- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДАЙН БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ДАЙН БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь дайн бүхий байдал зарлах, цуцлах үндэс, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулсан, зэвсэглэн халдсан улс, түүний холбоотонтой харилцах харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Дайн бүхий байдлын тухай хууль тогтоомж
2.1.Дайн бүхий байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1."Дайн бүхий байдал" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулж, зэвсэглэн халдсан улс,түүний холбоотонтой дайн бүхий байдал зарласан мөчөөс түүнийг цуцлах хүртэл харилцах харилцааны онцгой хэлбэрийг хэлнэ.
3.2."Дайсан" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул занал учруулж, зэвсэглэн халдсан улс,түүний энэхүү зэвсэгт халдлагад холбоотон нь болж буй этгээдийг хэлнэ.
4 дүгээр зүйл.Дайн бүхий байдал зарлах үндэс
4.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал Монгол Улс олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор дайн бүхий байдал зарлана.
5 дугаар зүйл.Дайн бүхий байдал зарлах
5.1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дайн бүхий байдал зарлах нөхцөл бүрдсэн тухай оруулсан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэж, дайн бүхий байдлыг зарлах, эсэх талаар шийдвэр гаргана.
5.2.Монгол Улсын Их Хурал дайн бүхий байдал зарлах нөхцөл бүрдсэн гэж үзвэл өөрийн онцгой бүрэн эрхийн дагуу дайн бүхий байдал зарлана.
5.3.Дайн бүхий байдал зарлах тухай Монгол Улсын хуульд дараахь асуудлыг тусгана.
5.3.1.дайн бүхий байдал зарлах болсон онцгой нөхцөл байдал;
5.3.2.дайн бүхий байдлын зорилго;
5.3.3.дайн бүхий байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээ, зааг;
5.3.4.хууль хүчин төгөлдөр болох хугацаа.
5.4.Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайн бүхий байдал зарласан тухай дайсагнагч улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд ноот гардуулж мэдэгдэнэ.
5.5.Дайн бүхий байдал зарласан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нэн даруй зарлана.
5.6.Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайн бүхий байдал зарласан тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, дипломат харилцаатай улс, олон улсын бусад байгууллагад мэдэгдэнэ.
6 дугаар зүйл.Дайн бүхий байдал, олон улсын харилцаа
6.1.Монгол Улс дайн бүхий байдлын үед манай улсыг дэмжигч улстай цэрэг-улс төрийн холбоотны харилцаа тогтоож, цэргийн эвсэл холбоонд элсэн орж болно.
6.2.Монгол Улс дайн бүхий байдлын үед манай улстай найрсаг харилцаа бүхий олон улсын байгууллага, гадаад улсаас зохих хууль тогтоомжийн дагуу цэрэг-техникийн тусламж, дэмжлэг авч болно.
6.3.Дайн бүхий байдал зарласан улстай байгуулсан хоёр талын гэрээ хэлэлцээрийг цуцлах, үйлчлэлийг түр зогсоох, эсхүл улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт тогтоосон бүх төрлийн харилцаа холбоог тасална.
6.4.Монгол Улс зарим улстай зэвсэгт тэмцэл явуулахгүйгээр дайн бүхий байдалтай байж болно.
6.5.Дайн бүхий байдал зарласан нөхцөл байдлын улмаас Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнээс түүнд заагдсан журам, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмын дагуу гарах, эсхүл гэрээний үйлчлэлийг түр зогсоож болно.
6.6.Энэ хуульд заагдаагүй олон улсын харилцааны бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхийг Монгол Улсын Их Хурал эдэлнэ.
7 дугаар зүйл.Дайн бүхий байдлыг цуцлах
7.1.Дайн бүхий байдлыг зарласан нөхцөл байдал бүрэн арилсан, дайсагнагч этгээд цэргийн хүчээр түрэмгийлэл үйлдэх бодлого, үйл ажиллагаанаас татгалзсан, эсхүл дайтагч талууд эвлэрсэн, найрамдлын тохиролцоонд албан ёсоор хүрсэн тохиолдолд Монгол Улсын Их Хурал дайн бүхий байдлыг цуцлах шийдвэр гаргана.
7.2.Монгол Улсын Их Хурлын шийдвэрт дайн бүхий байдлыг цуцлах үндэс, хугацаа, хоёр Талын харилцааг сэргээж хэвийн болгох арга хэмжээ, бусад асуудлыг тусгасан байна.
7.3.Дайн бүхий байдлыг цуцалсан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нэн даруй зарлана.
7.4.Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайн бүхий байдлыг цуцласан тухай дайн бүхий байдал зарласан улсын дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.
7.5.Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайн бүхий байдлыг цуцалсан шийдвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, дипломат харилцаатай улс орон, олон улсын бусад байгууллагад мэдэгдэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A