Хэвлэх DOC Татаж авах
“НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 4 дүгээр                                                                                                                                                                                            Улаанбаатар
сарын 27-ны өдөр                                                                                               Дугаар 153                                                                                   хот


“НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ТАЛААР
АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийн үйл ажиллагааны журмыг хавсралт ёсоор баталсугай.

 

2. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг Архангай аймгийн Жаргалант сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Увс аймгийн Тэс сум, Ховд аймгийн Үенч сум, Хөвсгөл аймгийн Тариалан сум, нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд шинээр байгуулах болон 2 аймагт явуулын “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийн 40 хүртэлх хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байхыг холбогдох аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

3. “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийн үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын агентлаг, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт тус тус үүрэг болгосугай.

 

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ““Нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны   1 дүгээр сарын 3-ны өдрийн 3 дугаар тогтоол, “Нэг цэгийн үйлчилгээг байгуулах дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

       
Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 


Монгол  Улсын  сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх  газрын  дарга                                                          Ч.САЙХАНБИЛЭГ