- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ
2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 62
Улаанбаатар хот
Агаарын тухай хуулийн 16.1.5-д заасныг үндэслэн "Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2018 оны 2 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцаас бусад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 223 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
2. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэр энэ тогтоолын 1 дүгээр зүйлд хамаарахгүй байхаар тогтоосугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3. Байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад сайжруулсан шахмал түлш, мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс)-ийг хэрэглэхийг зөвшөөрсүгэй.
(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 223 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд 3, 4 дэх заалтын дугаарлалтыг өөрчилсөн)
4. Боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт тус тус даалгасугай.
5. Энэ тогтоолын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A