- Нүүр
- Монгол Улсын хууль
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 11 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Малын тоо толгойн албан татварын хууль тогтоомж
2.1.Малын тоо толгойн албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "мал" гэж Малын генетик нөөцийн тухай хуулийн 4.1.1-д заасныг;
3.1.2. ."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг;
3.1.3."мал бүхий этгээд" гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад малыг өмчилж байгаа этгээдийг.
4 дүгээр зүйл.Албан татвар төлөгч
4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна.
5 дугаар зүйл.Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох
5.1.Албан татвар төлөгчийн өмчилж буй Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулна.
5.2.Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн татварын алба тооцож, төлбөл зохих албан татварыг тодорхойлно.
/Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.3.Тухайн татварын жилд албан татвар ногдуулах энэ хуулийн 5.2-т зааснаар тодорхойлсон малын тоо толгой нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан гамшгийн улмаас хорогдсон бол нотлох баримтыг үндэслэн түүнийг албан татвар ногдуулах нийт малын тооноос хасна.
5.4.Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох зорилгоор холбогдох төрийн байгууллага, эрх бүхий этгээд мал тооллого, бүртгэлийн мэдээлэл, Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.8-д заасан сангийн мэдээллийг татварын албанд гаргаж өгнө.
6 дугаар зүйл.Албан татварын хэмжээ
6.1.Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.
6.2.Албан татварын хэмжээг бэлчээрийн даацыг харгалзан энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл малын төрөл тус бүрээр тогтооно.
Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.3.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болно.
6.4.Энэ хуулийн 6.3-д заасан малын тоо толгойн тоог сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл малын төрөл тус бүрээр тогтоож болно.
Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
7 дугаар зүйл.Албан татвар төлөх, тайлагнах
7.1.Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүрэг, хотын төсөвт төлнө.
//Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
7.2.Албан татвар төлөгч нь албан татварыг урьдчилан төлж болно.
7.3.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн жилд төлбөл зохих албан татварыг татварын алба татвар төлөгчид цахимаар, эсхүл хуульд заасан бусад хэлбэрээр дараагийн татварын жилийн эхний улиралд багтаан мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.4.Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах, төлөх, татвар төлөгчтэй харилцах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
8.1.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A