A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 сарын 30 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь ерөнхий боловсролын сургуулийн /цаашид "сургууль" гэх/ суралцагчийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд чиглэсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Баяжуулсан хүнсний тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ" гэж ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа болон дотуур байранд амьдарч байгаа хүүхдийг эрүүл, шим тэжээллэг, аюулгүй хоол, хүнсээр сургуулиас ханган үйлчлэх үйл ажиллагааг;

3.1.2."хоолны зардлын норматив" гэж нэг хүүхдэд ногдох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зардлыг;

3.1.3."сургуулийн хоол зүйч" гэж хоол зүй болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн, хүүхдийн хоол зүйгээр мэргэшсэн мэргэжилтнийг;

3.1.4."сургуулийн орчин" гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг;

3.1.5."сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамж" гэж сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх үйл ажиллагааг.

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

4.1.Энэ хууль нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа болон дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй /цаашид "сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ" гэх/ холбоотой харилцаанд үйлчилнэ.

5 дугаар зүйл.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

5.1.1.суралцагчийг тэгш хамруулах;

5.1.2.эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах;

5.1.3.эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоог хангах;

5.1.4.стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцийг зүй зохистой зохион байгуулах;

5.1.5.орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

6 дугаар зүйл.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалт

Хэвлэх

6.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг стандартын шаардлага хангасан зориулалтын байр, гал тогоо, тоног төхөөрөмж ашиглан мэргэжлийн хүний нөөцтэйгөөр явуулна.

6.2.Хоёр болон түүнээс дээш хичээлийн байр, дотуур байртай сургууль нэг гал тогоотой байж болно.

6.3.Сургуулийн хоолны үйлчилгээг хооллох танхимд зохион байгуулах бөгөөд хооллох танхимгүй бол хичээлийн танхимд зохион байгуулж болно.

6.4.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн байна.

6.5.Сургуульд хоол зүйч, мэргэжлийн тогооч, туслах тогооч ажиллах бөгөөд суралцагчийн тооноос хамаарч бэлтгэгч, угаагч, үйлчлэгч ажиллана.

6.6.Сургуулийн хоол зүйч сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдан зохион байгуулж, суралцагч, ажилтан, эцэг, эхэд мэргэжлийн зөвлөгөөг өгнө.

7 дугаар зүйл.Сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамж

Хэвлэх

7.1.Сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангана:

7.1.1.сургуулийн хоол үйлдвэрлэлд гарал үүслийн, эсхүл мал эмнэлгийн гэрчилгээ, тохирлын баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн ашиглах;

7.1.2.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний агуулах, сав баглаа боодол нь стандартын шаардлагад нийцсэн байх;

7.1.3.сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжид энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг хангасан орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид хэрэглэх;

7.1.4.сургууль дотор стандартын шаардлага хангасан ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх.

7.2.Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар хариуцан нийлүүлж болох бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах эсэх талаар шийдвэр гаргана.

7.3.Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан болон дэд бүтцийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.2-т заасан үйлдвэрийн газрыг байгуулах боломжгүй талаар холбогдох байгууллага шийдвэр гаргасан бол төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжид хэрэглэх түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.

7.4.Энэ хуулийн 7.2-т заасан үйлдвэрийн газар нь сургуулийн хоол үйлдвэрлэлд стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэхэд чиглэсэн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.4.1.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж баталгаажуулсан байх;

7.4.2.хүнсний ногоо, жимс, жимсгэнээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

7.4.3.зориулалтын агуулахаар хангах;

7.4.4.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг захиалгын дагуу тээвэрлэж түгээх.

7.5.Сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжид хэрэглэх түүхий эд, бүтээгдэхүүнийг сургуулийн дэргэдэх туслах аж ахуйгаас бэлтгэж болох бөгөөд туслах аж ахуй нь сургалт-туршилтын талбай бүхий ашгийн төлөө бус байна.

7.6.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

8 дугаар зүйл.Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийн эрх, үүрэг

Хэвлэх

8.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллах бөгөөд зөвлөл нь суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөлөл гурав, суралцагч, багшийн төлөөллийг оролцуулан нийт таван хүний бүрэлдэхүүнтэй байна.

8.2.Эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг эцэг, эхийн хурлаас, багшийг багш нарын хурлаас, суралцагчийг сурагчдын зөвлөлийн хурлаас сонгох бөгөөд зөвлөлийн даргыг гишүүдийн хурлаас сонгоно.

8.3.Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.3.1.анги, хооллох танхим нь хооллох нөхцөл, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хяналт тавих;

8.3.2.батлагдсан хоолны цэсийн дагуу үйлчилгээ үзүүлж байгаа эсэхийг хянах;

8.3.3.хооллох соёл, хоолны шим тэжээлийн талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахад сургуулийн удирдлагад дэмжлэг үзүүлэх.

9 дүгээр зүйл.Сургуулийн хоол зүйчийн эрх, үүрэг

Хэвлэх

9.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдан зохион байгуулах хоол зүйч нь дараах эрх, үүрэгтэй:

9.1.1.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зохистой дадал нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

9.1.2.хоолны цэс боловсруулж, сургуулийн захирлаар батлуулах;

9.1.3.хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцогчдод мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгөх;

9.1.4.сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжийн талаар сургуулийн захиргаанд захиалга, хүсэлт, шаардлага гаргах;

9.1.5.Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх;

9.1.6.суралцагчид энэ хуулийн 9.2-т заасан мэдлэгийг эзэмшүүлэх;

9.1.7.давтан сургалтад хамрагдах.

9.2.Хоол зүйч шим тэжээлийн мэдлэгийг суралцагчид дараах чиглэлээр эзэмшүүлнэ:

9.2.1.хооллох зөв дадал, хооллох соёл;

9.2.2.тэнцвэртэй хооллолт, шимт бодисын тухай суурь ойлголт;

9.2.3.уламжлалт хоолны соёл;

9.2.4.хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЭРХ ХЭМЖЭЭ, ЧИГ ҮҮРЭГ

10 дугаар зүйл.Төрийн байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

10.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар Монгол Улсын Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.сургуулийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын нормативыг инфляцийн түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээг харгалзан жил тутам шинэчлэн батлах;

10.1.2.энэ хуулийн 10.1.1-д заасан зардал болон тухайн жилд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгаж, хэрэгжүүлэх;

10.1.3.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх.

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах нэгжтэй байх бөгөөд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.2.1.эрүүл мэндийн боловсролын сургалтын хөтөлбөрт зохистой хооллох шим тэжээлийн мэдлэг олгох агуулгыг тусган боловсруулж, хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.2.2.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, батлуулах;

10.2.3.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан орон тооны бус Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлах;

10.2.4.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

10.2.5.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;

/заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.6.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журмыг батлах;

10.2.7.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;

10.2.8.хоол зүйч, тогоочийг бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх;

10.2.9.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, холбогдон гарах зардлыг төсвийн төсөлд тусгаж, хэрэгжүүлэх;

10.2.10.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

10.2.11.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах энэ хуулийн 6.1-д заасан зориулалтын байр болон түүнд ашиглах тоног төхөөрөмжийг худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд зориулан хандив, тусламжийг хүлээн авах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

10.2.12.энэ хуулийн 10.2.11-д заасан хандив, тусламжийг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг батлах.

10.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.3.1.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

10.3.2.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад заасан сургалтыг зохион байгуулах;

10.3.3.сургуулийн хоол үйлдвэрлэлд нийлүүлэх дотоодод үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн гарал үүслийг баталгаажуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

10.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.4.1.сургуулийн хүүхдийн хоол тэжээлийн байдлын судалгааг таван жил тутамд гаргаж, үр дүнг холбогдох төрийн байгууллага болон нийтэд мэдээлэх;

10.4.2.сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлах;

10.4.3.Хүнсний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хэмжээг үндэслэн сургуулийн хүүхдийн хоол хүнснээс авбал зохих шим тэжээл, илчлэгийн хэмжээг тодорхойлох;

10.4.4.тусгай хоолны дэглэмтэй хүүхдэд зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоолны жишиг цэс, зөвлөмж гаргах;

10.4.5.энэ хуулийн 10.4.1-д заасан судалгаанд үндэслэн хүүхдийн зохистой хооллолт болон эрүүл хүнсний талаар зөвлөмж гаргаж, мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

10.4.6.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтад заасны дагуу сургууль дээр тандалт судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг мэдээлэх.

10.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.5.1.нутаг дэвсгэрийнхээ сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг жигд, тогтвортой зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

10.5.2.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжлийн бүтэц, орон тоогоор хангахад дэмжлэг үзүүлэх;

10.5.3.сургуулийн дэргэдэх туслах аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

10.5.4.орон нутгаас нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой явуулах арга хэмжээг хэрэгжүүлэх.

10.6.Аймаг, нийслэлийн боловсролын газар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.6.1.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

10.6.2.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамж нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт, үнэлгээ хийж, аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулах.

10.7.Сургуулийн захирал сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.7.1.хоол зүйч, тогоочийг давтан сургах;

10.7.2.Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах;

10.7.3.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулах;

10.7.4.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад шаардлагатай зардлын хуваарилалтыг шийдвэрлүүлэх;

10.7.5.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах энэ хуулийн 6.5-д заасан ажилтныг томилох, чөлөөлөх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ, ТАВИХ ХЯНАЛТ

11 дүгээр зүйл.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хориглох үйл ажиллагаа

Хэвлэх

11.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дараах үйл ажиллагааг хориглоно:

11.1.1.төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнээс бусад зориулалтаар ашиглах;

11.1.2.энэ хуулийн 10.4.2-т заасан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, хоол үйлдвэрлэлд ашиглах, хандиваар авах;

11.1.3.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэх;

11.1.4.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тохирлын баталгаагүй бүтээгдэхүүнийг ашиглах;

11.1.5.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээр ашиг олох;

11.1.6.хоолны норматив зардлыг өөр зориулалтаар ашиглах.

12 дугаар зүйл.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт

Хэвлэх

12.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дараах этгээд хяналт тавьж, хэрэгжүүлнэ:

12.1.1.төрийн хяналтыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага;

/заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.2.хөндлөнгийн хяналтыг энэ хуулийн 10.2.3-т заасан журмын дагуу Хяналтын зөвлөл;

12.1.3.дотоод хяналтыг энэ хуулийн 10.2.6-д заасан журмын дагуу сургууль.

12.2.Хяналт хэрэгжүүлэх эрхтэй этгээд иргэн, хуулийн этгээдээс дараах хэлбэрээр ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авна:

12.2.1.цахим хуудас;

12.2.2.цахим худалдаа, нийгмийн сүлжээнд байршуулсан нотолгоо бүхий мэдээлэл;

12.2.3.Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв;

12.2.4.өргөдөл, гомдол, албан бичиг.

12.3.Энэ хуулийн 12.1.1-д заасан байгууллага энэ хуулийн 12.2-т заасан хяналт шалгалтыг явуулахаас гадна эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөн хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

13 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

14 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

14.1.Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

14.2.Энэ хуулийн 10.4.2, 11.1.1 дэх заалтыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР