A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 221

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Энэ хаврын тариалалтад зориулан улсын нөөцөөс улаан буудайн үр зээлийн гэрээгээр авч тариалалт хийсэн газар тариалангийн зарим аж ахуйн нэгж, иргэдийн тарианы болц нь гүйцэлгүй цасанд даруулсныг харгалзан 5196,1 тонн (таван мянга нэг зуун ерэн зургаан тонн нэг зуун кг) улаан буудайн үрийн зээлийн гэрээг 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хүү, торгуульгүйгээр сунгахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

.2.1998 онд ихээхэн хэмжээний улаан буудайн ургац цасанд дарагдсанаас шалтгаалж ирэх жилийн гурил, тариалах үр дутагдах болсныг олон улсын байгууллага, хандивлагч орнуудад мэдээлж тусламж авах санал тавихыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Амаржаргалд даалгасугай.

3.Тариаланчдаас хүнсний буудай худалдан авч борлуулах, дотоодын буудайн тэнцлийг хангах үүрэг бүхий "Буудай" санг байгуулсугай.

4."Буудай" сангийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрт зориулан Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны "Газар тариаланг дэмжих" дэд сангийн эх үүсвэрийн үлдэгдлийг өр, авлагын хамт шилжүүлэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуягт даалгасугай.

5."Буудай" сангийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг 2000 онд багтаан 5 (таван) тэрбум төгрөгт хүргэх арга хэмжээ авахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуяг нарт даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Буудай сангийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 1995 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 88 дугаар тогтоол, "Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР