Хэвлэх DOC Татаж авах
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 01 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар  18

   

Төрөөс эрдэс баялгийн салбарт

баримтлах бодлого батлах тухай

            Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн  Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн    газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн  төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулан хэрэгжүүлэх;

2/“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д тусгасан зорилт, чиглэлийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх  үндсэн чиглэл, улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, дунд, урт хугацааны төлөвлөлтөд тусгуулан хэрэгжүүлэх.

3.“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                              З.ЭНХБОЛД


Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ

БАРИМТЛАХ БОДЛОГО

/2014-2025 он/

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого нь хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгож, үндэсний язгуур эрх ашгийг хангахад чиглэнэ.

         1.2.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын зорилго нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд оршино.

         1.3.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг бусад салбарын бодлоготой харилцан уялдуулан хөгжүүлнэ.

           

1.4.Энэхүү бодлогын баримт бичиг нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим, хөгжлийн чиглэлийг тодорхойлж, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэх бөгөөд тэдгээр нь эрдэс баялгийн салбарын хууль тогтоомж, дунд, урт хугацааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, төсөлд тусгагдан хэрэгжинэ.

Хоёр.Эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим

2.1.Эрдэс баялгийн салбарын хөгжлийн хэтийн төлөв, Монгол Улсын   Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тулгуурлан эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор эрдэс баялгийн салбарт баримтлах үндсэн зарчмыг дараах байдлаар тодорхойлно:

 2.1.1.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор эрх зүй, татварын орчны талаар аливаа шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээнд суурилж, оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг хохироохгүй байх;

2.1.2.олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих;

2.1.3.эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд төрийн байгууллага, аж ахуйн нэгж нээлттэй, ил тод, хариуцлагатай байх;

2.1.4.эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагч нь хууль  дээдлэх, харилцан ашигтай ажиллах, компанийн сайн засаглалыг дэмжих;

2.1.5.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төрөөс хөрөнгө оруулагчдад ижил тэнцүү нөхцөл олгож, өмчийн хэлбэрээр ялгаварлахгүй байх;

2.1.6.улсын болон хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа бүх шатны геологийн судалгаа, олборлолт, боловсруулалтын ажлын талаарх хуулиар хориглоогүй мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй байлгах;

2.1.7.эрдэс баялгийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, стандартыг олон улсын түвшинд хүргэж, хэрэгжилтийг хангах;

2.1.8.төрийн зохицуулалтыг бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд төгөлдөржүүлж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд оролцохыг зохистой түвшинд байлгах.

Гурав.Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын чиглэл

3.1.Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд:                                                                                                                                                                                                                                                   

3.1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын хайгуул, ашиглалтын эрх зүйн орчныг тусгайлан бүрдүүлэх;

3.1.2.бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийг хууль     ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг төрөөс бодлогоор дэмжиж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

3.1.3.ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлэх    /аж ахуйн нэгжийг болон компанийн хяналтын хувьцааг худалдан авах/-тэй холбоотой бүртгэл, хяналтыг боловсронгуй болгох;

3.1.4.алтны олборлолт, худалдаанд тавих хяналтыг чангатгах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох;

3.1.5.дэлхийн эдийн засаг, бүс нутгийн зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлагад судалгаа, шинжилгээ тогтмол хийж, дотоодын эрдэс баялгийн бүтээгдэхүүний олборлолт, ашиглалт, нөөц бүрдүүлэх чиглэлээр урт,   дунд, богино хугацааны хөтөлбөр боловсруулж, мөрдөн ажиллах;

3.1.6.Монгол Улсын геологийн тогтоцын ялгагдах онцлог байдал,    дахин давтагдашгүй онцгой тогтоц, давхарга зүйн тулгуур зүсэлт, эрдэс чулуулгийн ховор олдвор, дээжийг улсын хамгаалалтад авч хадгалах эрх зүйн орчныг бүрдүүлж, үндэсний геопарк байгуулах;

3.1.7.ил тод байдлын болон хариуцлагатай уул уурхай, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэрэг олон улсын санаачилгыг дэмжин хөгжүүлэх;

3.1.8.эрдэс баялгийн салбарын судалгааны ажлыг мэргэшсэн инженерийн баг бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3.1.9.эрдэс баялгийн болон ашигт малтмалын ордын нөөцийг үнэлэх олон улсын стандартад шилжих;

3.1.10.улсын болон бүс нутгийн хөгжилд нөлөө бүхий ашигт малтмалын ордыг нэгдмэл байдлаар ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3.1.11.эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн эрх, үүргийг нь мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэх;

3.1.12.маргаан шийдвэрлэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэргэшсэн хуульч, эдийн засагч, шинжээч, арбитрчийг бэлтгэх.

3.2.Геологийн салбарын хүрээнд:

3.2.1.Улсын эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

3.2.1.1.уул уурхайн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор геологи хайгуулын салбарыг түрүүлэн хөгжүүлэх бодлого баримтлах;

3.2.1.2.Монгол Улсын ой, усны нөөцийн байршил, хөдөө аж   ахуйн үйлдвэрлэлийн төвлөрөл, тархалт, ашигт малтмалын орд, уурхайн байршлыг харгалзан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг боловсронгуй болгож, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс зөвшөөрсөн газар нутагт гүйцэтгэх, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах;

3.2.1.3.эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав  газар, улсын хил орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж геологийн зураглал, эрэл, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх;

3.2.1.4.орчин үеийн шинэ техник, технологийн түүхий эд, материалын геологийн судалгааг төрөөс дэмжих.

3.2.2.Геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд:

3.2.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоохоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэдэг геологийн шинжлэх ухааны ажил, сэдэвчилсэн судалгаа, зураглал, эрлийн ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг татан оруулах, энэ төрлийн ажлыг хувийн хөрөнгөөр  гүйцэтгэхийг бодлогоор дэмжих;

3.2.2.2.геологийн зураглал, ерөнхий эрэл, агаарын геофизикийн ажлын хэмжээ болон улсын төсвийн санхүүжилтийг жил бүр тогтвортой өсгөж  Монгол орны геологийн судалгааны хамрах хүрээг өргөтгөх, чанарыг сайжруулах;

3.2.2.3.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд геофизик, геохими, уул-өрөмдлөгийн ажлыг цогцоор нь гүйцэтгэж чанарыг сайжруулах, хүдрийн дүүрэг, илрэл бүхий талбайд зарим онцгой тохиолдолд нарийвчилсан судалгааг гүйцэтгэх;

3.2.2.4.улсын хэмжээний геоэкологийн нэгдсэн судалгааг эрчимжүүлж, тодорхой хот, аймаг болон сумдын хэмжээнд геоэкологийн төрөлжсөн судалгааг гүйцэтгэх;

3.2.2.5.геологийн судалгааг мэргэшсэн инженер, техникийн ажилтнаас бүрдсэн багийн мэдлэг, туршлагад түшиглэж, нутаг дэвсгэрийн   геологийн тогтоцын онцлогт тохирсон оновчтой арга, аргачлал, дэвшилтэт техник, технологиор гүйцэтгүүлж, геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх;

3.2.2.6.Монгол Улсад гүйцэтгэж байгаа төрөл бүрийн геологийн судалгаа /байгалийн рашаан, гидрогеологийн судалгаа, байгалийн хий, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмал, инженер геологи гэх мэт/-ны мэдээлэл, нөөц, үр дүнгийн тайланг үндэсний геомэдээллийн нэгдсэн санд хамруулж улсын бүртгэлд авах;

3.2.2.7.гадаад орнуудтай геологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан, үр ашигтай судалгааны төсөлд хувийн хэвшлийн оролцоог дэмжих;

3.2.2.8.Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөнийг жил бүр хийж, бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;

3.2.2.9.геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын тайлан, үр дүнг олон улсын жишиг, стандартад нийцсэн аргачлал, нөөцийн ангиллын дагуу нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн нэгдсэн санг иж бүрнээр бүрдүүлэн баяжуулах;

3.2.2.10.үндэсний геомэдээллийн нэгдсэн санг цахим мэдээллийн технологийн системд шилжүүлж, геологи, хайгуулын ажлын тайлан, анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц хадгалах, архивлах шинэчилсэн заавар, стандартыг бий болгох;

3.2.2.11.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг олон улсын жишигт нийцүүлэн кадастрын нэгж талбарын зарчимд шилжүүлэх бодлого баримтлах.

3.3.Олборлох салбарын хүрээнд:

3.3.1.Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлагатай уялдуулсан орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, экспортын чиг хандлагатай, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах шаардлагыг хангасан, ил тод, хариуцлагатай уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлах;

3.3.2.Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолд заасан   стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төрийн хяналт,  зохицуулалт, хариуцлагыг дээшлүүлэх замаар үйл ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулж, төр, хувийн  хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох;

3.3.3.хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай   техник, технологийг ашиглаж ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг дэмжих;

3.3.4.олборлолт, боловсруулалтын хэмжээг улс орны эдийн засаг, аж үйлдвэржилтийн нөхцөл байдал, гадаад, дотоод зах зээлийн цаашдын хэтийн төлөвтэй уялдуулан оновчтой төлөвлөх;

3.3.5.уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төр, орон нутгийн зүгээс тавих хяналт, төлбөр, хураамж ногдуулалтыг хүнд суртал, давхардалгүй болгох;

3.3.6.эрдсийн гаралтай импортын бараа, материалыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;

3.3.7.уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор олборлох салбарт шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.

3.4.Боловсруулах салбарын хүрээнд:

3.4.1.боловсруулах салбарыг хөгжүүлэхдээ зах зээл дэх өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлд зарцуулагдах усны хэрэглээ болон үйлдвэрлэлээс гарах хорт хаягдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд  үзүүлэх нөлөөлөл зэрэг хүчин зүйлийг цогцоор нь судалж, шийдвэр гаргах;

3.4.2.боловсруулах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

3.4.3.эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, нэмүү   өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмжих;

3.4.4.нүүрс баяжуулах, кокс, химийн үйлдвэр байгуулах, нүүрсний   ордод түшиглэсэн цахилгаан станц барих, хүрэн нүүрснээс утаагүй, шингэн түлш, хий, шатдаг занараас шингэн түлш гарган авах зэрэг төслийг дэмжих;

       

3.4.5.төрөөс боловсруулах үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжиж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлэх.

3.5.Орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд:

3.5.1.тухайн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох    нөхцөлийг бүрдүүлэх, уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх;

3.5.2.уул уурхайн олборлолтын хугацаанд нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг ил тод байх, оролцооны зарчмыг баримтлан байгуулах.

3.6.Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн хүрээнд:

3.6.1.олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийн үе шатуудад     хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай, хүрээлэн байгаа орчны экологийн тэнцвэрт байдлыг хангасан байх;

3.6.2.төрийн өмчийн аж ахуйн нэгж нь ерөнхий гэрээлэгчийн зарчмаар ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг хэрэгжүүлэх;

3.6.3.уурхайн нөхөн сэргээлт, хаалтын стандарт, журмыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах;

3.6.4.эрдэс баялгийн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлд газрын гүний цэнгэг усыг аль болох ашиглахгүй байх, гадаргын усыг түлхүү    ашиглах, холбогдох хуульд заасны дагуу хэрэглэсэн усыг дахин ашиглах, уул уурхайн салбарын ахуйн хэрэглээнд саарал усыг ашиглах, орчин үеийн дэвшилтэт технологийг дэмжих;

                      

                        3.6.5.олборлох, боловсруулах үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулахад хүний эрүүл мэнд, байгаль орчинд  сөрөг нөлөөлөл багатай, үр ашигтай техник, технологи хэрэглэхийг дэмжих.

            3.7.Эрдэс баялгийн салбарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн хүрээнд:

3.7.1.төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго, чиг үүрэг бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн тэгш байдлыг хангасан Бодлогын зөвлөлийг байгуулж, ажиллуулах;

3.7.2.төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

3.7.3.төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлага, менежментийг   сонгон шалгаруулахдаа компанийн сайн засаглалын зарчмыг баримтлах;

3.7.4.эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлээс улсын төсөвт    төвлөрсөн орлогын тодорхой хэсгээр зорилтот сангуудыг үүсгэх замаар эдийн засгийг төрөлжүүлэн тогтвортой байдлыг хангах, экспортын чиглэлийн үйлдвэрийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд зарцуулах;

3.7.5.эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах;

3.7.6.төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулж, нээлттэй, ил тод, үр ашигтай болгох ба эрдэс баялгийн салбар хариуцсан Засгийн газрын бүх шатны байгууллагын ажлын тогтолцоо, зөвшөөрөл олголт, стандарт, хугацаа зэргийг   нийтэд мэдээлж, иргэний нийгмийн хяналтыг тогтоох;

3.7.7.эрдэс баялгийн салбарын мэргэжлийн хяналт-шинжилгээ,   үнэлгээ, аудитын тогтолцоог бэхжүүлж, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох;

3.7.8.ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологийн судалгааны ажлыг цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх үндэсний геологийн албыг олон улсын жишгээр байгуулж, удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг нэгдмэл, оновчтой   болгож тогтвортой ажиллуулах;

3.7.9.эрдэс баялгийн экспортын гол нэрийн бүтээгдэхүүний ангиллыг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, үйл ажиллагааны бүхий л түвшинд мөрдлөг болгох;

3.7.10.ашигт малтмалыг түүхий хэлбэрээр экспортлох явдлыг үе шаттайгаар бууруулж, нэмүү өртөг шингэсэн, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх  бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох арга, аргачлалыг боловсронгуй болгох;

3.7.11.эрдэс баялгийн салбар дахь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг нэгдмэл бодлогоор хүргэж, хоорондын уялдаа холбоог сайжруулах;

3.7.12.эрдэс баялгийн салбарын үндэсний хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч, нарийн мэргэжлийн мэргэшсэн инженер, техникийн ажилтныг дотоод, гадаадын зохих шатны сургуульд бэлтгэж, чадавхжуулах;

                        3.7.13.эрдэс баялгийн салбарын эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоо, үйл ажиллагааг сайжруулж, салбарын нийтлэг стратеги төлөвлөлт, судалгаа ба хөгжлийн төсөл, хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн  замаар хэрэгжүүлэх.

Дөрөв.Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх

арга зам, үе шат, хүрэх үр дүн

4.1.Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга зам:

4.1.1.Засгийн газар, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын холбогдох агентлаг, аж ахуйн нэгж төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу төлөвлөгөө батлан, биелэлтийг зохион байгуулах;

4.1.2.Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг бусад салбарын бодлоготой    уялдуулж төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, хяналт- шинжилгээ,  үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах;

4.1.3.Засгийн газар төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах   бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлогод тусган төлөвлөж хэрэгжүүлэх;

4.1.4.уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв   байгууллага төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тухай бүр хяналт-  шинжилгээ хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэн дүгнэж,    тухайн жилийн хэрэгжилтийг дараа жилийн эхний улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байх;

4.1.5.хяналт-шинжилгээ, үнэлгээг төрийн захиргааны төв, орон      нутгийн байгууллага, мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор хийж байх. Бодлогын баримт бичигт тусгагдсан  зорилт бүрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлттэй байх;  

4.1.6.эрсдэл үүсч болзошгүй орчныг байнга хянаж, дунд болон богино хугацааны төлөвлөлтийн хүрээнд хариу арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж байх.

4.2.Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үе шат:

4.2.1.эрх зүйн орчныг сайжруулж, холбогдох дүрэм, журам, хөтөлбөр, төслийг боловсруулах (2014, 2015 он);

4.2.2.хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх (2014-2025 он);

4.2.3.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийн дунд шатны тайланг дүгнэж, цаашдын зорилтын хэрэгжилтийг хангах (2020, 2025 он).

4.3.Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:

4.3.1.геологийн судалгаа, хайгуулын ажлыг төрийн бодлогын дагуу гүйцэтгэж, улсын эрдэс баялгийн нөөцийг өсгөж, уул уурхайн салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх;

4.3.2.эрдэс баялгийн нөөцийг иж бүрэн зохистой түвшинд олборлож, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай технологи ашиглаж, боловсруулалтын түвшинг ахиулснаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, нэр төрөл нэмэгдэх;

4.3.3.олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд нэгдсэн  стандартыг мөрдүүлж, үйлдвэрлэлийн бүх дамжлага, шатанд хөдөлмөрийн     аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлснээр үйлдвэрлэлийн осол буурах;

4.3.4.уул уурхайн төслийг дагаад дэд бүтцийн хөгжлийн /замын    сүлжээ, цахилгаан станц, хот, суурин газар/ төлөв тодорхой болж, урт хугацааны төлөвлөлт хийх боломжтой болох;

4.3.5.томоохон хэмжээний үйлдвэрлэлийн төвүүд бий болсноор хүн амын хэт төвлөрөл саарах;

4.3.6.эрдэс баялгийн болон дэд бүтцийн салбарын мэргэжлийн хүний нөөц бэлтгэгдэж, үндэсний мэргэжилтэй ажиллагсдын тоо, ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурах;

4.3.7.байгаль орчныг хамгаалах, уурхайг хаах, нөхөн сэргээх, урт хугацааны мониторинг хийх үйл ажиллагаа нь хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу цэгцтэй, дэс дараалалтай, хариуцлагатай болох;

4.3.8.экологийн тэнцвэрт байдлыг хангах, эрүүл, эко-хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор гол, мөрний урсац бүрэлдэх эх, ай сав, ойн     бүс, тариалангийн талбай, шимт бэлчээр, говийн баянбүрд, нуур, цөөрмийн орчимд олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хязгаарлаж, иргэдийн эрүүл хүнс хэрэглэж, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;

4.3.9.эрдэс баялгийн салбарын бүх шатны үйл ажиллагаа нь хууль, журмын дагуу явагдаж олон нийтэд нээлттэй, ил тод байж, шинээр хууль тогтоомж, журам боловсруулах, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд олон нийтийн саналыг хүлээн авч, шийдвэр гаргахад тусгаж байх эрх зүйн орчин бүрдсэн байх;

4.3.10.өнөөгийн эрдэс баялгийн салбарт бизнесийн таатай орчин бүрдэн, эрдэс баялгийн бирж дээр эрдсийн бүтээгдэхүүний арилжаа нээлттэй,     олон улсын жишгийн дагуу явагдах орчин бүрдэх.

---оОо---