агуулгыг өөрчилсөн буюу гуйвуулсан аливаа бичиг баримтыг хууль ёсны бус гэж үзнэ.

42.9./Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

43 дугаар зүйл. Арбитрын шийдвэрийг баталгаажуулах, гүйцэтгэхээс татгалзах

Хэвлэх

43.1.Анхан шатны шүүх зөвхөн дор дурдсан тохиолдолд арбитрын шийдвэрийг баталгаажуулах, гүйцэтгэх хуудас бичихээс татгалзах эрхтэй:

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

43.1.1.энэ хуулийн 40.2-т заасан нөхцөл байдал тогтоогдсон;

43.1.2.арбитрын шийдвэр талуудын хувьд хүчин төгөлдөр болоогүй байгаа буюу арбитрын шийдвэр гаргасан улсын шүүх тухайн шийдвэрийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР