- Нүүр
- Монгол Улсын хууль
- БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай.
2.Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино:
1/үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;
2/ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;
3/хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, өөрчлөх;
4/үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох;
5/Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох;
6/тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;
7/онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;
8/онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах;
9/улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тухайн үйлдвэрийн газар, байгууллага, түүний эрх баригчдад хүлээлгэх эдийн засгийн болон захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх;
10/хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваариалах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхэд чиглэгдсэн захиргааны урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх.
3.Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байх, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө БНМАУ-ын Бага Хуралд оруулж байхыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай. БНМАУ-ын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
/Энэ зүйлийг 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан шалтгаанаар хугацаа сунгах шаардлага Улсын Бага Хурлын чуулганы чөлөө цагт гарвал БНМАУ-ын Засгийн газар нь саналаа Улсын Бага Хурлын зохих байнгын хороотой зөвшилцсөний үндсэн дээр дараа чуулганд оруулж батлуулахаар онцгой дэглэмийг 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
/Энэ хэсгийг 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
Онцгой дэглэмийн хугацааг энэ хуульд заасан журмаар сунгаагүй буюу түүнийг дуусгавар болгохоос өмнө БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр цуцалсан бол онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болсонд тооцно.
/Энэ хэсгийг 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
Онцгой дэглэм дуусгавар болсноос хойш 30 хоногоос доошгүй хугацаа өнгөрсний дараа тухайн үйлдвэрийн газар, байгууллагад дахин онцгой дэглэм тогтоох зайлшгүй шаардлага гарвал БНМАУ-ын Засгийн газар энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.Энэ хуулийг БНМАУ-ын Ерөнхийлөгч батламжилсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД
Текст томруулах
A
A
A