- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
/Энэ хуулийн нэрэнд 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд мөнгөн хөрөнгө хадгалуулах, хоорондын төлбөр тооцоогоо банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах, түүнийг эргүүлэн төлөх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2 дугаар зүйл.Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж
1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Банкны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3.Монголбанк үндэсний төлбөрийн системийг удирдан зохион байгуулж, зохицуулж, хяналт тавих бөгөөд түүнд холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ХАДГАЛАМЖ
3 дугаар зүйл.Мөнгөн хадгаламжийн тухай ойлголт
1.Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд /цаашид "хадгалуулагч" гэх/-ийн мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "хадгалагч" гэх/-д хадгалуулсан үндэсний болон гадаад валютыг мөнгөн хадгаламж /цаашид "мөнгөн хадгаламж" гэх/ гэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
2.Хадгалагч нь хадгалуулагчтай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах үедээ өөрийн үйл ажиллагаатай холбогдсон үнэн зөв мэдээлэл өгнө.
3.Хадгалагч мөнгөн хадгаламжийн хүү, хугацааг нийтэд зарлах бөгөөд уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хадгалуулагч мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгөө хадгалуулна.
4.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс эрхлэх мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4 дүгээр зүйл.Мөнгөн хадгаламжийн гэрээ
1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.
/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, хадгалуулах мөнгөн хөрөнгийн дүн, хүү тооцох журам, мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн төлөө талуудын хүлээх хариуцлагыг заана.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
3.Мөнгөн хадгаламжийн гэрээ нь хадгаламжийн дэвтэр, сертификат зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу түүнийг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.Мөнгөн хадгаламжийн гэрээг цахим хэлбэрээр хийж болно.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.Цахим хэлбэрээр хийх мөнгөн хадгаламжийн гэрээ хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурж илгээснийг банк, санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрч тоон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
5 дугаар зүйл.Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа
1.Мөнгөн хадгаламжийн гэрээг Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно.
2.Тодорхой хугацаа зааж хадгалуулсан мөнгөн хадгаламжийг хугацаатай, тодорхой бус хугацаагаар хадгалуулсан мөнгөн хадгаламжийг хугацаагүй мөнгөн хадгаламжид тооцно.
3.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй.
4.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй.
5.Гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах тухай, эсхүл гэрээг дахин сунгуулах шаардлага тавиагүй бол уг мөнгөн хадгаламжийг хугацаагүй мөнгөн хадгаламжид тооцож, хүүг хугацаагүй мөнгөн хадгаламжийн адил хэмжээгээр бодно. Хэрэв мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан бол хугацаатай мөнгөн хадгаламжийн хугацаа дууссан тохиолдолд уг гэрээний хугацааг тодорхой хугацаагаар сунгаж болно.
6.Тодорхой хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй.
7.Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацааг дансанд орлогын гүйлгээ хийгдсэн өдрөөс эхлэн тоолж, зарлагын гүйлгээ хийгдсэн өдрөөр дуусгавар болгоно.
8.Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно.
9.Хадгалуулагч нь хадгалагчаас энэ зүйлийн 3, 4, 6 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болон гэрээнд заасан бол анз төлүүлэхээр шаардах эрхтэй.
6 дугаар зүйл.Мөнгөн хадгаламжийн хүү
1.Мөнгөн хадгаламж хүүтэй байна.
2.Хугацаатай мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хугацааг дуустал анх тохиролцсон хэвээр байна.
3.Мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ өөрчлөгдөөгүй тохиолдолд хугацаатай мөнгөн хадгаламжид орлогын гүйлгээ хийвэл хүүг уг гэрээний дагуу хэвээр мөрдөнө. Хадгалагчийн тогтоосон хүүгийн хэмжээ өөрчлөгдсөнөөс хойшхи хугацаанд хийсэн аливаа орлогын хувьд мөнгөн хадгаламжийн гэрээг шинээр байгуулна.
4.Хугацаагүй мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг хадгалагчаас өөрчлөх тохиолдолд энэ тухай нийтэд мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа тодорхой бус хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ өөрчлөгдсөнд тооцно. Хэрэв хадгалуулагч энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй бол гэрээг цуцалж болно.
5.Мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална.
7 дугаар зүйл.Хадгалуулагч, хадгалагчийн эрх, үүрэг
Банкны хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээнд зааснаар талууд дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ зүйлд 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1.Хадгалуулагч:
1/хадгалуулсан мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах хэлбэрийг сонгох;
2/хадгалуулсан мөнгөн хөрөнгөндөө хүүгийн орлого авах;
3/мөнгөн хадгаламжийн гүйлгээ, үлдэгдлийг дансны хуулга болон мөнгөн хадгаламжийн дэвтэртэйгээ тулган шалгах;
4/хугацаатай мөнгөн хадгаламжаас гэрээнд заасан хугацааны дотор зарлагын гүйлгээ хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд гүйлгээ хийхээр бол хүсэлтийг бичгээр гаргаж, гэрээнд өөрчлөлт оруулахаар хадгалагчтай харилцан тохиролцох;
5/мөнгөн хадгаламжийг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох;
6/мөнгөн хадгаламжийг өвлүүлэх, гэрээслэх, бэлэглэх;
7/хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэх;
8/талуудын харилцан тохиролцсон бусад эрх, үүрэг.
2.Хадгалагч:
1/хадгалуулагчийн нэр дээр данс нээх буюу сертификат зэрэг үнэт цаас олгох;
2/хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх;
3/гэрээнд заасан нөхцөлийн дагуу хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх;
4/мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох;
5/хадгалуулагчийн дансны нууцыг хадгалах;
6/өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх;
7/талуудын харилцан тохиролцсон бусад эрх, үүрэг.
3.Хадгалагч нь мөнгөн хадгаламжид авсан мөнгөн хөрөнгийг өөрийн гүйлгээнд хэрэглэн түүний бүрэн бүтэн байдлыг хангана.
8 дугаар зүйл.Мөнгөн хадгаламжийн данс, түүний төрөл
1.Хадгалагч нь мөнгөн хөрөнгөө хадгалуулсан иргэн, хуулийн этгээд тус бүрт мөнгөн хадгаламжийн данс нээнэ. Харин хадгалуулагч нь сертификат зэрэг үнэт цаас авсан бол данс нээхгүй байж болно.
2.Хадгалагч нь хадгалуулагчийн мөнгөн хөрөнгийг хадгалахдаа хууль тогтоомж болон талуудын байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол харилцах данс нээж, түүний даалгавраар төлбөр гүйцэтгэж, харилцах дансны тогтвортой үлдэгдэлд нь хүү төлж болно.
9 дүгээр зүйл.Мөнгөн хадгаламжийн баталгаа
Хадгалагч дампуурах буюу татан буугдах тохиолдолд мөнгөн хадгаламж, түүний хүүг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан дараалал баримтлан олгоно.
/Энэ зүйлийг 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
10 дугаар зүйл.Итгэмжлэлийг үндэслэн гүйлгээ хийх
1.Хадгалуулагч нь мөнгөн хадгаламжийн орлого, зарлагын гүйлгээг итгэмжлэгдэгчээр дамжуулан хийлгэж болно.
2.Хадгалагч нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдэгчийн иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн гүйлгээ хийнэ.
11 дүгээр зүйл.Мөнгөн хадгаламжийг өв залгамжлуулах, гэрээслэх тохиолдолд гүйлгээ хийх
1.Хадгалуулагч нь нас барсан болон нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч нь мөнгөн хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрх бүхий этгээдэд олгох, эсхүл уул гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийнэ.
2.Хадгалагч нь мөнгөн хадгаламжийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлэхдээ өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн паспорт буюу түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн тогтооно.
3.Өвлөгчид шилжээгүй өв нээгдсэн мөнгөн хадгаламжаас гүйлгээ хийхийг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨР ТООЦОО
12 дугаар зүйл.Данс нээх, хаах
1.Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй. Хуулийн этгээд данс нээлгэхийн тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1/өргөдөл;
2/улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар;
/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3/мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтад зурах гарын үсгийн маяг. Гарын үсгийн маяг нь нотариатын баталгаатай байна;
4/тамга, тэмдгийн дардас.
2.Иргэн данс нээлгэхийн тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
1/өргөдөл;
2/мөнгөн хөрөнгө захиран зарцуулах тухай мэдүүлэг, төлбөр тооцооны баримтад зурах гарын үсгийн маяг.
/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд дээр дурдсан баримт бичгийг хянан үзээд 10 хоногийн дотор данс нээх буюу энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан баримт бичгүүд эргэлзээтэй бол данс нээхээс татгалзах эрхтэй.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд дараахь тохиолдолд дансыг хааж болно:
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
1/харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан;
2/харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн;
3/хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.
/Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
121дүгээр зүйл.Цахим хэлбэрээр данс нээх, хаах
1.Иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр данс нээлгэх, хаалгах хүсэлтийг банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд гаргаж болно.
2.Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн цахим хэлбэрээр данс нээж, хаана.
3.Хуулийн этгээд хүсэлт гаргасан бол энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
4.Иргэн хүсэлт гаргасан бол энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
/Дээрх 121дүгээр зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
13 дугаар зүйл.Төлбөр тооцооны хэлбэр
1.Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийгдэх мөнгөн хадгаламж, зээл, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр байж болно.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Банкнаас дамжуулан үндэсний болон гадаад улсын бэлэн мөнгөн тэмдэгтээр хийх гүйлгээг бэлэн мөнгөний төлбөр тооцоо, төлбөр тооцооны баримтаар хийх гүйлгээг бэлэн бус мөнгөний төлбөр тооцоо гэнэ.
3.Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг Монголбанк тогтооно.
14 дүгээр зүйл.Бэлэн мөнгөний төлбөр тооцоо
1.Бэлэн мөнгөний төлбөр тооцоог банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх ажиллагааг төлбөр тооцоонд оролцогч талууд харилцан тохиролцоно.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Бэлэн мөнгийг банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд төвлөрүүлэх ажиллагааг талууд харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
15 дугаар зүйл.Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоо
1.Иргэн, хуулийн этгээд оролцсон бэлэн бус хэлбэрээр хийх төлбөр тооцоог банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккердатив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ.
3.Төлбөр хариуцагч, төлбөр хүлээн авагч нь бэлэн бус мөнгөний төлбөр тооцооны ямар хэлбэрээр харилцахаа өөрсдөө сонгож авна. Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ.
16 дугаар зүйл.Төлбөр тооцоонд оролцогч талууд
Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийх төлбөр тооцооны харилцаанд төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагч оролцоно.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17 дугаар зүйл.Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэх
/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1.Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрт уг баримтыг бичсэн он, сар, өдөр, төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан байна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
2.Хүлээн авсан дэс дарааллыг баримтлан банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
3.Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ. Энэ шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх анзыг Иргэний хуулийн 180 дугаар зүйлд заасан хэмжээгээр банк төлнө.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.Данс эзэмшигчийн хүсэлтээр банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь гүйлгээ хийгдсэн дансны хуулгыг данс эзэмшигчид өгнө.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
18 дугаар зүйл.Төлбөр хүлээн авагч
Төлбөр хүлээн авагч нь ажил, үйлчилгээний үнэ, хөлс, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийг төлбөр тооцооны тодорхой хэлбэрийн бүрдүүлбэрийг хангасан баримтын дагуу нэхэмжилнэ.
19 дүгээр зүйл.Төлбөр хариуцагч
Төлбөр хариуцагч гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний болон худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнэ хөлсийг төлөхийг зөвшөөрсөн бол төлбөр тооцооны тодорхой хэлбэрийн бүрдүүлбэрийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БАНК, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
20 дугаар зүйл.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох
1.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
21 дүгээр зүйл.Зээл олгох ажиллагаа
1.Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ.
2.Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.
3.Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно.
4.Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.
5.Зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй.
22 дугаар зүйл.Зээлийн гэрээ
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана.
3.Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.Тодорхой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр олгох зээлийн эх үүсвэрийг зээлдүүлэгчид хамтарч гаргаж болно. Хамтарч зээл олгохдоо энэ талаар гэрээ байгуулна.
5.Монгол Улсын Засгийн газрын шугамаар гадаад орон, олон улсын байгууллагаас авсан зээлтэй холбогдсон харилцааг бусад хууль тогтоомжоор зохицуулна.
6.Засгийн газрын мэдлийн гадаад эх үүсвэр, олон улсын байгууллагын хөрөнгийн эх үүсвэрээр хийгдэх зээлийн харилцааг зээлдэгч болон Засгийн газар, төлбөр тооцоог гүйцэтгэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7.Зээлийн гэрээнд авсан зээлээ бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөлийг зааж болно.
23 дугаар зүйл.Зээлийн хувийн хэрэг
1.Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө.
2.Зээлийн хувийн хэрэг дараахь бүрдүүлбэртэй байна:
1/зээл олгохыг хүссэн өргөдөл;
2/зээлийн гэрээ;
3/зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа;
/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4/зээлээр санхүүжигдэх объектын зохих байгууллагаар хянуулж, батлуулсан зураг төсөл, уг зураг төсөлд орсон өөрчлөлт, түүнтэй холбоотой төлбөр тооцооны баримт, гүйцэтгэлийн тайлан, гэрээний хувь, эдийн засгийн үр ашгийн тооцоо;
5/захиалагч болон хөндлөнгийн шалгагчийн дүгнэлт;
6/санхүүгийн тайлан;
7/зээлийн ашиглалт шалгасан материал;
8/зээлдэгчийн бусад банкнаас авсан зээлийн талаарх өөрийн болон зээлийн сангийн мэдээлэл.
9/гуравдагч этгээдийн өмнө зээлдэгчийн хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбогдсон мэдээлэл;
/Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
10/зээлдэгчийн орлогын талаархи мэдээлэл.
/Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.Зээл олгохыг хүссэн өргөдөлд зээлийн зориулалт, авах зээлийн хэмжээ, хугацааны талаар товч тодорхой бичиж гарын үсэг зурж, тамга дарсан байна.
4.Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэгбүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5.Зээлийн батлан даагчийн бүртгэлд батлан даагчийн нэр, хаяг, харилцагч банкны нэр, харилцах дансны дугаар зэргийг тусгана. Батлан даагчийн үйлдвэрлэлийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар зээлдэгчийн адил судалж тэмдэглэсэн байна.
6.Зээлийн ашиглалтыг шалгасан материалд авсан зээлээ зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж байгаа эсэхийг тодорхой тоо хэмжээ, үнийн дүнгээр нь тодорхойлж бичнэ.
7.Зээлдүүлэгч нь зээлдэгчээс энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
24 дүгээр зүйл.Зээлийн хүү
1.Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно.
2.Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно.
3.Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4.Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална.
25 дугаар зүйл.Зээлийн хугацаа хэтрэлт
1.Зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн зээлийн болон тусгай дансанд бүртгэнэ.
2.Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана.
26 дугаар зүйл.Зээлийн ашиглалт
Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй.
27 дугаар зүйл.Зээлийн ангилал
1.Зээлдүүлэгч олгосон зээлдээ судалгаа хийж, зээлийнхээ үлдэгдлийг Монголбанкнаас баталсан зааврын дагуу ангилна.
2./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
28 дугаар зүйл.Зээлийн батлан даалт
1.Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ.
2.Зээлдэгч нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу батлан даагчтай гэрээ байгуулна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.Батлан даагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.
4.Батлан даагч нь санхүүгийн хувьд уг зээлийн төлбөрийг хийх чадвартай, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөтэй этгээд байна. Батлан даагчийн санхүүгийн чадварын талаар үйлчлэгч банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, улсын бүртгэлд бүртгэсэн байгууллага тодорхойлолт гаргаж болно.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
5.Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр буюу батлан даагч зээлдэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлснээр батлан даалт дуусгавар болно.
29 дүгээр зүйл.Зээлийн барьцаа
1.Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар зээлдэгчээс барьцаалсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь зээлийн барьцаа болно.
Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд найдвартай гэж үзвэл зээлдэгчийн үйл ажиллагаанаас олох орлого, үр шимийг гэрээ, батлан даалтын үндсэн дээр зээлийн барьцаанд авч болно. Зээлдэгчийн үйл ажиллагаанаас орох орлого, үр шимийг зээлийн барьцаанд авах журмыг Монголбанк тогтооно.
/Энэ догол мөрийг 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
2.Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн үнэлгээг зээлийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцоно.
3.Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
/2 дахь өгүүлбэрийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
4./Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.Иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан тохиолдолд зээлдэгч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмаар барьцаалбар үйлдэж болно.
/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.үүргийн гүйцэтгэлийг барьцаалбараар гэрчилсэн тохиолдолд барьцааны зүйлийг хуульд заасны дагуу шүүхээс гадуур худалдаж болно.
/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
7.Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зохицуулна.
/Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
8. Зээлийн барьцаалсан эд хөрөнгө үрэгдэж, устгагдсан тохиолдолд түүнээс үүдэн гарах маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.Зээлдүүлэгч зээлдэгчийн тэтгэврийг жилд нэг удаа зургаан сараас дээш хугацаагаар барьцаалахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
30 дугаар зүйл.Зээл төлүүлэх ажиллагаа
1.Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.
2.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ.
3./Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
31 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A