A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 144

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөв дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжилтэй болгох, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл болгосугай.

1/үндэсний болон хөлбөмбөг, хоккейн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага, стандартыг хангасан барилга байгууламжийн цогцолборыг нийслэл Улаанбаатар хот болон боломжтой бусад суурин газарт бариулах, газрын асуудлыг шийдвэрлэх, дотоод, гадаадын зохих хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх;

2/ерөнхий, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын хичээлийн сургалтын төлөвлөгөөнд заасан цагт багтаан үндэсний болон багийн спортын агуулгыг нэмэгдүүлэх, сурагч, оюутныг үндэсний болон багийн спортоор хичээллэх таатай орчин, нөхцөлөөр хангах, энэ чиглэлээр биеийн тамирын багш нарыг мэргэшүүлэх;

3/багийн спортын үндэсний шигшээ багийн олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд оролцох төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4/үндэсний болон багийн спортын барилга байгууламжийн цогцолборт түшиглэсэн багийн спортын мэргэжлийн сургалттай академи бий болгох, спортын сургалттай дунд сургуульд тухайн чиглэлээр анги нээх, мэргэжлийн болон боловсролын байгууллагууд дэргэдээ үндэсний болон багийн спортын төрлүүдийг клуб хэлбэрээр зохион байгуулж ажиллах, уралдаан, тэмцээн зохион байгуулах, Монгол Улсын тамирчид гадаад улсын баг, тамирчидтай бэлтгэл хийх, хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжих;

5/биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор гадаадын хандивлагчид болон холбогдох байгууллагаас өгсөн тусламж, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл зэргийг гаалийн татвараас зохих хэмжээгээр чөлөөлөх хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх;

Хоёр.Үндэсний болон багийн спортын тамирчдыг ивээн тэтгэх, урамшуулах, барилга байгууламж барих, шинэ технологийг нэвтрүүлэх зэргээр Монгол Улсад үндэсний болон багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдад уриалсугай.

Гурав.Зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд жил бүр мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ