A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 287

Улаанбаатар хот

"САВ, БАГЛАА БООДОЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, 10.5, 10.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Сав, баглаа боодол" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

/Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран баталж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг орон нутгийн онцлогт тохируулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ