- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж
2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг;
3.1.2.эрх эзэмшигч" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг;
3.1.3.уран бүтээлч" гэж утга зохиол, урлагийн болон ардын урлагийн бүтээлийг цирк, тайз, дэлгэц, урлагийн тоглолтод зориулан дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог хувь хүнийг;
3.1.4.ардын урлагийн бүтээл" гэж ард түмний дунд аливаа хэлбэрээр уламжлагдан дамжиж ирсэн, зохиогч нь тодорхойгүй уламжлалт утга зохиол, урлагийн бүтээлийг;
3.1.5.фонограмм гэж кино урлагийн, эсхүл дуу авиан дүрст бүтээлд оруулснаас өөр аливаа тоглолтын болон бусад дуу авиа, түүний илэрхийллийн бичлэгийг;
3.1.6.бүтээлийг хуулбарлах" гэж бүтээл, бүтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг нэг буюу түүнээс дээш тоогоор шууд буюу шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр олшруулахыг;
3.1.7.нийтлэх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр, олон нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр олшруулж, нийтийн хүртээл болгохыг;
3.1.8.нийтэд түгээх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг хэрэглэгч өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утсан болон утасгүй холбоогоор нийтэд тараахыг;
3.1.9.үүсмэл бүтээл" гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлийг;
3.1.10.хавсарга урлагийн бүтээл" гэж гар урлал болон үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн ахуйн хэрэглээний урлагийн бүтээлийг;
3.1.11.зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээл" гэж бүтээлийг шууд тоглосон тоглолт, дуу авиа, дүрс бичлэг, дуу авиа бүхий дүрст бүтээлийн анхны бичлэг болон радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийг;
3.1.12.фонограмм бүтээгч" гэж тоглолтын буюу бусад дуу авианы, эсхүл тэдгээрийн илэрхийллийн анхны бичлэгийг санаачлан хийсэн, бичлэгийн тухайд хариуцлага хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;
3.1.13.дуу авиа бүхий дүрст бүтээл" гэж ямар материаллаг хэлбэрт оруулснаас үл шалтгаалан, техник хэрэгсэл ашиглан бүтээсэн дүрсийг дуу авианы хамт үзүүлэх боломжтой бүтээлийг;
3.1.14.эрх эзэмшигчийн таних тэмдэг гэж бүтээл, зохиогч, эрх эзэмшигч, тухайн бүтээлийг ашиглах нөхцөлийн талаар бүтээлд агуулагдсан, эсхүл бүтээлийг нийтэд түгээхтэй холбогдуулан тэмдэглэгдсэн мэдээлэл, эдгээр мэдээллийн тоон болон кодон илэрхийллийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Зохиогч, зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл
4 дүгээр зүйл. Зохиогчийн эрх эдлэх этгээд
4.1.Зохиогчийн эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ:
4.1.1.бүтээл нь нийтлэгдсэн эсэхээс үл хамаарч бүтээл туурвисан Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
4.1.2.Монгол Улсад бүтээлээ анх удаа нийтэлсэн гадаадын иргэн;
4.1.3.уран баримал, уран барилга, архитектур, хот байгуулалтын бүтээл болон барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болох дүрслэх урлагийн бүтээлээ тус улсын нутаг дэвсгэрт байнга байршуулсан зохиогч;
4.1.4.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрх эдлэх хуулийн этгээд;
4.1.5.Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.
4.2. Гадаадын иргэн бүтээлээ өөр улсад нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтэлсэн бол Монгол Улсад анх удаа бүтээлээ нийтэлсэнтэй адилтгаж үзнэ.
4.3.Зохиомол нэрээр болон нэргүйгээр хэвлэгдсэн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг хуульд заасан этгээд эдэлнэ.
5 дугаар зүйл. Хамтарсан зохиогч
5.1.Нэг зорилготойгоор хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд нэгдмэл бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ.
5.2.Хамтарсан зохиогч бүхий бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогчид хамтран эдэлнэ.
6 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн бүтээл /объект/
6.1.Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно.
6.2.Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтлэгдсэн эсэхээс үл шалтгаалан бичмэл, аман, зурмал болон бусад биет хэлбэрээр бүтээсэн байна.
7 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл
7.1.Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална:
7.1.1.шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ;
7.1.2. хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл;
7.1.3. дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл;
7.1.4. чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл;
7.1.5. архитектурын бүтээл, уран баримал, уран барилга;
7.1.6 бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим;
7.1.7. жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл;
7.1.8.гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;
7.1.9. дуу авиа бүхий дүрст бүтээл;
7.1.10.үүсмэл бүтээл;
7.1.11.материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд;
7.1.12.ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээл.
8 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр үл хамгаалах бүтээл
8.1.Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй:
8.1.1.хууль тогтоомж, эрх зүйн бусад акт;
8.1.2.захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг;
8.1.3.шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримт бичиг, шүүх хуралдаан дээр хэлсэн үг;
8.1.4.энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан баримт бичгийн орчуулга;
8.1.5.төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа, шагнал, одон, тэмдэг;
8.1.6.болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл;
8.1.7.ардын урлагийн бүтээл, үндэсний зан заншил;
8.1.8.аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, математикийн үзэл баримтлал.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрх, түүний хугацаа
9 дүгээр зүйл. Зохиогчийн эрх үүсэх, баталгаажих
9.1.Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүснэ.
9.2.Зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй.
9.3.Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй.
9.4.Зохиогч болохыг нотлох баримтгүй тохиолдолд эх бүтээл болон бүтээлийн хувь дээр бичигдсэн нэрийг зохиогч гэж тооцно.
9.5.Зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.6.Энэ хуулийн 9.3-т заасан таних тэмдгийг дараахь байдлаар илэрхийлж болно:
9.6.1.дугуй хүрээ бүхий латин "С" үсэг;
9.6.2.бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэр;
9.6.3.бүтээлийг анх нийтэлсэн он.
10 дугаар зүйл. Зохиогчийн эдлэх эрх
10.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрх эдэлнэ.
11 дүгээр зүйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх
11.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн дараахь эрх эдэлнэ:
11.1.1.бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;
11.1.2.зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;
11.1.3.бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;
11.1.4.бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох.
12 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрх
12.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ.
12.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна:
12.2.1.бүтээлийг хуулбарлах;
12.2.2.бүтээлийг нийтлэх;
12.2.3.бүтээлийг нийтэд түгээх;
12.2.4.үүсмэл бүтээл болгон өөрчлөх;
12.2.5.түрээсээр ашиглуулах.
12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ.
13 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн хугацаа
13.1.Тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн тооцно.
13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
13.3.Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална.
13.4.Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр буюу нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд уг зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
13.5.Энэ хуулийн 13.4-т заасан бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хугацааг энэ хуулийн 13.2-т зааснаар тооцно.
13.6.Хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдана.
14 дүгээр зүйл. Зохиогчийн эрхийг өвлөх
14.1.Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг Монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжлана.
14.2.Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлог
15 дугаар зүйл. Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх
15.1.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т заасан зөвшөөрөл авна.
15.2.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлд тулгуурлан өөр зохиогч өөр үүсмэл бүтээл туурвихад саад болохгүй.
16 дугаар зүйл. Түүвэр зохиол, бусад эмхтгэл бүтээлийн зохиогчийн эрх
16.1.Эмхтгэгч нь эмхтгэлд орсон эх бүтээл бүрийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т заасан зөвшөөрөл авна.
16.2.Эмхтгэлд орсон эх бүтээлийн зохиогч нь эмхтгэгчтэй хийсэн гэрээнд өөрөөр заагаагүй бол бүтээлээ тухайн эмхтгэлээс үл хамааран чөлөөтэй ашиглах эрхтэй.
17 дугаар зүйл. Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрх
17.1.Албан үүргийн дагуу бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх эдлэх эрхтэй.
17.2.Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлж болно.
18 дугаар зүйл. Захиалгаар бүтээл туурвих
18.1.Захиалгаар туурвих бүтээлийн зохиогч захиалагчтай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу бүтээл туурвиж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохиогчид төлбөр төлөх үүрэгтэй.
18.2.Захиалгаар туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд заасан этгээд эдэлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхэд хамаарах эрхийн хамгаалалт
19 дугаар зүйл. Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг эдлэх этгээд.
19.1.Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ:
19.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн, нэвтрүүлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн уран бүтээлч;
19.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт анх бичлэг хийсэн, нийтэлсэн фонограммын хувьд түүнийг бүтээгч;
19.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг радио, телевизийн төв байгууллага;
19.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.
19.2.Зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч энэ бүлэгт заасан эрхийг эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр эдэлнэ.
19.3.Зохиогчийн эрхэд хамаарах эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй.
20 дугаар зүйл. Уран бүтээлчийн эрх
20.1.Уран бүтээлч нь өөрийн тоглолт, уран бүтээлийн хувьд дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй:
20.1.1.тоглолт нь өмнө нэвтрүүлснээс бусад өөрийн бичлэгт ороогүй тоглолтыг нийтэд үзүүлэх нэвтрүүлэх, дамжуулах;
20.1.2.тоглолтонд бичлэг хийлгэх;
20.1.3.тоглолтын дуу, дүрс бичлэгийг хуулбарлах;
20.1.4.фонограммд буулгасан тоглолтын эх хувь болон хуулбарыг худалдах, эрх шилжүүлэх замаар нийтэд түгээх;
20.1.5.тоглолтын бичлэгийг түрээслүүлэх;
20.1.6.онцгой эрхээ бусдад гэрээгээр шилжүүлэх.
20.2.Уран бүтээлч нь тоглолтын хувьд тоглолтын гүйцэтгэгч гэж нэрлүүлэхийг шаардах, нэр хүндэд нь хохирол учруулахуйцаар өөрчлөх, гажуудуулахыг хориглох эдийн бус баялгийн эрх эдэлнэ.
20.3.Уран бүтээлчийн тоглолтын эрхийг хамгаалах хугацаа нь тоглолт болсон болон бичлэг хийгдсэн хугацаанаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
21 дүгээр зүйл. Фонограмм бүтээгчийн эрх
21.1.Фонограмм бүтээгч нь өөрийн фонограммтай холбогдсон дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй:
21.1.1.фонограммыг шууд буюу шууд бусаар хуулбарлах;
21.1.2.фонограммын эх хувь болон хуулбарыг худалдах эсхүл эрх шилжүүлэх замаар нийтлэх;
21.1.3.фонограммын эх хувь болон хуулбарыг түрээслүүлэх;
21.1.4.фонограммыг нийтэд түгээх;
21.1.5.онцгой эрхээ гэрээгээр бусдад шилжүүлэх.
21.2.Фонограмм бүтээгчийн эрхийн хамгаалалтын хугацаа нийтэлснээс хойш, нийтлээгүй бол бичлэг анх хийсэн хугацаанаас хойш 50 жил байна.
22 дугаар зүйл. Радио, телевизийн байгууллагын эрх
22.1.Радио, телевизийн байгууллага өөрийн нэвтрүүлэгтэй холбоотой дараахь үйл ажиллагааг хориглох болон зөвшөөрөх онцгой эрхтэй:
22.1.1.нэвтрүүлгийн бичлэг хийх;
22.1.2.нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах;
22.1.3.нэвтрүүлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах;
22.1.4.нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулах.
22.2.Радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийн эрхийн хамгаалалтын хугацаа уг нэвтрүүлгийг анх нэвтрүүлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах
23 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрхээ бусдад шилжүүлэх
23.1. Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно.
23.2.Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд дараахь зүйлийг тусгаж болно:
23.2.1.бүтээлийг ашиглах арга, хэлбэр;
23.2.2.хугацаа, хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ;
23.2.3.бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх журам, хугацаа;
23.2.4.зохиогчийн эрх, үүрэг;
23.2.5.бүтээлийг ашиглах этгээдийн эрх, үүрэг;
23.2.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хариуцлага;
23.2.7. маргаан шийдвэрлэх журам.
23.3.Бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ нь тухайн бүтээлийн шинж чанар, онцлог, ач холбогдол, бүтээлийг ашиглах хэлбэр, хэмжээ, хугацаа зэргээс хамааран хоёр тал хэлэлцэн тогтоосон мөнгөн дүнгээр буюу бүтээлийг гэрээнд заасан аргаар ашигласнаас олох ашгаас авахаар тохиролцсон байж болно.
23.4.Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд зохиогч хойшид тухайн сэдвээр буюу тухайн салбарт бүтээл туурвихыг хязгаарласан заалт оруулахыг хориглоно.
23.5.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авсан этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас зохиогчийн эрх зөрчигдсөн бол зохиогч уг эрхээ сэргээхийг шаардах эрхтэй.
24 дүгээр зүйл. Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүд
24.1.Нийтлэгдсэн бүтээлийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөөгүй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр ашигласан дараахь тохиолдлыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй:
24.1.1.хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авах;
24.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, шүүмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн ашиглах;
24.1.3.архив, музей, номын санд ашиглагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн хуулбарлах;
24.1.4.эдийн засаг, улс төр, шашны холбогдолтой цаг үеийн асуудлаар сонин, сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл, эфирт дамжуулсан бүтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогүй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонинд нийтлэх, эфирт дамжуулах, утсан болон утсан бус холбоогоор мэдээлэх;
24.1.5.хурал цуглаан дээр хэлсэн үг, илтгэлийг мэдээллийн зорилгоор нийтлэх;
24.1.6.болсон үйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан уран барилга, дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлүүдийг тухайн орчны байдлыг үзүүлэх зорилгоор нийтлэх;
24.1.7.хараа болон сонсголын согогтой хүмүүсийн хэрэгцээнд зориулан ашиглах;
24.1.8.амины хэрэгцээнд зориулан бүтээлийг хуулбарлах;
24.1.9.эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоор хуулбарлах.
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.2.Энэ хуулийн 24.1-д заасныг тодорхойлохдоо дараахь нөхцөлийг харгалзан үзнэ:
24.2.1.ашиг олох зорилгогүй байх;
24.2.2.бүтээлээс ашиглах хэмжээ болон ашигласан хэсгийн ач холбогдолтой шинж чанар;
24.2.3.бүтээлийн үнэ цэнэ, ашигласан хэсгийн зах зээл дэх үр нөлөө.
24.3.Энэ хуулийн 24.1-д зааснаар бүтээлийг ашиглахдаа зохиогчийн нэр, эх сурвалжийг заавал дурьдана.
25 дугаар зүйл. Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах
25.1.Интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй.
25.2.Интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдэээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн вэб хуудсыг хаах үүрэг хүлээнэ.
25.3.Энэ хуулийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.4.Вэб хуудсыг хаасантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага
26 дугаар зүйл. Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.1.Зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.1.1.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
26.1.2.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, боловсронгуй болгох, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;
26.1.3. зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, тэдний бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, зохиогчийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
26.1.4.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хамтын удирдлагын байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хамтран ажиллах;
26.1.5.зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгүүлсэн бүтээлийн сан байгуулах;
26.1.6.оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах;
26.1.7.зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх;
26.1.8.зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах;
26.1.9.ардын урлагийн бүтээлийг хамгаалах чиглэлээр иргэд, байгууллагуудтай хамтран ажиллах.
26.2.оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжих бөгөөд үйл ажиллагааны хөлсний хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.3.Оюуны өмчийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.
27 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллага
27.1.Зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид эрхээ хамгаалуулах зорилгоор, хамтын удирдлагын байгууллагыг байгуулан ажиллуулж болно.
27.2.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийн санаачлагаар байгуулна.
27.3.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн төрөл, ангиллаар дагнасан буюу хэд хэдэн төрлийг хамарсан үйл ажиллагаа явуулахаар байгуулж болно.
27.4.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаа
28.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийг төлөөлж, тэдний нэрийн өмнөөс, тэднээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
28.1.1.бүтээлийг нь ашиглуулах талаар гишүүн зохиогч болон эрх эзэмшигчтэй гэрээ байгуулах;
28.1.2.бүтээл ашиглах лиценз авсан этгээдтэй төлбөрийн хэмжээ, бусад нөхцөлийг тохиролцох, төлбөр авах;
28.1.3.авсан төлбөрөөс зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох;
28.1.4.гишүүн зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, хуульд заасан арга хэмжээ авахуулах.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29 дүгээр зүйл. Хамтын удирдлагын байгууллагын үүрэг
29.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах талаар дараахь үүрэг хүлээнэ:
29.1.1.зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашигласны шагналыг олгохдоо тухайн бүтээлийг ашигласантай холбогдолтой мэдээллийг танилцуулах;
29.1.2.лицензийн дагуу хураан авсан бүтээл ашигласны төлбөрийг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох;
29.1.3.бүтээл ашигласантай холбогдуулан хураан авсан төлбөрөөс үйл ажиллагааны зардлыг хасч зохиогч, эрх эзэмшигчдэд тогтмол хугацаанд бүтээлийн ашиглалтын хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилах.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
30 дугаар зүйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хамгаалах
30.1.Бүтээлийн халдашгүй байдал болон зохиогчийн эдийн бус баялгийн бусад эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч, зохиогч нас барсан бол түүний өв болон эрх залгамжлагч, хууль ёсоор буюу гэрээслэлээр өв залгамжлагч байхгүй, эдгээр өвлөгчид өв залгамжлахаас татгалзсан буюу тэдгээрийн өв залгамжлах эрх хасагдсан бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь зөрчигдсөн эрхийг зохих журмын дагуу сэргээн тогтоохыг уг эрхийг зөрчсөн этгээдээс шаардах, шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
32 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
32.1. Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A