A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, охид, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, тэднийг бүх төрлийн жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээр нийгмийг соён гэгээрүүлэхэд Засгийн газрын бодлого, шийдвэрийг сурталчлах, таниулах, сургалт нөлөөллийн ажил зохион байгуулахад нийгмийн бүх бүлгийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллах чиглэлээр төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт, аймаг, нийслэл, сум, дүүргийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлтэй хамтран ажиллахыг холбогдох Засаг дарга нарт тус тус зөвшөөрсүгэй.

2. Хамтран ажиллах гэрээг 2020 онд байгуулан хэрэгжүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, холбогдох зардлыг 2021 оноос жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, холбогдох Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнэж, Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ