A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 455

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ, ТЭДГЭЭРИЙН АШИГЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал"-ыг "Чингис хаан" олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал гэж тус тус 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэрлэсүгэй.

2. "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд ажиллуулсугай.

3. Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчилж, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан гадаад, дотоодын холбогдох байгууллагад мэдэгдэх, зохих зөвшөөрлийг авах болон шаардлагатай баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Иргэний нисэхийн ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т тус тус үүрэг болгосугай.

4. "Чингис хаан", "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлуудын агаарын замын хилийн боомтын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газраар шийдвэрлүүлэхийг Хилийн боомтын үндэсний зөвлөл (Ч.Хүрэлбаатар)-д даалгасугай.

5. "Чингис хаан", "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлуудын хэвийн үйл ажиллагааг хангуулах, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга нарт даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Олон улсын нисэх буудлын нэрийг өөрчлөх тухай" Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар тогтоолыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН