A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 472

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт, Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралт, Цагдаа, дотоодын цэргээс бусад төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 3 дугаар хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 4 дүгээр хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 5 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 6 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 7 дугаар хавсралт, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 8 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээг 9 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээг 10 дугаар хавсралт, Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 11 дүгээр хавсралт“, Цагдаа, дотоодын цэргийн албан тушаалын цалингийн сүлжээг 12 дугаар хавсралт ёсоор баталсугай. 

 (Энэ заалтын зарим хэсгийг Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоол, 2021 оны 286 дугаар тогтоолоор хассан. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2021 оны 398 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, мөн тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон. Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолоор 4-10 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон. Засгийн газрын 2022 оны 452 дугаар тогтоолоор 12 дугаар хавсралтыг нэмж, 1 дэх заалтад өөрчлөлт орсон. Засгийн газрын 2022 оны 488 дугаар тогтоолоор 2-3 дугаар хавсралт, 11 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2023-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтооход шаардагдах хөрөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоол, "Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг шинэчлэн тогтоох тухай" 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 277 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 241

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ, ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.5, 57.14 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралт, Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралт, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 3 дугаар хавсралт, Төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 4 дүгээр хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 7 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 8 дугаар хавсралт, Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 9 дүгээр хавсралт, Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 10 дугаар хавсралт, Төрийн улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээг 11 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

(Энэ тогтоолын 11 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 81 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2.Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт," гэснийг хассугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоол, "Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоол, "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 452 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА