- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн захиргааны чиг үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хууль тогтоомж
2.1.Шүүхийн захиргааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай,Шүүгчийн эрх зүйн байдлын туха, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Шүүхийн захиргаа
3.1.Шүүхийн захиргаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв болон бусад туслах нэгжээс бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.2.Шүүхийн захиргаа нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна.
4 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.бие даасан, хараат бус байх;
4.1.2.шүүн таслах ажиллагаанд оролцох, нөлөөлөхийг хориглох;
4.1.3.мэргэшсэн, тогтвортой байх;
4.1.4.шүүхийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ, БҮРЭН ЭРХ
5 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн чиг үүрэг
/Энэ хэсгийн гарчигт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.Ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 3.2-т зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.1.шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах;
5.1.2.шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах;
5.1.3.шүүгчийг хуульчдаас шилж олох;
5.1.4.шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
5.1.5.шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх.
5.2.Ерөнхий зөвлөл нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд ажлаа тайлагнана.
/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх
6.1.Ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.2.шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол эдийн засаг, нийгмийн хамгааллын болон материал, техник хангамж зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;
6.1.3.шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, эрх зүйн бусад актын төсөл боловсруулах, санал өгөх, хууль санаачлагчид уламжлах;
6.1.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоох, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг боловсруулан Засгийн газартай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/-д уламжлах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.5.шүүхийн зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад уламжлах;
6.1.6.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу холбогдох ажиллагааг явуулах;
6.1.7.шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журам баталж мөрдүүлэх;
6.1.8.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулах;
6.1.9.шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, олон нийтэд нээлттэй байлгах, аюулгүй байдлыг хангах стандартад нийцсэн шүүхийн байр, хуралдааны танхим болон бусад барилга байгууламж барих, засвар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төлөвлөх, зураг төсвийг захиалан боловсруулж, гүйцэтгэлийг хангах.
7 дугаар зүйл.Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх
7.1.Ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх;
7.1.2.шүүхийг хэвийн, тасралтгүй ажиллах зохион байгуулалтын нөхцөлөөр хангах;
7.1.3.бүх шатны шүүхийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
7.1.4.Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Мэргэшлийн болон Шүүхийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга, Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагын дарга, шүүхийн тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.5.шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг энэ хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хамгаалах;
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.1.6.шүүхийн тамгын газрын даргын ажил үүргийн хуваарийг тодорхойлох, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлэх;
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.7.шүүх хуралдааны дуу авиа, дүрс бичлэг хийх, тэдгээрийг архивлах журмыг хуульд заасны дагуу батлах;
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
7.1.8.шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, лавлагаагаар хангах, аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн төлөөлөгчийн хориглосон үйлдэлд хяналт тавих, үйлдэл гарсан тохиолдолд холбогдох байгууллагад хандах;
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.9.энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан Шүүхийн Ёс зүйн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах;
7.1.10.шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах;
7.1.11.иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
7.1.12.чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Хуульчдын холбоо болон бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах;
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.13.шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;
7.1.14.шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг зохион байгуулж, хянан шалгаж удирдах;
7.1.15.шүүхийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх;
7.1.16.шүүхийн тээвэр, холбоо, мэдээлэл шинжилгээ, программ хангамж, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг зохион байгуулах;
7.1.17.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;
7.1.18.техник хэрэгсэл, түүнийг ашиглах мэргэжилтнээр хангаж, засвар үйлчилгээг зохион байгуулах;
7.1.19.шүүхийн нэгдсэн сүлжээнд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагыг холбож, түүнийг ашиглах техникийн нөхцөлөөр хангах;
7.1.20.шүүхийг Монгол Улсын хуулийн албан ёсны эхээр тогтмол хангах болон хууль тогтоомжийн актын бүртгэл, лавламжийн ажлыг зохион байгуулах;
7.1.21.хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргийг дараах байдлаар хэрэгжүүлэх:
7.1.21.а.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шүүх хуралдаанд бэлтгэх стандарт, аргачлалыг баталж, удирдамжаар хангах;
7.1.21.б./Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.21.в.хэргийн хөдөлгөөнийг судалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэл болон дараах үе шат тус бүрд зарцуулагдах хугацааны нэгдсэн стандартыг баталж мөрдүүлэх;
7.1.21.г.шүүхийн тогтоол, шийдвэр, шүүгчийн захирамж, шийтгэврийг нийтлэх, архивлахтай холбогдсон нэгдсэн стандарт, үлгэрчилсэн загварыг хуульд заасан журмын дагуу баталж мөрдүүлэх;
/Энэ дэд заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.1.21.д.хэргийн хөдөлгөөний хяналтын болон мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх;
7.1.21.е.шүүх хуралдаан үргэлжлэх дундаж цагийн тооцоо гаргасны үндсэн дээр шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд нийцүүлэн хэргийн оролцогчид хүрэлцэн ирэх боломжтойгоор оновчтой тогтоох аргачлал, журмыг баталж мөрдүүлэх;
7.1.21.ж.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрийг мэдээллийн санд бүртгэх, мониторинг хийх;
7.1.21.з.хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах.
8 дугаар зүйл.Хуульчдаас шүүгчийг шилж олох талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх
8.1.Ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулах;
8.1.2.шүүгчийг томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
8.1.3.энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан Мэргэшлийн хорооны үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх;
8.1.4.шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах.
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9 дүгээр зүйл.Шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
9.1.Ерөнхий зөвлөл шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах;
9.1.2.шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх.
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10 дугаар зүйл.Шүүхийн хүний нөөц
10.1.Ерөнхий зөвлөл нь шүүхийн хүний нөөцийн талаар дараах удирдлагыг хэрэгжүүлнэ:
10.1.1.хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, хангалтыг зохион байгуулах;
10.1.2.шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн шүүхийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах;
10.1.3.шүүгчийн туслах болон шүүхийн захиргааны ажилтны орон тоог тогтоох;
10.1.4.шүүгч болон шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалтыг Хуульчдын холбоо, Төрийн албаны зөвлөл болон сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах;
/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.1.5.шүүхийн захиргааны байгууллагын ажлын үр дүн, ажилтны ажил хэргийн ур чадвар, мэргэшлийн түвшинг тодорхойлох шалгуур үзүүлэлт, журмыг тогтоож хэрэгжүүлэх;
10.1.6.хууль тогтоомжийн дагуу шүүхийн захиргааны ажилтанд зэрэг дэв олгох, түүнийг төрийн шагнал, хүндэт цолд тодорхойлох.
11 дүгээр зүйл.Шүүхийн судалгаа, мэдээлэл
11.1.Ерөнхий зөвлөл шүүхийг дараах мэдээллээр хангана:
11.1.1.шүүхийн болон гэмт хэргийн статистик мэдээлэл гаргах;
11.1.2.шүүхийн статистикийн нэгдсэн тайлан, мэдээг гаргах, судлах, боловсруулалт хийх;
11.1.3.шүүхийн шүүн таслах болон захиргааны ажлын практикийг судлах;
11.1.4.шүүхийн цахим болон бусад хэлбэрийн мэдээллийн сан бүрдүүлэх;
11.1.5.эрх зүйн онол, практикийн судалгаа, гарын авлага зэрэг албан хэрэгцээний сан бүрдүүлж, тогтмол шинэчлэх, ашиглалтыг зохион байгуулах.
12 дугаар зүйл.Олон нийтийг мэдээллээр хангах
12.1.Ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газар дараах байдлаар олон нийтийг мэдээллээр хангана:
12.1.1.шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг захиргааны удирдлагаар хангах, шүүгчдийг шилж олох, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийн хэрэгжилтийн талаар цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол мэдээлэх;
12.1.2.шүүхийн шийдвэр, тогтоолыг эмхтгэн хэвлэх болон цахим хуудсанд тогтмол байрлуулах;
12.1.3.шүүхийн цахим хуудсыг тогтмол шинэчлэх;
12.1.4.шүүхийн үйл ажиллагаа, хянан шийдвэрлэсэн хэрэг, маргааны талаар олон нийтэд мэдээлэх;
12.1.5.мэдээлэл, лавлагааны үйлчилгээг зохион байгуулах;
12.1.6.шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг бичгээр болон цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, БҮТЭЦ
13 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа
13.1.Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.2.Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.3.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нь орон тооны байх бөгөөд бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.
/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.4.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг нэг удаа улируулан томилж болно.
/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.5.Ерөнхий зөвлөлийн гишүүн нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин хөлс авч, зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдэлж, хуульд заасан баталгаагаар хангагдана.
/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.6.Ерөнхий зөвлөлийн гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд түүний цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлж болно.
/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.7.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн бол дараагийн гишүүнийг эрх бүхий этгээд сул орон тоо гарснаас хойш 30 хоногийн дотор нөхөн томилно.
/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14 дүгээр зүйл.Ерөнхий зөвлөлийн ажлын алба
14.1.Ерөнхий зөвлөл өөрийн гишүүдэд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангана.
14.2.Ерөнхий зөвлөл батлагдсан төсвийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтаа өөрөө тогтоох бөгөөд ажлын албаны үйл ажиллагааг дүрмээр зохицуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.3.Ажлын албаны гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь Ерөнхий зөвлөлийн ерөнхий менежер байх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.3.1.ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах;
14.3.2.ажлын албаны ажилтныг томилох, чөлөөлөх;
14.3.3.ажлын албаны төсвийг захиран зарцуулах, тайлагнах;
14.3.4.ажлын албаны ажлын тайланг Ерөнхий зөвлөлд тайлагнах;
14.3.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
14.4.Ерөнхий зөвлөл тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
15 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн хуралдаан, түүнээс
гарах шийдвэр
15.1.Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан /цаашид "Хуралдаан" гэх/ байна.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.2.Ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг энэ хуулийн 15.1-д заасан хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол батална.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.3.Хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан захиргааны шүүхэд гомдол гаргаж болно.
15.4.Ерөнхий зөвлөл хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.
15.5.Ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Ерөнхий зөвлөлийн даргын санаачилгаар, эсхүл гишүүдийн гуравны нэгээс доошгүйн шаардсанаар зарлан хуралдуулна.
15.6.Хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэнээр хүчинтэйд тооцох бөгөөд хуралдааныг нээлттэй явуулж, гишүүдийн санал хураалт илээр явагдана.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.7.Ерөнхий зөвлөлийн дарга гарын үсэг зурж, тамга дарснаар энэ хуулийн 15.2-т заасан тогтоол хүчин төгөлдөр болно.
16 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнд тавигдах шаардлага
16.1.Ерөнхий зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:
16.1.1.Монгол Улсын иргэн байх;
16.1.2.хууль зүйн дээд боловсролтой;
16.1.3.мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
16.1.4.ял шийтгүүлж байгаагүй;
16.1.5.шударга зан чанар, өндөр ёс зүйтэй;
16.1.6.шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг аливаа нөлөөнд үл автан бодитой үнэлэх чадавхтай байх.
16.2.Ерөнхий зөвлөлийн дарга энэ хуулийн 16.1.1, 16.1.2, 16.1.4-16.1.6-д заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
16.2.1.мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;
16.2.2.удирдах ажлын дадлага, туршлагатай байх.
17 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх
17.1.Ерөнхий зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцах;
17.1.2.Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах;
17.1.3.Ерөнхий зөвлөлийн хуралдаанд таслах эрхтэй оролцох;
17.1.4.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангуулах;
17.1.5.Ерөнхий зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар шаардах;
17.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
17.2.Ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүний цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
18 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн даргын бүрэн эрх
18.1.Ерөнхий зөвлөлийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1.Ерөнхий зөвлөлийн ажлын албыг ерөнхий удирдлагаар хангах;
18.1.2.Ерөнхий зөвлөлийг төлөөлөх, бүрэн эрхэд хамаарах асуудлаараа Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай харилцах;
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.1.3.Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан, Засгийн газрын хуралдаанд Ерөнхий зөвлөлийн байр суурийг илэрхийлэх, асуудлыг шийдвэрлүүлэх;
18.1.4.Ерөнхий зөвлөлийн хуралдааныг товлох, даргалах, хуралдааны бэлтгэл, түүний шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;
18.1.5.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих; 18.1.6.Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын даргад нэр дэвшүүлэх;
18.1.7.Ерөнхий зөвлөлийн дарга нь Ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч байна;
18.1.8.Ерөнхий зөвлөлийн ажлын тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр танилцуулах;
18.1.9.Ерөнхий зөвлөлийн ажлын тайланг бүх шатны шүүхэд хүргүүлэх;
18.1.10.Ерөнхий зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх, огцруулах тухай саналыг тухайн нөхцөл бий болсноос хойш ажлын 10 өдрийн дотор томилсон байгууллагад мэдэгдэх;
18.1.11.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
18.2.Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна.
18.3.Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ.
18.4.Ерөнхий зөвлөлийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.
19 дүгээр зүйл.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг
үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах
/Энэ зүйлийн гарчигт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
19.1.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
19.1.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;
19.1.2.тэтгэврийн насанд хүрсэн болон эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
19.1.3.өөрөө хүсэлт гаргасан болон өөр ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон.
19.1.4.Ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгосон шүүгчдийн хамтарсан зөвлөгөөн болон Хуульчдын холбоо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эгүүлэн татах шийдвэр гаргасан.
/Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.2.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр огцруулна:
19.2.1.хуралдааныг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан;
19.2.2.ёс зүйн ноцтой алдаа гаргасан;
19.2.3.гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА
20 дугаар зүйл.Шүүхийн тамгын газар
20.1.Шүүх тамгын газартай байна.
20.2.Бүх шатны шүүхийн тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.
20.3.Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.
20.4.Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.
20.5.Шүүхийн тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
21 дүгээр зүйл.Шүүхийн тамгын газрын чиг үүрэг
21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
21.1.2.шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;
21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;
21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;
21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;
21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.
22 дугаар зүйл.Шүүхийн тамгын газрын даргын бүрэн эрх
22.1.Шүүхийн тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1.шүүхийн тамгын газрыг өдөр тутмын удирдлагаар хангах;
22.1.2.шүүхийн тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх;
22.1.3.шүүхийн тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах;
22.1.4.шүүхийн тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхдээ танилцуулах;
22.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
22.2.Шүүхийн тамгын газрын дарга үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана.
22.3.Шүүхийн тамгын газрын даргын бүрэн эрхийг Ерөнхий шүүгч болон шүүгч хэрэгжүүлэхийг хориглоно.
23 дугаар зүйл.Шүүхийн мэргэшлийн хороо
23.1.Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо" гэх/ улсын хэмжээнд нэг байна.
23.2.Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог есөн орон тооны бус гишүүний бүрэлдэхүүнтэйгээр таван жилийн хугацаагаар байгуулна.
23.3.Мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчаас бүрдэх бөгөөд Хуульчдын холбооноос санал болгосноор Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог байгуулна.
23.4.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглоно.
/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.5.Мэргэшлийн хорооны даргыг гишүүдийнх нь саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл томилно.
23.6.Мэргэшлийн хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.6.1.шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх талаар үнэлгээ өгөх;
/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
23.7.Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.
/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
23.8.Мэргэшлийн хорооны дүрмийг Ерөнхий зөвлөл санал болгосноор Ерөнхийлөгч батална.
23.9.Мэргэшлийн хорооны гишүүн нь хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, аливаа шударга бус үйлдэл, сонирхлын зөрчил, өөртөө давуу байдал бий болгох зэрэг ёс зүйн алдаа гаргахаас сэргийлнэ.
23.10.Ерөнхий зөвлөлөөс Мэргэшлийн хорооны ёс зүйн болон сонирхлын зөрчлийн дүрмийг баталж, мөрдүүлнэ.
23.11.Мэргэшлийн хорооны гишүүний үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
23.11.1.шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох;
23.11.2.шүүгчийн хараат бус байдалд аливаа хэлбэрээр нөлөөлөх;
23.11.3.нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтын материал болон үнэлгээ, шалгалтын материалыг урьдчилан ил болгох, тодорхой нэр дэвшигчийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх;
23.11.4.нэр дэвшигчийн үнэлгээг үндэслэлгүйгээр өөрчлөх.
23.12.Мэргэшлийн хорооны ажиллах нөхцөл, бололцоог Ерөнхий зөвлөл бүрдүүлнэ.
23.13.Мэргэшлийн хороо нь орон тооны ажлын албатай байна. Шүүгчид нэр дэвшигчийн эрх зүйн мэдлэг болон шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалгаж, дүгнэлт гаргахад шаардлагатай материал бүрдүүлэх, материалыг судлах, шалгалт авах ажлыг зохион байгуулах, нэр дэвшигчийг товлосон цагт бэлэн байлгах зэрэг Мэргэшлийн хороонд туслахад чиглэсэн зохион байгуулалтын ажлыг Мэргэшлийн хорооны ажлын алба хариуцна.
23.14.Мэргэшлийн хорооны ажлын алба нь Ерөнхий зөвлөлийн ажлын албанд харьяалагдана.
24 дүгээр зүйл.Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллага
24.1.Ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь Ерөнхий зөвлөлд дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэг бүхий шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагатай байна.
24.2.Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тоо, ажиллах журмыг Ерөнхий зөвлөл тогтоож, биелэлтийг зохион байгуулна.
24.3.Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагын даргыг Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө.
ТАВДУГААР БҮЛЭГ
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
25 дугаар зүйл.Шүүхийн захиргааны ажилтан
25.1.Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан нь шүүхийн захиргааны ажилтан байна.
25.2.Шүүхийн захиргааны ажилтан дараах шаардлагыг хангасан байна:
25.2.1.Монгол Улсын иргэн байх;
25.2.2.Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан болзол, шаардлагыг хангасан байх;
25.2.3.ял шийтгэлгүй байх;
25.2.4.энэ хуульд заасан ёс зүйн шаардлагыг хангасан байх;
25.2.5.тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, боловсрол, туршлагатай байх.
26 дугаар зүйл.Шүүгчийн туслах
26.1.Шүүгч туслахтай байх бөгөөд шүүгчийн туслах нь эрх зүйч мэргэжилтэй байна.
26.2.Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
26.2.1.шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх бичиг баримтын бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах;
26.2.2.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх;
26.2.3.шүүгчийн үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;
26.2.4.хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай хууль тогтоомжийн талаар болон бусад мэдээлэл бэлтгэх зэргээр шүүгчид туслах;
26.2.5.хавтаст хэргийг хөтлөх;
26.2.6.тодорхой хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах;
26.2.7.шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох;
26.2.8.шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах;
26.2.9.тэмдэгтийн хураамж төлөгдсөн эсэхийг хянах;
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2.10.хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг.
27 дугаар зүйл.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
27.1.Бүх шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллана.
27.2.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдааныг даргалагчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.2.1.шүүх хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;
27.2.2.шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх;
27.2.3.шүүх хуралдааныг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах;
27.2.4.шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогчид хуульд заасан хугацаанд танилцуулан, шүүгчээр баталгаажуулж, хэргийн материалд хавсаргах;
27.2.5.Ерөнхий зөвлөлөөс баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг.
28 дугаар зүйл.Шүүхийн захиргааны бусад ажилтан
28.1.Шүүхийн зохион байгуулалт, мэдээлэл зүйн болон аж ахуй, санхүү, архив, бичиг хэргийн ажил, аюулгүй байдал, хамгаалалт, техникийн үйлчилгээ зэргийг хариуцсан шүүхийн тамгын газрын ажилтны чиг үүргийг Ерөнхий зөвлөл тогтооно.
28.2.Шүүхийн захиргааны ажилтан нь энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна хэрэг, маргаан хянан шийдвэрлэх холбогдох хуульд заасан тусгай эрх, үүрэг болон төрийн захиргааны албан хаагчийн хувьд төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
29 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй
29.1.Шүүхийн захиргааны ажилтан нь төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг дүрэм, хэм хэмжээг мөрдөхөөс гадна ёс зүйн дараах ерөнхий шаардлагыг биелүүлж ажиллана:
29.1.1.шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны талаар тухайн хэргийн оролцогч, сонирхогч этгээдэд аливаа зөвлөгөө, мэдээлэл өгөхгүй, аливаа хэлбэрээр бусдад зуучлахгүй байх;
29.1.2.шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар хувийн таамаглал, урьдчилсан дүгнэлтээ бусдад илэрхийлэхгүй байх;
29.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаа тогтоохгүй байх;
29.1.4.ажлын бус цагаар шүүхийн нэр хүндэд харшлах аливаа зохисгүй байдлыг гаргахгүй байх;
29.1.5.шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагад ажиллаж
байгаадаа хүндэтгэлтэй хандаж, ажлын байр, олон нийтийн дунд биеэ зөв авч явах.
30 дугаар зүйл.Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн зөрчилд
гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх
30.1.Шүүхийн захиргааны ажилтан мэргэжил, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн этгээд тухайн шүүхийн тамгын газрын даргад гомдол гаргана.
30.2.Ёс зүйн шаардлагыг зөрчсөн шүүхийн захиргааны ажилтанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулна.
31 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны ажилтны сургалт
31.1.Шүүхийн захиргааны ажилтан Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан мэргэжлийн тогтмол сургалтад заавал хамрагдана.
32 дугаар зүйл.Шүүхийн Ёс зүйн хороо
32.1.Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий Шүүхийн Ёс зүйн хороо /цаашид "Ёс зүйн хороо" гэх/ нь улсын хэмжээнд нэг байна.
32.2.Ёс зүйн хороо нэр хүндтэй хуульч, эрдэмтэн, судлаач зэрэг есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
32.3.Ёс зүйн хорооны гишүүнд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурван хүний нэрийг дэвшүүлнэ. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглоно.
/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
32.4.Ёс зүйн хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч батална.
32.5.Ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан томилж болно.
32.6.Ёс зүйн хорооны даргыг хорооны гишүүдийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно.
32.7.Ёс зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хорооны хуралдаан байна.
32.8.Ёс зүйн хороо хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.
32.9.Ёс зүйн хороо нь ажлын албатай байх бөгөөд Ерөнхий зөвлөлийн ажлын албанд харьяалагдана.
33 дугаар зүйл.Ёс зүйн хорооны дарга, гишүүний эрх, үүрэг
33.1.Ёс зүйн хорооны дарга дараах эрх, үүрэгтэй:
33.1.1.Ёс зүйн хорооны ажлыг зохион байгуулах, хуралдааныг даргалах;
33.1.2.өөрийн түр эзгүйд хуралдаан даргалагчийг томилох;
33.1.3.дүрэмд заасан бусад эрх.
33.2.Ёс зүйн хорооны гишүүн дараах эрх, үүрэгтэй:
33.2.1.гомдол, хүсэлтийн дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах;
33.2.2.гомдол хүсэлтийг шалгаж дүгнэлт гаргах;
33.2.3.сахилгын хэргийг шалгаж шийдвэрлэх бэлтгэл хангах, ажлыг зохион байгуулах;
33.2.4.Ёс зүйн хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
34 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
34.1.Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A