A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2005 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа, Ч.Дашням /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанд өргөдөл гаргагч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч С.Магнайсүрэн, мөн дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч Б.Энхбаяр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн нар хуралдаанд оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6-д Монгол Улсын Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэргийн шүүхийн хянан хэлэлцэх маргааны харъяалалд хамааруулан заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Магнайсүрэн, мөн дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Энхбаяр нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн байна.

Өргөдөл гаргагчид Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийг тус тус үндэслэл болгон Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа тэмдэглэсэн байна.

Уг өргөдөлд:

“1.Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянан үзэхээр зааж, уг хуулийн 8.1.2-т заасны дагуу

хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч болохоор заасан нь Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1, 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн.

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д: “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-д: Засгийн газар нь “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” бүрэн эрхтэй гэж заасан. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлд “1.Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна. 2.Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана”, 45 дугаар зүйлийн 2-т: “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж хуульчилсан.

Энэ нь УИХ, Засгийн газар /бас Үндсэн хуулийн цэц/-аас өөр субъект Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгохгүй гэдгийг шууд тодорхойлсон хэрэг бөгөөд үүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан Үндсэн хуулийн бусад зүйл, хэсгийн заалтаас ч харж болохоор байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 2-т: “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасан ба энэхүү үзэл баримтлалын дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд Ерөнхийлөгчийн баталсан шийдвэрийг хамааруулаагүй байна. Түүнчлэн Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т: “Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэж заасан байна.

Эндээс үзэхэд Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Дээд шүүх гэсэн Үндсэн хуульд заагдсан эдгээр байгууллагуудын шийдвэрүүдийг хүчингүй болгохтой холбогдсон дээрх заалтууд нь угтаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн салаа мөчир тус бүрийн эрх мэдлийн харилцан зааг хязгаар, хариуцлагыг тогтооход чиглэгдсэн байна.

2.Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг захиргааны актад тооцож уг хуулийн 8.1.2-т заасны дагуу Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч болохоор заажээ. Энэ нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д: “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Сонгууль бол төлөөллийн ардчилал, улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлын баталгаа, иргэний сонгох, сонгогдох эрхийн илэрхийлэл мөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад Үндсэн хуулийн цэцээс хянан шийдвэрлэх маргааны нэг төрөл болгон “ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-д Үндсэн хуулийн цэц хяналт тавихыг оруулж заасан нь нэг талаас, Монгол Улсын иргэний сонгуулийн /сонгох, сонгогдох/ буюу тус Улсын Үндсэн хуулиар олгосон улс төрийн эрхийг Үндсэн хуулийн эрх зүйн өндөр төвшинд хамгаалуулах боломжийг Монгол Улсын иргэдэд олгох; нөгөө талаас, Монгол Улсын төрийн эрх барих болон бусад дээд байгууллагыг сонгож байгуулах, түүний нийтийг засаглах дээд эрх мэдлийн хууль ёсны шинжийг хүлээн зөвшөөрүүлэхтэй холбоотой.

Сонгуулийг зохион явуулах үүргийг сонгуулийн байгууллагууд хариуцах ба сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэгтэй сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн үнэн зөв, эргэлзээгүй байдлаас хамаарч нийт сонгогчдын хүсэл зориг шударгаар илэрхийлэгдэж чадах эсэх нь тодорхойлогдох, сонгуульд оролцогч бусад этгээдийн эрх зүйн байдал /статус/-д өөрчлөлт ороход хүргэдэг, мөн сонгуулийн баталгаажсан үр дүнгээр засаг төрийн тогтвортой залгамж чанар хадгалагдах, үндэсний эв нэгдэл хангагдах, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг хууль ёсоор эмхлэн байгуулах зэрэг төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх үндэс болж байдаг. Ийм ч учраас Үндсэн хуулийн үзэл баримтлалд сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх тухай маргааныг гагцхүү Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж байхаар зааж өгсөн нь тодорхой байна.

Манай улсын хууль тогтоомжоор өдгөө сонгуулийн байгууллагууд захиргааны журмаар сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэж байгаагаас гадна сонгуулийн тодорхой зөрчилтэй буюу сонгуулийн өмнөх ухуулга сурталчилгааны журам зөрчсөн зэрэг хэргүүдийг захиргааны шийтгэл ногдуулах журмаар ердийн шүүхийн шүүгч хяналт тавьж хариуцлага хүлээлгэдэг, харин сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар гомдлоо хэсгийн хороонд гаргаад, гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл шууд ердийн шүүхэд хандаж, иргэний процессын журмаар шийдвэрлүүлдэг бол сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тусгай журмаар хянан үзэх эрх зүйн журам үйлчилж байна.

Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтаар Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хамааруулснаар Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд оролцогч сонгуулийн төв байгууллага ба сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор илэрхийлж бүртгүүлсэн нам, эвсэл зэргийн хооронд үүсч болох нийтийн эрх зүйн аливаа маргааныг нь захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгдэж байх давуу боломжийг олгосон байна.

Энэ нь нэгд, сонгуулийн төв байгууллага ба сонгогч, нэр дэвшигч, нэр дэвшүүлсэн нам, эвслийн Үндсэн хуулийн эрх зүйн статусыг хөндсөн, хоёрт, сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцсэн байхад ч тодорхой нэгэн этгээдийн эрх ашигт нийцүүлж уул шийдвэрийг хүчингүй болгож байх бүрэн эрхийг захиргааны хэргийн шүүхэд олгосон, гуравт, сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг хянан үзэх талаарх халдашгүй байдлын хүрээг ийнхүү хумиснаар хэн боловч өөрийн эрх зөрчигдсөн нэрийдлээр сонгуулийн байгууллагын хууль ёсны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж зогсоох, сонгуульд оролцогчдын хоорондох зөрчилдөөнийг хурцатгах, сонгуулийн дараа ч гэсэн шүүхийн арга замаар ялах “горьдлого” төрүүлэх, шүүхийн процесст сонгуулийн байгууллагууд нэг нэгнийхээ эсрэг нотлох баримт гаргах, хэргийн аль нэг талд гэрчээр оролцох зэргээр “ажиллах”, мөн сонгуулийн байгууллагууд шат шатандаа захиргааны урьдчилан шийдвэрлэх журмаас болж олон гомдол, өргөдөлд дарагдаж сонгуулийг богино хугацаанд багтааж шийдвэрлэж чадахгүй байх, шийдвэрлэсэн ч шүүхээс түүнийг тухай бүр өөрчлөх, эсхүл сонгууль зохион явуулах үндсэн үүргээсээ хазайж хөрөнгө хүч, цагийг маргаан шийдвэрлэхэд зориулах, түүнчлэн шүүх олон нэхэмжлэлд дарагдаж, сонгуулийн маргаантай хэргүүдийг шийдвэрлэх явц хэт сунжрах, үүний улмаас сонгуулийн үр дүн хуульд заасан хугацаанд гарахгүй байх, сонгогчдын эрх хохирох байдалд хүрэхэд дээрх Үндсэн хуулийн бус заалтын сөрөг үр дагаврууд түлхэж байна.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хянан үзэж байгаа нь ч хууль зүйн хяналтын статус, төвшний хувьд илтэд тохирохгүй байна. Ийм жишиг практик ч олон улсад байдаггүй. Хэрэв Үндсэн хуулийн цэцээс гадна бусад шүүх сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг хянаж байх ёстой гэж үзвэл Улсын Дээд шүүх сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн заримыг хууль зүйн агуулга, эрх зүйн маргааны шинж онцлогийн хувьд Үндсэн хуулийн эрх зүйн бус маргаан бол хуулиар нарийвчлан тодорхойлсон нөхцөлд хянаж шийдвэрлэж байх нь Үндсэн хуулийн хяналтаас тусгаарлах үндэслэл болох ёстой.

Үүнээс гадна захиргааны хэргийн шүүх сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг нэхэмжлэлийн дагуу хүлээн авч хянан үзэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдсөн байхыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардахаар хуульд заагдсан байгаа. Гэтэл нөгөө талаар сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцэд хянагдах бол захиргааны хэрэг бус Үндсэн хуулийн маргаантай хэрэг болдог.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо заавал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх албагүй мэт. Тэгэхээр нэг бол сонгуулийн төв байгууллагын аливаа шийдвэрийн талаар Үндсэн хуулийн цэц, захиргааны хэргийн шүүхийн алинд нь ч нэхэмжлэл очихыг үл харгалзаж гарсан маргааныг Сонгуулийн ерөнхий хороо “захиргааны хэрэг” мэт үзэж сонгуулийн хуулиас гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар урьдчилж шийдвэрлэж байх, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн талаар гомдол гаргагч Үндсэн хуулийн цэцэд эхэлж “зарга” мэдүүлж, дараачаар нь Үндсэн хуулийн цэцийн харъяаллын маргаан бус байвал сая Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байх гэх мэт Үндсэн хуулийн цэц, захиргааны хэргийн шүүх хоорондын маргааны харъяалал, шалгуур журмыг тодотгож Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоож өгөөгүй нь Захиргааны хэргийн шүүхэд Үндсэн хуулийн маргаан мөн эсэхийг тодорхойлох боломжийг олгож байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн практикаас үзэхэд Сонгуулийн ерөнхий хорооны УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулийн үр дүнтэй холбогдуулан гаргасан шийдвэрийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хянан шийдвэр гаргаж байна. Жишээ нь, УИХ-ын сонгуулийн 24, 59 дүгээр тойргийн сонгуулийн дүн, дахин санал хураалттай холбоотой маргааныг энд дурдаж болно. Хэрэв уг маргаан Үндсэн хуулийн цэцээр хянагдахгүй бол Сонгуулийн ерөнхий хорооны өөр ямар ч шийдвэр Үндсэн хуулийн цэцээр хянагдахгүй гэдэг нь тодорхой.

Сонгуулийн ерөнхий хорооны УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулийн үр дүнтэй холбогдуулан гаргасан шийдвэр хууль зүйн агуулгаараа ч тэр, Үндсэн хуулийн үндэслэлээр ч тэр Үндсэн хуулийн цэцийн хяналтын шууд объект болж чадна.

Сонгуулийн ерөнхий хорооны тухайн шийдвэр нь зөвхөн тодорхой нэгэн хувь этгээдийн эрх ашгийг хөндсөн, түүнд холбогдох асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн захиргааны байгууллагаас гаргасан нэг удаагийн чанартай захирамжилсэн акт төдий биш учраас Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж буй шийдвэрүүд нь өргөн утгаараа сонгогчийн субъектив эрх, нэр дэвшигч болон түүнийг дэвшүүлсэн нам, эвслийн эрх ашиг, сонгуулийн объектив дэг журмыг хамгаалах нийтийн ашиг сонирхлын зүй ёсны шаардлага, үндэсний эв нэгдлийг хангах зэргийг бодолцож хууль ёс, зүй ёсны дагуу гарах ёстой шийдвэрүүд байдаг.

Чухамдаа эдгээр шийдвэрийг Үндсэн хуулийн заалт түүний үзэл санааны дагуу Цэц л авч үзэж залруулж, нийгэм-төрийн үйл ажиллагаанд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг чандлан сахиулах учиртай.

Эдгээрийг харгалзан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 2, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад нийцээгүй болохыг магадлан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Мөн өргөдөл гаргагч иргэн С.Магнайсүрэн, Б.Энхбаяр нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбартай холбогдуулж нэмэлт тайлбар ирүүлсэн бөгөөд уг тайлбартаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2 дахь заалтын “Ерөнхий сайд” гэсэн нь мөн хуулийн 4.1.1 дэх заалтын адил Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцээгүй байгаа тул уул асуудлыг өмнө гаргасан хүсэлтийн хүрээнд магадлан шийдвэрлэж өгөхийг хүсье. Учир нь Ерөнхий сайдын шийдвэр /захирамж/ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1, Дөчин нэгдүгээр зүйлийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрын шийдвэрт хамаардаг юм. Гэтэл Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдын шийдвэрт хамааруулсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудад шууд харшилж байна” гэж нэмэлт шаардлага тавьсан байна.

Хоёр. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн, С.Баярцогт нар уг маргаантай холбогдуулж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“1.Захиргааны байгууллага, албан тушаалтан нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан, иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн олон тооны шийдвэр гаргаж байгаа боловч практикт захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, тэдний гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах механизмыг оновчтой тогтоох зорилгоор Засгийн газраас 2001 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хуулийн төсөлд захиргааны хэргийн шүүх нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын гишүүн /Ерөнхий сайд, сайд/, Монгол Улсын яам, Сонгуулийн ерөнхий хороо гэх мэт нийтийн эрх зүйн 17 субъекттэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэхээр тусгасан байв.

Улсын Их Хурлын чуулганаар Ерөнхийлөгчөөс эрх зүйн үр дагавар шууд бий болгодог захирамжилсан шийдвэр гаргах явдал бараг тохиолдохгүй мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн бол огцруулах асуудлыг нэгэнт Үндсэн хуулиар зохицуулсан учир хуулийн “Монгол Улсын Ерөнхийлөгч” гэсэн заалтыг хасч, харин гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага болсон Засгийн газрын шийдвэр нь шүүхийн журмаар хянагдаж байх нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөлд хэвээр үлдээжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-ийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн заалт нь нэгдүгээрт, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага болох Засгийн газарт гаргасан алдаагаа өөрөө засах боломж олгож байгаа; хоёрдугаарт, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас Засгийн газрын гаргасан алдааг залруулах явдлыг зохицуулсан зүйл гэж үзэж байна. Практикт дээр дурдсан журмаар Засгийн газрын тогтоол, захирамжийг хүчингүй болгосон явдал тохиолдохгүй байна.

Нөгөө талаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээд нь захиргааны хууль бус гэж үзэж байгаа актын талаархи нэхэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргахын өмнө гомдлоо тухайн байгууллага, албан тушаалтныг харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлж байхаар хуульчилсан билээ. Улсын Их Хурал нь гомдол, маргаан хянан шийдвэрлэдэг байгууллага биш учраас иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдлыг хянан барагдуулах боломжгүй юм.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т Монгол Улсын иргэн “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, мөн зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх... шударга шүүхээр шүүлгэх... эрхтэй” гэсэн заалтыг иш үндэс болгож, улмаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн, тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын “Үндсэн хууль бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэсэн Наймдугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаварлан гадуурхалтгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй...” гэсэн Хорин зургадугаар зүйлийн заалтуудыг баримтлан захиргааны хэргийн шүүхээс Монгол Улсын Засгийн газрын гаргасан захиргааны хууль бус акттай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх тухай асуудлыг хуульчилсан.

Хэрэв Засгийн газрын шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхийн статус /эрх зүйн байдал, төвшин/ нь тохирохгүй байна гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг баримтлан Улсын Дээд шүүх шаардлагатай гэж үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрхтэй билээ. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Засгийн газраас гаргасан захиргааны хууль бус актыг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

2. Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээгээр эрхлэн явуулах үүрэгтэй байнгын байгууллага бөгөөд бүрэлдэхүүнийг нь 5 жилийн хугацаагаар Улсын Их Хурлаас томилж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга нь ажлын шаардлагыг харгалзан бүтэн буюу хагас /хавсарсан/ орон тоогоор ажиллаж байхаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуульчилжээ. Мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар заасан билээ.

Иймд Сонгуулийн ерөнхий хороо бол парламентаас байгуулагдаж, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж, зохион байгуулах, сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах; сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий бусад өргөдөл, гомдлыг харъяаллын дагуу хянан шийдвэрлэх зэргээр төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг нийтийн эрх зүйн байгууллага мөн.

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж буй шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “захиргааны акт” гэсэн тодорхойлолтод бүрэн нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр нь 1/захиргааны байгууллагаас гаргасан захирамжилсан шийдвэр, 2/нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, 3/эрх зүйн үр дагавар шууд бий болгосон, 4/ гадагшаа чиглэсэн зэрэг шинжээрээ захиргааны актад хамаарна. Харин өргөдөл гаргагч нарын тайлбарласан шиг Үндсэн хуулийн шинжтэй акт биш юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалтын дагуу шүүгч захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн маргаан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Үндсэн хуулийн цэцэд шилжүүлэхээр хуульчилсан юм. Иймд өргөдөлд дурдсан “Үндсэн хуулийн бус эрх зүйн харилцааны хүрээнд захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгдэж байх давуу боломжийг захиргааны хэргийн шүүхэд олгосон байна” гэсэн саналыг зөвшөөрөх боломжгүй юм.

Мөн “сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх тухай маргааныг гагцхүү Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж байхаар зааж өгсөн нь тодорхой байна” гэж өргөдөлд дурдсаныг зөвшөөрөх боломжгүй. Учир нь: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад “ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр заасан билээ. Үүнээс үзэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагаас гаргасан шийдвэртэй холбогдсон маргаан Үндсэн хуулийн цэцэд хамаарахгүй бөгөөд энэ нь захиргааны хэргийн шүүхэд харъяалагдаж байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь төрийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэж байгаа нийтийн эрх зүйн субъектын хувьд тус улсад дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Эдгээр хууль тогтоомжийн нэгийг зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд биш захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлнэ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан захиргааны хууль бус актыг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. “ гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “4.1.1. Монгол Улсын Засгийн газар” гэсэн заалт Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “4.1.6. Сонгуулийн ерөнхий хороо” гэсэн заалт Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2-ын 2 дахь заалтыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газар төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохынх нь хувьд түүний шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд хүчингүй болгох эрх бүхий субъектыг Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон байна. Улсын Их Хурал, Засгийн газар Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлж болох нь нээлттэй байна.

Хууль тогтоогчоос Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан гэх үндэслэл тогтоогдож байна.

Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байна.

2.Сонгуулийн ерөнхий хороо хуульд зааснаар ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага бөгөөд Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргадаг байна. Дэлхийн ардчилсан улсуудын Үндсэн хуулийн заалтаас үзэхэд энэ төрлийн маргааныг Үндсэн хуулийн шүүхтэй улсад Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн шүүхгүй улсад Дээд шүүх нь хянан шийдвэрлэдэг жишиг тогтсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2-т Сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр заажээ. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байхаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хуульчилсан нь Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэцэд тусгайлан олгосон эрх хэмжээнд халдсан байна.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.1.2 заалтад “Ерөнхий сайд” гэж оруулсан нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1, Дөчин нэгдүгээр зүйлийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн асуудлаар Монгол Улсын иргэн С.Магнайсүрэн, Б.Энхбаяр нар өргөдөл гаргаагүй харин нэмэлт тайлбартаа дурдсан бөгөөд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээгүй учир дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэв.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан” гэсэн 4 дүгээр зүйлийн “…дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн 1 дэх хэсгийн 4.1.1-д ”Монгол Улсын Засгийн газар” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн заалтуудыг, мөн 4.1.6-д “Сонгуулийн ерөнхий хороо” гэж заасан нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах тухай заалтыг тус тус зөрчсөн байна.

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 15 хоногт багтаан энэхүү дүгнэлтийг хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2005 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар