- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Шүүхийн тухай хууль тогтоомж
2.1.Шүүхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."шүүх" гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг;
3.1.2."дагнасан шүүх" гэж эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдсан шүүхийг.
4 дүгээр зүйл.Шүүхийн эрхэм зорилго
4.1. Шүүх нь дараах эрхэм зорилготой:
4.1.1.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох;
4.1.2.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах;
4.1.3.хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх;
4.1.4.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх.
4.2.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ
5 дугаар зүйл.Шүүхийн тогтолцооны нэгдмэл байдал
5.1.Шүүхийн тогтолцоо нь нэгдмэл байх бөгөөд шүүх зохион байгуулалтын хувьд бие даасан байна.
5.2.Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль /цаашид Үндсэн хууль гэх/ болон энэ хуулиар тогтоох замаар шүүхийн тогтолцооны нэгдмэл байдлыг хангана.
5.3.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.
5.4.Аливаа шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
6 дугаар зүйл.Шүүхийн бие даасан байдал
6.1.Шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.
6.2.Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно.
6.3.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, энэхүү ажиллагаатай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно.
6.4.Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана.
6.5.Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
6.6.Шүүх нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий шүүхийн ажилтантай байх бөгөөд шүүхийн ажилтны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
6.7.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.8.Шүүх соёмбо, өөрийн нэр бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэгтэй байна.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.9.Шүүх албан бичгийн болон шүүхийн шийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд албан хэрэг хөтлөх журамтай байна.
7 дугаар зүйл.Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах
7.1.Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
7.2.Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг гагцхүү хуулиар зохицуулна.
7.3.Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.
7.4.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж шүүх үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаарх саналаа Улсын дээд шүүхэд гаргана.
7.5.Улсын дээд шүүх энэ хуулийн 7.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.
8 дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх
8.1.Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна.
8.2.Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна.
8.3.Шүүх хуралдааныг нээлттэй явуулах нөхцөл, шаардлагыг хангасан шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, стандартыг Шүүхийн ерөнхий зөвлөл баталж, мөрдүүлнэ.
8.4.Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шудрага ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулах бөгөөд иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.5.Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивт хадгална.
8.6.Шүүх бүр өөрийн цахим хуудастай байж, шийдвэр, үйл ажиллагаагаа нийтэд тогтмол мэдээлж байна.
8.7.Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төр, хувь хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байна.
9 дүгээр зүйл.Мэтгэлцэх зарчим
9.1.Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна.
9.2.Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно.
9.3.Шүүх хуралдааны үеэр мэтгэлцэх журмыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ
10 дугаар зүйл. Шүүхийн тогтолцоо
10.1.Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.
10.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна.
11 дүгээр зүйл.Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах
11.1.Монгол Улсад шүүхийг Үндсэн хууль болон энэ хуульд заасан журмын дагуу зөвхөн хуулиар байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.
11.2.Улсын дээд шүүхийг Үндсэн хуульд заасан журмын дагуу байгуулна.
11.3.Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/ Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
12 дугаар зүйл.Шүүхийн бүрэлдэхүүн
12.1.Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.
12.2.Шүүхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлнэ.
12.3.Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
12.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн тус тус өргөн мэдүүлснээр Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилж, тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно.
/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.5.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний тусгайлсан бүрэн эрхийг энэ хуулиар, шүүгчийн нийтлэг бүрэн эрхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой бүрэн эрхийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар тус тус зохицуулна.
12.6.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн, бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа шүүгч тус тус орлоно.
12.7.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч адил шатны өөр шүүхэд томилолтоор ажиллаж болно. Томилолтоор ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.
/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
13 дугаар зүйл.Ерөнхий шүүгчийн бүрэн эрх
13.1.Ерөнхий шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
13.1.2.энэ хуулийн 25.1-д заасан шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
13.1.3.шүүх хуралдааныг даргалах, хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
13.1.4.иргэдийг хүлээн авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах;
13.1.5.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах.
13.2.Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.
14 дүгээр зүйл. Улсын дээд шүүхийн танхимын тэргүүний бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.1.Танхимын тэргүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1.танхимыг тэргүүлж, танхимын шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг удирдан зохицуулах;
14.1.2.танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын төрлөөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
14.1.3.хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даргалах;
14.1.4. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.1.5.хэргийн харьяалал тогтоох
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
14.2.Танхимын тэргүүн эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ
15 дугаар зүйл.Улсын дээд шүүх
15.1.Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн.
15.2.Улсын дээд шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх иргэн, эрүү, захиргааны хэргийн дагнасан танхимтай байна.
16 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүн
16.1.Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөөс доошгүй шүүгчээс бүрдэнэ.
16.2.Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 15.2-т заасан танхимын аль нэгд харьяалагдах бөгөөд түүнийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцуулахыг хориглоно.
17 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн бүрэн эрх
17.1.Улсын дээд шүүх нь давж заалдах шатны шүүхийн иргэн, эрүү, захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурор, эсхүл түүний эрх олгосон прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.2.Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.
/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийн зарим хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
17.3.Улсын дээд шүүх энэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.3.1.Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;
/Энэ хэсгийн ...Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах... гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
17.3.2.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлагчид уламжлах;
17.3.3. энэ хуулийн 15.2-т заасан танхимыг байгуулах;
/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.4.хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;
17.3.5.энэ хуулийн 7.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах;
17.3.6.энэ хуулийн 7.4, 17.3.4-т заасан болон бусад хуульд заасан асуудлыг хуралдаанаар шийдвэрлэх;
/Энэ заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.3.7.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх, эгүүлэн татах тухай санал гаргах;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.3.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
171дүгээр зүйл.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан
171.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4, 17.3.5, 17.3.7-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.
171.2.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, түүний түр эзгүйд албан үүргийг нь орлон гүйцэтгэж байгаа Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн даргална.
171.3.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
171.4.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
171.5.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны дэгийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
18 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх
18.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1.танхимын тэргүүний ажлыг удирдан зохицуулах;
18.1.2.хэргийн харьяаллын талаар шүүх болон танхим хооронд гарсан маргааныг шийдвэрлэх;
18.1.3.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т заасан бүрэн эрх;
/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
19 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүх
19.1.Давж заалдах шатны шүүхийн тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна:
19.1.1.аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.2.аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.3.аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.4.нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.5.нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.6.захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх.
19.2.Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэний хэргийн танхимтай байна.
19.3.Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 19.2-т заасан танхимын аль нэгэнд харьяалагдах бөгөөд өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглоно."
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20 дугаар зүйл.Давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх
20.1.Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1.анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;
20.1.2.хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
20.1.3.давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны шүүхийн практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;
20.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
21 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх
21.1.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т заасан бүрэн эрх;
/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.2. энэ хуулийн 20.1.1-д заасны дагуу хэрэг, маргааныг давж заалдах журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах;
/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.3. шүүн таслах ажлын чиглэлээр тодорхой хэргийн харьяаллын талаар анхан шатны шүүхийн хооронд гарсан маргааныг хянаж зохих харьяаллыг тогтоох;
21.1.4.тухайн шүүхийн шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцох;
/Энэ заалтыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
21.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
АНХАН ШАТНЫ ШҮҮХ
22 дугаар зүйл.Анхан шатны шүүх
22.1.Анхан шатны шүүхийн тогтолцоо нь дараах бүтэцтэй байна:
22.1.1.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх;
22.1.2.дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
22.1.3.захиргааны хэргийн анхан шатны шүүх;
22.1.4.сум буюу сум дундын шүүх;
22.1.5.сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.1.6.сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.2.Сум буюу сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно.
22.3.Анхан шатны шүүх тодорхой хэрэг, маргааны төрлөөр насанд хүрээгүй хүмүүсийн хэргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн маргааны зэрэг танхимтай байж болно.
22.4.Энэ хуулийн 22.3-т заасан танхимыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Улсын дээд шүүх тухайн шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн байгуулна.
22.5.Анхан шатны шүүх "анхан шатны... дугаар/дүгээр шүүх" гэсэн улсын хэмжээний нэгдсэн дэс дугаартай байх бөгөөд энэ нь түүний албан ёсны нэр, хаяг болно.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
22.6.Анхан шатны шүүх нь шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болох бөгөөд ийнхүү ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.
23 дугаар зүйл.Анхан шатны шүүхийн бүрэн эрх
23.1.Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1.хуулиар харьяалуулсан эрүүгийн болон захиргааны хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
23.1.2.анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;
23.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
24 дүгээр зүйл.Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх
24.1.Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т заасан бүрэн эрх;
/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.1.2.энэ хуулийн 20.1.2-т заасны дагуу хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах;
24.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
25 дугаар зүйл.Шүүгчдийн зөвлөгөөн
25.1.Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн шүүгчдийн зөвлөгөөн ажиллана.
25.2.Шүүгчдийн зөвлөгөөн нь тогтмол хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
25.2.1.тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг шүүхийн тамгын газартай хамтран тогтоох;
25.2.2.шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох;
25.2.3.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох;
25.2.4.шүүгчийн мэргэжлийг дээшлүүлэх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлах;
25.2.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх;
25.2.6.тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх;
25.2.7.Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх;
25.2.8.хэрэг хуваарилах журмыг батлах;
/Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
25.2.9. хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.3.Шүүгчдийн зөвлөгөөнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч товлон зарлаж, удирдан явуулах бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн олонхын саналаар шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж болно.
25.4.Шүүгчдийн зөвлөгөөн хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.
25.5.Шүүгчдийн зөвлөгөөн энэ хуулийн 25.2-т заасан асуудлыг тухайн зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд уг тогтоолын биелэлтийг Ерөнхий шүүгч зохион байгуулна.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАТАЛГАА
26 дугаар зүйл.Шүүхийн бие даасан байдлыг хангах баталгаа
26.1.Шүүхийн бие даасан байдлыг хангах улс төр, хууль зүй, эдийн засгийн болон бусад баталгаа, нөхцөлийг төрөөс хангана.
27 дугаар зүйл.Шүүхийн улс төр, хууль зүйн баталгаа
27.1.Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно.
27.2.Шүүгч, шүүх бүрэлдэхүүний хэрэг, маргаан шийдвэрлэхдээ гаргасан алдааны улмаас бусдад учирсан хохирлыг төр хариуцаж, улсын төсвөөс нөхөн төлнө.
27.3.Шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэсэн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, зөрчигдсөн эрх, нэр төрийг нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу сэргээнэ.
27.4.Шүүгч болон шүүхээс шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй шүүхийн ажилтан нь улс төрийн нам, хөдөлгөөний гишүүн байхыг хориглоно.
28 дугаар зүйл.Шүүхийн эдийн засгийн баталгаа
28.1.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй байна.
28.2.Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн төсөв нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
28.3.Шүүхийн төсөв Улсын дээд шүүхийн, аймаг, нийслэлийн шүүхийн, дагнасан шүүхийн болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөс тус тус бүрдэнэ.
28.4.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ.
28.5.Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцно/
28.6.Шүүх нь гадаад, дотоодын хувь хүн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр хандив, санхүүгийн туслалцаа авахыг хориглох бөгөөд үүнд Монгол Улсын олон улсын гэрээгээр нийлүүлэх эд хөрөнгө, зээл, тусламж, олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийн төсөл, хөтөлбөр хамаарахгүй.
29 дүгээр зүйл.Шүүхийн зохион байгуулалтын баталгаа
29.1.Шүүх өөрийн байртай байна.
29.2.Нүүдэллэн ажиллаж байгаагаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг зөвхөн шүүх хуралдааны танхимд хийнэ.
29.3.Шүүх, шүүгч нь үйл ажиллагаагаа хараат бусаар явуулахад шаардагдах байнгын болон нүүдэллэн ажиллах байр, иргэдийг хүлээн авах болон шүүх хуралдааны танхим, тээвэр, холбоо, мэдээллийн болон тусгай зориулалтын техник хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмж, хамгаалалтаар хангагдсан байх бөгөөд тэдгээрийн стандарт, нөхцөлийг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно.
29.4.Шүүхийн байранд шүүн таслах ажиллагаанаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
30 дугаар зүйл.Шүүхийн аюулгүй байдлын баталгаа
30.1.Шүүхийн байр төрийн хамгаалалтад байна.
30.2.Шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг цагдаагийн алба гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.3.Энэ хуулийн 30.2-т заасан үүргийг гүйцэтгэх журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
31 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр
31.1.Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.
31.2.Шүүхийн шийдвэрийг бичих аргачлал, журмыг Улсын дээд шүүх тогтооно.
31.3.Шүүх захиргааны зөрчил, хэрэг, маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
31.3.1.анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр;
31.3.2.давж заалдах шатны шүүх магадлал;
31.3.3.хяналтын шатны шүүх тогтоол.
31.4.Энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
31.5.Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.
31.6. Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт, бусад шүүх шийдвэрээ өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ.
/Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолоор энэ хэсгийн "энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт" гэсэн заалтыг хүчингүй болгосон/
32 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
32.1.Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
32.2.Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
32.3.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
33 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
33.1.Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A