A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 203

Улаанбаатар хот

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 16.3, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 1 дүгээр хавсралт, "Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Төлөвлөгөөнд заасан арга хэмжээг жил бүрийн улсын болон аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн хүрээний мэдэгдэл, жил бүрийн улс, орон нутгийн төсвийн төсөлд тусган хэрэгжүүлж, ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Үндэсний хөгжлийн газар (Б.Баярсайхан) нарт даалгасугай.

3. Эрхлэх асуудлын хүрээнд болон харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг жил бүрийн 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ