A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

/шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ерөнхий зүйл

Ерөнхий зүйл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хувь хүний орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчээс бусад хувь хүний орлогод албан татвар ногдуулах харилцааг энэ хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."гадаад улсад олсон орлого" гэж албан татвар төлөгчийн гадаад улсад хөдөлмөр эрхлэх, үйл ажиллагаа явуулах, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, эрх өмчлөх, эзэмших, ашиглах, шилжүүлэх, худалдах замаар олсон орлого болон мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг;

4.1.2."малчин өрх" гэж хувийнхаа өмчийн малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг;

4.1.3."мал бүхий этгээд" гэж энэ хуулийн 4.1.2-т зааснаас бусад мал өмчилж байгаа хувь хүнийг;

4.1.4."суутгагч" гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Албан татвар төлөгч

5 дугаар зүйл. Албан татвар төлөгч

Хэвлэх

5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга оршин суугч болон Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэж ангилна.

6 дугаар зүйл. Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч

Хэвлэх

6.1.Дараахь хувь хүнийг Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж үзнэ:

6.1.1.Монгол Улсад оршин суух байртай;

6.1.2.тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад амьдарсан;

6.1.3.гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч.

6.2.Энэ хуулийн 6.1.2-т заасан хугацааг Монгол Улсын хилээр орсон өдрөөс хуанлийн хоногоор тоолох бөгөөд олон удаа орж гарсан тохиолдолд албан татвар төлөгчийн Монгол Улсад байсан хоногийн нийлбэрээр тодорхойлно.

6.3.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүд нь Монгол Улсад оршин суугчид хамаарахгүй.

7 дугаар зүйл. Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч

Хэвлэх

7.1.Монгол Улсад оршин суух байргүй, тухайн жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суугаагүй хувь хүн нь оршин суугч бус албан татвар төлөгч байна.

7.2.Оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсад байсан хугацааг энэ хуулийн 6.2-т заасны дагуу тодорхойлно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Албан татвар ногдох орлого, албан татвараас чөлөөлөх орлого

8 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого

Хэвлэх

8.1.Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна:

8.1.1.цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

8.1.2.үйл ажиллагааны орлого;

8.1.3.хөрөнгийн орлого;

8.1.4.хөрөнгө борлуулсны орлого;

8.1.5./Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.1.6.шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого;

8.1.7.урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал;

8.1.8.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого;

8.1.9.шууд бус орлого.

8.1.10.бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Албан татвар ногдох орлогыг тодорхойлох

Хэвлэх

9.1.Дор дурдсан журмыг баримтлан албан татвар ногдох орлогыг тодорхойлно:

9.1.1.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад улсад олсон орлогод албан татвар ногдуулна;

9.1.2.Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогод албан татвар ногдуулна;

9.1.3.албан татвар төлөгч өөрөө буюу түүний өмнөөс хөрөнгө оруулсан, хуримтлуулсан бол уг хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг албан татвар төлөгч нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол оруулсан хөрөнгө, хуримтлалын дүнг албан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогын дүнд оруулан тооцно;

9.1.4.бараа, ажил, үйлчилгээний хэлбэрээр хийгдсэн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгоно;

9.1.5.харилцан хамаарал бүхий этгээдүүд зах зээлийнхээс хямд, эсхүл өндөр үнээр хоорондоо бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн, бараа, хөрөнгө шилжүүлсэн бол харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон татварын алба тодорхойлно.

9.2.Гадаад валютаар олсон орлого, гарсан зардлыг төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн ханшийг үндэслэнэ.

10 дугаар зүйл. Харилцан хамаарал бүхий этгээд

Хэвлэх

10.1.Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол "харилцан хамаарал бүхий этгээд" гэж үзнэ:

10.1.1.тухайн албан татвар төлөгчийн эцэг, эх, хүүхэд, өвөө, эмээ, ач, зээ бол;

10.1.2.тухайн албан татвар төлөгчийн ах, эгч, дүү, эсхүл тэдний хүүхэд бол;

10.1.3.тухайн албан татвар төлөгчийн эхнэр, нөхөр, эсхүл тэдний эцэг, эх, хүүхэд, ах, эгч, дүү бол;

10.1.4.тухайн албан татвар төлөгчийн буюу энэ хуулийн 10.1.1-10.1.3-т заасан харилцан хамаарал бүхий хувь хүний хяналтад байдаг хуулийн этгээд.

11 дүгээр зүйл. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого

Хэвлэх

11.1.Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараахь орлого хамаарна:

11.1.1.ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;

11.1.2.ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого;

11.1.3.ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг;

11.1.4.төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;

11.1.5.гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал;

11.1.6.үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого.

12 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого

Хэвлэх

12.1.Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараахь орлогыг хамруулна:

12.1.1.эмч, хуульч, өмгөөлөгч, архитекторч, нягтлан бодогч, багш зэрэг мэргэжлээр ажиллаж олсон үйлчилгээний орлого;

12.1.2.хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого.

12.2.Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна.

13 дугаар зүйл. Хөрөнгийн орлого

Хэвлэх

13.1.Хөрөнгийн орлогод дараахь орлого хамаарна:

13.1.1.түрээсийн орлого;

13.1.2.эрхийн шимтгэлийн орлого;

13.1.3.ногдол ашгийн орлого;

13.1.4.хүүгийн орлого;

13.1.5.өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийг бусдад ашиглуулснаас олсон орлого.

13.2.Түрээсийн орлогод хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлсний орлого хамаарна.

13.3.Эрхийн шимтгэлийн орлогод дараахь төлбөр хамаарна:

13.3.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны төлбөр;

13.3.2.Патентийн тухай хуульд заасан шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар ашигласны төлбөр;

13.3.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу барааны тэмдэг ашигласны төлбөр;

13.3.4.Технологи дамжуулах тухай хуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр;

13.3.5.үйлдвэрлэл, худалдааны талаархи болон шинжлэх ухааны туршилттай холбогдсон мэдээллийг ашигласны төлбөр;

13.3.6.энэ хуулийн 13.3.1-13.3.5-д заасантай адилтгах бусад эрх ашигласны төлбөр.

13.4.Энэ хуулийн 13.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь хүртээх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна.

13.5.Энэ хуулийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг /бонд/, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү, анз хамаарна.

14 дүгээр зүйл. Хөрөнгө борлуулсны орлого

Хэвлэх

14.1.Хөрөнгө борлуулсны орлогод дараахь орлого хамаарна:

14.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;

14.1.2.хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;

14.1.3.хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого.

14.1.4.газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлого. Борлуулалт гэдэгт тухайн газар эзэмших, ашиглах эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцохыг мөн ойлгоно.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

15 дугаар зүйл. Шууд бус орлого

Хэвлэх

15.1.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна:

15.1.1.үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн, түүнчлэн бэлнээр олгосон унааны мөнгө;

15.1.2.орон сууцны ашиглалтын зардлын төлбөр, бэлнээр олгосон байрны хөлс, түлшний зардал;

15.1.3.бэлнээр олгосон хоолны мөнгө, түүнчлэн үзвэр үйлчилгээний олговор;

15.1.4.ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлсний зардал;

15.1.5.ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;

15.1.6.арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;

15.1.7.энэ хуулийн 15.1.1–15.1.6-д заасантай адилтгах бусад орлого.

15.2.Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дараахь шууд бус орлогыг албан татвар ногдох орлогод хамааруулахгүй:

15.2.1.тухайн ажлын байранд ажлын цагаар ажиллуулдаг цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцөлөөр хоолоор хангасан;

15.2.2.суурин газраас алслагдсан ажлын байранд ажилладаг ажиллагсдыг амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчилсэн;

15.2.3.орон сууц худалдан авах, барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;

15.2.4.эмчилгээний зардал.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан шууд бус орлогыг ажил олгогчоос уг орлогыг олгохтой холбогдон гарсан зардлын дүнгээр тодорхойлно.

16 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого

Хэвлэх

16.1.Дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:

16.1.1.хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;

16.1.2.донорын олговор;

16.1.3.албан томилолтын зардал;

16.1.4.даатгалын нөхөн төлбөр;

16.1.5.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;

16.1.6.хууль тогтоомжийн дагуу олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн үнэ;

16.1.7.гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдэд үзүүлж байгаа тусламж;

16.1.8.энэ хуулийн 6.3-т заасан хувь хүний цалин, нэмэгдэл;

16.1.9.энэ хуулийн 16.1.8-д заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн гадаад улсад олсон орлого;

16.1.10.хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого;

16.1.11.Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал;

16.1.12.хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.

16.1.13.малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого.

/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

16.1.14.Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого.

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

16.1.15.албан татвар төлөгчийн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого.

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.1.16.мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд.

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.1.17.соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн хандив.

/Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.1.18.нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлого.

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

16.1.19.Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээдүүд хоорондоо газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон энэ хуулийн 8.1.10-т заасан орлого.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.2.Албан татвар ногдох орлогын дүнд албан татвараас чөлөөлөгдөх орлого хамаарахгүй.

16.3.Энэ хуулийн 16.1.14-т заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг ,16.1.15-д заасан тоног төхөөрөмж, бараа, материалын жагсаалтыг тус тус Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

17 дугаар зүйл. Цалин хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Хэвлэх

17.1.Цалин хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:

17.1.1.энэ хуулийн 11.1.1, 11.1.6-д заасан орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр;

17.1.2.энэ хуулийн 11.1.2-11.1.5-д заасан орлогын тухайд нийлбэр дүнгээр нь.

18 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Хэвлэх

18.1.Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасч, 12.2, 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөнө.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан хасагдах зардал баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайн үйл ажиллагаатай холбоогүй, түүнчлэн албан татвар төлөгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй.

18.3.Албан татвар төлөгчийн гэр бүлийн гишүүдэд олгосон хөдөлмөрийн хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээтэй хувь тэнцүүлэн бодож хасагдах зардалд тооцно.

18.4.Албан татвар төлөгч нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнээс өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулсан байвал тэдгээрийг хасагдах зардалд тооцохгүй.

18.5.Албан татвар төлөгч нь үйл ажиллагаа эрхлэхэд ашиглаж байгаа машин, механизм, тоног төхөөрөмж, барилгыг гэр бүлийнхээ хэрэгцээнд нэгэн зэрэг ашиглаж байгаа бол ашиглалтын зардлыг хувь тэнцүүлэн тооцож хасагдах зардалд тусгана.

19 дүгээр зүйл. Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Хэвлэх

19.1.Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:

19.1.1.хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос тухайн хөрөнгийг түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зөрүүгээр нь;

19.1.2.эрхийн шимтгэлийн орлогыг дүнгээр нь;

19.1.3.ногдол ашгийн орлогыг дүнгээр нь;

19.1.4.хүүгийн орлогыг дүнгээр нь;

19.1.5.өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгөө бусдад ашиглуулж олсон орлогыг дүнгээр нь.

19.2.Албан татвар төлөгчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж татан буугдсан бол тухайн аж ахуйн нэгжийн үлдсэн эд хөрөнгийг худалдаж олсон орлогоос татвар төлөгчийн хүртсэн хувийг тодорхойлохдоо түүний хувь нийлүүлэхдээ гаргасан зардлыг хасч тооцно.

19.3.Албан татвар ногдуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг тодорхойлохдоо албан татвар төлөгчийн тухайн банкин дахь нийт хадгаламжийн хүүгийн орлогоос энэ хуулийн 16.1.16-д заасан чөлөөлөгдөх хадгаламжийн хүүгийн орлогыг хасч тооцно.

/Энэ хэсгийгг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20 дугаар зүйл. Хөрөнгө борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Хэвлэх

20.1.Хөрөнгө борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:

20.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогыг дүнгээр нь;

20.1.2.хувьцаа борлуулсны орлогын тухайд түүнийг борлуулсан үнээс уг хувьцааг худалдаж авсан үнийг хассан зөрүүгээр нь;

20.1.3.хамтран эзэмшиж байсан хувьцааг борлуулсан бол энэ хуулийн 20.1.2-т заасны дагуу хассан зөрүүг тодорхойлсны дараа тухайн албан татвар төлөгчид ногдох хэсгийн үнийн дүнгээр нь;

20.1.4.хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хассан зөрүүгээр нь;

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.1.5.хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогоос тухайн хөрөнгийг худалдан авсан болон ийнхүү худалдан авахтай холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр нь.

20.1.6.газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13-т заасан аргачлалаар тогтоосон дүнгээр;

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

21 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

22 дугаар зүйл. Бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Хэвлэх

22.1.Дор дурдсан орлогод ногдуулах албан татварыг дараахь байдлаар тодорхойлно:

22.1.1.шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр;

22.1.2.урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн шагналын орлогын дүнгээр;

22.1.3.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр;

22.1.4.шууд бус орлогод ногдуулах албан татварыг тухайн орлогын дүнгээр.

22.1.5.бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлогыг Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу шууд бус аргаар тодорхойлсон дүнгээр.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

221дүгээр зүйл.Оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Хэвлэх

221.1.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

221.2.Оршин суугч бус албан татвар төлөгчид орлого олгогч этгээд нь суутгагчийн үүрэг хүлээж энэ хуулийн 221.1-д заасны дагуу тодорхойлсон орлогод албан татвар ногдуулж, суутгал хийнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ТАВДУГААР БҮЛЭГ

23 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ

Хэвлэх

23.1.Энэ хуулийн 17 дугаар зүйл, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.2.Энэ хуулийн дараахь зүйл, заалтад дурдсан орлогод дор дурдсан хувь, хэмжээгээр тооцож албан татварыг тусгайлан ногдуулна:

23.2.1.энэ хуулийн 20.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;

23.2.2.энэ хуулийн 22.1.1-22.1.2-т заасан орлогын дүнд 5 хувиар;

23.2.3.энэ хуулийн 22.1.3-т заасан орлогын дүнд 40 хувиар.

23.2.4.энэ хуулийн 18, 19 дүгээр зүйл, 20.1.2-20.1.5-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар;

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

23.2.5.энэ хуулийн 221дүгээр зүйлд зааснаар тодорхойлсон орлогын дүнд 20 хувиар.

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

23.2.6.энэ хуулийн 20.1.6, 22.1.5-д заасан орлогын дүнд 10 хувиар.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

23.3./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ 

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

Хэвлэх

24.1.Энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод ногдох жилийн албан татварт дараахь хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:

Д/д Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/
2018 он 2019 он ба түүнээс хойш
1 0-6 000 000 хүртэл 160 000 240 000
2 6 000 000-12 000 000 хүртэл 140 000 220 000
3 12 000 000-18 000 000 хүртэл 120 000 200 000
4 18 000 000-24 000 000 хүртэл 100 000 180 000
5 24 000 000-30 000 000 хүртэл 80 000 160 000
6 30 000 000-36 000 000 хүртэл 60 000 140 000
7 36 000 000 ба түүнээс дээш - -

/Энэ хэсэгт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.2./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24.3./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24.4./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24.5.Дор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу тариалсан Монгол Улсад оршин суугч хувь хүний зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:

24.5.1.үр тариа;

24.5.2.төмс, хүнсний ногоо;

24.5.3.жимс, жимсгэнэ;

24.5.4.тэжээлийн ургамал.

24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.

25 дугаар зүйл. Гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэх

Хэвлэх

25.1.Хувь хүнээс гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ 

Албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах

26 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, төсөвт төлөх

Хэвлэх

26.1.Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална:

26.1.1.энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар, 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар, 12.2, 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан орлогын дүнд 23.2.4-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

/Энэ хэсгийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.1.2.энэ хуулийн 11.1.1-д заасан албан татварыг сар бүрийн эцэст ногдуулж, мөн хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх;

26.1.3.энэ хуулийн 11.1.2-11.1.5-д заасан албан татварыг тухай бүр нь ногдуулж, мөн хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх;

26.1.4.энэ хуулийн 11.1.6-д заасан албан татварыг уг орлогыг олгох тухай бүрт ногдуулж, мөн хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх;

26.1.5.аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг албан татвар төлөгч нь энэ хуулийн 16.1.12, 24.6-д заасан хөнгөлөлт эдлэх бол татварын алба ажил олгогчтой албан татварын жилийн эцсийн тооцоо хийхдээ уг хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцох;

26.1.6.банк, санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ энэ хуулийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх.

26.1.7.суутгагч нь энэ хуулийн 221дүгээр зүйлд заасан орлогыг оршин суугч бус албан татвар төлөгчид олгох тухай бүр энэ хуулийн 23.2.5-д заасан хувиар албан татвар ногдуулж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх.

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

26.2.Суутгагч энэ хуулийн 26.1.2-26.1.5-д зааснаар гүйцэтгэсэн ажиллагааг албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулна.

26.3.Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ.

27 дугаар зүйл. Албан татварыг төсөвт төлөх

Хэвлэх

27.1.Албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо энэ хуулийн дагуу өөрөө үнэн зөв тодорхойлж, дор дурдсан хугацаанд албан татварыг төсөвт төлнө:

27.1.1./Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

27.1.2.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг энэ хуулийн 23.2.1-д заасан хувиар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор;

27.1.3.түрээсийн орлогод ногдох албан татварыг энэ хуулийн 23.1-д заасан хувиар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор;

27.1.4.энэ хуулийн 12 дугаар зүйл, 13.1.5, 14.1.2, 14.1.3-т заасан орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар тооцон улирал тутам албан татвар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор.

27.1.5.гадаад улсад олсон энэ хуулийн 13.1.4-т заасан мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татварыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл энэ хуулийн 23.1-д заасан хувиар, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ хуулийн 23.2.4-т заасан хувиар ногдуулан дараа сарын 10-ны дотор.

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

27.2.Албан татвар төлөгч энэ хуулийн 11.1.6, 12 дугаар зүйл, 13.1.1, 14.1.2, 14.1.3-т заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар, 8.1.6-д заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.2.2-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулан төлж, албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ.

27.3./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

27.4./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

271дугаар зүйл. Албан татварт хасалт хийх, буцаан олгох

Хэвлэх

271.1.Хувь хүн энэ хуулийн 16.1.12-т заасны дагуу албан татвар ногдох орлогын чөлөөлөлт, 24.6-д заасны дагуу албан татварын хөнгөлөлт эдлэх бол тухайн хувь хүний холбогдох төсөвт төлөх албан татвар, албан татвар ногдох орлогыг хасч тооцож болно.

271.2.Энэ хуулийн 271.1-д заасны дагуу тухайн жилд хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараахь байдлаар зохицуулна:

271.2.1.дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох;

271.2.2.хууль тогтоомжийн дагуу орон нутгийн төсөвт төлөх бусад төрлийн албан татварын төлбөрт шилжүүлэн тооцох.

271.3.Энэ хуулийн 271.1-д заасны дагуу тухайн жилд хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд албан татвар ногдвол зохих хувь хүний орлогын дүнгээс их байвал татварын алба дараагийн сар, улирал, жилд ногдох албан татвар ногдох орлогын дүнд шилжүүлэн тооцно.

271.4.Илүү төлсөн албан татварыг дор дурдсан журмаар албан татвар төлөгчид буцаан олгоно:

271.4.1.албан татварыг илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр гаргах;

271.4.2.харьяалах татварын алба энэ хуулийн 271.4.1-д зааснаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, буцааж олгох албан татварын хэмжээг тодорхойлон, энэ тухайгаа албан татвар төлөгчид бичгээр мэдэгдэж, албан татвар төлөгчийн нэр, регистрийн дугаар, харилцагч банкны дансны дугаар, буцааж олгох албан татварын хэмжээг тодорхойлсон саналыг ажлын 5 өдөрт багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид хүргүүлэх;

271.4.3.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж энэ хуулийн 271.4.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох.

271.5.Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

271.6.Буцаан олгох албан татвар нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 20 хувиас хэтрэхгүй байна.

/Энэ зүйлийг 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

28 дугаар зүйл. Албан татварын тайланг хүргүүлэх хугацаа

Хэвлэх

28.1.Суутгагч нь энэ хуулийн 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.2-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ.

28.2.Энэ хуулийн 8.1.6, 11.1.6, 12.1.1, 12.1.2, 12.2, 13.1.1, 13.1.5, 14.1.2, 14.1.3, 15 дугаар зүйлд заасан орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Бусад

29 дүгээр зүйл. Албан татвар төлөгчийг бүртгэх

Хэвлэх

29.1.Үндэсний татварын алба албан татвар төлөгчийг дараахь журмаар бүртгэнэ:

29.1.1.албан татвар төлөгч нь тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлж, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авах;

29.1.2.албан татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авахдаа бүртгэлийн маягт авч бөглөх;

29.1.3.татварын алба нь татвар төлөгчийн дугаар бүхий гэрчилгээг татвар төлөгчид олгох;

29.1.4.суутгагч нь иргэнд орлого олгох бүрдээ түүний татвар төлөгчийн дугаарыг орлого олгосон тухай баримтад тэмдэглэж, иргэн бүрт олгосон орлого, түүнд ногдуулан суутгасан албан татварын хэмжээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам өссөн дүнгээр гаргаж мэдэгдэх.

29.2.Энэ хуулийн 29.1.2, 29.1.3-т дурдсан маягт, гэрчилгээний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

30.1.Энэ хуулийг 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

30.2.Энэ хуулийн 13.1.3, 13.1.4-т заасан орлогод 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар ногдуулна.

/Энэ хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ