- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДАЙНЫ БАЙДЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 5 дугаар сарын 15-ний өдөр
Улаанбаатар хот
ДАЙНЫ БАЙДЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь дайны байдал зарлах, цуцлах үндэслэл, улс орныг дайны байдалд шилжүүлэх үед авах үндсэн арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх бэлтгэлийг тайван цагт хангах үеийн төр, захиргаа, цэргийн удирдлагын байгууллагуудын бүрэн эрх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайны байдал зарласантай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Дайны байдлын тухай хууль тогтоомж
2.1.Дайны байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Дайны байдал зарласнаас хойш энэ хуулийн заалт бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн тохиолдолд Дайны байдлын тухай хуулийн заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
"Дайны байдал" гэж Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл бий болох үед төрийн эрх барих дээд байгууллагаас Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт тогтоох улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн, цэргийн онцгой дэглэмийг хэлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Дайны байдал зарлах нөхцөл
4 дүгээр зүйл.Дайны байдал зарлах нөхцөл
4.1.Монгол Улсын Үндсэн хуульд заасан ёсоор дор дурдсан онцгой нөхцөл бий болсон үед дайны байдал зарлана:
4.1.1.улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон;
4.1.2.бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон.
5 дугаар зүйл.Дайны байдал зарлах
5.1.Дайны байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, дайны байдал зарлах эсэхийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
5.2. Монгол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч дайны байдал зарлах тухай зарлиг гаргана. Улсын Их Хурал уг зарлигийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу 7 хоногийн дотор хэлэлцэж батлах, эсхүл хүчингүй болгоно.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.3.Дайны байдал зарлах тухай Монгол Улсын хууль, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт дараахь асуудлыг тусгана:
5.3.1.дайны байдал зарлах болсон онцгой нөхцөл байдал;
5.3.2.дайны байдлын зорилго;
5.3.3.дайны байдлын үед энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндсэн арга хэмжээ тус бүрийг хэрэгжүүлэх хүрээ, заагийг бий болсон нөхцөлд нийцүүлэн тогтоох;
5.3.4.дайны байдал тогтоох нутаг дэвсгэрийн хил хязгаар;
5.3.5.хууль, зарлиг хүчин төгөлдөр болох хугацаа.
5.4.Дайны байдал зарласан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг дагаж мөрдөхөөс нь 6-аас илүүгүй цагийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.
5.5.Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсад дайны байдал зарласан тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, дипломат харилцаатай улс орон, олон улсын бусад байгууллагад мэдэгдэнэ.
6 дугаар зүйл.Дайны байдлыг цуцлах
6.1.Дайны байдал зарласан онцгой нөхцөл байдал бүрэн арилсан тухай үндэсний аюулгүй байдлын хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал дайны байдлыг цуцлах шийдвэр гаргана.
6.2.Дайны байдлыг цуцалсан тухай Улсын Их Хурал шийдвэр гаргамагц Монгол Улсын тайван цагийн бүх хууль тогтоомжийн үйлчлэл сэргэж, дайны байдлын үеийн хууль тогтоомжийн актуудын үйлчлэл зогсоно.
6.3.Дайны байдлыг цуцалсан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг нэн даруй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.
6.4.Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсад дайны байдал цуцалсан тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, дипломат харилцаатай улс орон, олон улсын бусад байгууллагад мэдэгдэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Улс орныг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг тайван цагт хангах, дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээ
7 дугаар зүйл.Улс орныг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг тайван цагт хангах үндсэн арга хэмжээ
7.1.Тайван цагт дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:
7.1.1.улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах;
7.1.2.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагыг дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд шилжүүлэх бэлтгэлийг хангах;
7.1.3.зэвсэгт хүчний сургалт, бэлтгэл, цэргийн бүх шатны удирдлагын байгууллагуудын бэлэн байдлыг хангах;
7.1.4.улсын болон цэргийн дайчилгааны материаллаг нөөцийн хэмжээ, байршлыг тогтоож, түүнийг бүрдүүлэх, шинэчлэх, нөхөн сэлбэх;
7.1.5.улсын болон зэвсэгт хүчний хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага, аж ахуйн нэгжийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах;
7.1.6.нутаг дэвсгэрийн төхөөрөмжлөл, цэргийн дэд бүтцийг бэхжүүлэх;
7.1.7.цэргийн бэлтгэл үүрэгтэнтэй дайчилгаатай сургууль, цугларалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулах;
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.8.цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, тэдэнд эх оронч хүмүүжил олгох, бие бялдар, оюуны өв тэгш хөгжлийг хангах тогтолцоог бүрдүүлэх.
7.2.Тайван цагт авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээг хууль тогтоомжоор тогтоож болно.
8 дугаар зүйл.Дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээ
8.1.Дайны байдлын үед дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:
8.1.1.улс орныг ерөнхий төлөвлөгөөний дагуу дайны байдалд шилжүүлэх;
8.1.2.зэвсэгт хүчнийг бүх нийтийн буюу хэсэгчилсэн дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах;
8.1.3.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагыг дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд шилжүүлэх;
8.1.4.дайны байдал тогтоосон нутаг дэвсгэрт дайны байдлын үеийн хууль тогтоомжийг мөрдүүлэх;
8.1.5.зэвсэгт хүчний хэвийн үйл ажиллагааг хангах, улс орны болон тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, хүн амын амьжиргааны зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон тусгай дэглэм тогтоох;
8.1.6.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, техник болон хүнс тэжээлийн нөөцийг нөхөх олговортойгоор дайчлах.
8.2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын дагуу тогтоох тусгай дэглэмийн хүрээнд Онц байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтаас гадна дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
8.2.1.ажил хаях, зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хурал, цуглаан, жагсаал, нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулахыг хориглох;
8.2.2.дайны байдлын үеийн хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, байгууллагыг тараах;
8.2.3.иргэний тоо бүртгэл, мэдээлэлд хатуу хяналт тогтоож, шаардлагатай үед тээврийн хэрэгсэл, иргэдийн бие, орон сууцад үзлэг хийх, зэвсэг, галт хэрэглэл, хориглосон бусад эд зүйлийг хураах, сэжигтэй этгээдийг баривчлах, саатуулах;
8.2.4.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх.
8.3.Иргэдийн эрх, эрх чөлөө, байгууллагын үйл ажиллагаанд энэ хууль, дайны байдлын үед мөрдөх бусад хууль тогтоомжид заагаагүй хязгаарлалт, дэг тогтоохыг хориглоно.
8.4.Дайны байдлын үеийн бусад арга хэмжээг хууль тогтоомжоор тогтоож болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Дайны байдлын үеийн батлан хамгаалах удирдлага
9 дүгээр зүйл.Батлан хамгаалах удирдлагын тогтолцоо
9.1.Батлан хамгаалах удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын хороо, Засгийн газар, Цэргийн дээд командлалын газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин штаб, цэргийн удирдлагын байгууллагууд, аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар, сум, дүүргийн батлан хамгаалах товчооноос бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.2.Батлан хамгаалах удирдлага нь захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлагаас бүрдэнэ.
10 дугаар зүйл.Батлан хамгаалах захиргааны удирдлага
Батлан хамгаалах захиргааны удирдлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүйн байдлын хороо, Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар; сум, дүүргийн батлан хамгаалах товчоо энэ хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ.
11 дүгээр зүйл.Цэргийн мэргэжлийн удирдлага
Цэргийн мэргэжлийн удирдлагыг Цэргийн дээд командлалын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрөл, мэргэжлийн цэргийн болон нэгтгэл, ангийн удирдлага, штабууд тус тусын эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.
/Энэ зүйлд 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
12.1.Дайны байдалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Тайван цагт:
12.1.1.дайны байдлын үед үйлчлэлийг зогсоох, хязгаарлах хууль тогтоомжийн нэр, заалтыг тодорхойлох;
12.1.2.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо, Цэргийн дээд командлалын газрын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрхийг тогтоох;
12.1.3.Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас байгуулсан болон түүнд ажлаа тайлагнадаг байгууллагын дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалт, түүнд шилжих журам, эрх зүйн үндсийг тодорхойлох;
12.1.4.Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлах.
Дайны байдлын үед:
12.1.5.төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг дайны байдлын нөхцөлд нийцүүлэн тодотгох;
12.1.6.дайны байдлын үед мөрдөх хууль тогтоомжийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
12.1.7.дайны байдлын үед байгуулсан олон улсын гэрээг соёрхон батлах;
12.1.8.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хороо, Цэргийн дээд командлалын газрыг байгуулах, Засгийн газрыг дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
12.1.9.гадаад улс оронтой цэрэг-улс төрийн холбоотны харилцаа тогтоох, цэргийн эвсэл холбоонд элсэн орох эрх зүйн үндсийг тогтоох;
12.1.10.дайны байдлын үед бусад улс оронтой байгуулсан цэргийн хамтын ажиллагааны гэрээг батлах, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн дагуу байрлуулах, дамжин өнгөрүүлэх талаар хууль гаргах;
12.1.11.орон нутгийн цэргийг байгуулах шийдвэр гаргах;
12.1.12.Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацааг дайны байдлыг цуцлах хүртэл хойшлуулах эсэх тухай шийдвэр гаргах.
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Дайны байдлын үеийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл зарим бүрэн эрхээ Монгол Улсын Ерөнхийлөгчид шилжүүлж болно.
12.3.Монгол Улсын Их Хурал хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
13 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх
13.1.Дайны байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Тайван цагт:
13.1.1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо, Цэргийн дээд командлалын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
13.1.2.улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөөний талаар Улсын Их Хуралд санал, дүгнэлт оруулах;
13.1.3.зэвсэгт хүчийг бэхжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх;
13.1.4.улсын болон цэргийн дайчилгааны материаллаг нөөцийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих.
Дайны байдлын үед:
13.1.5.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо, Цэргийн дээд командлалын газрыг тэргүүлэх;
13.1.6.дайны байдал зарлахад хүргэсэн нөхцөл байдал өргөжин гүнзгийрүүлэхгүй байхад чиглэсэн арга хэмжээ авах;
13.1.7.Цэргийн дээд командлалын газрын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх саналыг Үндэсний аюулгүй байдлын хороонд оруулах;
13.1.8.дайны байдлын үед зэвсэгт хүчний гүйцэтгэх үүргийг тодорхойлон түүнийг хэрэглэх төлөвлөгөөг баталж, зэвсэгт тэмцлийг ерөнхий удирдлагаар хангах.
13.2.Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
14 дүгээр зүйл.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо
14.1.Монгол Улсын Их Хурал дайны байдал зарламагц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг өргөтгөн Үндэсний аюулгүй байдлын хороог байгуулна.
14.2.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо нь дайны байдлын үеийн засаглалын бүрэн эрх бүхий захиргааны удирдлагын онцгой дээд байгууллага бөгөөд батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг хариуцна.
15 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
15.1.Дайны байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Тайван цагт:
15.1.1.улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулах;
15.1.2.эдийн засгийн удирдлага, төлөвлөлт, хөгжлийн стратегийн зорилт, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн бодлогыг эх орноо батлан хамгаалах хэрэгцээ, шаардлагатай зохистойгоор уялдуулах;
15.1.3.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалт, түүнд шилжих журам тогтоох;
15.1.4.улсын дайчилгааны материаллаг нөөцийн хэмжээ, байршилтыг тогтоож, түүнийг шинэчлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах;
15.1.5.улсын болон зэвсэгт хүчний хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага, аж ахуйн нэгжийг дайны байдалд шилжүүлэх журам тогтоох:
15.1.6.нутаг дэвсгэрийн төхөөрөмжлөл, цэргийн дэд бүтцийг бэхжүүлэх арга хэмжээ авах;
15.1.7.стратегийн ач холбогдол бүхий зам, гүүр, төмөр замын зангилгаа, нисэх онгоцны буудал, холбооны сүлжээг дайны байдлын үед ашиглахад бэлтгэх арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх;
15.1.8.дайны байдлын үед үйлчлэлийг зогсоох, хязгаарлах Засгийн газрын тогтоол, шийдвэрийн нэр, заалтыг тодорхойлох.
Дайны байдлын үед:
15.1.9.улс орныг дайны байдалд шилжүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулах;
15.1.10.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагыг дайны байдалд шилжүүлэх;
15.1.11.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тодотгол хийх тухай саналыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр саырн 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.12.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх улсын захиалга-даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.1.13.улсын болон зэвсэгт хүчний хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгууллага, аж ахуйн нэгжийг техник хэрэгсэл, түүхий эд, ажиллах хүчээр эхний ээлжинд хангах арга хэмжээ авах;
15.1.14.улс орны эдийн засаг, нийгмийн үндсэн салбар болон дэд бүтцийн тогтвортой ажиллагааг хангах;
15.1.15.дайны байдлын үед байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, хүнс, тэжээлийн нөөцийг дайчлах журам тогтоох;
15.1.16.хүн амын амьжиргааны зайлшгүй хэрэгцээт зүйлийг хуваарилах онцгой журам тогтоох;
15.1.17.улсын болон цэргийн дайчилгааны материаллаг нөөцийг захиран зарцуулах;
15.1.18.дайны байдлын үеийн нийгмийн дэг журмыг чанд сахиулах;
15.1.19.байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг, галт хэрэглэл, тэсэрч дэлбэрэх, шатаах, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхт бодис, сургалтын зориулалттай зэвсэг, байлдааны техник, хэрэгслэлийн ашиглалт, хадгалалттай холбогдсон асуудлыг шийдвэрлэх;
15.1.20.аж төрөхөд нэн аюултай байлдааны ажиллагааны талбар, хөнөөлийн голомт бүхий нутаг дэвсгэрээс хүн ам, мал, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
15.1.21.Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллага, дэмжигч улс орнуудын бүх талын тусламж дэмжлэг авах, хууль тогтоомжийн дагуу гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулах ажлыг зохион байгуулах.
15.2.Монгол Улсын Засгийн газар дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, зэвсэгт хүчний байлдааны ажиллагааг хангах талаар хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
16 дугаар зүйл.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
16.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дайны үед Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хорооны ажлын аппарат байж, батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэн аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар, сум, дүүргийн батлан хамгаалах товчоог захиргааны удирдлагаар хангана.
16.2.Дайны байдалтай холбогдуулан батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
Тайван цагт:
16.2.1.улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төсөл боловсруулж Засгийн газарт оруулах;
16.2.2.зэвсэгт хүчнийг бодлогын удирдамжаар хангаж, үйл ажиллагааг нь зохицуулах;
16.2.3.улс орныг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг тайван цагт хангах талаар төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын хүлээх үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;
16.2.4.цэргийн дайчилгааны материаллаг нөөцийн хэмжээ, байршлыг тогтоож, түүнийг бүрдүүлэх, шинэчлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах;
16.2.5.байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дайчлан зэвсэгт хүчний хэрэгцээнд ашиглах техник, материал хэрэгсэлийн төрөл, тоог тогтоох;
16.2.6.орон нутгийн цэргийг зэвсэг, байлдааны техник, галт хэрэглэлээр хангах бэлтгэлийг зохион байгуулах.
Дайны байдлын үед:
16.2.7.Монгол Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын хороо, Засгийн газраас батлан хамгаалах талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;
16.2.8.зэвсэгт хүчнийг хэсэгчилсэн буюу бүх нийтийн дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах, саналыг боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
16.2.9.зэвсэгт хүчнийг зэвсэг, цэргийн техник бусад материал хэрэгслэлээр хангах;
16.2.10.орон нутгийн цэргийг зэвсэг, байлдааны техник, галт хэрэглэлээр хангах ажлыг зохион байгуулах;
16.2.11.сайн дурын зэвсэглэсэн бүлгийн үйл ажиллагаа, бүх төрлийн хангалтад туслалцаа дэмжлэг үзүүлэх;
16.2.12.зэвсэгт хүчний байлдааны хохирлыг нөхөн хангахад шаардлагатай бие бүрэлдэхүүн, зэвсэг, техник, бусад материал хэрэгсэлийн нэмэгдэл даалгаврыг боловсруулах.
16.3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
17 дугаар зүйл.Төрийн захиргааны бусад төв байгууллагын чиг үүрэг
17.1.Дайны байдалтай холбогдуулан төрийн захиргааны бусад төв байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
Тайван цагт:
17.1.1.өөрийн байгууллага, харьяа салбаруудаа дайны байдалд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах;
17.1.2.улсын дайчилгааны даалгаврыг биелүүлэх;
17.1.3.улс орныг батлан хамгаалах талаар хэрэгжүүлсэн ажлаа Засгийн газарт тайлагнах;
17.1.4.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шаардлагатай мэдээ, судалгаа гаргаж өгөх.
Дайны байдлын үед:
17.1.5.өөрийн байгууллага, харьяа салбаруудаа дайны байдалд шилжүүлэх, дайны байдлын үед үйлчлэх хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;
17.1.6.дайчилгааны даалгаврын дагуу мэргэжлийн анги, бүлгийг зохион байгуулж, тэдгээрийг техник, материал, хэрэгслээр хангах.
18 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын үүрэг
18.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга нь дайны байдлын үед тухайн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн байгууллага болох аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар, сум, дүүргийн батлан хамгаалах товчоог тэргүүлнэ.
18.2.Батлан хамгаалах газрын ажлын аппарат нь Засаг даргын Тамгын газар, цэрэг-иргэний хамгаалалтын хэлтэс байна.
18.3.Дайны байдалтай холбогдуулан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн Засаг дарга дараахь үүргийг хүлээнэ:
Тайван цагт:
18.3.1.нутаг дэвсгэрийн засаг захиргаа, эдийн засгийг дайны байдалд шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулан дээд шатны байгууллагад оруулж, түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах;
18.3.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон жилийн төлөвлөгөө, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг батлан хамгаалах ашиг сонирхолд нийцүүлж байх;
18.3.3.зэвсэгт хүчин, бусад цэргийг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнээр хангах Засгийн газрын захиалга-даалгаврын биелэлтийг зохион байгуулах;
18.3.4.стратегийн ач холбогдол бүхий зам, гүүр, төмөр замын зангилгаа, нисэх онгоцны буудал, холбооны сүлжээ, улсын онц чухал объектыг хамгаалах арга хэмжээ авах;
18.3.5.улсын дайчилгааны материаллаг нөөц болон орон нутгийн хүнс, эд хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх, шинэчлэх, нөхөн сэлбэх;
18.3.6.цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, тэдэнд эх оронч хүмүүжил олгох, бие бялдар, оюуны өв тэгш хөгжлийг хангах тогтолцоог бүрдүүлэх ажил зохион байгуулах;
18.3.7.цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгаатай сургууль, цугларалтыг төрийн захиргааны холбогдох байгууллагатай хамтран хууль тогтоомжид заасны дагуу зохион явуулах.
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Дайны байдлын үед:
18.3.8.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, санхүү, төсвийн хуваарилалтыг дайны байдалд зохицуулан өөрчлөх;
18.3.9.нутаг дэвсгэртээ дайны байдлын дэг журмыг тогтоож, хяналт тавих;
18.3.10.нутаг дэвсгэр, онцгой объектын хамгаалалтыг зохион байгуулж удирдах;
18.3.11.орон нутгийн цэрэг, сайн дурын зэвсэглэсэн бүлгийн зэвсэг, цэргийн техник, галт хэрэглэлээс бусад бүх төрлийн хангалтыг зохион байгуулах;
18.3.12.дайны байдлын үед түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх улсын захиалга-даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулах;
18.3.13.орон нутгийн хүнс, эд хөрөнгийн нөөцийг захиран зарцуулах;
18.3.14.хүн амын амьжиргааны зайлшгүй хэрэгцээт зүйлийг хуваарилах онцгой журмыг хэрэгжүүлэх;
18.3.15.нутаг дэвсгэртээ орон нутгийн цэргийг зохион байгуулж, үйл ажиллагааг удирдах;
18.3.16.иргэний болон цэргийн бүртгэлийг нэн даруй тодотгож, шилжилт хөдөлгөөний талаар тогтоосон журмыг чанд мөрдөх;
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.3.17.иргэд, байгууллагыг нүүлгэн шилжүүлэх, эсхүл шилжин ирэгсэдийг байрлуулах ажлыг зохион байгуулах;
18.3.18.нутаг дэвсгэртээ орших байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс зэвсэгт хүчний хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай техник, материал, хэрэгсэлийг зохих журмын дагуу дайчлах;
18.3.19.нутаг дэвсгэрийн төхөөрөмжлөлийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн ам, техникийг дайчлан оролцуулах;
18.3.20.дайны байдлын үеийн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад үүргийг биелүүлэх.
18.4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, батлан хамгаалах газар, товчооны шийдвэрийг Засаг дарга, нутаг дэвсгэрийн бүх байгууллага, иргэд заавал биелүүлнэ.
19 дүгээр зүйл.Цэргийн дээд командлалын газар
19.1.Цэргийн дээд командлалын газар нь дайны байдлын үед Монгол Улсын зэвсэгт хүчний бүх талын үйл ажиллагааг цэргийн мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангах дээд байгууллага мөн.
19.2.Цэргийн дээд командлалын газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хороо томилно.
19.3.Цэргийн дээд командлалын газар дараахь чиг үүрэг хүлээнэ:
19.3.1.цэрэг-стратеги, цагийн байдлыг үнэлж, дүгнэлт хийх;
19.3.2.зэвсэгт хүчнийг операци, байлдаанд хэрэглэх бодлого, шийдвэрийг гаргах, биелэлтэд хяналт тавих;
19.3.3.стратегийн тагнуулын үүргийг тодорхойлох;
19.3.4.зэвсэгт тэмцлийг удирдан чиглүүлэх;
19.3.5.зэвсэгт хүчний нөөцийн бэлтгэл, хуваарилалт, бүх төрлийн хангалтыг зохион байгуулж, хяналт тавих;
19.3.6.орон нутгийн цэрэг, сайн дурын зэвсэглэсэн бүлгийн байлдааны ажиллагааг удирдан зохицуулах;
19.3.7.зэвсэгт хүчин, гадаадын цэргийн хүчний хамтын болон харилцан ажиллагааг зохион байгуулах;
19.3.8.зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх;
19.3.9.дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож байгаа зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
19.3.10.дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож байгаа зэвсэгт хүчний анги, байгууллага болон орон нутгийн батлан хамгаалах газар хоорондын харилцах журмыг тогтоох;
19.3.11.зэвсэгт тэмцлийг явуулахтай холбогдсон бусад арга хэмжээг өөрийн чиг үүргийн хүрээнд зохион байгуулах.
19.4.Цэргийн дээд командлалын газрын ажлын аппарат нь Зэвсэгт хүчний Жанжин штаб байна.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.5.Цэргийн дээд командлалын газар нь өөрийн холбооны зангилгаа, хамгаалалт, хангалт үйлчилгээний нэгжүүдтэй байна.
20 дугаар зүйл.Зэвсэгт хүчний Жанжин штаб
/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.1.Зэвсэгт хүчний Жанжин штаб нь дайны байдлын үед зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэрэг, орон нутгийн цэрэг, сайн дурын зэвсэглэсэн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж нэгтгэн удирдана.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.Дайны байдлын үед Зэвсэгт хүчний Жанжин штаб нь дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.1.зэвсэгт хүчнийг дайны байдалд шилжүүлэх, орон нутгийн цэргийг байгуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх;
20.2.2.цэргийн тагнуулыг зохион байгуулж явуулах;
20.2.3.цэрэг-стратегийн цагийн байдлын мэдээг цуглуулах, тэдгээрийг задлан шинжилж нэгтгэн дүгнэж Цэргийн дээд командлалын газарт илтгэх;
20.2.4.цэргийн дайчилгаа, зэвсэгт хүчний оперативын дэлгэн байгуулалтыг удирдах;
20.2.5.Цэргийн дээд командлалын газрын гаргасан шийдвэрийн үндсэн дээр операци, байлдааны төлөвлөгөөг боловсруулах;
20.2.6.Цэргийн дээд командлалын газрын удирдамж, тушаалыг цэрэгт хүргэж, түүний биелэлтэд хяналт тавих;
20.2.7.операци, байлдаанд цэргийн харилцан ажиллагааг зохион байгуулах;
20.2.8.операци, байлдааны бүх төрлийн хангалтыг зохион байгуулах;
20.2.9.операци, байлдааны бэлтгэлийг хангахад цэрэгт туслалцаа үзүүлэх;
20.2.10.операци, байлдааныг удирдаж явуулах;
20.2.11.цэргийн удирдлагын тасралтгүй, тогтвортой байдлыг хангах;
20.2.12.зэвсэгт хүчний байлдааны хохирлыг нөхөн хангахад шаардлагатай бие бүрэлдэхүүн, зэвсэг, цэргийн техник, материал хэрэгсэлийн захиалгыг боловсруулж батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх;
20.2.13.операци, байлдааны туршлагыг нэгтгэн дүгнэж, цэргийн урлагийн онолыг баяжуулах.
ТАВДУГААР БҮЛЭГ
Дайны байдлын үеийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг
21 дүгээр зүйл.Байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг
21.1.Байгууллага, аж ахуйн нэгж дайны байдлын үед дараахь үүрэг хүлээнэ:
21.1.1.Үндэсний аюулгүй байдлын хороо, батлан хамгаалах газар, товчооны шийдвэрийн дагуу үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэлийн технологи, ажлын горимоо зохицуулж, улсын захиалга-даалгаврыг биелүүлэх;
21.1.2.дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох;
21.1.3.дайны байдлын үеийн дэг журмыг чанд мөрдөх;
21.1.4.зэвсэгт хүчний хэрэгцээнд байр, орон сууц, машин техник бусад эд хөрөнгийг тогтоосон журмын дагуу ашиглуулах, нийлүүлэх.
22 дугаар зүйл.Иргэний үүрэг
22.1.Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан үндсэн үүргээ ёсчлон биелүүлэхээс гадна дайны байдлын үед дараахь үүрэг хүлээнэ:
22.1.1.өндөр сонор сэрэмжтэй байж, улс орноо батлан хамгаалах үйл хэрэгт бүх талын хувь нэмэр оруулах;
22.1.2.дайны байдлын үеийн хууль тогтоомжоор тогтоосон дэг журмыг чанд сахих;
22.1.3.нутаг дэвсгэрийн болон иргэний хамгаалалт, батлан хамгаалах албан журмын хөдөлмөрт идэвхтэй оролцох.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Дайны байдлын үеийн зэвсэгт хүчин, орон нутгийн цэрэг, сайн дурын зэвсэглэсэн бүлэг
23 дугаар зүйл.Зэвсэгт хүчин
23.1.Монгол Улсын зэвсэгт хүчин нь дайны байдлын зорилгыг хэрэгжүүлэх, дэг журмыг тогтоох, бий болсон онцгой нөхцөл байдлыг арилгах үндсэн хүч мөн.
23.2.Зэвсэгт хүчин гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тушаалаар байлдааны ажиллагааг эхлэн явуулна.
23.3.Монгол Улсын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт дайны байдлын үеийн дэг журмыг тогтооход Цэргийн дээд командлалын газрын шийдвэрээр зэвсэгт хүчний анги, салбарыг оролцуулж болно.
24 дүгээр зүйл.Орон нутгийн цэрэг
24.1.Орон нутгийн цэрэг нь дайны байдлын үед тухайн нутаг дэвсгэрийг хамгаалах үндсэн үүрэгтэй байна.
24.2.Орон нутгийн цэргийг нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулж, түүний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг Зэвсэгт хүчний Жанжин штаб тогтооно.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.3.Орон нутгийн цэргийн захиргааны удирдлагыг аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар, цэргийн мэргэжлийн удирдлагыг Батлан хамгаалах газраар дамжуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.4.Орон нутгийн цэрэг бие даан, эсхүл зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэрэгтэй хамтран байлдааны үүрэг гүйцэтгэнэ.
24.5.Орон нутгийн цэрэг дараахь үүрэг гүйцэтгэж болно:
24.5.1.нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг, чухал объектыг хориглон хамгаалах;
24.5.2.дайсны агаарын десант, тагнуул-хорлон сүйтгэх бүлэгтэй тэмцэх;
24.5.3.дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцох;
24.5.4.тухайн нутаг дэвсгэрт зэвсэгт хүчний анги, салбарууд байлдааны ажиллагаа явуулахад таатай нөхцөл бүрдүүлэх;
24.5.5.улсын хил орчмын дэглэм болон иргэний хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцох.
24.6.Орон нутгийн цэрэг нь Цэргийн дээд командлалын газрын шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын захирамжаар бусад үүрэг биелүүлж болно.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25 дугаар зүйл.Сайн дурын зэвсэглэсэн бүлэг
25.1.Сайн дурын зэвсэглэсэн бүлэг нь орон нутгийн цэрэг, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамрагдаагүй иргэдийн санаачилга болон дайсанд түр эзлэгдсэн нутаг дэвсгэрт үлдсэн иргэдийн хүсэлт, аймаг, нийслэлийн батлан хамгаалах газрын шийдвэрээр зохион байгуулагдсан цэрэгжүүлсэн байгууллага мөн. Сайн дурын зэвсэглэсэн бүлэгт гадаадын иргэн орж болно.
25.2.Сайн дурын зэвсэглэсэн бүлгийн үйл ажиллагааг аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар чиглүүлэн удирдана.
25.3.Сайн дурын зэвсэглэсэн бүлэг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлэхэд оролцохоос гадна аймаг, нийслэлийн батлан хамгаалах газрын шийдвэрээр бусад үүргийг биелүүлж болно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
26 дугаар зүйл.Хүний эрх, эрх чөлөөний баталгаа
26.1.Дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахыг хориглоно.
26.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт дайны байдал зарлавал энэ нь нутаг дэвсгэрийн бусад хэсгийн төрийн захиргааны байгуулал, хүний эрх, эрх чөлөөг үл хөндөнө.
27 дугаар зүйл.Батлан хамгаалах арга хэмжээний санхүүжилт
Дайны байдлын үеийн батлан хамгаалах арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
28 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A