- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 38
Улаанбаатар хот
Авлигаас татгалзах, илчлэх, авилгын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай
Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн хэмээн тодорхойлсон Үндсэн хуулийн үзэл санаа алдагдаж, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан хувийн ашиг хонжоо олоход ашигладаг, ашиг сонирхлоор холбогдсон этгээддээ давуу байдал олгодог, иргэн хуулийн этгээд нь хууль ёсны эрх, ашгаа хамгаалахаас илүүтэй хууль бус давуу байдлыг олж авах эрмэлзэлд хөтлөгдөх болсон зэрэг үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал бодитоор орших болсныг онцлон,
Авлига, хээл хахуультай тэмцэх үйл ажиллагаанд бүх нийтээр анхаарч нэгдэх, аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, шийдвэрлүүлэх, хууль бус хүсэлт, шаардлагыг үл зөвшөөрөх ухамсар, соёл, хандлагыг нийгмийн бүхий л түвшинд дэмжин төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байгааг зөвшөөрч,
Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж илчилсэн мэдээлэгчийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийг хамгаалах зэрэг асуудалд тусгайлан анхаарч, хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох ёстойг тэмдэглэн,
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. 2018-2019 оныг "Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил" болгон зарласугай.
2. "Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил"-ийн хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт зөвлөсүгэй.
а. Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг судлан сайжруулах, авлигыг илрүүлж илчилсэн иргэнийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийг хамгаалах асуудлын хүрээнд хууль, тогтоомжийн хэрэгжилт, хэрэгцээ шаардлагыг үнэлэн судалж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг цаг алдалгүй авах;
б. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлын хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэргийн гэрч, мэдээлэгчийг аюулгүй байдлын болон амьдрах нөхцөл, эдийн засгийн баталгаагаар хангах асуудлыг шийдвэрлэх;
в. Шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүрэг, тогтолцоог улам боловсронгуй болгох.
3. Авлигын хор уршиг, хохирлыг ухамсарлах, авлигаас татгалзах, авлигыг үл зөвшөөрөх үзлийг үйл ажиллагаандаа баримталж, түгээн дэлгэрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд уриалсугай.
4. Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө нягт хамтарч, нэгнээ дэмжин ажиллахыг ард иргэддээ уриалсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A