- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ /Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомж
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомж
2.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Үндсэн хуулийг удирдлага болгож, энэ хуулийг баримтална.
2.2.Энэ хуулиар тогтоосон журмыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, бусад оролцогч дагаж биелүүлнэ.
3 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэх хэмжээ хязгаар
3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан бүх нөхцөлд энэ хуулийн дагуу явагдана.
3.2.Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримтална.
3.3.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хууль гадаадын иргэн, харъяалалгүй хүнд үйлчлэх
4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харъяалалгүй хүний үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа энэ хуульд заасан журмыг баримтална.
4.2.Дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа гадаадын иргэн өөрөө хүссэн, эсхүл зөвшөөрсөн тохиолдолд энэ хуульд заасан журмыг баримтлан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болно.
4.3.Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа этгээдэд холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан хүснэ.
5 дугаар зүйл.Нэр томъёоны тодорхойлолт
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1."байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч" гэж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг;
5.1.2."хэрэг бүртгэх албаны дарга" гэж хэрэг бүртгэлт явуулах байгууллагын хэрэг бүртгэх газар, хэлтэс, тасгийн дарга, түүний орлогчийг;
5.1.3."хэрэг бүртгэгч" гэж хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтныг;
5.1.4."мөрдөн байцаах албаны дарга" гэж мөрдөн байцаалт явуулах байгууллагын мөрдөн байцаах газар, хэлтэс, тасгийн дарга, түүний орлогчийг;
5.1.5."мөрдөн байцаагч" гэж мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;
5.1.6."талууд" гэж шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцээнд оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээдийг;
5.1.7."яллах тал" гэж прокурорыг;
5.1.8."өмгөөлөх тал" гэж шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний төлөөлөгчийг;
5.1.9."оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг;
5.1.10."бусад оролцогч" гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, хөндлөнгийн гэрч, орчуулагч, хэлмэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг;
5.1.11."гэр бүлийн гишүүн" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, тэдэнтэй хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.1.12."үр хүүхэд" гэж төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жичийг;
5.1.13."хууль ёсны төлөөлөгч" гэж хуулийн дагуу тогтоогдсон, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;
5.1.14."төрөл, садангийн хүн" гэж нэг гэр бүлд хамт амьдардаггүй эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жич, төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.1.15."шүүх" гэж Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг;
5.1.16."анхан шатны шүүх" гэж эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг;
5.1.17."давж заалдах шатны шүүх" гэж эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх аймаг, нийслэлийн шүүхийг;
5.1.18."хяналтын шатны шүүх" гэж Улсын дээд шүүхийг;
5.1.19."шүүгч" гэж бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг;
5.1.20."прокурор" гэж бүх шатны прокурорын газрын прокурорыг;
5.1.21."цагаатгах тогтоол" гэж шүүгдэгчийн гэм буруугүйг нотолсон шүүхийн шийдвэрийг;
5.1.22."шийтгэх тогтоол" гэж шүүгдэгчийг гэм буруутайг нотолж, түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг;
5.1.23."магадлал" гэж давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг;
5.1.24."тогтоол" гэж Улсын дээд шүүхээс анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг хянаад гаргасан шийдвэр; хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос гаргасан яллах дүгнэлтээс бусад шийдвэр; эрүүгийн хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж гаргасан цагаатгах, шийтгэх тогтоолоос бусад шүүхийн шийдвэрийг;
5.1.25."шүүгчийн захирамж" гэж эрүүгийн хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж гаргасан цагаатгах, шийтгэх тогтоолоос бусад шүүгч дангаараа гаргасан шийдвэрийг;
5.1.26."прокурорын дүгнэлт" гэж прокуророос шүүх хуралдаан дээр гаргасан саналыг;
5.1.27."шөнийн цаг" гэж тухайн өдрийн 22 цагаас дараа өдрийн 06 цаг хүртэлх хугацааг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, зарчим
6 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт
6.1.Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино.
7 дугаар зүйл. Хуулиар тогтоосон үндэслэл, журмаас гадуур сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж, ял шийтгэж болохгүй
7.1.Энэ хуулиар тогтоосон үндэслэл, журмаас гадуур хэнийг ч сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж, ял шийтгэж болохгүй.
8 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх
8.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.
8.2.Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ хуулийн 8.1-ийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, түүнд хариуцлага хүлээлгэнэ.
8.3.Шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй.
8.4.Шүүх хэрэглэж байгаа хууль нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэж үзвэл тухайн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал гаргах ба Улсын дээд шүүх нь уг саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.
9 дүгээр зүйл. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх
9.1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ.
10 дугаар зүйл. Хүний халдашгүй байх эрхийг хангах
10.1.Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй.
10.2.Прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч шинжилгээ хийлгэхээр эмнэлгийн байгууллагад байлгах, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч цагдан хорихыг хориглоно.
10.3.Прокурор нь хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, хорих ял эдэлж байгаа буюу эмнэлгийн байгууллагад байгаа, эсхүл хууль болон шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар хоригдож байгаа этгээдийг нэн даруй суллах үүрэгтэй.
10.4.Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.
10.5.Сэжигтнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг заавал сануулна.
11 дүгээр зүйл. Иргэний орон байрны халдашгүй байдлыг хангах
11.1.Иргэний орон байр нь халдашгүй байна.
11.2.Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэн ч иргэний орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орох эрхгүй.
11.3.Орон байранд хийх нэгжлэгийг прокурорын зөвшөөрлөөр энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэнэ.
12 дугаар зүйл. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хамгаалах
12.1.Иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах ба энэхүү эрхийг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж болно.
13 дугаар зүйл. Гэм буруугүйд тооцох
13.1.Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.
13.2.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.
14 дүгээр зүйл. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх
14.1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
15 дугаар зүйл.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах
15.1.Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
15.2.Албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
15.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн бусдаас нөлөөлөл үзүүлэхээр завдсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
16 дугаар зүйл. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох
16.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.
16.2.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй.
16.3.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.
16.4.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдээс нь түүний эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хориглоно.
16.5.Энэ хуулийн 16.4-т заасан этгээд өөрөө мэдүүлэг өгөх хүсэлт гаргавал түүнд мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг нь тайлбарласны эцэст Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийг сануулан мэдүүлэг авна.
17 дугаар зүйл. Шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах
17.1.Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана. Анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно.
17.2.Шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргийг прокурор хүлээнэ.
17.3.Өмгөөлөгч нь шүүгдэгчийг өмгөөлөхийн тулд хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хууль зүйн туслалцаа үзүүлнэ.
17.4.Талууд шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлахад оролцох, хүсэлт гаргах, хэрэгт ач холбогдол бүхий ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх талаар эрх тэгш байна.
18 дугаар зүйл. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн өмгөөлүүлэх эрхийг хангах
18.1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй.
18.2. Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийг өмгөөлүүлэх бололцоогоор заавал хангах үүрэгтэй.
19 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагаа явуулах хэл, бичиг
19.1.Байцаан шийтгэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна.
19.2.Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч этгээд нь монгол хэл мэддэггүй бол өөрийн эх буюу мэддэг хэл, бичгээр, хараагүй, хэлгүй, дүлий этгээд дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар мэдүүлэг өгөх, гомдол гаргах, шүүх хуралдаанд үг хэлэх, хэргийн холбогдох бүх материалтай бүрэн танилцах эрхээр хангагдана.
20 дугаар зүйл. Байцаан шийтгэх ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрх
20.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэслэл
21 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа заавал явуулах
21.1.Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй.
21.2.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь байцаан шийтгэх ажиллагааны бүрэн эрхээ аль нэг байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ.
22 дугаар зүйл. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг илрүүлэх
22.1.Эрүүгийн хэргийг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг илрүүлж, түүнийг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй.
23 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох иргэний эрх
23.1.Хохирогч нас барсан буюу насанд хүрээгүй, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь энэ хуульд заасан журмын дагуу байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан этгээд нь байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед гаргасан гомдлоосоо татгалзах эрхтэй.
24 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлууд
24.1.Дор дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно:
24.1.1.гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй;
24.1.2. хөөн хэлэлцэх хугацаа дууссан;
24.1.3. гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүмүүст холбогдох нөхцөл байдал шинээр илэрснээс уг хэргийг сэргээн хэлэлцэх явдал үүнд хамаарахгүй/;
24.1.4.тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа;
24.1.5.хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, хэргээ сайн дураараа илчлэн ирсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан;
24.1.6.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай шинж чанараа алдсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол.
/Дээрх 24.1.5, 24.1.6 дахь заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
24.2.Эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад энэ хуулийн 24.1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх шүүн таслах ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана.
24.3.Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, түүний өмгөөлөгч, энэ хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
24.4.Энэ хуулийн 24.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай хохирогчид мэдэгдэх ба хохирогч уг шийдвэрийн талаар энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.
25 дугаар зүйл. Хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох
25.1.Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.2. Энэ хуулийн 25.1-д заасан хэргийн хохирогч нь яллагдагчийн эрхшээлд байгаагаас, эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй ба энэ тохиолдолд хэргийг шүүхэд шилжүүлж шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
25.3.Энэ хуулийн 25.1 дэх хэсэгт заасан ажиллагаа Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгах гэмт хэрэгт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах төрийн байгууллага, албан тушаалтан
26 дугаар зүйл. Хэрэг бүртгэх эрх бүхий байгууллага
26.1.Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулна.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
26.2.Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн 263.1. /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.1./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/,266.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 270.1./Хээл хахууль зуучлах/, 273.1./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулна.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
26.3. Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 26.2-т зааснаас бусад хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулна.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах байгууллага
27.1.Тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч:
-Эрүүгийн хуулийн 79/Эх орноосоо урвах/, 80/Тагнуул хийх/, 81/Төр, нийгмийн зүтгэлтэний амь биед халдах/, 82/Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/, 83/Зэвсэгт үймээн дэгдээх/, 84/Хорлон сүйтгэх/, 85/Хорлон саатуулах/, 86/Үндэсний эв нэгдлийг бусниулах/, 87/Төрийн нууц задруулах/, 88/Төрийн нууц мэдээ, баримт бичиг, биет зүйлийг үрэгдүүлэх/, 89/Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх/,133/Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/, 177/Зандалчлах/, 178/ Зандалчлах тухай санаатай худал мэдээлэх/, 1781/Терроризм/, 1782/Терроризмыг санхүүжүүлэх/, 1783 /Терроризмыг сурталчлах/, 224.2/Олон улсын нислэгийн журам зөрчих/, 297/Зэвсэгт мөргөлдөөн гаргах/, 300/Үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, олж авах, тараах, 301/Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст халдан довтлох/; 302/Төрлөөр устгах/, 303/Хөлсний цэрэг ашиглах / дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.
-Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 113 /Хүн худалдаалах/, 1661/Мөнгө угаах/, 175/Эд зүйлийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
27.2.Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн болон энэ хуулийн 27.1-т зааснаас бусад тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
27.3.Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нь Эрүүгийн хуулийн 263.2./Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.2./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265.2/Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266.2./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268/Хээл хахууль авах/, 269/Хээл хахууль өгөх/, 270.2./Хээл хахууль зуучлах/, 2701/Хууль бусаар хөрөнгөжих/, 273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйл болон өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 1661/Мөнгө угаах/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
27.4.Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч нь энэ хуулийн 27.1, 27.3-т зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна.
/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28 дугаар зүйл. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
28.1. Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэгч, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулж, анх хэргийг шалгаж эхэлсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч түүнийг шалгаж дуусгах үүрэг хүлээнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
28.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
28.2.1. эрүүгийн хэрэг үүсгэх;
28.2.2. эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт гаргах;
28.2.3 хэргийн газарт үзлэг хийх, зураглал үйлдэх, дууны болон дүрс бичлэг хийх;
28.2.4.сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоох, шинжээч томилох, хөндлөнгийн гэрчээр оролцуулах;
28.2.5. энэ хуулийн 62.1.1-62.1.4-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг авах;
28.2.6. баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах, түүнийг өөрчлөх саналыг прокурорт тавих;
28.2.7. энэ хуулийн 72 дугаар зүйлд заасан албадлагын бусад арга хэмжээ авах;
28.2.8. эд мөрийн баримт болон бусад нотлох баримт цуглуулах, энэ хуулийн 28.2.4-т заасан болон хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч болох бусад этгээдийг байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;
28.2.9. эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах;
28.2.10. үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө битүүмжлэх буюу хамгаалах арга хэмжээ авах;
28.2.11. энэ хуулийн заалтыг ягштал баримтлан яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээ авах;
28.2.12. прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүх асуудлыг бие даан шийдвэрлэж, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох эцсийн хариуцлага хүлээх;
28.2.13. энэ хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд прокуророос өгсөн даалгаврыг заавал биелүүлэх, эс зөвшөөрвөл 5 хоногийн дотор дээд шатны прокурорт бичгээр санал гаргах;
28.2.14. гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд зайлшгүй хийвэл зохих гүйцэтгэх ажлыг эрх бүхий байгууллагад даалгавар бичиж гүйцэтгүүлэх;
28.2.15. өөр орон нутагт байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, түүнчлэн гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай бол энэ тухай даалгаврыг бичгээр гаргах ба түүнийг хүлээн авсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага заасан хугацаанд заавал биелүүлж хариуг цугларсан нотлох баримтын хамтаар хүргүүлэх.
28.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас тодорхой хэргийг шалгах явцад энэ хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан тогтоолыг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.
29 дүгээр зүйл. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны даргын эрх хэмжээ
29.1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга гэмт хэргийг шалгах үед дор дурдсан эрх эдэлнэ:
29.1.1 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах замаар гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шуурхай зохицуулалт хийх;
29.1.2. хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах үүргийг нэг буюу хэд хэдэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгах;
29.1.3. хэргийг нэг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас нөгөө хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид шилжүүлэх;
29.1.4. шаардлагатай гэж үзвэл хэргийн материалтай биечлэн танилцах, байцаан шийтгэх тодорхой ажиллагаанд оролцох, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид бичгээр үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;
29.1.5. шаардлагатай тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг биечлэн явуулж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн эрх эдлэх.
30 дугаар зүйл. Прокурор
30.1. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоно.
30.2. Прокурор байцаан шийтгэх ажиллагаанд оролцохдоо энэ хуулийн 193, 195 дугаар зүйлд заасан болон хуулиар олгосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
31 дүгээр зүйл. Шүүх
31.1.Эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагааг гагцхүү Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.
32 дугаар зүйл. Шүүх бүрэлдэхүүн
32.1.Хөнгөн, хүндэвтэр хэргийг шүүгч дангаар, хүнд, онц хүнд хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр анхан шатны журмаар сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
32.2.Хөнгөн, хүндэвтэр хэрэг ээдрээ төвөгтэйн улмаас шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл шүүгч энэ тухай саналаа гаргаж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг томилж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
32.3. Аймаг, нийслэлийн шүүх давж заалдах шатны журмаар хэргийг З шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
32.4. Улсын дээд шүүх нь хуулиар харьяалуулсан тохиолдолд хэргийг анхан шатны журмаар, анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй хэргийг талуудын гомдлоор хяналтын журмаар 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр тус тус хянан шийдвэрлэнэ.
32.5. Хуульд тусгайлан заасан тохиолдолд Улсын дээд шүүх хэргийг нийт шүүгчдийн дийлэнх олонхийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
32.6.Эрүүгийн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн захирамж гарган томилно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
33.1. Шүүх нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
33.1.1. шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, түүнд ял оногдуулах;
33.1.2.шүүгдэгч гэм буруутай нь тогтоогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах;
33.1.3. сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгчид баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах;
33.1.4. эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ хэрэглэх.
34 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг
34.1.Иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогчид асуулт тавих эрхтэй бөгөөд нотлох баримтыг судалж үнэлсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа бичгээр гаргах эрхтэй. Иргэдийн төлөөлөгч саналаа шүүх хуралдаанд уншиж сонсгож болно.
/Дээрх 34.1,дахь хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34.2.Шүүх анхан шатны журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхэд 3 хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.
/Дээрх 34.2 дахь хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
34.3. Иргэдийн төлөөлөгчид санал зөрсөн тохиолдолд саналаа тус тусдаа гаргаж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
Өөрийн болон төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч
35 дугаар зүйл. Сэжигтэн
35.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, дор дурдсан этгээдийг сэжигтнээр тооцож, үндэслэл бүхий тогтоол гаргана:
35.1.1. уг этгээдийг гэмт хэрэг үйлдэж байх үед буюу үйлдсэн дор нь барьсан;
35.1.2. гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогч буюу харсан хүн шууд заасан;
35.1.3. уг этгээдийн бие, хувцас, эд зүйл, орон байранд гэмт хэргийн ул мөр тодорхой илэрч олдсон;
35.1.4. уг этгээд хэргээ илчлэн ирсэн;
35.1.5. гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий бусад баримт байгаа бол.
35.2. Сэжигтэн нь дор дурдсан эрх эдэлнэ :
35.2.1. ямар хэрэгт сэрдэгдэж байгаагаа мэдэх;
35.2.2. өөртэй нь холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн, баривчилсан буюу таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолтой танилцах;
35.2.3. баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;
35.2.4. мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах;
35.2.5. эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;
35.2.6. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
35.2.7. өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах;
35.2.8.өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах;
35.2.9. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр байцаан шийтгэх ажиллагаанд оролцох;
35.2.10. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;
35.2.11. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх.
35.3.Сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.
35.4.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ямар хэрэгт сэрдэгдэж байгааг сэжигтэнд тэр даруй, түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид нь 48 цагийн дотор мэдэгдэнэ.
36 дугаар зүйл. Яллагдагч
36.1.Энэ хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоол үйлдэж, ял сонсгосон этгээдийг яллагдагч гэнэ.
36.2.Шүүхэд шилжсэн яллагдагчийг шүүгдэгч, шүүгдэгчийн хувьд шийтгэх тогтоол гарсан бол ялтан гэж тус тус нэрлэнэ.
36.3.Яллагдагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
36.3.1.ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх;
36.3.2.яллагдагчаар татсан болон таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолтой танилцах;
36.3.3.өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах;
36.3.4.өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах;
36.3.5.сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах;
36.3.6.мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах;
36.3.7.баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;
36.3.8. өөрт холбогдсон хэргийн материалтай танилцах;
36.3.9.шүүх хуралдаанд оролцох;
36.3.10.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
36.3.11.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагаанд гомдол гаргах;
36.3.12.шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй танилцах;
36.3.13.эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;
36.3.14.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр өөрийн болон өмгөөлөгч, төлөөлөгчийнхээ хүсэлтээр хийлгэж байгаа байцаан шийтгэх тодорхой ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах тухай хүсэлт гаргах;
36.3.15. шүүх хуралдаанд эцсийн үг хэлэх;
36.3.16. шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
36.3.17. бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцах, түүнд тайлбар өгөх;
36.3.18. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх.
36.4. Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.
36.5. Яллагдагч нь дараахь үүрэг хүлээнэ:
36.5.1. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирэх;
36.5.2. биед үзлэг хийх, шинжилгээ хийхээр эмнэлгийн байгууллагад шилжүүлэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тогтоол болон байцаан шийтгэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад шийдвэрийг биелүүлэхэд саад хийхгүй байх;
36.5.3. шүүх хуралдааны дэгийг сахих.
37 дугаар зүйл. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч
37.1. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулна.
37.2. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч байцаан шийтгэх ажиллагаанд энэ хуулийн 364-377 дугаар зүйлд заасан журмын дагуу оролцоно.
38 дугаар зүйл. Өмгөөлөгч
38.1. Хуульд заасан журмын дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа этгээдийг өмгөөлөгч гэнэ.
38.2. Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно.
38.3.Энэ хуулийн 172.3-т заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлсэн, ийм ажиллагаа явуулаагүй бол гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон үеэс эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрхтэй.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
38.4.Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй.
39 дүгээр зүйл. Өмгөөлөгчийг сонгон авах, солих
39.1. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.
39.2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн зөвшөөрснөөр буюу хүссэнээр түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгчийг сонгон авч болно.
39.3.Нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болно.
39.4.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй.
39.5.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн сонгож авсан өмгөөлөгч уг хэрэгт оролцох боломжгүй болсон, түүнчлэн өмгөөлөгчөөсөө татгалзсан бол өөр өмгөөлөгч сонгон авна.
40 дүгээр зүйл. Өмгөөлөгчийг заавал оролцуулах
40.1.Дор дурдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулна:
40.1.1.хэлгүй, дүлий, хараагүй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй;
40.1.2. насанд хүрээгүй;
40.1.3. монгол хэл, бичиг мэддэггүй;
40.1.4. цаазаар авах ялаар шийтгэгдэж болох;
40.1.5. хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;
40.1.6.төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан.
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
40.2. Энэ хуулийн 40.1-д заасан тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, түүнчлэн түүний хүссэнээр буюу зөвшөөрснөөр бусад этгээд өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй.
41 дүгээр зүйл. Өмгөөлөгчийн эрх, үүрэг
41.1. Өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, шүүхээс товлосон хугацаанд ирж байцаан шийтгэх ажиллагаанд оролцох үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
41.2. Хэрэгт оролцох талаар тохиролцсон буюу томилогдсон үеэс өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн үүргээс татгалзах, хууль бусаар нотлох баримт цуглуулах эрхгүй.
41.3. Өмгөөлөгч нь дараахь эрх эдэлнэ:
41.3.1. хэрэгт оролцох үеэс эхлэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчтой ганцаарчлан уулзах, тэдгээрийг байцаахад байлцах, асуулт тавих;
41.3.2. энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад нотлох баримтыг цуглуулах талаар хүсэлт тавих, гаргаж өгөх, түүнийгээ шалгуулан хавтаст хэрэгт тусгуулах;
41.3.3. хохирогч, гэрч, шинжээчийг байцаахад байлцаж, тэдгээрт асуулт тавих;
41.3.4. өмгөөлж байгаа этгээдийнхээ болон өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байлцаж тухайн ажиллагаанд оролцож байгаа гэрч, шинжээч, бусад этгээдэд аль ч үед асуулт тавих;
41.3.5. өөрийн байлцсан байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай саналаа бичгээр гаргах;
41.3.6. өөрсдийнх нь зөвшөөрснөөр иргэн, хуулийн этгээдээс тайлбар, баримт бичиг, тодорхойлолт гаргуулж авах;
41.3.7. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
41.3.8. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад үл хамаарах нотлох баримтыг өөрийн зардлаар хувилах, хуулбарлан авах;
41.3.9. шүүх хуралдаанд оролцох;
41.3.10. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;
41.3.11.өмгөөлж байгаа сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих асуудлыг шүүхэд шийдвэрлэхэд хүсэлтээрээ байлцаж, шүүхэд санал гаргах;
41.3.12.давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд хүсэлтээрээ оролцох.
42 дугаар зүйл. Хохирогч
42.1.Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ.
42.2. Иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
42.3.Хохирогч, түүний төлөөлөгч нь дараахь эрх эдэлнэ:
42.3.1. өмгөөлөгч авах /энэ заалт нь төлөөлөгч өмгөөлөгчөөр оролцож байгаа тохиолдолд хамаарахгүй/;
42.3.2. баримт сэлт гаргаж өгөх;
42.3.3. нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;
42.3.4. шүүх хуралдаанд оролцох;
42.3.5. шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих;
42.3.6. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;
42.3.7. эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;
42.3.8. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах;
42.3.9. гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх; 42.3.10. цагаатгах буюу шийтгэх тогтоолын хувийг авах, түүнд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах;
42.3.11. бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцаж тайлбар гаргах;
42.3.12. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах.
42.4. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүн эдэлнэ.
42.5. Хохирогч нь дараахь үүрэг хүлээнэ :
42.5.1. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн дуудсанаар ирэх;
42.5.2. хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх;
42.5.3. өөрт илэрхий болсон хэргийн талаархи баримт сэлтийг задруулахгүй байх;
42.5.4. шүүх хуралдаан болон байцаан шийтгэх ажиллагааны журмыг сахих.
42.6.Хохирогч мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзсан, зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
43 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэгч
43.1.Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.
43.2. Иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
43.3. Иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь дараахь эрх эдэлнэ:
43.3.1.хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт гаргаж өгөх;
43.3.2.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд өөрийн нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авахыг хүсэх;
43.3.3.шүүх хуралдаанд оролцох;
43.3.4.гаргасан нэхэмжлэлээ дэмжих, татгалзах;
43.3.5.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан үед хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтэй танилцах;
43.3.6.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
43.3.7.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;
43.3.8.шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах.
43.4.Иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбогдсон өөрт байгаа баримт сэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шаардсанаар гаргаж өгөх үүрэгтэй.
44 дүгээр зүйл. Иргэний хариуцагч
44.1.Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
44.2. Иргэний хариуцагчаар татах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
44.3.Иргэний хариуцагч, түүний төлөөлөгч нь дараахь эрх эдэлнэ:
44.3.1.нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх;
44.3.2.нэхэмжлэлийн талаар тайлбар өгөх;
44.3.3.баримт сэлт, хүсэлт гаргах;
44.3.4.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан үед хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтэй танилцах;
44.3.5.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
44.3.6.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;
44.3.7.шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогч
45 дугаар зүйл. Гэрч
45.1.Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ.
45.2. Гэрчийг энэ хуулийн 143 дугаар зүйлд заасан журмаар дуудаж байцаана.
45.3. Дараахь хүмүүсийг гэрчээр байцааж болохгүй:
45.3.1. тухайн хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн шүүгч;
45.3.2. өмгөөлөх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч;
45.3.3. өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон.
45.3.4.үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч.
/Энэ заалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
45.4.Гэрч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
45.5.Гэрч нь дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр цагдаагийн байгууллага албадан ирүүлнэ.
45.6.Гэрч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
45.7.Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй.
/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
46 дугаар зүйл. Шинжээч
46.1. Шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахын тулд зохих байгууллагын шинжээч, тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг шинжээчээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоолоор, шүүгч захирамжаар томилно.
46.2. Шинжээч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, тавигдсан асуултын дагуу дүгнэлт гаргана.
46.3. Шинжээч нь тавигдсан асуулт түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн буюу ирүүлсэн баримт сэлт нь дүгнэлт гаргахад дутагдалтай байвал дүгнэлт гаргах боломжгүй тухайгаа шинжилгээ хийлгэхээр даалгасан байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.
46.4. Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
46.4.1. хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй нь танилцах;
46.4.2. дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэгдэл баримт сэлт ирүүлэхийг хүсэх;
46.4.3. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлтэйгээр хүмүүсийг байцаахад ба мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагааг явуулахад байлцах, байцаагдаж байгаа хүмүүст шинжилгээтэй холбогдох асуулт тавих.
46.5. Шинжээч нь дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр цагдаагийн байгууллага албадан ирүүлнэ.
46.6. Шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.
46.7. Тогтоол, захирамжид заасан шинжилгээний дүгнэлт гаргах хугацааг шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
47 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч
47.1.Энэ хуулийн 19.2-т заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилох тухай шийдвэр гаргаж уг этгээдэд танилцуулна.
47.2.Орчуулагч, хэлмэрч нь дуудсан цагт ирж орчуулах, хэлмэрчлүүлэхээр даалгасан үүргийг бүрэн, зөв биелүүлэх үүрэгтэй.
47.3.Орчуулагч, хэлмэрч санаатайгаар худал орчуулсан, хэлмэрчилсэн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
47.4.Энэ зүйлд заасан журам нь хэлгүй, дүлий хүний дохиог мэддэг хэлмэрчид нэг адил хамаарна.
48 дугаар зүйл.Хөндлөнгийн гэрч
48.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр байцаан шийтгэх тодорхой ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд оролцсон иргэнийг хөндлөнгийн гэрч гэнэ.
48.2.Хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байна.
48.3.Хөндлөнгийн гэрч нь өөрийнхөө оролцсон байцаан шийтгэх ажиллагааны талаар гомдол гаргах, байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах тухай санал гаргах эрхтэй.
48.4.Хөндлөнгийн гэрч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирэх, байцаан шийтгэх ажиллагааны журмыг сахиж, нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд, татгалзан гаргах
49 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч оролцож болохгүй үндэслэл
49.1.Шүүгч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь үндэслэл байвал оролцож болохгүй:
49.1.1.гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн хувиар хэрэгт оролцож байгаа, эсхүл оролцохоор бол;
49.1.2.хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садан, эсхүл шүүгдэгчийн буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн төрөл, садан, түүнчлэн улсын яллагч, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн төрөл, садан байвал;
49.1.3.тухайн хэрэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол;
49.1.4.өөрөө шууд буюу шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол.
49.1.5.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол.
/Энэ заалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
49.2.Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой шүүгч оролцож болохгүй.
49.3.Анхан шатны шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн уг хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орж болохгүй.
50 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл
50.1.Эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.
50.2.Анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл, садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.
/Дээрх 50.1, 50.2 дахь хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
50.3.Хяналтын журмаар хэрэг хэлэлцэхэд оролцсон шүүгч уг хэргийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх, түүнчлэн түүний оролцоотойгоор гаргасан тогтоолыг хүчингүй болгосон бол хяналтын шатны шүүхээр уг хэргийг дахин хянан хэлэлцэхэд оролцож болохгүй.
50.4./Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр саырн 10-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
51 дүгээр зүйл. Шүүгчийг татгалзан гаргах
51.1.Энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан үндэслэл байвал шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй ба энэхүү үндэслэлээр улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болно.
51.2.Татгалзан гаргах асуудлыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шийдвэрлэх боловч шүүхийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл мэдэгдвэл уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө гаргаж болно.
52 дугаар зүйл. Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх журам
52.1.Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч нь бусад шүүгчид уг асуудлын талаар шүүх хуралдааны танхимд тайлбар гаргах эрхтэй.
52.2.Татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэх ба санал тэнцвэл уг шүүгчийг татгалзагдсанд тооцно.
52.3.Шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт нь үндэслэлтэй гэж үзвэл уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.
52.4.Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.
52.5.Энэ хуулийн 52.2 – 52.4-т заасан үндэслэлээр гаргасан шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй.
53 дугаар зүйл. Прокурорыг татгалзан гаргах
53.1.Энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал прокурор байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй.
53.2.Татгалзан гарах үндэслэл байвал байцаан шийтгэх ажиллагаанд оролцохоос прокурор өөрөө татгалзан гарах үүрэгтэй ба энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болно.
53.3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлт гарвал дээд шатны прокурор, шүүх хуралдааны үед татгалзан гаргах тухай хүсэлт гарвал хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.
53.4.Энэ хуулийн 53.3-т заасны дагуу гаргасан шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй.
54 дүгээр зүйл. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг татгалзан гаргах
54.1.Энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож болохгүй.
54.2.Татгалзан гарах үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч өөрөө татгалзан гарах үүрэгтэй ба энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болно.
54.3.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор шийдвэрлэх бөгөөд энэ нь эцсийн шийдвэр байна.
55 дугаар зүйл. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах
55.1.Энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд дурдсан журам шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэг адил хамаарах боловч тухайн шүүх хуралдаанд урьд нь нарийн бичгийн даргаар оролцож байсан явдал нь түүнийг татгалзан гаргах үндэслэл болохгүй.
55.2.Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх ба энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй.
56 дугаар зүйл.pОрчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах
56.1.Энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэл, түүнчлэн орчуулга хийж, хэлмэрчилж болохгүй бусад байдал илэрвэл орчуулагч, хэлмэрч байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй.
56.2.Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болно.
56.3.Тухайн хэрэгт урьд нь орчуулагч, хэлмэрчээр оролцож байсан явдал татгалзан гаргах үндэслэл болохгүй.
56.4.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, харин шүүх хуралдаан дээр татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх ба тэдгээрийн гаргасан шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй.
57 дугаар зүйл.Шинжээчээр оролцож болохгүй байдал
57.1.Шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1-д заасан үндэслэл байвал байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй.
/Энэ зүйлийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
НАЙМДУГААР БҮЛЭГ
Сэжигтнийг баривчлах
58 дугаар зүйл.Сэжигтнийг баривчлах үндэслэл
58.1.Сэжигтэн оргон зугтахыг завдсан, эсхүл хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай баримт байгаа бол түүнийг баривчилж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
59 дүгээр зүйл. Сэжигтнийг баривчлах журам
59.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтнийг баривчлах тухай тогтоол үйлдэж, прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулж шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
59.2.Тогтоолд баривчилсан үндэслэл, шалтгаан, газар, хугацаа /цаг, минут заасан/, биед нь хийсэн үзлэгийн үр дүн, түүнчлэн тэмдэглэл хөтөлсөн хугацааг тусгана.
59.3.Тогтоол, захирамжийг сэжигтэнд танилцуулах ба түүнд энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, түүний дотор өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхтэй болохыг нь тайлбарлаж өгөх ба энэ тухай тэмдэглэлд тусгана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
59.4.Тэмдэглэлд түүнийг хөтөлсөн болон баривчлагдсан этгээд гарын үсэг зурна.
59.5.Хойшлуулшгүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг шууд баривчилж, 24 цагийн дотор тогтоолыг прокурорт болон шүүхэд хүргүүлнэ.
59.6.Шүүгч тогтоолыг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор шаардлагатай гэж үзвэл өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтнийг баривчлах эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
59.7.Баривчлагдсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно.
59.8.Баривчилсан хугацааг сэжигтэнд тогтоол, захирамжийг танилцуулсан үеэс эхлэн тоолно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
60 дугаар зүйл. Сэжигтнийг суллах
60.1.Дор дурдсан тохиолдолд шүүгч захирамж гарган сэжигтнийг суллана:
60.1.1.гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй;
60.1.2.баривчлагдсан этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлгүй бол;
60.1.3.энэ хуулийн 58 дугаар зүйлийг зөрчиж баривчилсан.
60.2.Баривчилснаас хойш 72 цаг дуусч, тухайн этгээдийг цагдан хорих шүүгчийн шийдвэр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид мэдэгдэж, баривчлах байрны дарга түүнийг суллана.
60.3.Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр, хэзээ, хаана, хэний шийдвэрээр баривчилсан, хэзээ, хэний шийдвэрээр сулласан тухай магадлагаа олгоно.
61 дүгээр зүйл. Сэжигтнийг баривчилсан тухай мэдэгдэх
61.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтнийг баривчилсан болон хаана байгааг 24 цагийн дотор түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өмгөөлөгчид нь мэдэгдэх, эсхүл өөрөө мэдэгдэх боломжийг баривчлагдсан этгээдэд олгоно.
61.2.Баривчлагдсан этгээд нь гадаад улсын иргэн бол энэ хуулийн
61.1-д заасан хугацааны дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Таслан сэргийлэх арга хэмжээ
62 дугаар зүйл.Таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл
62.1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болох буюу эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болох, эсхүл гэмт хэрэг үйлдэж болох үндэслэлтэй бол түүнд дараахь таслан сэргийлэх арга хэмжээний аль нэгийг нь авч болно:
62.1.1.оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах;
62.1.2.батлан даалтад өгөх;
62.1.3. эд хөрөнгө барьцаалах;
62.1.4.цэргийн алба хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх;
62.1.5. цагдан хорих.
62.2.Таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн шүүгч авна.
63 дугаар зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарвал зохих байдлууд
63.1.Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлэхэд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх гэмт хэргийн ангилал, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүний эрхэлсэн ажил, албан тушаал, нас, эрүүл мэнд, гэр бүлийн болон бусад байдлыг харгалзана.
64 дүгээр зүйл. Гадагш явж болохгүй тухай баталгаа авах
64.1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс байнга буюу түр оршин суугаа газраасаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй ба дуудсан цагт ирэх тухай баталгааг бичгээр гаргуулж авна.
65 дугаар зүйл. Батлан даалт
65.1. Батлан даалт гэж байнга оршин суух хаягтай, тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгийн эх үүсвэртэй, батлан даагчийн үүргийг бүрэн хүлээх чадвартай, насанд хүрсэн иргэнээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг төлөв томоотой байлгах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж, бичгээр үүрэг авахыг хэлнэ.
65.2.Батлан даагч нь хоёроос доошгүй байна.
65.3.Ямар хэргийн учир таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлбал хүлээлгэх хариуцлагын тухай батлан даагчид мэдэгдэнэ.
65.4.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлбал батлан даагчид энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан торгууль оногдуулж, оргосон этгээдийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг нөхөн төлүүлнэ.
65.5. Торгууль оногдуулах, эрэн сурвалжилсны зардал төлүүлэх талаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.
66 дугаар зүйл. Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх
66.1. Гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа буюу яллагдаж байгаа цэргийн алба хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх гэдэг нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг төлөв томоотой байлгах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт ирүүлж байх талаар цэргийн анги байгууллагын удирдлагаас нь үүрэг хүлээхийг хэлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
66.2. Ямар хэргийн учир таслан сэргийлэх энэ арга хэмжээ авагдсан болохыг цэргийн ангийн удирдлагад мэдэгдэнэ.
67 дугаар зүйл. Эд хөрөнгө барьцаалах
67.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт саадгүй ирж байхыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө баталж, эсхүл түүнийг ирүүлж байх үүргийг бусад хүн, байгууллага хүлээж мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг тусгай дансанд шилжүүлэх буюу бэлнээр өгөхийг эд хөрөнгө барьцаалах гэнэ.
67.2. Эд хөрөнгө барьцаалсан тухай баримт үйлдэж, хуулбарыг барьцаа өгөгчид болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаа этгээдэд гардуулна.
67.3. Барьцааны хэмжээг гэмт хэргийн ангилал болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан тогтооно.
67.4. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй зайлсхийвэл барьцаалсан эд хөрөнгийг шүүгчийн захирамжаар улсын орлого болгоно.
68 дугаар зүйл. Цагдан хорих
68.1.Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно.
68.2.Дараахь нөхцөл байдал байвал хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно:
68.2.1. өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн;
68.2.2. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан;
68.2.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн.
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
68.3.Энэ хуулийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулна. Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
68.4.Энэ хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан журмын дагуу баривчлагдсан сэжигтнийг цагдан хорих бол прокурор тогтоолыг баривчлах хугацаа дуусахаас 6 цагийн өмнө шүүхэд хүргүүлсэн байна.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
68.5. Шүүгч цагдан хорихоос татгалзсан бол сэжигтэн, яллагдагчийг дахин цагдан хорих саналыг зөвхөн цагдан хорих шинэ үндэслэл, шалтгаан бий болсон тохиолдолд шүүхэд ирүүлнэ.
68.6. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл байвал шүүх уг арга хэмжээг хэрэглэж болно.
68.7. Цагдан хорих шийдвэрийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан хугацааны дотор цагдан хоригдсон этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өмгөөлөгчийн аль нэгэнд мэдэгдэнэ.
68.8. Энэ хуулийн 68.2-т заасан үндэслэлийн аль нэг нь байвал жирэмсэн эмэгтэйг эмнэлгийн байгууллагын хяналтан дор цагдан хорьж болно.
68.9. Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн буюу хүнд өвчтэй этгээд, жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй этгээд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд энэ хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
68.10.Сэжигтэн, яллагдагчийг өөр газарт шилжүүлэн цагдан хорих эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүгч захирамж гарган шийдвэрлэх бөгөөд хэрэв шүүх шилжүүлэн хорих саналыг хүлээн авсан бол энэ тухай сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийн гишүүн, эсхүл өмгөөлөгчид 24 цагийн дотор мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
69 дүгээр зүйл. Цагдан хорьж мөрдөх хугацаа, түүнийг сунгах журам
69.1. Сэжигтнийг цагдан хорьж мөрдөх хугацаа 14 хүртэл хоног байна.
69.2. Яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа 2 сар хүртэл байна.
69.3.Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгах бөгөөд яллагдагчийг хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэрэгт 4 сараас, хүнд гэмт хэрэгт 12 сараас, онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтэрч болохгүй.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
69.4.Эрүүгийн хуулийн 81.2/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 84 /Хорлон сүйтгэх/, 91.2/Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/, 145.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/, 177.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зандалчлах/, 302/Төрлөөр устгах/ дугаар зүйлд заасан хэргийн яллагдагчийг энэ хуулийн 69.3-т зааснаас илүү хугацаагаар хорьж мөрдөх шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
69.5.Мөрдөн байцаагч хорьж мөрдөх хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт хүргүүлэх бөгөөд прокурор шүүхэд хүргүүлнэ.
69.6.Шүүгч цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг 72 цагийн дотор хянаж цагдан хорих хугацааг сунгасан, эсхүл сунгахыг татгалзсан захирамж гаргана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
69.7.Нэг хэрэгт дахин, эсхүл тусгаарласан, нэгтгэсэн хэрэгт шинээр цагдан хоригдсон бол өмнө нь цагдан хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно.
69.8.Шүүхээс нэмж мөрдөн байцаалгахаар буцаасан хэргийн яллагдагчийг цаашид хорьж мөрдөх хугацааг энэ хуулийн 69.2-т заасан хугацаанд оруулж тооцно.
69.9.Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа дуусвал тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацаагаар захирамж гарган сунгаж болно.
69.10.Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхдээ шүүгч шаардлагатай гэж үзвэл, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулна.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
70 дугаар зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, өөрчлөх
70.1.Гэмт хэргийн ангилал болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу чангатгаж, хөнгөрүүлж болно.
70.2.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг өмгөөлөгчийн хүсэлт, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг харгалзан хяналт тавьж байгаа прокурор санал гаргах ба шүүгч түүнийг үндэслэн захирамж гарган шийдвэрлэнэ. Уг хэрэг шүүхэд шилжсэн бол шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
70.3.Баривчлах, цагдан хорихоос бусад. прокурорын шийдвэрээр авсан таслан сэргийлэх арга хэмжээг гагцхүү тухайн прокурор буюу дээд шатны прокурор хүчингүй болгож, өөрчилж болно.
71 дүгээр зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ хууль ёсны эсэхэд тавих хяналт
71.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хууль ёсны, үндэслэлтэй эсэхэд прокурор хяналт тавина.
71.2.Сэжигтэн, яллагдагчид цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авах, нэгэнт авсан арга хэмжээг хүчингүй болгох, өөрчлөх шаардлагатай бол уг хэргийн ажиллагаанд хяналт тавьж байгаа, эсхүл дээд шатны прокурор тогтоол гаргаж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид мэдэгдэнэ.
АРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ
72 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ авах үндэслэл
72.1.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмыг хангах зорилгоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид дараахь байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ авах эрхтэй:
72.1.1.дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах;
72.1.2.албадан ирүүлэх;
72.1.3.албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх;
72.1.4.тодорхой эрхийг хязгаарлах;
/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
72.1.5.торгууль оногдуулах.
72.2.Энэ хуульд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь хохирогч, гэрч болон бусад оролцогчид дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах, албадан ирүүлэх, торгууль оногдуулах албадлагын арга хэмжээ авах эрхтэй.
73 дугаар зүйл.Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах
73.1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй нөхцөлд, түүнчлэн гэрч, хохирогч байцаан шийтгэх ажиллагаа явуулах, хэрэг шийдвэрлэхэд хүрэлцэн ирэхгүй гэх хангалттай үндэслэл байгаа буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудахад хүрэлцэн ирээгүй бол уг этгээдээр дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг бичгээр авахуулах ба тухайн этгээд оршин суугаа газрын хаягаа өөрчилсөн тохиолдолд нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээнэ.
74 дүгээр зүйл. Албадан ирүүлэх
74.1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн гэрч, хохирогч, шинжээч нь дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гарган албадан ирүүлнэ.
74.2.Хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд шөнийн цагт албадан ирүүлэхийг хориглоно.
74.3. 14 насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, хүнд өвчний учир ирж чадахгүй этгээдийг албадан ирүүлэхийг хориглоно.
74.4. Хүнд өвчтэй эсэхийг эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор тогтооно.
74.5.Албадан ирүүлэх ажиллагааг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн даалгаснаар цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
75 дугаар зүйл.Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх
75.1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч албан үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгээр, шүүх, прокурор нь тэднийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх эрхтэй.
75.2.Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх шийдвэрийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн ажилладаг албан байгууллагад хүргүүлэх бөгөөд байгууллагын удирдлага уг шийдвэрийг 3 хоногийн дотор хэрэгжүүлж, энэ тухай хариу мэдэгдэнэ.
75.3.Энэ хуулийн 75.1-д заасан арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй бол шийдвэр гаргасан албан тушаалтан түүнийг хүчингүй болгож, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
76 дугаар зүйл.Тодорхой эрхийг хязгаарлах
76.1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, гэрч, хохирогчид нөлөөлөх үндэслэлтэй бол тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хориглох, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түр хугацаагаар шүүх, прокурор, түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр тогтоол гарган хязгаарлаж болно.
76.2.Тодорхой эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авахдаа тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хориглох, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байгааг тогтоолд нэг бүрчлэн заана.
76.3.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн очих, оршин суух, ажиллах газар, тодорхой хүнтэй харилцахгүй байхыг өөрт нь даалгаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, хяналт тогтооно.
76.4.Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлахдаа өмчлөгч буюу эзэмшигчээс эд хөрөнгөө бусдад шилжүүлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд ашиглахгүй байх үүрэг хүлээлгэх, эсхүл тухайн эд хөрөнгийг гаргуулан авч хадгална.
76.5.Хуульд зааснаар төлбөрт гаргуулж болохгүй эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болохгүй.
76.6.Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авахдаа эд хөрөнгийн үнэлгээний мэргэжилтнийг оролцуулж болно.
76.7.Банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болно.
76.8.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид энэ хуулийн 76.1-д заасан албадлагын арга хэмжээг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг урьдчилан танилцуулна.
/Энэ зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
77 дугаар зүйл.Торгууль
77.1.Байцаан шийтгэх ажиллагааны болон шүүх хуралдааны журмыг зөрчсөн тохиолдолд хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч болон холбогдох бусад этгээдэд энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан журмын дагуу торгууль оногдуулна.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
77.2.Мөнгөн торгуулийн хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг байх бөгөөд түүнийг улсын төсөвт оруулна.
78 дугаар зүйл. Торгууль оногдуулах журам
78.1.Энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан тохиолдолд шүүхийн шатанд торгуулийг шүүх оногдуулна.
78.2.Шүүхийн өмнөх шатанд зөрчил гаргасан бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч зөрчлийн тухай тэмдэглэл үйлдсэний дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга торгууль оногдуулна.
78.3.Энэ хуулийн 78.2-т заасан тэмдэглэлд түүнийг хэзээ, хаана, хэн үйлдсэн, зөрчил гаргагчийн биеийн байцаалт, зөрчил гаргасан байдал, зөрчилд торгууль оногдуулах тухай заалт, зөрчил гаргагчийн тайлбарыг бичиж, тэмдэглэл хөтөлсөн этгээд болон зөрчил гаргагч гарын үсэг зурах ба зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар хийнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нотлох баримт
79 дүгээр зүйл. Нотлох баримт
79.1.Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
79.2. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно.
79.3. Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
79.4. Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
79.5. Нэргүй захидал болон мэдээлэл нь дангаараа нотлох баримт болохгүй.
80 дугаар зүйл. Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд
80.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дор дурдсан асуудлуудыг нотолно:
80.1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/;
80.1.2. уг гэмт хэргийг хэн үйлдсэн;
80.1.3. гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр;
80.1.4. яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд;
80.1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ;
80.1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл.
81 дүгээр зүйл. Сэжигтний мэдүүлэг
81.1. Сэжигтэн нь сэжигтнээр тооцогдсон болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үндэслэл, түүнчлэн хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйлийн тухай мэдүүлэг өгөх эрхтэй.
81.2. Сэжигтнээс мэдүүлэг өгөхийг шаардах, түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг нь гутаан доромжлохыг хориглоно.
82 дугаар зүйл. Яллагдагчийн мэдүүлэг
82.1. Яллагдагч сонссон ялын талаархи үндэслэл, түүнчлэн хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйл, хэрэгт цугларсан нотлох баримтын талаар мэдүүлэг өгөх эрхтэй.
82.2. Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно.
82.3. Яллагдагчаас мэдүүлэг өгөхийг шаардах, түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг нь гутаан доромжлохыг хориглоно.
83 дугаар зүйл. Хохирогчийн мэдүүлэг
83.1. Хохирогч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлж, тавьсан асуултад хариулт өгөх үүрэгтэй.
83.2.Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй.
84 дүгээр зүйл. Гэрчийн мэдүүлэг
84.1. Гэрч нь хэргийг нотлоход хамааралтай бүхий л байдал, түүний дотор сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн хувийн байдал, түүнчлэн түүнтэй ямар харилцаатай болох тухай асуудлаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.
84.2.Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй.
85 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт
85.1. Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна.
85.2. Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээчийг томилсон бол тэд нь дүгнэлт гаргахаас өмнө хоорондоо зөвлөж, санал нэгтэй байвал дүгнэлтэд бүгдээрээ гарын үсэг зурна.
/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
85.3. Шинжээчид өөр хоорондоо санал зөрвөл шинжээч санал зөрсөн асуудлаар тусгай саналаа гаргаж, дүгнэлтэд хавсаргана.
/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
85.4. Шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино.
86 дугаар зүйл. Эд мөрийн баримт, түүнийг хадгалах
86.1. Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэргийн ул мөр үлдсэн зүйл, түүнчлэн гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад зүйлс, баримт бичиг болон гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт этгээдийг олох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх буюу хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бусад эд зүйлийг тооцно.
86.2. Эд мөрийн баримтыг үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичиж, хэрэгт хадгалах ба гэрэл зураг, дүрс бичлэг авч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр хэрэгт хавсаргана.
86.3. Эд мөрийн баримтыг хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол гэрэл зураг, дүрс бичлэг авсны дараа лацдаж битүүмжлээд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр хуульд заасан журмын дагуу тусгай газар хадгалж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана.
86.4. Хэргийг нэг газраас нөгөөд шилжүүлэхэд хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эд мөрийн баримтыг уг хэрэгт хавсаргах боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал хуульд заасан журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана.
87 дугаар зүйл. Эд мөрийн баримтыг хадгалах хугацаа
87.1. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, захирамжийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална.
87.2. Эд зүйлийн эзэмшлийн талаар гарсан маргааныг иргэний журмаар шийдвэрлэвэл зохих байсан бол эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хадгална.
87.3. Түргэн муудах буюу гэмтэх эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй нөхцөлд хэрэгцээний нь дагуу зохих байгууллагад шилжүүлэн өгөх ба эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох буюу эсхүл үнийг төлнө.
88 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг шийдвэрлэхэд эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээ
88.1. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, шүүх цагаатгах, шийтгэх тогтоол гаргахдаа эд мөрийн баримтыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:
88.1.1. яллагдагч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгслийг хураан авч зохих байгууллагад шилжүүлэх буюу устгах;
88.1.2. гүйлгээнд хориглосон эд зүйлийг зохих байгууллагад шилжүүлэх буюу устгах;
88.1.3. цаашид ашиглаж болохгүй эд зүйлийг устгах ба хэрэв сонирхогч этгээд буюу байгууллагаас хүсвэл өгөх;
88.1.4. гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь эгүүлэн олгох бөгөөд хэрэв эзэмшигчийг тогтоох боломжгүй бол улсын орлого болгох;
88.1.5. эд зүйлийн эзэмшлийн талаар маргаан гарвал иргэний журмаар шийдвэрлэх;
88.1.6. энэ хуулийн 24.1.2, 24.1.3-д заасан үндэслэлээр прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон бол гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийн тухай асуудлыг шүүх шийдвэрлэх;
88.1.7. эд мөрийн баримт болох баримт бичгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх, эсхүл хууль ёсны эзэмшигчид нь буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргах.
89 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэл
89.1. Үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд зүйлийг хураан авах, баривчлах, таньж олуулах үед тогтоогдсон байдал, баримтыг гэрчилж байгаа бөгөөд энэ хуульд заасан журмаар үйлдсэн тэмдэглэл нь нотлох баримтын эх сурвалж болно.
90 дүгээр зүйл. Баримт бичиг
90.1. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой байвал тэр нь нотлох баримтын эх сурвалж болно.
90.2. Баримт бичиг нь энэ хуулийн 86 дугаар зүйлд заасан шинжтэй байвал эд мөрийн баримт болно.
90.3. Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу олж авсан, гаргаж өгсөн соронзон болон дүрс бичлэг, гэрэл зураг нь баримт бичигт хамаарна.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Нотлох ажиллагаа
91 дүгээр зүйл. Нотлох ажиллагаа
91.1.Нотлох ажиллагаа нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагаанаас бүрдэнэ.
91.2.Яллагдагч гэм буруутай эсэх, түүнд ял оногдуулах үндэслэл байгаа эсэхийг нотлох үүргийг улсын яллагч хүлээнэ.
92 дугаар зүйл. Нотлох баримтыг цуглуулах
92.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, хураан авах, үзлэг, нэгжлэг хийх, туршилт, шинжилгээ болон энэ хуульд заасан бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулна.
92.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь талуудын хүсэлт болон өөрийн санаачилгаар энэ хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авах, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох, үзлэг, нэгжлэг хийх болон энэ хуульд заасан бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулах, байгууллага, албан тушаалтан, иргэнээс болон гүйцэтгэх ажил эрхэлж байгаа байгууллагаас хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт, баримт сэлтийг гаргуулан авах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар шалгалт, үзлэг хийлгүүлэхийг шаардах эрхтэй.
92.3. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч болон иргэн, байгууллага баримт сэлт гарган өгч болно.
92.4. Нотлох баримтыг цуглуулахдаа иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.
93 дугаар зүйл. Нотлох баримтыг бэхжүүлэх
93.1. Хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримт сэлт, мэдээллийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.
93.2. Тэмдэглэл үйлдэх үүргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээнэ.
93.3. Нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан соронзон болон дүрс бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.
94 дүгээр зүйл. Нотлох баримтыг шалгах
94.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар нь хянаж үзэх үүрэгтэй.
94.2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.
95 дугаар зүйл. Нотлох баримтыг үнэлэх
95.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.
95.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.
95.3.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
95.4.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй ба энэ заалт шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгахад хамаарахгүй.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх ажиллагааны хугацаа, зардал
96 дугаар зүйл. Хугацаа тоолох
96.1. Хугацааг цаг, хоног, сар, жилээр тоолно.
96.2. Хугацааг тоолоход уг хугацаа эхэлсэн цаг, хоногийг тооцоонд оруулахгүй.
96.3. Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлчийн хоногийн 24 цагт дуусна. Хугацааг сараар тоолоход сүүлчийн сарын мөн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн хоногт хугацаа дуусна. Хугацааг жилээр тоолоход хугацаа нь дараа оны тухайн сарын тухайн өдөр дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараачийн ажлын эхний өдрөөр тоолно.
96.4. Хугацаа дуусахын өмнө гомдол, бусад баримт бичгийг шууданд, эсхүл хорих байгууллагын захиргаанд албан ёсоор өгсөн байвал хугацаа хэтэрсэнд тооцохгүй.
97 дугаар зүйл. Хугацааг сунгах
97.1. Энэ хуулиар тогтоосон хугацааг энэ хуульд заасан журмаар сунгаж болно.
98 дугаар зүйл. Хэтэрсэн хугацааг сэргээх
98.1.Хугацаа хэтэрсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бөгөөд түүнийг сонирхогч этгээдээс сэргээлгэхийг хүсвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар энэ хуульд заасны дагуу сэргээнэ.
98.2.Хэтэрсэн хугацааг сэргээх, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг татгалзсан тухай тогтоол, захирамжид гомдол гаргаж болохгүй.
98.3. Давж заалдах гомдлыг тогтоосон хугацаанаас хэтрүүлж гаргасан байвал түүнтэй холбогдох шийдвэрийг сонирхогч этгээдийн хүсэлтээр хэтэрсэн хугацааг сэргээх тухай асуудлыг шийдвэрлэх хүртэл биелүүлэхийг түдгэлзүүлж болно.
99 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагааны зардал
99.1. Байцаан шийтгэх ажиллагааны зардал нь дор дурдсан зардлаас бүрдэнэ:
99.1.1. хохирогч, түүний төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчид төлсөн зардал;
99.1.2. эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, шинжлүүлэхэд гарсан зардал;
99.1.3. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардал;
99.1.4. өмгөөлөгчид төлсөн зардал;
99.1.5. сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнчлэн шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарсан зардал;
99.1.6. байцаан шийтгэх ажиллагаатай холбогдож гарсан бусад зардал.
99.2.Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах бөгөөд шүүх энэ хуулийн 100.1, 101.1, 101.2, 101.4, 101.5-д заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
100 дугаар зүйл. Байцаан шийтгэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардлын хэмжээг тодорхойлох
100.1.Байцаан шийтгэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардлыг дараахь журмаар тодорхойлно:
100.1.1.хохирогч, түүний төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр, мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд хохирогч, шинжээч, гэрч, хөндлөнгийн гэрч хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөлсний дундаж хэмжээгээр;
100.1.2.мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг харилцан тохиролцсоны үндсэн дээр /Харин эрхэлсэн ажлын хувиар уг үүргийг биелүүлсэн бол үүнд хамаарахгүй/;
100.1.3. энэ хуулийн 99.1.3, 99.1.5-д заасан зардлыг гарсан бодит зардлын хэмжээгээр.
101 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах
101.1. Шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй.
101.2. Хэд хэдэн шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол байцаан шийтгэх ажиллагааны зардлын хэмжээг хүн нэг бүрийн гэм буруу, хариуцлагын хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
101.3 Уг хэргийг энэ хуулийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан, түүнчлэн шийтгэгдсэн этгээд эд хөрөнгөгүй болох нь тогтоогдвол байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцна.
101.4.Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон боловч Эрүүгийн хуульд зааснаар ялаас чөлөөлөх тохиолдолд шүүх түүнээс зардлыг гаргуулах эрхтэй.
101.5.Хохирогч яллагдагчтай харилцан эвлэрснээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байвал шүүхийн зардлыг тэдний аль нэгээс буюу хоёр талаас шүүх гаргуулах эрхтэй.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хүсэлт, гомдол гаргах
102 дугаар зүйл. Хүсэлт гаргах эрх
102.1. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нь тодорхой байцаан шийтгэх ажиллагаа явуулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоох, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх болон шүүгчид гаргах эрхтэй.
103 дугаар зүйл. Хүсэлт гаргах журам
103.1.Хүсэлтийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно.
103.2.Хүсэлтэд тогтоолгох үйл явдал, явуулах байцаан шийтгэх ажиллагаа, гаргуулах шийдвэрийн тухай тодорхой дурдана.
103.3. Бичгээр гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгана.
103.4.Хүсэлтийг хангаагүй явдал нь байцаан шийтгэх ажиллагааны тухайн болон өөр үе шатанд түүнийг дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
104 дүгээр зүйл. Хүсэлтийг хянан шийдвэрлэх хугацаа
104.1. Хүсэлтийг боломжтой бол шууд, боломжгүй бол түүнийг гаргаснаас нь хойш 5 хоногийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ.
105 дугаар зүйл. Хүсэлтийг хангах
105.1. Хүсэлт нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор тогтоох, оролцогч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол түүнийг хангах ба бусад тохиолдолд хэрэгсэхгүй болгоно.
105.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хүсэлтийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай үндэслэл бүхий тогтоол, захирамжийг гаргах ба түүнд энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.
106 дугаар зүйл. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрх
106.1. Байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, түүнчлэн уг ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн бол иргэн, хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй.
107 дугаар зүйл. Гомдол гаргах журам
107.1. Гомдлыг хуульд заасны дагуу хянан үзэж шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.
107.2. Гомдлыг амаар буюу бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, гомдол гаргагч гарын үсэг зурна.
108 дугаар зүйл. Баривчлагдсан буюу цагдан хоригдсон
108.1. Гэмт хэрэгт сэрдэгдэн баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд гомдол гаргасан бол баривчлах болон цагдан хорих байрны захиргаа 24 цагийн дотор хаягаар нь хүргүүлэх үүрэгтэй.
109 дүгээр зүйл. Гомдол гаргах хугацаа
109.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно.
109.2. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол энэ хуульд заасан хугацаанд гомдол гаргаж болно.
110 дугаар зүйл. Гомдол гаргасантай холбогдуулан
110.1. Гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан албан тушаалтан, байгууллагын шийдвэрийн биелэлтийг гомдлыг шийдвэрлэж дуусах хүртлэх хугацаанд түр түдгэлзүүлж болно.
111 дүгээр зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх нийтлэг журам
111.1. Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан албан тушаалтны талаар гаргасан гомдлыг түүний шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан хянах ба түүнд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж шаардлагатай бол нэмэлт баримт, тайлбар авах эрхтэй.
111.2. Гомдлыг хянаж байгаа албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авах үүрэгтэй.
111.3. Хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас гомдол гаргагчийн эд хөрөнгө, сэтгэл санаа, бие эрхтэнд хохирол учирсан бол энэ хуульд заасан журмын дагуу хохирлоо арилгуулахаар хандах эрхтэй болохыг нь түүнд тайлбарлан өгнө.
112 дугаар зүйл. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын
112.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гаргах гомдлыг эдгээр албадын удирдлага, эсхүл хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг дээд шатны прокурорт гаргана.
112.2. Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах буюу бусад арга хэмжээ авах бол ажлын 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
112.3. Гомдлыг хянасан албан тушаалтан энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргана.
112.4. Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн ба уг шийдвэрт дахин гомдол гаргах эрхтэйг тайлбарлан өгнө.
112.5. Гомдлыг хүлээн авахаас татгалзахдаа үндэслэлийг заавал дурдсан байна.
113 дугаар зүйл. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан
113.1.Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын талаар давж заалдах шатны шүүхэд, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын талаар хяналтын шатны шүүхэд бичгээр гомдол гаргах ба шүүх түүнийг ердийн журмаар 5 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
113.2. Шүүгдэгчийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн буюу албадлагын бусад арга хэмжээ авсан бол шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй.
113.3. Байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах тухай шүүхийн шийдвэр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж байна гэж үзвэл сонирхогч аливаа этгээд тухайн шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
113.4. Шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаархи гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүнээр гаргасан шийдвэрийн талаархи гомдлыг дээд шатны шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
113.5. Гомдол гаргагч нь гомдлыг хянан шийдвэрлэхэд оролцох эрхтэй ба түүний хүрэлцэн ирээгүй нь гомдлыг хянан шийдвэрлэхэд саад болохгүй. Гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээд нь өөрийн санал, үндэслэлийг хэлэх, шаардлагатай баримт бичгийг гаргаж танилцуулах эрхтэй.
113.6. Шүүх бүрэлдэхүүн, шүүгч гомдлыг хянан шийдвэрлээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
113.6.1.гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх;
113.6.2.гомдлыг хангахгүй орхих.
113.7.Гомдлыг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид дахин гомдол гаргахгүй.
113.8.Гомдол гаргагч шүүхэд хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
114 дүгээр зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан
114.1.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг хүчингүй болгох, өөрчлөх талаар гаргасан шүүхийн шийдвэрт тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид, түүний эзгүйд томилсон шүүгчид гомдол гаргаж болно.
114.2.Гомдлыг Ерөнхий шүүгч эсхүл түүний томилсон шүүгч 48 цагийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ.
114.3.Энэ хуулийн 114.2-т заасны дагуу гомдлыг шийдвэрлээд гаргасан Ерөнхий шүүгч, эсхүл түүний томилсон шүүгчийн шийдвэрт дахин гомдол гаргахгүй.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
115 дугаар зүйл. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл
115.1.Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
115.2.Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
115.3. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно.
116.1.Иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийг үүсгэснээс эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх шатанд гаргаж болно.
116.2.Энэ хуулийн 116.1-д заасан хугацаанд эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол түүнийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.
117 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэгчээр тогтоох
117.1. Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тэдэнд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нь тайлбарлана.
117.2. Нэхэмжлэл гаргасан этгээдийг энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай шийдвэр гаргаж, энэ хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлана.
118 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзах
118.1. Энэ хуулийн 117 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй бол нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос үндэслэл бүхий шийдвэр гарган татгалзаж болох ба энэхүү шийдвэрт гомдол гаргах журмыг нь нэхэмжлэл гаргагчид тайлбарлана.
118.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
119 дүгээр зүйл. Иргэний хариуцагчаар татах
119.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээдийг тогтоосны дараа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх холбогдох этгээдийг энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу иргэний хариуцагчаар татах тогтоол гаргаж хариуцагч, түүний төлөөлөгчид танилцуулж эрх, үүргийг нь тайлбарлаж өгнө.
120 дугаар зүйл. Хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэл, нөхцөлийг тогтоосон журмыг хэрэглэх
120.1.Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан бол хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэл, нөхцөлийг Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар тодорхойлно.
120.2. Хууль тогтоомжид заасан бол олон улсын гэрээ, гадаад улсын хуулийн хэм хэмжээг хэрэглэж болно.
121 дүгээр зүйл. Нэхэмжлэлээс татгалзах
121.1.Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
121.2.Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хэрэгт хавсаргана.
121.3.Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед хүлээн авах ба энэ тухай тогтоол гаргана.
121.4.Шүүхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана.
121.5.Нэхэмжлэлээс татгалзсан нь хууль зөрчсөн, эсхүл аль нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь түүний хүсэлтийг хүлээн авахгүй байж болох бөгөөд энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.
122 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэлийн талаар гарах шийдвэр
122.1.Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах тухай шийдвэрийг гаргана.
122.2.Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа:
122.2.1. гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно;
122.2.2. шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхино.
122.3.Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад тооцоог бүрэн хийх боломжгүй бөгөөд энэ нь гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжлэгчид мэдэгдэнэ.
122.4.Энэ хуулийн 122.3-т заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
123 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авах
123.1.Шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авч болно.
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах
124 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийг нэгтгэх
124.1.Хэд хэдэн этгээд нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн урьдаас үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу мэдээлээгүй хэрэгт яллагдаж байгаа этгээдүүдийн хэргийг нэгтгэнэ.
124.2.Эрүүгийн хэргийг нэгтгэхдээ хөнгөнийг нь хүндэвтэрт, хүндэвтэрийг нь хүндэд, хүндийг нь онц хүндэд нэгтгэнэ.
124.3.Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед нэгтгэж болох бөгөөд энэ тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
125.1.Зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол уг хэргийг тусгаарлаж болно.
125.2.Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед тусгаарлаж болох бөгөөд энэ тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
Үзлэг, мөрдөн байцаалтын туршилт
126 дугаар зүйл. Үзлэг хийх үндэслэл
126.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэрэг гарсан байдал, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олох, гэмт хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэрэг гарсан газар болон эд зүйл, баримт бичигт үзлэг хийнэ.
126.2.Хойшлуулшгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө үзлэг хийж болно.
127 дугаар зүйл. Үзлэг хийх журам
127.1.Үзлэг хийхэд хөндлөнгийн 2 гэрч байлцуулна.
127.2.Хөндлөнгийн гэрч байлцуулах боломжгүй тохиолдолд үзлэгийг түүний оролцоогүйгээр явуулж, явц, үр дүнг техник хэрэгсэл ашиглан бэхжүүлнэ.
127.3.Онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт прокурор заавал оролцоно.
127.4.Үзлэг хийхэд яллагдагч, сэжигтэн, хохирогч, гэрчийг оролцуулж болно.
127.5.Үзлэг хийхэд уг хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжилтэнг урьж болно.
127.6.Үзлэг хийхэд хэмжих, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, соронзон болон дүрс бичлэг хийх, ул мөрний хэв, хуулбар авах ажлыг хийж болно.
127.7.Үзлэгийн үед шинээр олдсон эд зүйл, баримт бичигт газар дээр нь тусгайлан үзлэг хийнэ.
127.8.Эд зүйл, баримт бичигт үзлэг хийхэд удаан хугацаа шаардагдах буюу бусад үндэслэл байвал үзлэгийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа газар хийнэ.
127.9. Шаардлагатай гэж үзсэн эд зүйлийг анхны шинж байдлыг алдагдуулахгүйгээр хурааж авна.
127.10.Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлд хийх үзлэгийг энэ хуулийн 136 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэнэ.
128 дугаар зүйл. Цогцост үзлэг хийх
128.1.Цогцост үзлэг хийхэд шүүх-эмнэлгийн шинжээчийг, хэрэв боломжгүй бол өөр их эмчийг оролцуулна.
128.2.Цогцсыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийх тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, прокуророор батлуулах ба уг ажиллагааг гүйцэтгэхэд шүүх-эмнэлгийн шинжээч, хөндлөнгийн гэрчийг байлцуулна.
129 дүгээр зүйл. Хүний биед үзлэг хийх
129.1. Яллагдагч, сэжигтэн, гэрч буюу хохирогчийн биед гэмт хэргийн ул мөр, эсхүл онцлог тэмдэг байгаа эсэхийг илрүүлж бэжүүлэхийн тулд түүний биед үзлэг хийж болно.
129.2.Хүний биед үзлэг хийх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоол гаргах ба түүнийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.
129.3.Хүний биед үзлэг хийхэд шаардлагатай бол их эмчийг оролцуулна.
129.4.Хүний биед үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэхэд уг этгээдийг нүцэглэх шаардлага гарвал ижил хүйсийн хөндлөнгийн гэрч байлцуулна.
129.5.Нүцэглэх ажиллагаанд эсрэг хүйсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг оролцуулж болохгүй ба энэ тохиолдолд ижил хүйсийн өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, их эмч, хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан үзлэг хийнэ.
129.6.Үзлэг хийхдээ тухайн этгээдийн нэр төр, алдар хүндийг гутаах, түүний эрүүл мэндэд аюултай арга хэрэглэхийг хориглоно.
130 дугаар зүйл. Үзлэгийн тэмдэглэл
130.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэнэ.
130.2.Тэмдэглэлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн бүх ажиллагаа, үзлэгийн явц, илэрсэн болон хурааж авсан, битүүмжилсэн эд зүйл, цаг агаарын нөхцөл, хэрэглэсэн техник хэрэгсэл, лац, эд мөрийн баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг хэрхэн хадгалсан, шийдвэрлэсэн, эхэлсэн, дууссан цаг хугацаа зэргийг дэс дарааллаар нь нэг бүрчлэн тодорхой бичнэ.
131 дүгээр зүйл. Туршилт хийх
131.1.Хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай бол туршилт хийж болно.
131.2.Туршилт хийхэд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах ба шаардлагатай бол сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч, түүнчлэн уг хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжилтэнг оролцуулж болно.
131.3.Туршилтыг хүний нэр төр, алдар хүндийг гутаах буюу эрүүл мэндэд хохирол учруулахгүй нөхцөлд явуулах ба түүний явц, үр дүнг бэхжүүлэхдээ хэмжих, зураг авах, гар зураг үйлдэх, соронзон болон дүрс бичлэг хийх зэрэг арга хэрэглэж болно.
131.4.Туршилт хийсэн тухай тэмдэглэлийг энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу үйлдэх ба энэ хуулийн 130 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байна.
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хураан авах, нэгжих, эд хөрөнгө битүүмжлэх, шуудан- цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах
132 дугаар зүйл. Хураан авах, нэгжлэг хийх үндэслэл
132.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг байна гэх хангалттай үндэслэл байвал түүнийг эзэмшигчээс нь хураан авна.
132.2.Төрийн нууц агуулсан баримт бичгийг гагцхүү прокурорын зөвшөөрөлтэйгээр, зохих байгууллагын удирдлагад мэдэгдсэний үндсэн дээр хураан авна.
132.3.Эрэн сурвалжилж байгаа этгээд нуугдаж байгаа буюу гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан эд зүйл, түүнчлэн цогцос, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг олж илрүүлэхээр нэгжлэг хийнэ.
133 дугаар зүйл. Хураан авах, нэгжлэг хийх журам
133.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хураан авах, нэгжлэг хийх тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж прокуророор батлуулах ба уг ажиллагаа эхлэхийн өмнө холбогдох этгээдэд уншиж сонсгоно.
133.2.Хойшлуулшгүй тохиолдолд хураан авах, нэгжлэг хийх ажиллагааг шууд, эсхүл шөнийн цагаар гүйцэтгэж, энэ тухайгаа 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ.
133.3.Хураан авах, нэгжлэг хийх ажиллагаанд саад учруулбал албадан гүйцэтгэнэ.
133.4.Хураан авах, нэгжлэг хийх үед хуулиар хамгаалагдсан нууц баримт бичиг, бусад зүйл илэрвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч түүнийг задруулахгүй байх арга хэмжээ авна.
133.5.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь нэгжлэг хийж байгаа газарт байсан болон орж ирсэн хүмүүсийг нэгжлэг дуустал тэр газраас явах, бие биетэйгээ харилцахыг хориглоно.
134 дүгээр зүйл. Эд хөрөнгө битүүмжлэх
134.1.Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсхүл хуулиар тэдний өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүний эд хөрөнгийг битүүмжлэх, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг нотлох хангалттай үндэслэл байгаа бол уг хөрөнгө, орлогыг битүүмжлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
134.2.Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хураан авах, нэгжлэг хийхтэй хамтатгах, эсхүл тусад нь хийж болно.
134.3. Эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч үндэслэл бүхий тогтоол гаргаж прокуророор батлуулна.
134.4. Битүүмжилж байгаа эд хөрөнгийг бүртгэж данслах ажиллагааг хөндлөнгийн гэрч, бусад хүмүүсийг байлцуулан энэ хуулийн 133, 137 дугаар зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
134.5. Сэжигтэн, яллагдагч, түүний асрамжид байгаа хүмүүсийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний эд зүйлийг битүүмжилж болохгүй ба тэдгээрийн жагсаалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тогтооно.
134.6. Битүүмжилсэн эд хөрөнгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолоор уг хөрөнгийг эзэмшигч, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болон бусад боломжтой этгээдэд хадгалуулахаар өгч, эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах хариуцлагыг тайлбарлан өгч энэ тухай гарын үсэг авна.
134.7. Шаардлагатай тохиолдолд битүүмжилсэн эд хөрөнгийг түр хураан авч болно.
134.8. Битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгах асуудлыг энэ хуулийн 134.6-д заасны дагуу шийдвэрлэх боломжгүй бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага хариуцна.
134.9. Мөнгөн хадгаламжийг төлөх төлбөрийн хэмжээгээр битүүмжилж, байгууллагын санхүүгийн дансны гүйлгээ хийхийг зогсооно.
134.10. Энэ арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон бол эд хөрөнгө битүүмжлэх урьд гаргасан тогтоолыг хүчингүй болгоно.
134.11.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг битүүмжлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд тухайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг эзэмшигч нь тодорхойгүй, эсхүл эзэмшигчид мэдэгдэх нь тус үйл ажиллагааны зорилгод хор хохирол учруулахаар бол эзэмшигч, өмчлөгчид урьдчилан мэдэгдэхгүй байж болно.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
135 дугаар зүйл. Биед нэгжлэг хийх
135.1.Хүний биед нэгжлэг хийхэд энэ хуулийн 132, 133, 137 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
135.2. Дараахь үндэслэл байвал тогтоол гаргахгүйгээр хүний биед нэгжлэг хийж болно:
135.2.1.баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад;
135.2.2.хураан авах болон нэгжлэг хийж байгаа орон байр, бусад газар байсан этгээд хэрэгт холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг биедээ нууж байна гэх хангалттай үндэслэл байвал.
135.3.Биед нэгжлэг хийхэд ижил хүйсийн хүн байвал зохих бөгөөд энэ зарчим хөндлөнгийн гэрчид нэгэн адил хамаарна.
136 дугаар зүйл. Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийх
136.1.Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг шуудан-цахилгаан харилцааны байгууллагад байх үед нь битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийхийг прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
136.2.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийх тохиолдолд энэ тухай үндэслэл бүхий тогтоол гарган прокуророор батлуулсны дараа холбогдох ажиллагаа явуулах ба хөндлөнгийн гэрчийг байлцуулна.
136.3. Энэ зүйлд заасан арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон бол урьд гаргасан тогтоолыг хүчингүй болгоно.
137 дугаар зүйл. Хураан авах, нэгжлэг хийхэд байлцах хүмүүс
137.1. Хураан авах, нэгжлэг хийхэд хөндлөнгийн гэрч, эд зүйл, бичиг баримтаа хураалгаж байгаа буюу нэгжүүлж байгаа этгээд, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгчийн аль нэгийг заавал байлцуулна.
137.2. Аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа орон байранд нэгжлэг хийх, эд зүйл хураан авахад уг байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.
137.3. Эд зүйлээ хураалгаж буюу нэгжүүлж байгаа этгээд, хөндлөнгийн гэрч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн гүйцэтгэж байгаа бүх ажиллагаанд байлцах бөгөөд тухайн ажиллагааны талаар тэмдэглэлд тусгавал зохих санал, хүсэлт гаргах эрхтэй.
138 дугаар зүйл. Эд зүйл, баримт бичгийг хурааж авах
138.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хураан авах, нэгжлэг хийх үед олдсон гагцхүү хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг хураан авна.
138.2. Гүйлгээнд оруулахыг хориглосон эд зүйл, баримт бичгийг хэрэгт холбогдолтой эсэхийг үл харгалзан хураана.
138.3. Хурааж авч байгаа эд зүйл, баримт бичгийг хөндлөнгийн гэрч болон бусад байлцсан хүмүүст үзүүлэн, хэрэв шаардлагатай бол уг зүйлийг хураан авсан, нэгжлэг хийсэн газар нь битүүмжилнэ.
139 дүгээр зүйл. Дипломат төлөөлөгчийн албан болон
139.1. Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа албан байр, түүнчлэн дипломат төлөөлөгчийн газрын гишүүн, түүний гэр бүлийн хүмүүсийн сууж байгаа орон байранд нэгжлэг хийх, хураан авах явдлыг дипломат төлөөлөгчийн хүсэлтээр буюу түүний зөвшөөрснөөр хийж болно.
139.2. Хураан авах, нэгжлэг хийх тухай хүсэлтийг дипломат төлөөлөгчөөс Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Улсын ерөнхий прокурорын газарт тавина.
139.3. Энэ хуулийн 139.1-д заасан ажиллагаа явуулахад прокурор ба Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчийг заавал байлцуулна.
140 дүгээр зүйл. Хураан авсан, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл
140.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан хураан авсан, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл үйлдэнэ.
140.2. Хураан авсан буюу битүүмжлэн өгсөн эд зүйл, баримт бичигт тусгай бүртгэл хийсэн байвал түүнийг тэмдэглэлд хавсаргана.
140.3. Хураан авах, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэлд тухайн ажиллагаа явуулахад байлцсан хүмүүст энэ хуулийн 137.3-т заасан эрхийг тайлбарлан өгсөн тухай ба тэднээс гаргасан хүсэлтийг бичнэ.
140.4. Хураан авсан эд зүйл, баримт бичгийг зохих этгээд сайн дураараа өгсөн буюу албадан гаргуулж авсан, уг зүйлүүд хаанаас ямар байдлаар олдсоныг тэмдэглэлд тусгана.
140.5. Хурааж авсан бүх эд зүйл, баримт бичиг, түүнчлэн бүртгэсэн эд хөрөнгийн тоо чанар, их, бага, хүнд, хөнгөний хэмжээ, нэг бүрийн онцлох шинж тэмдгийг тэмдэглэл буюу түүний хавсралтад нарийвчлан тодорхойлж, бололцоо байвал үнийн дүнг бичнэ.
140.6. Хураан авах, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх үед нэгжүүлж байгаа болон бусад этгээдээс эд зүйл, баримт бичгийг устгах буюу нуухыг оролдсон, эсхүл бусад эсэргүүцэл үзүүлсэн бол тэр тухай болон түүнийг таслан зогсоох талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас ямар арга хэмжээ авсныг тэмдэглэлд тусгана.
141 дүгээр зүйл. Тэмдэглэлийн хуулбарыг гардуулан өгөх
141.1.Тэмдэглэлийн хуулбарыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, нэгжүүлсэн буюу эд хөрөнгөө битүүмжлүүлсэн этгээд, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгчийн аль нэгэнд заавал гардуулан өгч гарын үсэг зуруулна.
141.2.Хураан авах, нэгжих, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн орон байранд гүйцэтгэсэн бол тэмдэглэлийн хуулбарыг түүний зохих албан тушаалтанд заавал гардуулан өгч гарын үсэг зуруулна.
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг шалгах
142 дугаар зүйл.Байцаалт явуулах газар, цаг хугацаа
142.1.Байцаалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдаж байгаа газарт явуулах ба шаардлагатай бол байцаагдаж байгаа этгээдийн байгаа газарт явуулж болно.
142.2.Байцаалтыг 4 цагаас илүүгүй хугацаагаар тасралтгүй явуулах ба түүнээс илүү хугацаагаар явуулах бол 1 цагийн завсарлага олгох бөгөөд нэг удаагийн байцаалт нийт 8 цагаас хэтэрч болохгүй.
143 дугаар зүйл. Байцаалтад дуудах
143.1.Гэрч, хохирогч, түүнчлэн гадуур байгаа сэжигтэн, яллагдагчийг зарлан дуудах хуудсаар дуудна.
143.2.Зарлан дуудах хуудсанд хэнийг, ямар зорилгоор, хаана, хэзээ ирүүлэхээр дуудаж байгаа тухай дурдахаас гадна дуудсан хугацаанд ирээгүйн төлөө хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна.
143.3. Зарлан дуудах хуудсыг дуудагдаж байгаа этгээдэд, тухайн этгээд байхгүй бол гэр бүлийнх нь насанд хүрсэн аль нэг гишүүнд, түүнийг байхгүй тохиолдолд сум, баг, хорооны Засаг дарга, албан байгууллагынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг авна.
143.4. Байцаагдах этгээдийг мэдээлэл, холбооны хэрэгслийг ашиглан дуудаж болно.
143.5. Байцаагдах этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд түүнийг энэ хуульд заасны дагуу албадан ирүүлнэ.
143.6. Цагдан хоригдсон этгээдийг байгаа газарт нь, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад ирүүлж байцаана.
143.7. Насанд хүрээгүй гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг эцэг, эх, түүний хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан дуудна.
144 дүгээр зүйл. Байцаалт явуулах нийтлэг журам
144.1. Байцаалтын эхэнд байцаагдах этгээдийн биеийн байцаалтыг авна.
144.2. Байцаалтад дуудагдсан этгээдэд ямар зорилгоор байцаах гэж байгааг урьдчилан тайлбарлан өгч, эрх, үүргийг нь танилцуулж тэмдэглэлд тусгана.
144.3. Гэрч, хохирогчоор дуудагдан байцаагдаж байгаа этгээдэд санаатай худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс зайлсхийвэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан бичгээр сануулна.
144.4. Байцаагдаж байгаа этгээд тухайн хэргийн талаар мэдэх зүйлээ ярихаас байцаалт эхэлнэ.
144.5. Байцаагдаж байгаа этгээд хэргийн талаар ярьж дууссаны дараа түүний мэдүүлгээс тодруулахаар асуулт тавьж болно.
144.6. Байцаагдаж байгаа этгээдийг хөтөлж буюу тулгаж асуухыг хориглоно.
144.7. Байцаагдаж байгаа этгээд тоо болон санахад төвөгтэй бусад зүйлийн талаар мэдүүлэг өгөх бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр баримт бичиг, бичлэг ашиглаж болох ба тэдгээрийг тэмдэглэлд тусгах буюу хавсаргаж болно.
144.8. Байцаагдаж байгаа этгээдэд эд мөрийн баримт, бичиг баримт, бусад нотлох баримтыг үзүүлэх буюу бусад этгээдээс өгсөн байцаалтын тэмдэглэлийг танилцуулж, тэдгээрийн талаар тайлбар авч болно.
145 дугаар зүйл. Насанд хүрээгүй гэрчийг байцаах
145.1. Насанд хүрээгүй гэрчийг байцаахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлан өгөх ба харин 16 насанд хүрээгүй гэрчид мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
145.2. Насанд хүрээгүй гэрчийг байцаахдаа түүний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, түүнчлэн сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай тэмдэглэлд тусгана.
145.3. Байцаалтад оролцож байгаа хүмүүс насанд хүрээгүй гэрчид асуулт тавьж болох боловч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дээр дурдсан хүмүүсээс тавьсан асуултад хариу өгүүлэхгүй байх эрхтэй бөгөөд харин уг асуултыг тэмдэглэлд тусгана.
145.4.Байцаалт дуусмагц мэдүүлэг зөв бичигдсэнийг баталж байцаалтад байсан хүнээр гарын үсэг зуруулна.
146 дугаар зүйл. Байцаалтын тэмдэглэл
146.1.Байцаалтын тэмдэглэлийг энэ хуулийн 153, 202 дугаар зүйлийн шаардлагын дагуу үйлдэнэ.
146.2. Мэдүүлгийг нэгдүгээр бие дээр тавьсан асуулт, хариултын дагуу үгчлэн бичнэ.
146.3. Байцаалт дуусмагц тэмдэглэлийг байцаагдсан этгээдээр уншуулах буюу өөрөө зөвшөөрвөл уншиж өгөх ба тухайн этгээд нэмэлт, засвар оруулахыг шаардвал түүнийг тэмдэглэлд заавал бичнэ.
146.4. Байцаагдсан этгээд мэдүүлгийг өөрөө уншсан, эсхүл түүнд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уншиж өгсөн алин болохыг тэмдэглэлд тусгана.
146.5. Байцаагдсан этгээдийн үйлдсэн зураглал, хүснэгт, зургийг хэрэгт хавсаргаж энэ тухай тэмдэглэлд тусгана.
146.6. Байцаагдсан этгээд тэмдэглэлтэй танилцаад мэдүүлэг зөв бичсэнийг баталж энэ тухай тэмдэглэлд гарын үсэг зурна.
146.7. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай байвал байцаагдсан этгээд хуудасны нүүр тус бүрт гарын үсэг зурна.
146.8. Байцаагдсан этгээд хүсвэл түүнд мэдүүлгээ өөрөө бичих бололцоо олгож, энэ тухай тэмдэглэлд тэмдэглэнэ.
146.9. Тэмдэглэлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, байцаалтад байлцсан бусад хүмүүс гарын үсэг зурна.
146.10.Байцаалтыг орчуулагч, хэлмэрчийн оролцоотойгоор явуулсан бол тэмдэглэлийг энэ хуулийн 191 дүгээр зүйлд дурдсан журмын дагуу үйлдэнэ.
147 дугаар зүйл. Гэрч, хохирогчийг байцаах журам
147.1.Гэрч, хохирогчийг байцаахдаа энэ хуулийн 144 дүгээр зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.
147.2.Нэг хэрэгт дуудагдсан гэрч, хохирогчийг тус тусад нь байцаах ба өөр хоорондоо харилцахгүй байлгах арга хэмжээ авна.
147.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулахын өмнө гэрч, хохирогчийн биеийн байцаалтыг шалгаж, түүнд эрх, үүргийг нь тайлбарлан, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулж, тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулна.
147.4. Гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлан өгөх бөгөөд энэ эрхээ эдлэхгүй гэвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх тухай сануулна.
148 дугаар зүйл. Насанд хүрээгүй хохирогчийг байцаах
148.1.Насанд хүрээгүй хохирогчийг энэ хуулийн 145 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаана.
149 дүгээр зүйл. Нүүрэлдүүлэн байцаах
149.1.Гаргасан мэдүүлэгт нь ноцтой зөрөө байвал сэжигтэн, яллагдагчаас бусад урьд байцаагдсан этгээдүүдийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нүүрэлдүүлж байцаах эрхтэй.
149.2.Гэрч, хохирогч, шинжээчийг нүүрэлдүүлж байцаахаас өмнө мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай тэдэнд урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэлд тусгана.
149.3.Нүүрэлдүүлж байцаах ажиллагааг эхлэхдээ тухайн этгээдүүд бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууж, дараа нь тодруулах гэж байгаа зүйлийнхээ талаар мэдүүлэг гаргуулж, улмаар байцаагдаж байгаа этгээд тус бүрт асуулт тавьж болно.
149.4.Нүүрэлдэж байгаа этгээдүүд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр бие биедээ асуулт тавьж болно.
149.5.Нүүрэлдүүлж байцаах үед гаргасан мэдүүлэг нь урьдах мэдүүлгээс зөрөөтэй байвал нүүрэлдэх үеийн мэдүүлгийг тэмдэглэлд бичсэний дараа урьд гаргасан мэдүүлгийг уншин сонсгож тайлбар авна.
149.6.Тэмдэглэлд нүүрэлдүүлж байцаасан этгээдүүдийн мэдүүлгийг гаргасан дэс дарааллаар бичих ба байцаагдсан этгээдүүд өөрийн гаргасан мэдүүлгийн хуудасны нүүр тус бүрт гарын үсэг зурна.
150 дугаар зүйл. Таньж олуулах
150.1.Шаардлагатай бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хүн, мал, амьтан, эд зүйлийг гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаар таньж олуулж болно.
150.2.Хүн, мал, амьтан, эд зүйлийг ямар байдалтай байхад үзсэн, ямар шинж тэмдэг, онцлогоор таньж болохыг таньж олох гэж байгаа хүнээс урьдчилан асууж энэ тухай тэмдэглэлийн эхэнд тусгана.
151 дүгээр зүйл. Таньж олуулах журам
151.1. Танигдах гэж байгаа этгээдийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй гурваас доошгүй бусад хүмүүсийн хамтаар таньж олох гэж байгаа хүнд харуулна.
151.2. Таньж олуулахын өмнө танигдах гэж байгаа этгээдийг бусад хүмүүсийн дотор дуртай байрлалаа эзлэхийг хэлж, тэмдэглэлд тусгана.
151.3. Уг хүнийг биеэр харуулах бололцоогүй байвал түүний гэрэл зургийг гурваас доошгүй гэрэл зургийн дотроос таньж олуулж болно.
151.4. Таниулах мал, амьтан, эд зүйлийг бусад адил төрлийн мал, амьтан, эд зүйлийн хамт үзүүлнэ.
151.5. Таньж олох гэж байгаа хүн нь гэрч буюу хохирогч байвал тэдэнд мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай урьдчилан сануулж, тэмдэглэлд тусгана.
151.6. Мэдүүлэгтээ дурдсан хүн, мал, амьтан, эд зүйлийг зааж өгөхийг таньж олох гэж байгаа хүнээс шаардах ба харин хөтлөх буюу сануулах асуулт тавихыг хориглоно.
151.7. Таньж олох гэж байгаа хүн харуулсан хүн, мал, амьтан, эд зүйлийн аль нэгийг мөн гэж заавал ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсаныг тайлбарлуулж тэмдэглэлд тусгана.
151.8. Таньж олуулах ажиллагаанд хөндлөнгийн 2-оос доошгүй гэрч байлцуулна.
151.9. Таньж олох гэж байгаа этгээд өөрөө хүсвэл танигдаж байгаа хүнд мэдэгдэхгүйгээр таньж олох боломж олгоно.
152 дугаар зүйл. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл
152.1. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу үйлдэнэ.
152.2. Тэмдэглэлд таньж олох гэж байгаа хүний биеийн байцаалт, таниулж байгаа хүн, мал, амьтан, эд зүйлийн тухай болон таньж олж байгаа этгээдийн мэдүүлгийг дэс дараалалаар нь үгчлэн бичнэ.
153 дугаар зүйл. Мэдүүлгийг газар дээр нь шалгах
153.1. Шинэ нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгахын тулд, түүнчлэн урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоохын тулд сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.
153.2. Энэ хуулийн 153.1-д заасан ажиллагааны үед мэдүүлгээ шалгуулж байгаа этгээд нь хэрэгт ач холбогдол бүхий зарим тухайлсан зүйл, бичиг баримт, ул мөрийг заах, тодорхой үйлдлийг хийж үзүүлэх, шинжлэн судлаж байгаа үйл баримтад аль нэгэн зүйл ямар үүрэгтэй байсан, үйл явдал болсон газрын байдал яаж өөрчлөгдсөн тухай зааж урьд өгсөн мэдүүлгээ газар дээр нь тодорхой болгон дэлгэрүүлэн тайлбарлана.
153.3. Мэдүүлгийг газар дээр нь шалгаж байхад хөндлөнгөөс оролцох, хөтлөх буюу сануулах асуулт тавихыг хориглоно.
153.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч, шаардлагатай бол мэргэжилтнийг оролцуулан гүйцэтгэнэ.
153.5. Нэг дор, нэг газар дээр, хэд хэдэн этгээдийн мэдүүлгийг нэгэн зэрэг газар дээр нь шалгахыг хориглоно.
153.6. Мэдүүлгийг үндэслэн, эсхүл өөрийн нь болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийнэ.
153.7. Мэдүүлгээ шалгуулж байгаа этгээдээс эхэлж чөлөөтэйгээр ярьж, үйлдлээ үзүүлсний дараа асуулт тавьж болно.
153.8. Мэдүүлгийг газар дээр нь шалгах үед гэрэл зураг авах, соронзон болон дүрс бичлэг, зураглал, хэмжилт хийж тэмдэглэлд тусгаж болно.
153.9. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу тэмдэглэл үйлдэнэ.
154 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлд
154.1. Сэжигтэн, яллагдагч, гэрч болон бусад этгээд байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ тухай тусгайлан тэмдэглэл хийж гарын үсэг зурна.
154.2. Гарын үсгээ зурахаас татгалзаж байгаа этгээдэд татгалзсан үндэслэлээ тайлбарлах боломж олгох ба энэхүү тайлбарыг тэмдэглэлд тусгаж өөрөөр нь гарын үсэг зуруулна.
154.3.Сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч нь бие эрхтний согог болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гадны бусад хүнийг урин ирүүлж байцаагдсан этгээдийн зөвшөөрснөөр нэрийн өмнөөс нь тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
154.4.Хөндлөнгийн гэрч, бусад этгээд оролцсон байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал тэдгээр нь тусгайлсан тэмдэглэлд нэг адил гарын үсэг зурна.
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Шинжилгээ хийх
155 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх журам
155.1.Шинжилгээ хийлгэхэд энэ хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.
/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
155.2.Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах бөгөөд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7.2-т заасан зүйлийг тусгасан байна.
/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
155.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шинжилгээ хийх үед байлцах эрхтэй.
155.4. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч сэтгэцийн өвчний улмаас байдлыг ойлгох чадваргүй байгаа бол шүүх сэтгэцийн шинжилгээ хийлгэх тухай тогтоол, шинжээчийн дүгнэлтийг түүнд танилцуулахгүй байж болно.
155.5. Хууль хэрэглэх, хуулийн зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулах асуудлаар шинжээч томилохыг хориглоно.
156 дугаар зүйл. Шинжилгээ заавал хийлгэх
156.1. Дор дурдсан тохиолдолд шинжилгээ заавал хийлгэнэ :
156.1.1. гадны нөлөөллөөр буюу сэжигтэй байдлаар нас барсан бол түүний шалтгааныг тогтоох;
156.1.2. бие махбодид учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлыг тогтоох;
156.1.3. сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэргийнхээ үйлдлийг тайлбарлах, түүнийг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл тэдний сэтгэцийн байдлыг тодорхойлох;
156.1.4. гэрч, хохирогч нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитойгоор тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл тэдний сэтгэцийн байдлыг тодорхойлох;
156.1.5. сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн насны тухай баримт бичиг байхгүй бөгөөд тэдний насыг тогтоох явдал хэрэгт ач холбогдолтой байвал;
156.1.6. онц хүнд гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох.
157 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх үед сэжигтэн, яллагдагч,
157.1. Шинжилгээ хийлгэх үед сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч дор дурдсан эрх эдэлнэ:
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
157.1.1. шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах;
157.1.2. шинжээчид нэмэлт асуулт тавих;
157.1.3. шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тэр талаар тайлбар гаргах;
157.1.4.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын зөвшөөрөлтэйгээр шинжилгээ хийхэд байлцах;
157.1.5. шинжээчийн дүгнэлттэй танилцах.
157.2. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн энэ хуулийн 157.1-д заасан хүсэлтийг хангах нь үндэслэлтэй гэж үзвэл шинжээч томилсон тогтоолыг өөрчлөх, түүнд нэмэлт оруулж болно.
157.3. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол тэр тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, түүнийгээ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчид сонсгон гарын үсэг зуруулна.
158 дугаар зүйл.Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх
158.1.Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална.
/Энэ зүйлийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
159 дүгээр зүйл. Шинжилгээг шинжилгээний байгууллагаас
159.1.Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална.
/Энэ зүйлийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
160 дугаар зүйл. Харьцуулан шинжлэхээр хэв, хэлбэр авах
160.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх харьцуулан шинжлэхэд шаардлагатай гарын үсгийн буюу бусад хэв, хэлбэрийг сэжигтэн, яллагдагчаас авах эрхтэй ба энэ тухай тогтоол гаргана.
160.2. Гэмт хэрэг гарсан газар, эсхүл эд мөрийн баримтад гэрч, хохирогчийн ул мөр үлдсэн байж болзошгүй үндэслэл байвал харьцуулан шинжлэхээр тэднээс гарын үсгийн болон бусад хэв, хэлбэр авч болно.
160.3. Хэв, хэлбэр авах ажиллагааг шаардлагатай бол уг хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжилтнийг оролцуулан гүйцэтгэж болно.
160.4. Хэв, хэлбэр авах ажиллагааны тэмдэглэлийг энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу үйлдэнэ.
161 дүгээр зүйл. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэх
161.1.Шүүх-эмнэлгийн, эсхүл сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргахын тулд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг тодорхой хугацаанд эмнэлэгт байлгаж ажиглалт хийх шаардлагатай бол шинжээч томилох эрх бүхий этгээд энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж хэрэгжүүлнэ.
161.2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт шилжүүлэх бол прокурорын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
161.3.Сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт байсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оролцуулан тооцно.
162 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлтийн агуулга
162.1. Шинжээч зохих шинжилгээ хийсний дараа дүгнэлт гаргана.
162.2.Шинжээчийн дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна.
/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
162.3. Шинжилгээ хийж байх үед шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавигдаагүй ч байсан өөрийнхөө дүгнэлтэд заах үүрэгтэй.
162.4. Дүгнэлтийг бичгээр гаргаж шинжээч гарын үсэг зурах ба хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд, санал зөрсөн бол саналаа дүгнэлтэд хавсаргана.
163 дугаар зүйл. Шинжээчийг байцаах
163.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах буюу тодруулах зорилгоор шинжээчийг байцааж болно.
163.2. Шинжээч хариултыг өөрөө бичиж өгөх эрхтэй ба түүнийг байцаасан тэмдэглэлийг энэ хуулийн 146, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэнэ.
164 дүгээр зүйл. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулах
164.1. Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, түүнчлэн шинжээчийг байцаасан тэмдэглэлийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогчид танилцуулах бөгөөд тэдгээр нь дүгнэлт, тайлбарыг татгалзах, тайлбар өгөх, түүнчлэн шинжээчид асуулт тавих, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхийг хүсэх эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
164.2. Шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлгийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогчид танилцуулсан болон энэ үед тэдгээрээс тавьсан асуудал, түүнчлэн эрх, үүргийг нь тайлбарласан тухайг тэднийг байцаасан тэмдэглэлд тусгана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
165 дугаар зүйл.Нэмэлт ба дахин шинжилгээ хийх
165.1.Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална.
/Энэ зүйлийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл
166 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл
166.1.Дараахь үндэслэлийн аль нэг нь байгаа бөгөөд байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсээгүй, гэмт хэрэг гарсныг хангалттай нотлох баримт байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ:
166.1.1.гэмт хэрэг гарсан талаар иргэн гомдол гаргасан буюу мэдээлсэн;
166.1.2.гэмт хэрэг гарсан талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан мэдээлсэн;
166.1.З. гэмт хэрэг үйлдсэн хэмээн өөрийгөө илчилж ирсэн;
166.1.4. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор гэмт хэргийн шинж тэмдгийг өөрсдөө шууд илрүүлсэн;
166.1.5.гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт байгаа.
167 дугаар зүйл. Иргэн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргах
167.1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг иргэн амаар буюу бичгээр гаргаж болно.
167.2.Амаар шууд буюу холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан гаргасан гомдлыг тэмдэглэл үйлдэж хүлээн авах бөгөөд түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна.
167.3.Бичгээр гаргасан гомдолд гомдол гаргагч гарын үсэг зурсан байна.
167.4.Санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлан өгч, энэ тухайгаа тэмдэглэлд тусган гомдол гаргагчаар гарын үсэг зуруулна.
168 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх
168.1.Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан гэмт хэргийн талаархи мэдээллийг бичгээр өгөх бөгөөд түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно.
169 дүгээр зүйл. Хэргээ илчлэн мэдээлэх
169.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээд үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээсэн мэдээллийг бичгээр болон амаар гаргаж болно.
170 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг заавал хүлээж авах
170.1.Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга, эсхүл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь заавал хүлээн авах үүрэгтэй.
170.2.Мэдээллийг хүлээн авахдаа санаатайгаар худал мэдээлбэл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхийг мэдээлэл өгөгчид сануулна.
170.3.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас хууль бусаар татгалзсан тохиолдолд энэ хуулийн 107 дугаар зүйлд заасан журмын дагуу прокурорт гомдол гаргаж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
171 дүгээр зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол , мэдээллийг хянан үзэх хугацаа
171.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг 5 хоногт багтаан хянаж эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
171.2. Нэмэлт тайлбар, баримт бичиг, бусад материал гаргуулж авах, хэргийн газарт үзлэг хийх шаардлагатай бол энэхүү хугацааг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга 14 хүртэл хоногоор сунгаж болно.
172 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гаргах шийдвэр
172.1.Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хянан үзсэн болон гэмт хэргийн шинж тэмдгийг шууд өөрөө илрүүлсэн тохиолдол бүрт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ:
172.1.1.эрүүгийн хэрэг үүсгэх;
172.1.2.эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах, татгалзах;
172.1.3.гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх.
172.2.Гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэргийг таслан зогсоох болон гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
172.3. Гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагын ажилтан эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхийн тулд дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно:
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
172.3.1. хүний нэр хаягийг тодруулах зорилгоор баримт бичгийг үзэж шалгах;
172.3.2. хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшид үзлэг хийх;
172.3.3. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эд зүйл, эд хөрөнгө, мөнгө агуулсан байр савыг битүүмжлэх;
172.3.4. хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгслийг саатуулах, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хурааж авах;
172.3.5. шүүх эмнэлэг, криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах;
172.3.6. иргэн, албан тушаалтнаас тайлбар авах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
172.3.7. нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтоох;
172.3.8. гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох;
172.3.9. согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах;
172.3.10.гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийг энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэлээр баривчлах.
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
172.4.Дор дурдсан тохиолдолд дараахь албан тушаалтан энэ хуулийн 172.3-т заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулна:
172.4.1.Монгол Улсын хилийн гадна байгаа тус улсын төрийн далбаа мандуулсан усан онгоц, агаарын хөлөг аялж яваа үед гарсан гэмт хэрэгт усан онгоцны ахмад, агаарын хөлгийн багийн дарга;
172.4.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутагт гарсан гэмт хэрэгт тухайн Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн ажилтан;
172.4.3.хорих ангийн харьяа нутаг дэвсгэр дээр ялтны үйлдсэн гэмт хэрэгт хорих ангийн дарга, дэд дарга;
172.4.4.хилийн бүст гарсан гэмт хэрэгт хилийн тагнуулын албаны эрх бүхий албан тушаалтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах офицер;
/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
172.4.5.энэ хуулийн 27.1-т заасан гэмт хэрэгт тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажилтан;
172.4.6.энхийг дэмжих ажиллагаанд оролцох явцад үйлдсэн гэмт хэрэгт тухайн цэргийн багийн захирагч, эрх бүхий албан тушаалтан;
/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
172.4.7.гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох явцад гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий албан хаагч;
172.4.8.гаалийн хяналт, шалгалтын явцад илэрсэн гэмт хэрэгт гаалийн улсын байцаагч.
/Дээрх 172.4 дэх хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
172.5. Энэ хуулийн 172.3.2, 172.3.3, 172.3.4, 172.3.5, 172.3.8-д заасан ажиллагааг гагцхүү энэ хуульд заасан журмаар явуулна.
ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хэрэг үүсгэх журам
173 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэх журам
173.1. Энэ хуулийн 166 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, энэ тухай тогтоол гаргана.
173.2. Тогтоолд гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн, ямар хэрэг үйлдэгдсэн, хэрэг үүсгэсэн үндэслэл, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн, түүнчлэн уг хэргийг цааш хэрхэх тухай заана.
173.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн бол тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулж, эрүүгийн хэргийн дугаар авна.
173.4. Эрүүгийн хэрэг үүсгэхийн зэрэгцээгээр гэмт хэргийг таслан зогсоох, түүнчлэн гэмт хэргийн ул мөрийг хамгаалж, хойшлуулшгүй ажиллагаа явуулна.
174 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа
174.1. Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол гаргасны дараа дараахь ажиллагаа явуулна:
174.1.1 прокурор хэргийг бүртгэн, эрүүгийн хэргийн дугаар олгож хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын аль нэгэнд мөрдүүлэхээр харъяаллын дагуу шилжүүлэх;
174.1.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага байцаан шийтгэх ажиллагаа явуулж эхлэх.
175 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах
175.1. Гомдол, мэдээллийг хянах явцад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, эсхүл байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргана.
175.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай саналаа бичгээр гаргаж, хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт хүргүүлнэ.
175.3. Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг гомдол, мэдээлэл гаргагч эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
176 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хуульд нийцэж
176.1.Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд прокурор хяналт тавина.
176.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хууль зүйн үндэслэл, баримтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байвал прокурор өөрийн тогтоолоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох буюу хэрэв байцаан шийтгэх ажиллагаа хийгдсэн байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно.
176.3. Эрүүгийн хэрэг үүсгэхийг үндэслэлгүйгээр татгалзсан байвал дээд шатны прокурор өөрийн тогтоолоор уг тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэн харъяаллын дагуу шилжүүлнэ.
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлтийн ажиллагаа
177 дугаар зүйл. Хэрэг бүртгэх ажиллагаа явуулах
177.1. Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр хэрэгт хэрэг бүртгэгч энэ хуульд заасан харъяаллын дагуу хэрэг бүртгэлт явуулна. Хэрэг бүртгэлтийг уг гэмт хэрэг гарсан газар явуулна.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
177.2. Тухайн хэрэг мөрдөн байцаалтын, эсхүл хэрэг бүртгэх өөр албаны харъяалалтай бол нэн даруй харъяаллын дагуу шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
177.3.Хэрэг бүртгэлтийг түргэн шуурхай, бүрэн гүйцэд хийхийн тулд гэмт хэрэг илэрсэн буюу сэжигтэн, яллагдагч болон гэрч, хохирогчийн олонхи байгаа газар хэрэг бүртгэлт явуулж болно. Хэргийн харьяаллын тухай асуудлыг хэрэг бүртгэлт эхэлсэн газрын прокурор шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
178 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт явуулах хугацаа
178.1.Хэрэг бүртгэлт явуулах үндсэн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 21 хоног байна.
178.2.Хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлага гарвал прокурор хэргийн хугацааг тухай бүрт нь 15 хүртэл хоногоор сунгана.
178.3.Шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаасан, түүнчлэн түдгэлзүүлсэн буюу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол хэрэг бүртгэлт явуулах хугацааг прокурор 15 хоногоор сунгана.
179 дүгээр зүйл. Хэрэг бүртгэх ажиллагааг дуусгах
179.1.Хэрэг бүртгэх ажиллагааг явуулж дууссаны дараа хэрэг бүртгэгч хэргийг прокурорт шилжүүлэх тухай тогтоол үйлдэх ба түүнд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийн тухай болон хэрэг бүртгэлтийн үед тогтоогдсон бусад нөхцөл байдлыг тусгана.
179.2.Хэргийг прокурорт шилжүүлэх үед энэ хуулийн есдүгээр бүлэгт заасан журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.
179.3.Хэргийг иргэд, байгууллагын гомдол, мэдээллээр үүсгэсэн бол хэрэг бүртгэх ажиллагааг дуусгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн тухай тэдэнд мэдэгдэнэ.
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Мөрдөн байцаалт явуулах
180 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах газар
180.1.Мөрдөн байцаалтыг уг гэмт хэрэг гарсан газар явуулна.
180.2.Мөрдөн байцаалтыг түргэн, шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийн олонхи байгаа газар, эсхүл дагнасан чиглэлээр мөрдөн байцаалт явуулж байгаа хэлтэс, тасаг мөрдөн байцаалт явуулж болно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
180.3. Мөрдөн байцаагч уг хэрэг харъяаллын биш болохыг тогтоомогц байцаан шийтгэх хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж, хэргийг харъяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт явуулна.
180.4 Хэргийн харъяаллын тухай асуудлыг мөрдөн байцаалт эхэлсэн газрын прокурор шийдвэрлэнэ.
180.5. Өөр газарт байцаан шийтгэх болон эрэн сурвалжлах тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөн байцаагч өөрөө, эсхүл тухайн газрыг харьяалах хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад даалгавар өгч гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан заасан хугацаанд нь заавал биелүүлэх үүрэгтэй.
181 дүгээр зүйл. Мөрдөн байцаалтыг эхлэх
181.1. Мөрдөн байцаалтыг гагцхүү эрүүгийн хэрэг үүсгэсний дараа энэ хуульд заасан журмаар явуулна.
181.2. Мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн буюу хүлээж авсны дараа мөрдөн байцаах ажиллагааг нэн даруй эхлэх үүрэгтэй бөгөөд мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол үйлдэнэ.
181.3. Эрүүгийн хэрэг үүсгэх, мөрдөн байцаалт явуулах ажиллагаа нэгэн зэрэг хийгдэж байгаа бол энэ тухай нэг тогтоол гаргана.
182 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах хугацаа
182.1. Мөрдөн байцаалт явуулах үндсэн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 2 сар байна.
182.2. Энэ хуулийн 182.1-д заасан хугацааг эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлэн хэргийг прокурорт шилжүүлэх, эсхүл хэрэгсэхгүй болгох хүртэлх үеийг оролцуулан тоолно.
182.3. Энэ хуульд заасан журмын дагуу хэргийг түдгэлзүүлсэн хугацаа нь мөрдөн байцаалт явуулах хугацаанд тооцогдохгүй.
182.4. Тухайн хэрэг нь олон сэжигтэн, яллагдагчтай буюу олон үйлдэлтэй, эсхүл алслагдсан газарт шалгалт хийх шаардлагатай, түүнчлэн шүүх - нягтлан бодох бүртгэлийн болон бусад нарийн төвөгтэй шинжилгээ хийх, дахин болон нэмэлт шинжилгээ хийлгүүлэх зэрэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хугацааг сум дундын прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт сум дундын ахлах прокурор 3 сар хүртэл, аймгийн прокурорын орлогч 6 сар хүртэл, аймгийн прокурор 7 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл, аймгийн прокурорын болон дагнасан прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт аймгийн прокурорын болон дагнасан прокурорын орлогч 3 сар хүртэл, аймгийн прокурор болон дагнасан прокурор 13 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл, дүүргийн прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт дүүргийн прокурорын орлогч 3 сар хүртэл, дүүргийн прокурор 4 сар хүртэл, нийслэлийн прокурорын орлогч 4 сар хүртэл, нийслэлийн прокурор 5 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл, нийслэлийн прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт нийслэлийн прокурорын туслах 3 сар хүртэл, нийслэлийн прокурорын орлогч 6 сар хүртэл, нийслэлийн прокурор 7 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл хугацаагаар нэмж сунгана. Хэргийн мөрдөн байцаалтын хугацааг цаашид сунгах асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
182.5. Прокурор мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгахдаа урьдах хугацаанд хийгдсэн ажиллагаа, хугацаа сунгах үндэслэл, цаашид хийх байцаан шийтгэх ажиллагааг харгалзана.
182.6. Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар буцаасан, түүнчлэн түдгэлзүүлсэн буюу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол мөрдөн байцаалт явуулах хугацааг уг ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурор 1 сар хүртэл хугацаагаар тогтоож, цаашид сунгах асуудлыг ердийн журмаар гүйцэтгэнэ.
182.7. Мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө зохих прокурорт явуулна.
183 дугаар зүйл.Мөрдөн байцаалтыг мөрдөн байцаагчдын хэсэг явуулах
183.1.Ээдрээ төвөгтэй болон ихээхэн хэмжээний ажиллагаа бүхий хэргийн мөрдөн байцаалтыг мөрдөн байцаагчдын хэсэг явуулж болох ба түүнийг мөрдөн байцаах албаны дарга томилж тогтоол гаргана.
183.2.Тогтоолд бүх мөрдөн байцаагчид, түүний дотор хэсгийн ахлагч- мөрдөн байцаагчийг томилсон тухай заана.
183.3.Тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах ба тэдгээр нь аль ч мөрдөн байцаагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрхтэй.
184 дүгээр зүйл. Мөрдөн байцаалтын хэсгийн ахлагч-мөрдөн байцаагчийн эрх, үүрэг
184.1.Мөрдөн байцаалтын хэсгийн ахлагч- мөрдөн байцаагч нь хэргийг өөрийн ажиллагаанд авч мөрдөн байцаалтын хэсгийн ажлыг зохион байгуулах ба бусад мөрдөн байцаагчийн ажиллагааг удирдана.
184.2.Хэргийг нэгтгэх, тусгаарлах, түдгэлзүүлэх, сэргээх, хэрэгсэхгүй болгох, тэрчлэн мөрдөн байцаалтын хугацааг сунгах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг зөвхөн хэсгийн ахлагч гаргана.
184.3.Яллах дүгнэлт үйлдүүлэх болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар прокурорт шилжүүлэх тухай тогтоолыг зөвхөн хэсгийн ахлагч үйлдэнэ.
184.4.Хэсгийн ахлагч өөрөө бие даан болон бусад мөрдөн байцаагчтай хамтран мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах болон хэргийн талаар шийдвэр гаргах эрхтэй.
185 дугаар зүйл. Мөрдөн байцаалтыг дуусгах
185.1.Мөрдөн байцаагч яллагдагчид яллах дүгнэлт үйлдүүлэхээр саналыг прокурорт тавьсан, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаснаар мөрдөн байцаалт дуусгавар болно.
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл
186 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нийтлэг журам
186.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд шөнийн цагаар явуулахыг хориглоно.
186.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, түүнийг буулган авах, бэхжүүлэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга, техник хэрэгслийг ашиглаж болно.
186.3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон бусад хууль бус арга хэрэгсэл хэрэглэх, түүнчлэн оролцогчийн амь насанд аюултай байдал бий болгохыг хориглоно.
187 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид эрхийг нь заавал тайлбарлан өгөх ба түүнийг хангах
187.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцогч бусад этгээдэд тэдгээрийн эрх, үүрэг болон үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг тайлбарлан өгч, байцаан шийтгэх ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй.
188 дугаар зүйл. Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалах
188.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалах талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:
188.1.1.баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн асрах хүнгүй бага насны хүүхэд, өндөр настай эцэг, эх болон бусад асруулагчийг харгалзан дэмжүүлэхээр төрөл садны буюу бусад хүмүүст, эсхүл зохих байгууллагад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шилжүүлэн өгөх;
188.1.2.баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн эзэнгүй үлдсэн эд хөрөнгө, орон сууцыг хамгаалуулах арга хэмжээ авах.
188.2.Энэ хуулийн 188.1-д заасны дагуу авагдсан арга хэмжээг цагдан хоригдсон этгээдэд мэдэгдэнэ.
189 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын
189.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг гагцхүү прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно.
189.2.Шаардлагатай үед хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг задруулж болохгүй тухай гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, мөрдөн байцаалт явуулахад байлцсан бусад хүмүүст урьдчилан мэдэгдэж, хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс гарын үсэг авна.
190 дүгээр зүйл. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ
190.1.Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана.
190.2.Хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, 1 сарын дотор тэр тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй.
191 дүгээр зүйл. Орчуулагч, хэлмэрчийг оролцуулах
191.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа орчуулагч, хэлмэрчийг оролцуулна.
191.2.Орчуулагч, хэлмэрчид түүний эрх, үүргийг тайлбарлан санаатайгаар худал орчуулах буюу хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, тэр тухайгаа мөрдөн байцаалтын зохих ажиллагаа явуулсан тэмдэглэлд тэмдэглэж, орчуулагч, хэлмэрчээр гарын үсэг зуруулна.
192 дугаар зүйл. Хөндлөнгийн гэрчийг оролцуулах
192.1.Үзлэг, нэгжлэг хийх, хураан авах, түүнчлэн энэ хуульд хөндлөнгийн гэрч оролцуулахаар заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бусад ажиллагаа явуулахад 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулна.
192.2. Хөндлөнгийн гэрчүүдийн оролцоотойгоор хийгдвэл зохих хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдахын өмнө хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан тэдний эрх, үүргийг тайлбарлаж өгнө.
192.3. Хөндлөнгийн гэрч өөрийнхөө оролцоотойгоор хийгдсэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан байдал, түүний агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй.
192.4. Хөндлөнгийн гэрч өөрийнхөө оролцоотойгоор хийгдсэн ажиллагааны талаар тэмдэглэлд засвар оруулахыг шаардах эрхтэй.
193 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд
193.1.Эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хууль хэрхэн биелж байгаад хяналт тавихдаа прокурор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
193.1.1.эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаж үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж үзвэл тогтоолыг хүчингүй болгох;
193.1.2.гэмт хэргийн шинж тэмдгийг өөрөө илрүүлсэн бол эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргаж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах;
193.1.3. гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;
193.1.4. хэргийн оролцогч гомдол, хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэхийн тулд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагаас татаж хянах, үүний үндсэн дээр байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах даалгаврыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид өгч биелэлтэд хяналт тавих;
193.1.5.гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор хийгдэж байгаа гүйцэтгэх ажилд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавих;
193.1.6. шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулахад биечлэн оролцох;
193.1.7. энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах;
193.1.8. энэ хуульд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас явуулах байцаан шийтгэх тодорхой ажиллагааны зөвшөөрлийг өгөх;
193.1.9. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг сунгах;
193.1.10. сэжигтэн, яллагдагчийг хорьж мөрдөх, уг хугацааг сунгах саналыг шүүхэд тавих;
193.1.11.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, доод шатны прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх;
193.1.12. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн ажиллагаа, шийдвэрийн талаар прокурорын байгууллагад гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;
193.1.13. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулийн шаардлагыг биелүүлэх талаар бичгээр заалт өгч хэргийг буцаах;
193.1.14. эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, сэргээх, хэрэгсэхгүй болгох талаар гарсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг шийдвэрлэх;
193.1.15. эрүүгийн хэрэг үндэслэлгүйгээр үүсгэсэн, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож цаашид хэрхэхийг шийдвэрлэх;
193.1.16 энэ хуульд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг батлах;
193.1.17. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, доод шатны прокурорын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох;
193.1.18. нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тодорхой чиглэл өгөх, хэргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид буцаах;
193.1.19. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үед хууль зөрчсөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг тухайн хэргийг цаашид мөрдүүлэхийг зогсоох;
193.1.20. хэргийг шүүхэд шилжүүлэх;
193.1.21. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон хяналтын ажилд шаардлагатай мэдээ судалгаа, баримт бичгийг аль ч байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, газар дээр нь танилцах, мэргэжлийн дүгнэлт магадлагаа гаргуулах;
193.1.22. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөхийн тулд тэдгээрийн ажлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн шалгах, шаардлагатай хэрэг материалыг татаж хянах;
193.1.23. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэвийн ажиллагааг хангах, уг ажиллагаанд илэрсэн нийтлэг зөрчлийг арилгуулах талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын захиргаанд шаардлага тавих;
193.1.24. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын захиргаанаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны талаар гаргасан тушаал, шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянах, зөрчсөн тушаал шийдвэрт эсэргүүцэл бичих;
193.1.25. хэрэг шалгах харьяалал тогтоох;
193.1.26. эрүүгийн хэргийн хавтаст хэргийг архивт хадгалах;
193.1.27. энэ хуульд заасан бусад бүрэн эрх.
194 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд
194.1.Энэ хуульд заасан журмын дагуу өгсөн прокурорын шийдвэрийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч заавал биелүүлэх үүрэгтэй.
194.2.Прокурорын шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гаргасан гомдол нь энэ хуулийн 28.2.13-д зааснаас бусад тохиолдолд түүнийг биелүүлэх явдлыг зогсоохгүй.
195 дугаар зүйл. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах
195.1.Энэ хуулийн 357.1.1, 357.1.2-т заасан нөхцөл байдал илэрсэн, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих явцад хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг биечлэн байцаах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулна.
195.2.Мөрдөн шалгах ажиллагааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын аль ч шатанд явуулж болно.
195.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, хуулийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдвол тухайн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар хэргийг цаашид мөрдүүлэхийг зогсоож, өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хэргийг шилжүүлэхийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад даалгах ба түүнийг заавал биелүүлнэ.
195.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн, хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдвол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад шилжүүлнэ.
195.5.Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бүхий л нотлох баримтыг хэрэгт хавсаргана.
ХОРИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Яллагдагчаар татах, яллагдагчийг байцаах
196 дугаар зүйл. Яллагдагчаар татах
196.1.Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ.
196.2.Яллагдагчаар татах тухай тогтоолд уг тогтоолыг хэзээ, хаана, хэн үйлдсэн, яллагдагчаар татагдаж байгаа этгээдийн овог, эцгийн нэр, нэр, уг этгээд Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан хэрэгт яллагдаж байгаа, уг хэргийг хэзээ, хаана үйлдсэн болон бусад ямар байдал тогтоогдсоныг бичнэ.
196.3. Яллагдагч нь Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлд заагдсан гэмт хэрэгт яллагдаж байгаа бол яллагдагчаар татах тухай тогтоолд яллагдагч ямар тодорхой хэргүүдэд яллагдаж байгааг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг нэг бүрээр заана.
197 дугаар зүйл. Яллагдагчийг дуудах
197.1 Гадуур байгаа яллагдагч нь дуудсан цагт ирэх үүрэгтэй.
197.2.Яллагдагчийг энэ хуулийн 198 дугаар зүйлд заасан журмаар дуудан ирүүлнэ.
197.3.Яллагдагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ.
197.4.Яллагдагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан, оршин суух тодорхой хаяггүй бол түүнийг урьдчилан дуудахгүйгээр албадан ирүүлж болно.
197.5. Хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд яллагдагчийг шөнийн цагт албадан ирүүлж болохгүй.
198 дугаар зүйл. Яллагдагчийг дуудах журам
198.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч яллагдагчийг зарлан дуудах хуудсаар дуудна.
198.2. Зарлан дуудах хуудсанд хэнийг хэн, хаана, хэдийд ирүүлэхээр дуудаж байгаа, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол хэрхэх тухайг дурдсан байна.
198.3. Зарлан дуудах хуудсыг яллагдагчид гардуулан өгч, цагийг тэмдэглэн гарын үсэг зуруулна.
198.4. Яллагдагч түр хугацаагаар байхгүй байвал зарлан дуудах хуудсыг түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга, байгууллагын захиргааны аль нэгэнд өгч, гарын үсэг зуруулна.
198.5. Яллагдагчийг утас, цахилгаан, мэдээллийн бусад хэрэгслээр дуудан ирүүлж болно.
198.6.Цагдан хоригдож байгаа яллагдагчийг байгаа газарт нь, эсхүл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах газарт ирүүлж байцаана.
199 дүгээр зүйл. Яллагдагчаар татах тухай тогтоолыг сонсгох
199.1.Яллагдагчаар татах тухай тогтоол гармагц түүнийг яллагдагчид нэн даруй сонсгоно.
199.2.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч яллагдагчийн биеийн байцаалтыг шалгаж, түүнд яллагдагчаар татсан тухай тогтоолыг уншин сонсгож, сонсгосон ялын агуулгыг танилцуулж, хэзээ ял сонсгосныг уг тогтоолд тэмдэглэж, гарын үсэг зуруулна.
199.3. Яллагдагч гарын үсэг зурахаас татгалзвал тогтоолд энэ тухай тэмдэглэнэ.
200 дугаар зүйл. Яллагдагчийн эрхийг тайлбарлан өгөх
200.1. Яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсны дараа энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан эрхийг яллагдагчид тайлбарлан өгч тэр тухай анхны байцаалтын тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна.
201 дүгээр зүйл. Яллагдагчийг байцаах журам
201.1.Яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсны дараа яллагдагчийг нэн даруй байцаана.
201.2. Хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд яллагдагчийг өдрийн цагаар байцаана.
201.3. Яллагдагчдыг тус тусад нь байцаах бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нэг хэрэгт дуудагдсан яллагдагчдыг өөр хоорондоо харилцахгүй байлгах арга хэмжээ авна.
201.4. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь байцаалтыг эхэлсний дараа уг хэргийн талаар мэдүүлэг өгөхийг яллагдагчид мэдэгдэнэ.
201.5. Яллагдагчийн мэдүүлгийг сонссоны дараа түүнд асуулт тавьж болно.
202 дугаар зүйл. Яллагдагчийг байцаасан тэмдэглэл
202.1.Байцаалт бүрт тэмдэглэл үйлдэж, түүнд байцаалтыг хэзээ, хаана, хэнээс явуулсныг дурдана.
202.2. Яллагдагчаар татсаны дараахь анхны байцаалтад яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, газар, аль улсын иргэн болох, үндэс, угсаа, боловсрол, ажлын газар, албан тушаал буюу эрхэлсэн ажил, оршин суугаа газар, гэр бүлийн байдал, урьд шийтгэгдэж байсан эсэх, түүнчлэн хэргийн байдлаас шаардлагатай бусад зүйлүүдийг тодруулан асууж тэмдэглэлд тусгана.
202.3. Яллагдагчийн мэдүүлгийг тэмдэглэлд нэгдүгээр биеийн төлөөний үгээр үгчлэн бичиж, яллагдагчид тавьсан асуулт, түүний хариултыг тодорхой тусгана.
202.4. Байцаалт дуусмагц яллагдагчид тэмдэглэлийг уншуулахаар өгөх буюу түүний хүсэлтээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уншин өгч энэ тухай тэмдэглэл хийнэ.
202.5. Яллагдагч тэмдэглэлд өөрийн өгсөн мэдүүлгийн дагуу нэмэлт, засвар оруулахыг шаардах эрхтэй ба уг нэмэлт, засварыг тэмдэглэлд заавал бичнэ.
202.6. Тэмдэглэлд яллагдагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, түүнчлэн байцаалтад оролцсон бусад хүмүүс гарын үсэг зурах ба хэд хэдэн хуудастай бол яллагдагч хуудасны нүүр бүрт гарын үсэг зурна.
202.7. Тэмдэглэлд хийсэн бүх нэмэлт, засварыг яллагдагч ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гарын үсэг зурж батална.
202.8. Байцаалтыг орчуулагч, хэлмэрчийн оролцоотойгоор явуулсан бол түүнд эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулсан, түүнчлэн яллагдагчид орчуулагч, хэлмэрчийг татгалзах эрхийг нь таниулж өгснийг тэмдэглэлд тусгаж, орчуулагч, хэлмэрчээр гарын үсэг зуруулна.
202.9. Орчуулагч, хэлмэрч тэмдэглэлийн хуудасны нүүр бүрт нь ба тэмдэглэлд бүхэлд нь гарын үсэг зурна.
202.10. Байцаалтын тэмдэглэлийг өөр хэл дээр бичгээр орчуулсан бол түүний хуудасны нүүр бүрт ба бүхэлд нь орчуулагч болон яллагдагч гарын үсэг зурсан байвал зохино.
203 дугаар зүйл. Яллагдагч мэдүүлгээ өөрөө бичих
203.1. Яллагдагч хүсвэл мэдүүлгээ өөрөө бичиж болно.
203.2. Яллагдагч бичгээр мэдүүлэг өгсний дараа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч түүнд нэмэлт асуулт тавьж болно.
204 дүгээр зүйл. Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэх
204.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед сонсгосон ялыг өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулах үндэслэл гарвал яллагдагчид энэ хуулийн 199, 201 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шинээр ял сонсгох бөгөөд шинээр сонсгосон ялын талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
204.2. Сонсгосон ялын аль нэг хэсэг нь нотлогдохгүй байвал прокурор тэр хэсгийг тогтоолоор хэрэгсэхгүй болгож яллагдагчид мэдэгдэнэ.
ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх
205 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл, хугацаа
205.1.Прокурор дор дурдсан үндэслэл байвал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлнэ:
205.1.1.яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй;
205.1.2.сэжигтэн, яллагдагч оргон зайлсан, эсхүл байгаа газар нь мэдэгдэхгүй байвал;
205.1.3.сэжигтэн, яллагдагч хаана байгаа нь тодорхой боловч түүний дипломат дархан эрхийг хязгаарлаагүй, эсхүл өөр улс хүлээлгэн өгөөгүй байгаа бол;
205.1.4.зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй тохиолдолд;
205.1.5.сэжигтэн, яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол;
205.1.6.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;
205.1.7.өөр хэргийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй бол.
205.2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэхийн өмнө хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтэн, яллагдагчийн байхгүйд гүйцэтгэж болох бүх ажиллагааг явуулах, гэмт хэрэг үйлдсэн болон оргон зайлсан этгээдийг олж илрүүлэх бүх арга хэмжээг авах үүрэгтэй.
205.3.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцааалтыг түдгэлзүүлэх тухай саналаа бичгээр гаргаж, хэргийн хамт прокурорт 3 хоногийн дотор хүргүүлнэ.
205.4.Хоёр буюу хэд хэдэн сэжигтэн, яллагдагч хэрэгт татагдсан бөгөөд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл нь бүх сэжигтэн, яллагдагчид хамаарахгүй байвал зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлж болно.
205.5.Энэ хуулийн 205.1.1, 205.1.2-т заасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг уг хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа дуусахад түдгэлзүүлнэ.
205.6.Энэ хуулийн 205.1.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг уг хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа дуусахын өмнө түдгэлзүүлж болно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
205.7.Түдгэлзүүлсэн хэргийг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа дуусмагц хэрэгсэхгүй болгоно.
206 дугаар зүйл. Сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах
206.1.Сэжигтэн, яллагдагч оргон зайлсан бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрэн сурвалжлах арга хэмжээг авна.
206.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж, энэ тухай тогтоол гаргана.
207 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг
207.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл арилсан буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг сэжигтэн, яллагдагчийн байхгүйд нэмж хийх шаардлагатай байвал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг прокурорын тогтоолоор сэргээн явуулна.
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
208 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл
208.1. Дор дурдсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно:
208.1.1. энэ хуулийн 24.1.1-24.1.6-д заасан тохиолдолд;
208.1.2. нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал;
208.1.3. энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол.
208.2. Хэд хэдэн яллагдагч хэрэгт татагдсан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
208.3.Энэ хуулийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийн талаархи нотлох баримт Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд дурдсан хугацааны дотор шинээр илэрвэл уг хэргийг сэргээн шалгаж болно.
209 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох журам
209.1. Прокурор өөрөө болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргана.
209.2. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд эд мөрийн баримт, таслан сэргийлэх арга хэмжээ, битүүмжилсэн эд хөрөнгө хэрхэхийг шийдвэрлэнэ.
209.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналаа бичгээр гаргаж, хэргийн материалын хамт 3 хоногийн дотор прокурорт хүргүүлнэ.
209.4. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
209.5. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
210 дугаар зүйл. Сэтгэцийн өвчтэй буюу эдгэршгүй хүнд өвчтэй яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
210.1.Яллагдагч гэмт хэрэг үйлдэх үедээ, эсхүл үйлдсэнийхээ дараа сэтгэцийн буюу эдгэршгүй хүнд өвчнөөр өвчилсөн бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналаа бичгээр гаргаж, хэргийн материалын хамт 3 хоногийн дотор прокурорт хүргүүлнэ.
210.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 210. 1- д заасан этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналаа прокурорт уламжилна.
210.3. Прокурор энэ хуулийн 210.1-д заасан этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа шүүхэд тавина.
211 дүгээр зүйл. Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх
211.1. Энэ хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бол дээд шатны прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
211.2. Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх явдлыг хөөн хэлэлцэх хугацааны дотор гүйцэтгэж болно.
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгах
212 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссаныг мэдэгдэх, хэргийн материал танилцуулах
212.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүх ажиллагааг хийж дууссан, хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл энэ тухай яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч, төлөөлөгчид мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ.
212.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, тэдний өмгөөлөгчид хэргийн бүх материалыг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчид хэргийн зөвхөн иргэний нэхэмжлэлд холбогдох хэсгийг танилцуулна.
212.3. Яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч хүсвэл түүнд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, соронзон болон дүрс бичлэгийг танилцуулж болно.
212.4. Энэ хуулийн 212.2-т заасан оролцогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэх ба түүнд хэнд ямар материал танилцуулсан, оролцогч ямар хүсэлт гаргасан зэргийг тусгана.
212.5. Хэргийн материалтай танилцах үед бичгээр хүсэлт гаргасан бол хэрэгт хавсаргана.
212.6. Хэргийн материалтай танилцах үед энэ хуулийн 212.2-т заасан оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай тогтоол гаргана.
212.7. Хэргийн материалтай энэ хуулийн 212.2-т заасан оролцогч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас тогтоосон хугацаанд танилцах ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлнэ.
212.8. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол прокурорт гомдол гаргаж болно.
213 дугаар зүйл. Хэргийг прокурорт шилжүүлэх
213.1.Энэ хуулийн 212 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдсэний дараа хэргийг прокурорт шилжүүлнэ.
214 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд
214.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас шилжүүлсэн хэргийн талаар прокурор дор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй:
214.1.1.гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх;
214.1.2.хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэх;
214.1.3.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг бүрэн, бодитой явуулсан эсэх;
214.1.4.сонсгосон ял нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн эсэх;
214.1.5.сонсгосон ял нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар тогтоосон бүх гэмт хэргийг хамарч чадсан эсэх;
214.1.6. гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх;
214.1.7.Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг зөв хэрэглэсэн эсэх;
214.1.8. таслан сэргийлэх арга хэмжээг зөв хэрэглэсэн эсэх;
214.1.9. иргэний нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авсан эсэх;
214.1.10.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан эсэх.
215 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн
215.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэхүү хугацааг 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.
215.2. Прокурор хэргийг хянаж үзээд дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:
215.2.1. хөнгөн гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлэх;
215.2.2. хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх;
215.2.3. нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах;
215.2.4. энэ хуулийн 208 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох;
215.2.5. хэргийг түдгэлзүүлэх;
215.2.6. хэргийг харьяалалын дагуу шилжүүлэх.
215.3. Яллах дүгнэлт үйлдэх хугацаа нь 10 хоног байна. Энэ хугацааг дээд шатны прокурор 14 хүртэл хоногоор сунгаж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
216 дугаар зүйл.Прокурор яллагдагчаар татсан тогтоол батлах буюу яллах дүгнэлт үйлдэх үед урьд сонсгосон ялыг өөрчлөх
216.1.Яллагдагчаар татсан тогтоол батлах буюу яллах дүгнэлт үйлдэх үед прокурор урьд сонсгосон ялын заримыг хүчингүй болгох, түүнчлэн хөнгөн ялтай хууль хэрэглэх эрхтэй.
216.2.Ялыг хүндрүүлэх буюу жинхэнэ бодит байдлаараа урьд сонсгосон ялаас онцын ялгаатай болгож өөрчлөх шаардлагатай бол прокурор хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шинээр ял сонсгож байцаалгах эрхтэй.
217 дугаар зүйл. Прокурор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох
217.1.Энэ хуулийн 213 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлсэн хэргийг хянах явцад прокурор урьд авсан цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.
218 дугаар зүйл. Яллах дүгнэлт
218.1.Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.
218.2.Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана.
218.3.Тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харъяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, зэрэг дэв, үйлдсэн он, сар, өдрийг бичнэ.
218.4.Яллах дүгнэлтийн хавсралтад дор дурдсан зүйлийг заана:
218.4.1.таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа;
218.4.2.эд мөрийн баримт, битүүмжилсэн эд хөрөнгийн талаархи тодорхойлолт;
218.4.3.иргэний нэхэмжлэл, түүнийг хангах талаар авсан арга хэмжээ;
218.4.4.шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулбал зохих гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч болон бусад оролцогчдын талаархи санал.
219 дүгээр зүйл.Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх
219.1. Прокурор яллагдагчаар татах тогтоолыг батлах буюу яллах дүгнэлт үйлдэн, хэргийг харъяаллын дагуу шүүхэд шилжүүлж, энэ тухай яллагдагчид мэдэгдэнэ.
219.2. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийн талаар гарсан хүсэлт, гомдлыг шүүхэд шууд шилжүүлнэ.
ГУЧДУГААР БҮЛЭГ
Шүүхийн харъяалал
220 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн шүүхийн харъяалал
220.1.Хуульд тусгайлан зааснаас бусад эрүүгийн бүх хэргийг сум буюу сум дундын, дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
2201дүгээр зүйл.Анхан шатны шүүхэд ирсэн хэргийг хуваарилах
2201.1.Анхан шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна.
221 дүгээр зүйл. Хэргийн нутаг дэвсгэрийн харъяалал
221.1.Хэргийг уг хэрэг гарсан газрыг харъяалах шүүх хянан шийдвэрлэнэ.
221.2.Гэмт хэрэг нэг шүүхийн харъяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харъяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.
221.3.Гэмт хэрэг гарсан газрыг тогтоох бололцоогүй, эсхүл хэрэг өөр өөр газруудад үйлдэгдсэн байвал уг хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дууссан газрын шүүх хянан шийдвэрлэнэ.
221.4.Адил эрхтэй хэд хэдэн шүүхэд харъяалагдах хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан газрын шүүх хянан шийдвэрлэнэ.
222 дугаар зүйл.Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх
222.1.Хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал шүүгчийн захирамжаар харьяалах шүүхэд шилжүүлнэ.
222.2.Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харъяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.
223 дугаар зүйл. Хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх
223.1.Хэргийг цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд адил эрх бүхий нэг шүүхээс нөгөө шүүхэд шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө шилжүүлж болно.
223.2.Хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн танхимын Тэргүүн шүүгчийн захирамжаар, нэг аймаг дахь өөр сум буюу сум дундын, түүнчлэн өөр дүүргийн шүүхэд тухайн аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүхийн харъяалал тогтоон шилжүүлнэ.
223.3. Сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүнчлэн аймаг, нийслэлийн шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй бол адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд олонхи шүүгч нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
224 дүгээр зүйл. Харъяаллын талаар маргаж болохгүй
224.1.Харъяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй ба энэ хуулийн 222, 223 дугаар зүйлд заасан журмаар шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан шүүх түүнийг заавал хянан шийдвэрлэнэ.
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа
225 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх
225.1.Шүүхэд ирсэн хэргийн талаар шүүгч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
225.1.1. яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;
225.1.2. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцаах;
225.1.3. хэргийг түдгэлзүүлэх;
225.1.4. хэргийг харъяалах шүүхэд нь шилжүүлэх.
225.2. Шүүгч дээрх асуудлыг шийдвэрлэхдээ захирамж гаргах ба түүнд дараахь зүйлийг тусгана:
225.2.1. захирамжийг хэзээ, хаана гаргасан;
225.2.2. захирамж гаргасан шүүгчийн нэр;
225.2.3. захирамж гаргах үндэслэл.
225.3.Захирамжийг хэрэг шүүхэд ирснээс хойш 15 хоногийн дотор гаргана.
225.4.Энэ хуулийн 225.3-т заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг сунгаж болно.
226 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхэд шийдвэрлэвэл зохих асуудал
226.1.Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгч дараахь асуудлыг тодруулсан байна:
226.1.1. хэрэг уг шүүхэд харьяалагдах эсэх;
226.1.2. хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэх;
226.1.3. яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу хүчингүй болгох эсэх;
226.1.4. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал байгаа эсэх.
227 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед гаргасан хүсэлтийг хянаж хэлэлцэх
227.1.Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед шүүгч нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, иргэний нэхэмжлэл хангах арга хэмжээ авах талаар улсын яллагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хянаж үзэх үүрэгтэй.
227.2.Шүүгч хүсэлт гаргасан хүмүүсээс тайлбар авч болох ба түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэнэ.
227.3. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргаж болохгүй боловч хүсэлт гаргагч шүүх хуралдаан дээр түүнийг дахин гаргаж болно.
228 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх
228.1.Шүүгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг зарлана.
228.2. Захирамжид дараахь асуудлыг тусгана:
228.2.1.шүүх хуралдааныг хэзээ хаана хийх;
228.2.2.шүүх хуралдааныг шүүгч дангаар, эсхүл хамтран шийдвэрлэх эсэх;
228.2.3. шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох эсэх;
228.2.4. шүүх хуралдаанд бусад этгээдийг оролцуулах эсэх;
228.2.5. шүүх хуралдааныг хаалттай хийх эсэх;
228.2.6. яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг хэдийд гардуулах.
228.3. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжид яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний тухай тусгана.
228.4. Шүүх хуралдааны товыг гурваас доошгүй хоногийн өмнө шүүх талуудад мэдэгдэнэ.
229 дүгээр зүйл. Хэргийг түдгэлзүүлэх
229.1. Шүүгч дараахь тохиолдолд хэргийг түдгэлзүүлнэ:
229.1.1. яллагдагчийн хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бол;
229.1.2. яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол;
229.1.3. тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;
229.1.4. тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор тухайн шүүхээс Улсын дээд шүүхэд хандсан бол;
229.1.5. тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан бол.
229.2.Энэ хуулийн 229.1-д заасан тохиолдол арилсан бол шүүгч захирамж гарган хэргийг сэргээнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
230 дугаар зүйл. Хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах
230.1. Дор дурдсан тохиолдолд хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана:
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
230.1.1. хэргийг буруу нэгтгэсэн, тусгаарласан бол;
230.1.2. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол;
230.1.3. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн бол;
230.1.4. улсын яллагч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн.
230.2.Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан бол прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
231 дүгээр зүйл. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн
231.1. Шүүх яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг зарлан дуудах хуудасны хамт шүүгдэгчид гардуулан өгнө.
231.2. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг шүүгдэгчид гардуулан өгснөөс хойш 3 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй.
231.3. Шүүгдэгч монгол хэл мэддэггүй бол энэ зүйлд заасан баримт бичгийг түүний эх хэл буюу мэддэг хэл дээр орчуулан гардуулж өгнө.
232 дугаар зүйл. Шүүх хуралдаанд дуудах
232.1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжид заасан оролцогчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх, шүүх хуралдаанд бэлтгэх бусад арга хэмжээг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
232.2. Шүүхийн зарлан дуудах хуудас хүлээн аваад ирээгүй оролцогч болон гэрч, шинжээчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
232.3. Цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг товлосон хугацаанд шүүхэд ирүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна.
233 дугаар зүйл. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх хугацаа
233.1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс эхлэн 10 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл
234 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах
234.1. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хэргийн бүх нотлох баримтыг шинжлэн судлах арга хэмжээ авна.
234.2. Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.
234.3. Шүүгч хэлэлцэж эхэлсэн хэргийг дуусгалгүйгээр өөр хэрэг хэлэлцэж болохгүй.
235 дугаар зүйл. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах
235.1.Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэхээс бусад бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
235.2. Шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.
236 дугаар зүйл. Хэргийг шүүх хуралдаанд хэлэлцэж байхад шүүх
236.1.Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.
236.2. Шүүгчийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж хэрэг хэлэлцэх ажиллагааг эхнээс нь шинээр явуулна.
237 дугаар зүйл. Шүүх хуралдаан даргалагч
237.1.Шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, эсхүл түүний томилсон шүүгч даргална.
237.2. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг гагцхүү тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, үнэн байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна.
237.3. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгнө.
238 дугаар зүйл.Шүүх хуралдааны ажиллагаанд оролцогч талууд тэгш эрхтэй байх
238.1.Улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч хүсэлт, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэхэд оролцох, үг хэлэх талаар тэгш эрх эдэлнэ.
239 дүгээр зүйл.Прокурор шүүх хуралдааны ажиллагаанд оролцох
239.1.Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана.
239.2.Улсын яллагч хуулийн шаардлага ба хэргийн бүх байдлыг үндэслэсэн өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.
239.3.Хэрэг ээдрээ төвөгтэй буюу олон шүүгдэгчтэй бол шүүх хуралдаанд хэд хэдэн улсын яллагч оролцож болно.
239.4. Улсын яллагч дор дурдсан тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргана:
239.4.1.шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн;
239.4.2.хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн.
239.5.Улсын яллагч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө яллахаас татгалзаж болно.
239.6.Төрийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргах буюу гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.
240 дүгээр зүйл.Шүүгдэгч шүүх хуралдааны ажиллагаанд оролцох
240.1.Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхэд шүүгдэгчийг оролцуулна.
240.2. Шүүгдэгч нь Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн бол хэргийг түүний байхгүйд хэлэлцэж болно.
240.3.Энэ хуулийн 240.2-т зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч ирээгүй бол хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулна.
240.4.Шүүх нь ирээгүй шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрхтэй.
241 дүгээр зүйл. Шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгч оролцох
241.1.Өмгөөлөгч нотлох баримт шинжлэхэд оролцох, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар санал гаргах, шүүгдэгчийг цагаатгах, түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлын тухай болон шүүгдэгчид оногдуулах ялын талаар саналаа хэлнэ.
241.2.Өмгөөлөгч ирээгүй бөгөөд түүнийг солих боломжгүй бол хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулна.
241.3.Өмгөөлөгчийг солих асуудлыг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
241.4.Энэ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно.
242 дугаар зүйл.Шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч ирээгүйн холбогдол
242.1.Прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж бичгээр шүүхэд заавал мэдэгдэх бөгөөд шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
242.2. Прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болох бөгөөд энэ тохиолдолд хэрэг хэлэлцэх ажиллагааг эхнээс нь шинээр явуулах ба тэдгээрт хэргийн бүх материалтай танилцах бололцоо олгоно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
242.3. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол энэ хуулийн 242.1 дэх заалт хамаарахгүй.
243 дугаар зүйл. Хохирогч ирээгүйн холбогдол
243.1. Шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч ирээгүй бол түүний оролцоогүйгээр хэргийн бүх байдлыг бүрэн тогтоож, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бололцоотой эсэхийг шүүх тодруулж, хэргийг хэлэлцэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ.
244 дүгээр зүйл. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ирээгүйн холбогдол
244.1.Шүүх иргэний нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний оролцоогүйгээр хэргийг хэлэлцэж болно.
244.2.Иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч зарлан дуудах хуудас авсан атлаа шүүх хуралдаанд ирээгүй явдал иргэний нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргахад саад болохгүй.
245 дугаар зүйл. Шүүх хуралдаанд гэрч, шинжээч ирээгүйн холбогдол
245.1. Шүүх хуралдаанд гэрч, шинжээч ирээгүй бол тэдний оролцоогүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчөөс асууж, хэрэг хэлэлцэх ажиллагааг үргэлжлүүлэх буюу хойшлуулах тухай тогтоол, захирамж гаргана.
246 дугаар зүйл. Шүүх хуралдааны ажиллагааны хэмжээ хязгаар
246.1. Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана.
246.2. Шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй.
247 дугаар зүйл. Шүүх хэргийг түдгэлзүүлэх
247.1.Шүүгдэгчийн байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа, түүнчлэн сэтгэцийн болон өөр хүнд өвчний улмаас шүүхэд ирэх бололцоогүй болсон нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол шүүх тэр шүүгдэгчийн хувьд түүнийг эдгэртэл хэргийг түдгэлзүүлж, бусад шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
247.2. Бусад шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэх нь хэргийн бодит үнэнийг тогтооход бэрхшээл учруулах бол хэрэг хэлэлцэх бүх ажиллагааг түдгэлзүүлнэ.
247.3. Оргон зайлсан шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад гүйцэтгүүлэхээр даалгана.
248 дугаар зүйл. Шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгох
248.1. Дор дурдсан тохиолдолд шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно:
248.1.1. энэ хуулийн 24.1.1 - 24.1.4 - д заасан байдал тогтоогдвол;
248.1.2. энэ хуулийн 208.1.2, 208.1.3 - т заасан үндэслэл байвал;
248.1.3. улсын яллагч энэ хуулийн 239.4.1-д заасан үндэслэлээр яллахаас татгалзсан бол.
249 дүгээр зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлэх
249.1. Шүүх хуралдааны үед шүүх нь шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.
250 дугаар зүйл. Шүүх хуралдаанаас тогтоол, захирамж гаргах журам
250.1.Шүүх хуралдааны явцад шийдвэрлэж байгаа бүх асуудлаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
250.2. Шүүх хуралдааныг хаалттай явуулах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох, таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, шүүх хуралдаанд оролцогчийг татгалзан гаргах, шинжилгээ хийлгэх тухай асуудлыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
250.3.Энэ хуулийн 250.2-т зааснаас бусад асуудлыг шүүгчид зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө шийдвэрлэх ба түүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэнэ.
250.4.Шүүх хуралдааны үед гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг уншин сонсгоно.
251 дүгээр зүйл. Шүүх хуралдааны дэг
251.1.Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг танхимд орж ирэхэд шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгд босч, шүүхэд хүндэтгэл үзүүлнэ.
251.2.Шүүх хуралдаанд оролцогчид шүүхэд хандаж мэдүүлэг өгөх, үг хэлэхдээ суудлаасаа босно.
251.3.Шүүх хуралдаанд оролцогч нь өвчтэй бол хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр суугаагаар мэдүүлэг өгч, үг хэлж болно.
251.4.Шүүх хуралдаанд оролцогч болон шүүх хуралдааны танхимд байгаа бусад иргэд шүүх хуралдааны дэг сахих талаар хуралдаан даргалагчаас гаргасан шийдвэрт захирагдана.
251.5.Насанд хүрээгүй этгээдийг шүүх дуудаагүй бол шүүх хуралдаанд оруулахгүй.
251.6.Улсын яллагч, өмгөөлөгч, бусад оролцогчид шүүхийн тогтоол уншиж сонсгоход байлцана.
252 дугаар зүйл. Шүүх хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага
252.1.Шүүх хуралдааны үед шүүгдэгч хуралдааны дэг зөрчсөн, түүнчлэн хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдаагүй бол түүнийг хуралдааны танхимаас зайлуулах тухай урьдчилан сануулах ба дахин ийм зөрчил гаргавал түүнийг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хуралдааны танхимаас зайлуулж, зөвхөн тогтоолыг уншиж сонсгоход байлцуулна.
252.2.Улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч шүүх хуралдааны дэг зөрчсөн буюу хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдаагүй бол тэдэнд сануулга өгөх ба дахин ийм зөрчил гаргавал энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан хэмжээний торгууль оногдуулна.
252.3.Шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүмүүс энэ хуулийн
252.1-д заасан зөрчил гаргавал хуралдаан даргалагчийн шийдвэрээр тэднийг шүүх хуралдааны танхимаас зайлуулж, энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан хэмжээний торгууль оногдуулна.
253 дугаар зүйл. Шүүх хуралдааны тэмдэглэл
253.1. Шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 253.2-т заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэх ба түүнд засвар оруулах тухай саналыг энэ хуулийн 253.6-253.9-д заасан журмын дагуу гаргаж шийдвэрлэнэ.
253.2. Шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн ба дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга, орчуулагч, хэлмэрч, улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, түүнчлэн шүүхэд дуудагдан ирсэн бусад хүмүүсийн овог, эцгийн нэр, нэр, хэлэлцэж байгаа хэрэг, шүүгдэгчийн биеийн байцаалт, авсан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүхийн ажиллагаа явагдсан дэс дараалал, шүүх хуралдаанд оролцогчийн өргөдөл, хүсэлт, зөвлөлдөх тасалгаанд оролгүйгээр гаргасан шийдвэр, зөвлөлдөх тасалгаанд ямар тогтоол, захирамж гаргасан, шүүх хуралдаанд оролцогчийн эрх, үүргийг тайлбарласан тухай, мэдүүлгийн тодорхой агуулга, шүүх хуралдааны явцад үзлэг, нотлох баримт цуглуулах талаар хийсэн бусад ажиллагааны үр дүн, шүүх хуралдаанд оролцогчоос шүүх хуралдааны тэмдэглэлд бичихийг хүссэн зүйл, шүүх хуралдааны дэг зөрчсөн бол хэн, яаж зөрчсөн, шүүх хуралдааны шүүмжлэл болон шүүгдэгчийн эцсийн үгийн товч утга, тогтоолыг уншин сонсгосон ба түүнийг давж заалдах журмыг тайлбарласан тухайг шүүх хуралдааны тэмдэглэлд бичнэ.
253.3.Цаазаар авах ял оногдуулсан бол уучлал хүсэх эрхтэй болохыг шүүгдэгчид тайлбарлаж өгснийг тэмдэглэнэ.
253.4.Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны явцад үйлдэх бөгөөд түүнийг шүүх хуралдаан дууссанаас хойш З хоногийн дотор дуусгаж гарын үсэг зуруулна.
253.5. Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурах ба бүх өөрчлөлт, засвар, нэмэлтийг тэмдэглэнэ.
253.6. Улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч тэмдэглэлд гарын үсэг зурагдсанаас хойш З хоногийн дотор түүнтэй танилцаж, засвар оруулах саналаа өгөх эрхтэй.
253.7. Энэ хуулийн 253.6-д заасны дагуу гаргасан саналыг шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурсан хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга хамтран хянаад зөвшөөрвөл түүний зөв болохыг баталж шүүх хуралдааны тэмдэглэлд хавсаргах ба зөвшөөрөхгүй бол энэ асуудлыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгчийг байлцуулан шийдвэрлэнэ.
253.8. Шүүх хуралдааны тэмдэглэлд өгсөн саналыг хэлэлцэхэд шаардлагатай бол санал өгсөн хүнийг байлцуулна.
253.9. Шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй шүүх хуралдааны ажиллагаа нотлох баримтын ач холбогдлоо алдана.
253.10.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулна.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
ГУЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааныг эхлэх
254 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг нээх
254.1. Шүүх хуралдаан даргалагч нь хэргийг хянан шийдвэрлэхээр товлосон цагтаа шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлана.
255 дугаар зүйл. Шүүх хуралдаанд оролцогчдын ирцийг шалгах
255.1.Улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, орчуулагч, хэлмэрч, гэрч, шинжээч шүүхэд дуудагдсан бусад хүмүүс хүрэлцэн ирсэн эсэхийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга илтгэж, ирээгүй хүмүүсийн шалтгааныг мэдэгдэнэ.
256 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрчид түүний үүргийг тайлбарлах
256.1.Орчуулагч, хэлмэрч нь хуралдаанд оролцож байгаа монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий хүний мэдүүлэг, хүсэлтийг шүүхэд; шүүх хуралдаан дээр гарсан мэдүүлэг, хүсэлт, уншсан баримт бичиг, түүнчлэн шүүх хуралдаан даргалагчийн болон шүүхийн шийдвэрийг орчуулуулж буюу хэлмэрчлүүлж байгаа хүнд орчуулж, хэлмэрчилж өгөх үүрэгтэй болохыг шүүх хуралдаан даргалагч түүнд тайлбарлаж өгнө.
256.2.Санаатайгаар худал орчуулах буюу хэлмэрчилбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг орчуулагч, хэлмэрчид урьдчилан сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
257 дугаар зүйл. Гэрчүүдийг шүүх хуралдааны танхимаас гаргах
257.1. Гэрчийн мэдүүлгийг сонсох хүртэл түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргана.
257.2. Шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрчийг мэдүүлэг өгөөгүй гэрчтэй уулзуулахгүй байлгах арга хэмжээ авна.
258 дугаар зүйл. Шүүгдэгчид яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг цаг тухайд нь өгсөн эсэхийг шалгах
258.1. Шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн газар, он, сар, өдөр, иргэний харъяалал, оршин суугаа газар, эрхэлсэн ажил, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, урьд ял шийтгүүлсэн эсэхийг тодруулж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг хэдийд авсныг асууна.
258.2. Яллагдагчаар татсан тогтоол, эсхүл яллах дүгнэлтийг энэ хуулийн 231.2-т заасан хугацаанд өгөөгүй бол хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулна.
259 дүгээр зүйл. Шүүх бүрэлдэхүүнийг зарлах, татгалзан гаргах эрхтэй болохыг тайлбарлах
259.1. Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, түүнчлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр хэн, хэн оролцож байгааг мэдэгдэж, шүүгдэгч ба татгалзан гаргах хүсэлт гаргах эрх бүхий бусад оролцогчид энэ хуульд заасны дагуу хүсэлт гаргах эрхтэй болохыг тайлбарлан өгнө.
259.2. Энэ хуулийн 259.1-д заасан шүүх хуралдаанд оролцогч татгалзан гаргах хүсэлт гаргавал түүнийг энэ хуулийн долдугаар бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
260 дугаар зүйл. Шүүх хуралдаанд оролцогчид
260.1. Шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээч нарт энэ хуулийн 36, 42-44, 46-д заасан эрх, үүргийг тайлбарлаж өгнө.
260.2. Шүүх хуралдаанд оролцогчдын хэн нэг нь ирээгүй бол шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг энэ хуулийн 240- 245 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүхийн хэлэлцүүлэг
261 дүгээр зүйл. Нотлох баримт шинжлэх
261.1.Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэхдээ эхлээд яллах, дараа нь цагаатгах болон бусад баримтыг шинжлэх дарааллыг баримтална.261.2.Яллах баримтыг нотлох үүргийг улсын яллагч, шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх, цагаатгах баримтыг нотлох үүргийг өмгөөлөгч, шүүгдэгч тус тус хүлээнэ.
261.3. Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэхэд оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.
262 дугаар зүйл.Шүүхийн хэлэлцүүлгийг эхлэх
262.1.Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагч хэрэг бүртгэлт явуулсан хэрэгт яллагдагчаар татсан тогтоол, мөрдөн байцаалт явуулсан хэрэгт яллах дүгнэлт уншиж сонсгосноор эхэлнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
262.2. Хуралдаан даргалагч нь шүүгдэгч нэг бүрээс яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт ойлгогдож байгаа эсэхийг асууж, хэрэв шаардлагатай байвал шүүгдэгчид яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн утгыг улсын яллагчаар тайлбарлуулан өгнө.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
263 дугаар зүйл. Шүүгдэгчийн мэдүүлгийг сонсох
263.1. Улсын яллагч яллах дүгнэлт сонсгосны дараа шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгч хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асууж хэрэв зөвшөөрвөл түүний мэдүүлгийг авна.
263.2. Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа түүнд эхэлж улсын яллагч, дараа нь өмгөөлөгч асуулт тавих ба шүүгч байцаалтын аль ч үед, иргэдийн төлөөлөгч, талууд, оролцогч шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр шүүгдэгчид асуулт тавьж болно.
263.3. Хэргийн үнэнийг тогтооход онцгой ач холбогдолтой бол шүүгдэгчийг бусад шүүгдэгчийн оролцоогүйгээр сонсож болох ба үүнийг гагцхүү шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэж болно.
263.4. Энэ хуулийн 263. 3-т заасны дагуу шүүгдэгчийг сонссон бол байгаагүй шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимд орж ирсний дараа шүүх хуралдаан даргалагч түүний эзгүйд гаргасан мэдүүлгийн утгыг танилцуулж, өөрийн нь байхгүйд сонссон шүүгдэгчид асуулт тавих бололцоог түүнд олгоно.
263.5. Шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн ямар ч үед нэмж мэдүүлэг өгч болно.
263.6.Энэ хуулийн 263.3-т заасан журам нь насанд хүрээгүй шүүгдэгчийн мэдүүлгийг сонсоход нэг адил хамаарна.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
264 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед шүүгдэгчийн гаргасан мэдүүлгийг уншиж сонсгох
264.1. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэхийн тулд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед шүүгдэгчийн гаргасан мэдүүлгийг талуудын саналаар дор дурдсан тохиолдолд шүүх хуралдаанд уншиж сонсгоно:
264.1.1. урьд гаргасан мэдүүлэг нь шүүх хуралдаан дээр гаргаж байгаа мэдүүлгээс ноцтой зөрсөн;
264.1.2. шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахаас татгалзсан;
264.1.3. хэргийг шүүгдэгчийн байхгүйд хэлэлцэж байгаа.
264.2. Энэ хуулийн 264.1-д заасан журам нь шүүгдэгчээс шүүхэд урьд гаргасан мэдүүлгийг уншихад нэгэн адил хамаарна.
265 дугаар зүйл. Хохирогчийн мэдүүлгийг сонсох
265.1. Шүүгдэгчийн мэдүүлгийг сонсч дууссаны дараа энэ хуулийн 267, 269 дүгээр зүйлд заасан журмын дагуу хохирогчийн мэдүүлгийг сонсоно.
266 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлгийг сонсох
266.1. Хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа энэ хуулийн 267, 269 дүгээр зүйлд заасан журмын дагуу гэрчийн мэдүүлгийг сонсоно.
266.2. Шүүх хуралдаан даргалагч гэрчийн мэдүүлгийг сонсохын өмнө түүний биеийн байцаалт, шүүгдэгч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тодруулж, хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэх үүргийг тайлбарлан, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай гэрчид сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
266.3. Шүүх хуралдаан даргалагч нь насанд хүрээгүй гэрчид хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн ач холбогдлыг тайлбарлан өгөх ба харин мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай сануулж болохгүй.
267 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлгийг сонсох журам
267.1. Энэ хуулийн 266 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдсэний дараа гэрчүүд мэдүүлэг өгөх ба тэдгээрийг тус тусад нь сонсоно.
267.2. Гэрчид түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан этгээд тэргүүн ээлжинд асуулт тавина.
267.3. Энэ хуулийн 267.2-т заасан этгээд асуулт тавьсны дараа гэрчид яллах болон өмгөөлөх талын оролцогч шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр асуулт тавина.
267.4. Хэрэгт холбогдолгүй асуулт тавихыг шүүх хуралдаан даргалагч хориглоно.
267.5. Шүүгч өөрийн үзэмжээр, харин иргэдийн төлөөлөгч, талууд, оролцогч шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр шүүхийн хэлэлцүүлгийн аль ч үед гэрчид асуулт тавина.
267.6. Шүүх улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, түүнчлэн бусад оролцогчийн хүсэлтээр гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцааж болно.
267.7. Мэдүүлэг өгсөн гэрчүүд шүүх хуралдааны танхимд үлдэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг дуустал шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр гарч болохгүй.
267.8. Шүүх хуралдаан даргалагч нь улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчийн саналыг сонссоны дараа мэдүүлгийг нь сонссон гэрчийг шүүхийн хэлэлцүүлэг дуусахаас өмнө шүүх хуралдааны танхимаас гарч явахыг зөвшөөрч болно.
268 дугаар зүйл. Гэрч тэмдэглэл, баримт бичиг ашиглах
268.1. Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө тэмдэглэл ашиглаж болно.
268.2. Өөрийнхөө мэдүүлэгтэй холбогдох баримт бичиг уншихыг гэрчид зөвшөөрөх бөгөөд уг баримт бичгээ шүүхэд өгнө.
269 дүгээр зүйл. Насанд хүрээгүй гэрч, хохирогчийн мэдүүлгийг сонсох
269.1. Насанд хүрээгүй гэрч, хохирогчийн мэдүүлгийг сонсоход энэ хуулийн 145, 267 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
269.2. Шүүх насанд хүрээгүй гэрч, хохирогчийн мэдүүлгийг сонсоход түүний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, түүнчлэн сурган хүмүүжүүлэгчийг оролцуулж болох ба тэдгээр нь шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр гэрчид асуулт тавьж болно.
269.3. Хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой бол шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шүүгдэгчийг хуралдааны танхимаас гаргасны дараа насанд хүрээгүй гэрч, хохирогчийн мэдүүлгийг сонсож, улмаар түүнийг танхимд орж ирсний дараа гэрч, хохирогчийн мэдүүлгийг танилцуулж, түүнд гэрч, хохирогчид асуулт тавих бололцоо олгоно.
269.4. Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг цаашид байлгах шаардлагагүй бол түүнийг мэдүүлгийг нь сонссоны дараа шүүх хуралдааны танхимаас гаргана.
270 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гэрч,
270.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гэрч, хохирогчийн гаргасан мэдүүлэг нь шүүхэд гаргасан мэдүүлгээс ноцтой зөрсөн, түүнчлэн гэрч, хохирогч шүүх хуралдаанд ирээгүй бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед тэдний гаргасан мэдүүлгийг уншиж сонсгоно.
271 дүгээр зүйл. Шүүх хуралдааны үед шинжилгээ хийлгэх
271.1. Шүүх хуралдааны үед хэрэгт холбогдолтой зүйлийг шинжлэхэд шинжээч оролцоно.
271.2. Шинжээч дүгнэлт өгөхөд ач холбогдол бүхий байдлын талаар шүүгдэгч, хохирогч, гэрчид асуулт тавьж болно.
271.3. Шинжээч дүгнэлт өгөхөд ач холбогдол бүхий байдлыг тодруулмагц шүүх хуралдаан даргалагч нь иргэдийн төлөөлөгч, талууд, оролцогч асуулт байвал шинжээчид бичгээр өгч болохыг мэдэгдэж, шинжээчид тавьсан асуултыг уншин сонсгож, түүний талаар улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөх талын саналыг сонсгоно.
271.4. Энэ хуулийн 271.2, 271.3-т заасан ажиллагаа хийгдсэний дараа шүүх хариулт өгөх асуултыг тодорхойлж, шинжээч дүгнэлт гаргах ажилд орно.
271.5. Шинжээч дүгнэлтээ бичгээр өгөх бөгөөд түүнийг шүүх хуралдаан дээр уншин сонсгож, асуултын хамтаар тухайн хэрэгт хавсаргана.
271.6. Шинжээчид тавигдсан асуултад хамаарагдаагүй боловч түүний эрх хэмжээнд багтах бөгөөд хэрэгт холбогдолтой байдлын талаар тогтоогдсон зүйлийг шинжээч өөрийн дүгнэлтэд оруулах эрхтэй.
272 дугаар зүйл. Шинжээчид асуулт тавих
272.1. Шинжээч гаргасан дүгнэлтээ уншиж сонсгосны дараа түүнийг тайлбарлуулах буюу тодруулахаар шинжээчид асуулт тавьж болно.
272.2. Асуултыг эхлээд улсын яллагч, өмгөөлөгч шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр тавина.
272.3. Шүүгч өөрийн үзэмжээр, харин улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр шүүхийн хэлэлцүүлгийн аль ч үед шинжээчид асуулт тавих эрхтэй.
273 дугаар зүйл. Шинжилгээг нэмж буюу дахин хийлгэх
273.1. Энэ хуулийн 165 дугаар зүйлд заасан тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шинжилгээг нэмж буюу дахин хийлгэж болно.
273.2. Нэмж буюу дахин шинжилгээ хийлгэхэд энэ хуулийн 271, 272 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
274 дүгээр зүйл. Эд мөрийн баримтад үзлэг хийх
274.1. Шүүх хуралдааны үед эд мөрийн баримтад шүүх үзлэг хийж, уг эд мөрийн баримтыг талууд, гэрч, шинжээч, бусад оролцогчид үзүүлж танилцуулна.
274.2. Эд мөрийн баримтыг үзэж танилцсан оролцогч үзлэгтэй холбогдуулан ямар нэг байдлыг тодруулах саналыг шүүхэд тавьж болно.
274.3. Шүүх хуралдаанд ирүүлэх бололцоогүй эд мөрийн баримтад үзлэг хийх шаардлагатай байвал энэ тухай тэмдэглэлд тусгаж, эд мөрийн баримт байгаа газарт шүүх бүрэлдэхүүнээрээ очиж үзлэг хийнэ.
275 дугаар зүйл. Баримт бичигт үзлэг хийх, түүнийг уншин сонсгох
275.1.Шүүх хуралдаанд оролцогчдын хүсэлтээр хэрэгт авагдсан баримт бичигт үзлэг хийх ба түүнийг уншин сонсгож болно.
276 дугаар зүйл. Газар, орон байранд үзлэг хийх
276.1. Шүүх бүрэлдэхүүн шаардлагатай бол хэрэг гарсан болон бусад газар, орон байранд талууд, гэрч, шинжээч, бусад оролцогчийг байлцуулан үзлэг хийж болно.
276.2. Үзлэг хийх газар ирмэгц шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдаан үргэлжилж байгааг зарлаж үзлэг хийх ба шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчид үзлэг хийх явдалтай холбогдсон асуулт тавьж болно.
276.3. Үзлэгт оролцогчид хэргийн байдлыг тодруулахад ач холбогдолтой гэж үзсэн бүх зүйлийг шүүхэд анхааруулж болно.
277 дугаар зүйл. Туршилт хийх
277.1. Хэрэгт авагдсан баримтыг шинжлэх буюу нотлохын тулд ямар нэг үйл явдал, үйлдэл, бусад байдлыг сэргээн дүрслэх шаардлагатай байвал шүүх талуудын хүсэлтээр туршилт хийж болно.
277.2. Туршилтыг талууд, гэрч, шинжээч, бусад оролцогчийг байлцуулан хийнэ.
277.3. Туршилтыг энэ хуулийн 131 дүгээр зүйлд заасан журмаар явуулна.
278 дугаар зүйл. Шүүхийн хэлэлцүүлгийг дуусгах
278.1. Нотлох баримтыг шинжилсний дараа талууд, оролцогчдоос шүүхийн хэлэлцүүлэгт нэмж гаргах санал байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тийм санал гаргавал түүнийг хэлэлцэж шийдвэрлэнэ.
278.2. Энэ хуулийн 278.1-д заасан ажиллагаа хийгдсэний дараа шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг мэдэгдэнэ.
ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны шүүмжлэл, шүүгдэгчийн эцсийн үг
279 дүгээр зүйл. Шүүх хуралдааны шүүмжлэлийн агуулга ба журам
279.1.Шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа шүүмжлэл сонсоно.
279.2.Шүүх хуралдааны шүүмжлэл нь улсын яллагч, өмгөөлөгч, хэрэв шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцоогүй бол шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчийн хэлэх үгээс бүрдэнэ. Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа уншиж сонсгож болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
279.3.Шүүмжлэл явуулах этгээд энэ хуулийн 279.2-т заасан дэс дарааллаар үг хэлнэ.
279.4.Шүүх хуралдааны шүүмжлэлд оролцогч нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг иш татах эрхгүй.
279.5.Шүүмжлэлийг цагаар хязгаарлаж болохгүй боловч оролцогч хэлэлцэж байгаа хэрэгт холбогдолгүй зүйл яривал шүүх хуралдаан даргалагч зогсооно.
279.6. Шүүх хуралдааны шүүмжлэлд оролцогчид үг хэлж дууссаны дараа тэд шүүмжлэлд яригдсан зүйлийн талаар тус бүр нэг удаа тайлбар хэлж болох ба хамгийн эцэст үг хэлэх эрх шүүгдэгч, түүний өмгөөлөгчид олгогдоно.
280 дугаар зүйл. Шүүгдэгчийн эцсийн үг
280.1. Шүүх хуралдааны шүүмжлэл дууссаны дараа эцсийн үг хэлэхийг хуралдаан даргалагч шүүгдэгчид мэдэгдэх ба ийнхүү үг хэлж байхад шүүгдэгчид асуулт тавьж болохгүй.
280.2.Шүүгдэгчээс хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй .
281 дүгээр зүйл.Шүүхийн хэлэлцүүлгийг дахин эхлэх
281.1.Шүүгдэгчийн эцсийн үгэнд хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илэрвэл шүүх нь талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлгийг сэргээн явуулна.
281.2.Шүүхийн хэлэлцүүлгийг дахин явуулсны дараа шүүх хуралдааны шүүмжлэлийг дахин явуулах ба шүүгдэгчид эцсийн үг хэлэх боломж олгоно.
282 дугаар зүйл. Тогтоол гаргахаар шүүх бүрэлдэхүүн
282.1.Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
ГУЧИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Тогтоол гаргах
283 дугаар зүйл. Монгол Улсын нэрийн өмнөөс тогтоол гаргах
283.1.Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс тогтоол гаргана.
284 дүгээр зүйл. Тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх
284.1.Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.
284.2.Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.
284.3.Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ.
285 дугаар зүйл. Шүүгчдийн зөвлөлгөөний нууц
285.1.Шүүх тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд үйлдэнэ.
285.2.Шүүгчид зөвлөлдөж байгаа үед зөвлөлдөх тасалгаанд уг хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнээс өөр хүмүүс байж болохгүй.
285.3.Шүүгчдийг зөвлөлдөх үед хэлэлцсэн зүйлийг задруулж болохгүй.
286 дугаар зүйл.Шүүхийн тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудал
286.1.Шүүх тогтоол гаргах үед зөвлөлдөх тасалгаанд дор дурдсан асуудлыг шийдвэрлэнэ:
286.1.1.шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх;
286.1.2. уг хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байсан эсэх, хэрэв байгаа бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заагдсан;
286.1.3. энэ гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх;
286.1.4. хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх;
286.1.5. шүүгдэгчид ял оногдуулах үндэслэлтэй эсэх;
286.1.6. шүүгдэгчид ямар ял оногдуулбал зохих, түүнийг эдлүүлэх эсэх;
286.1.7. иргэний нэхэмжлэлийг хангах эсэх, хэрэв хангавал хэнд, ямар хэмжээгээр олгох, түүнчлэн иргэний нэхэмжлэл гараагүй бол эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эсэх;
286.1.8.шүүгдэгчид хорих ял оногдуулах бол ямар дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх;
286.1.9. эд мөрийн баримтыг хэрхэх;
286.1.10. байцаан шийтгэх ажиллагааны зардлыг хэнээс, ямар хэмжээгээр гаргуулах;
286.1.11. шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх.
286.2. Шүүгдэгч хэд, хэдэн гэмт хэрэгт яллагдаж байгаа бол асуудлыг гэмт хэрэг нэг бүрээр шийдвэрлэнэ.
286.3. Гэмт хэргийг хэд, хэдэн шүүгдэгч үйлдсэн бол асуудлыг шүүгдэгч нэг бүр дээр шийдвэрлэнэ.
287 дугаар зүйл. Шүүгдэгчийн сэтгэцийн өвчний тухай асуудлыг хэлэлцэх
287.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын буюу шүүх хуралдааны үед шүүгдэгчийн сэтгэцийн өвчний тухай асуудал гарсан бол түүнийг шүүх тогтоол гаргахдаа дахин хэлэлцэнэ.
287.2. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан, эсхүл үйлдснийхээ дараа уг өвчнөөр өвчилсөн гэж үзвэл энэ хуулийн дөчин гуравдугаар бүлэгт дурдсан журмаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
288 дугаар зүйл. Хэргийг хамтран шийдвэрлэх үед зөвлөлдөх журам
288.1.Шүүх хэргийг бүрэлдэхүүнээр шийдвэрлэж байгаа бол тогтоол гаргахын өмнө шүүгчид зөвлөлгөөн хийнэ.
288.2.Шүүх хуралдаан даргалагч нь шүүгчдийн зөвлөлгөөнийг удирдаж, шүүхээр шийдвэрлүүлэх асуудлыг энэ хуулийн 286, 287 дугаар зүйлд заасан журмын дагуу тавина.
288.3.Шүүгчдийн зөвлөлгөөнд зөвшөөрсөн буюу татгалзсан хариу авахаар асуудал нэг бүрээр санал авна.
288.4.Шүүгчдийн зөвлөлгөөнөөр шүүгч санал өгөхөөс түдгэлзэх эрхгүй.
288.5.Шүүгчдийн зөвлөлгөөнд шүүх хуралдаан даргалагч нь саналаа хамгийн сүүлд гаргах ба бүх асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
289 дүгээр зүйл. Тусгай санал
289.1.Шүүгч тусгай саналтай байвал түүнийгээ зөвлөлдөх тасалгаанд бичгээр гаргана.
289.2.Тусгай саналыг тогтоол уншиж сонсгоход зарлахгүй бөгөөд харин шүүхийн шийдвэрт хавсаргана.
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
290 дүгээр зүйл. Шүүхийн тогтоолын хэлбэр
290.1. Шүүхийн тогтоол нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна.
290.2. Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй.
290.3.Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.
290.4. Гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.
291 дүгээр зүйл. Шүүхийн тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх
291.1.Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг буюу хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.
291.2.Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа дараахь зүйлийг шийдвэрлэнэ:
291.2.1.гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
291.2.2.шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхих.
291.3.Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.
292 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон буюу
292.1.Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана.
292.2. Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.
293 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэлийг хангах
293.1. Иргэний нэхэмжлэлийг хангасан бөгөөд түүнийг хангах талаар урьд нь арга хэмжээ аваагүй бол шүүх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авч болно.
293.2. Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.
294 дүгээр зүйл. Шүүхийн тогтоол үйлдэх
294.1. Энэ хуулийн 286, 287 дугаар зүйлд заасан асуудлыг шийдвэрлэмэгц шүүх тогтоол үйлдэнэ.
294.2. Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх бөгөөд удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.
294.3. Шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчдийн аль нэг нь тогтоолыг бичиж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.
294.4. Тусгай саналтай шүүгч нэгэн адил гарын үсэг зурна.
294.5. Тогтоолд засвар оруулсан бол тайлбар хийж, тогтоолыг уншин сонсгохоос өмнө уг тайлбарт шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд гарын үсэг зурна.
295 дугаар зүйл. Тогтоолын удиртгал хэсэг
295.1. Тогтоолын удиртгал хэсэгт дараахь зүйлийг заана:
295.1.1. Монгол Улсын нэрийн өмнөөс тогтоолыг гаргасан;
295.1.2. тогтоолыг хэзээ, хаана гаргасан;
295.1.3. тогтоол гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээч, хэлмэрч;
295.1.4. шүүгдэгчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, урьд ял шийтгүүлсэн эсэх, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаархи бусад мэдээ;
295.1.5. шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт хамаарах.
296 дугаар зүйл. Тогтоолын тодорхойлох хэсэг
296.1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа нөхцөл байдал, хэргийн заримыг хэрэгсэхгүй болгож байгаа бол түүний үндэслэл, түүнчлэн урьд сонсгосон ялыг шүүхээс өөрчилсөн бол түүний үндэслэл, шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бол шалтгааныг тодорхойлно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
296.2. Хэрэгт хэд хэдэн шүүгдэгч оролцож байгаа бол энэ хуулийн 296.1-д заасан байдлыг шүүгдэгч тус бүрээр тодорхойлно.
296.3. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох ба шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй.
296.4.Шийтгэх ба цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэл буюу гэмт хэргээс учирсан эд хөрөнгийн хохирлын талаар шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг дурдана.
297 дугаар зүйл.Тогтоолын тогтоох хэсэг
297.1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг заана:
297.1.1.шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт дурдсан гэмт хэрэг үйлдсэн;
297.1.2. нотлогдсон гэмт хэрэг нэг бүрт нь шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон жинхэнэ эдэлбэл зохих ялын хэмжээ, хэрэв хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бол шийтгэгдсэн этгээдийг хянах үүргийг хэнд хариуцуулсан, хорих ял шийтгүүлсэн ялтны ял эдлэх дэглэм;
297.1.3.шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдож байсан бол урьдчилан хоригдсон хугацааг тооцсон тухай шийдвэр;
297.1.4. шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай шийдвэр.
297.2. Шүүгдэгчийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсон бол энэ тухай шийтгэх тогтоолд заана.
297.3. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан ял сонссон бол түүний аль хэсэгт нь цагаатгагдаж, аль хэсэгт нь шийтгүүлснийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана.
297.4. Шүүгдэгч ял эдлэхээс чөлөөлөгдсөн бол энэ тухай заана.
297.5. Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино.
297.6. Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг заана:
297.6.1. шүүгдэгчийг цагаатгасан тухай;
297.6.2. таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заалт;
297.6.3. иргэний нэхэмжлэл ба эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заалт.
298 дугаар зүйл. Тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлэвэл зохих бусад асуудал
298.1. Шийтгэх ба цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт энэ хуулийн 297 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан зүйлийг тусгана:
298.1.1. гаргасан иргэний нэхэмжлэлийн талаар буюу хохирлыг төлүүлэх тухай шийдвэр;
298.1.2. эд мөрийн баримтыг хэрхэх тухай шийдвэр;
298.1.3. байцаан шийтгэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай заалт;
298.1.4. тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих журам.
299 дүгээр зүйл. Шүүхийн тогтоолыг танилцуулах, тогтоол хүчинтэй болох
299.1.Шүүх хуралдаан даргалагч шүүхийн тогтоолын агуулгыг танилцуулж, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.
299.2.Шүүх хуралдааны танхимд байгаа шүүгдэгч болон бусад хүмүүс шүүхийн тогтоолыг босч сонсоно.
299.3.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
299.4.Шүүгдэгч монгол хэл мэддэггүй бол шүүхийн тогтоолыг танилцуулсны дараа орчуулагч, хэлмэрч шүүгдэгчийн эх хэл, эсхүл түүний мэддэг хэл дээр орчуулж буюу хэлмэрчилж өгнө.
300 дугаар зүйл.Цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллах
300.1.Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, баривчлах, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллана.
301 дүгээр зүйл.Шийтгэх ба цагаатгах тогтоол хүчин
301.1.Анхан шатны шүүхийн тогтоол дараахь тохиолдолд хүчин төгөлдөр болно:
301.1.1.энэ хуулийн 304.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй;
301.1.2.давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад гаргасан энэ хуулийн 315.1.1, 315.1.3, 315.1.4-т заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй;
301.1.3.давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 350.1.1, 350.1.2, 350.1.4-т заасан тогтоол гаргасан.
302 дугаар зүйл. Шийтгэх ба цагаатгах тогтоолын хуулбарыг гардуулан өгөх
302.1.Шийтгэх ба цагаатгах тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг энэ хуулийн 294.2, 294.3 дахь хэсэг, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр, бичгээр үйлдэж ял шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, өмгөөлөгч, прокурорт гардуулан өгнө.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
302.2. Шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч монгол хэл мэддэггүй бол шийтгэх ба цагаатгах тогтоолыг уг этгээдийн эх хэл буюу мэддэг хэл дээр орчуулж өгнө.
302.3. Шүүх нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчид тогтоолыг давж заалдах хугацаа дуусахаас өмнө танилцуулах арга хэмжээ авна.
ГУЧИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих
303 дугаар зүйл. Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд
303.1. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
303.2. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.
303.3. Цагаатгагдсан этгээд шүүхийн тогтоолын цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
304 дүгээр зүйл. Шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих
304.1.Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг аймаг, нийслэлийн шүүхэд гаргана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
304.2.Энэ хуулийн 304.1-д заасан хугацааны дотор хэргийг шүүхээс шаардан авч болохгүй.
304.3. Давж заалдах гомдол, эсэргүүцлийг тогтоол гаргасан шүүхээр дамжуулан өгнө.
305 дугаар зүйл. Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тухай мэдэгдэх
305.1. Анхан шатны шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол энэ хуулийн 303 дугаар зүйлд дурдсан эрх бүхий этгээдэд шүүх мэдэгдэж, тайлбарыг бичгээр авч болно.
305.2. Анхан шатны шүүхийн тогтоолд гаргасан давж заалдах гомдол, эсэргүүцлийн талаархи тайлбарыг хэрэгт хавсаргана.
306 дугаар зүйл. Гомдол, эсэргүүцэл бичсэний холбогдол
306.1.Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
306.2 Энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан хугацаа хэтрүүлж гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахгүй.
306.3. Шүүхийн тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийнхөө гомдол, эсэргүүцлийг, түүнчлэн дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авах эрхтэй.
306.4. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог зааж хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргаж болно.
306.5. Хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх бөгөөд шүүгч тайлбар авахын тулд хүсэлт гаргасан этгээдийг дуудах эрхтэй.
306.6. Хэтэрсэн хугацааг сэргээсэн бол энэ тухай захирамжийг хэрэгт хавсаргаж гомдол, эсэргүүцлийн хамт аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлнэ.
306.7. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол шүүгчийн захирамжид гомдол, эсэргүүцлийг ердийн журмаар гаргаж болох бөгөөд давж заалдах шатны шүүх хэтэрсэн хугацааг сэргээн, хэргийг гомдол, эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэх эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
307 дугаар зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүй тохиолдлууд
307.1.Энэ хуулийн 113.1, 114.2, 222, 223, 227, 228, 229, 240, 247, 249, 250, 252, 260, 263, 264, 269, 271, 274, 288, 315.1.2, 341, 374, 375, 376 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
308 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх хэмжээ, хязгаар
308.1.Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа материалыг үндэслэн хянана.
308.2.Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан зүйлээр хязгаарлахгүй ба бусад шүүгдэгчийн талаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр бүх шүүгдэгчийн хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
309 дүгээр зүйл. Давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэх хугацаа
309.1.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хянан хэлэлцэнэ.
309.2.Энэ хуулийн 309.1-д заасан хугацаанд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгаж болно.
309.3.Хэрэг хянан хэлэлцэх товыг 3 хоногийн өмнө зарлана.
310 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхэд ирсэн хэргийг хуваарилах
310.1 Давж заалдах шатны шүүхэд ирсэн гомдол, эсэргүүцэлтэй хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна.
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
311 дүгээр зүйл. Прокурор, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох
311.1. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба ийм хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
311.2.Энэ хуулийн 311.1-д зааснаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч ирээгүй нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй.
312 дугаар зүйл. Давж заалдах шатны журмаар хэрэг
312.1.Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч оролцох эрхтэй ба тэд шүүх хуралдаанд ирээгүй явдал нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй.
312.2.Шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан ялтныг шүүх хуралдаанд оролцуулж болно.
313 дугаар зүйл. Давж заалдах шатанд хэрэг хэлэлцэх журам
313.1.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хэлэлцэх тухай зарлана.
313.2.Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шүүх хуралдааны ирцийг танилцуулсны дараа шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон хүрэлцэн ирсэн прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг танилцуулж, хэргийн оролцогчдод татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуух ба тийм хүсэлт байгаа бол энэ хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
313.3.Энэ хуулийн 313.2-т заасан ажиллагааны дараа шүүхийн аль нэг шүүгч хэргийн талаар илтгэх бөгөөд түүнд хэргийн агуулга, гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг дурдана.
313.4.Шүүгч илтгэж дуусмагц давж заалдагч гомдол, эсэргүүцлээ тайлбарлах ба дараа нь шүүх нотлох баримтыг шинжлэн судлах, хуралдаанд оролцогчийн тайлбарыг сонсох, улмаар прокурорын дүгнэлт, шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээд, тэдний өмгөөлөгчийн нэмэлт тайлбарыг сонсож, магадлал гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно.
313.5. Шүүх хуралдааны дэг, түүнийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулийн 251, 252 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
314 дүгээр зүйл. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл
314.1.Оролцогчид давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа бол нарийн бичгийн дарга энэ хуулийн 253.2-т заасан журмыг баримтлан тэмдэглэл үйлдэх ба түүнийг хэрэгт заавал хавсаргана.
314.2.Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах саналыг энэ хуулийн 253.6 - 253.8-д заасан журмаар гаргах ба хэлэлцэнэ.
314.3.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчийг тэмдэглэлтэй танилцах бололцоогоор хангах үүрэгтэй.
315 дугаар зүйл. Магадлал гаргах
315.1.Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:
315.1.1. давж заалдах гомдол буюу эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээх;
315.1.2. тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах;
315.1.3. тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох;
315.1.4. тогтоолд өөрчлөлт оруулах.
315.2.Шүүх магадлал гаргахдаа энэ хуулийн 313, 317 дугаар зүйлийн шаардлагыг удирдлага болгох ба түүнийг шүүх хуралдаан даргалагч уншиж сонсгоно.
316 дугаар зүйл. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл
316.1.Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг прокурорын эсэргүүцэл буюу хохирогч, түүний төлөөлөгчийн болон үндэслэлийг эс зөвшөөрсөн цагаатгагдсан этгээдийн гомдлоор хүчингүй болгож болно.
317 дугаар зүйл. Тогтоол хүчингүй болгох , өөрчлөх үндэслэл
317.1. Дор дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчилнө:
317.1.1. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн;
317.1.2. тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй;
317.1.3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн;
317.1.4. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид хүнд ялтай хууль хэрэглэх шаардлагатай бол.
318 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн
318.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байвал нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж үзнэ.
318.2.Энэ хуулийн 318.1-д зааснаас гадна дараахь тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьсан буюу гүйцэд биш гэж үзнэ:
318.2.1.хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, эсхүл зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй, түүнчлэн хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй;
318.2.2.яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй;
318.2.3.урьд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан захирамж, тогтоолын заалтыг биелүүлээгүй.
319 дүгээр зүйл. Тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй
319.1. Дор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь байвал тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ:
319.1.1.дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал;
319.1.2.дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан бол;
319.1.3. дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;
319.1.4.дүгнэлт нь шийтгүүлсэн ба цагаатсан этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлсөн буюу нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.
320 дугаар зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчих
320.1.Хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.
320.1.1. шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан;
320.1.2. хуульд зааснаар шүүгдэгчийг заавал байлцуулбал зохих байтал түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн;
320.1.3. хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй;
320.1.4. зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөлгөөний нууцыг задруулсан;
320.1.5. тогтоолд шүүгчийн хэн нэг нь гарын үсэг зураагүй;
320.1.6. хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй;
320.1.7.шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч заавал оролцуулах хуулийн заалт зөрчсөн.
321 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх
321.1. Дор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь байвал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ:
321.1.1 шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй;
321.1.2. хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн;
321.1.3. хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн.
322 дугаар зүйл. Тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт,мөрдөн байцаалт, шүүхэд буцаах
322.1.Давж заалдах шатны шүүх хэргийг буцаахдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны ажиллагааны чухам аль шатанд шилжүүлж байгааг магадлалдаа заана.
322.2.Хэргийг шүүхэд хэлэлцэх үед зөрчил гаргасны улмаас тогтоолыг хүчингүй болгож байгаа бол өөр бүрэлдэхүүнтэйгээр буюу өөр шүүхэд хэлэлцүүлэхээр хэргийг тогтоол гаргасан шүүхэд буцаана.
322.3. Урьд нь гэм буруутайд тооцогдож шүүхээр ял шийтгүүлж уг ялаа эдэлж байсан буюу эдэлж дууссан этгээдийн хэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцсан бол уг хэргийг шүүхээр заавал дахин хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
322.4. Энэ хуулийн 322.3. нь шүүх хяналтын журмаар болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцсан хэргийг шийдвэрлэхэд нэгэн адил хамаарна.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
323 дугаар зүйл. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох
323.1.Давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэж байгаа шүүх дор дурдсан тохиолдолд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно:
323.1.1.энэ хуулийн 208 дугаар зүйлд дурдсан үндэслэл байвал;
323.1.2.шүүгдэгчид сонсгосон ял нь анхан шатны шүүхийн хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал.
324 дүгээр зүйл. Тогтоолыг өөрчлөх
324.1.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэн өөрчилж болно.
324.2. Шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хэт хөнгөдсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
324.3.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр тогтоогдоогүй байдал буюу үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоолд өөрчлөлт оруулах эрхгүй.
325 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн магадлал
325.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дор дурдсан зүйлийг тусгана:
325.1.1. магадлалыг хэзээ, хаана гаргасан;
325.1.2. магадлал гаргасан шүүх, шүүх бүрэлдэхүүн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд оролцсон бусад хүмүүс;
325.1.3. анхан шатны шүүхийн шийдвэрийн товч агуулга;
325.1.4 давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн этгээд, гомдол, эсэргүүцлийн агуулга, товч үндэслэл;
325.1.5. давж заалдах шатны шүүхээс гомдол, эсэргүүцлийн талаар гаргасан шийдвэр, түүний үндэслэл.
326 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэх
326.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлнэ.
326.2. Давж заалдах гомдол, эсэргүүцлийг хэрэгт хавсаргана.
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх
327 дугаар зүйл. Шүүхийн тогтоолыг биелүүлэх
327.1. Энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гараагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн тогтоолыг биелүүлнэ.
327.2. Энэ хуулийн 303 дугаар зүйлд заасан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол энэ хуулийн 326 дугаар зүйлд заасан үеэс эхлэн шүүхийн тогтоолыг биелүүлнэ.
328 дугаар зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болох ба тэдгээрийг биелүүлэх
328.1. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь түүнд гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц биелэгдэнэ.
328.2. Давж заалдах гомдол гаргаж болохгүй шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь гармагц нэн даруй биелэгдэнэ.
329 дүгээр зүйл. Шүүхийн магадлал, тогтоол, шүүгчийн захирамжийг заавал биелүүлэх
329.1.Шүүхийн тогтоол, магадлал, шүүгчийн захирамжийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.
330 дугаар зүйл. Хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, магадлалыг биелүүлэх
330.1.Энэ хуулийн 328 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр болсон тогтоолын биелэлтийг дараахь байдлаар зохион байгуулна:
330.1.1.баривчлах, хорих ял шийтгүүлсэн ялтны тогтоолыг цагдан хорих төв, эсхүл хорих байрны захиргаанд 5 хоногийн дотор хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
330.1.2. баривчлах, хорих ял шийтгүүлсэн бөгөөд гадуур байгаа ялтны шийтгэх тогтоолыг хэрэг бүртгэсэн буюу мөрдсөн албаны даргад 5 хоногийн дотор хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ;
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
330.1.3. торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ;
330.2.Энэ хуулийн 330.1.1-д заасны дагуу тогтоолыг хүлээн авсан байгууллага шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 72 цагийн дотор ялтныг ял эдлүүлэх байгууллагад хүлээлгэн өгнө.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
330.3.Энэ хуулийн 330.1.2-т заасан этгээдийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэж өгнө.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
330.4.Энэ хуулийн 330.1.3-т заасан ялын хэрэгжилтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцаж зохион байгуулна.
330.5.Шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар гарсан заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу биелүүлнэ.
330.6.Шийтгэх тогтоолын хэрэгжилтэд прокурор хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавина.
331 дүгээр зүйл.Баривчлах, хорих, цаазаар авах ял шийтгүүлсэн ялтанг гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй уулзуулах
331.1.Шүүгч баривчлах, хорих ял шийтгүүлсэн ялтанд шийтгэх тогтоол биелүүлэхийн өмнө, цаазаар авах ял шийтгүүлсэн ялтанд шүүх хуралдаан дуусмагц гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэйгээ нэг удаа уулзах боломж олгоно.
332 дугаар зүйл. Торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
332.1. Дор дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно:
332.1.1. ялтан ялаа эдлэхэд саад болох хүнд өвчнөөр өвчилсөн бол эдгэртэл нь;
332.1.2. ялтан жирэмсэн бол төрөхөөс өмнө 45 хоног, төрснөөс хойш 1 жилээс илүүгүйгээр;
332.1.3. байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, эсхүл гэр бүлийн доторхи хөдөлмөрийн чадвартай ганц хүн хүнд өвчнөөр өвчилсөн, бусад онцгой нөхцөл байдлаас болж ялыг эдлүүлэх боломжгүй бол 3 сараас хэтрүүлэхгүйгээр;
332.2. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу санаатай гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон ялтны талаар гарсан тогтоол биелүүлэх явдлыг хойшлуулж болохгүй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
332.3. Ялтан торгуулийг богино хугацаанд төлөх бололцоогүй байвал 6 сар хүртэл хойшлуулах буюу мөн хугацааны дотор хэсэгчлэн төлүүлж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
333 дугаар зүйл. Өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх
333.1. Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял шийтгүүлсэн ялтан ял эдлэх хугацаандаа сэтгэцийн буюу бусад хүнд өвчнөөр өвчилсний улмаас түүнийг ял эдлүүлэх боломжгүй байдалд хүргэвэл прокурор тухайн төрлийн ял эдлүүлж байгаа байгууллагын саналыг үндэслэн гурваас доошгүй их эмчийн бүрэлдэхүүнтэй комисс томилж дүгнэлт гаргуулна.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
333.2.Энэ хуулийн 333.1-д заасны дагуу томилогдсон комисс ял эдлүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргавал прокурорын саналыг үндэслэн шүүгч ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, сэтгэцийн эмгэг судлалын тусгай буюу бусад эмнэлэгт байлгах, эсхүл түүнийг цаашид ял эдлэхээс чөлөөлөх тухай захирамж гаргана.
333.3. Ял эдэлж байгаа ялтан бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулснаас өвчилсөн бол ял эдлүүлэхээс чөлөөлөхгүй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
333.4.Өвчний учир ял эдлүүлэхээс чөлөөлөх тухай шүүгчийн захирамж гарсан бол тухайн ялтныг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
333.5. Өвчний учир ял эдлүүлэхээс чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй ба харин прокурор эсэргүүцэл бичиж болно.
334 дүгээр зүйл.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх
334.1.Эрүүгийн хуулийн 74, 76 дугаар зүйлд зааснаар ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
334.2.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон бол шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 6 сарын дотор уг асуудлыг шүүх дахин авч хэлэлцэхгүй.
334.3.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай захирамж гарсан бол уг ялтныг нэн даруй суллана.
334.4.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.
335 дугаар зүйл.Гянданд хорих ялыг хорих ангид эдлүүлэхээр буюу хорих ангид эдлэх ялыг гянданд хорих ялаар солих
335.1.Эрүүгийн хуулийн 52.11-д зааснаар гянданд хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр буюу хорих ангид эдлэх ялыг гянданд хорихоор солих асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
335.2.Гянданд хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр солих тухай саналыг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гарсан өдрөөс хойш 1 жилийн дотор уг асуудлыг шүүх дахин авч хэлэлцэхгүй.
336 дугаар зүйл. Торгох ялыг баривчлах, хорих ялаар солих, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх
336.1.Торгох ялыг баривчлах, хорих ялаар солих, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай асуудлыг тухайн төрлийн ялыг эдлүүлэх буюу уг ажиллагаанд хяналт тавьж байгаа байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
336.2. Энэ хуулийн 336.1-д заасан захирамжид ердийн журмаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичиж болно.
337 дугаар зүйл. Эмнэлгийн байгууллагад байсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох
337.1.Хорих ял эдэлж байсан ялтныг эмнэлгийн байгууллагад байлгаж байсан бол уг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
337.2. Хорих ял эдэлж байгаа ялтан бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулах буюу гэмт хэрэг үйлдэж байхдаа гэмтсэн, түүнчлэн хуурамчаар өвчилсөн бол уг этгээдийн эмнэлгийн байгууллагад байсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохгүй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
338 дугаар зүйл. Тогтоолыг биелэгдээгүй байгаа бусад тогтоолтой нэгтгэж биелүүлэх
338.1. Ялтны талаар биелэгдээгүй хэд хэдэн тогтоол байгаа ба түүнийг сүүлчийн тогтоол гаргасан шүүх мэдээгүй бол тухайн буюу түүнтэй адил эрхтэй бөгөөд тогтоолыг биелүүлбэл зохих шүүх Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлийг удирдлага болгон ялтанд бүх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэж хэрэглэх тухай захирамж гаргах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
339 дүгээр зүйл. Тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх
339.1. Тогтоол биелүүлэхийг хойшлуулах, торгох, албадан ажил хийлгэх ялыг өөр ялаар солих, түүнчлэн тогтоол биелүүлэх үед гарсан ямар нэг тодорхой биш зүйлийг тодруулах асуудлыг уг тогтоол гаргасан шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.
339.2. Тогтоол нь түүнийг гаргасан шүүхийн нутаг дэвсгэрийн харъяалалд үл хамаарах өөр орон нутагт биелэгдэж байгаа бол дээр дурдсан асуудлыг тогтоол биелүүлж байгаа газрын адил эрхтэй шүүх, хэрэв тийм шүүх байхгүй бол дээд шатны шүүх шийдвэрлэж, захирамжийг тогтоол гаргасан шүүхэд явуулна.
339.3.Өвчний учир ял эдлүүлэхээс чөлөөлөх, хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, эдлээгүй үлдсэн ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, гянданд эдлүүлэх ялыг хорих ангид эдлүүлэхээр солих, хорих ангид эдлэх ялыг гянданд эдлүүлэхээр солих асуудлыг уг тогтоолыг ямар шүүх гаргасныг харгалзахгүйгээр тогтоол биелүүлж байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
340 дүгээр зүйл. Тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх журам
340.1.Тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шүүх хуралдаанаар прокурорыг оролцуулан шийдвэрлэнэ.
340.2. Ялтан, түүний өмгөөлөгч, хэрэв тогтоол биелүүлэх асуудал иргэний нэхэмжлэлд хамаарагдаж байгаа бол иргэний нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд дуудаж болох ба уг этгээд ирээгүй нь хэргийг хэлэлцэхэд саад болохгүй.
340.3. Шүүх ялтныг өвчний учир хугацаанаас нь өмнө ял эдлэхээс чөлөөлөх буюу эмнэлгийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дүгнэлт гаргасан эмч нарын комиссын төлөөлөгчийг заавал байлцуулна.
340.4. Ялаас хугацааны өмнө суллах буюу ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, гянданд эдлэх ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр солих, зохих дэглэмийн хорих ангид эдлэх ялыг гянданд хорих ялаар солих тухай асуудлыг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.
340.5. Хэрэг хэлэлцэх ажиллагааг шүүгчийн мэдээллээр эхлэх бөгөөд шүүх хуралдаанд ирсэн хүмүүсийн санал ба прокурорын дүгнэлтийг сонсож, улмаар шүүгч захирамж гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно.
341 дүгээр зүйл. Ялгүйд тооцох тухай хүсэлтийг хэлэлцэх
341.1. Эрүүгийн хуулийн 78.3-д зааснаар хугацаанаас өмнө ялгүйд тооцох тухай асуудлыг ялаа эдэлж дууссан этгээдийн оршин байгаа газрын шүүхийн шүүгч ял эдэлсэн этгээд, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ.
341.2. Энэ хуулийн 341.1-д заасан хүсэлтийг хэлэлцэхэд прокурор, өмгөөлөгч, холбогдох этгээд, хүсэлт гаргасан байгууллагын төлөөлөгчийг оролцуулж болох ба уг этгээд ирээгүй нь хүсэлтийг хэлэлцэхэд саад болохгүй.
341.3.Ялгүйд тооцох тухай хүсэлтийг хэлэлцэх ажиллагаа нь шүүгчийн мэдээллээр эхлэх бөгөөд прокурорын дүгнэлт, шүүхэд дуудагдсан хүмүүсийн саналыг сонсоно.
341.4. Ялгүйд тооцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, захирамж гаргасан бол 1 жилийн дотор уг хүсэлтийг шүүх дахин авч хэлэлцэхгүй.
ДӨЧДҮГЭЭР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
342 дугаар зүйл. Хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих
342.1.Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
342.2.Энэ хуулийн 342.1-д заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргасан хэргийг хяналтын шатны шүүх заавал хянаж шийдвэрлэнэ.
342.3.Энэ хуулийн 342.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг шүүгч харьяаллын дагуу шилжүүлнэ.
343 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхэд гаргах гомдол,эсэргүүцлийг хүлээн авах
343.1.Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдол, эсэргүүцлийг анхан шатны шүүхээр дамжуулан гаргана.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
343.2.Гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх хэрэгт гомдол, эсэргүүцлийг хавсарган 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
343.3.Хяналтын шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
344 дүгээр зүйл. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тухай мэдэгдэх
344.1.Шийтгэх, цагаатгах тогтоолыг хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд анхан шатны шүүх энэ тухай талуудад мэдэгдэж, гомдол, эсэргүүцлийн талаар тайлбар өгөх эрхтэйг мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
345 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэний холбогдол
345.1.Тогтоол, магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тэдгээр тогтоол, магадлалын биелэлт түдгэлзэнэ.
345.2.Гомдол, эсэргүүцэл бичсэн этгээд хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдол, эсэргүүцлээ буцаан авч болно.
346 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа
346.1.Улсын дээд шүүх хяналтын шатны гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авсны дараа Танхимын тэргүүн шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн томилно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
346.2.Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын тэргүүн шүүгч 14 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
346.3. Хяналтын шатны шүүх хуралдааны товыг шүүгч тогтоож, талуудад мэдэгдэнэ.
347 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн
347.1.Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана.
/Энэ зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
348 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхээс хянавал зохих байдал
348.1.Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана.
348.2.Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол хяналтын шатны шүүх тогтоол, магадлалыг хүчингүй болгох буюу өөрчилнө.
348.3.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 320, 321 дүгээр зүйлүүдэд заасан утгаар ойлгоно.
349 дүгээр зүйл. Хэргийг хяналтын шатны шүүхэд хянан шийдвэрлэх
349.1.Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
349.2. Энэ хуулийн 349.1-д зааснаас бусад тохиолдолд прокурор, өмгөөлөгч ирээгүй нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй.
349.3.Хэргийг гомдол, эсэргүүцлийн дагуу хянасан шүүгч шүүх хуралдаанд илтгэнэ.
349.4.Илтгэгч хэргийн байдал, тогтоол, магадлал болон гомдол, эсэргүүцлийн агуулгыг танилцуулж, дараа нь шүүгч илтгэгчид асуулт тавьж, улмаар прокурор, өмгөөлөгч тухайн хэргийн талаар санал хэлж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
349.5.Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж тогтоол гаргах ба түүнийг шүүгчдийн олонхийн саналаар батална.
350 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхийн шийдвэр
350.1.Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
350.1.1.тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох;
350.1.2.тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах;
350.1.3.тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах;
350.1.4.тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгах.
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
351 дүгээр зүйл. Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах
351.1.Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдвол хяналтын шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбогдуулан ялыг хөнгөрүүлж болно.
351.2.Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй.
352 дугаар зүйл. Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
352.1.Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөнийг тогтоовол хяналтын шатны шүүх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
353 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ
353.1.Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэх үүрэгтэй.
353.2.Хэрэгт хэд хэдэн этгээд шийтгүүлсэн бөгөөд гомдол, эсэргүүцэл нь шийтгүүлсэн нэг буюу хэсэг этгээдийн талаар бичигдсэн байсан ч шүүх хэргийг бүх шийтгүүлэгчдийн талаар хянан хэлэлцэх үүрэгтэй.
353.3. Хяналтын шатны шүүхийн заалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээр шинэчлэн хэлэлцэхэд заавал биелүүлнэ.
353.4.Хяналтын шатны журмаар хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүх анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй.
354 дүгээр зүйл. Хяналтын шатны шүүхийн тогтоолын агуулга
354.1.Хяналтын шатны шүүхийн тогтоол энэ хуулийн 325 дугаар зүйлийн шаардлагад нийцсэн байна.
354.2.Хяналтын шатны шүүхийн тогтоолд шүүх хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч гарын үсэг зурна.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
355 дугаар зүйл. Тогтоол, магадлалыг хүчингүй болгосны дараа хэргийг дахин хэлэлцэх
355.1.Тогтоол, магадлалыг хүчингүй болгосны дараа хэргийг дахин шийдвэрлэхдээ ердийн журмаар хэлэлцэнэ.
355.2.Хэргийг дахин хэлэлцээд гаргасан шүүхийн тогтоолд ердийн журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болно.
356 дугаар зүйл. Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын шатны шүүхэд заавал хянан хэлэлцэх
356.1.Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцэнэ.
ДӨЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх
357 дугаар зүйл. Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх үндэслэл
357.1.Дор дурдсан нөхцөл байдал тогтоогдвол шинэ нөхцөл байдал гэж үзэж урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно:
357.1.1.гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, түүнчлэн хуурамч эд мөрийн баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж тогтоол, магадлал гаргасан нь тогтоогдсон ;
357.1.2.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь эрх хэмжээгээ хортойгоор урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор тогтоогдсон ;
357.1.3.цагаатгагдсан буюу хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүргэсэн, түүнчлэн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хөнгөн буюу хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох өмнө нь шүүх тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн.
357.2. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өршөөл үзүүлэх тухай хууль гарсан, уучлал үзүүлсэн, түүнчлэн яллагдагч нас барснаас шүүхийн тогтоол гаргах бололцоогүй болсон бол энэ хуулийн 357.1-д дурдсан шинээр илэрсэн нөхцөл байдлыг энэ хуулийн 360 дугаар зүйлд дурдсан журмаар мөрдөж тогтооно.
358 дугаар зүйл. Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх хугацаа
358.1. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгасан буюу хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүхийн тогтоол, магадлалыг хянаж үзэх, түүнчлэн шийтгэгдсэн этгээдэд хүнд ялтай хуулийг хэрэглэх шаардлагатай болсон бол зөвхөн Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татаж болох хөөн хэлэлцэх хугацааны дотор, шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жил өнгөрөөгүй бол гүйцэтгэж болно.
358.2.Шинэ нөхцөл байдал илэрснээс шийтгэх тогтоолыг хянаж үзэх явдал нь шийтгэгдсэн этгээдэд ашигтай байвал хугацаагаар хязгаарлахгүй.
358.3. Шийтгэгдсэн этгээдийг цагаатгахын тулд хэргийг шинэ нөхцөл байдал илэрснээс сэргээхэд уг этгээд нас барсан нь саад болохгүй.
359 дүгээр зүйл. Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийн ажиллагааг үүсгэх
359.1.Шинэ нөхцөл байдал илэрсэн тухай гомдол, хүсэлтийг прокурорт явуулна.
359.2. Энэ хуулийн 357 дугаар зүйлд дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, уг байдлыг мөрдөн шалгах, эсхүл энэ талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгавар өгнө.
359.3.Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгахад энэ хуульд заасан журмыг баримтлан шаардлагатай байцаан шийтгэх ажиллагааг гүйцэтгэнэ.
359.4.Прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, гомдол, хүсэлтийг хэрэгсэхгүй орхих ба түүнийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.
359.5. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах ажиллагаа эхэлмэгц хэргийн хугацааг шинээр тогтоож, хугацаа сунгахад энэ хуульд заасан журмыг баримтална.
360 дугаар зүйл. Шинэ нөхцөл байдлыг мөрдөж дуусмагц прокуророос гүйцэтгэх ажиллагаа
360.1.Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгахад энэ хуулийн 357.1-д заасан үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол прокурор уг хэргийг мөрдсөн материал ба өөрийн дүгнэлтийн хамтаар энэ хуулийн 361 дугаар зүйлийг удирдлага болгон Улсын Дээд Шүүхэд хүргүүлнэ.
360.2.Хэргийг сэргээх үндэслэл тогтоогдоогүй бол прокурор үндэслэл бүхий тогтоол гаргаж, хэргийн ажиллагааг зогсоох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.
361 дүгээр зүйл. Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай асуудлыг шүүх шийдвэрлэх
361.1.Энэ хуулийн 360 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шилжүүлсэн хэрэг, материалыг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.
362 дугаар зүйл. Прокурорын дүгнэлтийг хянаж үзээд шүүхээс гаргах тогтоол
362.1.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх хэргийг хянаж хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:
362.1.1.тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах;
362.1.2. тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох;
362.1.3.прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох.
363 дугаар зүйл. Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээсний дараа гүйцэтгэх ажиллагаа
363.1.Шинэ нөхцөл байдлын улмаас тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг сэргээсний дараа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, түүнчлэн шинээр гаргасан тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахдаа энэ хуулиар тогтоосон ердийн журмыг баримтална.
363.2.Шинэ нөхцөл байдлын улмаас түрүүчийн тогтоолыг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх тогтоолын аливаа заалтыг удирдлага болгохгүй.
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
364 дүгээр зүйл. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
364.1.Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийнхөөс гадна энэ бүлэгт дурдсан тусгай журмыг удирдлага болгоно.
364.2.Энэ бүлэгт дурдсан журмыг гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан этгээдийн үйлдсэн хэрэгт хэрэглэнэ.
365 дугаар зүйл.Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийн талаар нэмж тогтоовол зохих байдлууд
365.1.Насанд хүрээгүй этгээдийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах буюу шүүхээр хянан хэлэлцэхэд энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан байдлыг тодруулна:
365.1.1. төрсөн он, сар, өдөр, нас;
365.1.2. амьдралын нөхцөл байдал ба хүмүүжил;
365.1.3. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл;
365.1.4.насанд хүрсэн хатгагч ба бусад хамтран оролцогч байсан эсэх;
365.1.5.сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрвөл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах.
365.2. Энэ зүйлд заасан байдлыг тогтоохын тулд насанд хүрээгүй этгээдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч болон хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг мэдэж болох бусад хүмүүсийг байцаах, түүнчлэн хэрэгцээтэй баримт бичгийг шаардан авах буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхийн бусад ажиллагааг явуулна.
366 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдийг баривчлах ба цагдан хорих
366.1.Гагцхүү үйлдсэн хэрэг нь хүнд, онц хүнд ба энэ хуулийн 58, 62, 68 дугаар зүйлд заасан онцгой тохиолдолд насанд хүрээгүй этгээдийг баривчлах буюу цагдан хорьж болно.
366.2.Насанд хүрээгүй этгээдийг баривчилсан, цагдан хорьсон тухай түүний эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгч, өмгөөлөгчид нь 12 цагийн дотор мэдэгдэнэ.
366.3. Баривчилсан ба цагдан хоригдсон насанд хүрээгүй этгээдийг насанд хүрсэн болон шийтгэгдсэн насанд хүрээгүй этгээдээс тусгайд нь байлгана.
366.4.Насанд хүрээгүй этгээдийг хорьж мөрдөх үндсэн хугацаа нэг сар байх бөгөөд хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэргийн яллагдагчид 2 сараас, хүнд гэмт хэргийн яллагдагчид 4 сараас, онц хүнд гэмт хэргийн яллагдагчид 8 сараас хэтэрч болохгүй.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
367 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдийг хяналтад өгөх
367.1. Насанд хүрээгүй этгээдэд энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна түүнийг эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийн хяналтад шилжүүлэн өгч болно.
367.2. Насанд хүрээгүй этгээдийг эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийн хяналтад шилжүүлэхэд уг этгээд нь насанд хүрээгүй этгээдийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ба шүүхээс дуудсан цагт ирүүлж байх, түүнийг төлөв томоотой байлгах үүргийг бичгээр өгнө.
367.3. Насанд хүрээгүй этгээдийг хяналтдаа авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид түүний сэрдэгдэж байгаа буюу яллагдах гэж байгаа хэргийн талаар мэдэгдэж, хүлээсэн үүргээ зөрчвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулна.
367.4.Насанд хүрээгүй этгээдийг хяналтдаа авсан этгээд хүлээсэн үүргээ зөрчвөл түүнд энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
368 дугаар зүйл.Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг дуудах журам
368.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг тэдний эцэг, эх буюу хууль ёсны бусад төлөөлөгчөөр нь дамжуулан дуудах ба зөвхөн хэргийн байдлаас шалтгаалж өөр журмаар ирүүлж болно.
368.2.Цагдан хоригдож байгаа насанд хүрээгүй этгээдийг цагдан хорих байрны захиргаагаар дамжуулан дуудна.
369 дүгээр зүйл.Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийг тусгаарлах
369.1.Насанд хүрээгүй этгээд насанд хүрсэн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон тохиолдолд бололцоо байвал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийг нь тусгаарлана.
369.2.Насанд хүрээгүй этгээдийн хэргийг тусгаарлах нь хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор илрүүлэхэд ноцтой саад учруулахаар байвал тусгаарлахгүй байж болно.
370 дугаар зүйл.Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг байцаах журам
370.1.Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг нэг удаа байцаахдаа 2 цаг, өдөрт 4 цагаас хэтрүүлж болохгүй ба 2 цагаас илүү байцаах тохиолдолд завсарлана.
370.2.Байцаагдаж байгаа этгээдийн өмгөөлөгч хүсэлт гаргасан тохиолдолд өөрийн зардлаар байцаалтын явцыг дүрс бичлэгээр бэхжүүлэн авч болох бөгөөд энэ тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын тэмдэглэлд тусган, дүрс бичлэгийг хэрэгт хавсаргана.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
371 дүгээр зүйл. Насанд хүрээгүй этгээдийг байцаахад сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах
371.1.Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг байцаахад сурган хүмүүжүүлэгчийг байлцуулж болох ба оюун ухаан нь гүйцэд хөгжөөгүй гэж үзвэл сурган хүмүүжүүлэгчийг заавал байлцуулна.
371.2. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг байцаахад байлцсан сурган хүмүүжүүлэгч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр сэжигтэн, яллагдагчид асуулт тавих эрхтэй.
371.3.Байцаалт дууссаны дараа түүнд байлцсан сурган хүмүүжүүлэгч тэмдэглэлтэй танилцах ба түүнд бичигдсэн зүйл бүрэн зөв болсон эсэх талаар саналаа бичгээр өгөх эрхтэй.
371.4.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч насанд хүрээгүй этгээдийг байцаахын өмнө сурган хүмүүжүүлэгчид түүний эрхийг тайлбарлан өгөх үүрэгтэй бөгөөд тэр тухайгаа тэмдэглэлд дурдана.
372 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хууль ёсны төлөөлөгч оролцох
372.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолоор насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, түүнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад ямар эрхтэй оролцохыг тайлбарлана.
372.2. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч нь дор дурдсан эрхтэй:
372.2.1.насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг ямар хэрэгт сэрдэгдэж байгааг мэдэх;
372.2.2. ял сонсгоход байлцах;
372.2.3.байцаалт, сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгчийг байлцуулан хийж байгаа бусад ажиллагаанд мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр оролцох;
372.2.4.байлцсан ажиллагааны талаар саналаа бичгээр өгөх;
372.2.5.нотлох баримтын ач холбогдол бүхий зүйлийг шалгуулах хүсэлт тавих.
373 дугаар зүйл. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, түүний эцэг,
373.1.Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчид хэргийн материалыг танилцуулахад түүний эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг оролцуулна.
373.2.Насанд хүрээгүй этгээдийн сонирхолд хохирол учруулж болзошгүй гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь насанд хүрээгүй яллагдагчид хэргийн материалыг танилцуулахад түүний эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг оролцуулахгүй байж болно.
374 дүгээр зүйл. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй шүүгдэгчийн эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг оролцуулах
374.1.Насанд хүрээгүй шүүгдэгчийн эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож нотлох баримт шинжлэхэд оролцох, нотлох баримтын ач холбогдол бүхий баримт, хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцогчийг татгалзан гаргах эрхтэй ба шүүх хуралдаан эхлэхэд тэдэнд энэ эрхийг тайлбарлаж өгнө.
374.2.Шүүгдэгчийн эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг гэрчээр байцаах шаардлагатай бол түүний мэдүүлгийг хохирогчийг байцаасны дараа сонсоно.
374.3.Шүүгдэгчийн эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгч шүүх хуралдааны ажиллагааны туршид байлцана.
374.4. Шүүх хуралдаанд эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгч оролцох нь насанд хүрээгүй шүүгдэгчийн сонирхолд хохирол учруулж болохуйц онцлох шалтгаан байвал шүүх тэр тухай үндэслэл бүхий тогтоол, шүүгч захирамж гаргаж эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг шүүх хуралдаанд оруулахгүй байх буюу шүүх хуралдааны аль нэгэн хэсэгт оролцохыг хязгаарлах эрхтэй.
374.5.Шүүгдэгчийн эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг оролцуулах нь зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзээгүй бол тэдний ирээгүй нь уг хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулах шалтгаан болохгүй.
375 дугаар зүйл.Насанд хүрээгүй шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас гаргах
375.1.Насанд хүрээгүй этгээдэд сөргөөр нөлөөлж болох байдлыг шинжлэх үед шүүх нь шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийн санал, прокурорын дүгнэлтийг сонсож, тогтоол, захирамж гаргаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргах эрхтэй.
376 дугаар зүйл.Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулахтай холбогдсон ажиллагаа
376.1. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах асуудлыг хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх хянан шийдвэрлэнэ.
376.2. Хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож, шийтгэгдсэн этгээдэд ялыг биечлэн эдлүүлэх асуудлыг зохих хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан саналыг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх шийдвэрлэнэ.
377 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийн талаар шийтгэх тогтоол гаргах үед шүүхээс шийдвэрлэх асуудал
377.1. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийн талаар тогтоол гаргахдаа шүүх дор дурдсан асуудлыг шийдвэрлэнэ:
377.1.1.хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хойшлуулах боломж байгаа эсэх;
377.1.2. хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тохиолдолд уг этгээдэд олон нийтийн хүмүүжүүлэгч томилох шаардлагатай эсэх.
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа
378 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл
378.1.Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсөн бөгөөд үйлдсэн хэргийн шинж, өвчний байдлаараа уг этгээд нийгэмд аюултай байвал шүүх түүнд Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлд дурдсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
378.2.Шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуулийн ерөнхий үндэслэл болон энэ бүлэгт дурдсан журмыг баримтална.
379 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах журам
379.1. Энэ хуулийн 385 дугаар зүйлд заасан этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт заавал мөрдөн байцаалт явуулах ба дараахь байдлыг нэмж тогтооно:
379.1.1. уг этгээд урьд нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан эсэх, хэрэг үйлдэх буюу мөрдөн шалгах үед уг өвчний байдал, явц, шинж ямар байсан;
379.1.2.гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа уг этгээдийн зан байдал ямар байсан.
379.2.Энэ хуулийн 379.1-д заасан этгээд гэмт хэрэг үйлдсэнийг нотлох гарцаагүй баримт байгаа бөгөөд тэр үндэслэлээр эрүүгийн хэргийг үүсгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа бол түүнд сэтгэцийн эмгэгийн шинжилгээ хийлгэнэ.
379.3.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг сэтгэцийнх нь өвчнөөс шалтгаалан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцуулах боломжгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
380 дугаар зүйл. Өмгөөлөгчийг оролцуулах
380.1.Энэ хуулийн 378 дугаар зүйлд заасан этгээдийн хэрэгт өмгөөлөгчийг заавал оролцуулна.
381 дүгээр зүйл.Хэрэг бүртгэлт,мөрдөн байцаалтыг дуусгах
381.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дуусмагц дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
381.1.1.энэ хуулийн 208 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох;
381.1.2. гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл тогтоогдвол хэргийг шүүхэд шилжүүлэх тухай тогтоол үйлдэж, прокурорт шилжүүлнэ.
381.2.Тогтоолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар тогтоогдсон бүх байдал ба эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх болсон үндэслэлийг бичнэ.
381.3.Прокурор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зөв гэж үзвэл тогтоолыг баталж, шүүхэд шилжүүлэх ба хэрэв зөвшөөрөхгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаана.
382 дугаар зүйл. Шүүх хуралдаанд бэлтгэх ажиллагаа
382.1.Шүүх хэргийг хүлээж авмагц түүнийг хэлэлцэх өдрийг товлон шүүгчийн захирамж гаргаж, энэ тухай прокурор, өмгөөлөгч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэж гэрч, хохирогч, шаардлагатай бол шинжээчийг дуудна.
382.2.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өвчний шинж байдлыг харгалзан түүнийг шүүх хуралдаанд оролцуулж болно.
383 дугаар зүйл. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагаа
383.1. Энэ хуулийн 381 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүхэд шилжиж ирсэн хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй энэ хуулийн гучин нэгээс гучин тавдугаар бүлэгт дурдсан журмын дагуу иргэдийн төлөөлөгч, улсын яллагч, өмгөөлөгчийг заавал оролцуулан шүүх хуралдаанаар хэлэлцэнэ.
383.2. Шүүх хуралдаан уг этгээд гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа буюу үгүйсгэж байгаа нотлох баримтыг шалгаж, түүний сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонсож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад байдлыг хянан үзнэ.
383.3. Шүүх нь шүүхийн хэлэлцүүлэг дуусмагц иргэдийн төлөөлөгч болон улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн үгийг сонсоно.
384 дүгээр зүйл. Шүүх хэргийг шийдвэрлэх
384.1.Шүүх хэргийг зөвлөлдөх тасалгаанд тогтоол гаргаж шийдвэрлэх ба дор дурдсан асуудлыг шийдвэрлэнэ:
384.1.1.Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гарсан эсэх;
384.1.2. уг этгээд тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэх;
384.1.3.тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан эсэх, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа тийм өвчнөөр өвчилсний алин болох;
384.1.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай бол ямар арга хэмжээ хэрэглэх.
385 дугаар зүйл. Шүүхийн тогтоол
385.1.Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсөн нь нотлогдвол шүүх уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
385.2.Энэ хуулийн 385.1-д заасан этгээд нийгэмд аюулгүй болсон бөгөөд үйлдсэн хэрэг, түүнээс учирсан хохирол нь ноцтой биш бол эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ тухай эмнэлгийн байгууллагад мэдэгдэж болно.
385.3. Сэтгэцийн өвчтэй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа тийм өвчнөөр өвчилсөн гэдэг нь тогтоогдоогүй, түүнчлэн уг этгээд өвчилсөн боловч ялаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж шүүх үзвэл уг хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах ба цаашид уг хэргийг ердийн журмаар шалгаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
385.4. Энэ хуулийн 385.1-д заасан этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, эсхүл энэ хуулийн 24 дүгээр зүйлд дурдсан байдал тогтоогдвол түүний өвчилсөн эсэхийг үл харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгоно.
385.5.Шүүхийн тогтоолд энэ хуулийн 298 дугаар зүйлд заасан асуудлыг шийдвэрлэсэн байвал зохино.
386 дугаар зүйл.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх
386.1.Өвчин нь эдгэрсэн буюу эрүүл мэндийн байдал нь сайжирсан бол уг этгээдийг эмчилж байгаа эмнэлгийн байгууллагын хүсэлт, эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүгч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх тухай асуудлыг энэ хуулийн 340.1, 340.5- д заасан журмын дагуу хэлэлцэнэ.
386.2.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх тухай хүсэлтийг уг этгээдийн төрөл, садангийн сонирхогч болон бусад этгээд гаргаж болох ба хэрэв ийм хүсэлт гарвал шүүх уг этгээдийн эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаас лавлана.
386.3.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх тухай асуудлыг уг тогтоол гаргасан шүүгч, эсхүл тэр арга хэмжээг биелүүлж байгаа газрын шүүх прокурорыг заавал оролцуулан шийдвэрлэнэ.
387 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн хэргийг сэргээх
387.1.Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчилж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээд эдгэрсэн гэж эмч нарын комисс үзсэн бол шүүх энэ хуулийн 340 дүгээр зүйлд заасны дагуу уг арга хэмжээг хүчингүй болгож, уг этгээдийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, эсхүл шүүхэд шилжүүлнэ.
387.2.Энэ хуулийн 387.1-д заасны дагуу шилжиж ирсэн этгээдийн хэрэгт ердийн журмаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах буюу шүүхээр хэлэлцэн шийдвэрлэнэ.
387.3.Эмнэлгийн байгууллагад байсан хугацааг хоригдсон хугацаанд оруулан тооцно.
ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах
388 дугаар зүйл. Хохирол арилгуулах эрх
388.1. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.
389 дүгээр зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл
389.1. Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.
389.2. Дараахь тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ:
389.2.1.баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан;
389.2.2. тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан;
389.2.3.тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон;
389.2.4. эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон бол.
389.3. Өршөөлийн тухай хуулийн дагуу ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлсөн, хэрэг хянах ажиллагааг зогсоосон, уучлал үзүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй, эсхүл тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага үл хүлээлгэх болон ялыг хөнгөрүүлсэн хууль батлагдсанаар хүчингүй болсон, өөрчлөгдсөн тохиолдолд энэ хуулийн 389.1 нь үйлчлэхгүй.
389.4.Хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй.
389.5.Хүнийг хууль бусаар хохироосон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор,шүүгчид хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
389.6.Энэ хуулийн 389.5-д заасан албан тушаалтан хүнийг хууль бусаар хохироосон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг болох нь зохих журмаар тогтоогдвол эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээдээр бүрэн төлүүлнэ.
390 дүгээр зүйл.Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх
390.1.Дор дурдсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:
390.1.1.хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого;
390.1.2.хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж.;
390.1.3.шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө;
390.1.4. шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал;
390.1.5.хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс.
390.2.Энэ хуулийн 390.1.1, 390.1.4, 390.1.5-д заасан хохирлыг улсын төсвөөс нөхөн олгоно.
390.3.Нөхөн төлөх эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоохдоо тухайн иргэн ял эдэлж байхдаа авсан цалин хөлс, эсхүл ажил, албан тушаалаас халагдсанаас хойшхи хугацаанд өөр ажил, албан тушаал эрхэлж авсан цалин хөлсийг хасч тооцно.
390.4.Ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмжийг нийгмийн даатгалын болон холбогдох бусад байгууллага нөхөн олгоно.
390.5.Энэ хуулийн 390.1.3-д заасан эд хөрөнгийг холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон прокурор, шүүхийн байгууллага биет байдлаар нь буцааж олгох ба тийм боломжгүй бол анхны үнэлгээгээр тооцож улсын төсвөөс олгоно.
390.6.Эд хөрөнгийн үнийг түүнийг нөхөн төлүүлэх шийдвэр гарах үеийн үнэлгээгээр тодорхойлно.
390.7.Эд хөрөнгө гэмтсэн тохиолдолд учирсан хохирлыг бүрэн нөхөн төлнө.
391 дүгээр зүйл. Сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах
391.1.Эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө.
391.2.Эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно.
391.3.Сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана.
392 дугаар зүйл. Цол, шагналыг сэргээх
392.1.Цэргийн болон бусад цол, шагналыг хууль бусаар хассаныг шүүх тогтоовол олгосон байгууллага нь шүүхийн шийдвэрийг үндэслэн сэргээж олгоно.
393 дугаар зүйл. Хуулийн этгээдэд хохирлыг нөхөн төлөх
393.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон прокурор, шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг энэ бүлэгт заасан журмын дагуу төр хариуцна.
394 дүгээр зүйл.Хууль зөрчсөн ажиллагааны тухай лавлагаа өгөх
394.1.Цагаатгах тогтоол гарсан, гэмт хэрэг гараагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүйгээс эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол шүүх, прокурор нь иргэнд зөрчигдсөн эрхээ сэргээх болон бусад хохирлыг нөхөн төлүүлэх журмыг тайлбарлаж өгөх, түүнчлэн иргэний хүсэлтийн дагуу 1 сарын дотор өөрийн гаргасан шийдвэрийн талаар түүний ажиллаж байгаа байгууллагад бичгээр лавлагаа өгөх үүрэгтэй.
394.2.Иргэнийг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа хууль бус болох нь нотлогдвол холбогдох хуулийн байгууллага тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан цагаатгасан тухай шийдвэрийн талаар 10 хоногийн дотор холбогдох мэдээлэл хийж залруулах үүрэгтэй.
395 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг тайлбарлах
395.1.Цагаатгах тогтоол, эсхүл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болон бусад хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон, өөрчилсөн тухай тогтоолын хуулбарыг сонирхогч этгээдэд гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ.
395.2.Энэ хуулийн 395.1-д заасан тогтоолтой хамт хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудас хүргүүлэх бөгөөд түүнд хууль зөрчсөн ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харъяаллын талаар дурдсан байвал зохино.
396 дугаар зүйл. Хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргах
396.1. Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг иргэн өөрөө буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн өмгөөлөгч гаргаж болно.
396.2. Насанд хүрээгүй этгээдийг цагаатгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг түүний хууль ёсны төлөөлөгч гаргана.
396.3. Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана.
/Энэ хэсэгт 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
396.4. Бусад эрхийг сэргээлгэх тухай өргөдлийг тухайн иргэнд эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болно.
/Энэ хэсэгт 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
396.5. Энэ хуулийн 396.3, 396.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол сонирхогч этгээдийн өргөдлөөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, эсхүл шүүх сэргээж болно.
396.6. Хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана.
396.7. Иргэн нас барсан тохиолдолд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь түүний өв залгамжлагчид, зогсоосон тэтгэвэр, тэтгэмж нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий гэр бүлийн гишүүнд тогтоосон журмын дагуу шилжинэ.
396.8. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон прокурор, шүүхийн байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас улсад учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг холбогдох байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүхэд гаргана.
396.9.Энэ бүлэгт дурдсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө.
397 дугаар зүйл. Хохирол арилгуулах тухай өргөдлийг хянан шийдвэрлэх
397.1. Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
ДӨЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, прокурор, шүүхийн байгууллага болон гадаад улсын холбогдох байгууллагын эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа
398 дугаар зүйл. Байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай даалгавар өгөх
398.1. Гадаад улсын нутаг дэвсгэрт байцаалт, үзлэг, нэгжлэг, туршилт, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.
398.2.Байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах даалгаврыг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулна.
398.3.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгаврыг явуулж байгаа улсын хэл дээр үйлдэнэ.
399 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагааг явуулах тухай даалгаврын агуулга
399.1.Байцаан шийтгэх тодорхой ажиллагааг явуулах тухай даалгаврыг бичгээр үйлдэх ба түүнд дараахь зүйлийг заана:
399.1.1.даалгавар өгч байгаа байгууллагын нэр;
399.1.2. даалгавар хүлээн авах байгууллагын нэр, хаяг;
399.1.3. даалгаврын утга ба хэргийн агуулга;
399.1.4.даалгавартай холбоотой этгээдийн иргэний харъяалал, эрхэлдэг ажил, оршин суугаа буюу байрлаж байгаа газрын талаархи мэдээлэл, хуулийн этгээдийн хувьд түүний нэр, хаяг;
399.1.5. эд мөрийн ба бусад нотлох баримт;
399.1.6. зүйлчлэлийн тухай мэдээлэл, шаардлагатай бол учирсан хохирлын хэмжээ.
399.2. Даалгавар, түүнд хавсаргаж байгаа баримт бичиг, нотлох баримтыг хүлээн авах улсын албан ёсны хэл дээр орчуулж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, шаардлагатай бол тэмдэг дарна.
400 дугаар зүйл. Гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээчийг дуудах, байцаах
400.1.Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаад улсад байнга буюу түр хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын харьяат гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээчийг тухайн улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан дуудаж болно.
400.2.Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаад улсын харьяат гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч, шинжээчийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан дуудна.
400.3.Энэ хуулийн 400.1-д дурдсан гэрч, хохирогч болон бусад оролцогчийн хувьд дор дурдснаас бусад байцаан шийтгэх ажиллагааг энэ хуульд заасан журмыг баримтлан явуулна:
400.3.1. албадан ирүүлэх;
400.3.2. торгууль оногдуулах;
400.3.3. мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэх, дүгнэлт гаргахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
401 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагааг явуулах тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын даалгаврыг биелүүлэх
401.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн байгууллага нь гадаад улсын холбогдох байгууллага, албан тушаалтны байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай даалгаврыг энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу биелүүлнэ.
401.2.Даалгаврыг биелүүлэхэд тухайн улстай байгуулсан олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээг хэрэглэж болно.
401.3. Олон улсын гэрээнд заасан бол даалгаврыг биелүүлэхэд гадаад улсын холбогдох байгууллагын төлөөлөгч байлцаж болно.
401.4.Даалгаврыг биелүүлэх боломжгүй бөгөөд олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Улсын ерөнхий прокурорын газар, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан даалгавар өгсөн гадаадын байгууллагад биелүүлээгүй шалтгааныг зааж, хүлээн авсан баримт бичгийг буцаана.
401.5. Даалгаврыг биелүүлэх нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлах, эсхүл хууль тогтоомжийг зөрчихөд хүргэхээр байвал түүнийг буцаана.
402 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг
402.1.Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Монгол Улсаас гарч явсан бол уг хэргийг шалгах явцад цугларсан бүх материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу гадаад улсын холбогдох байгууллагад хүргүүлнэ.
403 дугаар зүйл. Эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааг
403.1.Монгол Улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд гадаад улсын эрх бүхий байгууллага уг хэргийг шалгах хүсэлт ирүүлсэн бол байцаан шийтгэх ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулна.
403.2. Энэ хуулийн 403.1-д заасан этгээдийн хэргийг гадаад улсын эрх бүхий байгууллага шалгасан материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шилжүүлж авах ба энэ нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ.
ДӨЧИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хариуцлагад татах болон шийтгэх тогтоол биелүүлэх зорилгоор гэмт этгээдийг шилжүүлэн өгөх
404 дүгээр зүйл. Монгол Улсын иргэнийг шилжүүлэн өгөх тухай хүсэлт
404.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад гарсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу гадаад улсын эрх бүхий байгууллагад тавина.
404.2. Хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:
404.2.1.шилжүүлэн авах хүний овог, эцэг, эхийн болон өөрийнх нь нэр, төрсөн он, сар, өдөр;
404.2.2. иргэний харъяалал, гадаад төрх байдлын тодорхойлолт гэрэл зураг;
404.2.3.тухайн этгээдийн үйлдсэн хэргийн товч агуулга, хэрэглэх хуулийн заалт, шийтгүүлсэн бол шүүхээс оногдуулсан ял;
404.2.4. шийтгэх , эсхүл яллагдагчаар татах тухай тогтоол гаргасан он, сар, өдөр;
404.2.5.хүсэлтэд хавсаргасан баримт бичгийн баталгаат хуулбар .
405 дугаар зүйл. Гадаад улсын иргэнийг шилжүүлэн өгөх
405.1. Гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн буюу шийтгэгдсэн гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэнэ.
405.2.Энэ хуулийн 405.1-д заасан шилжүүлбэл зохих этгээд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хорих ял эдэлж байгаа бол ялаа эдэлж дуустал, эсхүл ялаас чөлөөлөх хүртэл шилжүүлэн өгөхийг хойшлуулж болно.
405.3.Шилжүүлэн өгөхийг хойшлуулбал хөөн хэлэлцэх хугацаа дуусах буюу гэмт хэргийг мөрдөхөд саад учруулахаар бол уг этгээдийг шилжүүлэн өгч болно.
406 дугаар зүйл. Шилжүүлэн өгөхөөс татгалзах
406.1. Дараахь тохиолдолд гэмт этгээдийг шилжүүлэн өгөхгүй:
406.1.1. Монгол Улсын иргэн;
406.1.2. гэмт этгээдэд Монгол Улсад орогнох эрх олгосон;
406.1.3. шилжүүлэн өгөх тухай шаардлагын үндэслэл нь Монгол Улсад гэмт хэрэгт тооцогддоггүй бол;
406.1.4. шилжүүлбэл зохих этгээд тухайн үйлдэлд урьд нь ял шийтгүүлж эдэлсэн, эсхүл уг хэргийг өмнө нь хэрэгсэхгүй болгосон бол;
406.1.5. Монгол Улсын хууль тогтоомжоор тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсхүл бусад үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх буюу ял шийтгэж болохгүй нөхцөл байдал байгаа бол.
407 дугаар зүйл. Давхар харъяалалтай болон харъяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх
407.1.Давхар харъяалалтай болон иргэний харъяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх асуудлыг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
408 дугаар зүйл. Шилжүүлэн өгөх зорилгоор цагдан хорих
408.1.Гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хангаж гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэл байвал түүнийг баривчилж шилжүүлж өгөх хүртэл цагдан хорьж прокурор хүсэлт тавьсан байгууллагад шилжүүлэн өгөх цаг хугацаа, газрыг нэн даруй мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
408.2. Энэ хуулийн 408.1-д заасны дагуу цагдан хоригдсон этгээдийг 30 хоногийн дотор шилжүүлж аваагүй бол прокурорын тогтоолоор суллана.
408.3.Энэ хуулийн 408.2-т заасны дагуу сулласан этгээдийг шинээр хүсэлт тавьсан тохиолдолд дахин цагдан хорьж болно.
409 дүгээр зүйл. Эд зүйл, бусад нотлох баримтыг шилжүүлэх
409.1. Энэ хуульд заасан журмын дагуу гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг гадаад улсад шилжүүлэн өгөхдөө түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг болон бусад зүйл, түүнчлэн гэмт хэргийн ул мөр бүхий, эсхүл гэмт үйлдлийн замаар олж авсан эд зүйл, шаардлагатай бусад нотлох баримтыг шилжүүлнэ.
409.2. Энэ хуулийн 409.1-д дурдсан нотлох баримтыг эрүүгийн өөр хэрэг шийдвэрлэхэд ашиглах шаардлагатай бол түүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж болно.
409.3. Гадаад улсын холбогдох байгууллага хэргийг шийдвэрлэж дуусмагц энэ хуулийн 409. 1-д дурдсан эд зүйлийг буцааж өгөх тухай баталгаа гаргасан үед шилжүүлнэ.
ДӨЧИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх
410 дугаар зүйл. Хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх үндэслэл
410.1.Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь шилжүүлэн өгөх, түүнчлэн гадаад улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг Монгол Улсад шилжүүлэн авах асуудлыг тухайн улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу гүйцэтгэнэ.
410.2. Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн этгээдийг харьяат улсад нь шилжүүлэн өгөх шийдвэрийг Улсын ерөнхий прокурор гаргаж, түүнийг шийдвэр гаргасан шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэнэ.
411 дүгээр зүйл. Хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь шилжүүлэн өгөхөөс татгалзах
411.1. Дор дурдсан тохиолдолд Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь шилжүүлэн өгөхөөс татгалзаж болно:
411.1.1.уг этгээдэд ял оногдуулсан аль ч үйлдэл ялтныг харъяалах улсын хууль тогтоомжоор гэмт хэрэгт тооцогддоггүй бол;
411.1.2. ялтныг харъяалах улсын хууль тогтоомжоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу бусад үндэслэлээр ялыг харъяалах улсад нь эдлүүлэх боломжгүй бол;
411.1.3. ялтан, эсхүл шилжүүлэн авах хүсэлт гаргасан улс шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдолтой заалтыг биелүүлээгүй буюу тийм баталгаа өгөөгүй бол;
411.1.4. олон улсын гэрээнд заасан нөхцөлөөр ялтныг шилжүүлэн өгөх зөвшилцөлд хүрээгүй бол;
411.1.5. ялтан Монгол Улсад байнга оршин суугч байсан бол.
412 дугаар зүйл. Ял эдлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнийг
412.1.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг тухайн ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч буюу төрөл, садангийн хүн, түүнчлэн ялтны зөвшөөрснөөр тухайн улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллага Монгол Улсын ерөнхий прокурорт уламжилна.
412.2.Монгол Улсын ерөнхий прокурор хүсэлтийг хянаж, түүнийг хангах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
412.3.Монгол Улсын ерөнхий прокурор хүсэлтийг хангасан бол ялтныг тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу шилжүүлж авна.
413 дугаар зүйл. Гадаад улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй
413.1.Энэ хуулийн 412 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлж авсан этгээд Монгол Улсад ял эдлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс тогтоосон харьяалалын дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
413.2. Шүүгчийн захирамжид дараахь зүйлийг заасан байна:
413.2.1. гадаад улсын шүүхийн нэр, шийдвэр гаргасан газар, он, сар, өдөр;
413.2.2. Монгол Улсад хамгийн сүүлд байнга оршин сууж байсан болон ажиллаж байсан газар;
413.2.3. ялтны үйлдсэн гэмт хэрэг, гадаад улсын шүүхээс түүнд хэрэглэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт;
413.2.4. ялтны үйлдэлд хэрэглэх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт;
413.2.5. гадаад улсын шүүхээс ялтанд оногдуулсан ялын хугацаа, хорих ангийн төрөл, Монгол Улсад эдэлбэл зохих ялын хугацаа, хорих ангийн төрөл, хохирол нөхөн төлөх журам.
413.3. Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно.
413.4. Гадаад улсын шүүх хорих ял оногдуулсан боловч Монгол Улсын хуулиар уг хэрэгт хорих ял оногдуулж болохооргүй байвал шүүгч уг этгээдэд гадаад улсын шүүхээс оногдуулсан ялтай дүйцэхүйц төрөл, хугацааны өөр төрлийн ял эдлүүлэхээр шийдвэрлэнэ.
413.5. Гадаад улсын шүүх хэд хэдэн хэрэг үйлдсэн гэж үзэж ялтанд ял оногдуулсан боловч тэдгээр нь Монгол Улсын хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй бол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож, уг ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
413.6. Шүүгчийн захирамж нь гарсан үеэс хүчин төгөлдөр болох бөгөөд түүнд прокурор эсэргүүцэл бичиж болно.
413.7. Шүүгчийн захирамжийг прокурорт хүргүүлж гүйцэтгүүлнэ.
413.8. Гадаад улсаас шилжин ирж энэ зүйлд заасны дагуу Монгол Улсад ял эдлэхээр болсон этгээдийн ялыг хугацаанаас өмнө суллах, ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, өршөөл, уучлал үзүүлэх зэрэг шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой бүхий л асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.
413.9.Гадаад улсад өршөөлийн хууль гарсан бол тэнд шийтгүүлээд шилжиж ирсэн этгээдийг уг өршөөлд хамруулах ба энэ тухай шийдвэрийг ял эдлүүлж байгаа газрыг харьяалах анхан шатны шүүхийн шүүгч гаргана.
ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
414 дүгээр зүйл.Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах хэргийн харьяалал
414.1. Эрүүгийн хуулийн 99.1/Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах/,103.1/Бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхээс зайлсхийх, халдаах/, 110/Доромжлох/, 111.1/Гүтгэх/, 118/Асран хамгаалах үүргээ урвуулах/, 1201/Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 123.1/Садар самууныг сурталчлах/, 130.1/Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 132 /Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг зөрчих/, 135.1/Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих/, 137.1/Иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих/, 139.1/Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх/, 142/Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчих/, 143 /Шүтэж байгаа шашнаар нь хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих/, 145.1/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 151/Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших/, 152/Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших/, 155.1/Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах/, 187.1/Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хамгаалах үүрэгт ажилдаа хайнга хандах/, 197.1/Хууль бусаар эмчлэх/, 201.1/Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/, 215.1/Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих/, 216.1/Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхих/, 220.1/Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах/, 222.1/Жолоогоо бусдад шилжүүлэх/, 223.1/Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах/, 230.1/Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх/, 231.1/Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох/, 233.1/Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах/, 234.1/Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух/, 236/Дураараа аашлах/, 239/Төрийн дайчилгаанаас зайлсхийх/, 243.1/Мөрийтэй тоглох/, 244/Битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн зарцуулах/, 245.1/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах/, 255/Гэрч, хохирогч, мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх/, 259/Шүүгч, иргэдийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэх/, 275.1/Захирагчийн тушаал биелүүлэхгүй байх/, 277.1 /Захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/, 278.1/Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/, 284.1/Байлдааны машин жолоодох болон ашиглалтын журам зөрчих/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
415 дугаар зүйл.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл
415.1.Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ерөнхий журмаас гадна энэ бүлэгт дурдсан журмыг баримтална.
415.2.Энэ хуулийн 414.1-т заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэг бүртгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ.
415.3.Насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй.
416 дугаар зүйл.Хялбаршуулсан хэрэг бүртгэх ажиллагаа
416.1.Хэрэг бүртгэгч энэ хуулийн 415.2-т заасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл тогтоол үйлдэж, 14 хоногийн дотор хэрэг бүртгэлт явуулна.
416.2.Хэрэг бүртгэгч хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоон сэжигтэн, хохирогч, шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авч, сэжигтний урд нь ял шийтгүүлж байсан эсэх тухай баримтыг хэргийн материалд хавсаргана.
417 дугаар зүйл.Прокурорын хяналт
417.1.Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллагдагчаар татсан тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлнэ.
417.2.Прокурор энэ хуулийн 196.2-т заасан яллагдагчаар татах тогтоолыг батлахдаа яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар санал бичнэ.
417.3.Прокурор оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хохирогчид нэн даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.
417.4.Сэжигтэн, яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан, хохирогч ялын талаар санал зөрсөн бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана.
418 дугаар зүйл. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх
418.1.Шүүгч хэргийг хүлээн аваад 24 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэх товыг зарлана.
418.2.Шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэргийг шийдвэрлэн тогтоол гаргана.
/Энэ хэсэгт 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
418.3.Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэж болно.
418.4.Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг харгалзан ял оногдуулна.
418.5.Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна.
418.6.Хэрэг хянан шийдвэрлэх явцад яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
419 дүгээр зүйл.Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч ирээгүйн холбогдол
419.1.Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.
419.2.Өмгөөлөгч, прокурор хүндэтгэн үзэх шалтгаан гарснаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд заавал хүрэлцэн ирж оролцоно.
/Дээрх "ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ"-ийг 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
ДӨЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл
420 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
420.1.Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A