- Нүүр
- Сайдын тушаал
- ЗААВАР, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар А/304,А/699, А/460
Улаанбаатар хот
ЗААВАР, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийн 3.1.3.3 болон 3.2.2.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврыг нэгдүгээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн маягтыг хоёрдугаар, Хүүхдийн хувийн хэрэг хөтлөх маягтыг гуравдугаар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнбүртгэлийн маягтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Өрх, сумын эрүүл мэндийн төвд 18 сар, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийг тогтмол зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.
3. Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх, төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төвүүд болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга захирал нарт тус тус даалгасугай.
4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролд тэгш хамруулах, цэцэрлэг сургуульд хамрагдалтыг сайжруулахад мэргэжил арга зүй, хүний нөөц, тохируулгат орчныг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад тус тус даалгасугай.
5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр ханган хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисст даалгасугай.
6. Зааварт холбогдох маягтуудыг боловсруулж, албажуулан нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.
7. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газар /С.Тунгалагтамир/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газар /Т.Ням-Очир/, Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар /Б.Дуламжав/, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар /М.Баттүвшин/-т тус тус үүрэг болгосугай.
8. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамдын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус үүрэг болгосугай.
9. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд /хуучин нэрээр/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд /хуучин нэрээр/, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/05, А/14, 16 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД | БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД | ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
|
С.ЧИНЗОРИГ | Ц.ЦОГЗОЛМАА | Д.САРАНГЭРЭЛ |
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/220, А/475, A/812
Улаанбаатар хот
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 37 дугаар зүйлийн 37.6, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалыг нэгдүгээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн маягтыг хоёрдугаар, Хүүхдийн хувийн хэрэг хөтлөх маягтыг гуравдугаар, Салбар комиссын хуралдаанд орсон хүүхдийн бүртгэлийн дэвтрийн маягтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн үзлэгийг тухайн сард нь тогтмол зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.
3.Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх, мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн багийг байгуулан ажиллахыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний лавлагаа төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, Дүүргийн эрүүл мэндийн төв болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга, захирал нарт тус тус даалгасугай.
4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролд тэгш хамруулах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүй, хүний нөөц, тохируулгат орчныг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг Аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газрын дарга, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвийн удирдлагад тус тус даалгасугай.
5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр ханган, хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисст даалгасугай.
6.Аргачлалд холбогдох маягтуудыг боловсруулж, албажуулан нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газар/хэлтсийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.
7.Энэхүү тушаалын хэрэгжилтэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газарт тус тус даалгасугай.
8.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамдын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус даалгасугай.
9.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны "Заавар, маягт батлах тухай" А/304, А/699, А/460 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A