A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ, ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БАЙГАА ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХА
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ, ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БАЙГАА ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 06

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

22.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Лхагважав, өмгөөлөгч Б.Баярсайхан, өргөдөл гаргагч, иргэн Д.Ламжав, Р.Бурмаа, Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар оролцлоо.

Нэг.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ:

“Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж дараахь хуулиудад Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудаар олгогдсон эрхээ хэтрүүлэн эцсийн найруулгыг хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулан засвар оруулсан байна. Үүнд:

1.2006 оны 6 дугаар сарын 29-ны өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулга, мөн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульд засвар хийсэн болох нь эдгээр хуулиудын хувийн хэрэгт авагдсан материалууд, Улсын Их Хурлын гишүүдэд тараасан болон Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор хэвлэсэн эхээс харьцуулан үзэхэд тодорхой болно.

Улсын Их Хурлын дарга дурьдсан хуулиудын эцсийн найруулгыг Улсын Их Хуралд сонсгосны дараа Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр засвар хийсэн, эсвэл найруулгыг Улсын Их Хуралд сонсгоогүй, түүнчилэн уг хуулиудыг хугацаа хэтрүүлэн ёсчилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 51.1, 51.2, 51.4 дэх заалтуудыг зөрчсөн. Улсын Их Хурлын дарга энэ дэгийн 51.1.1, 51.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцсийн найруулгыг хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж болно /51.2/ гэж заасан эрх мэдлийг хэтрүүлэн агуулга, зарчмын өөрчлөлтүүдийг хийсэн байна.

Түүнчлэн уг дэгийн 51.4-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ дэгийн 51.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэсэн заалтыг дээр дурдсан хуулиудыг ёсчлох, батлах, хууль хүчинтэй болгох хүртэлх ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж өөрийн бүрэн эрхийг хэтрүүлэн ашиглаж Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхэд ноцтой халдсан байна.

Улсын Их Хурлын даргын энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал… хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг өөрийн онцгой эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн эсэх, хэрэв Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ламжав, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Р.Бурмаа нар 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“1.Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж “Ашигт малтмалын тухай” болон “Авлигын эсрэг” хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа тэдгээрт их хэмжээний засварыг өөрөө хийсэн буюу бусдаар хийлгэсэн, ингэх эрхийг Улсын Их Хурлаас шилжүүлж авч болдог мэтээр хууль зөрчсөн мэдэгдэл хийсээр ирсэн, дэгээ аль болох бага зөрчих үүднээс энэхүү засвараа ядаж Улсын Их Хуралд буцаан танилцуулж Улсын Их Хурлаас зөвшөөрөл авсны дараа ёсчлох дэгийн наад захын шаардлагыг үл хайхран шууд ёсчлон албан ёсоор нийтлүүлсэн зэрэг нь Үндсэн хуулиар, хуулиар болон Улсын Их Хурлын бусад шийдвэрээр түүнд олгосон эрх хэмжээг санаатайгаар урвуулан ашигласан үйл ажиллагаа байсан юм.

2.Үндсэн хуулиар тогтоосон ардчиллын үндсэн зарчимд бүдүүлгээр халддаг болсон Улсын Их Хурлын даргын энэхүү үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор энэхүү өргөдлийг бичигч нар болон бусад нэр бүхий иргэдийн мэдээлэл, гомдлын дагуу Цэцийн 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр магадлалаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Гэтэл үүний дараа 2007 оны 2 дугаар сарын 7-нд энэ хоёр хуулийн албан ёсоор нийтлэгдсэн бичвэрийг Улсын Их Хуралд танилцуулсан нь нэг талаасаа, “нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэгчээр хөгтэй явдал болсон боловч, нөгөө талаасаа хууль зөрчигдсөний яах аргагүй баримт болсон юм.

3.Өмнө дурьдсан магадлалын дагуу Цэцийн их суудлын хуралдааны 2007 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 03 дугаар дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн оройлон манлайлсан маргаанд холбогдох үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорьдугаар зүйлийн “Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-ийн “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон.

4.Цэцийн энэхүү дүгнэлтээр Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1-ийн “Үндсэн хуульд… нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ. Энэ нь, нэг талаасаа Улсын Их Хурлын дарга Нямдоржийн эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай шууд холбогдож байгаа тул түүний иргэн болохын хувьд биш, албан тушаалтан гэдэгтэй нь, нөгөө талаас Улсын Их Хурлын дарга бол байгууллага биш гэж үзсэнтэй холбоотой дүгнэлт бололтой.

Харин Улсын Их Хурлын зарим гишүүн, жишээлбэл Сангийн сайд Баяртсайханы олсон шиг “Нямдорж даргыг Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэх мөртлөө, түүний үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн” гэсэн утгатай дүгнэлтийг Цэц гаргаагүй.

5.Цэцийн 3 дугаар дүгнэлтийн үндэслэл дотор “2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргах асуудлыг Үндсэн хуулийн цэц эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хэлэлцэх тул өргөдөл гаргагч иргэдийн энэ талаар тавьсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна”, мөн дүгнэлт гаргах хэсэг дотор “3.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай” гэсэн нь Улсын Их Хурал болон Цэц Үндсэн хуулиар оноогдсон бүрэн эрхээ харилцан итгэлцлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхэд, Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг хэрхэн биелүүлэхэд чиглэсэн маш чухал тайлбар байжээ.

Өргөдөл гаргагч иргэдийн зарим нь 3 дугаар дүгнэлтийг гарсан даруйд Цэц Үндсэн хуулиар иргэнд олгогдсон нэгэн төрлийн эрхийг хурааж авах оролдлого хийлээ гэж шүүмжилж байсан боловч Улсын Их Хурал дээр хийсэн Цэцийн тайлбар болон хариултуудаас ийм оролдлого хийгээгүй, харин ч Цэц маш зохистой шийдвэр гаргажээ гэсэн хувийн дүгнэлтэд хүрлээ. Учир нь, Үндсэн хууль зөрчсөн даргынхаа үйл ажиллагааг залруулах бололцоог юун түрүүн, даргаа сонгосон Улсын Их Хуралд олгосон байна. Хуулийн дагуу Улсын Их Хурал дараахь шийдвэрүүдийн аль нэгийг гаргах ёстой байлаа:

1/ Нямдорж даргыг огцруулах эсэх асуудлыг шууд хэлэлцэх,

2/ Нямдорж даргыг огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор цэцэд хүсэлт гаргах,

3/ Нямдорж даргаас ам өчгийг нь авах замаар цаашид Үндсэн хууль зөрчсөн ийм үйл ажиллагааг давтахгүй байх баталгааг бий болгох.

6. Улсын Их Хурал энэ чиглэлд ганц ч алхам хийсэнгүй. Үндсэн хууль зөрчсөн даргынхаа үйл ажиллагааг залруулах буюу хариуцлага тооцохын оронд Цэцийн эсрэг улс төрийн ил болон далд дайралт хийхэд үйл ажиллагаагаа чиглүүллээ. Цэцийн 03 дугаар дүгнэлтээр Улсын Их Хурлын даргын тодорхой үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчөөд байна гэдгийг тогтоосон болохоос энэ зөрчил нь Улсын Их Хурлын ямар нэгэн шийдвэрээс болсон гэж дүгнээгүй юм. Гэтэл Улсын Их Хурлын олонхи асуудлын гол нь даргад биш, хууль болон шийдвэрүүдэд байгаа мэтээр, даргынхаа бурууг бусад руу чихэх арчаагүй аргаар хандав.

Үндсэн хууль зөрчсөн энэ хууль бус хамгаалалтад эрдсэн Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн алдаагаа засах байтугай түүнийгээ улам лавшруулна гэж Улсын Их Хурлын индэр дээрээс, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ил тод мэдэгдэн сагсуурч танхайран, хажуугаар нь рекетлэх маяг эсгэж, бас элдэв цуурхал тараах боллоо. Ийнхүү Улсын Их Хурал Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллагын үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж байна.

7.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа энэ тохиолдолд “Үндсэн хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдвол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн үйл ажиллагаа нь түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор Цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрх” Үндсэн хуулиар иргэнд олгогдсон гэж үзэж байна. Үүнийг давхар нотлох Цэцийн дүгнэлт болон тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.

Цэцийн 3 дугаар дүгнэлтээр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ дэх заалтыг зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдсон Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн үйл ажиллагаа болон Цэцийн их суудлын хуралдааны энэхүү шийдвэрийг эсэргүүцсээр байгаа нь түүнийг Улсын Их Хурлын даргаас огцруулах үндэслэл болох эсэхийг тогтоож өгнө үү” гэжээ.

Гурав.Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/3040 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“УИХ-аас 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгосон зөвшөөрөл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн 51.2-т заасныг үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй дараахь засвар хийсэн болно. Энэ талаар нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасантай холбогдуулан дор дурдсан нэмэлт тайлбар өгч байна. Үүнд:

Нэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд хийсэн бүтцийн шинжтэй засвар:

1.Төслийн 1 дүгээр зүйлийг 2 зүйл болгон салгаж "иргэн хуулийн этгээдийн импортолсон болон экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд" гэсэн хэсгийг 3 дугаар зүйл болгон томъёолсон.

2. "Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх, тайлагнах" гэсэн 16 дугаар зүйлийг "Импортын бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах" гэсэн 17 дугаар зүйлтэй нэгтгэж 16 дугаар зүйлийг "Бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах" гэж гарчигласан. Энэ шалтгаанаар 18 зүйлтэйгээр батлагдсан хуулийн ерөнхий дугаар хэвээр хадгалагдсан боловч зүйлийн дэс дугаар болон зүйлийн доторхи ишлэл татсан дугаарууд өөрчлөгдсөн.

Хоёр. Найруулга, үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засвар

1. 4.1.10-ын "нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа үйлдвэрлэж, ажил гүйцэтгэн, үйлчилгээ үзүүлэн" гэснийг "энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж" гэж найруулсан. Учир нь 3 дугаар зүйлд энэ бүх үг байгаа.

2. 5.2-ын эхний 2 мөрний "бараа борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлснээс олсон" гэснийг "борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний" гэж найруулсан.

3. 6.1-ийн "заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон" гэснийг "заасан нөхцөл хангасан" гэж найруулсан /энэ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгийн орлого олсон гэдэг нөхцөл/.

4. 6.2-ын "хуульд заасан бараа борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн" гэснийг "хуулийн 4.1.10-т заасан" гэж найруулсан.

5. 6.3-ын "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн" гэснийг "энэ хуулийн 6.2 -т заасан" гэж найруулсан.

6. 6.5-ын "6.4.1, 6.4.2" гэснийг "6.4" гэж найруулан "орлогын албан татварын тайлан" гэдэг үгийн байрыг сольсон.

7. 6.9, 6.10-ын "нэг бүлэгт хамаарах хуулийн" гэснийг "Энэ хуулийн 6. 7-д заасан" гэж найруулсан.

8. 7.1.1-д "бүх төрлийн" гэсэн үг оруулсан, энэхүү "бүх төрлийн" гэдэг үг нъ 4.1.2, 7.1.3-т байгаа болно.

9. 7.1.2-ын "гадна" гэдэг үгийг "гадаад улсад" гэж найруулан "бүх төрлийн" гэдэг үгийг энэ тайлбарын 8-д заасны дагуу болон 7.1.3-т заасан учраас оруулсан.

10. 7.1.4 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул салгаж 7.1.4, 7.2 гэсэн 2 заалт болгосон, үүнээс шалтгаалан зүйлийн доторхи дугаарууд өөрчлөгдсөн.

11. 7.3.4-ийн "бусад этгээдэд өрийн төлбөрийг бараагаар гүйцэтгэх" гэснийг "өр төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах" гэж найруулсан.

12. 7.4.8-ын "бусад этгээдэд өр төлбөрийг ажил, үйлчилгээгээр гүйцэтгэх" гэснийг "өр төлбөрийг ажил, үйлчилгээ үзүүлэх замаар хаах" гэж найруулсан.

13. 7.5.1 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсныг салгаж 7.5.1, 7.6 дахь заалт болгосон.

14. 8 дугаар зүйлийн 8.1-д "дор дурдсан журмаар ногдуулна" гэсэн үг нэмж бусад хэсгүүдэд дахин дахин давтагдсан "нэмэгдсэн өртгийн албан татварт ногдуулна" гэснийг хураангуйлсан, түүнчлэн 5.1-д байгаад орхигдсон "экспортлосон" гэдгийг нэмсэн.

15. 8.2-ыг 2 салгаж 8.2, 8.3 болгон найруулсан.

16. 9 дүгээр зүйлийн заалт болгонд "тодорхойлно." гэж давтагдсан тул ийм давталт гаргахгүйн тулд "9.1. Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг дор дурдсан журмаар тодорхойлно" гэсэн найруулга хийж бусад хэсэгт байсан "тодорхойлно" гэснийг хассан, түүнчлэн 9.5, 9.6-г 9.1.4, 9.1.5 болгон дэс дарааллын засвар хийсэн.

17. 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.4, 10.5-д "нэмэгдсэн өртгийн" гэж тодотгосон, учир нь 10.1-д ийм томъёоллоор орсон. Ер нь "нэмэгдсэн өртгийн албан татвар, албан татвар, татвар" гэсэн 3 өөр үг хэрэглэсэн байсан тул нэр томъёог жигдэлсэн. 12 дугаар зүйлийн 12.1-д мөн ингэсэн.

18. 12 дугаар зүйлийн 12.1.1.а, 12.1.1.6, 12.1.2.а, 12.1.2.6, 12.1.2.в-г тус тус нэгтгэж 12.1.1, 12.1.2 болгож найруулсан, түүнчлэн 12.1.3-ын "Монгол Улсын гадна" гэдгийг "гадаад улсад" гэж найруулсан.

19. 12.1.4 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул "Монгол Улсын нутаг дэвсгэрт байсан хөдлөх буюу үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд мөн хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй" гэсэн 12.1.4.а заалтыг 12.2 болгон 12.1.6-ын дараа шилжүүлсэн, мөн 12.1.6-ын "нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ "О" хувътай тэнцүү байна" гэсэн нь 12.1-тэй давхардсан тул хасч найруулсан.

20. 12.4.1, 12.4.2-ын "төлөөлөх" гэснийг "төлөөний" гэж найруулан 12.4.2-т "буюу байрладаг" гэж нэмсэн, учир нь 12. 4-т "иргэн хуулийн этгээд" гэж байгаа бөгөөд "хуулийн этгээд" нь оршин суудаггүй харин байрладаг.

21. 13.1.2-ын "төлөөлөгчийн" гэсний дараа "болон консулын газар" гэж нэмсэн, учир нь 13.1.3-т ийм нэр томъёо байсан тул жигдэлсэн. Түүнчлэн "олон улсын байгууллага" гэснийг "НҮБ түүний төрөлжсөн салбарын" гэж найруулсан.

22. "Арван мянган төгрөгөөс доош үнэтэй бараа, ажил, үйлчилгээг нэг удаа худалдан авахад энэ хуулийн 13.1.3 дахь заалт хамаарахгүй" гэсэн 13.1.3.а-г 13.3 болгон 13.2-ын дараа байршуулсан.

23. 13.1.6 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул салгаж "энэ заалтад дээрх зориулалтын бус автомашинд хамаарахгүй" гэсэн хэсгийг 13.4 болгон "тусгай зориулалтын бус автомашин худалдаж авахад энэ хуулийн 13.1.6 дахь заалт хамаарахгүй" гэж найруулсан.

24. 13.1.8 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул "худалдан борлуулах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр буюу түүний хэсэгт 12.1.8 дахь заалт хамаарахгүй" гэсэн 13.1.8. а-г 13.5 болгон доош шилжүүлсэн. /Ер нь үсгийн дугааргүй болгох, түүнчлэн нэг заалтад 2 өгүүлбэр оруулахгүй байх зориулалтаар ийм техникийн засвар хийсэн/.

25. 13.6.6-д "мөнгөн хөрөнгийг байршуулсны" гэж тодотгол хийсэн. Учир нь "Сангийн хүүг олгох үйлчилгээ" гэж угаасаа байхгүй.

26. 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул "эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаанд 12.2.4 дэх заалт хамаарахгүй" гэсэн 13.2. 4. а-г салгаж 13.8 болгож томъёолсон.

27. 13.6.14 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул нэг өгүүлбэр болгон томъёолж уг заалтын сүүлчийн "Энэ заалтад жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй" гэсэн өгүүлбэрийг 13.9 болгон салгаж томъёолсон.

28. 13.11-ийн хашилтанд байсан өгүүлбэрийг үндсэн өгүүлбэртэй нъ нэгтгэн томъёолсон.

29. 14.1.4 дэх заалт 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул сүүлчийн "харин хөдөө аж ахуйн анхдагч түүхий эдийг импортлох болон худалдан авч зуучлан борлуулахад энэ заалт хамаарахгүй" гэсэн хэсгийг 14.2 болгон салгаж томъёолсон.

30. 14.4.1 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул /суудлын автомашин/ 14.3.1.а-г нь 14.5 болгон салгаж томъёолсон.

31. 15 дугаар зүйлийн заалтуудын байршлыг дотор нь сольж цэгцэлсэн бөгөөд 15.3 /нэг бүлэгт хамаарах этгээд/-ыг 15.4, 15.4 /үйлдвэрлэгч-экспортлогч/-ийг 15.5 болгон байршуулсан.

32. 16.1-ийг 2 салгаж "тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар" гэснийг 16.1.1 болгон салгаж томъёолсон.

33. "импортын бараанд НӨАТ ногдуулах, төлүүлэх ажлыг гаалийн байгууллага хариуцна" гэж 16.2.1-д, "тайлангийн маягтыг Улсын гаалийн ерөнхий газрын дарга батална" гэж 16.3-т тус тус заасан учраас 16.2.3-т "Улсын Гаалийн ерөнхий газар" гэж тодотгосон болно.

Гурав. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд хийсэн бүтцийн шинжтэй засвар

1. 4.1.8-ыг 6 дугаар зүйл болгон "Харилцан хамаарал бүхий этгээд" гэж гарчигласан /доторх заалтад агуулгын өөрчлөлт ороогүй/.

2. "Албан татвараас хөнгөлөх" гэсэн 19 дүгээр зүйлийг "Хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт" гэж 20 дугаар зүйлтэй нэгтгэсэн.

Бүтцийн шинжтэй дээрх өөрчлөлтөөс шалтгаалан батлагдсан хуулийн ерөнхий дугаар өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл 22 зүйлээс бүрдсэн ерөнхий бүтэц нь хэвээр байгаа боловч зүйлийн дэс дугаар болон зүйлийн доторхи ишлэл татсан дугаарууд өөрчлөгдсөн.

Дөрөв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульп хийсэн найруулга, үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засвар

1) 3 дугаар зүйлийг дугаараар ангилж "төлөөлөх байрт" гэснийг "төлөөний газарт" гэж найруулсан.

2) 4 дүгээр зүйлийн 4.1.1-ийн "Монгол улсаас бусад" гэснийг "гадаад" гэж үг хэллэгийг зассан.

3) 4.1.5-ын "татварын хууль тогтоомжийн дагуу" гэснийг "орлогын" гэж үг хэллэгийг зассан.

4) 4.1.5-д "тэдгээртэй адилтгах хуулийн этгээдийг" гэж байсан тул 4.1.6-ын "аж ахуйн нэгжийг" гэснийг "этгээдийг" гэж үг хэллэгийг зассан.

5) 5 дугаар зүйлийн "оршин суугч, оршин суугч бус" гэснийг "байнга байрладаг, байнга байрладаггүй" гэж үг хэллэгийн засвар хийж Иргэний болон бусад хууль тогтоомжийн үг хэллэгтэй нийцүүлсэн, учир нь "хуулийн этгээд байрладаг", "иргэн оршин суудаг" гэсэн ойлголт хуульд байдаг.

6) 5.5-ыг 5.6-тай нэгтгэж "төлөөлөх газар" гэснийг "төлөөний газар" гэж үг хэллэгийн засвар хийсэн.

7) 8.1.4 хоёр өгүүлбэрээс бүрдэж байсан тул салгаж 8.1.4, 8.1.5 болгосон.

8) 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.2.5, 9.2. 6-ын "ашиглах" гэснийг "ашигласны төлбөр" гэж үг хэллэгийн засвар хийсэн, түүнчлэн "эдэлсний төлбөр", "ашигласны төлбөр" гэсэн 2 өөр үг байсан тул 9.2-оос "эрхүүдийг хууль тогтоомжийн дагуу эдэлсний төлөө төлж байгаа" гэснийг хассан.

9) 11.1-д үг хэллэгийн засвар хийж 6 дугаар зүйлийг иш татсан, учир нь нэг үг, өгүүлбэрийг хэтэрхий олон давтсан тул зайлсхийх зорилгоор ингэсэн, түүнчлэн 11.2-т 7.5, 11.1-ийг иш татсан.

10) 12.1.13, 12.1.16, 12.1.19, 12.1.25, 12.1.26 дахь заалтууд 2 өгүүлбэрээс бүрдсэн байсан тул салгаж 12.1.13-ын сүүлчийн өгүүлбэрийг 12.3, 12.1.16-ын сүүлчийн өгүүлбэрийг 12.4, 12.1.19-ын сүүлчийн өгүүлбэрийг 12.5, 12.1.25-ын сүүлчийн өгүүлбэрийг 12.6, 12.1.26-ын сүүлчийн өгүүлбэрийг 12.7 болгон тус тус томъёолсон.

11) 12.8.1, 12.8.2-ын "албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарахгүй" гэсэн өгүүлбэр давхардсан тул "12.8. Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана" гэсэн толгойн өгүүлбэр хийж дээрх 2 заалтын дээр дурдсан төгсгөлийн үгийг хассан.

12) 13.2-ыг хүснэгтэд оруулсан.

13) 12 дугаар зүйл нь "Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал" гэсэн гарчигтай бөгөөд уг зүйлийн 12.1.7-д зээлийн хүүг оруулсан /хасагдах зардалд/ тул 14 дүгээр зүйлийн гарчгийг 3 дугаар бүлэг болон 12 дугаар зүйлийн гарчигт нийцүүлэн "Албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд хамрах зээлийн хүү" гэж найруулсан. /Уг нь "Хүүгийн зардал" гэсэн гарчигтай байсан/

14) 16.6-ын "төлбөрт таавар, бооцоот тоглоом, хонжворт сугалааны орлого", 16.8-ын "хувьцаа, үнэт цаас" гэсэн үг тус бүр 2 дахин давтагдсан тул хасч найруулсан.

15) 17.1-ын татвар ногдуулах орлогын хэмжээг үгээр илэрхийлж найруулсан.

16) 18.2-ын эхний 3 мөрийг "Энэ хуулийн 18.1.2 -т заасан" гэж найруулан давталтыг арилгасан.

17) 19.1-д нэрлэж заасан бүтээгдэхүүнийг дэс дараалалд оруулж дугаарласан.

18) 19.2 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул "тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална" гэснийг 19.7 болгон тусад нь томъёолсон.

19) 20.2 -ын "албан татвар төлөгчийн татварын тайлангаар гарсан" гэснийг "Энэ хуулийн 20.1 -д заасан" гэж, 20.3-ын "албан татвар төлөгчийн татварын тайлангаар гарсан" гэснийг "энэ хуулийн 20.2 -т заасны дагуу" гэж найруулан давталтаас зайлсхийсэн.

20) 21.4-ын "татварын жилд төлөх албан татвараа татварын албанаас" гэснийг "энэ хуулийн 21.3-т зааснаар" гэж найруулсан.

21) 21.5 дахь заалт 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул салгаж сүүлчийн өгүүлбэрийг "суутгагч нь энэ хуулийн 21.5, 21.6-д зааснаар суутгасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор улирал бүр өссөн дүнгээр, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор гаргаж харьяалах татварын албанд тушаана" гэж 21. 7 болгон шилжүүлсэн болно гэжээ.

Дөрөв. Иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

“1.Ашигт малтмалын тухай хууль болон Авлигын эсрэг хуульд засвар хийн тэдгээрийг ёсчлохтой холбогдсон Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн үйл ажиллагаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн гэдгийг Цэц 2007 оны 3 дугаар дүгнэлтээрээ тогтоосон. Энэхүү зөрчлийн гол цөм нь хийгдсэн засварыг Улсын Их Хуралд буцаан танилцуулж, Улсын Их Хурлаас зөвшөөрөл авахгүйгээр шууд ёсчилсонд байгаа юм.

Бүрэн бус тооцоогоор, Ашигт малтмалын тухай хуулийн 130 заалтад, Авлигын эсрэг хуулийн 70 заалтад ямар нэгэн засвар хийгдсэн бөгөөд ийнхүү засварлагдсан зүйлс нь Улсын Их Хуралд танилцуулагдалгүй ёсчлогдсоноор үл барам “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэн нь дур зоргоор авирласан үйл ажиллагаа байсныг Дэгийн 51.1-51.4 заалтууд нотолж байна. Үндсэн хууль зөрчсөн энэ үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж идэвхийлэн оролцож, түүнийг оройлон манлайлж байсныг нэгдсэн болон байнгын хороодын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглүүд, Ц.Нямдорж даргын зохион байгуулсан хэвлэлийн бага хурлуудын материалууд, тэдгээрийн дүрс бичлэгүүд давхар давхар нотолж байна.

2.Хууль тогтоох болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарна гэж Үндсэн хуулиар тогтоосон. Гэтэл Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж, мөн чанартаа энэхүү бүрэн эрхийг өөртөө эсвэл тодорхой хэсэг хүнд шилжүүлж болдог мэтээр, тэр ч байтугай Улсын Их Хурал энэхүү эрхээ өөрт нь шилжүүлсэн мэтээр ярьж байна.

Энэхүү бүрэн эрхийг алх тогших төдийхнөөр байтугай, Улсын Их Хурал дээрх хамгийн хариуцлагатай санал хураалтаар ч шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ингэхийг Үндсэн хууль зөвшөөрөхгүй гэдгээ “онцгой” гэдэг тодотголоор илэрхийлсэн. Гэтэл Ц.Нямдорж дарга түүнийг “шилжүүлж авсан” буюу өөрийн нь хэлдгээр “Улсын Их Хурлаас даргад эрх олгосон” гэж мэлзэн өөрийн үйл ажиллагааг зөвтгөхийг оролдож байна.

3.Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж өөрийн үйл ажиллагааг зөвтгөхийн тулд Дэгийн 51.2 заалтыг мушгин гуйвуулж байгаа юм. Тэнд “…эцсийн найруулгыг хянахдаа /батлагдсан шийдвэрийн/ агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найрлага, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж болно” гэжээ. Эрхэм дарга “би агуулга, бодлого, зарчмыг алдагдуулсан ямар засвар хийсэн юм бэ”, “би шударга ёсыг яаж зөрчсөн юм бэ?” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Асуудлын гол нь ямар засвар хийсэнд биш, харин хийсэн засвараа Улсын Их Хуралд танилцуулж ёсчлох зөвшөөрөл авах тухай Дэгийн 51.1.3 заалтыг зөрчсөнд байгаа юм. Дэгийн энэхүү заалт нь ард түмний элч нараас бүрдсэн Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхийг хамгаалахад чиглэсэн процессын зохицуулалт юм.

Эрхэм даргын нийтэд зарлан мэдэгдэж байгаагаар, Улсын Их Хурлын энэ бүрэлдэхүүний хуулийн мэдлэг тааруу, өөрөө ерэн оноос хойш хууль гэдэг юмтай махран ноцолдож байгаа цөөхөн хуульчдын нэг, энэ мэт нөхцөл байдлаас болоод ийм эрхийг шилжүүлж авсан бөгөөд тэрээр Монголын парламентын анхны хуульч дарга, цаашид ийм даргатай байж ард түмэн хуультайгаа нөхөрлөж чадах эсэх талаар санаа зовдог аж. Парламентыг “бага ард түмэн” гэж ёжилдог нь ортой зүйл бөгөөд түүний гишүүдийн хуулийн мэдлэгийн дундаж түвшин өндөр биш байж болно. Улсын Их Хурлын Тамгын газар ямар үүрэгтэй билээ?, Улсын Их Хурал болон түүний гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх. Улсын Их Хурлын дарга ямар үүрэгтэй билээ?, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, Тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах. Улсын Их Хурлын тухай хуульд ийм агуулгаар хуульчлан заажээ. Энд Улсын Их Хурал болон түүний гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслана, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулна гэснээс биш, энэхүү бүрэн эрхийг нь бусдад шилжүүлэн “хялбарчил” гэж заагаагүй байна. Энэхүү хялбарчилсан явдлыг нэгдүгээрт шударга ёсонд, хоёрдугаарт ардчилсан ёсонд, гуравдугаарт хуулиар удирдуулах зарчимд нийцэж байна уу? Мэдээж нийцэхгүй байна.

Ц.Нямдорж дарга өөрийн үйл ажиллагааг зөвтгөхийн тулд нийгэмд цуурхал дэгдээх, иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийн эсрэг дайралт хийхэд Улсын Их Хурлын даргын суудал болон эрх мэдлийг урвуулан ашиглах замаар бохир улс төр хийсээр байна. Түүний үзэж байгаагаар, Үндсэн хуулийн энэхүү маргааныг 2008 оны Улсын Их Хурлын сонгууль нүдэнд нь харагдсан хүмүүс захиалгаар үүсгэсэн, Цэцийн 3 дугаар дүгнэлт ч бас захиалгаар гарсан, захиалагч нь Ерөнхийлөгчийн засаг тогтоохыг санаархагч Үндсэн хуулийн эсрэг гэмт бүлэглэл, Монголын ардчиллын амин сүнс-парламентын ардчиллыг тууштай хамгаалж буй түүн дээр энэхүү гэмт бүлэглэлийн зүгээс ил болон далд хэлбэрийн явуулга, өшөө авалт удаан хугацаагаар үргэлжилж байгаа аж. Иймээс тэр Үндсэн хуулийн цэцийн 3 дугаар дүгнэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, түүний зөв байсныг цаг хугацаа харуулах гэнэ.

4.Монголд Үндсэн хуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхийг Үндсэн хуулиар Цэцэд олгосон. Үндсэн хууль зөрчигдсөнийг Цэц тогтоосон бол холбогдох зөрчлийг залруулж Үндсэн хуульд нийцүүлэх үүргийг Үндсэн хуулиар Улсын Их Хуралд оногдуулсан. Энэхүү зөрчлийг шийдвэрийн, албан тушаалтны үйл ажиллагааны гэсэн хоёр хэсэгт болгоомжтойгоор хувааж болдог. Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг Цэцийн дунд суудлын хуралдаанаар түдгэлзүүлэх бөгөөд хэрэв Улсын Их Хурал зөвшөөрөөгүй бол Цэцийн их суудлын хуралдаанаар хүчингүй болгодог. Хэрэв дунд суудлаар алдаатай дүгнэлт гарсан бол түүнийгээ их суудлынхаа хуралдаанаар залруулах боломж ч Цэцэд байдаг. Албан тушаалтны Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг Цэц шууд их суудлаараа тогтоон дүгнэлт гаргадаг тул түүнтэй төрийн байгууллага, албан тушаалтан маргах хууль зүйн үндэслэл байдаггүй учраас Улсын Их Хурал тухайн албан тушаалтанд огцруулах буюу эгүүлэн татах хүртэл хариуцлага тооцоход чиглэсэн бодитой арга хэмжээ авах хуультай. Цэцийн 3 дугаар дүгнэлтээр Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон байтал Улсын Их Хурал, мөн чанартаа энэ талаар авч хэлэлцсэнгүй. Ингэснээрээ Улсын Их Хурал Үндсэн хуулийн “70.1 доторх: Үндсэн хуульд аливаа байгууллагын үйл ажиллагаа нийцсэн байвал зохино. 70.2 Үндсэн хуулийг мэдэгтүн, сахигтун” гэсэн заалтуудыг зөрчлөө.

5.Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл болон цөөнхийн зарим гишүүн огцруулах эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал оруулсан бол МАХН-ын бүлгийн гишүүд энэ саналын эсрэг зөрчлийг арилгуулах асуудлыг хэлэлцүүлэх альтернатив саналыг дэмжсэн байна” гээд хоёрдахь санал хэрхэн дэмжигдсэнийг хүснэгтээр үзүүлсэн байна.

Мөн “Зөрчлийг арилгуулах” гэдгийн дор Хувьсгалт намын бүлгийн гишүүд хуулийн дагуу байвал зохихоос ихээхэн өөр зүйлийг, Улсын Их Хурлын даргад ямар нэгэн зэм хүлээлгэхгүй байх тийм зүйлийг шургуулахаар санаархаж байсан нь тэдний Байнгын хорооны болон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгнээс тодорхой байсан гээд зарим гишүүдийн хэлсэн үгнээс жишээ татжээ.

6.Энэхүү “зөрчлийг арилгуулах” гэдэг оньсогыг тайлах ажлын хэсгийг Ц.Нямдорж дарга хаврын чуулганы нээлт дээр санал болгосны дагуу дэд дарга Д.Лүндээжанцангийн захирамжаар байгуулан, тодорхой санал оруулж ирэхийг Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороодод даалгажээ. Ер нь Цэцийн 3 дугаар дүгнэлттэй холбогдсон аливаа асуудлыг байнгын хороод болон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Ц.Нямдорж даргын оролцоо хэтэрхий их байсан нь яах аргагүй сонирхлын зөрчлийг дэврээж, асуудлыг хуулийн дагуу шийдэхэд саад учруулжээ.

7.”Зөрчлийг арилгуулах” саналыг Улсын Их Хуралд оруулах үүрэг авсан Хууль зүйн байнгын хороо өмнө дурдсан ажлын хэсгийн саналыг хэлэлцсэн байна. Ажлын хэсэг Авилгалын эсрэг хуульд оруулсан 5 засварыг агуулгын, бодлогын буюу зарчмын хэмээн үзэж анхны батлагдсан байдлаар нь буцаан засах санал боловсруулсан байна. Гэтэл тус байнгын хороон дээр маргаан дэгдэж, …даргынхаа эсрэг өөрсдөө баримт бүрдүүлж өгөх гэж байна, энэ чинь Улсын Их Хурал дээр гарсан шийдвэртэй зөрчилдөж байна, Цэцийн 3 дугаар дүгнэлт хууль буюу Улсын Их Хурлын ямар нэгэн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хөндөөгүй байхад ингэж болохгүй, шинээр хууль санаачилдаг ердийн журмаар явах ёстой, Улсын Их Хуралд оруулах санал байхгүй болсон гэх зэргээр маргалдсаар “зөрчлийг арилгуулах” оньсого тайлагдалгүй хоцров. Энэ нь ч Улсын Их Хурал дахь олонхийн хүсч байсан үр дүн, Цэцийн дүгнэлтийг далдуур эсэргүүцсэн нэг хэлбэр мөн бололтой. Ийнхүү “зөрчлийг арилгуулах” Улсын Их Хурлын шийдвэр дампуурах тийшээ хандлаа” гэжээ.

Тав. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нарын нэмэлт тайлбартай холбогдуулан 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

Нэг.Тайлбарын 1-д “Зөрчлийн гол цөм нь засварыг Улсын Их Хуралд буцааж танилцуулж, Улсын Их Хурлаас зөвшөөрөл авахгүйгээ шууд ёсчилсонд байгаа юм” гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр няцааж байна.

1.2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Ашигт малтмалын тухай, Авилгын тухай, Хүн амын орлогын албан татварын тухай зэрэг тухайн чуулганаар батлагдсан эдийн засгийн харилцааг зохицуулах гол хуулиудын найруулгыг танилцуулах үеэр гишүүдээс найруулга, үг хэллэг, дэс дарааллын шинжтэй санал гаргаагүй. Ийнхүү эцсийн найруулга танилцуулах үеэр миний бие “редакцийг сонссон гэж үзье. Эцсийн найруулгын явцад Байнгын хорооны даргатай ярилцана, ажлын хэсэгт орсон Пүрэвдорж гишүүнтэй ярилцана, Тамгын газрынхантай ярилцана, бүр болохооргүй юмнууд байвал 10 сарын чуулганд танилцуулж байж ёсчлох шаардлага байж магадгүй шүү. Гайгүй бол цаашаа явуулна /”ёсчилно” гэсэн үг/.

Ямар тохиолдолд би танилцуулах вэ? гэвэл саяынх шиг Дархлаажуулалтын хуулийн нэмэлттэй холбоотой гарсан зөрчил, нөгөөдөх Татварын ерөнхий хуульд гарсан зөрчил маягийн юм гарч ирвэл би хүлээж байгаад намар танилцуулна. Засварууд хийгдэнэ шүү. Хуульд редакци хийх хугацаа байхгүй учраас би иймэрхүү эрх Улсын Их Хурлаас аваад байгаа юм. Тэгэхдээ агуулгыг нь огт өөрчлөхгүй” гэсэн нөхцөлтэйгээр найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засвар хийж ёсчлох зөвшөөрөл авсан бөгөөд үүнийг чуулганы хуралдаанд оролцсон 57 гишүүн хүлээн зөвшөөрсөн.

Батлагдсан, маргаж буй хоёр хуульд хууль хоорондын болон хуулийн дотоод зөрчил байгаагүй тул Улсын Их Хурлаас өгсөн дээрх зөвшөөрөл, нөхцөлийнх нь дагуу ёсчилсон. Өөрөөр хэлбэл хуулийн болон хууль хоорондын зөрчилгүй бол найруулгын засвар хийж редакцийг дахин танилцуулахгүйгээр ёсчлох зөвшөөрлийг Улсын Их Хурал надад олгосон нь тэмдэглэлийн дээрх үг үсгээр бүрнээ нотлогдож байна. Улсын Их Хурал ийм шийдвэр гаргаж би тэр дагуу нь ажилласан. Хэрэв үүнийг буруу гэж байгаа бол надтай биш Улсын Их Хуралтай холбож ярих асуудал гэж үзэж байна.

Улсын Их Хурал засварыг болон редакцийг дахин танилцуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байхад иргэн Д.Ламжав нар “заавал танилцуулах ёстой” гэж дүгнээд төрийн эрх барих дээд байгууллагад “даалгавар” өгөөд байх эрхгүй гэдгийг тэмдэглэж байна. Иргэн Д.Ламжав нар энэхүү үйлдлээрээ Үндсэн хуулийг хамгаалах биш, харин ард түмний сонгуулийн эрх, түүний сонгосон төлөөллийн байгууллага, гишүүдийнх нь эрхэнд халдаж байна.

2.2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсан Дархлаажуулалт, Татварын ерөнхий хуулийн тухайд тэдгээрийг 2 дахь хэлэлцүүлгээр /санал хураалтаар/ баталсны дараа эцсийн найруулгыг хянах үед хууль хоорондын зөрчил гарсан нь илэрсэн тул миний бие нөхцөл байдлыг дахин нэгдсэн хуралдаанд танилцуулан санал хураалт явуулж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан юм.

Тухайлбал, Татварын албаны бүтцэд хэрэг бүртгэх алба байгуулах заалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуультай, Дархлаажуулалтын сан байгуулах заалт нь Засгийн газрын тусгай сангийн хуультай зөрчилдсөн байсныг залруулсан. Яг ийм нөхцөл байдал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль дээр гарвал намрын чуулганд танилцуулна, тийм зөрчил гарахгүй бол ёсчилно гэж Улсын Их Хурал дээр ойлголцсон бөгөөд дээрхтэй адил зөрчил байгаагүй тул холбогдох засварыг дэг, олгогдсон зөвшөөрлийн хүрээнд хийж ёсчилсон.

3.Миний бие дээрх хуулиудад найруулга, үг хэллэг, бүтэц”, дэс дарааллын шинжтэй холбогдох засвар хийхдээ татварын хуулиудын ажлын хэсэг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, түүнчлэн Тамгын газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа, референт Мөнхбаатар, Доржханд, Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг, хэлтсийн дарга Ганхүлэг, Сангийн яамны газрын дарга Ганбат зэрэг уг хуулиудыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах үйл ажиллагаанд биечлэн оролцсон хүмүүстэй 2 удаа өрөөндөө уулзаж, хуулийн заалтад орсон ойлгомжгүй, эргэлзээтэй үг, өгүүлбэр, цэг, таслал бүрийн хуульд суусан жинхэнэ утга, агуулгын талаар асууж тодруулан хоорондоо ярилцаж ойлголцон засвар хийж, ийнхүү эцэслэн гарсан төслийг тэдгээрт өгч танилцуулан агуулга, бодлого, зарчим алдагдаагүй гэдгийг нь өөрсдөөс нь эцэслэн сонсож байж ёсчилсон болно.

Өөрөөр хэлбэл төр, олон нийт, мэргэжлийн хүмүүс, хууль санаачлагчид, батлагчдаас нуугдаж ийм засвар хийгээгүй, бас дур зоргоор /Ламжавын хэлснээр/ авирлаагүй, эрх мэдлээ хэтрүүлээгүй гэдгийг дурдахын тулд болсон үйл явдлыг ийнхүү тодруулж байна. Дээр дурдсан хүмүүсийг Цэцийн хуралдаанд ирүүлж асуух, тайлбар авах хүсэлт тавьж байна.

Хоёр.Нэмэлт тайлбарын 2-т дараахь хариу өгч байна.

Хууль тогтоох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхийг Улсын Их Хурал эдэлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй байгаа. Эдгээр өргөдөл гаргасан иргэд Улсын Их Хурлын хууль тогтоох ажиллагааны талаар буруу ойлголттой байгаагийн зэрэгцээ заримдаа асуудлыг зориуд мушгин гуйвуулж байна.

Хоёрдахь санал хураалтаар батлагдаж, найруулгын засвар хийгдэж Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурж, төрийн тамга дарагдан дугаар авагдаж, Ерөнхийлөгчийн хоригийг давж, “Төрийн мэдээлэл”-д нийтлэгдэн хүчин төгөлдөр болсон хууль, шийдвэрт хэн ч хууль санаачлахгүйгээр үзэг хүргэж, гар хүрэх ёсгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал.

Гэтэл гомдогсод хууль батлагдах, хүчин төгөлдөр болох энэхүү олон шат дамжлагын зөвхөн нэг хэсэг нь болох найруулгын засвар хийх, ёсчлох үе шатанд хийгддэг ажлыг зориуд салган авч, Улсын Их Хурал онцгой эрхээ алдаж, Монголд ганц хүн дураараа хууль тогтоогоод байгаа гэсэн гүтгэлгийг зохиож түүнийгээ үнэн гэж батлахын тулд ар араасаа цуварсан гомдол, зарга гаргаж байгаа нь зүйд, бас хууль, шударга ёс, үнэнд үл нийцнэ.

Аливаа хууль, шийдвэрийг 2 дахь хэлэлцүүлгээр баталсны дараа ямар ч санал хураалт явуулахгүйгээр тэдгээрт найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засвар хийдэг нь зөвхөн өнөөдөр мөрдөж байгаа хууль, дэг, өнөөгийн Улсын Их Хурал, түүний даргын хийгээд байгаа ажил бишээ. 1990 онд Улсын Бага Хурал байгуулагдснаас хойшхи 17 жилийн хугацаанд Улсын Бага Хурал, Улсын Их хурлын үйл ажиллагаа чухам ингэж л явж ирсэн, энэ нь ч буруу биш.

Ийм засварыг хууль тогтоох, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажиллагаа гэж үздэггүй бөгөөд хэрэв гомдогсод ийм ойлголттой байдаг бол мэдлэггүйн гачигдал бас хэтэрхий их эндүүрэл гэж дүгнэхэд хүргэж байна. Яагаад гэвэл хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын Их Хурал зөвхөн санал хураалтаар шийдвэрлэдэг, харин найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засварыг ойлголцоод, санал хураахгүйгээр хийдэг.

Хэрэв эдгээр иргэд хууль батлагдсаны дараа найруулгын засвар хийдэг одоогийн практикийг буруу гэж үзэж байгаа бол “ 2 дахь санал хураалт явагдаж хууль батлагдсаны дараа ямар ч засвар хийж болохгүй” гэсэн заалтыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд тусгах шаардлага гарна.

“Хууль батлагдсаны дараа Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын дарга найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засвар хийж болно” гэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 51.2-т заасан тул би хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор нэгэнт олгогдсон эрхийн хүрээнд ажилласан, энд эрх шилжүүлсэн зүйл байхгүй, харин дээрх эрхийн хүрээнд засвар хийж ёсчлох зөвшөөрөл Улсын Их Хурлаас авсан, үүний дагуу ажлаа хийсэн.

2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тухайд дээр дурдсан зөвшөөрлийн хүрээнд засвар хийхийг, бас хууль хоорондын болон дотоод зөрчилгүй бол ёсчлохыг зөвшөөрсөн юм. Би хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг засаж өөрчлөөгүй, бас ганцаараа ямар нэгэн хууль баталж ёсчлоогүй.

Гурав.Нэмэлт тайлбарын гуравт дараахь хариу өгч байна.

Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 51.1.3 дахь заалтыг зөрчсөн тухай дурджээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй” гэж шууд заасан, түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор баталсан. Хуулийн заалт, нөхцөл, орчин ийм байхад иргэн Д.Ламжав нар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болжээ. Учир нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлд “Үндсэн хуульд… байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан нь бий.

Дөрөв.Улсын Их Хурал 2006 оны 7 дугаар сарын 20-нд олон хуулийн эцсийн найруулгатай танилцсан, энэ бүхэлдээ нэг л процесс байсан. Ийнхүү танилцсан процесс нь ч маш товч байсан. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 5 мөр 38 үгнээс, Хүн амын орлогын албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 3 мөр 20 үгнээс, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 3 мөр 21 үгнээс, Авилгын эсрэг хуулийн найруулгатай танилцсан процесс 10 мөр 89 үгнээс бүрдэж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс ямар нэгэн санал гаргаагүй, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн найруулгыг танилцуулах үеэр гишүүн Ц.Баярсайхан, Р.Раш, Д.Идэвхтэн нар асуулт асууж, санал байр сууриа илэрхийлсэн, бусад нь санал гаргаагүй болно.

Энэ өдрийн хуралдаан бүхэлдээ 20-иод хуулийн эцсийн найруулгыг сонсох, чуулганы хуралдааныг хаах ажилд зориулагдсан, үдийн завсарлагааг эс тооцвол дундаа завсарлагагүй явагдаж хуулиудын редакци сонссон, танилцуулсан хуулиудыг найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын засварыг хэрхэн хийх, ёсчлох зарчмаа хэрхэн тогтох, найруулгын засвар хийж ёсчлох зөвшөөрлийг Байнгын хороо, Тамгын газар, Улсын Их Хурлын даргад ямар хэмжээ хязгаарын дотор өгөх, засвар хийсэн бол Улсын Их Хуралд дахин танилцуулах эсэхийг хэлэлцэж харилцан ойлголцон нэгдсэн байр суурьт хүрсэн ийм л хуралдаан болсон.

Өөрөөр хэлбэл 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дээрх үйл явдалтай холбогдуулан маргаан гарах бол нэг л маргаан гарч эцэслэн нэг л шийдвэр гаргах асуудал.

Энэ маргаан нь ч үүссэн, Цэцийн эцсийн шийдвэр ч гарсан. Нэг маргаанаар хэд хэдэн гомдол гарч, бас нэг бус маргаан үүсгэж байгаа нь хуулийн зарчимтай, бас Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн маш тодорхой заалттай зөрчилдөж байгааг тэмдэглэж байна. Энэ тухай үндэслэл тайлбараа би 2007 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд өгсөн бөгөөд энэхүү байр сууриа дахин нотолж байна. Энэ бол миний байр суурь гэхээсээ илүү хуулийн шууд заалт, зарчим юм.

Энд өөр өөр хууль гэдэг ойлголт ач холбогдолгүй бөгөөд Улсын Их Хурал дээр нэг өдөр болсон, бас нэг л зарчим, асуудал хэлэлцэж нэгдсэн ойлголтоор нэгдмэл байр сууринд хүрсэн /засварын болон ёсчлох асуудлаар/ шийдэл байсан гэдгийг тэмдэглэж байна.

4.Улсын Их Хурал эдгээр хуулийн эцсийн найруулгатай танилцуулах үеэр миний бие редакци хийж ёсчлох, дахин танилцуулахгүй байх, хэрэв танилцуулах бол ямар нөхцөлд гэдгийг гишүүдэд танилцуулж зөвшөөрөл авахгүйгээр засвар хийсэн байсан бол хариуцлага ярих, тооцохыг бүрнээ ойлгоно, бас хүлээн зөвшөөрнө. Гэтэл Улсын Их Хуралд танилцуулж тийм зөвшөөрөл авчихаад байхад, илт улс төрждөг нэр бүхий 2-3 иргэн гомдол гаргаж, Цэц түүнийг нь ёсоор болгосон учраас би шударга биш шийдвэр, улс төрийн шалтгааны талаар яриад байгаа юм. Улсын Их Хурал хамтаараа, бүрэлдэхүүнээрээ гаргасан шийдлийн төлөө нэг хүнтэй хариуцлага ярьж болохгүй биз дээ. Тэгэхдээ Улсын Их Хурал түүний гишүүдэд буруу, тэр тусмаа хууль зөрчсөн үйлдэл энд байхгүй гэдгийг тэмдэглэж байна.

Үүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүд байтугай жирийн иргэд ойлгож, намайг дэмжиж олон захидал ирүүлж байгааг дурдаж байна.

Улсын Их Хурал 2006 оны 7 дугаар сарын 20-нд хуулийн найруулгатай танилцах үед миний гаргасан засвар, ёсчлохтой холбогдсон саналыг хэн нэг гишүүн, эсхүл намын бүлэг, зөвлөл зөвшөөрөөгүй буюу эсэргүүцсэн бол би ямар ч засвар хийхгүй байсан. Засварыг хэн нэг гишүүн эсэргүүцвэл батлагдснаар нь үлдээдэг нь Улсын Их Хуралд нэгэнт тогтсон заншил, бичигдээгүй хууль байдаг. Нэр бүхий иргэдийн нэмэлт тайлбартаа дурдсан бусад асуудалд хариулт өгөх шаардлагагүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл маргаж буй асуудалтай холбоогүй зүйлүүд бичсэн байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэг.Улсын Их Хурлын чуулганы 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулснаас хойш 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр буюу ажлын 49 өдрийн дараа, 10 дугаар сарын 10-ны өдөр буюу ажлын 58 өдрийн дараа, 10 дугаар сарын 17-ны өдөр буюу ажлын 63 өдрийн дараа; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулснаас хойш 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр буюу ажлын 35 өдрийн дараа, 9 дүгээр сарын 11-ний өдөр буюу ажлын 37 өдрийн дараа, 9 дүгээр сарын 19-ны өдөр буюу ажлын 43 өдрийн дараа, 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу ажлын 48 өдрийн дараа, 10 дугаар сарын 3-ны өдөр буюу ажлын 53 өдрийн дараа тус, тус агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дараалал, бүтцийн чанартай олон тооны засварыг хийсэн болох нь хуулиудын хувийн хэрэг болон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад шинжлэн судалсан бусад баримтаар нотлогдож байна.

Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-ийн “Улсын Их Хурал ...хуралдаанаар хуулийн төсөл, ...хэлэлцэх, ...батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална”, мөн Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 51.4-ийн “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ дэгийн 51.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Хоёр.Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж дээрхи хуулиудын эцсийн найруулгыг танилцуулсны дараа тэдгээрт засвар хийх талаар Улсын Их Хурлын гишүүдээс зөвшөөрөл авсан гэх боловч энэ нь Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд зохицуулагдаагүй болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна:

1.Аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн. Улсын Их Хуралд эцсийн найруулга танилцуулсан хуульд засвар хийх эрхийг Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын гишүүдээс зөвшөөрөл авсан гэх тайлбар, түүнчилэн хуульд оруулсан засварыг Улсын Их Хуралд танилцуулалгүйгээр шууд ёсчилсон үйлдэл нь дээрхи зарчимтай зөрчилдөж байна.

2.Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлаас зөвшөөрөл авсны дагуу ажилласан гэх боловч энэ нь Улсын Их Хурлаас гарч буй шийдвэр эрх зүйн актын хувьд хэлбэржсэн, түүнчилэн эрх зүйн холбогдох акттай зөрчилдөөгүй байх шаардлагыг хангаагүй байна.

Гурав.Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн хуульд эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчин Улсын Их Хурлын бүрэн эрхэд удаа дараа халдаж, засвар хийсэн үйлдэл нь түүнийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болж байна.

Дөрөв.Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн баталсан байх тул уг асуудлаар Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тав.Үндсэн хуулийн Далдугаар зүйлд заасан “…нийт байгууллага, иргэн” гэсэн ойлголтод Улсын Их Хурлын даргын албан тушаал үл хамаарах тул Үндсэн хуулийн уг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудын эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай олон засварыг хийснээрээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Хорьдугаар зүйлийн “...хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”; Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-ийн “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна.

2.Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын бүрэн эрхэд удаа дараа халдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь түүнийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно.

3.2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар батлагдсан “Хууль хүчингүй болсон тухай хууль”-ийн хүчин төгөлдөр болох хугацааг батлахдаа Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

4.Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд… нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

Д.МӨНХГЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ, ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БАЙГАА ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот