- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 4
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 183дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, 9.1, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг 1 дүгээр хавсралт ёсоор зохион байгуулан ажиллуулсугай.
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 175, 250 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 438 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 121, 218, 230, 47, 49, 144, 176, 222 дүгээр тогтоол, Засгийн газрын 2021 оны 9, 157 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 272, 417, 499 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 10, 37, 378 , 454 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны хязгаарыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2016-12-14-ний өдрийн 185 дугаар тогтоол, Засгийн газрын 2016-12-28-ны өдрийн 217 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 231, 344 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 110,175, 186, 250, 270 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 278, 438 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 121, 125, 230, 38, 47, 49, 144, 176, 222 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 4 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 272, 295, 417, 469, 492 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 34, 112, 167, 378, 393, 454 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 138, 39 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
3. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг тус тус татан буулгасугай.
4. Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, холбогдох бусад сайд нарт даалгасугай.
5. Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загварыг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.
6. Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай:
6.1. шинээр болон өөрчлөн зохион байгуулагдаж байгаа Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх;
6.2. хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) 1-тэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах;
6.3. Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог нь 7-гоос доошгүй байх чиглэл баримтлах;
6.4. Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардахгүй байх;
6.5. Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны чиг үүрэг, хариуцах ажил нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, албан хаагчийн болон тухайн агентлагийн харьяа төв, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж, гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хариуцсан чиг үүрэг, ажилтай давхардахгүй байх;
6.6. Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх, "Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184 дүгээр тогтоолд заагаагүй албан тушаалтан албан ажлын автомашин хэрэглэхгүй байх.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоол, "Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын 1, 2, 3, 10 дугаар зүйл, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 201 дүгээр тогтоол, "Биеийн тамир, спортын хөгжлийн төв байгуулах тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 56 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A