- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.
ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь цахим болон тоон гарын үсгийг хэрэглэх эрх зүйн үндсийг тодорхойлж, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомж
2.1.Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.2.Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна.
3.3.Цахим хэлбэрээр хэлцэл /гэрээ/ хийхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."цахим гарын үсэг" гэж цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан цахим өгөгдлийг;
4.1.2."тоон гарын үсэг" гэж цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн бүрдэл болох цахим гарын үсгийн төрлийг;
4.1.3."криптограф" гэж мэдээллийг нуух аргачлалыг судалдаг математикийн салбар шинжлэх ухааныг;
4.1.4."цахим баримт бичиг" гэж мэдээллийн технологийн техник хэрэгсэл, программм хангамж ашиглан үүсгэх, илгээх, хүлээн авах, хадгалах боломжтой цахим өгөгдлийг;
4.1.5."тоон гарын үсгийн хувийн түлхүүр гэж тоон гарын үсгийг үүсгэх, өгөгдлийг тайлах зориулалттай тэмдэгтийн давтагдашгүй дарааллыг;
4.1.6."тоон гарын үсгийн нийтийн түлхүүр /цаашид "нийтийн түлхүүр" гэх/" гэж тухайн тоон гарын үсгийн хувийн түлхүүртэй математик хамааралтай, өгөгдлийг нууцлах, тоон гарын үсгийг шалгах зориулалттай тэмдэгтийн дарааллыг;
4.1.7."тоон гарын үсэг эзэмшигч" гэж тоон гарын үсгийн гэрчилгээнд заасан тоон гарын үсгийн нийтийн түлхүүр эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг;
4.1.8."тоон гарын үсгийн гэрчилгээ" гэж тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олгосон тоон гарын үсэг эзэмших эрх, тоон гарын үсгийн нийтийн түлхүүр, холбогдох бусад мэдээллийг агуулсан, баталгаажуулсан цахим баримт бичгийг;
4.1.9."тоон гарын үсгийн мэдээллийн сан" гэж тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олгосон тоон гарын үсгийн гэрчилгээ, түүнийг түдгэлзүүлсэн, сунгасан, хүчингүй болгосон тухай мэдээллийг агуулсан санг;
4.1.10."тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлийн нэгж" гэж тоон гарын үсэг эзэмших тухай өргөдлийг хүлээн авах, бүртгэх, мэдээллийг магадлан шийдвэрлэх, татгалзах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, зөвлөгөө өгөх эрх бүхий этгээдийг;
4.1.11."нийтийн түлхүүрийн дэд бүтэц" гэж тоон гарын үсгийн хувийн болон нийтийн түлхүүрийг үүсгэх, зохион байгуулах, хуваарилах, хэрэглэх, хадгалах болон хүчингүй болгох, түүнийг цахим харилцаанд нэвтрүүлж ашиглахтай холбогдсон тогтолцоог;
4.1.12."тоон гарын үсгийн хэрэгсэл" гэж тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан цахим баримт бичгийн тоон гарын үсгийг үүсгэх, эсхүл тоон гарын үсгийн нийтийн түлхүүр ашиглан цахим баримт бичгийн бүрдэл хэсэг болох тоон гарын үсгийг шалгах, эсхүл тоон гарын үсгийн нийтийн болон хувийн түлхүүрийг үүсгэх боломж олгож байгаа техник хэрэгсэл, программм хангамжийг;
4.1.13."гэрчилгээжүүлэх бодлого" гэж гэрчилгээний нэр төрөл, зохион байгуулалт, гэрчилгээ олгох байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, төлбөр, хураамж, нууцлал, аудит, бүртгэлийн талаар баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.14."гэрчилгээжүүлэх ажиллагааны журам" гэж тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагааны үндсэн дэг, аюулгүй байдлын хяналтыг тодорхойлсон баримт бичгийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ БОЛОН ТООН ГАРЫН ҮСГИЙГ ХЭРЭГЛЭХ
5 дугаар зүйл.Цахим гарын үсгийг хэрэглэх
5.1.Хуульд өөрөөр заагаагүй бол цахим гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хэрэглэнэ.
5.2.Хэрэглэгчийн цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй.
6 дугаар зүйл.Тоон гарын үсгийг хэрэглэх
6.1.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх/-ээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээгээр баталгаажсан тоон гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцно.
6.2.Тоон гарын үсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээ бүхий иргэн, хуулийн этгээд хэрэглэж болно.
6.3.Төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээд цахим баримт бичгийг бусдад шилжүүлэх, дамжуулахдаа зөвхөн тоон гарын үсэг хэрэглэнэ.
6.4.Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмыг Засгийн газар батална.
6.5.Иргэний хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцэл /гэрээ/-ээс бусад, хуульд бичгээр хийхээр заасан хэлцэл /гэрээ/-ийг цахим хэлбэрээр хийж болно.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6.6.Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч нь хуулийн этгээд бол цахим баримт бичигт тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсгийг хэрэглэнэ.
6.7.Тоон гарын үсгийг хэрэглэхтэй холбогдсон, энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
7 дугаар зүйл.Тоон гарын үсгийн хэрэгсэл
7.1.Тоон гарын үсэг тухайн тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч этгээдэд хамаарах эсэх болон тухайн цахим баримт бичиг бүрэн бүтэн эсэхийг тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглан шалгана.
7.2.Тоон гарын үсгийг бүтээх болон тоон гарын үсгийн хувийн түлхүүр /цаашид "хувийн түлхүүр" гэх/-ийг хадгалахад дараах шаардлагыг хангасан тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглана:
7.2.1.тоон гарын үсэг бүхий цахим баримт бичгийн агуулгад өөрчлөлт орсон эсэхийг тогтоох боломжтой байх;
7.2.2.тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг таних боломжтой байх;
7.2.3.тоон гарын үсгийг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоох боломжтой байх;
7.2.4.хувийн түлхүүрийг хууль бусаар ашиглахаас сэргийлэх нөхцөлийг хангасан байх;
7.2.5.хувийн түлхүүр болон тоон гарын үсгийн нийтийн түлхүүр /цаашид "нийтийн түлхүүр" гэх/-ийг үүсгэх, дамжуулахдаа түүний давтагдашгүй байдал болон нууцлалыг хангасан байх.
8 дугаар зүйл.Тамга орлуулах
8.1.Тамга дарсан буюу дарах ёстой баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулах /хүлээн авах/ тохиолдолд энэ хуулийн 6.2, 6.5-д заасан тоон гарын үсгээс гадна тамга дарж баталгаажуулах эрх бүхий этгээдийн тоон гарын үсгийг давхар хэрэглэнэ.
9 дүгээр зүйл.Нээлттэй мэдээлэл
9.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах мэдээллийг өөрийн цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулж, тогтмол шинэчилнэ:
9.1.1.энэ хуулийн 11.1, 11.2-т заасан мэдээлэл;
9.1.2.тоон гарын үсгийн гэрчилгээ олгох журам;
9.1.3.тоон гарын үсгийн гэрчилгээг хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээх тухай мэдэгдэл;
9.1.4.хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тоон гарын үсгийн гэрчилгээтэй холбоотой мэдээлэл;
9.1.5.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ
10 дугаар зүйл.Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох
10.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 34.1.5-д заасан журмын дагуу хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээ /цаашид "гэрчилгээ" гэх/ олгож болно.
10.2.Иргэн, хуулийн этгээд тоон гарын үсгийн гэрчилгээ авах өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлийн нэгжид гаргана.
10.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаараар нь энэ хуулийн 10.1-д заасан иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгана.
10.4.Энэ хуулийн 10.2-т заасан этгээд нь энэ хуулийн 10.3-т заасан мэдээллийн үнэн зөвийг шалган дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
10.4.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдээлэл үнэн зөв бол гэрчилгээ олгох;
10.4.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлийн нэгж /цаашид "бүртгэлийн нэгж" гэх/ мэдээлэл үнэн зөв бол тухайн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгуулахаар өргөдлийг хүсэлт гаргагчийн бөглөсөн маягтын хамт тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх;
10.4.3.хүсэлт гаргагчийн мэдээлэл нь буруу, зөрүүтэй бол өргөдлийг хүсэлт гаргагчид буцаах.
10.5.Энэ хуулийн 10.2-т заасан этгээд гэрчилгээ олгохын өмнө дараах зүйлийг хүсэлт гаргагчид тайлбарлаж таниулах үүрэгтэй:
10.5.1.хуульд өөрөөр заагаагүй бол тоон гарын үсгийг хэрэглэснээр ердийн гарын үсгийг хэрэглэсэнтэй адил эрх зүйн үр дагавар үүсэх тухай;
10.5.2.гэрчилгээг эзэмших, ашиглах техникийн болон бусад нөхцөлийн тухай;
10.5.3.хувийн түлхүүрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай.
10.6.Гэрчилгээг тоон гарын үсгийг ашиглах зааврын хамт тоон гарын үсэг эзэмшигчид олгох бөгөөд энэ тухай тоон гарын үсгийн мэдээллийн санд бүртгэнэ.
11 дүгээр зүйл.Гэрчилгээний агуулга
11.1.Гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:
11.1.1.гэрчилгээ олгосон этгээдийн нэр, хаяг;
11.1.2.тоон гарын үсэг эзэмшигчийн нэр, цахим хаяг;
11.1.3.гэрчилгээний дугаар, гэрчилгээ олгосон он, сар, өдөр;
11.1.4.гэрчилгээний хүчинтэй байх хугацаа;
11.1.5.нийтийн түлхүүр;
11.1.6.нийтийн түлхүүрийг баталгаажуулсан криптограф хувиргалтын нэрс.
11.2.Гэрчилгээ эзэмшигчийн хүсэлтээр энэ хуулийн 11.1-д зааснаас гадна дараах мэдээллийг гэрчилгээнд нэмж тусгаж болно:
11.2.1.тоон гарын үсгийг хэрэглэх эрхэд хийсэн хязгаарлалт;
11.2.2.тоон гарын үсгийг хэрэглэн хийх хэлцэл /гэрээ/-ийн үнийн дүнгийн хэмжээнд хийсэн хязгаарлалт;
11.2.3.бусад.
12 дугаар зүйл.Гэрчилгээний хугацаа
12.1.Гэрчилгээг 2 хүртэл жилийн хугацаагаар олгоно.
13 дугаар зүйл.Гэрчилгээг түдгэлзүүлэх
13.1.Зөрчил илэрсэн, гэрчилгээ эзэмшигчийн хүсэлтээр маргааныг хянаж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн зөрчлийг шалгаж, арилгах хүртэл гэрчилгээг түдгэлзүүлж, зөрчил арилснаар гэрчилгээг сэргээнэ.
14 дүгээр зүйл.Гэрчилгээг хүчингүй болгох
14.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрчилгээг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
14.1.1.гэрчилгээний хугацаа дуусгавар болсон;
14.1.2.хувийн түлхүүр задарсан, задрах боломж бүрдсэн тухай тоон гарын үсэг эзэмшигч тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэн;
14.1.3.гэрчилгээ эзэмшигч гэрчилгээгээ хүчингүй болгуулахоор бичгээр хүсэлт гаргасан;
14.1.4.гэрчилгээ эзэмшигч иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан;
14.1.5.гэрчилгээг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
14.1.6.гэрчилгээ эзэмшигч энэ хуулийн 16.2-т заасан үүргээ биелүүлээгүй.
15 дугаар зүйл.Гэрчилгээг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тухай мэдэгдэх
15.1.Гэрчилгээг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ тухай тоон гарын үсэг эзэмшигчид мэдэгдэж, холбогдох мэдээллийг зургаан цагийн дотор тоон гарын үсгийн мэдээллийн санд оруулна.
16 дугаар зүйл.Гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг
16.1.Гэрчилгээ эзэмшигч дараах эрх эдэлнэ:
16.1.1.тоон гарын үсгийг хэрэглэх;
16.1.2.гэрчилгээг хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээлгэх тухай хүсэлт гаргах;
16.1.3.хууль тогтоомжид заасан бусад эрх.
16.2.Гэрчилгээ эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:
16.2.1.хувийн түлхүүрийг бусдад шилжүүлэхгүй байх;
16.2.2.хувийн түлхүүрийн нууцлалыг найдвартай хадгалах;
16.2.3.хувийн түлхүүрийг бусад этгээд мэдсэн, эсхүл мэдэх үндэслэлтэй гэж үзвэл энэ тухай харилцагч тал болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэн даруй мэдэгдэх;
16.2.4.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
16.3.Гэрчилгээ эзэмшигч өөрийн буруугаас хувийн түлхүүрийг алдсан, хувийн түлхүүрийн нууцыг задалснаас үүдсэн хариуцлагыг хүлээнэ.
17 дугаар зүйл.Гадаад улсын тоон гарын үсгийн гэрчилгээ
17.1.Гадаад улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу олгосон гэрчилгээг Монгол Улсад ашиглаж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
18 дугаар зүйл.Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
18.1.Гэрчилгээ олгох үйл ажиллагааг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/-аас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.
18.2.Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/-ийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа компанид олгож болно.
18.3.Хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах бол тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй.
19 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих ерөнхий шаардлага
19.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах нөхцөлийг хангасан байна:
19.1.1.өөрийн гэрчилгээжүүлэх бодлого, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг олон улсын стандартын дагуу боловсруулж, баталсан байх;
19.1.2.төрийн захиргааны байгууллагаас тогтоосон санхүүгийн, хүний нөөцийн, техникийн, технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх.
20 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
20.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч өргөдөлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4, Харилцаа холбооны тухай хуулийн 13.2.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
20.1.1.гэрчилгээжүүлэх бодлого;
20.1.2.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журам.
21 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл олгох
21.1.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангасан тусгай зөвшөөрөл хүссэн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгож болно.
21.2.Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн аваад дараах ажиллагааг явуулна:
21.2.1.өргөдлийг бүртгэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;
21.2.2.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;
21.2.3.хүсэлт гаргагч нь энэ хуулийн 19.1-д заасан нөхцөлийг хангасан эсэхийг биечлэн шалгасны үндсэн дээр тухайн нөхцөлийг хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгож болох тухай мэдэгдлийг өгөх;
21.2.4.мэдэгдэл хүлээн авсан этгээд хариуцлагын даатгалд даатгуулж, холбогдох материалыг ирүүлсний дараа тусгай зөвшөөрлийг олгох.
21.3.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж бичгээр буюу цахим шуудангаар хариу өгнө.
21.4.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор нийтэд мэдээлнэ.
21.5.Энэ хуулийн 21.2.4-т заасан хариуцлагын даатгалын үнэлгээний доод хэмжээг төрийн захиргааны байгууллага тогтооно.
22 дугаар зүйл.Хураамж
22.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлнө.
23 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа
23.1.Тусгай зөвшөөрлийг дөрвөн жилийн хугацаагаар олгоно.
24 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах
24.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.
24.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
24.2.1.тусгай зөвшөөрлийн хуулбар;
24.2.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
24.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг сунгах, эсэх тухай шийдвэр гаргана.
24.4.Тусгай зөвшөөрлийг дөрвөн жилийн хугацаагаар сунгана.
24.5.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд холбогдох тэмдэглэл хийнэ
24.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө гэрчилгээ эзэмшигчид энэ тухай мэдэгдэнэ.
25 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
25.1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу түдгэлзүүлнэ.
26 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглох
26.1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т зааснаар худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хориглоно.
27 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
27.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
27.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
27.1.2.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
27.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
27.1.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
27.1.5.хувийн түлхүүрийг алдсан, хувийн түлхүүрийн нууцыг задруулсан.
27.2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.2-т заасан журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдөрт багтаан цахим хуудсаар нийтэд мэдээлэх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үндэслэлийг тодорхой заана.
27.3.Энэ хуулийн 27.2-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
27.4.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 27.3-т заасан нотлох баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгох бөгөөд үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.
27.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 27.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
28 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл
28.1.Тусгай зөвшөөрөл дараах үндэслэлээр дуусгавар болно:
28.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;
28.1.2.төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
28.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл дуусгавар болоход тусгай зөвшөөрлийг үүсгэн хадгалж байгаа тоон гарын үсгийн мэдээллийн сангийн хамт төрийн захиргааны байгууллагад өгнө.
28.3.Энэ хуулийн 28.2-т заасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдийн үүсгэн хадгалж байгаа тоон гарын үсгийн мэдээллийн санг гэрээний үндсэн дээр өөр тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлнэ.
28.4.Энэ хуулийн 28.3-т заасан тохиолдолд тоон гарын үсэг эзэмшигчийн эзэмшиж байгаа гэрчилгээний хугацаа, нөхцөл хэвээр хадгалагдана.
29 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
29.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:
29.1.1.гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
29.1.2.төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу гэрчилгээ олгох үйлчилгээний хөлсийг тогтоох;
29.1.3.хэрэглэгчийн хүсэлтээр нийтийн түлхүүр үүсгэх;
29.1.4.бүртгэлийн нэгж байгуулан ажиллуулах, бусад этгээдээр гэрээний дагуу бүртгэлийн нэгжийн үүргийг гүйцэтгүүлэх;
29.1.5.иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаар нь энэ хуулийн 10.1-д заасан иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээллийг шалгах;
29.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.
29.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:
29.2.1.өөрийн байгууллагын эзэмшиж байгаа хувийн түлхүүрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах;
29.2.2.төрийн захиргааны байгууллагаас тогтоосон техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан үйл ажиллагаа явуулах;
29.2.3.гэрчилгээтэй холбоотой бүртгэл хөтлөх, гэрчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх;
29.2.4.төрийн захиргааны байгууллага, улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг хугацаанд нь биелүүлж хариу мэдэгдэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
29.2.5.төрийн захиргааны байгууллагаас шаардсаны дагуу гэрчилгээний бүртгэл, хяналтын талаарх үнэн, бодит мэдээлэл өгөх;
29.2.6.тусгай зөвшөөрөл болон түүнийг авахад бүрдүүлсэн материалд заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ талаар ажлын гурван өдрийн дотор төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэх;
29.2.7.гэрчилгээний мэдээллийн үнэн, бүрэн байдалд ноцтой нөлөөлж болох хүчин зүйлсийн талаар гэрчилгээ эзэмшигчид бүртгэлийн нэгжээр дамжуулан мэдэгдэх;
29.2.8.гэрчилгээг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, гэрчилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
29.2.9.олон улсын стандартад нийцсэн тоон гарын үсгийн хэрэгсэл, аюулгүй, найдвартай, дэвшилтэт технологи ашиглах;
29.2.10.үйл ажиллагаандаа хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөх;
29.2.11.тоон гарын үсэг эзэмшигчийн хувь хүний нууцыг задруулахгүй, гэрчилгээнд зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулахгүй байх;
29.2.12.энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийг өөрийн цахим хуудсанд байрлуулан тогтмол шинэчлэх;
29.2.13.гэрчилгээг энэ хуульд заасан журмын дагуу шалгах боломж бүрдүүлэх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хуурамч гэрчилгээ олгохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах;
29.2.14.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
29.3.Энэ хуулийн 29.2.12-т заасан "тогтмол шинэчлэх" гэдгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахим хуудсанд байрлуулах энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийг долоо хоног тутам нэгээс доошгүй удаа буюу шаардлагатай тохиолдолд тухай бүр шинэчлэхийг ойлгоно.
30 дугаар зүйл.Бүртгэлийн нэгж
30.1.Энэ хуулийн 29.1.4-т заасан бүртгэлийн нэгж нь дараах үүрэг хүлээнэ:
30.1.1.хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөх;
30.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглах;
30.1.3.хэрэглэгчийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид дамжуулахдаа нийтийн түлхүүрийг хуулбарлаж авахгүй байх.
31 дүгээр зүйл.Гэрчилгээтэй холбогдох бүртгэл хөтлөх
31.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрчилгээ олгох үйл ажиллагааны талаархи мэдээллийг бүрдүүлэх, шалгах боломжийг хангах зорилгоор гэрчилгээтэй холбогдох бүртгэл /цаашид "бүртгэл" гэх/ хөтөлнө.
31.2. Бүртгэлд дараах мэдээллийг тусгана:
31.2.1.гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон;
31.2.2.цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийг биелүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор авсан арга хэмжээний тухай;
31.2.3.энэ хуулийн 10.2-т заасны дагуу энэ хуулийн 10.1-д заасан иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгасан тухай;
31.2.4.энэ хуулийн 10.3-т заасан зүйлийг энэ хуулийн 10.1-д заасан иргэн, хуулийн этгээдэд тайлбарлаж таниулсан тухай;
31.2.5.бусад.
32 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглох зүйл
32.1.Гэрчилгээ эзэмшигч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглоно:
32.1.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;
32.1.2.төрийн захиргааны байгууллага, харилцаа холбооны улсын байцаагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
32.1.3.шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, прокурорын зөвшөөрөлтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН ТҮЛХҮҮРИЙН ДЭД БҮТЦИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
33 дугаар зүйл.Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
33.1.Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
33.1.1.нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх;
33.1.2.нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангахдаа шаталсан тогтолцоог баримтлах;
33.1.3.гадаад улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагаатай үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааг нийцүүлэх чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
33.1.4.гэрчилгээжүүлэх бодлого, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журамд тавигдах шаардлагыг тодорхойлох;
33.1.5.энэ хуулийн 18.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
33.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
34 дүгээр зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх
34.1.Харилцаа холбооны зохицуулах хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
34.1.1.нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглахтай холбогдсон нийтлэг дүрэм, журам, заавар боловсруулж батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
34.1.2.нийтийн түлхүүрийн дэд бүтцийн стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;
34.1.3.гэрчилгээ олгох үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах;
34.1.4.гэрчилгээ олгохтой холбогдсон нийтлэг журмыг боловсруулж батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
34.1.5.тоон гарын үсгийн мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
34.1.6.бүртгэлийн нэгж байгуулах, бүртгэлийн үйл ажиллагаа явуулах журмыг батлах;
34.1.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад
35 дугаар зүйл.Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт
35.1.Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд төрийн захиргааны байгууллага, харилцаа холбооны улсын байцаагч хэрэгжүүлнэ.
35.2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд жилд нэгээс доошгүй удаа шалгалт хийж, дүгнэлт гаргана.
35.3.Төрийн захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий хөндлөнгийн шинжээчээр шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулж болно.
36 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
36.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
36.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Цахим гарын үсгийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A