A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5, 13.12, Улсын Их Хурлын 2016 оны 63 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2017 оны 361 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 367, 470 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам"-ын 1.1 дэх заалтын "13.1.2" гэсний дараа "13.1.5" гэж нэмсүгэй.

3. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 91.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН