A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

/Энэ хуулийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ХИЛИЙН БООМТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хилийн боомтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын хилийн тухай, Гаалийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хуулиар хилийн боомт /цаашид "боомт" гэх/-ыг нээх, хаах, шинээр байгуулах, түүний удирдлага, хяналт шалгалтын болон аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, боомтын дэд бүтцийг хөгжүүлэх, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагын үйл ажиллагааг уялдуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Боомтын хяналт шалгалтын бүсэд аюулгүй байдлыг хангаж, дэг журам сахиулахтай холбогдсон харилцааг энэ хууль болон Монгол Улсын хилийн тухай хууль тогтоомжоор зохицуулна.

3.3.Боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг энэ хууль, Гаалийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай[5] хуулиар зохицуулна.

3.4.Боомтоор мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үед мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Ариун цэврийн тухай, Эрүүл мэндийн тухай, Ургамал хамгааллын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

3.5.Боомтоор нэвтрэх зорчигчид Монгол Улсын виз олгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."боомт" гэж зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх зориулалттай, тусгай журмаар зохицуулагддаг нутаг дэвсгэрийг;

4.1.2."боомтын бүс" гэж төрөөс боомтын хэрэгцээнд эзэмшүүлэхээр олгосон тусгай хэрэгцээний газрыг;

4.1.3."олон улсын боомт" гэж Монгол Улсын олон улсын гэрээний дагуу иргэний харьяаллыг үл харгалзан зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг;

4.1.4."хоёр талын боомт" гэж хөрш оронтой боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Монгол Улсын болон хөрш орны иргэн, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг;

4.1.5."байнгын ажиллагаатай боомт" гэж Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар тогтоосон цагийн хуваарийн дагуу байнга ажиллах боомтыг;

4.1.6."түр ажиллагаатай боомт" гэж боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар түр хугацаанд ажиллах боомтыг;

4.1.7."хяналт шалгалтын бүс" гэж боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллага хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар тусгайлан тоноглосон газрыг;

4.1.8."зорчигч" гэж улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиг бүхий, боомтоор нэвтэрч байгаа Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг;

4.1.9."боомтын хяналтын байгууллага" гэж боомтод зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бүртгэх, хяналт шалгалт явуулах, улсын хилээр нэвтрүүлэх эрх бүхий хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын гааль, хорио цээрийн хяналтын байгууллагыг;

4.1.10."боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага" гэж боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг хэрэгжүүлэх хил хамгаалах, тагнуулын байгууллагыг;

4.1.11."цахим нэг цонхны үйлчилгээ" гэж боомтын хяналтын байгууллага болон холбогдох бусад байгууллага цахим мэдээллийн нэгдсэн сүлжээ ашиглан иргэдэд давхардалгүй, хялбаршуулсан үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээг;

4.1.12."боомтын дэд бүтэц" гэж боомтоор зорчигч, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх авто зам, төмөр зам, агаарын тээврийн дэд бүтэц, боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, боомтод тавих аюулгүй байдлын шаардлагыг хангасан инженерийн дэд бүтцийг;

4.1.13."худалдааг хөнгөвчлөх" гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;

4.1.14."зураасан код" гэж аливаа бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг.

5 дугаар зүйл.Төрөөс боомтын талаар баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Төрөөс боомтын талаар дараах зарчмыг баримтална:

5.1.1.үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашгийг дээдлэх;

5.1.2.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хамгаалах;

5.1.3.хууль дээдлэх, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

5.1.4.эдийн засгийн үр ашиг, бүс нутгийн хөгжлийн хэтийн төлөвийг харгалзах;

5.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;

5.1.6.эрсдэлд суурилсан зохистой хяналтын тогтолцоог бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
БООМТЫН ГАЗАР, БҮС

6 дугаар зүйл.Боомтын газар

Хэвлэх

6.1.Боомтын бүсэд олгох тусгай хэрэгцээний газрын хэмжээ, хилийн заагийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

6.2.Боомтын хяналт шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг Засгийн газар тогтооно.

6.3.Энэ хуулийн 17.1-д заасан Боомтын үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд боомтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.4.Энэ хуулийн 6.3-т заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газрын хууль тогтоомжийн хэрэгжилтэд Боомтын үндэсний зөвлөл хяналт тавина.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.Боомтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон энэ хуульд нарийвчлан зааснаас бусад харилцааг Газрын тухай хууль[15] тогтоомжоор зохицуулна.

7 дугаар зүйл.Боомтын бүс

Хэвлэх

7.1.Боомтын бүс нь хяналт шалгалтын бүс болон боомтод ажиллаж байгаа төрийн байгууллагын албан хаагчийн амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх, боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, барилга байгууламж бүхий хэсгээс бүрдэнэ.

7.2.Боомтын бүсийг хүн, мал, амьтан, ургамлын халдварт өвчин хил дамжин тархах, бусад онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хот, суурин газраас тусгаарлах боломжтойгоор тогтооно.

7.3.Хилийн боомтын бүс нутагт чөлөөт бүс байгуулж болох бөгөөд түүнтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БООМТЫН ТӨРӨЛ, ГОРИМ, ЗЭРЭГЛЭЛ, БООМТ НЭЭХ, ХААХ, ШИНЭЭР БАЙГУУЛАХ, БООМТЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

8 дугаар зүйл.Боомтын төрөл, горим, зэрэглэл

Хэвлэх

8.1.Боомт нь агаарын замын, төмөр замын, авто замын гэсэн төрөлтэй, байнгын, түр гэсэн горимтой, олон улсын, хоёр талын гэсэн зэрэглэлтэй байна.

8.2.Боомтын төрөл, зэрэглэлийг Засгийн газар тогтооно.

9 дүгээр зүйл.Боомт нээх, хаах, шинээр байгуулах, боомтын ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах

Хэвлэх

9.1.Боомт нээх, хаах, шинээр байгуулах, боомтын ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг энэ хуулийн 5.1-д заасан зарчмыг баримтлан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

9.2.Боомт нээх, хаах, шинээр байгуулах, боомтын ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг холбогдох улстай дипломат шугамаар урьдчилан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

9.3.Боомт нээх, хаах, шинээр байгуулах, боомтын ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох байгууллагын төлөөлөл бүхий шинжээчийн баг ажиллуулж, үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, үр ашгийн талаар дүн шинжилгээ хийлгэнэ.

10 дугаар зүйл.Боомтын ажиллах цагийн хуваарь

Хэвлэх

10.1.Боомтын ажиллах цагийн хуваарийг хөрш оронтой байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн Боомтын үндэсний зөвлөлийн дарга тогтооно.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БООМТЫН ДЭД БҮТЭЦ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

11 дүгээр зүйл.Боомтын дэд бүтэц, барилга байгууламж

Хэвлэх

11.1.Боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг Засгийн газраас баталсан боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулна.

11.2.Боомтын хяналт шалгалтын бүсэд хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай бараа бүтээгдэхүүнийг түр хадгалах тусгай зориулалтын агуулахтай байна.

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан тусгай зориулалтын агуулахын байршил, агуулахад хадгалах бараа бүтээгдэхүүний жагсаалт, хадгалалт, хамгаалалтын журмыг холбогдох хяналтын байгууллагын саналыг харгалзан Боомтын үндэсний зөвлөл батална.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.4.Боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Авто замын тухай, Төмөр замын тээврийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

11.5.Боомтын хяналт шалгалтын бүс дэх дэд бүтэц, барилга байгууламж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь төрийн өмч байна.

11.6.Боомтын хяналт шалгалтын бүс дэх дэд бүтэц, барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр, түүнчлэн концессын гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгээр байгуулж, хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болно.

11.7.Боомтын хяналт шалгалтын бүсээс бусад хэсгийн дэд бүтэц, барилга байгууламж нь хувийн хэвшлийн болон төр, хувийн хэвшлийн холимог хэлбэртэй байж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ
БООМТОД ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

12 дугаар зүйл.Боомтод эрхлэх үйл ажиллагаа

Хэвлэх

12.1.Боомтын хяналт шалгалтын бүсэд боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна.

12.2.Боомтын бүсэд энэ хуулийн 12.1-д зааснаас бусад хуулийн этгээд, иргэн хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч, тогтоосон цэгт үйл ажиллагаа явуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох журмыг Боомтын үндэсний зөвлөл батална.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Боомтод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хамгаална.

12.5.Хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 12.4-т заасан этгээдээс албан татвар, төлбөр, хураамж авахыг хориглоно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БООМТООР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ

13 дугаар зүйл.Боомтоор нэвтрүүлэх журам

Хэвлэх

13.1.Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь зорчигчийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр баримт бичгийг үндэслэн боомтоор нэвтрүүлж, хил нэвтрэх эрхийн баримт бичигт тэмдэглэл хийж, шаардлагатай бол зөрчилтэй баримт бичгийг хураан авч эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь боомтоор нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, нэгдсэн сан байгуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.3.Эрх бүхий байгууллагаас зорчигчийг улсын хилээр үл нэвтрүүлэх, саатуулах талаар гадаадын иргэн, харьяатын байгууллагад зохих журмын дагуу мэдэгдсэн тохиолдолд түүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.4.Зорчигч, тээврийн хэрэгсэл боомтод тогтоосон замаар нэвтрэх бөгөөд гадаадын иргэн, харьяатын болон гаалийн улсын байцаагчид шалгуулах үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.5.Боомтын хяналтын байгууллагын хяналт шалгалтыг тухайн тээврийн хэрэгслийн хуваарьт хугацаанд багтаан дуусгах бөгөөд шаардлагатай тохиолдолд боомтын хяналтын байгууллага уг хуваарьт хугацааг холбогдох тээврийн байгууллагатай тохиролцон сунгаж болно.

14 дүгээр зүйл.Боомтоор нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт

Хэвлэх

14.1.Зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боомтоор нэвтрүүлэх үед боомтын хяналтын байгууллага хяналт шалгалт хийнэ.

14.2.Доор дурдсан боомтын хяналтын байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.2.1.гадаадын иргэн, харьяатын байгууллага нь улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт явуулах, баримт бичгийг шалгаж, түүнд тэмдэглэл хийх, гадаадын иргэний виз, бүртгэлийг шалгах;

14.2.2.гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт явуулж, гаалийн бүрдүүлэлт хийх;