- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
1990 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болсон*
УДИРТГАЛ
Энэхүү Конвенцид оролцогч улсууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмуудын дагуу нийгмийн бүх гишүүдийн угаас заяасан нэр төр, тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дахинд эрх чөлөө, шударга ёс, энх тайвныг хангах үндэс болно гэж үзэж;
Нэгдсэн Үндэстний ард түмэн дүрэмдээ хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнэд итгэдгээ нотолж, нийгмийн дэвшлийг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд илүү эрх чөлөөтэйгээр дэмжлэг үзүүлэх саналтай байгааг анхаарч;
Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд болон хүний эрхийн тухай олон улсын пактуудад заасан бүхий л эрх, эрх чөлөөг хүн бүр арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний хийгээд нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад байдлыг үл харгалзан, аливаа ялгаваргүйгээр эдлэх ёстойг хүлээн зөвшөөрч;
Нэгдсэн Үндэстний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй гэж тунхагласныг санаж;
гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстойг ойлгож;
аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөж бойжих нь хүүхдийн бүрэн, өв тэгш хөгжлийг хангах болохыг хүлээн зөвшөөрч;
хүүхдийг нийгэмд бие даан аж төрөхөд бүрэн бэлтгэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан төгс үзэл санаа, ялангуяа энх тайван, нэр төр, тэвчээр, эрх чөлөө, тэгш эрх болон эв санааны нэгдэл бүхий үзэлтэйгээр өсөн хүмүүжих ёстой гэж үзэж;
хүүхдэд ийм онцгой халамж тавих шаардлага байгаа тухай Хүүхдийн эрхийн тухай 1924 оны Женевын тунхаглал, Ерөнхий Ассамблейгаас 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр батласан Хүүхдийн эрхийн тунхаглал болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /тухайлбал 23, 24 дүгээр зүйлүүд/, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /тухайлбал 10 дугаар зүйл/, түүнчлэн хүүхдийн аж байдлын асуудал эрхэлсэн олон улсын болон төрөлжсөн байгууллагуудын холбогдох баримт бичиг, дүрэмд тусгагдаж хүлээн зөвшөөрснийг анхааралдаа авч;
"хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг" Хүүхдийн эрхийн тунхаглалд заасныг анхааралдаа авч;
хүүхдийн аж байдал, хамгаалалтын талаархи нийгэм, эрх зүйн зарчмын тухай тунхаглалын заалт, ялангуяа улс болон улс хооронд хүүхэд хүмүүжүүлэх, үрчлүүлэхээр шилжүүлэх, Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын наад захын жишиг дүрэм /Бээжингийн дүрэм/, Онц байдал болон зэвсэгт мөргөлдөөний үед эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах тухай тунхаглалын заалтыг иш үндэс болгож;
дэлхийн улс бүрт хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд байгаа бөгөөд тэдэнд онцгой анхаарал шаардлагатайг хүлээн зөвшөөрч;
хүүхдийг хамгаалах, өв тэгш хөгжүүлэхэд ард түмэн бүрийн уламжлал, соёлын үнэт зүйлс чухал гэдгийг харгалзан үзэж;
улс бүрт, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүүхдийн амьдралын нөхцлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг хүлээн зөвшөөрч,
дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:
I ХЭСЭГ
1 дүгээр зүйл
Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ.
2 дугаар зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана.
2. Оролцогч улсууд хүүхдийг, түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч болон гэр бүлийн бусад гишүүний байдал, үйл ажиллагаа, үзэл бодол болон итгэл үнэмшлийг үндэслэн аливаа хэлбэрээр алагчилахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна.
3 дугаар зүйл
1. Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.
2. Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.
3. Оролцогч улсууд хүүхдийг халамжлах, хамгаалах үүрэг бүхий газар, алба, байгууллагыг аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт, ялангуяа ажилчдын орон тоо, чадавхид хяналт тавих үүднээс эрх бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцсэн нөхцлөөр хангана.
4 дүгээр зүйл
Оролцогч улсууд энэхүү Конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоох, захиргааны болон бусад бүх арга хэмжээг авна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээг нөөц бололцоондоо тулгуурлаж дээд зэргээр ашиглах, шаардлагатай бол, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд авна.
5 дугаар зүйл
Оролцогч улсууд эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхид нийцүүлэн энэхүү Конвенцид заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ.
6 дугаар зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө.
2. Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.
7 дугаар зүйл
1. Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.
2. Оролцогч улсууд эдгээр эрхийг, ялангуяа хүүхэд иргэний харьяалалгүй болох тохиолдолд үндэсний хууль тогтоомж, холбогдох олон улсын баримт бичгийн дагуу хүлээсэн үүрэгтээ нийцүүлэн хэрэгжүүлнэ.
8 дугаар зүйл
1. Оролцогч улсууд хуульд заасан иргэний харьяалалтай байх, нэр авах, гэр бүлийн холбоогоо хадгалах зэргээр хувийн онцлог байдлаа хадгалах хүүхдийн эрхийг хүндэтгэх, үүнд хууль бусаар оролцохгүй байх үүрэг хүлээнэ.
2. Оролцогч улсууд хүүхэд хувийн онцлог байдлаа зарим талаар буюу бүхэлд нь хууль бусаар алдахад хүрвэл даруй сэргээн тогтооход чиглэсэн тусламж, хамгаалалт үзүүлнэ.
9 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг эх хүүхэддээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гаргана.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох аливаа асуудлыг хэлэлцэхэд сонирхогч бүх талыг оролцуулж, үзэл бодлоо илэрхийлэх бололцоог тэдгээрт олгоно.
3. Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ.
4. Хүүхдийн эцэг эхийн аль нэг нь буюу хоёулаа эсхүл хүүхэд нь баривчлагдах, хоригдох, цөлөгдөх, хөөн зайлуулагдах буюу нас барах /тухайн улсын хяналтад байх хугацаанд нас барах/ зэргээр оролцогч улсын санаачлагаар авсан арга хэмжээний үр дүнд хүүхэд эцэг эхийн аль нэгнээс буюу хоёулангаас салах тохиолдолд аливаа шалтгаанаар хүүхдийн сайн сайхан байдалд хор учруулахааргүй бол оролцогч улсууд эцэг эх, хүүхдэд, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдэд, тэдгээрийн хүсэлтээр алга болсон гишүүний оршин байгаа газрын талаар шаардагдах мэдээлэл өгнө. Цаашид оролцогч улсууд ийнхүү хүсэлт гаргах нь зохих хүмүүст сөрөг үр дагавар бий болгохгүй байхыг хангана.
10 дугаар зүйл
1. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу гэр бүлтэйгээ нэгдэх зорилгоор оролцогч улсад очих буюу гарах тухай хүүхэд, түүний эцэг, эхээс гаргасан хүсэлтийг нааштай, энэрэнгүй, шуурхай байдлаар авч үзвэл зохино. Ийм хүсэлт нь хүсэлт гаргасан хүн, түүний гэр бүлийн гишүүдэд сөрөг үр дагавар бий болгохгүй байхыг оролцогч улс хангана.
2. Эцэг эх нь өөр улсад амьдарч байгаа хүүхэд онцгой шалтгаангүй тохиолдолд эцэг эхтэйгээ тогтмол хувийн болон шууд харилцаатай байх эрхтэй. Энэ зорилгоор, мөн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор, оролцогч улсууд хүлээсэн үүргийнхээ дагуу эх орноосоо буюу өөр аливаа улсаас гарах, эх орондоо эргэж ирэх хүүхдийн болон түүний эцэг, эхийн эрхийг хүндэтгэнэ. Аливаа орныг орхин гарах эрхийн хувьд гагцхүү үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс хуулиар тогтоосон болон энэхүү Конвенцоор хүлээн зөвшөөрсөн бусад эрхтэй нийцсэн хязгаарлалт хийнэ.
11 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийг хууль бусаар шилжүүлэх буюу гадаад улсаас эх оронд нь буцаахгүй байхтай тэмцэх арга хэмжээ авна.
2. Энэ зорилгоор оролцогч улсууд хоёр талт болон олон талт хэлэлцээр байгуулах буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэлэлцээрт нэгдэн орох арга хэмжээ авна.
12 дугаар зүйл
1. Оролцогч улсууд өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө.
2. Энэ зорилгоор өөртэй нь холбоотой асуудлыг шүүх буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд шууд, эсхүл үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу төлөөлөгчөөр буюу зохих байгууллагаар дамжуулан үг хэлэх бололцоог хүүхдэд олгоно.
13 дугаар зүйл
1. Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл, үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн бүтээлийн хэлбэрээр, хүүхдийн сонгосон мэдээллийн бусад арга хэрэгслээр эрэх, олж авах, дамжуулах эрх чөлөөг багтаана.
2. Энэ эрхийг хэрэгжүүлэхэд зарим хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь хуульд зааснаар:
(a) бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх;
(b) үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалахад шаардлагатай байвал зохино.
14 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд нь чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, сүсэглэх хүүхдийн эрхийг хүндэтгэнэ.
2. Оролцогч улсууд хүүхэд эрхээ хэрэгжүүлэхэд өөрчлөгдөж буй чадварт нь нийцүүлэн, эцэг эхийн хийгээд зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийн удирдах эрх, үүргийг хүндэтгэнэ.
3. Шашин шүтэх буюу итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө нь гагцхүү үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын ёс суртахуун, эрүүл мэнд болон бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс хуулиар тогтоосон хязгаарлалтад захирагдаж болно.
15 дугаар зүйл
1. Оролцогч улсууд эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө.
2. Энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд гагцхүү ардчилсан нийгэмд үндэсний болон нийгмийн аюулгүй байдал, дэг журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хуульд нийцүүлэн тогтоосон хязгаарлалтаас өөр хязгаарлалт тогтоож болохгүй.
16 дугаар зүйл
1. Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал болон захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй.
2. Хүүхэд хөндлөнгийн ийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй.
17 дугаар зүйл
Оролцогч улсууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, хүүхэд нь олон улсын болон үндэсний аливаа эх сурвалжаас мэдээлэл, материал олж авах, ялангуяа хүүхдийн нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл, материал олж авах боломжоор хангана.
Энэ зорилгоор оролцогч улсууд:
(а) олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүүхдэд нийгэм, соёлын харилцаанд ашигтай бөгөөд 29 дүгээр зүйлийн үзэл санаанд нийцсэн мэдээлэл, материал дэлгэрүүлэхийг хөхиүлэн дэмжинэ;
(b) соёлын, үндэсний болон олон улсын аливаа эх сурвалжаас ийм мэдээлэл, материалыг боловсруулах, солилцох, дэлгэрүүлэх талаархи олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ;
(c) хүүхдийн уран зохиолын ном хэвлэх, дэлгэрүүлэхийг хөхиүлэн дэмжинэ;
(d) хүн амын цөөнх буюу уугуул хүн амд хамаарах хүүхдийн хэлний шаардлагыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр онцгой анхаарахыг хөхиүлэн дэмжинэ;
(e) 13, 18 дугаар зүйлийн заалтад үндэслэн хүүхдийн сайн сайхан байдалд хохирол учруулах мэдээлэл, материалаас түүнийг хамгаалах зарчим боловсруулахыг хөхиүлэн дэмжинэ.
18 дугаар зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрч, энэ талаар боломжийнхоо хэрээр хүчин чармайлт тавина. Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн.
2. Энэхүү Конвенцид заасан эрхийг дэмжин хэрэгжүүлэх, баталгаажуулахын тулд оролцогч улсууд хүүхэд хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхэд нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид зохих тусламж үзүүлэх бөгөөд хүүхэд асран хамгаалах байгууллага, ажил үйлчилгээг хөгжүүлэх явдлыг хангана.
3. Оролцогч улсууд эцэг эх нь ажил хийдэг хүүхдүүд өөрсдөд нь зориулсан асрамжийн алба, газрын үйлчилгээг ашиглах эрхээ эдлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.
19 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна.
2. Хамгаалалтын ийм арга хэмжээ нь хүүхэд, тэднийг асран халамжилдаг хүмүүст шаардлагатай тусламжийг үзүүлэх зорилгоор нийгмийн хөтөлбөр боловсруулах, түүнчлэн хүүхдэд хэрцгийгээр хандахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, авч хэлэлцэхээр шилжүүлэх, мөрдөн байцаалт явуулах, эмчлэх, шаардлагатай тохиолдолд шүүх ажиллагаа явуулах болон бусад арга хэмжээг тусгасан журмыг агуулна.
20 дугаар зүйл
1. Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхдэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ.
2. Оролцогч улсууд үндэсний хууль тогтоомжийнхоо дагуу ийм хүүхдийг өөр орчинд асран халамжлах бололцоог бүрдүүлнэ.
3. Хүүхдийг ийнхүү асран халамжлах нь асрамж хамгаалалтад түр шилжүүлэх, лалын шашинтны хууль ёсны дагуу "кафала" хэрэглэх, үрчлүүлэх буюу шаардлагатай тохиолдолд хүүхдийг асран хүмүүжүүлэх зохих байгууллагад өгөх зэрэг хувилбартай байж болно. Эдгээр хувилбарыг авч үзэхдээ хүүхдийн хүмүүжлийн залгамж чанарыг эрхэмлэхийн дээр түүний гарал угсаа, шашин болон соёлын хамаарал, төрөлх хэлийг зохих ёсоор харгалзан үзэх ёстой.
21 дүгээр зүйл
1. Үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих бөгөөд тэдгээр нь:
(а) хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл дээрх сонирхогч хүмүүс шаардлагатай зөвлөгөө авсны үндсэн дээр үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэйгээр өгсөн, үрчлэлтэд хамаарах болон найдвартай эх үүсвэрээс авсан бүх мэдээллийг үндэслэн дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлнэ;
(b) хэрэв хүүхдийн хүмүүжил буюу үрчлэлтийг хангаж чадахуйц гэр бүлд байлгах буюу хүмүүжүүлэх зорилгоор шилжүүлэх, эсхүл тухайн хүүхдийн төрсөн оронд зохих ёсоор нь асрамжлах боломжгүй бөгөөд өөр оронд үрчлүүлэх нь хүүхдийг асарч хамгаалах боломжтой арга хэмээн авч үзэж, хүүхдийг асран хамгаалалтад түр шилжүүлэх, тохирох гэр бүлд үрчлүүлэх, эсхүл эх оронд нь зохих ёсоор асран халамжлах боломжгүй бол үндэстэн дамнан үрчлүүлэхийг хүлээн зөвшөөрнө;
(c) хүүхдийг улс хооронд үрчлүүлэх тохиолдолд тухайн улсад хүүхэд үрчлүүлэхэд дагаж мөрддөг баталгаа болон хэм хэмжээг адил хэмжээнд хангана;
(d) улс хооронд үрчлүүлэх хүүхдийг шилжүүлэн суурьшуулахад оролцсон хүмүүс энэхүү үйл ажиллагаанаас санхүүгийн ашиг хонжоо олохгүй байх шаардлагатай бүх арга хэмжээ авна;
(e) энэ зүйлийн зорилтыг хангах үүднээс шаардлагатай бол хоёр талт буюу олон талт хэлэлцээр байгуулах, тэрчлэн хүүхдийг өөр улсад шилжүүлэн суурьшуулах ажлыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэхийг зорино.
22 дугаар зүйл
1. Оролцогч улсууд эцэг эх нь буюу өөр бусад хүн дагалдсан эсэхийг үл харгалзан дүрвэгчийн эрх олж авахыг хүссэн буюу дагаж мөрдөж байгаа олон улсын буюу дотоодын хууль, журмын дагуу дүрвэгч хэмээн тооцогдох хүүхдэд энэхүү Конвенц болон тухайн орны нэгдэн орсон хүний эрхийн буюу хүмүүнлэгийн олон улсын бусад баримт бичигт заасан эрхээ эдлэхэд зохих хамгаалалт, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх шаардлагатай арга хэмжээг авна.
2. Энэ зорилгоор оролцогч улсууд дүрвэгч хүүхдийг хамгаалах, тусламж үзүүлэх, мөн түүнийг гэр бүлтэй нь нэгтгэхэд шаардагдах мэдээлэл олж авах үүднээс хүүхдийн эцэг эх буюу гэр бүлийн бусад гишүүнийг эрэн сурвалжлах талаар Нэгдсэн Үндэстний Байгууллага болон засгийн газар хоорондын эрх бүхий байгууллага буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажилладаг засгийн газрын бус байгууллагаас авч хэрэгжүүлэх хүчин чармайлтад зохих дэмжлэг үзүүлнэ. Эцэг эх буюу гэр бүлийн бусад гишүүн нь олдохгүй бол энэхүү Конвенцид заасан ёсоор гэр бүлээсээ аливаа шалтгаанаар түр буюу бүрмөсөн хагацсан хүүхдэд хамаарах хамгаалалтыг тухайн хүүхдэд нэгэн адил авна.
23 дугаар зүйл
1. Оролцогч улсууд тахир дутуу буюу оюуны хомсдолтой хүүхдийн нэр төрийг хүндэтгэн өөртөө тулгуурлах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой орчинд бүрэн бүтэн, зохистой амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.
2. Оролцогч улсууд тахир дутуу буюу оюуны хомсдолтой хүүхэд онцгой халамж хүртэх эрхийг хүлээн зөвшөөрч, хүүхэд болон түүний эцэг эх, асран халамжлах бусад хүний нөхцөл байдлыг харгалзан, тэдний гаргасан хүсэлтийн дагуу нөөц боломжийнхоо хэрээр туслалцаа үзүүлэх, онцгой халамж анхаарал тавихыг дэмжинэ.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тахир дутуу буюу оюуны хомсдолтой хүүхдийн онцгой хэрэгцээг ухамсарлан, эцэг эх буюу хүүхдийг асран халамжлах бусад хүмүүсийн санхүүгийн нөөц бололцоог харгалзан тусламжийг аль болохоор үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд энэхүү тусламж нь хүүхдийн хөгжил, түүний дотор хүүхдийн соёлын болон оюун ухааны хөгжлийг хангах, нийгмийн амьдралд оролцох бололцоог бүрдүүлэх сургалт, эрүүл мэндийн болон нөхөн сэргээх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх, амралт, чөлөөт цагийн боломжоор хангахад чиглэнэ.
4. Оролцогч улсууд нь нөхөн сэргээх арга, мэргэжлийн бэлтгэлийн талаархи мэдээлэл олж авах зэргээр тахир дутуу буюу оюуны хомсдолтой хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ, сэтгэл зүйн болон функц эмчилгээний салбарт мэдлэг туршлагаа өргөжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох мэдээлэл солилцох явдлыг хөхиүлэн дэмжинэ. Үүнтэй холбогдуулан хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд онцгой анхаарал хандуулбал зохино.
24 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд боломжийн дээд түвшинд эрүүл байх, эрүүл мэндийн нөхөн сэргээх, өвчнийг эмчлэх нөхцөл бололцоо, арга хэрэгслээр хангагдах хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө. Оролцогч улсууд эрүүл мэндийн ийм үйлчилгээ хүртэх эрхийг хөсөрдүүлэхгүй байх талаар хүчин чармайлт гаргавал зохино.
2. Оролцогч улсууд энэхүү эрхийг бүрэн хэрэгжүүлж дараахь арга хэмжээг авна:
(а) нялхсын болон хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулах;
(b) нэн тэргүүнд анхан шатны эмнэлэг-ариун цэврийн тусламжийг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулан бүх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн зайлшгүй шаардлагатай тусламжийг үзүүлэх;
(c) хүрээлэн байгаа орчин бохирдох эрсдэл, аюулыг анхааралдаа авч, анхан шатны эмнэлэг-ариун цэврийн тусламжийн хүрээнд ундны цэвэр ус, тэжээллэг хоол хүнсээр хангах, бэлэн технологи ашиглах замаар өвчин эмгэг, хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх;
(d) төрөхийн өмнө болон төрсний дараа эрүүл мэндээ хамгаалуулах зохистой үйлчилгээгээр жирэмсэн эхчүүдийг хангах;
(e) хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хөхөөр хооллохын давуу тал, эрүүл ахуй, амьдрах орчны ариун цэвэр, осол аюулаас урьдчилан сэргийлэх талаархи мэдээллээр нийгмийн бүх давхарга, түүний дотор эцэг эх, хүүхдийг хангах, түүнчлэн энэ талын боловсролтой болох, суурь мэдлэгээ ашиглахад дэмжлэг туслалцаа үзүүлэх;
(f) эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эцэг эхчүүдэд зориулсан удирдамж заавар, гэр бүл төлөвлөлтийн боловсрол, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай арга хэмжээг авна.
3. Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна.
4. Оролцогч улсууд энэ зүйлд хүлээн зөвшөөрсөн эрхийг аажмаар бүрэн хэрэгжүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд онцгой анхаарал хандуулна.
25 дугаар зүйл
Оролцогч улсууд асран хамгаалах, биеийн болон сэтгэл зүйн эмчилгээ хийх зорилгоор эрх бүхий байгууллагын шийдвэрээр асрамжинд авсан хүүхдийн эмчилгээ, сувилгаа, асран хамгаалахтай холбогдсон бусад бүх нөхцлийг тогтсон хугацаанд үнэлж дүгнүүлэх хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө.
26 дугаар зүйл
1. Оролцогч улсууд хүүхэд бүр нийгмийн халамж, түүний дотор нийгмийн даатгалд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу авна.
2. Хүүхдийн болон түүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хүмүүсийн нөөц боломж, нөхцөл байдал, хүүхэд өөрөө буюу түүний нэрийн өмнөөс тэтгэмж хүсч гаргасан өргөдөл, холбогдох бусад зүйлийг харгалзан тэтгэмж олгоно.
27 дугаар зүйл
1. Оролцогч улсууд бие бялдар, оюун ухаан, оюун санааны болон нийгмийн хөгжлийг хангах түвшинд аж төрөх хүүхэд бүрийн эрхийг хүлээн зөвшөөрнө.
2. Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.
3. Оролцогч улсууд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд үндэсний нөхцөл, хөрөнгө бололцоондоо нийцүүлэн эцэг эх, хүүхдийн төлөө хариуцлага хүлээж буй бусад хүнд туслалцаа үзүүлэх арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд материаллаг тусламж, ялангуяа хувцас, орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
4. Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх болон түүний талаар хариуцлага хүлээх бусад хүн өөрийн улсад болон хилийн чанадаас хүүхдээ тэжээн тэтгэх явдлыг сэргээхэд чиглэсэн бүхий л шаардлагатай арга хэмжээг авна. Тухайлбал, хүүхэд болон түүний талаар санхүүгийн хариуцлага хүлээх хүн өөр улсад оршин суудаг бол оролцогч улсууд олон улсын хэлэлцээрт нэгдэн орох буюу хэлэлцээр байгуулах, бусад зохистой арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлнэ.
28 дугаар зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг тэгш боломжийн үндсэн дээр аажмаар хэрэгжүүлэхийн тулд дараахь арга хэмжээ авна:
(а) бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэх;
(b) дунд боловсролын олон хэлбэр, түүний дотор ерөнхий болон мэргэжлийн боловсролыг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох, хөгжүүлэх, шаардлагатай тохиолдолд санхүүгийн тусламж үзүүлэх буюу үнэ төлбөргүй боловсрол олгох;
(c) хүн бүр чадвартаа түшиглэн дээд боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах;
(d) боловсрол, мэргэжлийн бэлтгэл олгох талаархи мэдээллийг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох;
(e) хүүхдийн хичээлийн оролцоог тогтмолжуулах болон сургууль завсардалтын түвшинг бууруулах.
2. Оролцогч улсууд сургуулийн дэг журмыг дэмжих үүднээс хүүхдийн нэр төрд хүндэтгэлтэйгээр хандуулах бүхий л арга хэмжээг энэхүү Конвенцид нийцүүлэн авна.
3. Оролцогч улсууд боловсрол олгохтой холбогдсон асуудлаархи тухайлбал, дэлхий дахинд бичиг үсэг тайлагдаагүй, харанхуй бүдүүлэг байдлыг арилгах, шинжлэх ухаан-техникийн мэдлэг болон сургалтын орчин үеийн аргыг эзэмших бололцоо бүрдүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд онцгой анхаарал тавьбал зохино.
29 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд хүүхдэд олгох боловсрол дараахь зүйлд чиглэх ёстой хэмээн үзэж байна:
(а) хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх, авьяас билэг, оюуны болон биеийн чадавхийг бүрэн төгс хөгжүүлэх;
(b) хүний эрх, үндсэн эрх чөлөө болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмыг хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх;
(c) эцэг эх, соёл, хэл, үнэт зүйлс, амьдарч байгаа улсынхаа болон төрсөн улс орныхоо үндэсний үнэт зүйлс болон өөрийнхөөсөө ялгаатай соёл иргэншлийг хүндэтгэх үзлийг төлөвшүүлэн хөгжүүлэх;
(d) харилцан ойлголцол, энхийг эрхэмлэх, хүлцэн тэвчих, эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, аливаа ард түмэн, угсаатны болон шашны бүлэг, нутгийн уугуул иргэдийг хүндэтгэх үзлийг хүүхдэд төлөвшүүлж чөлөөт нийгэмд хариуцлагатай амьдрахад бэлтгэх;
(e) байгаль орчныг хайрлан хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх.
2. Энэ зүйл болон 28 дугаар зүйлийн аливаа хэсгийг хувь хүмүүс хийгээд байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлан, төрөөс тогтоосон боловсролын наад захын жишигт нийцүүлэн сургууль, боловсролын байгууллага байгуулахад чиглэсэн хувь хүн, байгууллагын эрх чөлөөг хязгаарласан байдлаар тайлбарлаж болохгүй.
30 дугаар зүйл
Угсаатан, шашин буюу хэлний цөөнх, нутгийн уугуул иргэд бүхий улсад ийм цөөнхөд харъяалагдах хүүхэд өөрийн бүлгийн бусад гишүүний хамт соёлоо дагах, шашнаа шүтэх, зан үйлээ үйлдэх, түүнчлэн төрөлх хэлээрээ ярихад саад тавьж болохгүй.
31 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, насныхаа онцлогт тохирсон тоглоом болон наадамд оролцох, соёлын амьдрал, урлан бүтээх үйл ажиллаганд чөлөөтэй оролцох эрхийг хүлээн зөвшөөрнө.
2. Оролцогч улсууд нь соёлын болон уран бүтээлийн амьдралд бүрэн оролцох хүүхдийн эрхийг дэмжин хүндэтгэж, соёл, уран бүтээл, амралт, чөлөөт цагийн үйл ажиллагаанд оролцох зохистой болон тэгш бололцоо олгоход дөхөм үзүүлнэ.
32 дугаар зүйл
1. Оролцогч улсууд эдийн засгийн мөлжлөгөөс хамгаалуулах, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн хөгжилд аюултай боловсрол эзэмшихэд нь саад болох ажил эрхлэхээс хамгаалуулах эрхийг хүлээн зөвшөөрнө.
2. Оролцогч улсууд энэ зүйлийг хэрэгжүүлэх үүднээс хууль тогтоох, захиргаа, нийгмийн болон боловсролын арга хэмжээ авна. Энэ зорилгоор олон улсын бусад баримт бичгийн холбогдох заалтыг удирдлага болгон, оролцогч улсууд:
(а) ажилд авах насны доод хязгаарыг тогтоож;
(b) ажлын цаг болон хөдөлмөрийн нөхцлийг зохистой зохицууж;
(c) энэ зүйлийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс оногдуулах ял шийтгэл болон авч болох бусад арга хэмжээг зааж тогтооно.
33 дугаар зүйл
Оролцогч улсууд олон улсын холбогдох гэрээнүүдэд тодорхойлсон мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар хэрэглэх явдлаас хүүхдийг хамгаалах, эдгээр бодисыг хууль бусаар үйлдвэрлэх, борлуулахад хүүхдийг ашиглахаас сэргийлэх үүднээс хууль тогтоох, захиргаа, нийгэм, боловсролын болон шаардлагатай бусад бүх арга хэмжээг авна.
34 дүгээр зүйл
Оролцогч улсууд хүүхдийг бэлгийн замаар ашиглан мөлжих бүхий л хэлбэрээс хамгаалах үүрэг хүлээнэ. Энэ зорилгоор оролцогч улсууд дараахь зүйлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үндэсний, хоёр талт болон олон талт шаардлагатай бүх арга хэмжээг авна:
(а) хүүхдийг бэлгийн хууль бус аливаа ажиллагаанд татан оролцуулах буюу шахалт үзүүлэх;
(b) хүүхдийн биеийг үнэлүүлэх буюу бэлгийн хууль бус бусад ажиллагаанд ашиглан мөлжих;
(c) хүүхдийг садар самуун үзүүлбэр болон түүнийг сурталчилсан материалд ашиглах.
35 дугаар зүйл
Оролцогч улсууд хүүхдийг аливаа зорилго, хэлбэрээр хулгайлах, худалдах буюу хил дамжуулан худалдах явдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үндэсний, хоёр талт болон олон талт шаардлагатай бүх арга хэмжээг авна.
36 дугаар зүйл
Оролцогч улсууд хүүхдийн аж байдлыг аливаа байдлаар хохироох аливаа бусад хэлбэрийн мөлжлөгөөс хүүхдийг хамгаална.
37 дугаар зүйл
Оролцогч улсууд:
(а) хүүхдэд эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхгүй байх, 18 насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт цаазаар авах буюу суллах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял оногдуулахгүй байх;
(b) хүүхдийн эрх чөлөөг хууль бусаар буюу дур мэдэн хязгаарлаж болохгүй. Хүүхдийг баривчлах, саатуулах, хорих арга хэмжээг хамгийн богино тохиромжтой хугацаанд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх;
(c) эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүрд насных нь хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг харгалзан нэр төрийг нь хүндэтгэн, хүнлэг хандана. Дээд ашиг сонирхолд нь харшилна гэж үзээгүй бол эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүрийг насанд хүрэгчдээс тусгаарлах, онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд гэр бүлтэйгээ харилцаатай байх, уулзах боломжоор хангах;
(d) эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүр эрх зүйн болон бусад зохих туслалцааг даруй авах, түүнчлэн эрх чөлөөгөө хасуулсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг шүүх буюу эрх бүхий хараат бус, аль нэг талын эрх ашигт үйлчлэхгүй байгууллагаар тогтоолгох, шуурхай шийдвэрлүүлэх эрхтэй.
38 дугаар зүйл
1. Оролцогч улсууд зэвсэгт мөргөлдөөний үед тухайн улсад дагаж мөрдөх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүүхдэд холбогдох журмыг хүндэтгэн хэрэгжүүлнэ.
2. Оролцогч улсууд 15 насанд хүрээгүй хүүхдийг дайн тулалдаанд биечлэн оролцуулахгүй байх бололцоотой бүх арга хэмжээг авна.
3. Оролцогч улсууд 15 насанд хүрээгүй хүнийг зэвсэгт хүчинд алба хаалгахаас татгалзана. 15 насанд хүрсэн боловч 18 насанд хүрээгүй хүмүүсийг цэрэгт дайчлахдаа насаар ахмадыг нь элсүүлэхийг урьтал болгоно.
4. Зэвсэгт мөргөлдөөний үед энгийн ард иргэдийг хамгаалахтай холбогдсон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйгээр хүлээсэн үүргийнхээ дагуу оролцогч улсууд зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, асран халамжлах бололцоотой бүх арга хэмжээг авна.
39 дүгээр зүйл
Оролцогч улсууд хүүхдийг үл хайхрах, мөлжих, зүй бусаар ашиглах, эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжилсон харьцаа, хандлага, зэвсэгт мөргөлдөөний хохирогч хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх, нийгмийн амьдралд буцаан оруулахад тус дөхөм болох шаардлагатай бүх арга хэмжээг авна. Ийнхүү нөхөн сэргээх, нийгэмд нэгтгэх үйл явц нь хүүхдийн эрүүл мэнд, нэр төр, үе тэнгийхний хүндэтгэл хангагдсан нөхцөлд хэрэгжих ёстой.
40 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана.
2. Энэ зорилгоор олон улсын баримт бичгийн холбогдох заалтыг анхааралдаа авч, оролцогч улсууд дараахь зүйлийг хангана:
(а) хүүхдийг хэрэг үйлдэгдэх үед үндэсний хууль буюу олон улсын эрх зүйгээр хориглоогүй байсан үйлдэл, эс үйлдэлд холбон хууль зөрчсөн хэмээн сэрдэх, яллах, буруутгахгүй байх;
(b) эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэрдэгдсэн буюу яллагдагчаар татагдсан хүүхэд бүрийг дараахь наад захын баталгаагаар хангана:
i/ гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцох;
ii/ ямар хэрэгт яллагдагчаар татаж байгааг өөрт нь шууд бөгөөд шуурхай мэдэгдэх, зохих тохиолдолд эцэг эх, түүний хууль ёсны асран хамгаалагчаар нь дамжуулан мэдэгдэж, өмгөөлөгч, эрх зүйн болон бусад шаардлагатай туслалцаа үзүүлэх;
iii/ эрх зүйн болон бусад туслалцаа үзүүлж, хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол нас, нөхцөл байдал, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдын хүсэл зоригийг харгалзан нэг талын эрх ашигт үйлчлэхгүй, хараат бус, эрх бүхий байгууллага, шүүхээр асуудлыг шударга шүүлгэх;
iv/ мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээхийг албадахгүй байх; эсрэг мэдүүлэг өгөх гэрчийг байцаах, байцаалгах, эрх тэгш нөхцөлд хүүхдийн өмнөөс гэрчийг байцаах, гэрчийг байлцуулах;
v/ эрүүгийн хууль зөрчсөн хэмээн гаргасан шийдвэр, түүний дагуу авсан арга хэмжээг нэг талын эрх ашигт үйлчлэхгүй, хараат бус, эрх бүхий дээд шатны байгууллагаар хянуулах;
vi/ байцаан шийтгэх ажиллагааны хэлийг ойлгохгүй буюу уг хэлээр ярьж чадахгүй бол орчуулагчийн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх;
vii/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүүхдийн хувийн байдлыг бүрэн хүндэтгэх.
3. Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан буюу гэм буруутай нь тогтоогдсон хүүхдэд хамаарах хууль, журам, тусгай байгууллага, алба байгуулахад тус дөхөм үзүүлбэл зохино:
(а) эрүүгийн хууль зөрчих чадвартайд тооцох насны доод хязгаарыг тогтоох;
(b) шаардлагатай бөгөөд зохистой тохиолдолд эдгээр хүүхдийн хүний эрх, эрх зүйн баталгааг бүрэн хүндэтгэж хэрэг хянан шийдвэрлэх албан ёсны тогтолцооноос гадуур харьцах.
4. Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, асран хүмүүжүүлэх газар, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглүүлэх тухай захирамж гаргах, түр асрамжид шилжүүлэх зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ авах нь чухал.
41 дүгээр зүйл
Энэхүү Конвенцийн аливаа заалт хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд илүү дөхөм үзүүлж байгаа:
(а) оролцогч улсын хууль тогтоомж, эсхүл
(b) тухайн улсын хувьд дагаж мөрдөх олон улсын эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан аливаа заалтыг хөндөхгүй.
II ХЭСЭГ
42 дугаар зүйл
Оролцогч улсууд үр нөлөөтэй, зохистой арга хэрэгслээр Конвенцийн зарчим, заалтуудыг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд таниулан сурталчлах үүрэг хүлээнэ.
43 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшлийг хэлэлцэх зорилгоор Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн хороог байгуулах бөгөөд энэ Хороо нь дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ.
2. Хороо нь ёс суртахууны эрхэм дээд чанарыг эзэмшсэн, энэхүү Конвенцид хамаарах асуудлаар өндөр мэдлэг, чадвар хуримтлуулсан арван мэргэжилтнээс бүрдэнэ. Хорооны гишүүдийг оролцогч улсууд өөрийн иргэдээс сонгох бөгөөд тэдгээр нь өөрсдийн нэрийн өмнөөс ажиллана. Чингэхдээ газар зүйн тэгш хуваарилалт болон эрх зүйн гол тогтолцооны төлөөллийг харгалзана.
3. Хорооны гишүүдийг оролцогч улсуудаас нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн жагсаалтаас нууц санал хураалтаар сонгоно. Оролцогч улс бүр өөрийн иргэдийн дотроос нэг хүний нэрийг дэвшүүлж болно.
4. Хороог сонгох анхны сонгуулийг энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор явуулах бөгөөд дараагийн сонгуулийг 2 жил тутамд явуулна. Сонгууль бүрийг явуулахаас наад зах нь 4 сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудад захидал илгээж, хоёр сарын хугацаанд хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлэхийг санал болгоно. Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү нэр дэвшигдсэн хүмүүсийн нэрсийг үсгийн дэс дарааллаар жагсааж нэр дэвшүүлсэн улсыг заан энэхүү Конвенцид оролцогч улсуудад хүргүүлнэ.
5. Сонгуулийг Ерөнхий нарийн бичгийн даргаас зарлан хуралдуулсан оролцогч улсуудын хуралдаан дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд явуулна. Оролцогч улсуудын гуравны хоёр хуралдааны бүрэлдэхүүнийг хангах бөгөөд хамгийн олон санал авсан бөгөөд санал хураалтад оролцож санал өгсөн оролцогч улсуудын төлөөлөгчдийн дийлэнхи олонхийн санал авсан нэр дэвшигчийг хорооны гишүүнээр сонгоно.
6. Хорооны гишүүд дөрвөн жилийн хугацаагаар сонгогдоно. Тэдгээрийн нэрийг дахин дэвшүүлсэн тохиолдолд дахин сонгогдох эрхтэй. Анхны сонгуулиар сонгогдсон таван гишүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн дараа дуусах бөгөөд анхны сонгуулийг явуулж дууссан даруйд дээрх таван гишүүнийг хуралдааны дарга шодож тогтооно.
7. Хорооны аль нэг гишүүн нас барах буюу огцрох, эсхүл бусад шалтгаанаар хорооны гишүүний үүргийг гүйцэтгэж чадахгүйд хүрвэл, тухайн хүний нэрийг дэвшүүлсэн оролцогч улс өөрийн иргэдийн дотроос хорооны зөвшөөрснөөр өөр мэргэжилтнийг үлдсэн хугацаанд томилон ажиллуулна.
8. Хороо үйл ажиллагааныхаа журам батална.
9. Хороо ажилтнуудаа хоёр жилийн хугацаагаар сонгоно.
10. Хорооны хуралдааныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд буюу хорооноос тогтоосон тохиромжтой бусад газар хийнэ.
Хороо жил бүр хуралдана. Хорооны хуралдааны үргэлжлэх хугацааг тогтоох, шаардлагатай тохиолдолд өөрчлөх асуудлыг энэхүү Конвенцид оролцогч улсуудын хуралдаан дээр Ерөнхий Ассамблейн батласнаар шийдвэрлэнэ.
11. Энэхүү Конвенцийн дагуу Хороо ажил үүргээ үр нөлөөтэй гүйцэтгэхэд шаардлагатай хүн хүч, хөрөнгө хэрэгслээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хангана.
12. Энэхүү Конвенцийн дагуу байгуулагдсан Хорооны гишүүд Ерөнхий Ассамблейгаас баталсны дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөрөнгийн эх үүсвэрээс Ассамблейн тогтоосон нөхцөл, журмаар цалин хөлс авна.
44 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд Конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг хангах талаар авсан арга хэмжээ болон эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшлийн талаархи тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан Хороонд хэлэлцүүлэхээр дор заасан хугацаанд ирүүлэх үүрэгтэй:
(а) тухайн оролцогч улсын хувьд Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор;
(b) үүний дараа таван жил тутамд.
2. Энэ зүйлийн дагуу гаргах тайланд энэхүү Конвенцийн дагуу хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд нөлөөлж байгаа хүчин зүйл, бэрхшээл байгаа бол тэдгээрийг тусгана. Түүнчлэн энэхүү Конвенц тухайн оронд хэрхэн дагаж мөрдөгдөж байгаа тухай хороонд бүрэн ойлгуулахад хангалттай мэдээллийг тайланд оруулна.
3. Хороонд иж бүрэн анхны тайлангаа илгээсэн оролцогч улс энэ зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасны дагуу гаргах дараагийн тайландаа өмнө өгсөн үндсэн мэдээллийг давтах шаардлагагүй.
4. Хороо энэхүү Конвенцийн хэрэгжилттэй холбогдсон нэмэлт мэдээллийг оролцогч улсаас хүсч болно.
5. Хороо Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөр дамжуулан Ерөнхий Ассамблейд үйл ажиллагаагаа хоёр жил тутамд тайлагнана.
6. Оролцогч улсууд тайлангаа өөрийн улсын олон нийтэд өргөнөөр хүртэхүйц бололцоогоор хангана.
45 дугаар зүйл
Энэхүү Конвенцийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, Конвенцийн хамрах салбарт олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор:
(а) Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллага өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд багтах энэхүү Конвенцийн заалтуудын хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулах эрхтэй.
Хороо Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан болон шаардлагатай тохиолдолд эрх бүхий бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаархи Конвенцийн хэрэгжилтийн талаар мэргэжилтний зөвлөгөө авах хүсэлт гаргаж болно.
Хороо төрөлжсөн байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллагаас өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд багтах салбарт Конвенцийн хэрэгжилт ямар байгаа талаар тайлан, тайлан гаргахыг хүсч болно.
(b) Хороо, зохистой гэж үзвэл, техникийн зөвлөгөө буюу туслалцаа хүссэн, эсхүл ийм зөвлөгөө, туслалцаа шаардлагатай байгааг илэрхийлсэн оролцогч улсын аливаа тайланг эдгээр хүсэлт, илэрхийлсэн зүйлийн талаархи өөрийн ажиглалт, саналын хамт Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага, Хүүхдийн сан болон эрх бүхий бусад байгууллагад хүргүүлнэ;
(c) Хүүхдийн эрхийн тодорхой асуудлаар өөрийн нэрийн өмнөөс судалгаа явуулах хүсэлтийг Ерөнхий нарийн бичгийн даргад гаргахыг Ерөнхий Ассамблейд Хорооноос зөвлөж болно;
(d) Хороо энэхүү Конвенцийн 44, 45 дугаар зүйлийн дагуу авсан мэдээлэлд үндэслэн санал, ерөнхий зөвлөмжийг гаргаж болно. Ийм санал, ерөнхий зөвлөмжийг оролцогч улсаас гаргасан тайлбарын хамт холбогдох oролцогч улсад хүргүүлж Ерөнхий Ассамблейд мэдэгдэнэ.
III ХЭСЭГ
46 дугаар зүйл
Энэхүү Конвенц бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна.
47 дугаар зүйл
Энэхүү Конвенцийг соёрхон батална. Соёрхон батласан батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
48 дугаар зүйл
Энэхүү Конвенцид бүх улс нэгдэн орж болно. Ийнхүү нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
49 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хорь дахь соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш гуч дах өдөр хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон тухай хорь дахь батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш Конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон аливаа улсын хувьд энэхүү Конвенц тухайн улcын соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдөр хүчин төгөлдөр болно.
50 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр гаргаж болно.
Ерөнхий нарийн бичгийн дарга гаргасан хүсэлтийг оролцогч улсуудад хүргүүлж, түүнийг хэлэлцэж, санал хураах зорилгоор бага хурал хуралдуулах эсэх талаар саналаа ирүүлэхийг хүснэ. Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш дөрвөн сарын дотор оролцогч улсуудын наад зах нь гуравны нэгээс доошгүй нь ийм бага хурал хуралдуулах саналыг дэмжвэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээл дор уг бага хурлыг зарлан хуралдуулна. Уг бага хуралд байлцаж, санал хураалтад оролцсон улсуудын олонхийн санал авсан аливаа өөрчлөлтийг батлуулахаар Ерөнхий Ассамблейд оруулна.
2. Энэ зүйл 1 дэх хэсэгт заасан журмаар хэлэлцсэн өөрчлөлт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей баталж, оролцогч улсуудын гуравны хоёр нь хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.
3. Хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлтийг түүнийг батласан улсууд заавал дагаж мөрдөх бөгөөд оролцогч бусад улсын хувьд энэхүү Конвенцийн заалтууд, түүнчлэн тэдгээрийн өмнө батласан өөрчлөлтүүд хүчинтэй хэвээр үлдэнэ.
51 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийг соёрхон батлах буюу нэгдэн орохдоо улсуудын хийсэн тайлбарын эх хувийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч, бүх улсад хүргүүлнэ.
2. Энэхүү Конвенцийн зорилго, зорилтод үл нийцсэн тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.
3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад зохих ёсоор мэдэгдэж тайлбарыг хэдийд ч эгүүлэн авч болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга энэ тухай бүх улсад мэдэгдэнэ. Энэ мэдэгдэл нь түүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
52 дугаар зүйл
Оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж энэхүү Конвенцийг цуцалж болно. Цуцлах тухай мэдэгдэл нь түүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
53 дугаар зүйл
Энэхүү Конвенцийн эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хадгална.
54 дүгээр зүйл
Англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд энэхүү Конвенцийн жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
Үүнийг баталж, өөрсдийн засгийн газраас зохих бүрэн эрх олгогдсон гарын үсэг зурагсад энэхүү Конвенцид гарын үсгээ зурав.
* Монгол Улс 1990.01.26-нд гарын їсэг зурж, 1990.07.05-нд соёрхон батласан
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталж,
1990 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болсон*
УДИРТГАЛ
Энэхүү Конвенцид оролцогч улсууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмуудын дагуу нийгмийн бүх гишүүдийн угаас заяасан нэр төр, тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дахинд эрх чөлөө, шударга ёс, энх тайвныг хангах үндэс болно гэж үзэж;
Нэгдсэн Үндэстний ард түмэн дүрэмдээ хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнэд итгэдгээ нотолж, нийгмийн дэвшлийг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд илүү эрх чөлөөтэйгээр дэмжлэг үзүүлэх саналтай байгааг анхаарч;
Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд болон хүний эрхийн тухай олон улсын пактуудад заасан бүхий л эрх, эрх чөлөөг хүн бүр арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний хийгээд нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад байдлыг үл харгалзан, аливаа ялгаваргүйгээр эдлэх ёстойг хүлээн зөвшөөрч;
Нэгдсэн Үндэстний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй гэж тунхагласныг санаж;
гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстойг ойлгож;
аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөж бойжих нь хүүхдийн бүрэн, өв тэгш хөгжлийг хангах болохыг хүлээн зөвшөөрч;
хүүхдийг нийгэмд бие даан аж төрөхөд бүрэн бэлтгэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан төгс үзэл санаа, ялангуяа энх тайван, нэр төр, тэвчээр, эрх чөлөө, тэгш эрх болон эв санааны нэгдэл бүхий үзэлтэйгээр өсөн хүмүүжих ёстой гэж үзэж;
хүүхдэд ийм онцгой халамж тавих шаардлага байгаа тухай Хүүхдийн эрхийн тухай 1924 оны Женевын тунхаглал, Ерөнхий Ассамблейгаас 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр батласан Хүүхдийн эрхийн тунхаглал болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /тухайлбал 23, 24 дүгээр зүйлүүд/, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /тухайлбал 10 дугаар зүйл/, түүнчлэн хүүхдийн аж байдлын асуудал эрхэлсэн олон улсын болон төрөлжсөн байгууллагуудын холбогдох баримт бичиг, дүрэмд тусгагдаж хүлээн зөвшөөрснийг анхааралдаа авч;
“хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг” Хүүхдийн эрхийн тунхаглалд заасныг анхааралдаа авч;
хүүхдийн аж байдал, хамгаалалтын талаархи нийгэм, эрх зүйн зарчмын тухай тунхаглалын заалт, ялангуяа улс болон улс хооронд хүүхэд хүмүүжүүлэх, үрчлүүлэхээр шилжүүлэх, Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын наад захын жишиг дүрэм /Бээжингийн дүрэм/, Онц байдал болон зэвсэгт мөргөлдөөний үед эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах тухай тунхаглалын заалтыг иш үндэс болгож;
дэлхийн улс бүрт хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд байгаа бөгөөд тэдэнд онцгой анхаарал шаардлагатайг хүлээн зөвшөөрч;
хүүхдийг хамгаалах, өв тэгш хөгжүүлэхэд ард түмэн бүрийн уламжлал, соёлын үнэт зүйлс чухал гэдгийг харгалзан үзэж;
улс бүрт, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүүхдийн амьдралын нөхцлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг хүлээн зөвшөөрч,
дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:
I ХЭСЭГ
1 дүгээр зүйл
Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ.
2 дугаар зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана.
2. Оролцогч улсууд хүүхдийг, түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч болон гэр бүлийн бусад гишүүний байдал, үйл ажиллагаа, үзэл бодол болон итгэл үнэмшлийг үндэслэн аливаа хэлбэрээр алагчилахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна.
3 дугаар зүйл
1. Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.
2. Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.
3. Оролцогч улсууд хүүхдийг халамжлах, хамгаалах үүрэг бүхий газар, алба, байгууллагыг аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт, ялангуяа ажилчдын орон тоо, чадавхид хяналт тавих үүднээс эрх бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцсэн нөхцлөөр хангана.
4 дүгээр зүйл
Оролцогч улсууд энэхүү Конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоох, захиргааны болон бусад бүх арга хэмжээг авна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээг нөөц бололцоондоо тулгуурлаж дээд зэргээр ашиглах, шаардлагатай бол, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд авна.
5 дугаар зүйл
Оролцогч улсууд эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхид нийцүүлэн энэхүү Конвенцид заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ.
6 дугаар зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө.
2. Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.
7 дугаар зүйл
1. Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.
2. Оролцогч улсууд эдгээр эрхийг, ялангуяа хүүхэд иргэний харьяалалгүй болох тохиолдолд үндэсний хууль тогтоомж, холбогдох олон улсын баримт бичгийн дагуу хүлээсэн үүрэгтээ нийцүүлэн хэрэгжүүлнэ.
8 дугаар зүйл
1. Оролцогч улсууд хуульд заасан иргэний харьяалалтай байх, нэр авах, гэр бүлийн холбоогоо хадгалах зэргээр хувийн онцлог байдлаа хадгалах хүүхдийн эрхийг хүндэтгэх, үүнд хууль бусаар оролцохгүй байх үүрэг хүлээнэ.
2. Оролцогч улсууд хүүхэд хувийн онцлог байдлаа зарим талаар буюу бүхэлд нь хууль бусаар алдахад хүрвэл даруй сэргээн тогтооход чиглэсэн тусламж, хамгаалалт үзүүлнэ.
9 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг эх хүүхэддээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гаргана.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох аливаа асуудлыг хэлэлцэхэд сонирхогч бүх талыг оролцуулж, үзэл бодлоо илэрхийлэх бололцоог тэдгээрт олгоно.
3. Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ.
4. Хүүхдийн эцэг эхийн аль нэг нь буюу хоёулаа эсхүл хүүхэд нь баривчлагдах, хоригдох, цөлөгдөх, хөөн зайлуулагдах буюу нас барах /тухайн улсын хяналтад байх хугацаанд нас барах/ зэргээр оролцогч улсын санаачлагаар авсан арга хэмжээний үр дүнд хүүхэд эцэг эхийн аль нэгнээс буюу хоёулангаас салах тохиолдолд аливаа шалтгаанаар хүүхдийн сайн сайхан байдалд хор учруулахааргүй бол оролцогч улсууд эцэг эх, хүүхдэд, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдэд, тэдгээрийн хүсэлтээр алга болсон гишүүний оршин байгаа газрын талаар шаардагдах мэдээлэл өгнө. Цаашид оролцогч улсууд ийнхүү хүсэлт гаргах нь зохих хүмүүст сөрөг үр дагавар бий болгохгүй байхыг хангана.
10 дугаар зүйл
1. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу гэр бүлтэйгээ нэгдэх зорилгоор оролцогч улсад очих буюу гарах тухай хүүхэд, түүний эцэг, эхээс гаргасан хүсэлтийг нааштай, энэрэнгүй, шуурхай байдлаар авч үзвэл зохино. Ийм хүсэлт нь хүсэлт гаргасан хүн, түүний гэр бүлийн гишүүдэд сөрөг үр дагавар бий болгохгүй байхыг оролцогч улс хангана.
2. Эцэг эх нь өөр улсад амьдарч байгаа хүүхэд онцгой шалтгаангүй тохиолдолд эцэг эхтэйгээ тогтмол хувийн болон шууд харилцаатай байх эрхтэй. Энэ зорилгоор, мөн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор, оролцогч улсууд хүлээсэн үүргийнхээ дагуу эх орноосоо буюу өөр аливаа улсаас гарах, эх орондоо эргэж ирэх хүүхдийн болон түүний эцэг, эхийн эрхийг хүндэтгэнэ. Аливаа орныг орхин гарах эрхийн хувьд гагцхүү үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс хуулиар тогтоосон болон энэхүү Конвенцоор хүлээн зөвшөөрсөн бусад эрхтэй нийцсэн хязгаарлалт хийнэ.
11 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийг хууль бусаар шилжүүлэх буюу гадаад улсаас эх оронд нь буцаахгүй байхтай тэмцэх арга хэмжээ авна.
2. Энэ зорилгоор оролцогч улсууд хоёр талт болон олон талт хэлэлцээр байгуулах буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэлэлцээрт нэгдэн орох арга хэмжээ авна.
12 дугаар зүйл
1. Оролцогч улсууд өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө.
2. Энэ зорилгоор өөртэй нь холбоотой асуудлыг шүүх буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд шууд, эсхүл үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу төлөөлөгчөөр буюу зохих байгууллагаар дамжуулан үг хэлэх бололцоог хүүхдэд олгоно.
13 дугаар зүйл
1. Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл, үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн бүтээлийн хэлбэрээр, хүүхдийн сонгосон мэдээллийн бусад арга хэрэгслээр эрэх, олж авах, дамжуулах эрх чөлөөг багтаана.
2. Энэ эрхийг хэрэгжүүлэхэд зарим хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь хуульд зааснаар:
(a) бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх;
(b) үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалахад шаардлагатай байвал зохино.
14 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд нь чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, сүсэглэх хүүхдийн эрхийг хүндэтгэнэ.
2. Оролцогч улсууд хүүхэд эрхээ хэрэгжүүлэхэд өөрчлөгдөж буй чадварт нь нийцүүлэн, эцэг эхийн хийгээд зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийн удирдах эрх, үүргийг хүндэтгэнэ.
3. Шашин шүтэх буюу итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө нь гагцхүү үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын ёс суртахуун, эрүүл мэнд болон бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс хуулиар тогтоосон хязгаарлалтад захирагдаж болно.
15 дугаар зүйл
1. Оролцогч улсууд эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө.
2. Энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд гагцхүү ардчилсан нийгэмд үндэсний болон нийгмийн аюулгүй байдал, дэг журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хуульд нийцүүлэн тогтоосон хязгаарлалтаас өөр хязгаарлалт тогтоож болохгүй.
16 дугаар зүйл
1. Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал болон захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй.
2. Хүүхэд хөндлөнгийн ийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй.
17 дугаар зүйл
Оролцогч улсууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, хүүхэд нь олон улсын болон үндэсний аливаа эх сурвалжаас мэдээлэл, материал олж авах, ялангуяа хүүхдийн нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл, материал олж авах боломжоор хангана.
Энэ зорилгоор оролцогч улсууд:
(а) олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүүхдэд нийгэм, соёлын харилцаанд ашигтай бөгөөд 29 дүгээр зүйлийн үзэл санаанд нийцсэн мэдээлэл, материал дэлгэрүүлэхийг хөхиүлэн дэмжинэ;
(b) соёлын, үндэсний болон олон улсын аливаа эх сурвалжаас ийм мэдээлэл, материалыг боловсруулах, солилцох, дэлгэрүүлэх талаархи олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ;
(c) хүүхдийн уран зохиолын ном хэвлэх, дэлгэрүүлэхийг хөхиүлэн дэмжинэ;
(d) хүн амын цөөнх буюу уугуул хүн амд хамаарах хүүхдийн хэлний шаардлагыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр онцгой анхаарахыг хөхиүлэн дэмжинэ;
(e) 13, 18 дугаар зүйлийн заалтад үндэслэн хүүхдийн сайн сайхан байдалд хохирол учруулах мэдээлэл, материалаас түүнийг хамгаалах зарчим боловсруулахыг хөхиүлэн дэмжинэ.
18 дугаар зүйл
1. Оролцогч улсууд хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрч, энэ талаар боломжийнхоо хэрээр хүчин чармайлт тавина. Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн.
2. Энэхүү Конвенцид заасан эрхийг дэмжин хэрэгжүүлэх, баталгаажуулахын тулд оролцогч улсууд хүүхэд хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхэд нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид зохих тусламж үзүүлэх бөгөөд хүүхэд асран хамгаалах байгууллага, ажил үйлчилгээг хөгжүүлэх явдлыг хангана.
3. Оролцогч улсууд эцэг эх нь ажил хийдэг хүүхдүүд өөрсдөд нь зориулсан асрамжийн алба, газрын үйлчилгээг ашиглах эрхээ эдлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.
19 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна.
2. Хамгаалалтын ийм арга хэмжээ нь хүүхэд, тэднийг асран халамжилдаг хүмүүст шаардлагатай тусламжийг үзүүлэх зорилгоор нийгмийн хөтөлбөр боловсруулах, түүнчлэн хүүхдэд хэрцгийгээр хандахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, авч хэлэлцэхээр шилжүүлэх, мөрдөн байцаалт явуулах, эмчлэх, шаардлагатай тохиолдолд шүүх ажиллагаа явуулах болон бусад арга хэмжээг тусгасан журмыг агуулна.
20 дугаар зүйл
1. Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхдэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ.
2. Оролцогч улсууд үндэсний хууль тогтоомжийнхоо дагуу ийм хүүхдийг өөр орчинд асран халамжлах бололцоог бүрдүүлнэ.
3. Хүүхдийг ийнхүү асран халамжлах нь асрамж хамгаалалтад түр шилжүүлэх, лалын шашинтны хууль ёсны дагуу “кафала” хэрэглэх, үрчлүүлэх буюу шаардлагатай тохиолдолд хүүхдийг асран хүмүүжүүлэх зохих байгууллагад өгөх зэрэг хувилбартай байж болно. Эдгээр хувилбарыг авч үзэхдээ хүүхдийн хүмүүжлийн залгамж чанарыг эрхэмлэхийн дээр түүний гарал угсаа, шашин болон соёлын хамаарал, төрөлх хэлийг зохих ёсоор харгалзан үзэх ёстой.