A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                                                                     Улаанбаатар хот

Дугаар 06

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль,

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх

 журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 15.50 цаг

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат, Ш.Цогтоо, Д.Наранчимэг, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Сүхбаатар дүүргийн 4-р хорооны оршин суугч, иргэн Б.Оюунням, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суугч, иргэн М.Манчук, Х.Тасхын, Б.Раушан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарыг оролцуулан хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 4/, Арван есдүгээр зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох зүйл заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн оршин суугч, иргэн А.Жархынгүл, Өлгийн сумын 3 дугаар багийн оршин суугч, иргэн М.Манчук, Өлгийн сумын 5 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Раушан, мөн сумын 8 дугаар багийн оршин суугч, иргэн Х.Тасхын нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг, 3.1.2.-т хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг буюу “хуульчийн гэрчилгээ”-тэй этгээдийг ойлгохоор томьёолсон. Харин “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г тодорхой хугацаатай эрхэлснээр хуульчид тооцогдохоор заагаагүй. Өөрөөр хэлбэл эрх зүйч нь тус хуульд заасан болзол шаардлагыг хангаж, хуульчийн гэрчилгээ авснаар “хуульч” гэж үзнэ. 

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “… хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.” гэж заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна:” гээд 11.1.1.-д “шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах;” ажилтны эрхэлж буй албан тушаалыг хамааруулахаар хуульчилжээ. Дээрх заалт нь хоёр жил туслах ажилтан хийсэн эрх зүйчийг хуульчийн шалгалтад оруулах болзол, шаардлагыг хангасан гэж үзэж, шалгалтад оруулах эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Энэ нь хуульчийн тангараг өргөсөн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульчдад огт хамаарах заалт биш гэж үзэж байна.  

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд  зааснаар 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Хууль зүйн сайдын тушаалаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан “хуульч”-дыг хуульч гэж хүлээн зөвшөөрч, Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн учир Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдөр буюу 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх тэдний эрхэлж байсан ажил, албан тушаал /шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс бусад хуульчдын/ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байсан хугацаанд тооцогдох ёстой. Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тухайн хуулиар зохицуулагдаж буй харилцааг дээрдүүлж зохицуулна уу гэхээс биш дордуулж зохицуулахгүй. Ингэвэл эрх зүйт төрийн мөн чанар алдагдана.   

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэжээ. Тэгвэл “мэргэжлээрээ ажилласан” гэдэгт хууль зүйн дээд боловсрол эзэмшсэнээс хойш тухайн мэргэжлээр буюу эрх зүйчээр 3 жил ажилласан байхыг шалгуур болгодог. Хуульчийн чадвар, хариуцлагыг дээшлүүлэх, хуульч мэргэжлийн онцлог, эрх зүйн соёл өндөр хөгжсөн орнуудын жишигт нийцүүлэх зорилгоор салбар хуулиар нарийвчлан болзол, шаардлага тавьж, хуульчийн гэрчилгээтэй байж хуульчаар тооцогдох ёстой гэдгийг хуульчид хүлээн зөвшөөрдөг. Гэвч салбар хууль нь Үндсэн хуулиас давсан шаардлага тавьж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох хүний үндсэн эрхийг хязгаарлаж болохгүй. Үндсэн хуулийн дээрх заалтад “мэргэжлээрээ ажилласан” гэдэгт “шүүгч, прокурор, өмгөөлөгч”-өөр ажилласан байхыг хуульчлаагүй, зөвхөн эрх зүйч мэргэжлээр ажилласан байхыг хуульчилсан. Үндсэн хуулийн энэ заалтын агуулгаас “мэргэжлээрээ гурваас доошгүй ажилласан” гэдэгт туслах ажилтан, багш гээд эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бүх эрх зүйчдийг хамааруулан ойлгоно.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.” гэж зааж, мэргэжлээрээ ажилласан гэдэгт зөвхөн өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажилласан хугацааг л оруулж тооцож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан…” гэсэн заалтыг зөрчиж байгаагаас гадна дээрх 3 субъектээс өөр хүн шүүгчид өрсөлдөх боломжийг бүрэн хязгаарлаж байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Шүүгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан гэж анхан шатны шүүхийн шүүгчид тавих болзол шаардлагыг тодорхой зааж, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан” байхыг шаардсан болохоос уг мэргэжлээрээ хэдий хугацаанд ажилласан байхыг шаардлага болгоогүй. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзсэн иргэн шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй гэж тус тус заасан байдаг. Харин мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шалгуурыг Үндсэн хуульд тусгасан боловч прокурор, өмгөөлөгч, шүүгчээр 3-аас доошгүй жил ажилласан болохыг заагаагүй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан шүүгчид тавих тусгайлсан шаардлагыг зөвхөн энэ хуулиар тогтооно гэсэн ба тус хуулиар шүүгчид нэр дэвшигч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажилласан байх шаардлагыг тусгаагүй.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахаас өмнө хуульчийн гэрчилгээ авсан хуульчдын /шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс бусад/ эрхэлж байгаа ажил, албан тушаалыг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэнд тооцохгүй гэж үзсэн бол хуульчийн эрх зүйн байдлыг зохицуулсан тусгай хууль гарснаар зөвхөн прокурор, өмгөөлөгч, шүүгчид  хуульчийн гэрчилгээ олгож, тэднийг л хуульч гэж үзэх ёстой байсан. Гэтэл 4500 гаруй хуульчийг хуульчид тооцож, хуульчийн тангараг өргөснөөр сар бүр гишүүний татварыг төлж байхад адилхан хуульчид тооцогдсон шүүгч, прокурор, өмгөөлөгчийн эрхэлж байгаа ажил, албан тушаал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэнд тооцогдож, бусад хуульчийн эрхэлж байгаа ажил, албан тушаал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэнд тооцогдохгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн Ерөнхий зөвлөл … гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.”, Шүүхийн Захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлд Хуульчдаас шүүгчийг шилж олох эрхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд олгосон байдаг ч Шүүхийн Ерөнхий зөвлөл энэ эрхээ бүрэн хэрэгжүүлэх механизм бүрдсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан буюу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн прокурор, өмгөөлөгчид л өрсөлдөх эрхтэй болж, бусад хуульчдыг мэргэжлээрээ ажиллаагүй гэж үзэж шалгалтад оруулахаас татгалзсан нь ардчилсан ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдахад хүргэж байна. Хуульчдыг шударгаар өрсөлдүүлэх замаар чадвартай, ёс зүйтэй шүүгчийг шилж олох бөгөөд энэ нь цаашлаад шүүгчийн хараат бус байдалд шууд нөлөөлөх үр дагаврыг давхар агуулж байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан… иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ.

Мэдээлэл гаргагч нараас маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн А.Жархынгүл 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдээллийнхээ шаардлагаас татгалзсан болно.

Хоёр. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Оюунням, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Оюунсайхан, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Содбаяр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

Б.Оюунням, Ч.Оюунсайхан, Ц.Содбаяр бидний бие нь Хуульч сонгон шалгаруулах тухай хууль /хүчингүй болсонд тооцсон/-д заасан болзол, шаардлагыг ханган 2010-2011 онуудад Хуульчийн гэрчилгээ авсан билээ.                

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3-т “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тухайд:

Аливаа мэргэжлээр ажилласан хугацаа тэр дундаа тэр дундаа хуульч бидний хувьд мэргэжлээрээ ажилласан хугацаа гэдэг ойлголт бол тухайн хүний мэргэжлийн дадлага туршлага, мэргэжлийн түвшинд өсөн дэвжих боломжийг илтгэсэн чухал томьёолол байдаг.

Биднийг хуульчийн сонгон шалгаруулалт өгөх үед мөрдөгдөж байсан хуулиар мэргэжлээрээ ажилласанд тооцогдсон хугацааг шинэ мөрдөж эхэлсэн хуульд мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд хамааруулан тооцсон нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар Хуульч болсон нийт хуульчдын эрх ашгийг хөндсөн, хязгаарласан шийдвэр болсон байна.

Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:”, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3-т “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэх мэт мэргэжлээрээ ажилласан хугацааг шалгуур болгосон хэд хэдэн заалт байгаа бөгөөд бидний хувьд цаашдаа шүүгчээр ажиллах хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүйд хүрч, эрх ашиг маань зөрчигдөж байна.

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн тухайд:

Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан болзол, шалгуурыг хангаж, мэргэжлээрээ ажилласан хугацаанд тооцогдон хуульчийн гэрчилгээ авсан этгээдүүдийг эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл маргаан бүхий хуулийн заалт нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар зохицуулагдаж хуульчийн гэрчилгээ авснаар нэгэнт дуусгавар харилцаанд буцаж үйлчилж байгаа нь эрх үндсэн зарчимд нийцэхгүй байна.

Төр нь иргэн, нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн эрхийг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх, эрх зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох зорилгоор хууль батлан мөрдүүлдэг.

Гэтэл нийгмийн тодорхой нэгэн бүлэг болох хуульчид бидний эрх зүйн байдлыг дордуулсан хууль баталсан нь төрийн үйл ажиллагааны зарчим болох хууль дээдлэх зарчмыг зөрчсөн төдийгүй Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан мэргэжлээрээ ажилласан хугацааг мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд хамааруулан дордуулсан нь бидний хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг биелүүлээгүй байна гэж үзэж болохоор байна.

Иймд 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдөл гаргажээ.

          Гурав. Иргэн Д.Тогтохбаяр нь Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн шаардлага болох “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл”-ээсээ татгалзсан тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн болно.

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

Нэг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4.5 дахь хэсэгт “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэж заасан нь иргэн Б.Оюунням, Ч.Оюунсайхан, Ц.Содбаяр нарын мэдээлэлдээ дурдсанчлан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй иргэдийн мэргэжлээрээ ажилласан хугацааг тоолоход зориулсан зохицуулалт биш юм. Тухайлбал, Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан "мэргэжлээрээ ажилласан" гэх ойлголт нь ч хуульчийн сонгон шалгаруулалтад орох хүнд тавигдах шаардлагыг тодорхойлсон зохицуулалт болохоос хуульчийн гэрчилгээ авсан хүний мэргэжлээрээ ажилласан хугацааг тоолох зорилготой зохицуулалт биш байсан. Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4.5 дахь хэсэг нь дээр дурдсан иргэдийн мэдээлэлд дурдсан агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд мөн мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчлийг үүсгээгүй болно.

Хоёр. Иргэн Б.Раушан, А.Жархынгүл, М.Манчук, Х.Тасхын нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтад ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;”, 19.6 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцэхгүй байна гэжээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г хуулийн нэр томьёоны тодорхойлолт төдийгөөр зохицуулаагүй бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлд мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг дэлгэрэнгүй хуульчилж өгсөн. Дээрх иргэдийн мэдээлэлдээ дурдсанчлан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн өмгөөлөгч, прокурор, шүүгчийн ажил, албан тушаал эрхлэхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу “мэргэжлээрээ ажилласан” гэж үзэхээр хуульчлагдаагүй болохыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалт, 24 дүгээр зүйл болон бусад заалтуудаас харж болно.

Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалт, 11.1, 19.6 дахь хэсгүүд болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэсэн агуулга бүхий тайлбар ирүүлсэн байна.

            Тав. Монгол Улсын Дээд шүүхээс 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж:

“Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д зааснаар Улсын Дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах эрхтэй бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.6, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгтэй холбоотой маргаан хянан шийдвэрлээгүй байхад энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлэх боломжгүй байна.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан бүрэн эрхийн дагуу Улсын Дээд шүүх 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Шүүхийн тухай /2002 он/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолоор “хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа” гэсэн ойлголтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтуудыг тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэхгүй байх нь эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд нийцнэ.” гэсэн агуулга бүхий тайлбар, мэдээлэл ирүүлсэн байна.

            Зургаа. Монголын Хуульчдын холбооноос 2014 оны 6 дугаар сарын сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“Нэг.

1.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.

Хуулийн энэхүү заалт болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой бусад харилцааг зохицуулсан хуулийн заалтуудаар “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г тодорхой хугацаатай эрхэлсний дараа “хуульч”-д тооцогдох ямар нэгэн зохицуулалт байхгүй.

Энэ талаар мэдээлэл гаргасан иргэдийн мэдээлэлд дурдсан үндэслэл нь бүх шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, сонгон шалгаруулахтай холбогдсон Шүүхийн тухай багц хуулиуд болон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудтай ямар нэгэн байдлаар холбогдох үндэслэлгүй юм.

2.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “...Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна...” гээд 11.1.1-д “...шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах...” ажилтны эрхэлж буй албан тушаалыг хамааруулахаар заасан нь хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрхтэй холбогдсон харилцааг зохицуулсан юм.

“...хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхой хугацаатай эрхэлснээр хуульчид тооцогдохоор заагаагүй...” гэх мэдээлэл гаргагч нарын тайлбартай бид санал нэг байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх үед хуульчийн гэрчилгээ эзэмшиж байсан хуульчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульч”-д тооцох”-оор зааж, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх журмыг тус хуулийн 2 дугаар зүйлээр зохицуулсан.

Энэхүү бүртгэлийн ажиллагаагаар өнөөдрийн байдлаар нийтдээ 4774 хуульчийн гэрчилгээ эзэмшиж байсан хуульч, Хуульчдын холбооны хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд байгаа.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн бүх хүнийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойлсон “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г эрхэлж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэгч субъектын хувьд Монголын Хуульчдын холбоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журам, шаардлагын дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлээгүй байгаа хуульчдын судалгааг гаргах, бүртгэлд хамрагдсан бүх хуульчдыг тангараг өргүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосны дараа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх ажиллагааг шат дараалан зохион байгуулна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтаар тодорхойлогдсон, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даасан байдлаар эрхлэх боломжгүй байгаа бүх хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуульчийн гэрчилгээтэй байсан хүмүүсийг бүгдийг нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн нь тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжоор хуульчийн гэрчилгээ авсан байсан хуульчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, тэдний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулан хамгаалсан зохицуулалт юм.

3.  2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсгийн ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;”, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь ... шүүгчээр ажиллана.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийн “...хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх” гэсэн заалтууд нь шүүх эрх мэдлийг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх, иргэний зөрчигдсөн эрхийн сэргээн эдлүүлэх, гэм буруугийн асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шударгаар шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий онцлог субьект болох шүүгчид тавьж буй тусгай шаардлага бөгөөд энэ нь шүүгч мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй байх, шударга байх явдлыг баталгаажуулж буйгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх чухал хүчин зүйл болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн заалтууд нь “...Шүүхийн ерөнхий зөвлөл...гагцхүү хуульчдаас шүүгчдийг шилж олох,...” тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг төгөлдөржүүлэн зохицуулсан зохицуулалт гэж үзэж байна.

4.  Мэдээлэл гаргагч нар мэдээлэлдээ “...Хуульчдаас шүүгчийг шилж, олох эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд олгосон байдаг ч Шүүхийн ерөнхий зөвлөл энэ эрхээ хэрэгжүүлэх механизм бүрдсэн гэж үзэхэд учир дутагдалтай....анхан шатны шүүхийн шүүгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангасан буюу хуульч мэргэжлийн үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн прокурор, өмгөөлөгчид л өрсөлдөх эрхтэй болж, бусад хуульчдыг мэргэжлээрээ ажиллаагүй гэж үзэж, шалгалтад оруулахаас татгалзсан нь ардчилсан ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдахад хүргэж байна...” гэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргааны субьект биш учир тэдний гаргасан мэдээлэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэж байна.

Харин Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг тухайн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх буюу 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнөх харилцаанд буцаан хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бол энэ тухай асуудлаа Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх ёстой.

Дээр дурдсан үндэслэл, тайлбаруудын хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан...иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Хоёр.

1.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэсэн заалтыг Хуульч сонгон шалгаруулах тухай хууль /2007 оны/[1]-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “...дор дурдсан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй: 12.1.1. эрх зүйн чиглэлээр суралцаж бакалаврын болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшиж, ... мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан;...”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “... хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн...” гэсэн ойлголтуудтай шууд холбон үзэх учиртай.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдан гарсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуучин үйлчилж байсан Хуульч сонгон шалгаруулах тухай хуулиар зохицуулж байсан хуульчийн сонгон шалгаруулалтад оролцох эрх болон хуульчид тавигдах, шаардлагын талаарх зохицуулалтыг шинээр өөрчлөн тогтоосон.

Шинэ, хуучин хуулийн зохицуулалтын хооронд хуульчдын болон хуульчаар ажиллах шаардлагыг хангах зорилгоор эрх зүйч мэргэжлээрээ ажиллаж байсан иргэний эрх зүйн байдлыг хэвээр хадгалах зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд эрх зүйч “мэргэжлээрээ ажилласан хугацаа”-г нь шинэ хуулийн зохицуулалтаар өөрчлөгдсөн “мэргэжлийн дадлага”-д тооцохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрх”-ийг зөрчсөн бус харин эсрэгээрээ эрхийг нь хангасан зохицуулалт болсон гэж үзэж байна.

2.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэсэн заалт өргөдөл гаргагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй, хөндөх ч үндэслэлгүй заалт юм.

Өргөдөл гаргагч Б.Оюунням, Ч.Оюунсайхан, Ц.Содбаяр нар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан субьектэд хамрагдаагүй бөгөөд тэд хуульчийн гэрчилгээ эзэмшигчийн хувьд мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх нь баталгаажигдсан байгаа.

Үүнийгээ ч тэд “...тухайн үед мэргэжлээрээ ажилласанд тооцогдон, хуульчийн гэрчилгээ авсан...” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Энэхүү тайлбарын нэг дэх хэсэгт болон энэ хэсэгт дурдсан тайлбар, үндэслэлүүдээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн заалтын зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалттай огт хамааралгүй тул энэ талаар өргөдөл гаргагч нарын гомдолд дурдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэсэн заалт нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар хуульчийн гэрчилгээ авч, улмаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хуульчдад хамааралгүй заалт юм.

Иймээс хуулийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн  2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...”, 2-т “... хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно...”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх асуудлаар нэр бүхий иргэдийн гаргасан өргөдөл нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

      Долоо. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:

1.   Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заажээ.

                 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг; мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “...мэргэжлээрээ ажилласан...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн хүн эрх зүйч мэргэжил эзэмшдэг. Шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд хуульчийн эрх зүйн байдлыг тодотгосон боловч “хуульч”, “эрх зүйч” гэсэн хоёр үгний ялгааг гаргаж тодорхойлоогүй.

2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 08 дугаар тогтоолд “хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа гэдэгт” эрх зүйч мэргэжлээр хууль зүйн дунд болон дээд боловсрол эзэмшсэн хүн зайлшгүй ажиллавал зохих дараах ажил, албан тушаалд ажилласан хугацааг тооцно гээд үүнд “Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч, өмгөөлөгч, нотариатч, арбитрч, тэдгээрийн туслах ажилтан, нарийн бичгийн дарга” нарыг хамааруулахаар тайлбарласан байна.

Шинээр үйлчилж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2006 оны Шүүхийн тухай хууль болон уг хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тайлбарын дагуу шүүгчийн туслах шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож тэдгээрээс шүүгчээр томилогдон ажиллаж буй хүмүүстэй адил шүүгч болох сонирхолтой, шүүгчид тавих болзол, шалгуурыг хангасан, одоогоор шүүгчийн туслахаар ажиллаж буй хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна.                        

Эрх зүйч /хуульч/ буюу хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн хүн хуульч болохын тулд тодорхой болзол, шаардлага ханган хуульчийн гэрчилгээ эзэмшихийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан нь утгын хувьд зөрчилдөөнтэй болжээ.

Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн ... хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” гээд уг хуулийг дагаж мөрдөх журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульч”-д тооцно.” гэж зааснаар шүүхийн шүүгчийн туслахыг хуульч гэж үзсэн атлаа мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тайлбарлахдаа шүүгчийн туслахын эрх зүйч мэргэжлээрээ ажилласан хугацааг мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулж тооцохоор зохицуулсан нь уг хууль өөрөө зөрчилтэй, хэрэглээний хувьд маргаантай гэж үзэхээр байна.

Хуульчид тавих шаардлагыг өндөржүүлсэн нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчмын салшгүй хэсэг. Шүүгчид нэр дэвшүүлэх шаардлага, хуульчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомж нь хуульчийн мэргэжлийн онцлог, хамрах хүрээ, хуульчдын нийгмийн өмнө хүлээх хариуцлагатай уялдсан тусгай зохицуулалт хэдий ч энэ нь Монгол Улсын Үндсэн хуультай харшилж эрх зүйч мэргэжлээрээ ажилласан, хууль зүйн дээд боловсролтой иргэний шүүгчид нэрээ дэвшүүлэн, сонгон шалгаруулалтад орох эрхийг хязгаарлажээ.

Дээрх зөрчил нь хууль боловсруулах, хэрэгжүүлэх шатанд гарсан алдаа учраас Монгол Улсын иргэнийг санаатай ялгаварлан гадуурхсан гэж үзэх үндэслэлгүй юм.

1.  Иймээс нэр бүхий иргэдийн Үндсэн Хуулийн Цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтууд, мөн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр заалтын 4.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийг зөрчсөн байна.

2.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2-т заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчөөгүй байна.

3.   Шүүгчийн туслахын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн маргаан үүсгэж байгаа нэр, томъёо буюу “хуульч”, “эрх зүйч” гэсэн нэг агуулгатай үгсийг албан ёсоор тайлбарлаагүй тул уг маргааныг шийдвэрлэтэл шүүгчдийн туслахын эрх зүйч мэргэжлээр ажилласан жилийг мэргэжлээрээ ажилласан жилд оруулан тооцохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох;” боломжоор гомдол гаргагчдыг хангах нь зүйтэй гэж үзэж байна.

Хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх үүднээс “хуульч”, “эрх зүйч” гэсэн нэр томьёог эрх бүхий субъект тайлбарласны дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, уг хуультай уялдан гарсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан;” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.” гэсэн байна.

Найм. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2014 оны 9 дүгээр сарын 12- ний өдрийн 71 дүгээр тогтоолоор  томилогдсон шинжээчдийн дүгнэлтэд:

Нэг:  Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь заалт нь зөвхөн Улсын дээд шүүх болон бусад шатны шүүхэд шүүгч томилоход шалгуур болгох үзүүлэлт бөгөөд энэ хэсгийн “мэргэжлээрээ ажилласан гэдэгт хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн байхын зэрэгцээ заавал хуульчийн эрхтэй байх шалгуур тавигдана.

Хууль зүйн дээд боловсролтой байна гэсэн шаардлага нь шүүгч болох этгээд хууль зүйн тодорхой мэдлэг, чадвар, туршлага эзэмшсэн байх агуулгатай байна. Энэ нь ихэнх улсад шүүгч болох этгээдэд тавих үндсэн шалгуур болдог. Шүүгч болох этгээд хууль зүйн мэдлэг чадвартай байхыг шаардаж буй нь заавал “хуульч” байх шаардлагыг давхар агуулж байна. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцолгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” гэсэн нь шүүгчид нэр дэвшигч нь хуульчийн эрхээ авсан байх шаардлагатай болохыг харуулж байна.

Ингэж үзвэл мэргэжлээрээ ажилласан гэдэгт хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйн зохих мэдлэг, чадвар, туршлага эзэмшсэн хуульч хүн энэ эзэмшсэн мэргэжлээрээ тодорхой хугацаагаар ажилласан байхыг ойлгохоор байна. Түүнчлэн хуульчийн эрхээ авсан, мэргэжлийн бусад үйл ажиллагааг эрхэлж буй хуульчийг мэргэжлээрээ ажилласан гэдэгт хамруулан ойлгоно. Тухайлбал, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн эрхээ авсан, хуульд заасан тодорхой хугацаагаар шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилласан этгээдэд Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “мэргэжлээрээ ажилласан” гэдэгт  хамаарна гэж үзэхээр байна.

            Хоёр: Үндсэн хуулийг тайлбарлах онолын үүднээс хэл зүйн, зорилгод үндэслэсэн, түүхэн, үр дагаврыг харгалзан тайлбарлах зэрэг хэд хэдэн төрлийн арга байдгаас Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэргэжлээрээ ажиллах” гэсэн ойлголтыг Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс уг зүйл, заалтын агуулга, зорилготой нийцүүлэн тайлбарлах нь зүйтэй юм. Энэ зүйлд заасан “мэргэжлээрээ ажиллах" гэдэг нь Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын зарчимтай нягт уялдаатай ойлголт бөгөөд эдгээр зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн бичвэрт шүүгчээр томилогдох этгээдэд тавигдах шаардлагад хууль зүйн дээд боловсролтой этгээд хуулийн мэргэжлээрээ тодорхой хугацаагаар ажилласан байх шалгуурыг тусгажээ. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн ойлголт нь зөвхөн шүүгчид хамаатай бус, бүх хуульчдын эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалттай холбоотой өргөн хүрээг хамарсан ойлголт гэж үзэж байна.

Дээрх хоёр ойлголтын аль аль нь шүүгчид тавигдах шаардлагыг тусгасан байгаа нь дүйцүүлэн авч үзэх боломжтой гэсэн үг биш.

Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсний дагуу аливаа хуулийн зохицуулалт Үндсэн хуульд нийцсэн байх, агуулгын хувьд ойролцоо ойлгогдохоор байх нь тухайн хуулийн зүйл заалтыг Үндсэн хуулийн зүйл заалттай дүйцүүлэн ойлгох үндэслэл болохгүй. Хууль Үндсэн хуульд нийцсэн байх болон хуулийн заалтыг Үндсэн хуультай дүйцүүлэн ойлгох гэсэн хоёр ойлголт нь ялгаатай. Дүйцүүлэн ойлгох гэдэг нь адилтгаж үзэх гэсэн санааг агуулж буй тул хуулийн эрэмбийн үүднээс хууль тогтоомжийг Үндсэн хуультай адилтган үзэх боломжгүй юм.

Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэргэжлээрээ ажилласан” гэдэг ойлголтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн ойлголттой шууд дүйцүүлэн ойлгох боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж байна.” гэжээ.

            ҮНДЭСЛЭЛ:

            1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” хэмээн тодорхойлсон нь “мэргэжлээрээ ажиллах” гэсэн ойлголтыг “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэх ойлголтоор хэт явцууруулан хууль зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэдийн эрхийг хязгаарлаж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг, мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт,  Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн  холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан иргэдийн өргөдөлд дурдсан зөрчил бүхий асуудал нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтын суурь үзэл баримтлал, агуулгыг зөрчсөн асуудал биш, харин Шүүхийн ерөнхий зөвлөл хууль буруу хэрэглэсэн тохиолдол байх бөгөөд өргөдөл гаргагчид энэ талаарх гомдлоо ердийн шүүхэд хандах байдлаар шийдвэрлүүлэх боломжтой болно.

            3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл, заалт нь өөр хоорондоо агуулгын зөрчилтэй байгаа асуудал нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох саналаа Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль санаачлагчид уламжлах эрх нь иргэдийн хувьд нээлттэй болно.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

            1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…Хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дэх хэсгийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…Хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэснийг зөрчөөгүй байна.

3.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсгийн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “... ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

4.  Монгол Улсын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үйлчлэлийг нь түтгэлзүүлсүгэй.

            5. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

                        ДАРГАЛАГЧ                              Н.ЖАНЦАН

                        ГИШҮҮД                                    П.ОЧИРБАТ

                                                                            Ш.ЦОГТОО

                                                                            Д.НАРАНЧИМЭГ

                                                                            Д.ГАНЗОРИГ

[1] Энэ хуулийг 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болгосон бөгөөд 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.