A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."улс төрийн хилс хэрэг" гэж тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэргийг;

3.1.2."улс төрийн хэлмэгдүүлэлт" гэж хүнийг нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан нам, төр, нийгэмд аюултай этгээд гэж тооцож, улс төрийн буюу төрийн эсрэг гэх гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж, шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд зохиомол хэрэг, гүтгэлэгт үндэслэсэн албадлагын арга хэмжээг;

3.1.3."гэр бүлийн гишүүн" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад заасан хүмүүсийг;

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хууль, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

3.1.4."хууль ёсны төлөөлөгч" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүмүүсийг.

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хууль, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн "БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль" хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна.

4.2.Гадаад улсын шүүхээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэнийг цагаатгуулах, түүнд нөхөх олговор олгох асуудлыг тухайн шүүхийг харьяалах улсын хууль тогтоомж болон тухайн улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна. Монгол Улсын иргэнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлснээ цагаатгасан гадаад улсын эрх бүхий байгууллагын шийдвэрийг Монгол Улсын ижил төстэй байгууллагын шийдвэртэй адилтган үзэж нөхөх олговор олгох асуудлыг энэ хуулийн дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.3.Гадаад улсын шүүх, түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэнийг цагаатгуулах, цагаатгагдсан хүмүүст тухайн улсын хууль тогтоомжийн дагуу олгогдох нөхөх олговрыг шилжүүлэн авах асуудлыг тухайн улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Засгийн газар эрхлэн шийдвэрлэнэ. Гадаад улсаас нэхэмжлэн авсан нөхөх олговрыг улс төрийн хэлмэгдэгсдэд олгож байгаа нөхөх олговорт зориулан зарцуулна.

/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэж энэ хуулиар тооцох хүн

Хэвлэх

5.1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дор дурдсан хүмүүс хамаарна:

5.1.1.шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон;

а/1922-1926 он /"Шүүх цаазны бичиг" гарах хүртэл хугацаа/-д эрүүгийн ял шийтгэлийг шинэчлэн тогтоосон болон хэрэглэсэн Ардын Засгийн газрын тогтоолууд;

б/1926 оны "Шүүх цаазны бичиг" /1929 онд нэмэн найруулсан/-ийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйл; 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйл;

в/1934 оны "Шүүх цаазны бичиг"-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл; БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 1938 онд 1 дүгээр бүлэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт;

г/1942 оны "Эрүүгийн хууль"-ийн 55-69, 137 дугаар зүйл;

/Энэ дэд заалтад 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

д/1961 оны "Эрүүгийн хууль"-ийн тусгай ангийн нэгдүгээр бүлгийн 45-52, 53-55, 57 дугаар зүйл;

5.1.2.ял шийтгүүлээгүй боловч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хэрэгт хилсээр холбогдон баривчлагдаж мөрдөгдсөн нь прокурорын тогтоолоор нотлогдсон;

5.1.3.шүүх, тусгай болон онцгой бүрэн эрхт комиссоор хэлэлцэн шийдвэрлээгүй боловч улс төр, үзэл суртлын шалтгаанаар тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан нь шүүхийн журмаар тогтоогдсон.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

6 дугаар зүйл.Гомдол гаргах

Хэвлэх

6.1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг уг этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч, түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний орон нутгийн салбар гаргах эрхтэй.

6.2.Цагаатгуулах тухай гомдлыг дараахь байгууллагад гаргана:

6.2.1.улс төрийн хилс хэрэгт шүүх болон тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр ял шийтгүүлсэн хүмүүст холбогдох гомдлыг Улсын дээд шүүхэд;

6.2.2.улс төрийн хилс хэргээр ял шийтгэгдээгүй боловч баривчлагдан мөрдөгдсөн хүмүүст холбогдох гомдлыг Улсын ерөнхий прокурорын газарт;

6.2.3.улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэр /цаашид "захиргааны шийдвэр" гэх/-ээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан, эд хөрөнгөө хураалгасан хүмүүст холбогдох гомдлыг тухайн шийдвэр гаргасан байгууллагын оршин байсан буюу оршин байгаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд.

6.3.Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй.

/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хууль, 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл.Гомдлыг хянан шийдвэрлэх журам

Хэвлэх

7.1.Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн болон баривчлагдан мөрдөгдсөн этгээдийг цагаатгуулах тухай гомдлын дагуу хэрэг үүсгэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулна.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хууль, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

7.2.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан захиргааны шийдвэрээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа халагдсан хүмүүст холбогдох гомдлыг анхан шатны шүүх иргэний Эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай Монгол Улсын хуульд заасны дагуу хянан шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл.Гомдол хянан шийдвэрлэсэн байгууллагаас гаргах шийдвэр

Хэвлэх

8.1.Улсын дээд шүүх улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн этгээдэд холбогдох хэргийг хянан үзэж хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдвол хилс хэргийг хэрэгсэхгүй болгож уг этгээдийг цагаатгах, эсхүл хилс хэрэгт ял шийтгүүлсэн нь тогтоогдоогүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргана.

8.2.Улс төрийн хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт явуулж ял төлөвлөсөн боловч Эрүүгийн хуулийн өөр зүйл ангиар ял шийтгэсэн тохиолдолд иргэний болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, орон нутгийн салбар комиссын өргөдөл, гомдол, саналыг үндэслэн Монгол улсын дээд шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг этгээдийг цагаатгах, эсхүл хилс хэрэгт ял шийтгүүлсэн нь тогтоогдоогүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргаж болно.

/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.3.Улсын ерөнхий прокурорын газар улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн этгээдэд холбогдох хэргийг хянан үзэж хилсээр баривчлагдан мөрдөгдсөн нь тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож уг этгээдийг хэлмэгдсэнд тооцох, эсхүл хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн нь нотлогдоогүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын аль нэгийг гаргана. Гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын шийдвэрийг гомдол гаргагч Улсын дээд шүүхэд давж заалдах эрхтэй.

/Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

8.4.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан захиргааны шийдвэрээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа халагдсан, эд хөрөнгөө хураалгасан нь тогтоогдвол анхан шатны шүүх захиргааны шийдвэрийг хэрэгсэхгүй болгож уг этгээдийг хэлмэгдсэнд тооцох, эсхүл гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргана.

/Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

8.5.Улс төрийн хэрэгт холбогдуулан баривчилж, мөрдөгдсөн хүмүүсийн мөрдөн байцаалтын архивын хэрэг нь Тагнуулын ерөнхий газрын архивт байгаа боловч шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол нь байхгүй тохиолдолд иргэний болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, орон нутгийн салбар комиссын өргөдөл, гомдол, саналыг үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэн Тагнуулын ерөнхий газраар шалгуулан цагаатгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.6.Улс төрийн хэрэгт холбогдуулан шалгасан мөрдөн байцаалтын архивын хэрэг, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол байхгүй боловч аль нэг архивын материал, бүртгэл судалгаа, картын санд бүртгэгдсэн /улс төрийн хэрэгт холбогдуулан тухайн үед эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн бүртгэл судалгаа, төр, засгийн илтгэл, мэдээлэлд хэлмэгдсэн гэх хүний талаар дурдагдсан/ материалаар Монгол Улсын ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэн, Тагнуулын ерөнхий газраар шалгуулан хэргийг хянаж уг этгээдийг хэлмэгдсэнд тооцох, эсхүл эдгээр баримт тогтоогдоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.

/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

8.7.Улс төрийн хэрэгт холбогдуулан баривчилж, мөрдөн байцаалт явуулсан тухай ямар нэг баримт, нотолгоо Тагнуулын ерөнхий газрын архивт байхгүй боловч улс төрийн хэрэгт баривчлагдсан тухай орон нутгийн хүмүүс баттай гэрчилж байгаа тохиолдолд иргэний болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, орон нутгийн салбар комиссын өргөдөл, гомдол, саналыг үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэн, Тагнуулын ерөнхий газраар шалгуулан хэргийг хянаж шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.8.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдэд цагаатгасан тухай, 2, 3 дахь хэсэгт заасан этгээдэд хэлмэгдсэн тухай үнэмлэхийг уг шийдвэр гаргасан байгууллага тус тус олгоно.

/Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

8.9.Үнэмлэхийн загварыг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газрын саналыг үндэслэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс батална.

/Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор

9 дүгээр зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд учирсан хохирлыг нөхөн олгох

Хэвлэх

9.1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө.

9.2.Нөхөх олговрыг нэг удаа олгоно.

/Энэ хэсгийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10 дугаар зүйл.Нөхөх олговрыг нэхэмжлэх эрх

Хэвлэх

10.1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг дор дурдсан этгээд нэхэмжлэх эрхтэй:

10.1.1.улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө;

10.1.2.хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран;

10.1.3.хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд;

10.1.4.энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ.

10.2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ.

10.3.Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ.

/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11 дүгээр зүйл.Нөхөх олговрын нэхэмжлэл гаргах

Хэвлэх

11.1.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл /цаашид "нэхэмжлэл" гэх/-ийг хэлмэгдэгчийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллага /Улсын дээд шүүх, анхан шатны шүүх, Улсын ерөнхий прокурорын газар/-ын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд гаргана.

11.2.Улс төрийн хилс хэрэгт захиргааны шийдвэрээр ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирлыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хуулийн хууль бусаар ажлаас халагдсан тухай зүйл, ангид заасан журмын дагуу гаргана.

12 дугаар зүйл.Нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, хөөн хэлэлцэх хугацаа

Хэвлэх

12.1.Нэхэмжлэлийг бичгээр гаргах бөгөөд түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан зүйлээс гадна дараахь зүйлийг тусгана:

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.1.улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр, түүний дугаар, огноо;

12.1.2.энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан бүх этгээдийн овог, нэр, оршин суугаа хаяг;

12.1.3.энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан этгээдүүд нөхөх олговрыг ямар хэмжээгээр хуваан авах талаар.

12.2.Нэхэмжлэлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр, цагаатгасан болон хэлмэгдсэн тухай үнэмлэх, нөхөх олговрыг авах эрхтэй бусад этгээдийн баримт бичиг болон нөхөх олговрыг ямар хувь хэмжээгээр хоорондоо хуваан авах тухай харилцан тохиролцсоныг батлах баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг тус тус хавсаргана.

12.3.Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хууль, 2002 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хууль, 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13 дугаар зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын хэмжээ

Хэвлэх

13.1.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно.

/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно:

13.2.1.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;

13.2.2.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг.

/Энэ хэсгийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

14 дүгээр зүйл.Нөхөх олговрыг олгохгүй байх үндэслэл

Хэвлэх

/Энэ зүйлийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15 дугаар зүйл.Нөхөх олговрыг олгох хэлбэр, хугацаа

Хэвлэх

15.1.Энэ хуульд заасан нөхөх олговрыг нөхөх олговор гаргуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор бэлэн мөнгөөр нэг удаа олгоно.

16 дугаар зүйл.Нөхөх олговор олгох

Хэвлэх

16.1.Нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн хүнд олгох нөхөх олговрыг сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасаг энэ хуулийн 13 дугаар зүйл, энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тооцож улсын төсвөөс олгох бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймаг, нийслэлийн салбар комисс хяналт тавина.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.2.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан нөхөх олговор авах эрх бүхий хүн нөхөх олговор олгож өгөхийг хүссэн өргөдлөө байнга оршин суугаа сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасагт гаргана. Уг өргөдөлд хэлмэгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай болон түүнд нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэрийн хуулбарыг хавсаргана.

16.3.Сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасаг өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг үндэслэн нөхөх олговрыг тухайн хүнд олгох бөгөөд тэргүүн ээлжинд 60 буюу түүнээс дээш настай болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүст тус тус олгоно.

16.4.Нөхөх олговрыг энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст тэгш хувааж олгох боловч тэдний бичгээр гаргасан хүсэлтийн дагуу аль нэгэнд нь олгож болно.

16.5.Нөхөх олговор олгоход ямар нэгэн татвар, хураамж авахгүй.

16.6.Сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасаг нөхөх олговрыг олгосон тухай бүртгэл хөтөлж, тайлан гаргана.

16.7.Нөхөх олговортой холбогдсон бүртгэлийн маягт гаргах, түүнд бичилт хийх, тайлан гаргах журмыг Сангийн сайд батална.

17 дугаар зүйл.Нөхөх олговрын талаар гомдол гаргах

Хэвлэх

17.1.Нөхөн олговрын хэмжээг тодорхойлох, түүнийг олгохтой холбогдсон гомдлыг аймаг, нийслэл, дүүргийн санхүүгийн хэлтсийн даргад, санхүүгийн хэлтсийн даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл Сангийн яаманд, Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын дээд шүүхэд тус тус гаргана. Холбогдох байгууллага гомдлыг хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах

18 дугаар зүйл.Хэлмэгдэгчийг цагаатгасан тухай олон түмэнд мэдээлэх

Хэвлэх

18.1.Энэ хуулийн дагуу цагаатгагдсан хэлмэгдэгчийн овог, нэр, товч намтар, хэрхэн хэлмэгдүүлсэн болон цагаатгасан тухай төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон түмэнд үнэ төлбөргүй мэдээлнэ.

19 дүгээр зүйл.Хэргийн материалтай танилцах

Хэвлэх

19.1.Цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний төрөл садан нь хэрэгсэхгүй болгосон хэргийн баримт сэлттэй танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахгүй баримт сэлтийн хуулбарыг авч болно. Ийнхүү авсан баримт сэлтийг тухайн хэрэгт холбогдолтой хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд харшаар ашиглахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20 дугаар зүйл.Хувийн баримт сэлтийг эргүүлэн авах

Хэвлэх

20.1.Цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний төрөл садан нь хэрэгсэхгүй болгосон хэрэгт хавсаргагдсан гар бичмэл, гэрэл зураг зэрэг хувийн баримт сэлтийг эргүүлэн авах эрхтэй.

21 дүгээр зүйл.Цагаатгагдсан хэлмэгдэгч нас барсан тухай мэдээлэх

Хэвлэх

21.1.Цагаатгагдсан хэлмэгдэгч хэлмэгдүүлэлтийн явцад нас барсан бол түүний хэргийг архивлан хадгалж байгаа байгууллага хэзээ, ямар шалтгаанаар нас барсан болон оршуулсан газрын тухай, хэрэв энэ талаар холбогдох баримт сэлт байхгүй бол энэ тухайгаа сонирхогч этгээдэд мэдээлнэ.

22 дугаар зүйл.Цол, шагналыг буцаан олгох

Хэвлэх

22.1.Цагаатгагдсан хэлмэгдэгчид хэлмэгдүүлсний улмаас хассан улсын алдар цол, одон, медаль, Засгийн газрын шагнал, цэргийн болон тусгай цолыг олгосон байгууллага нь уг хүнийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн буцаан олгоно.

23 дугаар зүйл.Орон сууц олгох

Хэвлэх

23.1.Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн биелэлтийг хангах

24 дүгээр зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага

Хэвлэх

24.1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс /энэ хуульд цаашид "Улсын комисс" гэх/, аймаг, нийслэлийн хэмжээнд аймаг, нийслэлийн салбар комисс, сум, хорооны хэмжээнд тухайн Засаг дарга хяналт тавина.

24.2.Улсын комисс нь улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг нь хангуулах чиг үүрэг бүхий төрийн орон тооны бус байгууллага мөн.

24.3.Улсын комисс нь дарга, 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Улсын комиссын дарга нь Улсын Их Хурлын дэд дарга байна. Улсын комиссын гишүүдийг Улсын комиссын даргын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. Улсын комиссын нарийн бичгийн дарга орон тооны байна.

24.4.Улсын комиссын дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

24.5.Улсын комиссын болон түүний ажлын албаны төсвийг Сангийн сайд батална. Аймаг, нийслэлийн салбар комиссыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

24.6.Улсын комисс нь үйл ажиллагаагаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тайлагнана.

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

25.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26 дугаар зүйл.Хориглох зүйл

Хэвлэх

26.1.Үй олноор хоморголон хэлмэгдүүлэх, аймаглан устгах, алан хядахыг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвтгөх, сурталчлах, шагшин магтахыг хориглоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

27 дугаар зүйл.Гомдол гаргах

Хэвлэх

27.1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийг хэрэглэхтэй холбогдсон гомдлыг энэ хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд гаргана.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ