A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЛАГЧИЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦ

1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

1981 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон.*

Энэхүү Конвенцид оролцогч улсууд,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм нь хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнэ болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхэд итгэдгээ дахин бататгасныг тэмдэглэж;

Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь алагчилах үзлийг зөвшөөрөхгүй байх зарчмыг бататган, хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийн хувьд тэгш төрдөг бөгөөд тус тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг аливаа ялгаварлалгүйгээр, тухайлбал, хүйсээр ялгаварлалгүйгээр эдлэх ёстой хэмээн зарлан тунхагласныг тэмдэглэж;

эрэгтэй, эмэгтэйчүүдийг эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон улс төрийн бүх эрхийг тэгш эдлэх эрхээр хангах үүргийг хүний эрхийн тухай олон улсын гэрээнүүдэд оролцогч улсууд хүлээснийг тэмдэглэж;

эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудын ивээл дор байгуулсан олон улсын конвенцийг анхааралдаа авч;

түүнчлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудаас батласан тогтоол, тунхаглал, зөвлөмжийг тэмдэглэж;

эдгээр олон төрлийн баримт бичиг байгаа хэдий ч эмэгтэйчүүдийг алагчилах үзэл оршсоор байгаад сэтгэл түгшиж;

эмэгтэйчүүдийг алагчилах үзэл тэгш эрх, хүний нэр төрийг хүндэтгэх зарчмыг зөрчиж, эмэгтэйчүүд улсынхаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд эрэгтэйчүүдийн нэгэн адил оролцоход нь саад учруулж, нийгэм болон гэр бүлийн хөгжил цэцэглэлтийг саатуулж, эмэгтэйчүүдээс улсынхаа болон хүн төрөлхтний үйлсэд хувь нэмэр оруулах бололцоогоо бүрэн хөгжүүлэхэд нь илүү бэрхшээл учруулж байгааг ухамсарлаж;

ядуурлын нөхцөлд хоол хүнс хүртэх, эрүүл мэндээ хамгаалах, боловсрол олох, мэргэжил эзэмших, хөдөлмөр эрхлэх болон бусад хэрэгцээгээ хангах боломжоор эмэгтэйчүүд хамгийн хомс байгаад сэтгэл түгшиж;

тэгш эрх, шударга ёсонд үндэслэсэн олон улсын эдийн засгийн шинэ журам тогтоох нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хөхиүлэн дэмжихэд мэдэгдэхүйц дөхөм үзүүлнэ хэмээн итгэж;

апартеид, арьс үндэсний үзэл, арьс үндсээр алагчилах, колоничлол, шинэ колоничлол, түрэмгийлэл, гадаадын булаан эзлэлт, ноёрхол болон улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох бүхий л хэлбэрийг устгах нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрхийг бүрэн эдлүүлэхэд чухал болохыг онцлон тэмдэглэж;

олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын хурцадмал байдлыг намжаах, бүх улс нийгэм, эдийн засгийн тогтолцооноосоо үл хамааран хамтран ажиллаж, зэвсгийг бүх нийтээр бүрэн хураах, ялангуяа олон улсын хатуу, үр нөлөөтэй хяналтын дор цөмийн зэвсгийг хураах, улс хоорондын харилцаанд шударга ёс, тэгш эрх, харилцан ашигтай байх зарчмыг бататгах, гадаадын болон колонийн ноёрхол, гадаадын булаан эзлэлтэд байгаа ард түмний өөрөө засан тохинох, тусгаар тогтнох эрхийг хэрэгжүүлэх, түүнчлэн улс гүрний үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нь нийгмийн дэвшил, хөгжилд дэмжлэг болж, тэгснээрээ эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд бүрэн тэгш байдлыг хангахад дөхөм болохыг бататгаж;

эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэг адил бүхий л салбарт бүрэн оролцохыг аливаа улсын бүрэн бөгөөд цогц хөгжил, дэлхий нийтийн сайн сайхан, энх тайвны үйл шаардаж байгаад итгэн;

гэр бүлийн сайн сайхан болон нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдээс оруулж байгаа бөгөөд одоо хүртэл бүрэн хүлээн зөвшөөрөөгүй үлэмж хувь нэмэр, эх хүний нийгмийн ач холбогдол, гэр бүлд болон хүүхэд хүмүүжүүлэхэд эцэг болон эхийн гүйцэтгэх үүргийг харгалзан, үр удмаа залгамжлуулахад эмэгтэйчүүдийн үүрэг тэднийг алагчилах үндэс болохгүй, харин хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд эрэгтэй, эмэгтэйчүүд болон нийгэм бүхэлдээ хариуцлагыг хуваалцах ёстой гэдгийг ухамсарлаж;

эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд бүрэн тэгш байдал тогтоохын тулд нийгэм болон гэр бүлд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн уламжлалт үүрэгт өөрчлөлт оруулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч;

эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах тухай тунхаглалд заасан зарчмыг хэрэгжүүлэх болон энэ зорилгоор ийнхүү алагчилахын бүх хэлбэр, илрэлийг устгахад шаардлагатай арга хэмжээг батлахыг зорин;

дор дурдсан зүйлийг тохиролцов:

I ХЭСЭГ

1 дүгээр зүйл

Энэхүү Конвенцийн зорилгоор "эмэгтэйчүүдийг алагчилах" гэсэн нэр томьёо нь гэрлэлтийн байдлаас үл хамаарч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон аливаа бусад салбарт эмэгтэйчүүдийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, эсхүл үгүйсгэх үр дагавар, эсхүл зорилго бүхий хүйсээр ялгаварлах, үгүйсгэн гадуурхах буюу хязгаарлахыг хэлнэ.

2 дугаар зүйл

Оролцогч улсууд эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг буруушаан, эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах бодлогыг зохистой бүхий л аргаар нэн даруй хэрэгжүүлэхээр тохиролцож, энэхүү зорилгоор дараахь арга хэмжээг авна:

(а) эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн зарчмыг үндэсний үндсэн хуулиндаа буюу зохих бусад хууль тогтоомждоо тусгаагүй бол, ийнхүү тусгаж, энэ зарчмыг хууль болон бусад зохистой аргаар хэрэгжүүлэхийг хангах;

(b) эмэгтэйчүүдийг алагчилах аливаа үзлийг хориглосон зохих хууль тогтоомжийн болон бусад арга хэмжээ, шаардлагатай тохиолдолд шийтгэх арга хэмжээг батлах;

(c) эрэгтэйчүүдтэй тэгш байх үндсэн дээр эмэгтэйчүүдийн эрхийг хуулиар хамгаалах, тухайн улсын эрх бүхий шүүх, төрийн бусад байгууллагаар дамжуулан алагчилах аливаа үйлдлээс эмэгтэйчүүдийг үр нөлөөтэй хамгаалахыг хангах;

(d) эмэгтэйчүүдийг алагчилах аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас татгалзах, төрийн байгууллага, алба энэхүү үүргийн дагуу ажиллахыг хангах;

(e) аливаа хүн, байгууллага буюу аж ахуйн нэгжийн зүгээс эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгахад чиглэсэн зохистой бүх арга хэмжээг авах;

(f) эмэгтэйчүүдийг алагчилсан хууль, зохицуулалт, заншил, дадлыг өөрчлөх буюу хүчингүй болгох талаар зохистой бүх арга хэмжээ, үүний дотор хууль тогтоох арга хэмжээг авах;

(g) эмэгтэйчүүдийг алагчилсан эрүүгийн бүх заалтыг хүчингүй болгох.

3 дугаар зүйл

Оролцогч улсууд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй эрх тэгш байх үндсэн дээр хүний эрх, үндсэн эрх чөлөөг эдлэх, хэрэгжүүлэх баталгааг олгох зорилгоор тэдний бүрэн хөгжил, дэвшлийг хангахын тулд бүхий л салбарт, тухайлбал, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарт зохистой бүх арга хэмжээ, түүний дотор хууль тогтоох арга хэмжээ авна.

4 дүгээр зүйл

1. Оролцогч улсаас эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг de facto түргэтгэхэд чиглэсэн түр тусгай арга хэмжээг энэхүү Конвенцид тодорхойлсны дагуу алагчилал хэмээн үзэхгүй. Гэвч энэ нь аливаа байдлаар тэгш бус буюу ялгамжтай хэм хэмжээг үүсгэх ёсгүй бөгөөд адил боломж, тэгш хандлагыг тогтоох зорилт биелэгдмэгц дээрх арга хэмжээг зогсооно.

2. Оролцогч улсаас эхчүүдийг хамгаалахад чиглэсэн тусгай арга хэмжээ, түүний дотор энэхүү Конвенцид заасан арга хэмжээг батлахыг алагчилал хэмээн үзэхгүй.

5 дугаар зүйл

Оролцогч улсууд дараахь зохистой бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ:

(а) аль нэг хүйсийг доорд, эсхүл дээрд үзэх, эсхүл эрэгтэй, эмэгтэйчүүдийн үүргийн талаархи хэвшсэн үзэлд тулгуурласан хохиролтой үйл ажиллагаа, заншил болон бусад бүх дадлыг устгах зорилгоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн зан төлөвийн нийгэм, соёлын хэв шинжийг өөрчлөх;

(b) гэр бүлийн боловсролд эх хүн байхыг нийгмийн үүрэг хэмээн зөвөөр ойлгох, хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэйчүүд хамтын хариуцлагыг хүлээн зөвшөөрөхийг хангах, бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих.

6 дугаар зүйл

Оролцогч улсууд эмэгтэйчүүдийг худалдах, тэднийг биеийг үнэлүүлэн ашиглах бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд зохистой бүх арга хэмжээ, түүний дотор хууль тогтоох арга хэмжээг авна.

II ХЭСЭГ

7 дугаар зүйл

Оролцогч улсууд тухайн улсын улс төр, олон нийтийн амьдралд эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах үүднээс зохистой бүхий л арга хэмжээг авна, тухайлбал, эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй адил нөхцөлд дараахь эрхээр хангана:

(а) бүх сонгууль, ард нийтийн санал хураалтад санал өгөх болон нийтээр сонгох бүх байгууллагад сонгогдох;

(b) төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох, төрийн алба хаах, түүнчлэн төрийн захиргааны бүх түвшинд үүрэг гүйцэтгэх;

(c) тухайн улсын олон нийтийн болон улс төрийн амьдралтай холбогдол бүхий төрийн бус байгууллага, нийгэмлэгэд оролцох.

8 дугаар зүйл

Оролцогч улсууд эмэгтэйчүүдийг аливаа хэлбэрээр алагчилахгүйгээр эрэгтэйчүүдтэй адил нөхцөлд олон улсын хэмжээнд өөрийн засгийн газрыг төлөөлөх, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох боломжоор хангах зохистой бүх арга хэмжээг авна.

9 дүгээр зүйл

1. Оролцогч улсууд иргэний харьяалалтай болох, түүнийг өөрчлөх буюу хэвээр хадгалах асуудлаар эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй тэгш эрх олгоно. Тухайлбал, оролцогч улс эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэрлэх, гэрлэлтийн хугацаанд нөхөр нь иргэний харьяаллаа өөрчлөхөд эхнэрийнх нь иргэний харьяаллыг шууд өөрчлөхгүй байх, мөн түүнийг иргэний харьяалалгүй болгохгүй байх, эсхүл нөхрийнх нь иргэний харьяаллыг авахыг албадахгүй байхыг хангана.

2. Оролцогч улсууд хүүхдийн иргэний харьяаллын тухайд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй тэгш эрх олгоно.

III ХЭСЭГ

10 дугаар зүйл

Оролцогч улсууд боловсролын салбарт эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй тэгш эрхээр хангахын тулд тэднийг алагчилах үзлийг устгах зохистой бүх арга хэмжээг авна, тухайлбал, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр:

(а) мэргэжил, мэргэжлийн чиг баримжаа олгох, сурч боловсрох, хот хөдөөгийн бүх шатны боловсролын байгууллагад суралцаж, диплом авах адил нөхцөл, энэхүү тэгш байдлыг сургуулийн өмнөх, ерөнхий, техникийн, мэргэшлийн болон техникийн дээд боловсрол, түүнчлэн мэргэжлийн сургалтын бүх төрөлд хангана;

(b) сургалтын адил хөтөлбөр, адил шалгалт, адил мэргэжлийн түвшин бүхий багш бүрэлдэхүүн, адил хичээлийн байр, адил чанар бүхий тоног төхөөрөмжтэй байх;

(c) эрэгтэй, эмэгтэйчүүдийн үүргийн тухай хэвшсэн аливаа номлолыг сургалтын бүх шат, хэлбэрт устгах, энэ зорилгод хүрэхэд дөхөм болох хамтарсан болон сургалтын бусад төрлийг хөхиүлэн дэмжих, тухайлбал сурах бичиг, сургуулийн хөтөлбөрийг хянан өөрчлөх болон сургах арга зүйг шаардлагад тохируулан өөрчлөх;

(d) тэтгэлэг болон сургалтын бусад тэтгэмж авах адил боломж;

(e) үргэлжилсэн боловсролын хөтөлбөр, түүний дотор ялангуяа эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын аливаа зөрүүг аль болох богино хугацаанд багасгахад чиглэсэн насанд хүрэгсдийн болон бичиг үсэгт тайлах хөтөлбөрт хамрагдах адил боломж;

(f) эмэгтэй сурагчдын сургууль завсардалтын түвшинг бууруулах, сургуулиа дүүргээгүй охид, эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулах;

(g) спорт болон биеийн тамирын сургалтад идэвхтэй оролцох адил боломж;

(h) гэр бүлийн эрүүл мэнд, сайн сайхныг хангахад туслах тусгай боловсролын мэдээлэл, түүний дотор гэр бүл төлөвлөлтийн талаархи мэдээлэл, зөвлөгөө өгөх.

11 дүгээр зүйл

1. Оролцогч улсууд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн салбарт эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгахын тулд эрэгтэй, эмэгтэйчүүдийг тэгш эрхээр хангах зорилгоор зохистой бүх арга хэмжээг авна. Эдгээр эрх нь, тухайлбал:

(а) хүн бүрийн салшгүй эрх болох хөдөлмөрлөх эрх;

(b) хөдөлмөр эрхлэх тэгш боломжоор хангуулах, түүний дотор ажлын сонгон шалгаруулалтын адил шалгууртай байх эрх;

(c) мэргэжил, ажлын төрлийг чөлөөтэй сонгох, албан тушаал дэвших, ажлын баталгаатай байх, ажлын бүхий л тэтгэмж, нөхцлийг эдлэх, түүнчлэн мэргэжлийн сургалт болон давтан сургалтад хамрагдах, түүний дотор дагалдан сурах, мэргэжил дээшлүүлэх болон давтан суралцах эрх;

(d) тэгш шан хөлс, түүний дотор тэтгэмж эдлэх, адил үнэлгээтэй ажлын хувьд тэгш хандах, түүнчлэн ажлын чанарыг адил үнэлүүлэх эрх;

(e) нийгмийн баталгаатай байх, ялангуяа тэтгэвэрт гарах, ажилгүй болох, өвчлөх, тахир дутуу болох, өндөр настай болох хийгээд хөдөлмөрийн чадвараа алдах бусад тохиолдолд, түүнчлэн цалинтай амралт авах эрх;

(f) эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрлөх аюулгүй нөхцөлд ажиллах, түүний дотор үр удмаа залгамжлуулах үүргээ хамгаалах эрх.

2. Гэрлэлтийн, эсхүл хүүхэд төрүүлсэн байдалд үндэслэн эмэгтэйчүүдийг алагчилах үзлээс урьдчилан сэргийлэх, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангах үүднээс оролцогч улс зохистой арга хэмжээ авна:

(а) жирэмсэн, эсхүл жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгааг үндэслэн ажлаас халах, ажлаас халахад гэрлэлтийн байдлаар алагчилахыг хориглож, шийтгэл оногдуулна;

(b) ажлын байр, албан тушаал, нийгмийн тэтгэмжийг нь хадгалан жирэмсний болон хүүхэд төрүүлэх чөлөөг цалинтай, эсхүл түүнтэй дүйх хэмжээний нийгмийн тэтгэмжтэй олгох;

(c) эцэг эхэд гэр бүлийн үүргээ ажлын хариуцлага, олон нийтийн амьдралд оролцохтой хослуулах бололцоог олгохын тулд тухайлбал, хүүхэд асрах сүлжээг байгуулах, хөгжүүлэх замаар шаардлага бүхий нийгмийн туслах үйлчилгээг бий болгохыг хөхиүлэн дэмжих;

(d) жирэмсэн эмэгтэйчүүдэд хортой болох нь нотлогдсон ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийг жирэмсэн байх хугацаанд нь онцгойлон хамгаалах.

3. Энэхүү зүйлд заасан эрхийг хамгаалах хууль тогтоомжийг шинжлэх ухаан, технологийн мэдлэгийн хүрээнд үе үе хянаж, шаардлагатай тохиолдолд өөрчлөх, хүчингүй болгох буюу өргөтгөнө.

12 дугаар зүйл

1. Оролцогч улсууд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийг алагчилахыг устгахын тулд гэр бүл төлөвлөлтийг оролцуулан эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зохистой бүх арга хэмжээг авна.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна оролцогч улсууд эмэгтэйчүүдийг жирэмсэн, төрөх, төрсний дараахь үед зохих үйлчилгээгээр хангаж, шаардлагатай тохиолдолд төлбөргүй үйлчилгээ үзүүлж, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй үед нь хүрэлцэхүйц хоол тэжээлээр хангана.

13 дугаар зүйл

Оролцогч улсууд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр эдийн засаг, нийгмийн амьдралын бусад салбарт эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгахын тулд эрэгтэй, эмэгтэйчүүдийг тэгш эрхээр хангах зорилгоор зохистой бүх арга хэмжээг авна. Эдгээр эрх нь, тухайлбал:

(а) гэр бүлийн тэтгэмж авах эрх;

(b) банкны зээл авах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах болон бусад хэлбэрээр санхүүгийн зээл авах эрх;

(c) амралт, чөлөөт цагийн арга хэмжээ, спорт болон соёлын амьдралын бүх салбарт оролцох эрх.

14 дүгээр зүйл

1. Оролцогч улсууд хөдөө нутгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй онцлог асуудал болон тэднээс гэр бүлийнхээ эдийн засгийн амьдралд гүйцэтгэж буй чухал үүрэг, түүний дотор аж ахуйн таваарын бус салбарт гүйцэтгэж буй ажлыг анхааран үзэж, хөдөө нутгийн эмэгтэйчүүдийн хувьд энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэх талаар зохистой бүх арга хэмжээг авна.

2. Оролцогч улсууд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр хөдөө нутагт эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах үүднээс эмэгтэйчүүд хөдөө нутгийн хөгжилд оролцож, түүнээс ашиг хүртэх талаар зохистой бүх арга хэмжээг авч, тэднийг дараахь эрхээр хангана:

(а) хөдөө нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх түвшинд оролцох;

(b) эрүүл мэндийн хангалттай үйлчилгээ хүртэх, түүний дотор гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ авах;

(c) нийгмийн хангамжаас шууд хүртэх;

(d) албан болон албан бус сургалт, боловсролын бүх хэлбэрт хамрагдах, түүний дотор бичиг үсэгт тайлагдах, мөн inter alia, техникийн ур чадвараа дээшлүүлэх үүднээс хамтын нийгэмлэгийн буюу өргөтгөсөн үйлчилгээнд хамрагдах;

(e) хөдөлмөр эрхлэх, эсхүл хувиараа хөдөлмөрлөх замаар эдийн засгийн тэгш боломж хүртэхийн тулд өөртөө туслах бүлэг болон хоршоо байгуулах;

(f) хамтын нийгэмлэгийн бүх үйл ажиллагаанд оролцох;

(g) хөдөө аж ахуйн зээл, зээллэг, борлуулалтын механизм, зохих технологийг хүртэх, газар болон газар тариалангийн шинэтгэл, түүнчлэн газар сэлгэн суурьших төлөвлөгөөнд тэгш оролцох;

(h) амьдралын зохих нөхцлөөр, ялангуяа орон сууц, ариун цэвэр, цахилгаан болон усан хангамж, тээвэр, харилцаа холбооны тухайд хангагдах.

IV ХЭСЭГ

15 дугаар зүйл

1. Оролцогч улсууд эмэгтэйчүүдэд хуулийн өмнө эрэгтэйчүүдтэй тэгш байх эрх олгоно.

2. Оролцогч улсууд эмэгтэйчүүдэд иргэний харилцаанд эрэгтэйчүүдтэй тэгш эрх зүйн чадамж, түүнийг хэрэгжүүлэх тэгш боломж олгоно. Тухайлбал, гэрээ байгуулах болон эд хөрөнгө захиран зарцуулах тэгш эрхийг олгож, шүүх, тусгай шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд тэдэнд тэгш хандана.

3. Оролцогч улсууд эмэгтэйчүүдийн эрх зүйн чадамжийг хязгаарлахад чиглэсэн хүчин төгөлдөр бүх гэрээ болон иргэний харилцааны бусад баримт бичгийг хүчин төгөлдөр бус хэмээн тооцохоор тогтоно.

4. Оролцогч улсууд хүмүүсийн шилжих хөдөлгөөн, түр болон байнга оршин суух газраа сонгох эрх чөлөөтэй холбогдох хууль тогтоомжийн хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эрх олгоно.

16 дугаар зүйл

1. Оролцогч улсууд гэрлэлт, гэр бүлийн харилцааны бүх асуудлаар эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах зохистой бүх арга хэмжээ авах бөгөөд, тухайлбал, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр доорхи эрхээр хангана:

(а) гэрлэх тэгш эрх;

(b) гэрлэх хүнээ чөлөөтэй сонгох болон чөлөөтэй, бүрэн зөвшөөрсний үндсэн дээр гэрлэх адил эрх;

(c) гэрлэлтийн туршид болон гэрлэлтийг цуцлуулахад адил эрх, үүрэг;

(d) гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина;

(e) хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын зайг чөлөөтэй бөгөөд хариуцлагатай шийдвэрлэх, эдгээр эрхийг хэрэгжүүлэх боломж олгох мэдээлэл, боловсрол, аргыг олж авах адил эрх;

(f) хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, үрчлэх, эсхүл үндэсний хууль тогтоомжоор зохицуулсан төсөөтэй харилцаанд адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина;

(g) овог, ажил, мэргэжлээ сонгохыг оролцуулан эхнэр, нөхрийн хувьд адил хувийн эрх;

(h) хөрөнгийг үнэгүй болон төлбөртэйгээр өмчлөх, эзэмших, захирах, ашиглах, захиран зарцуулахын тухайд эхнэр, нөхрийн тэгш эрх.

2. Хүүхдэд сүй тавих болон хүүхдийг гэрлүүлэх нь эрх зүйн үр дагаваргүй бөгөөд гэрлэх насны доод хязгаарыг тогтоох, гэрлэлтийг заавал албан ёсны бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бүх үйл ажиллагааг, түүний дотор хууль тогтоох арга хэмжээг авна.

V ХЭСЭГ

17 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийн хэрэгжилтэд гарсан дэвшлийг хэлэлцэх зорилгоор ёс суртахууны эрхэм дээд чанарыг эзэмшсэн, Конвенцид хамаарах асуудлаар мэргэшсэн, Конвенцийг хүчин төгөлдөр болох үед арван найман мэргэжилтнээс, Конвенцийг гучин тав дахь улс соёрхон батлах буюу нэгдэн орсны дараа хорин гурван мэргэжилтнээс бүрдсэн Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах хороог (цаашид хороо гэж нэрлэнэ) байгуулна. Эдгээр мэргэжилтнийг Конвенцид оролцогч улсууд өөрийн иргэдээс сонгох бөгөөд тэд өөрсдийн нэрийн өмнөөс үүргээ гүйцэтгэнэ. Чингэхдээ газар зүйн тэгш хуваарилалт болон соёл иргэншлийн ялгаатай хэлбэр, эрх зүйн үндсэн тогтолцоонуудын төлөөлөлд анхаарна.

2. Хорооны гишүүдийг оролцогч улсуудаас нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтаас нууцаар санал хураах журмаар сонгоно. Оролцогч улс бүр өөрийн иргэдээс нэг хүний нэрийг дэвшүүлнэ.

3. Анхны сонгуулийг энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дараа явуулна. Сонгууль бүрийг явуулахаас наад зах нь гурван сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудад захидал илгээж, дэвшүүлж байгаа хүнийхээ нэрийг хоёр сарын дотор илгээхийг санал болгоно. Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү нэр дэвшигдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар гаргаж, тэдгээрийн нэрийг дэвшүүлсэн улсыг хамт тэмдэглэн оролцогч улсуудад илгээнэ.

4. Хорооны гишүүдийн сонгуулийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд Ерөнхий нарийн бичгийн даргаас зарлан хуралдуулах оролцогч улсуудын хуралдаан дээр явуулна. Оролцогч улсуудын гуравны хоёр нь хуралдах ирцийг бүрдүүлэх бөгөөд санал хураахад байлцаж, саналаа өгсөн оролцогч улсуудын төлөөлөгчдийн хамгийн олон болон дийлэнхи олонхийн саналыг авсан нэр дэвшигчдийг хорооны гишүүнээр сонгогдсонд тооцно.

5. Хорооны гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Гэхдээ анхны сонгуулиар сонгогдсон есөн гишүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн дараа дуусах бөгөөд анхны сонгуулийг явуулж дуусмагц дээрх есөн гишүүний нэрийг хорооны дарга шодож тогтооно.

6. Гучин тав дахь улс Конвенцийг соёрхон батласан буюу нэгдэн орсны дараа энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсгийн заалтын дагуу Хороонд таван гишүүнийг нэмж сонгоно. Эдгээр нэмж сонгогдсон таван гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн дараа дуусах бөгөөд дээрх хоёр гишүүний нэрийг хорооны дарга шодож тогтооно.

7. Тохиолдлоор суларсан орон тоог нөхөхийн тулд тухайн орон тоонд ажиллаж байсан мэргэжилтний нэрийг дэвшүүлсэн оролцогч улс өөрийн иргэдээс өөр нэг мэргэжилтнийг томилж, хороогоор батлуулна.

8. Хорооны хүлээх хариуцлагын ач холбогдлыг харгалзан Ерөнхий Ассамблейгаас баталсны дагуу хорооны гишүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагын эх үүсвэрээс Ерөнхий Ассамблейгаас тогтоосон нөхцөл, журмын дагуу цалин авна.

9. Энэхүү Конвенцийн дагуу хороо үүргээ үр нөлөөтэй гүйцэтгэх үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга шаардлагатай ажилтан, хэрэгслээр хангана.

18 дугаар зүйл

1. Оролцогч улсууд энэхүү Конвенцийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор авсан хууль тогтоомж, шүүх эрх мэдэл, захиргааны болон бусад арга хэмжээ, энэ талаар гарсан дэвшлийн тухай тайланг хороогоор хэлэлцүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад дор заасан хугацаанд хүргүүлж байх үүрэгтэй:

(а) тухайн улсын хувьд энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор;

(b) түүний дараа наад зах нь дөрвөн жил тутам болон хороо шаардсан тухай бүр.

2. Энэхүү Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйл, бэрхшээлийн талаар тайланд дурдаж болно.

19 дүгээр зүйл

1. Хороо үйл ажиллагааны дотоод журмаа батална.

2. Хороо албан тушаалтнуудаа хоёр жилийн хугацаагаар сонгоно.

20 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийн 18 дугаар зүйлийн дагуу ирүүлсэн тайланг хэлэлцэх зорилгоор хороо гол төлөв жил бүр хоёр долоо хоногоос дээшгүй хугацаагаар хуралдана.

2. Хорооны хуралдааныг гол төлөв Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд, эсхүл хорооноос тогтоосон аливаа тохиромжтой газар хийнэ.

21 дүгээр зүйл

1. Хороо нь Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөр дамжуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд үйл ажиллагааныхаа талаар жил бүр тайлагнах бөгөөд оролцогч улсуудаас хүлээж авсан тайлан, мэдээллийг шалгасны үндсэн дээр санал болон ерөнхий зөвлөмж гаргаж болно. Эдгээр санал, ерөнхий зөвлөмжийг оролцогч улсаас тайлбар гаргасан бол уг тайлбарын хамт хорооны тайланд оруулна.

2. Ерөнхий нарийн бичгийн дарга Хорооны тайланг Эмэгтэйчүүдийн эрх зүйн байдлын комиссоос мэдээлэл авахаар хүргүүлнэ.

22 дугаар зүйл

Төрөлжсөн байгууллагууд үйл ажиллагааныхаа хүрээнд хамаарах энэхүү Конвенцийн заалтын хэрэгжилтийг хэлэлцэхэд төлөөлөгчөө илгээх эрхтэй. Үйл ажиллагааных нь хүрээнд хамаарах салбар дахь Конвенцийн хэрэгжилтийн талаар тайлагнахыг хороо төрөлжсөн байгууллагуудаас шаардаж болно.

VI ХЭСЭГ

23 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн аливаа заалт:

(а) оролцогч улсын хууль тогтоомжид, эсхүл

(b) тухайн улсад хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын аливаа бусад конвенц, гэрээ, хэлэлцээрт тусгасан байж болох эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад илүү дөхөм үзүүлэх аливаа заалтад нөлөөлөхгүй.

24 дүгээр зүйл

Оролцогч улсууд энэхүү Конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэгдсэн шаардлагатай бүх арга хэмжээг үндэсний түвшинд батлана.

25 дугаар зүйл

1. Энэхүү Конвенц бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг энэхүү Конвенцийн хадгалагчаар томилно.

3. Энэхүү Конвенцийг соёрхон батална. Соёрхон батласан батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

4. Энэхүү Конвенц бүх улс нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар нэгдэн орсон хэмээн үзнэ.

26 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийг хянаж өөрчлөх тухай хүсэлтийг аливаа оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр хэдийд ч гаргаж болно.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей ийм төрлийн хүсэлттэй холбогдуулж авах арга хэмжээ байгаа бол уг арга хэмжээний талаар шийдвэр гаргана.

27 дугаар зүйл

1. Энэхүү Конвенц нь хорь дахь соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдөр хүчин төгөлдөр болно.

2. Хорь дахь соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулсны дараа энэхүү Конвенцийг соёрхон батласан буюу нэгдэн орсон улсын хувьд батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдөр энэхүү Конвенц хүчин төгөлдөр болно.

28 дугаар зүйл

1. Конвенцийг соёрхон батлах буюу нэгдэн орохдоо оролцогч улсаас хийсэн тайлбарын эх бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч, бүх улсад хүргүүлнэ.

2. Энэхүү Конвенцийн зорилго, зорилтод харшилсан тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.

3. Тайлбарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад зохих ёсоор мэдэгдэж хэдийд ч буцаан авч болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга энэ тухай бүх улсад мэдэгдэнэ. Тайлбарыг буцаан авах тухай мэдэгдэл нь түүнийг хүлээн авсан өдөр хүчин төгөлдөр болно.

29 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар оролцогч хоёр буюу түүнээс дээш улсын хооронд үүссэн маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр арбитраар шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ. Ийнхүү хүсэлт гаргаснаас хойш зургаан сарын дотор талууд арбитрын бүрэлдэхүүний талаар тохиролцож чадахгүй бол аль нэг тал маргааныг Олон улсын шүүхэд түүний дүрмийн дагуу хүсэлт гарган шилжүүлж болно.

2. Аливаа оролцогч улс энэхүү Конвенцид гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах эсхүл түүнд нэгдэн орохдоо энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт түүний хувьд үйлчлэхгүйг мэдэгдэж болно. Тийм тайлбар хийсэн аливаа оролцогч улстай холбоотойгоор оролцогч бусад улсын хувьд энэ хэсгийн заалт үйлчлэхгүй.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тайлбар хийсэн аливаа оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж уг тайлбарыг хэдийд ч буцааж болно.

30 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн араб, хятад, англи, франц, орос болон испани хэлээр үйлдсэн эх бичвэр нь адил хүчинтэй бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

* Монгол Улс 1980.07.10-нд гарын їсэг зурж, 1981.05.14-нд соёрхон батласан