- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 44 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 133
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 43.2.10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 44 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам"-д дор дурдсан агуулгатай 3.5 дахь заалт нэмсүгэй:
"3.5. Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх зохих шийдвэрийн хүрээнд сургалтын байгууллага цахим хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан тохиолдолд суралцагчдад тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно."
2. Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан цахим хэлбэрээр сургалт явуулж байгаа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 2, 3 дугаар сарын тэтгэлгийг нөхөн олгох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 122
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Боловсролын тухай хуулийн 43.2.10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээ, хугацаа"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэгт шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 44 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A