A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 184

Улаанбаатар хот

СУУДЛЫН АВТОМАШИНЫ АШИГЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 27.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь "албан тушаалын, албан ажлын, дуудлагын, хөдөө ажлын" гэж ангилан тогтоож, "Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2015 оны 351 дүгээр тогтоол, Засгийн газрын 2021 оны 396 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор хуанлийн хоног (баярын болон долоо хоногийн амралтын өдрийг оролцуулан)-т дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж 2500 см3-ээс илүүгүй байхаар тогтоож, ажлын хоногт дунджаар 40 км-ээс тус тус хэтрүүлэхгүй хэрэглэж байхаар тогтоосугай.

3. Хөдөө ажлын автомашины зардлыг тухайн албан тушаалтны томилолтын төсөвт тусган баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарт даалгасугай.

4. Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасугай:

4.1. Энэ тогтоолын хавсралтаар баталсан "Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ын "Нэг"-ийн 1-д заасан албан тушаалтан хөдөө ажлын зориулалтаар хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 3501-4700 см3 автомашинтай байхыг зөвшөөрч, Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулдаг байгууллага, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, яам, Засгийн газрын агентлагийн хөдөө ажлын зориулалтаар ашиглаж байгаа автомашинуудыг Засгийн газрын автобаазад төвлөрүүлж, нэгдсэн журмаар гэрээний үндсэн дээр тээврийн үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

4.2. Засгийн газрын автобаазын зохион байгуулалтын бүтцэд энэ тогтоолын хавсралтад заасан албан тушаалтанд автомашинаар үйлчилдэг төрийн үйлчилгээний хэсэг, төрийн бусад байгууллагын дотоод албан хэрэгцээний дуудлагын автомашин болон хөдөө ажлын автомашинаар үйлчилдэг хэсгийг тус тус байгуулах;

4.3. Засгийн газрын автобаазын төрийн үйлчилгээний хэсгээр үйлчлүүлэх албан тушаалтны автомашины зардлыг Сангийн сайдын төсвийн багцад тусган гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх, төрийн бусад байгууллагын хөдөө ажлын болон дотоод албан хэрэгцээний дуудлагын автомашинаар үйлчилдэг хэсгийн зардлыг гэрээний үндсэн дээр тухайн байгууллагаас санхүүжүүлэх арга хэмжээ авах;

4.4. Засгийн газрын автобаазын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, үйлчилгээний стандарт, үнэ тариф, зардлын норм, нормативыг боловсруулан зохих журмын дагуу баталж мөрдүүлэх.

5. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг болон төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод албан хэрэгцээнд хэрэглэх дуудлагын автомашины тоо, төрлийг шинэчлэн тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хороо (Ш.Солонго)-нд даалгасугай.

6. Яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллагууд 2015 онд суудлын автомашин шинээр худалдаж авахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Төрийн өмчийн хороо (Ш.Солонго)-нд, эдгээр байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай автомашиныг бусад байгууллагын автомашины хэрэглээнд зохицуулалт хийх замаар тухай бүр шийдвэрлэж байхыг Төрийн өмчийн хороо (Ш.Солонго)-нд тус тус даалгасугай.

7. Албан ажлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд ажлын хоногт 50 км-ээс хэтрүүлэхгүйгээр 1 км-ийг 450 төгрөгөөр тооцож, зардлыг сар тутамд олгож байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон холбогдох бусад албан тушаалтанд зөвшөөрсүгэй.

8. Төсвөөс санхүүждэг байгууллага хот дотор ажил, үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 смсм3-ээс дээш, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэх, бүх шатны байгууллага, албан тушаалтан эрхлэх асуудлын хүрээний болон харьяа байгууллагаас автомашин гаргуулан хэрэглэх, шатахууны зардлыг төлүүлэхийг тус тус хориглосугай.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 349 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 204

Улаанбаатар хот

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3, Төрийн албаны тухай хуулийн 61.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Автомашины хэрэглээг хуулиар хязгаарласантай холбогдуулан суудлын автомашин ашиглах эрх бүхий албан тушаалтнаас бусад албан тушаалтны албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа, төрийн өмчид бүртгэлтэй автомашины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины талаарх мэдээллийг аймаг, нийслэлийн Засаг даргад тус тус хүргүүлж, тогтоосон хугацаанд батлагдсан хуваарийн дагуу заасан байршилд татан төвлөрүүлж, зохих журмын дагуу хүлээлгэн өгөх арга хэмжээ авахыг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, төсвөөс санхүүжилт авдаг бүх байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.

2. Энэ тогтоолын 1-д заасны дагуу татан төвлөрүүлсэн төрийн өмчид бүртгэлтэй суудлын автомашиныг "Засгийн газрын автобааз" УТҮГ-т, орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашиныг тухайн аймаг, нийслэлийн харьяа автотээврийн байгууллагад шилжүүлж, төрийн болон орон нутгийн байгууллагын нийтлэг үйлчилгээний хүрээнд дуудлагын автомашины зориулалтаар ашиглуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Дуудлагын автомашины зориулалтаар хуваарилан шилжүүлснээс бусад автомашиныг төрийн холбогдох байгууллагын зайлшгүй шаардлага, хэрэгцээг харгалзан эрэмбэлсний үндсэн дээр зарим хэсгийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.5-д заасан байгууллагад албан ажлын зориулалтаар хуваарилах, үлдэх хэсгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, орлогыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Засгийн газрын автобааз" УТҮГ-ыг өөрчлөн зохион байгуулах, аймаг, нийслэл дэх автотээврийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, тухайн нутаг дэвсгэрийн болон автомашин, замын хөдөлгөөний зураглал, байршлын орон зайн мэдээллийг бүрэн хамруулсан үйлдлийн болон хяналтын шинэ дэвшилтэт техник, технологи, программ хангамж бүхий нэгдсэн системийг төрийн байгууллагын автомашины захиалга, дуудлагын нийтлэг үйлчилгээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг шуурхай сонгон шалгаруулж хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), Төрийн худалдан авах ажиллагааны газар (Х.Улам-Өрнөх)-т тус тус даалгасугай.

5. Автомашины дуудлага үйлчилгээний нийтлэг журам, үйлчилгээний үнэ тариф, зардлын норм, нормативыг боловсруулж Сангийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар батлуулан мөрдүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

6. Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автомашинд тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар олгох арга хэмжээг 2022 онд багтаан зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгасугай.

7. "Суудлын автомашин ашиглах эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

8. Энэ тогтоолын хавсралтад заасан суудлын автомашиныг өдрийн 60 км, дуудлага үйлчилгээний автомашиныг өдрийн 40 км-ээс хэтрүүлэхгүйгээр ашиглаж байхаар тогтоосугай.

9. Автомашины хэрэглээг хязгаарласан, автомашин төвлөрүүлэн, шилжүүлсэнтэй холбогдуулан жолооч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, шаардлагатай бол шилжүүлэн байршуулах, ингэхдээ тэдний орлого, нийгмийн баталгааг одоо байгаа түвшнээс бууруулахгүй байх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, төсвөөс санхүүжилт авдаг бүх байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.

10. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, явц байдлыг шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

11. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ