A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний эхнэр эсхүл нөхөрт авч байсан тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хамтын тэтгэврийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хамтын тэтгэврийн тухай хууль тогтоомж нь Нийгмийн даатгалын тухай хууль[1], Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль[2], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно:

3.1.1."нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр" гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5-д заасан болзлыг хангасан иргэний авч байгаа өндөр насны тэтгэврийг;

3.1.2."цэргийн алба хаасны тэтгэвэр" гэж Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан болзлыг хангасан иргэний авч байгаа тэтгэврийг;

3.1.3."15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр, нөхөр" гэж гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсныг.

4 дүгээр зүйл.Хамтын тэтгэвэр авах эрх

Хэвлэх

4.1.Энэ хуулийн үйлчлэлд дараах нөхцөлийг хангасан иргэн хамаарна:

4.1.1.нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр эсхүл нөхөр;

4.1.2.хамтын тэтгэвэр авагч нь 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй Монгол Улсын иргэн байх.

4.2.Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний эхнэр эсхүл нөхөр нь энэ хуулийн 4.1.2-т заасан насанд хүрээгүй тохиолдолд түүнд олговол зохих хамтын тэтгэврийг тухайн насанд хүрсэн үед нь олгож эхлэх бөгөөд энэ эрх нь түүний эхнэр эсхүл нөхрийг нас барснаас хойш тав хүртэлх жилийн хугацаанд хадгалагдана.

4.3.Хамтын тэтгэврийг бусдад өвлүүлэхгүй.

5 дугаар зүйл.Хамтын тэтгэврийн хэмжээ, олгох хугацаа

Хэвлэх

5.1.Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэнд олгох хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, үнэ ханшны өөрчлөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтоох бөгөөд хамтын тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байна.

5.2.Хамтын тэтгэвэр олгох хугацааны хамрах хүрээг Засгийн газар журмаар тогтооно.

5.3.Хамтын тэтгэврийг нас барсан эхнэр эсхүл нөхрийн өндөр насны тэтгэвэр авах хугацаа дуусгавар болсны дараа эхнэр эсхүл нөхөр нь хамтын тэтгэвэр авахыг хүсч өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгоно.

5.4.Хамтын тэтгэвэр авагчийг нас барснаас хойш 30 хоногийг дуусталх хугацаанд хамтын тэтгэврийг олгоно.

5.5.Энэ хуулийн 4.1.1-д заасан иргэн 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч байсан бол түүний эхнэр эсхүл нөхөрт олгох тэтгэврийн зардлыг улсын төсвөөс хариуцна.

6 дугаар зүйл.Хамтын тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх

Хэвлэх

6.1.Хамтын тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн иргэн доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа нийгмийн даатгалын байгууллагад өгнө:

6.1.1.хамтын тэтгэвэр авахыг хүссэн иргэний маягтын дагуу гаргасан хүсэлт;

6.1.2.иргэний үнэмлэх, түүний хуулбар;

6.1.3.гэрлэлтийн гэрчилгээ, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

6.1.4.хүсэлт гаргагчийн болон түүний нас барсан эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийн дэвтэр, түүний хуулбар;

6.1.5.эхнэр эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, түүний хуулбар;

6.1.6.оршин сууж байгаа газрын сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.

6.2.Хамтын тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн иргэн нь тэтгэврийн дэвтэргүй бол харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас түүнд шинээр тэтгэврийн дэвтэр олгоно.

7 дугаар зүйл.Хамтын тэтгэврийг тогтоох, олгох тухай

Хэвлэх

7.1.Хамтын тэтгэвэр олгох ажлыг нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулна.

7.2.Нийгмийн даатгалын байгууллагын аймаг, дүүргийн салбар нэгж, сумын байцаагч нь хамтын тэтгэвэр авахыг хүссэн иргэний хүсэлтийг энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгийн хамт хүлээн авна.

7.3.Нийгмийн даатгалын байгууллагын аймаг, дүүргийн салбар нэгж нь иргэний хүсэлтийг хүлээн авч, баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл хамтын тэтгэврийг олгох тухай шийдвэр гаргаж, хүсэлт гаргасан иргэний тэтгэврийн дэвтэрт тэмдэглэл хийнэ.

7.4.Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэний бүрдүүлсэн баримт бичгийг тэтгэвэр авагчийн хувийн хэрэгт хавсаргаж, бүртгэлийн мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагын цахим санд байршуулна.

7.5.Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэний тухай мэдээлэл, хамтын тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр олгох хугацаа, дуусгавар болоход нийгмийн даатгалын байгууллага хяналт тавьж ажиллана.

8 дугаар зүйл.Хамтын тэтгэврийг тогтоож олгохтой холбогдсон

Хэвлэх

8.1.Хамтын тэтгэврийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

9 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

9.1.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД