- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 63
Улаанбаатар хот
БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зогсоосугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 64, 102, 147, 188, 234, 1, 31, 70, 103, 159 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон.)
2. Зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Онцгой байдлын ерөнхий газар (Т.Бадрал), Гадаадын иргэн, харьяатын газар (Д.Мөрөн) нарт даалгасугай: 2.1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан монгол иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах;
2.2. Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах.
3. Шинэ коронавирусийн халдвартай холбоотой худал, ташаа мэдээ, мэдээлэл тараасан иргэн, хуулийн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох, хуурамч цахим хуудсыг хаах арга хэмжээ авахыг Тагнуулын ерөнхий газар (Д.Гэрэл), Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав), Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг) нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1.2 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A