A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлж, төрийн эрх бүхий байгууллагаас даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд хяналт тавих, тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомж

2.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Даатгалын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

2.3.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Даатгалын тухай хуулийн дагуу зохицуулна.

 

 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

 

 3.1.Энэ хуульд хэрэглэсэн энэ хуулийн 3.2-т зааснаас бусад нэр томъёог Даатгалын тухай хуульд заасан утгаар ойлгоно.

 

3.2.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

 3.2.1.“даатгалын мэргэжлийн оролцогч” гэж даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгчийг;

 

3.2.2.“даатгалын төлөөлөгч” гэж даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий даатгагчийн томилсон буюу эрх олгосон этгээдийг;

 

3.2.3.“даатгалын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг;

 

3.2.4.“даатгалын хохирол үнэлэгч” гэж даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрх бүхий этгээдийг;

 

3.2.5.“Зохицуулах хороо” гэж Даатгалын тухай хуулийн 12.1-д заасан байгууллагыг;

 

3.2.6.“гадаадын мэргэжлийн оролцогч” гэж гадаад улсад үүсгэн байгуулагдаж, үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй даатгалын төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгчийг.

 

3.3.Даатгагчаас цалинжин ажиллаж буй ажилтан энэ хуулийн 3.2.2-т заасан даатгалын төлөөлөгчид хамаарахгүй.

 

3.4.Дараахь этгээдийг энэ хуулийн 3.2.4-т заасан даатгалын хохирол үнэлэгч гэж тооцохгүй:

 

 3.4.1.даатгагчийн буюу даатгалын төлөөлөгчийн ажилтан;

 3.4.2.даатгалын төлөөлөгч.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг төрөөс зохицуулах

 

 4 дүгээр зүйл. Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

 

 4.1.Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

 4.1.1.даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;

 

4.1.2.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

5 дугаар зүйл. Зохицуулах хороо

 

5.1.Зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

5.1.1.энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд хяналт тавих;

 

5.1.2.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

 

 5.1.3.даатгалын мэргэжлийн оролцогчийн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан этгээдэд арга хэмжээ авах;

 

5.1.4.даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

 

5.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

6 дугаар зүйл. Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохицуулах багц дүрэм

 

 6.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг Зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулна.

 

 6.2.Даатгалын багц дүрэмд Даатгалын тухай хуулийн 14.2-т зааснаас гадна дараахь дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага, хэмжээ багтана:

 

 6.2.1.даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага;

6.2.2.даатгалын мэргэжлийн оролцогчийн аудиторт тавигдах шаардлага;

6.2.3.даатгалын мэргэжлийн оролцогчийн нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, санхүүгийн тайлангийн агуулга, маягтыг тогтоох журам;

 

6.2.4.энэ хуульд заасан тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт;

 

6.2.5.Зохицуулах хороонд төлөх төлбөр, хураамжийн хэмжээ;

6.2.6.гадаад улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх болон гадаадад үйл ажиллагаа явуулах даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага;

 

6.2.7.Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан үйл ажиллагаа явуулах гадаадын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага;

 

6.2.8.даатгалын мэргэжлийн оролцогчоос энэ хуульд заасны дагуу тайлан, мэдээ гаргах заавар.

 

7 дугаар зүйл. Даатгалын мэргэжлийн оролцогчийн бизнесийн үйл ажиллагааны журам

 

7.1.Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор тусгайлан журам гаргаж болно.

 

7.2.Даатгалын мэргэжлийн оролцогч энэ хуулийн 7.1-д заасан журмыг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй боловч ийнхүү дагаж мөрдөөгүй нь түүнд хариуцлага ногдуулахад түүнийг даатгалын мэргэжлийн оролцогчийн тусгай зөвшөөрлийг эзэмших тохиромжтой бус этгээд, эсхүл үйл ажиллагаагаа зохистой явуулаагүй гэж үзэх нөхцөл болж болно. 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

 

8 дугаар зүйл. Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн төрөл

 

8.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь дараахь төрөлтэй байна:

 

8.1.1.даатгалын төлөөлөгчийн;

8.1.2.даатгалын зуучлагчийн;

8.1.3.даатгалын хохирол үнэлэгчийн.

 

9 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох

 

9.1.Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

 

 9.2.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол энэ хуулийн 9.1-д заасны дагуу Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулсанд тооцно.

 

9.3.Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон даатгалын мэргэжлийн оролцогч энэ хуулийн 9.1-д заасанчлан даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах эрхгүй. 

 

9.4.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. 

 

 10 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдөл гаргах

 

10.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн этгээд Зохицуулах хороонд өргөдөл гаргана.

 

 10.2.Өргөдлийг бичгээр гаргах бөгөөд түүнд эрхлэх үйл ажиллагааны төрлийг зааж, Зохицуулах хорооноос тогтоосон загварын дагуу энэ хууль болон даатгалын багц дүрэмд заасан баримт бичгийг хавсаргаж ирүүлнэ. 

 

 10.3.Даатгалын зуучлагч болон даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хүссэн этгээд нь эрхлэх үйл ажиллагаандаа хамаарах даатгалын төрөл, хэлбэрийг өргөдөлд заана. 

 

 10.4.Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн этгээд даатгагчийн зөвшөөрлийг өргөдөлд хавсаргана.

 

10.5.Зохицуулах хороо шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт бичгийг өргөдөл гаргагчаас шаардаж болно.

 

 11 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах

 

 11.1.Зохицуулах хороо дараахь шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд тухайн төрөл, хэлбэрээс хамааран нэмэлт шаардлага тавьж болно:

 

 11.1.1.тусгай зөвшөөрөл олгосон нь энэ хуулийн 12 дугаар зүйлийг зөрчихөөргүй бол; 

 

11.1.2.өргөдөл гаргагч нь даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тохиромжтой этгээд бол;

 

11.1.3.өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол түүний эрх бүхий албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд тус тус тохиромжтой этгээд бол;

 

 11.1.4.өргөдөл гаргагч энэ хууль болон даатгалын багц дүрмийг дагаж мөрдөх бүрэн боломжтой гэдэг нь нотлогдож байна гэж үзвэл;

 

11.1.5.тухайн төрлийн даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхэд өргөдөл гаргагчийн удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн эх үүсвэр хангалттай гэж үзвэл;

 

11.1.6.өргөдөл гаргагчийн нэр нь өргөдөл гаргагч даатгалын үйл ажиллагаа эрхлэх, эсхүл даатгалын зуучлагчийн тухайн үйл ажиллагааг эрхэлнэ гэдгийг илэрхийлэхгүй бол;

 

11.1.7.тусгай зөвшөөрөл олгох нь нийтийн болон даатгуулагчийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзвэл.

 

 11.2.Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны цар хүрээ, тусгай зөвшөөрлийн төрөл, хэлбэрээс хамааран тусгай зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлагыг хэдийд ч өөрчлөн тогтоож болно.

 

 11.3.Тусгай зөвшөөрлийг бичгээр олгох бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

 

11.3.1.тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;

11.3.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр хаяг;

11.3.3.эрхлэх үйл ажиллагааны төрөл;

11.3.4.даатгалын зуучлагч, хохирол үнэлэгчийн хувьд эрхлэх даатгалын үйл ажиллагааны төрөл, хэлбэр;

 

11.3.5.даатгалын төлөөлөгчийн хувьд даатгагчийн зөвшөөрөл;

11.3.6.эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага;

11.3.7.тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон огноо;

11.3.8.тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга/тэмдэг/.

 

 11.4.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгох бөгөөд уг зөвшөөрөл нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл хүчин төгөлдөр байна. 

 

 11.5.Зохицуулах хороо өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, эсхүл тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн боловч даатгалын мэргэжлийн оролцогчийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй бол энэ тухай бичгээр мэдэгдэж, татгалзсан үндэслэлийг заана.

 

 11.6.Зохицуулах хороо өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 45 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

 

 11.7.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгосон тухай даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.

 

 11.8.Зохицуулах хороо энэ хуулийн 11.1-д заасан “тохиромжтой этгээд”-ийг тодорхойлох зааврыг гаргаж болно.

 

 12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих хязгаарлалт

 

 12.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн компанид олгоно.

 

 12.2.Даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөлтэй компанийн ажилтан, эрх бүхий албан тушаалтан болон компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээдэд даатгалын төлөөлөгч болон даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй.

 

 12.3.Даатгагчид даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрлийг олгохгүй.

 

 12.4.Даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээдэд даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй бөгөөд уг этгээд нь даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажилтан буюу эрх бүхий албан тушаалтан байж болохгүй.

 

 12.5.Даатгалын төлөөлөгч, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг давхардуулан олгохгүй.

 

 12.6.Даатгалын хохирол үнэлэгчид даатгалын зуучлагч болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй.

 

13 дугаар зүйл. Гадаадын мэргэжлийн оролцогч

 

13.1.Гадаадын мэргэжлийн оролцогч нь гагцхүү Зохицуулах хорооноос бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах эрхтэй.

 

 13.2.Гадаадын мэргэжлийн оролцогч нь энэ хуулийн 13.1-д заасны дагуу Зохицуулах хорооноос бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд аливаа этгээд гадаадын мэргэжлийн оролцогчийг төлөөлж дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

13.2.1.мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах зорилгоор сурталчилгаа, ухуулга хийх, эсхүл ийм зорилгоор албан газар нээх, ажиллуулах;

 

13.2.2.салбар, төлөөлөгчийн газар нээх, ажиллуулах.

 

 13.3.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүсч буй этгээд нь Зохицуулах хороонд өргөдөл гаргана.

 

 13.4.Өргөдлийг бичгээр гаргах бөгөөд түүнд холбогдох журамд заасан баримт бичгийг хавсаргана.

 

13.5.Зохицуулах хороо энэ хуулийн 13.1-д заасан зөвшөөрлийг хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхдээ нэмэлт мэдээлэл, баримт бичгийг өргөдөл гаргагчаас шаардаж болно.

 

13.6.Энэ хуулийн 13.1-д заасан зөвшөөрөл олгохдоо Зохицуулах хороо тодорхой нөхцөл, шаардлага тавьж болох бөгөөд эдгээр нөхцөл, шаардлагаа хэдийд ч өөрчлөн тогтоож болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хөрөнгө, хувьцаа

 

14 дүгээр зүйл. Дүрмийн сангийн доод хэмжээ

 

14.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд дараахь хэмжээтэй байна:

 

14.1.1.даатгалын багц дүрэмд заасан хэмжээнээс багагүй;

14.1.2.энэ хуулийн 14.2-т заасны дагуу Зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй.

 

14.2.Зохицуулах хороо тухайн даатгалын зуучлагч болон даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 14.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно.

 

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан дүрмийн сангийн доод хэмжээнд хүрэх боломжит хугацааг даатгалын мэргэжлийн оролцогчид олгоно.

 

14.4.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сан энэ хуулийн 14.1 -д заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд энэ тухай Зохицуулах хороонд нэн даруй бичгээр мэдэгдэнэ.

 

15 дугаар зүйл. Даатгалын зуучлагч, даатгалын хохирол

 үнэлэгчийн хувьцаа

 

15.1.Энэ хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн гаргаж буй бүх хувьцааны төлбөрийг мөнгөн хэлбэрээр хийнэ. 

 

15.2.Даатгалын зуучлагч болон даатгалын хохирол үнэлэгчид Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйл хамаарахгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ

Нягтлан бодох бүртгэл, аудит

 

 16 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлт болон санхүүгийн тайлан

 

16.1.Даатгалын мэргэжлийн оролцогч Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон даатгалын багц дүрэмд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.

 

16.2.Даатгалын мэргэжлийн оролцогч нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөх бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.2 дахь хэсэг хамаарахгүй.

 

16.3.Даатгалын багц дүрэмд өөрөөр заагаагүй бол Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн нягтлан бодох бүртгэлийн баримт бичигийг тогтоож болно. 

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

16.4.Даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

16.5.Даатгалын мэргэжлийн оролцогч нь нягтлан бодох бүртгэлийн баримт бичгээ 6 жилээс доошгүй хугацаагаар хадгалах бөгөөд хадгалах газрын хаягийг Зохицуулах хороонд бичгээр мэдэгдэнэ.

 

17 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн стандарт хэрэглэх

 

17.1.Даатгалын мэргэжлийн оролцогч нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаандаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөнө.

 

 18 дугаар зүйл. Жил бүрийн санхүүгийн тайлан

 

 18.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч нь аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хугацаанд дараахь баримт бичгийн хамт Зохицуулах хороонд тушаана:

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

18.1.1.удирдлагын тайлан;

18.1.2.аудитын дүгнэлт;

18.1.3.тухайн санхүүгийн жилд компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үйл явдлын тухай тодруулга, тайлбар;

 

18.1.4.багц дүрэмд заасан бусад баримт бичиг.

 

18.2.Жил бүрийн санхүүгийн тайлан болон бусад баримт бичгийн агуулга, хэлбэрийг даатгалын багц дүрмээр тогтоож болно.

 

18.3.Энэ хуулийн 18.1-д заасан тайлан болон бусад баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлээгүй тохиолдолд санхүүгийн тайланг өгөөгүйд тооцно.

 

19 дүгээр зүйл. Улирал тутмын санхүүгийн тайлан

 

19.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч нь улирал тутмын санхүүгийн тайлангаа даатгалын багц дүрэмд заасан баримт бичгийн хамт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хугацаанд Зохицуулах хороонд тушаана.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

19.2.Улирал тутмын санхүүгийн тайлан, холбогдох бусад баримт бичгийн агуулга, хэлбэрийг даатгалын багц дүрмээр тогтоож болно.

 

19.3.Энэ хуулийн 19.1-д заасан тайлан болон бусад баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлээгүй тохиолдолд тайланг өгөөгүйд тооцно.

 

20 дугаар зүйл. Аудит 

 

20.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч санхүүгийн тайлангаа баталгаажуулах зорилгоор аудиторыг томилно. 

 

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан аудитор нь дараахь шаардлагыг хангасан байна:

 

20.2.1.Аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй;

 

 20.2.2.даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн санхүүгийн тайланг баталгаажуулах эрхийг Зохицуулах хорооноос авсан.

 

 20.3.Зохицуулах хороо энэ хуулийн 20.2-т заасан аудиторын нэрсийн жагсаалт болон түүний өөрчлөлтийг даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ. 

 

 20.4.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч нь аудиторыг аудитын үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангана. 

 

 20.5.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч аудиторыг томилсноос хойш ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр мэдэгдэнэ.

 

 21 дүгээр зүйл. Аудитын тайлан

 

 21.1.Аудитор нь санхүүгийн тайлангийн талаархи дүгнэлтийг даатгалын багц дүрэмд заасны дагуу даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчид хүргүүлнэ.

 

 21.2.Зохицуулах хороо эд хөрөнгийн чанар, эрсдлийн сангийн зохистой харьцаа, нягтлан бодох бүртгэл болон хяналтын тогтолцооны зохистой харьцааг тодорхойлох зорилгоор аудитын тайлан гаргаж өгөхийг даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчээс хэдийд ч шаардаж болно.

 

 21.3.Энэ хуулийн 21.2-т заасан тайлан бэлтгэхтэй холбогдсон зардлыг даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч хариуцна.

 

 22 дугаар зүйл. Аудиторын үүрэг

 

 22.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн баримт материалд үндэслэн гаргасан дараахь дүгнэлтийн талаар аудитор нь Зохицуулах хороонд нэн даруй мэдэгдэнэ:

 

22.1.1.даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй байгаа;

 

22.1.2.эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдсэн байж болзошгүй;

 

22.1.3.энэ хуулийн 14, 15 дугаар зүйлийг зөрчсөн;

22.1.4.энэ хууль, бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн.

 

22.2.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч нь аудитортай байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд аудитор Зохицуулах хороонд дараахь асуудлаар мэдээлэл өгнө: 

 

 22.2.1.гэрээг цуцалсан буюу чөлөөлөгдсөн тухай, түүний үндэслэлийн талаар;

 

22.2.2.энэ хуулийн 21, 22.1-д заасан тайлан болон мэдээллийн талаар. 

 

 22.3.Зохицуулах хороо аудитороос аудитын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, нэмэлт материал шаардаж болно.

 

22.4.Аудитор болон аудитор байсан этгээд энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тайлан болон өөрийн зөв гэж үзсэн бусад мэдээллээр Зохицуулах хороог хангасны төлөө түүнийг мэргэжлийн ёс зүйн дүрэм болон хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүнд эрүүгийн болон бусад хариуцлага ногдуулахгүй.

 

 23 дугаар зүйл. Зохицуулах хорооноос аудиторыг томилох

 

 23.1.Хэрэв даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч энэ хуулийн 20.1-д заасны дагуу аудиторыг томилоогүй бол Зохицуулах хороо аудиторыг томилж болно.

 

 23.2.Энэ хуулийн 23.1-д заасан аудитор нь даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн аудиторын энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Даатгалын мэргэжлийн оролцогчид тавих хязгаарлалт

 

24 дүгээр зүйл. Даатгалын мэргэжлийн оролцогч, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтанд тавих хязгаарлалт

 

24.1.Даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөлтэй этгээдийн эрх бүхий албан тушаалтан, ажилтныг даатгагчийн захирлаар томилж болохгүй.

 

 24.2.Даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөлтэй этгээдийг даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөлтэй этгээдийн эрх бүхий албан тушаалтан, ажилтнаар томилж болохгүй.

 

 25 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлгүй даатгагч

 

 25.1.Даатгалын мэргэжлийн оролцогч Даатгалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл аваагүй даатгагчтай хамтран үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

 25.2.Энэ хуулийн 25.1 дэх хэсэг даатгалын мэргэжлийн оролцогч гадаадын даатгагчтай хамтран ажиллахад хамаарахгүй.

 

26 дугаар зүйл. Даатгалын мэргэжлийн оролцогчийн төлбөр, хөлс, хураамж 

 

26.1.Даатгалын мэргэжлийн оролцогч дор дурдсанаас бусад тохиолдолд даатгагчийн байгуулсан гэрээний дагуу төлөгдөж буй хураамжийг хүлээн авах, эзэмших, түүнтэй холбоотой хэлцэл хийхийг хориглоно:

 

 26.1.1.даатгалын хураамжийг хүлээн авах, эзэмших, түүнтэй холбоотой хэлцэл хийхийг даатгагч зөвшөөрсөн;

 

 26.1.2.Зохицуулах хорооноос эрх олгосон.

 

27 дугаар зүйл. Мэдээллийг өөрчлөх

 

27.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж байгаа этгээд, эсхүл даатгалын мэргэжлийн оролцогч болон бусад этгээдээс энэ хууль, даатгалын багц дүрэмд заасны дагуу Зохицуулах хороонд гаргаж буй зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө Зохицуулах хороонд ирүүлсэн мэдээлэл, баримтад өөрчлөлт орвол зөвшөөрөл хүссэн этгээд энэ тухай нэн даруй бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Зах зээлийн ёс зүй

 

28 дугаар зүйл. Төөрөгдүүлсэн зар сурталчилгаа

28.1.Даатгалын мэргэжлийн оролцогч нь төөрөгдүүлсэн, эсхүл худал мэдээлэл агуулсан зар сурталчилгаа, мэдээлэл, товхимол болон түүнтэй адилтгах бусад бичиг баримт гаргах, тараах, тараахыг зөвшөөрөхийг хориглоно. 

 

28.2.Даатгалын мэргэжлийн оролцогч болон түүний нэрийн өмнөөс гаргасан мэдээлэл, товхимол болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг нь төөрөгдүүлсэн буюу худал мэдээлэл агуулсан, эсхүл нийтийн ашиг сонирхолд харшилсан гэж үзвэл Зохицуулах хороо тухайн баримт бичгийг гаргахыг хориглох, няцаахыг даалгах, эсхүл шаардлагатай гэж үзсэн өөрчлөлт, залруулга хийж гаргахыг бичгээр даалгана.

 

 29 дүгээр зүйл. Зах зээлийн ёс зүй

 

29.1.Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн дагаж мөрдвөл зохих зах зээлийн ёс зүйн журам гаргаж болох бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогч, түүний эрх бүхий албан тушаалтан болон холбогдох бусад этгээд түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Хяналт шалгалт, мэдээлэл цуглуулах, тайлагнах

 

30 дугаар зүйл. Үйл ажиллагааны шалгалтад хамаарах холбогдох этгээд

 

30.1.Энэ хуулийн наймдугаар бүлэгт заасан “холбогдох этгээд” гэдэгт даатгалын мэргэжлийн оролцогч, даатгалын мэргэжлийн оролцогч байсан этгээд, эсхүл тэдгээрийн хараат болон охин компани хамаарна.

 

31 дүгээр зүйл. Холбогдох этгээдийн үйл ажиллагаанд хийх шалгалт

 

 31.1.Зохицуулах хороо холбогдох этгээдийн үйл ажиллагааг энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шалгах зорилгоор дараахь арга хэмжээг хэдийд ч авч хэрэгжүүлж болно:

 

31.1.1.холбогдох этгээдийн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, баримт бичгийг шалгах;

 

31.1.2.холбогдох этгээдийн хяналт болон эзэмшилд буй эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг шалгах, тоолох;

 

31.1.3.холбогдох этгээдийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан болон бусад баримт бичгийг хуулбарлаж авах, хянан шалгах.

 

 31.2.Зохицуулах хороо шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдэд хяналт тавихтай холбоотой дараахь асуудлыг судлан үзэж болно:

 

31.2.1.холбогдох этгээдийн эд хөрөнгийг шалгах;

31.2.2.энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрэм болон Зохицуулах хорооноос тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа эсэх.

 

 31.3.Зохицуулах хороо үйл ажиллагааны шалгалтын удирдамжийг холбогдох этгээдэд урьдчилан танилцуулна.

 

31.4.Зохицуулах хороо шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагааны шалгалтыг хэрэгжүүлэхдээ тохирох дадлага туршлага, мэргэжил бүхий этгээдийг татан оролцуулж болно.

 

 31.5.Үйл ажиллагааны шалгалтыг хоёр жилд нэгээс доошгүй удаа холбогдох этгээдийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад болохгүйгээр зохион байгуулна.

 

32 дугаар зүйл. Үйл ажиллагааны шалгалттай холбоотой холбогдох этгээд, түүний эрх

бүхий албан тушаалтан, ажилтны үүрэг

 

32.1.Холбогдох этгээд үйл ажиллагааны шалгалтын үед дараахь үүрэг хүлээнэ:

 

32.1.1.өөрийн байранд нэвтрэх, эд хөрөнгийг шалгах боломжоор хангах;

 

32.1.2.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримт бичгийг гаргаж өгөх;

 

 32.1.3.шаардлагатай мэдээлэл, тайлбараар хангах;

 32.1.4.шаардлагатай баримт бичгийг бусад этгээдээс олж авч Зохицуулах хороонд өгөх. 

 

 32.2.Зохицуулах хороо шаардлагатай мэдээлэл, тайлбар гаргаж өгөхийг холбогдох этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон ажилтнаас шаардаж болно.

 

 33 дугаар зүйл. Шалгалтын тайлан

 

 33.1.Зохицуулах хороо үйл ажиллагааны шалгалт дууссанаас хойш ажлын 45 хоногийн дотор шалгалтын товч тайланг холбогдох этгээдэд хүргүүлнэ.

 

 33.2.Шалгалтын тайланд дараахь зүйлийг тусгана:

 

33.2.1.холбогдох этгээдийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хяналт болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлын талаархи зөвлөмж;

 

33.2.2.тайлантай холбогдуулан хариу шаардаж байгаа эсэх, хариу шаардаагүй бол тайланд онцгойлон үзсэн асуудлын талаар.

 

 33.3.Шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан бол холбогдох этгээд тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд Зохицуулах хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй.

 

34 дүгээр зүйл. Зохицуулах хорооны мэдээлэл цуглуулах эрх

 

 34.1.Зохицуулах хороо энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор, эсхүл гадаадын зохицуулах байгууллагын тавьсан хүсэлтийн дагуу энэ хуулийн 34.2-т заасан этгээдээс дараахь зүйлийг бичгээр шаардаж болно:

 

 34.1.1.тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл гаргаж өгөхийг;

 

 34.1.2.тодорхой төрлийн буюу тусгайлан заасан баримт бичиг гаргаж өгөхийг.

 

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан мэдэгдлийг холбогдох этгээд болон түүнтэй холбоотой этгээд, даатгалын мэргэжлийн оролцогч эсхүл, мэдэгдэлтэй холбоотой мэдээлэл, баримт бичиг байгаа гэж үзсэн этгээдэд өгөх бөгөөд уг мэдэгдэлд мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөх болон үйлдэх хугацаа, газрыг заана.

 

 34.3.Энэ хуулийн 34.2-т заасан “холбоотой этгээд”-ийг даатгалын багц дүрмээр тодорхойлно.

 

34.4.Зохицуулах хороо энэ хуулийн 34.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь шаардлагыг тавьж болно:

 

34.4.1.тогтоосон хэлбэр, загвараар мэдээлэл бэлтгэж ирүүлэхийг;

34.4.2.мэдээлэл, баримт бичгээ баталгаажуулахыг;

34.4.3.мэдээлэл, баримт бичигтэй холбогдуулан тайлбар гаргахыг. 

 

34.5.Зохицуулах хороо энэ хуульд заасны дагуу мэдээлэл цуглуулахдаа холбогдох баримт бичгийг түүвэрлэн буюу хуулбарлан авч болно.

 

34.6.Зохицуулах хорооноос энэ хуулийн 34.1-д заасны дагуу мэдээлэл, баримт бичгээр хангахыг даалгасан мэдэгдлийг хүлээн авсан этгээд уг мэдэгдлийг заавал биелүүлэх үүрэгтэй. 

 

 35 дугаар зүйл. Гадаадын зохицуулах байгууллагад туслалцаа үзүүлэх

 

35.1.Гадаадын зохицуулах байгууллага өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан туслалцаа үзүүлэхийг бичгээр хүссэн тохиолдолд Зохицуулах хороо энэ хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу холбогдох мэдээлэл, баримт бичгээр хангаж болно.

 

35.2.Гадаадын зохицуулах байгууллагыг мэдээлэл, баримт бичгээр хангах эсэхийг шийдвэрлэхдээ дараахь асуудлыг анхаарна:

 

35.2.1.гадаадын зохицуулах байгууллага нь уг асуудалтай төстэй асуудлаар харилцан туслалцаа үзүүлж байсан, эсхүл үзүүлэх эсэх;

 

35.2.2.Монгол Улсын хууль тогтоомж, нийтийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэх;

 

35.2.3.асуудлын шинж чанар, тухайн асуудал Монгол Улсын хувьд ач холбогдолтой эсэх;

 

 35.2.4.мэдээлэл бэлтгэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг гадаадын зохицуулах байгууллага төлсөн эсэх;

 

35.2.5.энэ хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдээллийн нууцлалыг хангаж чадах эсэх.

 

35.3.Зохицуулах хороо гадаадын зохицуулах байгууллагын хүссэн мэдээлэлтэй холбогдуулж тодруулга ирүүлэхийг уг байгууллагаас хүсэж болно.

 

35.4.Гадаадын зохицуулах байгууллага нь энэ хуулийн 35.3-т заасан хүсэлтэд хариу ирүүлээгүй бол Зохицуулах хороо түүнд туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Албадлага

 

 36 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ авах үндэслэл

 

 36.1.Зохицуулах хороо дараахь үндэслэлээр даатгалын мэргэжлийн оролцогчид албадлагын арга хэмжээ авч болно:

36.1.1.энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол;

 /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

36.1.2.үйлчлүүлэгчийн болон нийтийн ашиг сонирхолд, даатгалын төлөөлөгчийн хувьд даатгагчийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц нөхцөл байдал үүссэн;

 

36.1.3.даатгалын мэргэжлийн оролцогч төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй гэж үзвэл;

 

36.1.4.энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Зохицуулах хорооноос өгсөн даалгаврыг биелүүлээгүй;

36.1.5.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

36.1.6.тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүний удирдах албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээд нь тус тус тохиромжтой бус этгээд гэж үзсэн;

 

36.1.7.Зохицуулах хороонд бодитой бус, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн нь тогтоогдсон;

 

36.1.8.даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч татан буугдсан;

36.1.9.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүй;

 

36.1.10.холбогдох этгээдийн үйл ажиллагааг шалгах явцад Зохицуулах хороотой хамтран ажиллахаас татгалзсан;

36.1.11.Зохицуулах хорооноос ногдуулсан торгуулийг хугацаанд нь төлөөгүй;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

36.1.12.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

 

37 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээний төрөл

 

 37.1.Зохицуулах хороо энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан үндэслэлээр дараахь төрлийн албадлагын арга хэмжээг хэрэглэнэ:

 

37.1.1.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;

37.1.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох; 

 37.1.3.энэ хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу шалгагч томилох;

 37.1.4.энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу даалгавар өгөх;

37.1.5.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах талаар зөвлөх үүрэг бүхий, дадлага туршлагатай мэргэжилтэн томилох;

37.1.6.торгох.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

38 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

 

38.1.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр түдгэлзүүлнэ:

 

38.1.1.энэ хуулийн 36.1-д заасан үндэслэлийн аль нэг нь илэрсэн;

38.1.2.тусгай зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор үйл ажиллагаагаа эхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон;

 

38.1.3.тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлөх хугацаа өнгөрснөөс хойш 2 сарын дотор төлөөгүй.

 

 38.2.Тусгай зөвшөөрлийг дараахь хугацаагаар түдгэлзүүлнэ:

 

 38.2.1.Зохицуулах хорооноос тогтоосон хугацаагаар;

 38.2.2.Зохицуулах хорооноос тавьсан шаардлага, өгсөн даалгаврыг биелүүлэх хүртэл.

 

 38.3.Энэ хуулийн 38.2.1-д заасан хугацаа нь 6 сараас хэтрэхгүй.

 38.4.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс хойш энэ хуулийн 39.2.2-т заасан шаардлагыг 6 сарын дотор биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

 

38.5.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс өмнө Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж, хүргэсэн огноог тэмдэглэнэ.

 

 38.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбараа Зохицуулах хороонд бичгээр ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

 

 38.7.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд дараахь агуулга бүхий мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр хүргүүлнэ: 

 

 38.7.1.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай;

38.7.2.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэл, түдгэлзүүлж эхэлсэн огноо;

 

 38.7.3.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа.

 

38.8.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.

 

 39 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

 

 39.1.Зохицуулах хороо дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

 

39.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

39.1.2.даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч татан буугдсан;

 

39.1.3.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

 

39.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

 

39.1.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

 

39.2.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсон үндэслэлийг заасан мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр хүргүүлж, хүргэсэн огноог тэмдэглэнэ.

 

 39.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбараа Зохицуулах хороонд ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

 

 39.4.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд дараахь агуулга бүхий мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр хүргүүлнэ:

 

 39.4.1.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай;

39.4.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үндэслэл, огноо.

 

39.5.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.

 

40 дүгээр зүйл. Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл

 гаргах

 

40.1.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон, эсхүл энэ хуулийн 38.1, 39.1-д заасан үндэслэл байна гэж үзвэл нийтийн болон үйлчлүүлэгч, даатгуулагчийн ашиг сонирхол, даатгалын мэргэжлийн оролцогчийн өмч хөрөнгө, үйл ажиллагааг хамгаалах зорилгоор Зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. 

 

40.2.Зохицуулах хороо энэ хуулийн 40.1-д заасан нэхэмжлэл гаргахдаа даатгалын мэргэжлийн оролцогчид мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

 

40.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй, эсхүл хүчингүй болгоогүй бол нэхэмжлэлийг энэ хуулийн 38,5, 39.2-т заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох тухай мэдэгдлийг даатгалын мэргэжлийн оролцогчид өгөхөөс өмнө гаргаж болно.

 

40.4.Энэ хуулийн 40.1-д заасан нэхэмжлэлийн дагуу дараахь арга хэмжээг хэрэгжүүлж болно:

 

40.4.1.холбогдох этгээдийн эзэмшилд буй өмч хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах зэрэг хэлцэл хийхийг хориглосон шийдвэр гаргах;

 

40.4.2.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгохоос өмнө даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг удирдан зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийг нэн даруй томилох; 

 

40.4.3.компанийг татан буулгахаар шүүхэд хандах;

40.4.4.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл авахаар холбогдох этгээдийг дуудан ирүүлэх.

 

 40.5.Шүүх энэ хуулийн 40.4.2-т заасан бүрэн эрхт төлөөлөгчийг томилохдоо түүний эрх хэмжээ, цалин хөлс, шүүх болон Зохицуулах хороонд тайлан мэдээ гаргаж өгөх журмыг тогтооно. 

 

40.6.Шүүх бүрэн эрхт төлөөлөгчийн талаар дараахь арга хэмжээг хэдийд ч авч болно:

 

40.6.1.эрх үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан даалгавар, зааварчилга өгөх; 

 

40.6.2.эрх хэмжээг нь өөрчлөх;

40.6.3.бүрэн эрхийг нь дуусгавар болгох.

 

 41 дүгээр зүйл. Даалгавар

 

 41.1.Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчид албадлагын арга хэмжээ авахдаа дараахь агуулга бүхий даалгаврыг өгч болно:

 

 41.1.1.даатгалын мэргэжлийн оролцогчийн тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг түр зогсоох;

 

41.1.2.тодорхой төрлийн үйл ажиллагаатай холбоотой шинээр гэрээ байгуулахыг хориглох;

 

41.1.3.шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг энэ хууль, бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрэмд зааснаас богино хугацаанд гаргаж өгөх;

 

 41.1.4.үйлчлүүлэгч болон даатгалын төлөөлөгчийн хувьд төлөөлж буй даатгагчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

 

 41.2.Энэ хуулийн 41.1-д заасны дагуу Зохицуулах хорооноос өгч буй аливаа даалгаврыг даатгалын мэргэжлийн оролцогч биелүүлэх үүрэгтэй.

 

 41.3.Энэ хуулийн 41 дүгээр зүйл тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон этгээдэд нэгэн адил хамаарна.

 

42 дугаар зүйл. Шалгагчийг томилох

 

 42.1.Зохицуулах хороо энэ хуулийн 36.1-д заасан үндэслэлээр албадлагын арга хэмжээ авахдаа тухайн этгээдийн үйл ажиллагааг хянан шалгах үүрэг бүхий нэг буюу хэд хэдэн этгээдийг шалгагчаар томилж болно.

 

42.2.Энэ хуулийн 42.1-д заасны дагуу томилогдсон шалгагч нь дараахь асуудлыг хянан шалгаж болно:

 

 42.2.1.тухайн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, шинж байдал;

 42.2.2.тухайн этгээдийн үйл ажиллагааны тодорхой асуудал;

42.2.3.тухайн этгээдийн болон хувь нийлүүлэгчдийн хяналт

 

42.3.Шалгагч нь шаардлагатай гэж үзвэл тухайн этгээдийн үйл ажиллагаа болон компанийн нэгдлийн бусад гишүүдийн үйл ажиллагааг хэдийд ч шалгаж болно.

 

42.4.Шалгагчийн томилолтын хугацаа болон нөхцөлийг Зохицуулах хороо өөрийн үзэмжээр тогтооно.

АРАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

 

43 дугаар зүйл. Мэдээллийн нууцлалыг хадгалах

 

 43.1.Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:

 

 43.1.1.тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан этгээд;

 43.1.2.даатгалын мэргэжлийн оролцогч, эсхүл даатгалын мэргэжлийн оролцогч байсан этгээд, тэдгээрийн хараат болон охин компани;

 

 43.1.3.үйлчлүүлэгч, эсхүл үйлчлүүлэгч байсан этгээд. 

 

 43.2.Дараахь тохиолдолд энэ хуулийн 43.1 дэх хэсэг хамаарахгүй:

 

 43.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

43.2.2.Зохицуулах хороо шаардсан;

43.2.3.шүүх болон прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага хүсэлт гаргасан;

 

 43.2.4.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн этгээд мэдэх шаардлагатай; 

 

 43.2.5.уг мэдээллийг олон нийт бусад эх сурвалжаас мэдэх боломжтой, эсхүл нэгэнт мэдээлэгдсэн;

 

43.2.6.тухайн мэдээлэлтэй холбогдох энэ хуулийн 43.1-д заасан этгээдийг таних боломжгүй байдлаар буюу мэдээллийг товчлол, эсхүл статистик тоо баримтаар мэдээлэх; 

 

43.2.7.энэ хуулийн 35.1-д заасны дагуу гадаадын зохицуулах байгууллага бичгээр хүсэлт гаргасан.

 

44 дүгээр зүйл. Зохицуулах хорооны шийдвэрийг давж заалдах

 

44.1.Аливаа этгээд даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

44.2.Зохицуулах хорооны шийдвэрийг давж заалдсан нь хариуцлага хүлээлгэх шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

441 дүгээр зүйл.Маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх

 

441.1.Арбитрын хэлэлцээртэй бол даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

 

441.2.Энэ хуулийн 441.1-д заасны дагуу маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 44 дүгээр зүйл хамаарахгүй.

/Энэ зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

45 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

45.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

45.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

46 дугаар зүйл. Зохицуулах хорооны албан хаагчийн хязгаарлагдмал хариуцлага

 

46.1.Зохицуулах хорооны албан хаагч энэ хууль, холбогдох бусад хууль болон даатгалын багц дүрэмд заасан үүргээ шударга бусаар хэрэгжүүлсэн буюу санаатайгаар хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсоноос бусад тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

 

47дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

 

47.1.Энэ хуулийг Даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР