A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 37

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах зорилгоор дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхэд шаардагдах газрын кадастрын зураглал болон газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг бэлтгэх, газрын нэгдмэл сангийн бүртгэл, судалгааг шинэчлэх, холбогдох газар зохион байгуулалтын арга хэмжээг авах, түүнчлэн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ, иргэдийн бүртгэл, судалгаа бүхий бэлтгэл хангах тодорхой үе шаттай төлөвлөгөөг аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр гаргаж хэрэгжүүлэх;

2/газар, үл эд хөдлөх хөрөнгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тэдгээрийн эрхлэх ажил, чиг үүргийг шинэчлэх асуудлыг шийдвэрлүүлэх;

3/ холбогдох журам, дүрэм, маягт, загварыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нийцүүлэн 2002 онд багтаан батлан гаргах, шинэчлэх;

4/ одоогоор газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх, гэрээ хүчин төгөлдөр байгаа эсэхийг нэгбүрчлэн шалган тогтоох, холбогдох хууль тогтоомж зөрчиж зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан, газрыг зориулалт бусаар буюу тогтоосон хэмжээнээс илүү газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн асуудлыг цэгцлэх, хохирлыг нөхөн төлүүлэх болон газрыг чөлөөлүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх;

5/ үл эд хөдлөх хөрөнгийн бүртгэл болон улсын газрын мэдээллийн санг бэхжүүлэх, нэгдсэн сүлжээнд хамруулах..

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллах, газар өмчлүүлэх ажлын бэлтгэл болон түүний хэрэгжилтийн талаархи газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн тайланг хагас жил бүр хэлэлцэж байхыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо /Ш.Гунгаадорж/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С. ТӨМӨР-ОЧИР